Wednesday, August 31, 2016

Үүдэн шүд

Багахан зулзагын минь доод үүдэн шүд хөдлөв өө. Өөрөө их л баяртай хүн болгонд зарлаад л. Нэг өдөр цэцэрлэгтээ өнөөх шүдээ оролдож байгаад унахад бэлэн болгочихоод ирэв. Аниагаа тарж ирэхэд нь үзүүлсэн чинь аниа нь

-Өө, авчих, тэгэхгүй бол над шиг идчихнэ шдээ .
гэснээ суга татаад л авчихсан.
-Ёооё л доо.
Уйлж барьсангүй. Орой нь аавдаа шүдээ суга татуулаад уйлаагүй баатар хүн л тайлангаа тавьсан. 

Аниа нь өөрөө анхныхаа унасан үүдэн шүдээ цэцэрлэгтээ хоол идэж байхдаа залгичихаад ирсэн хүн байхгүй юу. Тэгээд ээж нь идэвхитэй юм болохоороо энд ингээд л бичиж байж.
http://saruul-uhaan.blogspot.jp/2008/01/v.html 

Уншсан чинь бас л хөөрхөн дурсамж. Коршоконд баалгаад, баасыг нь савхаар ухаад, залгисан шүдийг нь гаргаж ирж байлаа шүү дээ.

Хүүхэдгүй хүмүүсийн сэжиг нь хүрээд огиудас нь хүрж байна уу. Хэ хэ.

Хүн чинь аав, ээж болохоороо үрийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн болно шүү дээ. 

Одоо онгорхой буйлтай хүн, хүн болгонд үзүүлээд л, хажуугийнх нь үүдэн шүд бас хөдлөөд эхэлчихсэн байна лээ.

Цаг хугацаа нээрээ үнэн харвасан сум шиг л хурдан байна шүү. Саяхан л улаан нялзрай байсан чинь. Хэ хэ.

Монте-Кристо гүн

Саяхан ажлынхаа Морокко хүнтэй суусан япон хүүхнийд очиж жаал ярьж суув. Морокко улс нь араб хэлнээс гадна франц хэлээр ярьдаг юм байна. Тэгээд л францын тухай ярьж байснаа Монте-Кристо гүний тухай яриад. Япон хэлээр орчуулагдан хэвлэгдсэн байдаг юм байна шд. Хэ хэ.

Том зулзага цуг явж байсан болохоор зулзагыгаа номын сангаас зээлж уншаарай гэж тушаал айлдав.

Ижийгийнх нь бага нас, анхны дурлалт залуу гээд л бүх л зүйл энэ номтой салшгүй холбоотой шүү дээ гэж ирээд л арван жилээ дурсав. Хи хи.

Номын сангаас зээлж ирнэ ээ. Өөрөө ч бас хальт харъя. Нетээс хайхад лав 7 дэтвэр байдаг юм байна. Суугуул нутгийн минь төв номын санд ямартай ч байдаг юм байна.

Харин энэ зургийг амазоноос авчлаа

Өөр нэртэйгээр ч хэвлэгдэн гарсан байдаг гэнэ. 巌窟王гээд.


Гэснээс нэгэн монгол шавийнхаа өгсөн хөөрхөн номыг уншиж эхлээгүй байгаа, яана аа. Тун удахгүй эхлэнэ ээ.

Хамгийн гол нь сатаарах зүйл ихдээд байх юм.

Энэ жилийн ном унших төлөвлөгөөндөө орууллаа.

Tuesday, August 30, 2016

Өөрийнхөөрөө сэтгэл хангалуун амьдрах

Түрүү жилийн өдийд энэ номны эхний дэвтрийг оруулж байсан даа. 10-хан хувцастай францчууд гээд. Тэр номыг уншсанаар ер нь шинэ хувцас худалдаж аваагүй шүү. Байгаа хэдэн хувцсаа сайхан угаагаад л өмсөөд болж л байна. Дотуур хувцас ганц нэгийг худалдаж авсан юм байна.

Бас нэг хэмнэх арга зааж өгөх үү? Биений өнгөтэй тирко өмсөхөө байсан. Ккк. Хар, хар хөх, нил ягаан, хар өнгийн хээтэй тирко гэж өмсдөг болсон. Ийм тирконууд нь арай удаан эдэлгээтэй. Өлмий энэ тэр нь цоорохдоо удаан. Ккк.

 Энэ тэр номны хоёр дахь нь. Ажлынхаа шинээр худалдаж номын жагсаалтанд оруулчихсан байсан юм. Ашгүй худалдаж авсан. Зарим санал болгосон ном томчуудын санал шүүмжээр хасагдчихдаг талтай.

За тэгээд уншиж эхэлж байна. Том зулзага амарч байгаа тул түрүүлээд уншив. Би их цаг зарж уншдаг тул сүүлд л уншъя гэж явсаар л... Хэзээ дуусахыг бүү мэд.

Ямартай ч японд амьдардаг уншигчиддаа санал болгоод эндээ зургийг нь орууллаа шүү. Энд тэндээс зээлж аваад уншина биз дээ.

Эхлээд удаагүй байгаа тул гол санааг нь хэлж арай амжихгүй ч эхний хэдэн хуудсанд лав "Өөрийнхөөрөө, байгаагаараа сэтгэл хангалуун амьдрах. Үүнд заавал мөнгөтэй байх албагүй, баян байх албагүй, хөөрхөн байх албагүй, гуалиг байх албагүй, заавал цаг завтай байх албагүй" гэсэн байна.

Хурдан уншиж дуусчихаад гоё гоё зөвлөмжүүдээс нь эндээ та бүхэнтэйгээ хуваалцана аа за.

Sunday, August 28, 2016

Хичээл эхлэв

Уламжлалт бичлэг. Идээд л унтаад л даалгавараа хийгээд л ном уншаад л гэсэн дөрөвхөн үйлдэлтэйгээр 2 долоо хоног бүтэн амрав. Хэ хэ.

Дунд нь хааяадаа хоол хийхэд туслана, ганцаараа бие дааж хоол хийнэ.

Хичээл эхэлсэн өдөр шууд шалгалттай. Эднийг зуны амралтаараа хамаг юмаа хоолтойгоо хольж идэхээс нь сэргийлж албаар хичээл эхэлсэн өдөр тест авдаг шиг билээ.

Энд эгч дээрээ ирсэн нэг монгол оюутны буянаар крилл цагаан толгойгоо хальт цээжилсэн. Өдөрт хоёр л өгүүлбэр уншуулж байгаа. Түгдэрсгээд уншиж л байна. Гол нь ээж хичээж, өдөр бүр марталгүй уншуулах. Тэгвэл дорхноо л цээжилчих байх тийм үү. Хэдэн мянган ханз цээжилж буй хүүхдэд 35-хан үсэг юухан байхав гэж томчууд бодох ч, хүүхдүүд өөр бодолтой байдаг шиг.

Зуны даалгаврын нэг чухал нь чөлөөт судалгаа. Дунд сургуульд орохоор заавал хими физикийн хичээлээр хийх ёстой байдаг юм байна. Байсгээд л дэлгүүрээс ийм ч бодис авна, тийм ч бодис авна гэж явав.

Хэдэн өдөр гэр минь урлангийн талбар шиг л байлаа. Энд тэнд будаг болоостой, аав нь энэ юун цэнхэр, улаан, ногоон, шар будаг болчихов оо гэж үглээстэй.

Ингэж эдний боловсролынхон хими физикт дуртай зохион бүтээгч, судлаач, шинийг санаачлагч, инженер зэрэг хүмүүсээ багаас нь бэлддэг юм шиг байна.

Ийм чөлөөт судалгаа хийснээр мэдээж бүгд хими физик, шинжлэх ухаанд дуртай болно гэж байхгүй. Гэхдээ л ганц нэг хүүхэд байна аа даа.

Бага сургуульд бол ихэнхдээ энд тэндхийн номноос уншсанаа л хуулж бичих нь их байдаг бол ингэж сэдэв зааж өгснөөр уг хүүхэд өөрөө бодож сэтгэж хийх юм даг уу даа.

Гэхдээ ээжид бол жаахан яршигтай санагдсан. Байсгээд л тийм ч юм авна гээд л мөнгө нэхээд, дэлгүүр гүйгээд, гэр мэр хөглөрөөд байхаар. Үүнийгээ гэхдээ гадагш нь гаргаж хэлэхгүй л дээ. Хэ хэ.

Өнөө өглөө маш хүнд цүнхээ үүрээд гараад явлаа. Тестэнд нь амжилт хүсээд л сууж байя даа.

Ижий нь бас зүгээр суухгүй номоо уншина даа...

Өө тийм. Хоёр хоног айхтар бороо ороод японд энд тэнд сэрэмжлүүлээд л байсан юм. Онцгой байдал зарлаад сургууль амраасай гээд  залбираад байвал яах уу? Яг л амарч харагдана л даа.

Торойгоод л үлдэв би

Өнөөх шавь минь англи хэлнийхээ чадварыг дээшлүүлнэ гээд Филиппин яваад өгсөөн. 1 сарын хугацаатай англи хэлний сургалтанд сууна.

Сайн яваад ирээрэй, сурлагад нь өндөр амжилт хүсье гээд л сүүлчийн уулзалтыг өндөрлөв.

Очсон газрынхаа сонин сайхангаас дуулгана аа гээд цаанаа л нэг догдлоостой хүн.

Тэтгэвэрт гараад нэлээд хэдэн жил болчихсон манайхаар бол өвөө шүү дээ. Хэ хэ.

Тэтгэвэрт гарсныхаа дараах амьдралыг эд нар хоёр дахь амьдралын үе гэж нэрийддэг юм билээ. Үр хүүхдүүд нь томроод тусдаа гарчихсан. Ач зээгээ харна гэж түүртэхгүй улс ингээд л амьдралын зугаатай үе ирж байна гэж үзнэ.

Мэдээж бүгд бол тийм биш шүү. Дотор нь тэтгэврийн хэд нь хүрэлцэхгүй цагийн ажил хийх ч хүн байна. Ач зээгээ хараад завгүй хүн ч байна. Ганцаархнаа ч хүн байна. Өвчинтэйгээ тэмцэх ч хүн байна. Амьдрал баян шүү дээ.

Ингээд л эргэн тойрны хүмүүс шинэ зүйл эхлээд, ийшээ тийшээ яваад байхаар бяцхан атаархал төрөх юм. Хэ хэ. Угтаа би ч өөрөө монголд байгаа хэдийгээ бодвол гадаадад байгаа шүү дээ. Ккк.

-Зөө зөө, таныг хүлээж байх 2.5 жилийг ямар нэгэн юм шинэ зүйл сураад л хүлээж байя доо. Ирээд харин юун монгол болчихов оо, би хүлээж байгаа шүү.
-За. Гээд л инээд алдаад байсан.

Цэрэгт явж буй амрагаа хүлээх гэж байгаа хүн шиг л байлаа шд би. Хи хи. Филиппин явж ирчихээд ирэх жилийн 1 сард Канбожия явах юм. Тэндээ 2 жил болоод ирнэ.

Цаг хугацаа ч хурдан өнгөрнө дөө тэ. Харин энэ хугацаанд би ямар шинэ зүйл оролддог юм билээ байз? Англи хэл? Франц хэл? Солонгос хэл? Орос хэл? Дандаа гадаад хэл болчихлоо. Хэ хэ.

За за гол нь эрүүл саруул, гэрийнхэн дундаа эргэлдээд л байж байвал болно доо болно.

Та нартаа ч бас амжилт шүү.

Friday, August 26, 2016

Хогоо гэж

Хог гэж нэг ядаргаатай зүйл байна тэ. Хог гаргалгүй амьдрах нөхцөл бололцоо ч байхгүй болж.

Ядаж байхад энэ халуун улирлын хог ч үгүй ээ мөн хэцүү. Яагаад хэцүү гэхээр?

Долоо хоногт 2 өдөр нь шатдаг хог, 1 өдөр шатдаггүй хог гэж ангилж гадаах тусгай цэг дээр аваачиж хаяна. Хэсэг хэсгээр нь айл өрхөө хуваагаад тав алхаад л хогны цэг байна. Өглөө 9 цаг гэхэд хогны машин ирээд хүү хаа гээд л хамж ачаад явчихна. Харин шатдаггүй хог бол өдөр 12 цаг хүртэл байж байдаг юм. Учир нь элдэв үнэр танаргүй болохоор. Шатдаг хогонд элдэв хүнсний зүйлийн үлдэгдэл байдаг учраас үнэр танар гэж хэцүү хэцүү. Тэгээд ч эрт ачиж явахгүй бол хэрээ гэж гайхал тоншоод талаар нэг тараачихдаг учраас.

Шатдаг шатддагүйгээр нь тусгай уут худалдаж авч хийнэ. Хэмжээ нь ч жижиг, дунд, том гээд л байна. Жижиг нь дотроо бас хоёр янз. Зун бол хамгийн жижгээс нь аваад чихэж өгнө шүү дээ. Мэдээж хэмжээнээсээ хамаараад үнэ нь хүртэл өөр өөр.

Би ч хэмнэх дуртай юм болохоор жижиг уутанд л чихэж гардаг юм. Аль болох хог гаргахгүй байна үзэхээр яаж ийгээд л хог гарна. Ядаж байхад орчин үед бүх юм хуванцар савлагаатай болчихсоныг ч хэлэх үү.

Өдөр бүр гаргаж хаяхгүй болохоор гэрт өмхий үнэртээд л, хог хаядаг өдөр хурдан болоосой гээд л хүлээнэ шүү дээ.

Монголоос ирсэн нэг охин манайх бол өдөр бүр л гаргаад хаячихна амар, танай энэ япон чинь ярьшигтай юм бэ? гэсэн. Хэ хэ.

Хагас сайн өдөр нэг өдөр нь байдаг юм. Заримдаа өглөөд сайхан унтмаар байхад хог зүүдлээд л сэрнэ шүү дээ. Яана аа, хогны машин ирчихсэн үү? гээд л. Мэдээж ганц нэг удаагийн машинаасаа хоцорсон тохиолдол байна аа байна. Тэр үед л уруудах айл унтаж идэхээсээ гэдэг үгийг санаад л учиргүй санаа алдана шүү дээ. Ккк

За тэгээд шил, лааз, ундааны сав, хөөсөнцөр сав гээд л тус тусдаа гаргаж хаях өдөртэй. Заавал угааж байж хаяна.

Лаазтай хүнсний бүтээгдэхүүн бараг худалдаж авахгүй ч пивоны заал бол ихээр нь хаяна өө гэж. Ккк

Ундаа бараг уудаггүй болохоор энэ тал дээр хогийг гаргахгүй байж болоод байдаг юм. Ундааны хуванцар савыг хаяхдаа бас их учир жанцантай шүү дээ. Бөглөөг нь нэг, хаягийг нь нэг, тэгээд их биеийг нь нэг гэж ангилж хаяна.

Хөөсөнцөр савыг хүнсээ цуглуулахаар явахдаа тэр дэлгүүрийн үүдэнд байдаг тусгай хөөсөнцөр савны хогийн саванд хаячихдаг юм. Махаа хөөсөнцөр саванд хийж зарах нь их ээ. Тийм болохоор хаяхдаа бас л угааж байж хаяна шүү дээ.

Шил гаргаж хаях тохиолдол за их ховор юм байна. Гэснээс хааяадаа монгол архиныхаа шилийг хаяна. Сүртэй сүртэй шил. Шууд хараад л за энийг ч тэр монгол айл хаяж гэж шууд азаартахаар. Ккк. Ядаж байхад их эзэн Чингис хаан минь өөдөөс "аан чи намайг хүний газрын хогонд хөсөр хаях гэж байна уу?" гэсэн шиг ширтээд л. Аягүй хэцүү. Маань мэгзэм уншиж байж хаях гээд байгаа юм биш үү. Хэ хэ.

Нэг хөгжилтэй зүйл саначихлаа. Хэдэн жилийн өмнө монголоос нэг ах ирэв ээ. Энд хоёр жил гаран болсон байх. Тэгээд Чингис архины шилийг хогны цэг дээр гаргаад хаячихаж зүрхлэлгүй хээр эзгүй газар аваачиж хаясан гээд л ярьж байв шд.

Гэх мэтчилэн аяга шанага угаахаасаа илүү иймэрхүү хогоо угаах нь их шүү худалч хүнд. Хэ хэ.

Юу болоод гэнэт хогны тухай бичив гэхээр дөнгөж сая хогоо гаргаж асгачихаад ирсэн юм л даа. Тэгээд л...

Tuesday, August 23, 2016

Алга дарам газрын амт

Жилдээ нэг ийм гарчигтай бичлэг хийдэг дээ.

Хөрш айл тарьсан тарвасаасаа байнга хуваалцана. Энэ жил арвин ургац авч байгаа бололтой. Байсгээд л үүдэнд чинь тарвас тавьсан байгаа шүү, амт нь хэрхэн болсныг мэдэхгүй л байна. Энэ халуунд шингэнээ алдахгүй байхад чинь хэрэгтэй байж магад шүү гээд зурвас бичээд үлдээнэ.

 Яг дуусч байгааг нь мэдсэн юм шиг л ургацаа хураалаа гэсээр тэвэрсээр ирэх нь хөөрхөн, хайр хүрмээр. Хэ хэ. Ургацынхаа дээжээс үнэгүй өгч байгаа хүнийг хайрлахаас яахав тэ.

Гэрээсээ алхаад 5 минут орчмын газар танилынхаа газрыг хөлсөлж ганц нэг ногоо тарьдаг. Өөрсдийнхээ хэрэглээний ногоог л тарьдаг. Тэтгэвэрт гарчихаад зүгээр суухаар нэг л боломгүй санагдаад ингэж биеэ хөдөлгөж байхав гэж самган нь ярих.

Айлуудын дундах жижигхээн газраас л арвин ургац хураагаад атаархал төрүүлээд байдаг юм. Гол нь цаг агаарын хувьд их тохиромжтой. Бороо хур элбэг. Энэ нь ижийгийн минь атаархлыг давхар хүргэчихнэ.

Ижий аав хоёр минь ч алга дарам газрынхаа амтыг хүртэнэ л дээ. Бороо хур бага тул услахад жаахан төвөгтэй. Усанд нь гүйгээд өгөх хүн хүч ховор, заримдаа ч гүйж очоод усанд яваад өгмөөр, нэг бол энд хувингаар цутгаад байгаа юм шиг ордог борооноос шууданд хйичихмээр болдог юм.

Сүүлийн үед бас нэг санаагий нь зовоож байгаа зүйл гэвэл дүрсгүй хэдэн жаал.

Хашаанаасаа дээш саглайгаад ургасан мойлыг нь хулгуйгаар түүж идээд байгаа явдал.

Нэг өдөр ижий минь отож байгаад барьсан гэсэн. Тэгээд зураг хөргий чинь авчихсан. Нүүр номд тавина шүү гэж айлгасан юм уу даа. Хэ хэ.

Энд ямар ч хашаа хороогүй, хаалт хамгаалалт байхгүй шүү дээ. Хэн ч хүний хүч хөдөлмөрийг зүгээр мөлжье гэж бодохгүй.

Хүүхдүүддээ бүр багаас нь хүний юманд хүрз зээтүү шиг хандаж болохгүй гэж зааж сургадаг юм билээ.

Монголынхоо хүүхдүүдэд л ийм зан чанар багаас нь суулгамаар байгаа юм тэ. Хаан занд сургах биш хөдөлмөрч занд сургах.

Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд хүртэл хэлсэн байдаг юм билээ. Монголчууд энэ хаан зангаа засчихвал ч хол явна даа гэж.

За тэр яахав, ирэх жил ч хөршийн минь ургац арвин байж бид нь тарвасаар тасрахгүй байг ээ. Хи хи...

Thursday, August 18, 2016

Бүжиг

Суугуул нутагт минь жил бүр 8 сарын дундуур уламжлалт баяр нь болно.

Японд байдаг хүмүүс бол андахгүй дээ. Нутаг нутгийнхан уламжлалт бүжиг энэ тэртэй бол түүнийгээ бүжиглэнэ.

Албан байгууллагууд нэг баг гарган хотынхоо төв гудамжаар тойрон бүжиглэж цугласан жуулчид, наадамчин олныг баясгана. Өмссөн хувцас, бүжгийн ур чадвар зэргийг харж баясана, үнэлгээ өгнө.
  
Орой жаахан сэрүү орсон 18 цагаас эхлэнэ. Шүхэртэй бүжиг. Каса одори гэдэг юм. Тоттори мужийн каса одори гэхээр гараад ирэх байх.
За нэг байгууллагын бүжигчид.
Гадаад дотоодын жуулчдад зориулсан булантай. Тэндээ ийм шүхэр түр өгч бүжиглүүлнэ. Бид бас ирсэн зочдоо бүжиглүүлсэн. Бага зулзага бид хоёр бүжиглэсэн.

Бага зулзагын цэцэрлэг сэрүүцэх баяр, тамирын өдөрлөг зэрэгтээ ахлах ангийхаа хүүхдүүдээр бүжиглүүлдэг тул бага зулзага тэрүүхэндээ хөдөлгөөнөө мэдээд сэтгэл өндөр байсан.

Дан ганц хувийн байгууллага ч биш хотын харъяа байгууллагууд, төрийн албан хаагчид, мужийн захирагч хүртэл бүжиглэнэ. Хотын дарга нь бас бүжиглэнэ.

Манайхны гүзээтэй дарга нар нээх өндөрт,  асар масарт аахилаад суугаад байдаг даа. Нээх том том хулаар айраг аягалуулаад, хөлсөө арчаад суугаад байна.

Тэгэхэд эндхийн дарга нар нь ард иргэдтэйгээ хамт бүжиглэж, хамтдаа хөлсөө урсгаад л, хөнгөн шингэж гэж юүхэв. Мөн ард иргэддээ хүндэтгэлтэйгээр мэхийж гар бариад л.

Манай дарга нар мөн адил эднээс суралцвал тэ. Дандаа л ард иргэд нь энд тэндхийн соёлоос суралцаж байхаар...

Wednesday, August 17, 2016

Буудлага

8 сард хаа сайгүй буудлага болно. Том хот газрууд сүр буудлага зохиодог юм билээ.

Хөдөөнийхөн бол тэрүүхэндээ төсөвтөө таарсан, иргэдээ чамгүй л баясгасан буудлага хийнэ.

Оросоор салют -г монголоор буулгар гэхээр бас яг таг оноосон үг олж чаддаггүй ээ. Та нар минь оноож хэлж өгөөрэй.

Гар утсаараа авсан ганц нэг зураг оруулъя.
Эгзгийг нь тааруулж авахгүй бол унтарсан хойно нь дарагдаад байх юм билээ. Авъяас шаардсан эд билээ шүү.
Их л хичээж дарлаа.
Төгсгөлийн буудлага нь уг нь их сүрлэг болсон юм. Даанч зураг дарах хэмжээ хэрээс хэтэрсэн байна гээд болдоггүй. Ийм л 3 зурагтай ирлээ блогтоо.

Яг ч хотын төвсөөс гаргадаггүй юм шиг байна лээ. Том том аж ахуйн нэгжүүд, компаниуд ивээн тэтгээд, өөрсдийн нэрийг зарлуулаад буудуулдаг юм билээ.

Мэдээж ямар ч хоггүй шүү дээ. Дуусаад эргээд харахад. Энэ занг л суралцмаар байгаа юм манайхан. Тэгвэл ч аяндаа хөгжөөд ирэх байх даа.

Monday, August 15, 2016

Бужигналдав

8 сард хуулиараа яг тэд дэх өдөр амарна гэсэн амралтын өдөр байхгүй ч албан газрууд өөр өөрсдийн хувиараар хэд хоног амардаг юм.

Бурхан болоочдынхоо газар дээр очиж эргэнэ, хот газар амьдардаг үр хүүхэд нь ижий аав дээрээ очиж амрана.

Бид ихэвчлэн уул явж амардаг байлаа. Хааяа монголоос зочидтой үедээ гэр зуур амарна.

Энэ жил уулынхан маань манайд ирээд. Байнга очиж төвөг уддаг бид тэднийгээ аятай тухтай байлгах гэж, амттай хоолоор дайлах гэж хэрэндээ сандарлаа.

Урьдчилан бууз банш хийж хөлдөөлөө. Бас цуйвангийн гурил зуурч элдэж хөлдөөлөө.

Япон хүмүүс дан гурил мах идээд хоолшихгүй тул хажуугаар нь салат, будаа агшаах, мисо шөл хийх гээд л миний хамаг ур чавдарыг шалгасан өдрүүд байлаа.

Нэг сайхан нь япон ээж бол зүгээр суухгүй, алив туслая гээд ханцуй шамлан наддаа ихээхэн тусалсан. Хань ижил бас гарынхаа өндгийг шарж өгсөн. Японы хуйлж шарсан өндөг. Би тэгж шарж чадахгүй, албаар том зулзага хань ижлээрээ хийлгэдэг юм.

Ер нь ганц нэг чадахгүй зүйлтэй байхгүй бол хэцүү шүү шинэхэн ээжүүдээ, эхнэрүүдээ. Ккк. За энэ талаар та нарыгаа хүсвэл зөвлөгөө өгч болно шүү. Хэ хэ.

6 хүүхэд 6 томчууд бие биенийхээ дуу хоолойноос илүү гарч ярих гэж ядарлаа шд. Бага зулзагын дуу чангыг ч хэлэх үү?

Гайхшралыг минь дандаа төрүүлдэг нэг зүйл бол энэ япончууд шөнө орой хэдэн цагт ч унтсан өглөө хар үүрээр гозойж байх юм.

Бүр хүүхдүүд хүртэл. Маргааш өглөө сайхан унтаарай гэж захиад байхад шүү. Монголчууд болсон манай гэрийнхэн л хамгийн орой босоод байгаа юм биш үү? Яг адилхан цагт унтсан улсууд шүү дээ.

Бүр багаас нь орой эрт унтаж, өглөө эрт босч, өглөөний цайгаа заавал уух гэсэн амьдралын хэв маягт суралцсан байдаг болохоор бие организм нь ч сурчихсан байдаг бололтой.

Өнөөдөр зочдынхоо сүүлийн баг бүрэлдэхүүнийг үдэж гаргачихаад нам жим болсон бидэн 4 бужигналдсан хэдэн өдрөө эргэн дурсаад л сууж байна.

Япончуудын зангаар юун дээр алдав? Дараа ирэхэд нь яах уу? ийх үү? гээд л. Ккк

Маргаашнаас ажилтай. Хэд хоног идэж уусан жингээ яаж хасна даа гэж шаналаастай. Хэ хэ

Хажуугаар энэ халууныг ээ? Хурдан сэрүүсээсэй...

Жич: 8 сарын 11 өдрийг "Уулын өдөр" гэж нэрийдэн олон нийтийн амралтын өдөр болгосон, энэ жилээс.

Thursday, August 11, 2016

Алт

Гэснээс том зулзага өнөөх үлээвэр хөгжмийнхөө тэмцээнд алт авсан шүү дээ. 2 жил дарааллан. Бүсийнхээ тэмцээнд эрх авахад тун бага оноо дутчихсан гэсэн. Харамсалтай. Ирэх жил заавал бүсийн тэмцээндээ явна даа гэсэн хүн л байна. Том зулзагаа цаашлуулаад
-Миний охиныг орсон жилээс алт аваад эхэлсэн үү?  Үгүй юу?
-Үгүй ээ. Эрхлэгч багш мундаг болохоор.

Эрхлэгч багш нь том зулзагыг дунд сургуульд ордог жил шилжиж ирсэн. Мэргэжил нь дуу хөгжмийн багш. Их мундаг хүн гэсэн. Аав нь муждаа их алдартай юм билээ. Хөгжмийн зохиолч, багш хүн байсан хүн гэнэ. Одооны мундаг мундаг дуу хөгжмийн багш нар заалгадаг байсан гээд л яригддаг юм.

Тэгээд л бодлоо. Ер нь багш хүн бас асар их нөлөөтэй байх юм даа гэж.

Үлээвэр хөгжмийнх нь дугуйлангийн багш гэж тусдаа байдаг. Тэр багшийгаа "Гадагшаа гаргаж илэрхийлэхдээ, зүйрлэхдээ жаахан тааруу" гэж авсан. Тэрнийх нь хажууд эрхлэгч багш нь хатуу ширүүн ч гэж юүхэв, загнахдаа, удирдахдаа маш уран чадварлаг, сурагчдын сэтгэлд хүрдэг юм байх.

Бас л бодлоо. Багадаа багш нартаа элдэв хоч өгөөд л, сайн муугаар нь ялгаад л байдаг байснаа. 

Энд Япон хүүхдүүд  бас багш нартаа хоч өгчихнө өө.

Хөөрхий муу ардын багш нар. Муу ч нэртэй сайн ч нэртэй байх юм даа.

Алт авсан гээд гавъяа байгуулсан амарч байна. Зуны хэдхээн хоногийн амралтынхаа ихэнхийг саяын тэмцээнд бэлдэж өнгөрөөнө.

Тэмцээн дуусаад сургууль энэ тэр орохгүй жинхэнэ утгаараа амрах нь 7-хон хоног шахуу. Болоогүй ээ зуны даалгавар гэж байна.

Даалгавраа хийж байгаа юу гэж үглүүлнэ.

Монгол дахь хүүхдүүдтэй харьцуулахад амраад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг.

Монголын 12 жилийнхэн та нар бол жаргалтай мангар бацаанууд шүү. Ккк. Хэт жаргаад амар сайхан жаргалгүй хичээлээ ч, дугуйлан секцээ ч бас хааяадаа сөхөж хараад явдым шүү. Эх орны минь ирээдүй та нарын гарт...

Wednesday, August 10, 2016

Хэрэг гарсан шүү

Агсан тавьсны минь хэрэг гарч, хэдэн хөөрхөн блогчид минь эхнээсээ блогтоо салхи оруулж эхэлсэн шүү.

Үе үе ингээд агсан тавьчихаж байх нь зөв юм байна. Хэ хэ.

Гэхдээ та нар минь намайгаа бага агсан тавиулаарай. Ккк

Олимпоо ч үзээд, та нарынхаа блогийг ч уншаад энэ халуун өдрүүдийг даваад гарчихвал ч.

Япон орон даяараа маш их халж байна аа.

Сая өнгөрдөг бүтэн сайнд далай явж жаахан сэрүүцсэн юм байна.

Бага зулзага хавч энэ тэр тоох ч үгүй барьж гүйгээд цуг явсан монгол харчуудыг алмайруулсан. Өнөөдүүл нь айгаад гар хүрч чадахгүй байхад. Ккк. Жижигхээн л хавч байсан уг нь. Харин тэр айгаад байсан харчуул нь ханхар ханхар эрчүүд шүү дээ. Хэ хэ.

-Авч хариад хавчны шөл хийж уух уу?
-Юу яриад байна? Ижий минь, хөөрхий амьтан.

Бүр итгэчихсэн, харихдаа надаас нууцаар буцааж далайд нь тавьж харагдсан.

Алтан загас байсан бол тэ? Далайд нь буцааж тавихад хүслээ хэл гээд л. Би нь хүслээ хэлээд л. Ккк. Гялс монгол нисчихээд ирье л гэж хүсэх байх даа...


Tuesday, August 09, 2016

Хэдэн өдөр зугаатай байх нь

Олимп эхлээд хэд хоног баясах юмтай сайхан байх нь. Нээлтийг үзэж эх орныхоо, амьдарч буй газрынхаа тамирчдыг орж ирэхийг нь харан баясаж, зураг дарж нүүр номдоо оруулав.

Гэснээс энэ нээлт Америк Япон хоёр олоон жилийн өмнө хэрэлдсэн өдөр таардаг гэнэ. Ккк
Бага зулзага:
-Маргааш Америк Япон хоёр хэрэлдсэн өдөр. Атмын бөмбөг унаад, нар бүхлээрээ унаад ирэв үү гэлтэй айхтар халуун, гэрэл гялбасан гэсэн.
-Тийм үү? Хэн тэгж байна?
-Цэцэрлэгт тийм яриа хийсэн шд.
-Аан.

Албанаасаа тарж явахдаа ээждээ ярьсан зулзага минь.

Өглөө нь нээлт үзэж байхдаа зулзагынхаа яриаг санаад яг олимпын нээлттэй давхцаж байгаа юм байна гэж бодов.

Бас нэг чухал арга хэмжээтэй давхцаад. Тэр нь том зулзага үлээвэр хөгжмийн тэмцээнд сургуулиараа орж байгаа. Эхлээд мужийн нэрэмжит. Хэрэв алт аваад шалгарвал бүсийн хэмжээний тэмцээнд явна. Түрүү жил бас энэ тухай бичиж байсан даа. Алт авсан. Гэхдээ алт нь дотроо хоёр янз гээд л. Бүсийн тэмжээнд явах эрхтэй алт, эрхгүй алт гэж. Жаахан харамсалтай нь эрхгүй алт авсан. Гэхдээ л алт бол алт. Хэ хэ. Хэдэн жилийн дараах алт гэлээ дээ, хүүхдүүд өөрсдөө их л баяртай байсан.

Ирэх жил гэрээрээ үзэхээр явна даа. Өнгөрдөг жил, энэ жил тодорхой шалтгааны улмаас явсангүй. Ирэх жил заавал үзнэ гэж том зулзагатаа амлачихаад л сууж байна.

За тэр яахав, хоёр нутгийнхаа тамирчдад зөндөө их амжилт хүсье.

Friday, August 05, 2016

Хорхой шавьж

Япон хүүхдүүд хорхой шавьжинд ямар их дуртай гээч. Тэр дундаа эрэгтэй хүүхдүүд бүр ч. Бага зулзага бас дутахгүй, хорхой барьж гүйгээд миний дотор арзагануулчихна аа. Гэхдээ одоо бараг дасаад, хөөрхөн юм бэ гэх нь холгүй болов. Ккк

Сая номын сангаас дандаа хорхой шавьжны тухай ном зээлж авав.
-Дуртай юм чинь, та харин уншиж өгнө шүү.
-За.
Нэг ийм хорхой байна. Япон нэр нь данго мүши. Англиар wood louse гэдэг гэнэ. Модны бөөс? Ойн бөөс? Ёстой хэлж мэдэхгүй юм.
Өнөөх чинь ингээд бөөрөнхий болчихдог юм. Зараа шиг. Тийм болохоор хүүхдүүд сонирхоод барьж гүйгээд байдаг байх. Бага зулзага хаа нэгтээгээс олоод л ирчисэн, та үүнийг түр барьж байгаач гэж ирээд л надад өгнө. Хэхэ. Эд чинь бүр эр эмийг нь хүртэл мэдээд байх юм билээ. Элбэг ч гэж юүхэв, энэ хорхой.

За энэ нэг хорхойг бүр тэжээнэ гээч. Голцуу эрэгтэй хүүхэд тэжээж харагддаг юм. Зарим цэцэрлэг бас загас тэжээдэг шиг тэжээгээд, хүүхдүүд тэрийг нь ажиглаад, суралцаад? явдаг шиг. Японоор кабүтомүши. Англиар Japanese rhinoceros beetle. Латинаар Trypoxylus dichotomus .


Энэ гайхлыг күвагатамүши гэнэ. Бас л тэжээнэ. Англиар Stag beetle.

Энэ гурав бол төлөөлөл. Цаашлаад шоргоолж, эрвээхэй, цох хорхой гээд л явж өгнө. Тэжээхгүй ч барьж гүйгээд энийг хараа гээд л.

Номын сангаас зээлж авсан ном. Ганц хоёр нь л өөр, бусад нь ямар нэгэн байдлаар дандаа хорхой шавьж. Хорхойны нүүр, хоолоо оллоо доо гэх мэт гарчигтай. Тухайн хорхойны тухай танилцуулга, онцлог гэх мэт бүхий л зүйлийг сонирхолтой аргаар бичсэн нь их. Тийм ч болохоор хүүхдүүд багаасаа хорхой шавьжинд дуртай байдаг байх.
 
Манай Монгол хүүхдүүд шиг хөдөө гарч таван хошуу малтай харьцах гэх мэт ойлголт байхгүй учир ийнхүү хорхой шавьжаар дамжуулж хорвоотой танилцдаг болов уу?
 
Эсрэгээрээ Монгол хүүхдүүд аалз энэ тэр харахаараа уйлах нь холгүй байдаг юм билээ. Хэ хэ. Дээхэн нэлээд том хүүхэд шдээ, ирчихээд байрлаж байгаа айлынх нь 00-д аалзны тор байна яах вэ гэж ирээд л уйлагнаж утасдаж байсан юм даг. Ккк. Аалзны тор харчихаад уйлаад байхдаа яадаг юм, бла бла гэж загнаж орхисон. Одоо ихээ том болоод загнуулснаа бодоод уур нь хүрдэг байх даа. Ккк
 
Дээрх хорхойнуудын зургийг нетээс гуйж авлаа. Баярлалаа нет гуай, хүссэн болгоноо танаасаа л авчих юм даа.

Thursday, August 04, 2016

Шавь хайж байна

Шинэ шавьтай болохгүй бол. Яасан гэхээр өнөөх эх оронд минь ажиллаж байгаад ирсэн шавь дахин шалгалт өгөөд Камбож явахаар тэнцчихсэн.

Жайка сайн дурын ажилд. Монголоос ирчихээд нэг хэсэг сэтгэл санаа нь тогтож өгөхгүй байсан юм. Хаашаа ч хамаагүй л дахиад явмаар байна гээд л. Тэгээд Жамайк явах гээд шалгаруултад орсон ч 2 дахь шатандаа тэнцээгүй юм.

Бууж өгөхгүй үзсээр байгаад Камбож явахаар болов. Би нь жаахан л гонсгор. 2-хон жил болоод л хариад ирнэ гэж бодсон ч.

Харьж ирэхээр нь буцаад Монгол руугаа урвуулах юм шүү.

Одоо юун монгол хэл л байгаа. Сүүлийн үед ч олигтой заагаагүй, би л япон хэл асуух нь ихсээд байсан юм. Буу халах л гэж долоо хоногт нэг уулздаг байлаа.

Ингэхэд эх хэлээ заана гэдэг чинь асар ярвигтай. Автоматаар цээжил ээ гэх үе зөндөө зөндөө. Ккк

Гол нь их сэтгэлтэй хүн. Монголд байхад нь тусалж байсан, уулзаж учирч байсан хүмүүстэйгээ эргээд холбоотой. Тэднийхээ захьсан зүйлийг хайж олоод явуулчихна. Японд явж байна гэхээр нь байгаа газарт нь очоод уулзчихна. Гэртээ уриад мужаа танилцуулчихна.

Намайгаа бага залуу, юм мэдэхгүй гэж голохгүй.

Хариу нь гардаг өдөр бидэн хоёрын уулзаж учирдаг өдөр таараад. Байсгээд л нетээ сөхөж хардаг гэж байгаа. 11 цагийн үед харсан чинь байна аа. Хувийн дугаараа хайлаа,
-Хүүе ээ, байна шдэ, таны минь дугаар.
-Нээрээ юу?
Шилээ зүүж ирээд л харав. Баяр хүргэж гар барив.Тэнцсэн баяраа тэмдэглэж тансаг үдийн хоол идэцгээв. Даалгасөөн. Ер нь уулзаж буу халах болгондоо л даалгадаг юм дөө. Ккк

Эдний энэ өөрийгөө өвөө, эмээ гэж голохгүй, хөгширлөө гэж сэтгэлээр унахгүй зүтгээд байдаг занд нь дуртай.

Маргаашнаас монгол хэл сурах бишээ надтай япон хэлээр буу халах шавь багш хайхаас. Хэ хэ.

Wednesday, August 03, 2016

Бичээчээ блогчидоо

Нэг мэдсэн би л ганцаараа бичээд байх юм. Бусад блогчид хаачив?

Бич л дээ та нар. Яасан их амардаг юм? Яасан их яасан их уддаг юм?

Би ганцаардаад байна. Та нарын бичлэгийг санаад байна. Уйдаад байна.

Нүүр номоос холд л доо. Бас тэр твиттерээ хаачих л даа.

Эндээ хүрээд ир...

Ирэхгүй бол би ч гэсэн бичихгүй таг боллоо шүү...

Tuesday, August 02, 2016

Хүүхдийн төлөөх арга хэмжээ

Хүүхдэд зориулсан арга хэмжээ. Найз хүүхэн охинтойгоо би бага зулзагатайгаа. Охид ийм модон тоглоомоор тоглоод ухаан алга, 2 ээж буу халаад ухаан алга.

Ингэж цугтаа тоглохоор ээжүүдэд их амар байдаг юм. Ээжүүд тайван гэгч нь буу халаад.
Энэ бас их хөөрхөн. Хооронд нь эвлүүлээд төрөл бүрийн л зүйл хийж болно.
Бага зулзага ийм дугуй юм л өрөөд байсан.
Модон хөгжим. Хүүхдүүд хамаг чадлаараа л балбаж харагдана лээ. Би бас балбаж үзсэн. Хэ хэ.

Хүүхдүүдээр таавар таалгаад, сонингоос үсэг хайлгуулаад, үнэгүй шаар тараагаад л манай энд ийм их хүн амьдардаг билүү гэж бодохоор л хөл хөдөлгөөнтэй байсан.

Авсаархан, аятайхан, өгөөжтэй арга хэмжээ их зохиох юм аа. Болж өгвөл бүгдэд нь л оролцоод, санаа аваад баймаар. Тэрийгээ эндээ бичээд, зураг хөрөг оруулаад, тэрийг нь уншигч олон минь ямар нэгэн байдлаар ахуй амьдралдаа, ажил хэрэгтээ хэрэгжүүлээд л тэ. Гоё уу? Гоё. Ккк

Бас ээжүүдэд зориулсан эрүүл мэндийн булан гэж байсан. Жинг нь үзнэ, дотоод өөхлөлтийг хэлж өгнө, ясны сийрэгжилтийг нь харж өгнө, нүүрний арьсны чийгшилтийг хэлж өгч байсан.

Мөн энд тэнд идэж уух зүйлийн худалдаа, амталгаа байсан. Ихэнх арга хэмжээнд идэж уух зүйл байна. Учир нь япончууд дандаа л идсэнээ ярьдаг улс болохоор. Ккк

Хүүхдийн хүмүүжлийн талаарх яриа болж байсан бас. Нэгэн мундаг хүн уригдаж ирээд, яриад л байсан. Зурагтаар гардаг хүн байсан болохоор хүмүүс пиг. Би ч тоосонгүй. Бага зулзагаа тоогоод завгүй хүн чинь...

Ингэхэд шинэ сар гарчихсан юм байна шд. Өнөөдөр л мэдлээ. Ккк. Халууныг даваад гарчихвал ч...

Monday, August 01, 2016

Тоор жимс

7 сарын сүүл 8 сарын эхээр болдог тоор жимс.
Уулынхан минь тарьдаг юм. Бид жил бүрийн өдийд боловсордог цагт нь очиж үнэгүй идэж эрхэлнэ. Яг л хөдөөний оюутан улсууд амралтаараа гэртээ харьж идэж уудаг шиг. Ккк

Энэ жимс их эмзэгээ. Чангахан барьвал хөхөрнө. Тэгэхээр худалдаанд гаргаж болохгүй. Тийм болохоор дэлгүүрт их үнэтэй байдаг юм.

Гэхдээ амт, үнэр гэж дэргэдэх хүндээ ч өгмөөргүй. Хэ хэ.

Өөрсдийн гэрээсээ шууд борлуулалтаа явуулна. Мэддэг хүмүүс нь жил бүр ирж худалдан авна. Ойрхон ганц нэг худалдааны газарт өгч борлуулдаг болж байгаа гэсэн. Бас утсаар захиалга аваад явуулна.

Их ажилтай эд минь. Нэг зүгээр суухгүй...