Sunday, January 31, 2016

Хариу хүлээсэн өдрүүд

Монголд хоёр жил ажилласан шавьтайгаа нэг зүйлийн хариуг хүлээгээд л догдлоод байсан юм. Тэгсэн өнөөдөр хариу нь гараад. Харамсалтай нь тэнцсэнгүй ээ.

ЖАЙКА-гийн ахмад сайн дурын ажилтан гээд энд тэндхийн улсад ажиллаад байдаг даа. Шавь маань тэр шугамаар эх оронд минь ажиллаад ирсэн хүн. Тэгээд сая яг өөрийнх нь мэргэжлээр өөр улс руу явах бүртгэл байхаар нь бүртгүүлээд, эхний шатанд тэнцээд, ярилцлага хүртэл өгөөд. Хариу хүлээгээд, бид хоёр тэнцээсэй гээд л догдолсон хүмүүс байлаа л даа.

Энэ шалгалт чинь бас хөөрхөн шалгууртай. Англи хэлний toefle тэдэн онооноос дээш байх ёстой, тухайн мэргэжлээрээ тэдэн жил ажилласан байх ёстой гээд л.

Өнөөдөр интернэтээр тэнцээгүй гэсэн хариугаа сонсоод сэтгэлээр унасан хүн л байна. Сүхбаатар өвөө харин бөөн баяр. Нэг ч гэсэн монголтой харилцаатай япон хүн нь зөвхөн монголтойгоо хоцорсонд. Хэ хэ.

Гээд шавь бид хоёрыг өдрийн хоолонд даасан. "Ашгүй, өвгөн миний монголын тухай яриаг тоож сонсох хүмүүс минь ийш тийшээ явахгүй болсонд" гэсэн.

Би бас баяртай байгөө. Намайг тоож долоо хоногт хоёр цаг буу халдаг хүн маань зөвхөн эндээ үлдсэнд. Хэ хэ. Монгол хэлний хичээл гэсэн мундаг тодотголтой бидэн хоёр нь элдэв шалдав зүйл хамж буу халдаг юм. Тэр нь миний япон хэлний ярианд ихээхэн хувь нэмэр болдог гэж би нь хувьдаа баяртай байдаг.

Гэр бүлийнх нь хүн хуртэл энэ удаад цугтаа явна гээд баяртай байсан, битүүхэндээ бэлдээд л байсан юм байх. Харихдаа замаараа зээгийнхээ царайг харчихаад буцъя дөө, сэтгэл санаа тайвшрах байгаа гэсээр л салсан. Өдийд гэрийнхэнтэйгээ сэтгэлээ хуваалцаад л сууж байгаа даа.

Дараагийн уулзалт хүртэл сэтгэлийг нь засах сайхан үг олоод очно доо.

Бас мундаг байгааз? Тэтгэвэрт гараад нэлээд удчихсан хэрнээ шинэ зүйлд хүчээ сориод л, гадаад хэл ус гэж гүйгээд л, өглөөдөө цаг гаран гүйгээд л...

Хааяа боддог юм, би өдий насандаа яг ийм хүний дайтай байж чадах болов уу? гэж...

Буцалсан цай шиг өдөр тутмынхаа хажуугаар амжуулж байна аа би чинь. Үдээс хойш нь бага зулзагынхаа цэцэрлэг дээр болдог багштай нь ганцаарчилсан уулзалтанд явчихаад ирсэн. 4 сараас нэг анги дэвшинэ, тэрний бэлтгэл, дүгнэлт болгож өдийд ийм уулзалтыг цэцэрлэгээс нь зохиодог юм. Эрэгтэй багштай, бага зулзагын чаддаг болсон зүйлийн тухай, хойшид хичээх хэрэгтэй зүйлийн тухай ярьж байна лээ.

Аяга кофе уунгаа үүнийг бичиж сууна. Бүгдэд нь амжилт...

No comments:

Post a Comment