Wednesday, March 29, 2017

Опра аниагийн ном

Үүнийг улиран одсон 2016 онд Осака хотод зохиогдсон намрын баяраар худалдаж авсан ном.
Уншсандаа сэтгэл өег байгаа. Ойлгож ухаарах зүйл их байна аа. Таалагдсан ганц нэг зүйлээ тэмдэглэж авлаа. Сүүлийн үед шууд номон дээрээ тэмдэглээд байгаа. Дэвтэр дээр буулгахаасаа жаахан залхуураад.

Таалагдсан ганц нэг зүйлээсээ оруулах уу?

...Миний хувьд, зүгээр л өглөө эрүүл саруул сэрээд, хоёр хөлийнхөө улаар шалыг мэдрэн, угаалгын өрөө рүүгээ явж очоод, тэндээ юу хийдэг, түүнийгээ хийх нь таван од өгөхүйц жаргал юм...
гэж ээ. Нээрээ л тийм шүү. Мөн сайхан ном унших тавах од гэсэн байсан. Миний хувьд ч адил. Элэг бүтэн, эрүүл саруул хорвоогийн тоос хөдөлгөж, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байна. Өөр илүү юу хэрэгтэй юм? тийм ээ.

...Ном уншдаггүй байсан бол одоо хаана, ямар хүн явах байсан бол гэдгээ би төсөөлж чаддаггүй юм...
...Миний хувьд ном бол нэг төрлийн зугатах зам юм. Сайн ном унших бол хэн ч халдашгүй эрх, хүссэн газартаа хүрч очих боломж. Энэ бол яах аргагүй миний цаг өнгөрүүлэх хамгийн дуртай арга. Миний сайн мэдэх зүйл гэвэл унших нь таны сэтгэлгээг задалж, оюун ухааныхаа гүнд нэвтрэх боломжийг олгоно. Хамгийн гайхалтай нь уншсанаар та илүү өндөрт гарах болно. Авираад байгаарай.
Би бас хэзээ нэгэн цагт одоо байгаагаасаа илүү өндөрт гарч чадах болов уу? Аминдаа их л уншдаг юм сан. Хэ хэ.

Айдсаа давах, тэвчээртэй байх тухай бас бичжээ.
...Саад бэрхшээлийг байгаагаар нь хүлээн авч, мөн чанарыг нь харж чадвал та зорьсон газартаа хүрэх замдаа хэзээ ч төөрөхгүй...
Заримдаа ч нэг дор их олон асуудалтай, бэрхшээлтэй тулгардаг шүү тэ. Хүний газар бүр ч их. Жижиг сажиг тотгорууд байна аа байна, бүхэл бүтэн улс юм хойно. Би ч даваад гардаг л даа, эргэн тойрныхоо сайхан хүмүүсийн тусламжтайгаар. Баярладаг шүү та нартаа. Хайртай шүү.

...Та бол өөрөө өөрийнхөө хамгийн сайн эж, аав, эгч, ах, найз нөхөр бас хайрт нь юм шүү...
Нээрээ л өөрийгээ эхэлж хайрлаж, тордож, өөрөө эрүүл саруул байж дэргэдэхээ хайрлана, халамжилна, өсгөнө, хүмүүжүүлнэ тэ. Их л сайн мэддэг зүйлийн нэг ч хэрэгжүүлэх тал дээр маруухан зүйлийн нэг.

Номын сандаа тавиад хааяа нэг сөхөж харахад илүүдэхгүй л юм байна надад. Хүн хүний сонирхол өөр шүү. Сайн ном гэсэн гэж аваад, дараа нь гомдол мэдүүлэв ээ. Хэ хэ.

Хүн ер нь хамгийн ойрхон байгаа аз жаргалаа мэдрэхгүй, улам ихийг хүсээд л шунаад байдаг тийм ээ?

Надад ч бас шунал байна аа байна яаж зүгээр байхав.
Гэхдээ сүүлийн 2 жил гаран болсон болоогүй хувцас худалдаж авахаа байсан шд. Энд хямдрал гээч зүйл бүрэн утгаараа байдаг болохоор шуналыг минь бас их хөдөлгөнө өө. Хэ хэ

Өгөхдөө сэтгэл харамгүй өгч байх хэрэгтэй юм шиг.
Дэлгүүрийн хямдралаар харин тэрэнд энэнд өгчих аятайхан зүйл байна уу гэж хардаг болсон. Ойрын үед хэнтэй уулзах билээ? Хэнд хааш нь илгээмж явуулах билээ? Хэнд хэнээр хааш нь юм дайх билээ гэж бодож байгаад л.

Сүүлийн үед өгөх тухай, өглөгийн тухай нийтлэл, ярилцлага их гарч, би тэрийг нь олоод уншчихаад байна. Тэгээд л энд тэндээс тусламж хүссэн захидал ирвэл боломжоороо тусалчих санаатай, мэдээж санаа байвч сачий нь хүрэхгүй үе их.

За та нар минь ч эргэн тойрныхоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, элдэв шуналаа дараад, харин ажил, сурлагадаа улам шунан дурлаарай гэж хүсье.

2 comments:

  1. Anonymous9:51 AM

    arigatou. always wait these kind of nice posts.

    ReplyDelete
  2. bayrlalaa. sonirholtoi bichleg ih bichihiig hicheenee, hehe...

    ReplyDelete