Tuesday, September 27, 2016

Ганцхан ээждээ унших шүлэг

1994, 2010 оны Болор цомын эзэн. Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цоодолын Хулан

Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорйо
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш, дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Баривчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл
Та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа, алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм "онц" тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахьсан тогооч
Сангийн бойдорт арц уугиулж, маани уншдаг лам аа
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоо л уншдаг яллагч нь Та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч олон гартай юм шиг
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлоноггос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он цагийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээн урт наслаж хайрла аа.

1994 он
Жич: За энэ шүлэг энд тэнд их бичигдэж, их уншигдсан ч блогтоо биччихлээ. Хуланд дуртай ч юм байгаа юм. Хэ хэ. Сайхан хүүхэн. Сайхан хүүхэн гэхээр бүгд л заавал Одгэрэл шиг байх албагүй тийм үү. Тухайн хүний нэг тийм өөрт нь л байдаг сайн сайхан чанараараа л бусдаас ялгарч, сайхан харагддаг байвал болох нь тэр дээ.

No comments:

Post a Comment