Thursday, September 22, 2016

Суварга үгс

2009 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн болон МҮЧЗХ-ны нэрэмжит шагналт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар

Суварга үгс

Хорьдугаар зууны тэргүүн аравдаар
Зүүн чантуугийн зөөлөн салхит хаалгаар
Хамрынх сүүдэр хацраа битүүлсэн
Холхи нэгэн хөвүүн алхаж орсон юм.
Царцуу цагийн халуун буулгаар
Цамцаа гандтал хөрс сэндэчсэн
Тариачин удмын исгэлэн цустан
Тарчигхан хэдүүлээ Монголд ирсэн юм.
Бүргэд шунгасан халин уулсыг
Бурхан мэт сүсэлж, сүншиг тавьсан
Манжид талхиулсан өвгөн хотын
Мал малын захад буйр хатгасан юм.
Гамбир хайрдаг хагсуу гараараа
Бөмбөр нүдэж тэр эгшигт өртсөн
Хэл усны зах зухтай түүнийг
Хэнэггүй монголчууд андаа болгосон юм.
Нарийн савхаар ноот дохиж
Намхан сурталд хүзүүгээ боомилуулж
Наян жил хөгжим тарнидаж
Насан хутгийн авшиг хүртэв ээ
Алхаа нь хүртэл нэмнэл төгс
Амьсгаа нь хүртэл уянга тэмтэрсэн тэрбээр
Хорин нэгдүгээр зууны тэргүүн аравдаар
Ховдын хаалгаар гараад явчихлаа.

2009 он

Насан багахан байхдаа Болор цом үзэж баясдаг байж билээ. Одоо хааяадаа л ингэж шүлэг сонсох, нэг бол унших юм даа гэж.

Нэг инээдтэй нь энэ жилийн хуанли ирлээ гэсэн чинь өнгөрсөн жилийнх байдаг байгаа. Шууд хаячихаж чадалгүй ингээд блогтоо шүлгүүдийг нь хуулж бичиж суухав. Зарим нэг шүлгийг нь бүр анх блог бичиж эхлэж байхдаа л хуулж бичиж байсан байна лээ шд.

No comments:

Post a Comment