Saturday, September 17, 2016

Гахайн хавдар

Бага зулзага шинэ долоо хоног эхлэв үү үгүй юу өвдөөд. Өглөө босч ирээд чихний доохон өвдөөд байна гэв. За яг л гахайн хавдар байна гэж таасан, оносон.

Яагаад ингэж эмч шиг шууд таасан, оносон гэхээр цэцэрлэгээс нь нийтийн имейл хаягт захидал ирсэн байсан юм хэд хоногийн өмнө." Ахлах ангид гахайн хавдар тусаад 5 хүүхэд гэртээ амарч байгаа, та бүхэн ч гэсэн хүүхдийнхээ биеийн байдлыг сайтар ажиглаад, хэрэв сэжигтэй байдал ажиглагдвал эртхэн эмчид үзүүлээд, сайтар амраах хэрэгтэй шүү. Цэцэрлэгийн хамт олноос." гэсэн байсан юм.

Тэгээд л шууд оношилсон хэрэг. Хэ хэ.

Хүүхдийнхээ өвдсөнд сэтгэл зовнихгүй, хагас сайнд нь болох тамирын өдөрлөгтөө оролцож чадахгүй болох нь ээ гэж бодоод байгаа юм биш үү энэ ээж. Хэ хэ.

Яг ид халуунаар л тэр тамирынхаа өдөрлөгт бэлдээд, гүйгээд харайгаад, бүжиглээд, хуурдаад гээд л өдөр бүр хар хөлс нь цувчихсан тарж ирдэг байсан болохоор тэр. Тэгж их бэлтгэл хийж хийчихээд, тамирынхаа өдөрлөгөөр алтан медаль авна гээд хөөрөөд байгаа бага зулзагаа харахаар яаж ийгээд л тэр тамирынх нь өдөрлөгт оролцуулмаар болоод байгаа юм чинь.

За тэгээд энэ гайхал гахайн хавдарт чинь таарах тохирох эм, эмчилгээ гэж байдаггүй юм байна. Гэрт нь сайн асарч тойлж, амраах хэрэгтэй байдаг гэнэ. Халдварлах өндөр чадвартай тул сургууль цэцэрлэгтээ явалгүй гэр зуур амардаг юм байна.

Далимдуулаад би бас амраад л сууж байна. Ямар азаар энэ долоо хоног бага сургууль явж улс эх орноо танилцуулах арга хэмжээ байхгүй юм.

Юм идэхээр доод эрүү хавьд нь өвдөөд эмчийн бичиж өгсөн өвчин намдаах эмийг 2 өдөр уусан. 3 дахь өдрөөсөө өвдөөд өвдөөд гэх нь гайгүй болсон. Хоолой нь жаахан улаан байна гээд бичиж өгсөн 4 хоногийн эмээ бол бүгдийг нь уусан. Эм зүйч угаасаа эм бичиж өгөхдөө тайлбарлаж өгдөг юм. Жишээ нь энэ эмийг өвчин нь эдгэсэн ч дуустал нь уух, харин энэ эмийг яг өвдсөн үедээ л ууна. Өвдөхөө больсон үед уугаад хэрэггүй гэх мэт.

Хамгийн зэвүүн нь ямар нэг халдварт өвчин тусаад эдгээд, албандаа явахдаа заавал эмчийн зөвшөөрөл хэрэгтэй. Тийм бичиг нь цэцэрлэг, сургуульд нь байж байна. Тэрийг аваад эмчид үзүүлж байгаад хэрэв албандаа явж болно гэсэн тохиолдолд эмч зөвшөөрч тамга дарж өгнө. Халдварладаг өвчнүүдийг жагсаасан бичиг байдаг юм. Тэндээс тухайн үед өвдсөн өвчнийг нь дугуйлаад л, он сар өдөр бөглөх гэх мэт зүйлсийг бөглөөд л тамга дарчихна, уг нь ядах юмгүй. Хэ хэ.

Жаахан наана нь таньдаг эмч мэмчээрээ тамга даруулна гэсэн ойлголт байхгүй. Юмыг яаж мэдэхэв баригдчихвал эмч нь хүртэл бангадуулах тул, тийм эрсдэлтэй, амьдралаасаа салсан зүйл хийхгүй.

Өнөөдөр оройхондоо очиж үзүүлнэ дээ. Эмч гуай юу гэж үнэд орох нь уу? 10-14 хоног албандаа явдаггүй амардаг гэсэн. Тухайн хүүхдийн эдгэж байгаа байдлаас хамаарна даа гэсэн. Хавдар нь хэр бууж байгаагаас болно гэсэн. Халуурдаг хүүхэд байдаг юм байна. Бага зулзага халуураагүй. За тэгээд эрэгтэй хүүхдэд бас л их аюултай өвчин юм гэсэн. Эрэгтэй хүүхэд гэлтгүй эдгэсний дараа тархинд нь ямар нэг юм үлдэх гэх мэт эрсдэл байдаг юм байна.

Тэгж бодохоор тэр тамирын өдөрлөг мөдөрлөг бол ярьшиг л байна тийм ээ. Амьдрал баян, цаана нь сургуулийн тамирын өдөрлөг мөдөрлөг гээд л больёо гэтлээ л тамирын өдөрлөгдөнө.

Цэцэрлэгийнх харин байхгүй, энэ жил ахлах бүлэг тул. Уг нь хөөрхөн бүжгийн хөтөлбөр байсан юм...

Над мэт шиг гэрээсээ хол ээж нарт жаахан хэцүү, хүүхэд өвдөх. Чухал ажилтай үед ч юм уу, олон хоног ажлаасаа чөлөө авах тохиолдолд эмээ өвөөгий нь дуудаж харуулмаар болоод, монголд ээж аавдаа эрхлээд л байж байгаа хүмүүст атаархахыг минь яана гээч. Хэ хэ.

2 comments:

БМР said...

өө яанаа, хурдан эдгээрэй..

byambaa said...

tegne ee, hurdan edgenee, bayarlalaa.