Wednesday, November 09, 2016

Урлагийн үзлэг

Уламжлалт бичлэг.

Том зулзагын сургуулийн урлагийн үзлэг. Би л урлагийн үзлэг гээд байгаа болохоос ерөнхийдөө сурагчдын тайлан юм даг уу даа.

Эртээд дүү нь гарч дуулсан хотынхоо хамгийн том тайзан дээр тайлангаа тавина.

Өдрийн хоолоо бэлдэж аваад л явна. Нэг сурагч эх хэлээрээ зохион бичлэгээ уншина, нэг сурагч англи хэлээр зохион бичлэг уншина. Үлээврийнхэн гурван ая тоглоно. Дахиулъяа гэсээр байгаад нэг ая нэмж тоглосон. За тэгээд анги ангиараа урлагийн үзүүлбэртэй. Найрал дуу, багш нарын найрал дуу.

Зургийн аппарат, видео камер гээд л ээж би чинь ямар олон гартай юм бэ? Хэ хэ. Хүн ч тэгээд үр хүүхдийнхээ аль сайн сайхан дүр зургийг зурагт хальснаа буулгачих гээд л үзэж тарах юм даа тэ.

Өглөө нь өдрийн хоолонд нь дуртай юм гээд пицца хийж өгсөн. Өгсөн ч гэж дээ, том зулзага бараг ихэнхийг нь өөрөө л хийсэн.

Нээрээ би нь пицца хийж сурав. Ёстой амархан юм байна лээ шд тэ. Цуйван энэ тэрээ шиг их гурил зуурахгүй, элдэхгүй.

Хамт жигнэх материалаа л хэрчээд бэлдчихсэн байхад ерөнхийдөө бараг болчихож байгаа юм.

Урд нь мундаг гэрийн эзэгтэй нарыг гэртээ пицца хийж идсэн гэхээр нь ёстой мундагийг нь гайхаад, би ч сайн ээж, сайн хань биш юм байна даа гээд л сэтгэлээр унадаг байлаа шд. Хэ хэ.

Тэгээд дээр нэг монгол айлын минь эхнэр шинэ маамаатай болоод, бид эргэж очиход пиццагаар дайлуулсан юм. Тэгээд л ийм жаахан маамаатай, нялх биетэй ээж ийм мундаг байхад би чадах л ёстой доо гээд ханцуй шамлаад л дайрсан.

Нетээс хийх арга, орц зэргийг нь хайж хэвлэж гаргаж ирээд л, зориг шулуудаад хийж үзсэн чинь магтуулсан. Рестораны пиццанаас ялгагдах юм алга, ёстой амттай байна гээд л манай хэд амаа олохгүй л идсэн юм.

Тэгэхээр нь өөртөө итгэх итгэл минь нэмэгдээд, дараа зочдоо дайлнаа гэж урам орсон.

Тэрнээс наана хэд хэд хийж, гартаа оруулах хэрэгтэй байсан тул охиныхоо өдрийн хоолонд пицца хийсэн нь тэр.

Урлагийн үзлэг ярьж байснаа нэгэт идэх юм яриад унадаг гэнэ ээ. Би ер нь яг япон хүн шиг болж байна шүү тэ. Юм л бол идэж ууснаа ярьж байдаг.

Эртээдийн хуримнаар кимоно өмссөн зургийг минь хүмүүс яг л япон хүүхэн шиг гарч гэсэн. Бас зогсохдоо хөл мөлөө аягүй маажгий зогсдог болсон байна лээ. Яана аа одоо?

Урлагийн үзлэг гоё болсон шүү. Сүртэй, зохион байгуулалт сайтай, хагас цэрэгжилтийн маягтай гээд л байнга эндээ бичдэг зүйлүүд тэнд бүрэн утгаараа хэрэгжээстэй.

Ингэж эд багаас нь иргэнээ бэлддэг юм байна. Ингэж улс эх орон нь хөгждөг юм байна. Гэж бодогдоно. Монголын арван хоёр жилийн сурагчдыг авчирч нэг үзүүлэх юмсан гэж бодогдоно. Том зулзага минь ядарч байгаа даа гэж бодогдоно. Монголын хүүхдүүд жаргал нь дэндсэн юм аа гэж бодогдоно, учир нь яг одоо амралт нь эхэлчихсэн байна. Япончууд үнэн амрах дургүй улс юм аа гэж бодогдоно. Энэ олон бодлуудын дотор өөрийн 11 сарын ажлаа бодож санаа зовно.

Элдэв бодол толгойд эргэлдэнэ...

2 comments:

  1. кимонотой зураг хармаар байна

    ReplyDelete
  2. Kimonotoi yag tegeed maijgii zogsoj bga huuhnuud ih sexy haragddag. Bur tusuulugdchluu.

    ReplyDelete