Monday, April 13, 2015

Дунд сургуулийн нээлт

4 сарын 8-нд дунд сургуулийх нь хичээлийн шинэ жилийн нээлт болсон. Өдөр 12 цаг 30 минутаас бүртгэл нь эхлэнэ. Бүртгэх үед хүүхэд нь хэд дүгээр бүлэгт орсныг нь, ангийнх нь хүүхдийн нэрс, анги даасан багшийн нэр зэрэг бичээстэй А4 хэмжээтэй гол цаас өгсөн. Том зулзага ангийнхаа хүүхдүүдийн нэрсийг хараад шууд сэтгэлээр унасан. Учир нь дотно найзуудаас нь хэн нь ч нэг ангид хуваарилагдаагүй байсан. Шинээр элсэн орсон сурагчид анги анги руугаа явна. Тэр хооронд цугласан эцэг эхүүд нэг сул анги болон коридорт цуглан түр хүлээж байгаад цаг нь болохоор зааланд орж суудлаа эзлэнэ.

Бүртгэж авах ширээнд 2 болон 3-р ангийн сурагчид хариуцан, нэрсийг нь дугуйлах болон тараах зэрэг ажлыг хийн зогсоно.

Заалны үүдэн хэсгийн хоёр талд сургуулийн үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчид тус тусынхаа хөгжмийн зэмсэгийг барин сууж байсан. Нэг талд нь үлээвэр найралынхан, эсрэг талд нь ятгынхан. Арга хэмжээ эхэлтэл ятгынхан нь ая тоглож байсан.

Заалны урд хэсгийн хоёр талд мөн тусгайлан зассан сандлууд байсан. Нэг талд нь миний мэдэхийн хорооны томчууд, харъяа цэцэрлэгийн эрхлэгч нар, бас бус томчууд сууна. Мөн захирал багш нь сууна. Эсрэг талд нь багш нар сууна.

Эцэг эхчүүдийн суудлын урд эгнүүлэн зассан сандалд дээд ангийнхны нь хэсэг нөхдүүд суусан байсан. Сүүлд гарч ирж найрал дуулсан. Бас болоогүй ээ, хоёр удирдаачтай. Ээлжилж гарч ирж удирдсан. Төгөлдөр хуурыг бас нэгэн сурагч дарж харагдсан.

За гол дүрүүд болох шинээр элсэж буй сурагчид орж  ирэн суудлаа эзлэнэ. Захирал багш үг хэлнэ. Зочдын төлөөлөгч үг хэлнэ. Эцэг эхийн зөвлөлийн дарга үг хэлнэ. Шинээр элсэж буй сурагчдын төлөөлөл үг хэлнэ.

Багш нар тайзан дээр гарч өөрсдийгөө танилцуулна. Багш нар нь бүгд нэг нэг дугуйлангаа хариуцаад явчихдаг юм билээ. Нийгэм, тоо, англи хэл гэх мэт үндсэн хичээлийнхээ хажуугаар шүү дээ. Нэг гадаад англи хэлний багштай. Энэ талаар тусад нь бичнэ ээ. Тусгай тогтолцоо байдаг юм.

Хүүхдүүд бүгд өнөөх айхтар хөөрөгний үнэтэй дүрэмт хувцсаа өмсөнө. Бүгд ижил цүнх, гутал, оймс гээд л харахад бас их сүртэй, хөөрхөн.

Нээлтийн арга хэмжээ дуусаад сурагчид анги анги руугаа явна. Эцэг эхүүд үлдээд анги ангиараа бас хуваагдаад эцэг эхийн зөвлөлөө сонгоно. Эхлээд хоёр хоёроороо газар тэнгэрээ үзсэн чинь ялагдчихдаг юм даа. Дараа нь ялагдсангууд нь хоорондоо газар тэнгэрээ үзсэн чинь ашгүй нэг юм чухал албанаас мултарсан. Хэ хэ. Ялагдаад томилогдсон ээжүүд яана аа л гээд байна лээ.

Дараагаар нь хүүхдийнхээ ангид орж зураг хөрөг авсан. Мөн багш нь бага зэргийн яриа хийсэн.

Цүнх дүүрэн шинэ сурах бичиг, өмнө захиалсан тамирын хувцас зэргээ хүлээж авсан. Бөглөж барих хуудас бас их байдаг юм билээ. Эрүүл мэндийн байдал, гэр бүлийн байдал гэх мэт.

Нээлт болсон өдрийн маргаашнаас нь хичээлдээ. Монголоос ирсэн найзад энэ нээлт болсон өдөр их сонин санагдсан. Учир нь 4 сарынхаа 1-нд биш 8-нд нээлт нь болсон. Тэр нь тэгээд даваа гарагт биш лхагва гарагт шүү. Хэ хэ.

Эцэг эхийн хувцаслалт ерөнхийдөө төгсөлтийнхтэйгөө адил. Гэхдээ ээжүүд цайвар гэгээлэг өнгийн хослол өмссөн нь ч нэлээд харагдсан.
Төгсөлт болон нээлтийн арга хэмжээнийх нь тайзны засалт нэг иймэрхүү. Голд нь төрийн далбаагаа залдаг юм билээ. Тайзан дээр гарах хүн бүр далбаандаа мэхийж ёслоно. Мөн амьд цэцгийн баглаа заавал байна.

Таалагдсан зүйл: Багшдаа цэцэг барьж очихгүй. Бүх зүйлсийг нь ижилсүүлчихэж байгаа тул баян хоосны ялгаа тэр бүр харагдахгүй. Сурагчид сургуулийнхаа цэвэрлэгээг өөрсдөө хийнэ. Бүр 00-ын өрөөг хүрэлт. Охин маань
-Ёоо, эмэгтэй сурагчид хүртэл бүр эрэгтэй 00-г хүртэл цэвэрлэдэг гэсэн, жошшшшшшшшш гээд шээдэг жорлонг шүү
гэсээр ярвайчихсан орж ирсэн. Хэ хэ. Миний бодлоор бол хүүхдүүдийг хар багаас нь цагаан гартан болгох биш, багаас нь хар бор зүйлд сургаж байгаад нь талархаад баршгүй. Ядаж л цэвэрхэн биеэ засдаг болно.
Үлээвэр найралынхан явцан дунд хэд хэдэн ая тоглосон, ёстой мундаг. Мөн шинэ элсэгчдэдээ зориулан ая тоглосон. Найрал дууныхан бас дуу дуулсан. Бүгд л тус сургуулийн сурагчид гэхээр бахархмаар, бас их чадварлаг.

3 comments:

  1. Tanai ohin udahgui angiinhantaigaa sain naizuud bolchih baihaa, ohind n amjilt husey!

    ReplyDelete
  2. Охинд нь амжилт!

    ReplyDelete
  3. bayarlalaa. huuhed yum chin udahgui l naiztai bolno doo te.

    ReplyDelete