Tuesday, August 31, 2010

Ж.Эрхэмцэцэг : Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла ...

Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла
Зуны цэцэгс хагдарсан ч дахиад л дэлбээлдэг шиг
Зуун зуун жил анхных шигээ ариухнаар хайрла
Зураг шиг мөнх биш шүү зуурдын энэ амьдралд хайртай түүнээ энхрийл
Эхнэр минь болчихсоон гээд илүү дутуу харах хэрэггүй
Эргээд явчихаж болох орчлонд хайраар битгий дутаа
Эрхэлж дэргэд чинь л байх бүсгүй хүний жаргал
Энэ хэтэрлээ гэж түүнийгээ битгий адла
Илүү сайхан бүсгүй гэж хараад түүнийгээ битгий хуур
Ижилхэн шүү дээ ээжийнхээ хайранд ургасан ялдам цэцэгс
Эр хүн чиний харцыг булаасан ариун ертөнц
Энгийн даруу, төгс гоо чиний л хань
Хоног хугацаа өнгөрөх тусам илүү их энхрийл
Хайртай гэдэг үгээр өглөө бүрийг угт
Хонгор бүсгүй чиний хайраар хөглөгдөж
Хойд төрөлдөө ч бас чинийх байхыг хүснэ

Энэ шүлэг бас таалагдаад аа

Яг л зүүдний юм шиг цасан бударч

Чихний чинь үзүүрт үгс чичирч байна

Амьсгал минь хүзүүг чинь гижигдэвч

Гарыг чинь бүлээхэн дуслууд норгож байна

Яг одоо чимээгүй сонс

Яараад хэрэггүй,

Нулимсыг минь бүү арч

Асгарч л байж тайвширдаг юм

Чичирсэн хоолойноос тасалдан цуврах

Яриаг минь бүү тасал

Хэлж л байж санаа амардаг юм

Зүрхнээс гарсан тэр л үгсийг минь чи

Чимээгүй зогсоод дуустал нь чагна

Хэрэв тэр аялгуу зүрхэнд чинь хүрсэн бол

Яг одоо намайг дагаад уйл

Би нулимсыг чинь арчихгүй ээ,

Чи ч бас тайвшираг.

Ц.Баттуяа 2005.12.20"

Monday, August 30, 2010

Би тамхи татдаг

Батзаяа

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг
Батзаяа

PS:Найзынхаа дэвтрээс чирээд ирсэн, өөрт нь хэлээгүй.

Зүв зүгээр суухаар зүлгэхээс

Saturday, August 21, 2010

Ямар ч хүсэл алга

Монголдоо бараг даараад байсан улсууд японд буцаж ирээд үнэгүй саунд өдөржин шөнөжин ороостой, хүйтэн монголоо санаж байна гэж...
Уг нь өөрийн худалдаж авсан хийгээд найз нөхдийн бэлэглэсэн нэлээд хэдэн ном байгаа боловч унших ч сонирхол алга, блог бичих ч, бусдын блогийг ч унших гээд л ямар ч хүсэл алга...
Нээрээ охинд минь эх нутаг болох монгол орон туйлын их таалагдаад, үлдмээр байна гэж хэдэн өдөр үглээд, аргагүйн эрхэнд л буцаж ирэх шив дээ, ээжтэйгээ. Одоо даалгаварт дараастай, хар халуунд нозоороостой л амьтан байна.
Жаахан сэрүү ороод ирэхээр юм юмыг гялалзуулнаа, уншихаа ч бичихээ ч. Хэхэ

Wednesday, August 18, 2010

Уулзаагүй уджээ

Хаачсан гэхээр, эх орондоо очиж, ээж аавдаа эрхэлж эрхэлж ирсэн болноо. Дараагийн бичлэгүүдэд бага багаар тайлангаа тавьж эхлэнэ дээ.

Friday, July 23, 2010

Зуны амралт, даалгавар



Охины минь зуны амралт өнөөдрөөс эхлээд, 1 сар амарна. Даалгавар ч ихтэй юм шиг байна. Ерөнхийдөө 1 дүгээр ангийн даалгавартай нь төстэй юм билээ. Түрүү жил хичээлийнхээ нэг хэсэг болгож цэцэг тарьж байсан бол энэ жил улаан лооль тарьсан. Сургууль дээрээ очоод өглөө бүр тэрийгээ усладаг байсан бол одоо амралтаараа гэртээ аваад ирсэн өглөөд усладаг ажилтай. Заримдаа мартчих гээд бас л нэг үглэх ажил нэмэгдээд ээжид. Гэхдээ хөөрхөн ургацаа өгөөд байгаа шүү, тэр нь. Мини улаан лооль гээд нээх хөөрхөн жижигхэн юмнууд. Их амттай дээрээс нь Хэхэ.
Өглөө 6:30 гарч радиа гимнастикаа хийнэ, түрүү жил шиг. Ээж бас гарах л байх даа, нойроо харамлан харамлан.
Өнгөрдөг жил галзууралгүй хичээлтэй нь золгосын, энэ жил бас тэгэх байхаа, гүрийнэ дээ.
Нээрээ охин минь 2 дугаар анги болсон биш архаг болоод, 1 дүгээр ангид байсан шигээ юм юманд их нарийн хандаад байхаа больсон ш дээ, анги ахих тусам архагших шинжтэй шүү ер нь. Хичээл хийдгүй хүүхэдтэй болчуул яанаа гэж...

Tuesday, July 20, 2010

Зүгээр л урсаж байна

Энэ их халууныг яалтай ч билээ, зүгээр л урсаад л урсаад л байж байна дөө.
Ингэж их урссанаараа сайхан турдаг бол ч над шиг гуалиг нь үгүй байх дөө...

Thursday, July 15, 2010

Дарсан гүйлс буюу үмэ боши







Жаахан байхад өргөст хэмх дараад л, дунайский салад хийчихээд түүгээрээ дайлдаг хүмүүсийг хараад ямар аймаар мундаг юм бэ гэж л боддог байлаа шдээ. Харин би одоо өөрөө тийм аймаар мундаг болчих уу ккк. Ганц нэг хүмүүс тэгж бодох ч юм билүү?

Энэ удаад гүйлс жимсийг даршилсым. Япончууд ингэж даршилсан гүйлс жимсийг жилийн 4 улирал хүнсэндээ хэрэглэдэг. Өвөл ялангуяа ханиад хүрэх нь бага байдаг гэсэн. Энэ жимсээрээ бас дарс хийнэ, ундаа хийнэ гээд л, тэр нь их амархан юм билээ. Харин даршилж хадгалах нь нэлээд ажил шаарддагым байна. 3 жилий өмнө хийдэг баатар болоод асуусан чинь чи чадахгүй ээ гэж унтрааж байсын нэг өвөө, одоо бодоход уур хүрээд байгаан. Чадаж л байхад ккк.
Дарах аргыг нь бичих гэсэн зарим нэг япон үгийг орчуулах гэсэн чадахгүй байнаа. Жишээ нь энэ хүрэн навчийг японоор нь 紫蘇 (шисо) гэдгийг юу гэж орчуулах вэ? гээд л. Англиар нь perilla гэдэг юм шиг байна. Энэ навч нь тухайн жимсийг ийм улаан хүрэн өнгөтэй болгоно. Болоод ирэхээр зургийг нь оруулнаа. Навчийг ишнээс нь салгаж аваад угаана, давсанд үрнэ. Жимсээ дарсан цуунаасаа бага зэрэг аваад навчаа базна, тэгээд цуутай нь хамт жимсэн дээрээ хийнэ.
Энэ шилтэйгээ 1 сар гаран байлгаад, 8 сарын дундуураас бас яадаг ч гэчивээ, тухайн үед нь зааж өгөх юм гэсэн. Тийм ч амархан аманд орчих зүйл биш болтойдог шүү.

Tuesday, July 13, 2010

Наадам сайхан боллоо


Сайхан наадсан уу? Бид сайхан наадсаан гэж. Хорхог хийж идлээ. Эндэх монголчуудын маань тоо жил бүр нэмэгдэж байгаа болохоор наадмаа ингэж өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод 3 жилийн нүүр үзэж байна бөө. Эхний жил нь гэхдээ миний бие монгол яваад байгаагүйм.
Өглөө их эрт эхлэх юм ярьцгаасан бидний наадам их оройтож эхэлсөөн, юм хум нь дутуу, тэрийгээ цуглуулж байна, зөөж байна гээд л. Монголчуудын ганц засрахгүй зан ч юм шиг, цагтаа эхэлнэ гэдэг...
Эрчүүд бөх барилдсан. Сүмо банди нар л түрүүлнэ шүү дээ, ойлгомжтой. Тэд чинь аймаар том биетэй, сүмо биш эрчүүд нь хажууд нь бол бичкээн байгаам чинь.
Хорхогныхоо зурагнаас оруулчихая.

Saturday, July 10, 2010

Сайхан наадаарай

За та нар минь сайхан наадаарай, бид бас маргааш наадамлана.





Thursday, July 08, 2010

Томоос том дэлхий

За бас нэг дуу, англи хэл сайн мэдэхгүй тул томоос том дэлхий л гэж орчууллаа. хэхэ

Дуу

Залуухан байхдаа сонсдог байсан дуу. Сонсдог ч гэж дээ, монголд байхад Mtv-р их явдаг байсым байна.
Саяхан санаандгүй олж сонсоод, кино нь ч бас хөөрхөн тээ.

Wednesday, July 07, 2010

Шүлэг

Ангийнхаа хүүхдийн Facebook-с чирээд ирлээ, таалагдаад

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...


Б.Энхтуяа 1995 он


Tuesday, July 06, 2010

Monday, July 05, 2010

Бороо битгий ороосой

Бага байхад бороонд их дуртай байлаа гэж, монголдоо байхдаа ч тэр дуртай байсан.
Тэгсэн энд яаж байна, бороог үзэн ядаж байна, ккк. Байгаль дэлхий маань гомдчих юм болов уу. Тувт бороо ороостой, бүх юм чийг даагаад нэг л зутруу байгаад байна. Угаасан хувцас хатсан үгүй нь мэдэгдэхгүй, чийгтэй оргиод л, бүр тамирын заал хүртэл чийг даагаад тоглож болохгүй байна гэсэн шүү.
Ойрын сонирхуулчих зүйл гэвэл, бага залуу хүүхдүүдтэй дээсээр цувраад, эгч бага насаа дурсаад жаал үсэрцэн чинь өнөөдөр гуя нил хүндүүр. Уг нь биеийн тамир хийгээд их дажгүй хөлс урсгасан юмсан, уг нь өдөр бүр ингэж хөдөлж хөлсөө урсгавал ч над шиг гоолиг хүн байхгүй байхдөө гэж...
Бас удахгүй наадам болох гээд сэтгэл санаа монголдоо, бие энд...
Энд ажиллаж амьдардаг хэдэн монголчууд бид хорхог хийж идэх санаатай л байна, бүтэн сайн ч таарсым. Аливаа баяр наадмыг яг тухайн цаг үед нь тэмдэглэх нь ховор байдын, энд чинь ажлын өдөр таарчуул юун цагаан сар, юун наадам л байдын. Тэгээд л сүүлд нь нөхөж тэмдэглэх жишээтэй...
нэг иймэрхүү дээ.

Friday, July 02, 2010

Бүжиг


Охиныхоо сургууль дээр зохиогдсон арга хэмжээний талаар бичих гэж байна, анхаарлаа хандуулахыг хүсье.

Эцэг эхийн зөвлөлийг хичээлийн шинэ жил эхлэнгүүт байгуулна. Хэд хэдэн салбараар ангилна. Урлаг соёл, биеийн тамир, өөр чинь юу билээ дээ санадаггүй ээ, гэсэн ангилалтай. Тэгээд эцэг эхчүүдээс санал асууж байгаад сардаа нэг ч юм уу удаа салбар тас бүрдээ ямар нэг арга хэмжээ зохионо.
Тэгсэн түрүүчийн бүтэн сайнд бүжгийн багш уриад, тамирынхаа зааланд 2 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эхэд хип хоп бүжиг заасан. Эхлээд аав охин 2 бүжиглэж байснаа, ээж нь бага ч гэсэн хөлсөө гаргая даа гэж бодоод гарч бүжиглэсэн ккк.
Жич: Сүүлийн үед япончууд янзан бүрийн бүжгийг их сонирхон суралцдаг болсон байна лээ. Цэнгээнт бүжиг, хип хоп, товшлуур гээд л, хүүхдүүдээ ч их явуулдаг болсон гэсэн. Охины минь ангийнхнаас бас суралцдаг хүүхдүүд байдаг гэнэлээ.
Би ч бас бага ангид байхдаа бүжиглэдэг д байсышд уг нь, ардын, цэнгээнт гээд л. Тэгсэн одоо тэр юмнаас чинь харин ч нэг хол байна дөө.
Нээрээ зарим япон хүмүүс амьдралдаа нэг ч удаа бүжиглэж үзээгүй гэсэн хүн байдаг юм билээ. Хөдөлгөөний эвсэл ч ер нь муутай хүмүүс дээ.Тэгээд л тэрийгээ мэдээд хүүхдүүдээ сургая гэж бодож эхэлсэн байх...
За тэгээд хүн хэлэлтгүй охин минь бас иймэрхүү юманд эвсэл муутаймаа, бүжгийн хичээл заалгадын билүү яадын билээ?
Түрийвч л мэдэх байх даа, энд чинь тиймэрхүү хичээл нь үнэтэй үнэтэй...
Зураг: Хүмүүсийн царайг хамаагүйг оруулчуул хэл амнаас нь айж байнөө, хөл л оруулахаас ккк
Өө тийм, нэг юм мартах гэж байна. Найздаа хип хоп бүжиглээдээ гэсэн чинь "саначихъч, дараа бүжиглэж үзүүлээрэй" гэж авсан шдээ, одоо яанаа би?

Wednesday, June 30, 2010

6 сард юу болов?

7 сар гарчдаг гэнээ. Ямар хурдан өнгөрч байнаа энэ цаг хугацаа?

6 сард нэлээд ажил амжуулсан юм байна. Гэр бүл минь төмсөөр амьсгалсан сар байлаа. 7 сар ч адилхан л байх байхдаа. Дахин төмсний хучмал хийсэн ш дээ нээрээ. Тэгээд зургийг нь оруулах гэснээ баахан л төмс ярьсан хүн болчих гээд хэхэ. Та нарынхаа зөвлөснөөр өндөгний шар энэ тэр түрхэж байгаад л, бас махандаа хулуу энэ тэр гээд өөрөө бодож байгаад янзан бүрийн ногоо холиод л. Нээрээ би хулуунд дуртай шд, шөлтэй хоол хийхээр уусаад шөлийг нэг тийм гоё шаргал өнгөтэй болгодог юм.

Японд энэ 6 дугаар сард зурагтаар тувт л сумогийн тухай гарлаа. Нэрийг нь мэддэгээс Котомицүки, за тэгээд нэрийг нь сайн мэдэхгүй хэд хэдэн бөхчүүд байнаа. Бэйсболын тэмцээн энэ тэрд бооцоо тавиад, тэр өгч авалцах мөнгөө хоорондоо шилжүүлж бариад л эсэн бусан юм болсымуудаа янз нь. Ядаж байхад Котомицүки миний амьдраад байгаа Тоттори мужын нэгэн ахлах сургууль төгссөн, эд нар нь их бахархдаг байсан юм. Будаа будаа, юу ч гэж хэлэхэв. Хэт их мөнгө, алдар хүнд хүнийг эвдэж, буруу зам руу оруулдаг гэж юутай үнэн...

Зурагтаар сүүлийн үед байнга яригдаж байгаа бас нэг зүйл бол "нэмүү өртгийн татвар"-ыг 10 хувь болгож нэмэх. 7 сарын 11-нд зөвлөлийн сонгууль болох юм. Тэгээд л сонгуулийн бас нэгэн ПР болгож л яригдаад байх шиг байна. 10 хувь болоод нэмэгдчихвэл бид чинь одоо яах билээ? Чөтгөр бүү мэд. Гэхдээ япон шиг 5 хувь байдаг орон цөөхөн байдаг юм байна. Нэмүү өртгийн татвар анх Франц улс хэрэгжлүүлж эхэлж байсан гэнэ. Ер нь европын орнууд их өндөр байдаг гэнэ. Гэхдээ бүх бараа бүтээгдэхүүн нь нэг ижид татвартай байдаг уу гэвэл тийм биш гэнэ. Жишээ нь улсдаа үйлдвэрлэсэн нь арай хямд байдаг орон байдаг гэнэ, ямар орон гэчихвээ? тогтоосонгүй. Учир нь улсдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Боддог л бодол.
Герман улсад гамбургерыг тухайн ресторанд идвэл татвар нь өндөр, авч яваад гэртээ иднэ гэвэл хямд байх жишээтэй. Учир нь тухайн ресторанд иднэ гэвэл тансаг хэрэглээ учир өндөр байдаг гэнэ. гэх жишээний.

6 сарын 30-нд өглөө ажилдаа явахаасаа өмнө зурагтаа асаачаад л мэдээ сонсож байсан чинь солонгосын Пак Ёнха гэдэг жүжигчин амиа хорлочихож гэнэ. Яагаав өнөө "Өвлийн хайрын дуу" гэдэг савангийн дуурьт гардаг. Гол дүрийн залуутай хүүхнээ булаацалддаг дүрд тоглодог.(Тэр драм эхэндээ хөөрхөн юм шиг байснаа сүүлдээ тэнэг болцышд. Ихэнх савангийн дууриуд адил дөө, эхэндээ сонирхолтой байснаа сүүлдээ дэндүү нуршаад байдаг нь ядаргаатай тээ. Гэхдээ л монголчууд маань аймаар идэвхитэй үздэг гэсэн ш дээ. )
Тэрийг энэ япончууд солонгосчуудаас илүү сүр болгож өдөр бүр мэдээлээд л, учир шалтгааныг нь хайгаад л уналаа. Өвлийн хайрын дуу чинь энд япон эмээ нарыг байлдан дагуулсан байхгүй юу. Бүгд л тэр хэн билээ гол дүрийн залууд дурлаад л, зураг, полкат, СД, ДВД энэ тэрийг нь цуглуулаад л энэ тэр. Бүр нөхрийнхөө хажууд л хээв нэг дурлачихсан, царайлаг, уулзуул уулчихмаар л байна шүү гэж яриад л хэхэ.
Сүүлийн үед энэ омогтой солонгосчууд яагаад амиа хорлоод байдаг болчвоо, тэр дундаа нэртэй, алдартай хүмүүс нь, нэг л учиртай шүү. Япончууд бас амиа хорлолтоороо дээгүүрт ордын гэсэн. Гэхдээ алдартай хүмүүс нь нэг их хорлоод байддаггүй шиг л санаад байна. Солонгосчууд японыг дуурайж хөгжсөн гэж ярьдын билээ, амиа хорлолтыг нь хүртэл дуурайгаад байгаан болов уу? Мэдэхгүйм даа.

Хөл бөмбөгийн тухай ганц өгүүлбэр бичихгүй бол алдас болох гээд байнаа. Би ч нээх сонирхоод байдаггүймөө, гэхдээ японыг хальт дэмжээд авсаан. Дараа жилийн наадам даанч хол байна дээ гэгчээр 4 жилийн дараа үзүүлээд өгөөрэй л гэж хэлэх байна. ККК

Түүхт газар 2

Үргэлжлүүлнээ

Онон мөрөн МНТ-п нэр нь гардаг газруудаас хамгийн олон буюу 32 удаа гардаг. 1... Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж бүхүйд төрсөн Батачихан ажгуу... 59, 97, 211-д Дэлүүн болдогийн тодотголоор 3 удаа гардаг. 106-д "Жамуха бас өгүүлрүүн: (Тэмүжин анд, Тоорил хан ах хоёрт өгүүл) хэмээн илгээхдээ... Тоорил хан ах морилохдоо, Бурхан халдуны өврөөр, Тэмүжин андыг дайрч ирж, Онон мөрний эх Ботохан бооржид болзолдъё..." хэмээн өшүүлж илгээв.
Онон мөрөн Хэнтийханы Бурхан халдун уулын яг ар дороос эх авч зүүн хойшоо 808 км урсаад ОХУ-ын Шилка мөрөнд цутгана. Манай улын нутагт 445 км урт урсах доод хэсгийг нь Онон-Балжийн Байгалийн Цогцолборт газрын зэрэглэлээр Улсын тусгай хамгаалтад аваад байна.

Монголын нууц товчоо МНТ-д тэмдэглэсэн нь: 202. "Төдий эсгий туургат улсыг шулуутгаж (нэгтгэж) барс жил (1206) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан цол тэнд өгөв." гэж дурдсан.
Энэ хөшөөг өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс урагш ойрхон Онон мөрний хөндийд х.ө 48℃ 36' 03, з.у 110℃ 36' 42-ын солбицолд d.m.d 1171 м өндөрт босгожээ.

Химурга горхи МНТ-д 4 удаа гардаг. 122-д "...эд бас Жамухаас хагацан хөдөлж, Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж бүхийд нийлэн буув" гэж дурддаг.
Химурга горхи гэдэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг өнөөгийн Жаргалантын гол мөн байх гэдэг. Энэ горхи нь өрнөөс 70 км урсаад өнөөгийн Хурх голд цутгадаг.
Хорхоног Жубур МНТ-д 6 удаа гардаг. 115-д " Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурав хамтарч,... Орхон, Сэлэнгэ хоёрын Талхун арлаас буцахдаа Тэмүжин, Жамуха хоёр хамтдаж, Хорхоног жубурыг зорин эргэв" гэж дурдсан.
Хорхоног жубурыг өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумын нутаг Хурхын голын энэ хориод км өргөн хөндийг мөн байх гэж үзнэ. Энэ нь Хулдгар хунаас зүүн, зүүн урагш залгаад үргэлжлэх нутаг.

Бүрги эрэг МНТ-д 6 удаа гардаг. 96-д "Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан буув. Чотан эхийн бэлэг хэмээн хар булган дах авч ирсэн бүлгээ" гэж дурддаг.
Бүрги эргийг одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн мөрний баруун гарт х.ө 47℃ 56' 22, з.у 108℃ 28' 31-ын солбицолд d.m.d 1421 м өндөрт орших өндөр эргийг мөн гэж үздэг. Энд Бүрги эрэг гэсэн жуулчны бааз бий. Бүрги эрэг гэсэн хөшөөг Хэрлэнгээс баруун тийш ойрхон босгосон. Бүрги эрэг нь Сэнгүр горхиноос баруун тийш 40-өөд км-т орших газар.
Айл харгана МНТ-д 3 удаа гардаг.
107-д "...... Тэмүжин Бүрги эрэгт байх тул мөрт буй хэмээн тэндээс хөдөлж Түнхлиг горхи өөд нүүж, Тана горхиноо Бурхан халдуны өвөрт бууж, Тэмүжин тэндээс цэрэг үүсгэж, Тоорил хан нэг түм, Тоорил ханы дүү Жаха гамбу нэг түм, бүгд хоёр түм цэрэгтэй Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув" гэж дурддаг.
Айл харганад зориулсан гэрэлт хөшөөг өнөөгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Жаргалантын голын хөндийд тэндэхийн буган чулуун хөшөөний дэргэд х.ө 48℃ 11' 50, з.у 109℃ 35' 50-ын солбицолд d.m.d 1278 м өндөрт босгосн байна. Энэ нь Бүрги эргээс зүүн хойш шуудаараа 90-д км, Хар зүрхний Хөх нуураас 60 шахам км зайтай байгаа газар.

Туулын Хар түн МНТ-д 7 удаа гардаг. 96-д " Ван ханд Тэмүжин хүрч өгүүлрүүн: (Эрт өдөр эцэгтэй минь анд бололцсон ажуу, иймд эцэг мэт буй за хэмээн, гэргий буулгахад инжинд ирсэн өмсгөлийг танд авч ирэв) хэмээн булган дахаа өгөв. Ван хан маш баясч өгүүлрүүн: ... 164-д "Чингис хаантай, Ван хан Туулын Хар түнд хурж, эцэг хүү хэмээлдэв.
Одоо Сонгины буланд Хэрэйд иргэний Ван ханы ордны буурь х.ө 47℃ 48' 06, з.у 106℃ 37' 30-ын солбицолд бий. Туул гол Бага Хэнтий нурууны зүүн урд хажуугаас эх авч Улаанбаатар хотын урд хэсгээр баруун тийшээ 819 км урсаж Орхон голд цутгадаг.

Хэрлэн мөрөн МНТ-д 11 удаа гардаг, үүний дөрвөн удаагийнх нь Бүрги эргийн тодотголоор гардаг. 94-д "Тэндээс (Сэнгүр горхиноос) Тэмүжин, Бэлгүдэй хоёр Дай Сэцэний Бөртэ үжинийг эрэн Хэрлэн мөрөн рүү одов" гэж дурдсан.
Хэрлэн мөрөн Хэнтийхан, Бурхан халдун уулнаас эх авч урагшаа, зүүн тийшээ 1264 км урсаж Хятад улсын нутаг дахь Далай нуурт цутгадаг. Манай улсын нутагт 1090 км зам туулна.

Monday, June 28, 2010

Түүхт газар

Хэдэн жилийн өмнөх нэгэн хуанли дээр гарсан байсныг ээж шигээ элдэв цаас цуглуулах хоббигоороо хайчилж авч цааш нь хийснээ, сүүлд нь тэрхүү цаасыг нь ад үзэж хаях гэснээ хэрэгтэй гээд л авсан байх гээд зүгээр хаячихаж чадахгүй блогтоо бичихээр шийдэв.
За аймаар урт өгүүлбэр бичсэн шүү, орчуулга хийж байхад монголчууд бид их урт өгүүлбэр бичих дуртайм билээ. Япон хүмүүс богино өгүүлбэрт дуртай гэж заалгаж байсан юм байна.

Сэнгүр горхи МНТ-д 5 удаа гардаг. 94-д"... Чотан охиноо үдэж, Хүрэлхү дотор Сэнгүр горхиноо бүхүйд хүргэж ирэв" гэж дурддаг.
Сэнгүр горхийг өнөөгийн Цэнхэрийн гол мөн гэж үздэг бөгөөд энэ гол нь Хэнтий уулын өврөөр орших Царамын Гозгор уулын араас эх авч урагшаа 160 км урсаж Хэрлэн мөрөнд нийлна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг. Байнгын урсгалтай боловч дээд хэсэгтээ 2007 оны зун усгүй болсон байв.

Хөх нуур МНТ-д 2 удаа гардаг. 89-д "... Бурхан халдуны өвөрт Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ." гэж дурдсан.
Энэ нуур одоо Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс хойш 30 гаруй км зайтай, Юдэг голын савд х.ө 48℃ 01’ 0", з.у 108℃ 58’ 01"-ийн солбицолд 1619 км өндөрт оршдог 2 нуур. 1189 онд Чингисийг Хамаг Монголын хаанд өргөмжилсөн бөгөөд энд Чингис хаан таван удаа зуссан гэдэг.

Хулдгар Хун МНТ-д 1 удаа гардаг. 117-д "Хорхоног жубурын Хулдгар хуны өвөрт саглагао модноо анд бололцон амраглалдаж, хуримлан тойлон (найрлан) жаргалдаж, шөнө нэгэн хөнжилдөө хонох бүлгээ" гэж дурддаг.
Хулдгар хуныг өнөөгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Биндэр уулыг мөн гэж үзэж түүнд зориулан дурсгалын баганыг Биндэр овооны дэргэд босгосон байна. Эндээс зүүн урагш Хорхоног жубур байдаг.

Бэдэр Хошуу МНТ-д 1 удаа гардаг. 88-д "Тэмүжин... Онон мөрөн өөд мөр мөшгив... Химурга горхины Бэдэр хошууны Хорчухай болдогт бүхүйд золголдов" гэж дурддаг.
Бэдэр хошууг өнөөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр овооны хушуу мөн гэж үздэг явдал бий. Биндэр овоо нь өнөөгийн Жаргалант (Химурга) голын адгаас зүүн хойш арваад км зайтай х.ө 48℃ 22’ 45", з.у 110℃ 17’ 26"-ийн солбицолд Хурх голын хөндийн хойд захад d.m.d 1130 м өндөрт хүрмэн чулуу, бүдүүн ширхэгтэй боржин болон хөрзөн чулуун дэлтэй бидэртэй хушуун дээр оршдог нутгийн тахилгатай овоо юм. Бэдэр гэдэг үг нь Биндэр болон сунжирсан байж болох юм.

Үргэлжилнэ