Wednesday, November 30, 2011

Дундуур нь 2

Киног нь олж үзэх юмсан гэж...

Дундуур нь

ганц нэг дуу оруулъя.

Tuesday, November 29, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл6

Тэгсэн ээж нь
-Надад хэлэх юм алга. Энийг л хэлэх гэсэн юм. Харин одоо та юмаа боож янзал. Маргааш өглөө ирж тооцоогоо авна биз. За баяртай гэж хүйтнээр хэлэх сонсогдлоо. Хүүхдүүд хаалганаас бушуухан зайлж өрөө рүүгээ гүйж орлоо. Энэ явдал тэр хоёрт юу гэж санагдав? Яг л дэргэд нь тэнгэр ниргэх шиг болов. Тэр хоёрын царай цайж бүх л бие цайрна. Үнэн амьдрал тэр хоёрын нүдэнд анх удаа илэрлээ. Эх эцгийн зориг хүслийг тэр хоёр анх удаа зөрчихөд хүрэв.
-Багштай ээжийн харилцаж байгааг. Ёстой шившигтэй юм гээд эгч нь уруулаа хазав. Эгчийгээ тэгэхээр дүү нь улам айж
-Багш юу ч хийсэн юм билээ, чи бид хоёр яаж мэдэх юм гэж дүү нь аргаа барсан бололтой хариулав.
-Мэдээжийн хэрэг багш ямар ч бузар булай юм хийгээгүй л дээ. Ээж мэдэхгүй байна.
-Ямар айхтар уйлсан бэ? Би бүр айж орхисон шүү.
-Тийм ээ, их айхтар уйлсан. Ээж ямар их загнасан бэ? Энэ чинь ёстой жигшүүртэй хэрэг шүү дээ. Ёстой жигшүүртэй хэрэг. Дуул уу?
Тэр охин хөлөөрөө газар дэвслэн, нүднийх нь нулимс харанхуйлан бүрхжээ. Гэтэл багш хүүхэн орж ирэв. Тэрээр маш их сульдаж тамирдсан харагдав.
-Хүүхдүүдээ, би өнөөдөр хоолноос хойш завгүй. Та хоёр өөрснөө хичээлээ давтаарай мэдэв үү? Та хоёрт энийг найдаж болно биз? Би та нар дээр орой ирнэ гэж хэлээд охидуудын сэтгэл яаж догдолж байгааг анзааралгүй гарч явлаа.
-Нүдний нь бүлцийснийг чи харав уу? Би ердөө ч ойлгохгүй юм. Ээж яаж ингэж харилцаж болдог юм бэ?
-Хөөрхий багш минь?
Энэ үг дахиад л зовлон, туйлдал, нулимс адил сонсогдов. Хоёр охиныг яах ч аргаа ололгүй гөлрөн зогсож байтал ээж нь ирж, та нар надтай гадуур зугаалахгүй юу? гэж асуулаа. Тэр хоёр зугаалахаас шууд татгалзав. Эх нь нэг л аймаар хүйтэн санагдана. Багш бүсгүйг явах болсон тухай юу ч хэлэхгүй байгаад нь бүр ч зэвүү нь хүрч байлаа. Тэгээд ч хоёулхнаа үлдье гэж бодсон ажээ. Өмгөр торонд хашигдсан шувуны хоёр дэгдээхэй адил худал хуурмаг орчиндоо бачимдан, өрөөндөө урагш хойш холхиж байлаа. Тэр хоёр багш дээрээ очиж, ээжийн буруу, манайд бай л даа гэж гуйж, яасны нь асуух уу гэж тээнэглэзэн зогсоно. Гэвч хэн хэн нь багшийгаа гомдоохоос айжээ. Бас бүхнийг хулгайгаар сонсож мэдсэн болохоор ичицгээнэ. Хоёр гуравхан долоо хоногийн өмнө байсан шигээ гэнэ хонгор, нялх томоогүй дүр үзүүлэх хэрэгтэй байв. Хязгааргүй урт өдрийг тэр хоёр хоёулхнаа элдэв юм бодож уйлж өнгөрүүлжээ. Багш хүүхнийх нь цөхрөн уйлах, ээжийнх нь догшин хэрцгий, хүний үнэргүй авирлан загнах чихэнд нь хадсаар байв.
Орой багш хүүхэн хүүхдүүдийн унтлагын өрөө рүү шагайж тавтай нойрсоорой гэж хэлжээ. Түүний явах болсонд сэтгэл догдлон хармссан охидууд ямар нэгэн сайхан үг хэлмээр санагдана. Багш нь гарахаар үүд рүү очсоноо тэр хоёрын юм хэлэх гэж байгааг мэдсэн юм шиг эргэж зогсоход нүдэнд нь нулимс гялтаганаж харагдлаа. Багш нь эхэр татан уйлж байгаа охидыг тэвэрч духан дээр нь дахин чанга үнсээд бушуухан гарч явжээ.
Багшаасаа хагацлаа гэдгийг мэдэрсэн хүүхдүүд бүр ч гашуудалтай уйллаа. Багшийнхаа гарснаас хойш нэг нь
-Дахин уулзахгүй шүү дээ. Хараад байгаарай. Маргааш сургуулиас ирэхэд явчихсан байна гэж нулимс асган хэлэв.
-Хэзээ нэгэн цагт уулзаж болох байлгүй. Тэгэхэд лав хүүхдээ үзүүлнэ дээ?
-Тийм ээ, мөнч сайн хүн шүү.
-Хөөрхий амьтан. гэж сүүрс алдан хэлэх нь яг л өөртөө тохиолдсон хувь заяаны тухай ярьж байгаа мэт байв.
-Явчихаар нь чи бид хоёр яана?
-Өөр багш ирэх юм бол би л лав тоохгүй.
-Би бас тэгнэ.
-Хэн ч чи бид хоёрт ийм сайн байхгүй. Тэгээд ч...
-Охин яриагаа дуусгаж зүрхэлсэнгүй. Хүүхэд гэдгийг нь мэдсэнээс хойш багш нь онцгой хайр хүндэтгэл хүлээх ёстой гэдгийг эм хүний нэгэн сэтгэхүй тэр хоёрт ухааруулав. Хоёр охин дандаа л энэ тухай бодох болов. Тэгэхдээ урьдын томоогүй сонирхлоосоо биш харин гүн гүнзгий ойлгож, өрөвддөг болсон байв.
-Хүүе бид... гэж нэг нь хэлтэл
-Юу?
-Багшийгаахоёулаа баярлуулъя. Багш маань чи бид хоёрыг өөртөө ээж шиг муу биш, хайртай юм байна гэж мэдэг. Тэгэх үү?
-Асуух юу байсан юм бэ?
-Би багшийг цагаан сарнай цэцэгт их дуртай гэж боддог юм. Маргааш өглөө эрт гэгчийн босоод сургуульд явахаасаа өмнө цэцэг худалдаж аваад өрөөнд нь тавья, тэгэх үү?
-Хэдийд тавих гэж?
-Хоол идэхдээ
-Явчихсан байх байлгүй. Хүүш би өглөө эрт гэгч босоод хэнд ч мэдэгдэлгүй цэцэг худалдаж аваад ирье. Тэгээд багшийн өрөөнд сэмхэн оруулаад тавчихъя.
-Их сайхан санаа. Өглөө эрт босно шүү.
Энэ ярианы дараа хоёр охин хадгаламжийнхаа хайрцганд байсан бүх бутархай мөнгөө ширээн дээр гаргаж нэгд нэггүй тоолов. Тэр хоёр багшдаа үнэн зүрхнээсээ хайртайгаа илчилж чадах арга ухаан сэдэж олсондоо баяр хөөртэй байлаа. Хоёр охин үүр дөнгөж гэгээрмэгц босоод анхилам сайхан үнэр ханхалсан шинэхэн сарнай цэцэг барьсаар багшийнхаа өрөөний үүдийг тогшлоо. Хариу огт гарахгүйд нь багшийгаа босоогүй байна гэж бодоод өлмийгөөрөө зөөлөн гишгэсээр орлоо. Өрөөнд ортол багшийнх нь ор хураалттай, эд хогшил нь ундуй сундуй хэвтэв. Тас хар бүтээлэгтэй ширээн дээр цаас захидлууд цайрч үзэгдэнэ.

Жич: Дараагийн бичлэгээр дуусах байх аа. Хуулан бичиг ч залхуутай юм аа. Нэгэнт эхэлсэн тулдаа л бичиж байна. Хэхэ.

Monday, November 28, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл5

Багш нь хөнгөн шингэн хурдан цовоо алхдагаа болиод намуухан, болгоомжтой хөдлөх болжээ. Хүүхдүүд энэ бүхэнд уйтгар зовлонгийн шинж тэмдэг олж харна. Багшийнхаа уйлж суухыг үзээгүй боловч зовхи нь үргэлж улаан явах болсныг ажиглаад хөөрхий муу багш маань зовлонгоо биднээс нуудаг юм байна гэж мэдэв. Түүнд туслах аргаа олохгүйдээ цөхрөнгөө барна. Нэг өдөр багш нь цонх руу нүүрээ буруулан алчуураар нүднийхээ нулимсыг сэмхэн арчиж байхыг хараад дүү нь зориг гарган очиж гарыг нь аяархан бариад "Багшаа та сүүлийн үед тун уйтгартай байдаг боллоо.Бид хоёрт гомдоогүй биз дээ" гэж асуулаа.
Багш нь сэтгэл уяран харж охины зөөлөн үсийг илснээ
"-Үгүй, Хүүхдүүдээ. Та нарт ямар буруу байх вэ дээ" гээд духыг нь аяархан үнслээ.
Ийнхүү хоёр охин нүдэндээ туссан бүрийг алдахгүй мөрдөн ажигладаг байлаа. Нэг нь гал зуухны өрөөнд орж яваад хэдэн үг олж сонсчээ. Энэ нь зөвхөн ганц өгүүлбэр байв. Эцэг эх нь охиноо хармагц яриагаа тэр дор нь тасалжээ. Гэвч тэр хоёрт нэг үг мянган таамаглал төрүүлдэг байв.
-Надад бас л тийм харагдлаа. Би түүнийг нэг сайн байцааж тавья. гэж эхийгээ хэлэхийг дуулаад анхандаа тэр охин өөрийгөө хэлж байна гэж айн сандраад тусламж зөвлөгөө авахаар эгч рүүгээ гүйж хүрчээ. Гэвч үдийн хоол идэж суухдаа ээж аавыгаа багш бүсгүйн бодлогоширсон нүүр өөд их л шинжсэн маягтай ширтээд, бие бие өөдөөд сэмхэн харж байхыг ажиглажээ. Хоолны дараагаар эх нь багш бүсгүйг
-Миний өрөөнд очоорой. Чамтай ярих юм байна гэхэд багш нь дуугүй толгой дохилоо. Хоёр охин үүнийг сонсоод ямар нэгэн хэрэг гарна гэдгийг мэдээд айн чичирч байв.
Багш хүүхнийг ээжийнхээ өрөөнд ормогц хоёул хаалга руу гүйн очоод хаалганд чихээ наалдуулан нөгөө л чагнадгаараа чагнав. Тэр хоёр энэ байдлаа муухай юм гэж огтхон ч боддоггүй, ганцхан том улсуудын тэр хоёроос халхалж далдлаад байгаа амьдралын нууцыг л олж мэдэх гэж мэрийдэг байв. Хоёулаа чих тавин сонсовч учи рнь олдохгүй шивэгнэлтээс өөр юу ч үл сонсоно. Юм олж мэдэхгүй нь гэхээс охидын бие чичирнэ. Гэтэл ээжийнх нь чанга чанга ярих хаалганы цаанаас гэнэт сонсдож эхэллээ. Ээжийнх нь дуу их л ууртай сонсогдов.
-Чи ер нь юу гэж бодож байна? Бүх хүмүүс сохорчихоод юу ч харахгүй байна гэж бодоогүй биз? Иймэрхүү санаа бодолтой, иймэрхүү ёс суртахуунтайгаар ноогдсон үүргээ ямаршуу гүйцэтгэж байгаагий чинь би сайн ухаарч байна. Би охид хүүхдийнхээ хүмүүжлийг танд итгэж даатгасан юм. Тэгэхэд та тэднийг бүр хаячихсан байна.
Багш хүүхэн ээжийнх нь өөдөөс ямар нэг юм өчих шиг боллоо. Тэгэвч маш сулхан хэлсэн учраас хүүхдүүд чухам юу гэснийг нь дуулсангүй.
-Битгий худлаа хэл. Битгий худлаа шалтаг заагаад бай. Та нар шиг саваагүй эмсүүдэд шалтаг мундах биш. Ганц уулзаад л юу ч бодохгүй зөвшөөрч орхидог. Тэгээд та нарт бурхан юу хайрлаж байна? Өөрөө ийм байж миний охидуудыг хүмүүжүүлнэ гэнэ шүү. Энүүн шиг шившиг байх уу? Та манайд цаашдаа хоргодож ажиллана гэж бодолтгой шүү.
Хүүхдүүд хаалганы завсраар чагнасаар л байлаа. Тэр хоёр юу ч ойлгохгүй боловч догшин хэрцгий авирлаж байгаа эхийн дуунаас сүрдэн чичирч зогслоо. Багш нь хариу юу ч хэлэлгүй, чимээгүй асгартал мэгшин уйлж байгаа сонсогдоно. Үүнийг сонсоод хоёр хүүхдийн хацар дээгүүр нулимс бөмбөрөн урсаж эхэлжээ. Ээжийнх нь дуу хаалганы цаана улам л догшрон хадсаар байлаа.
-Юу гэж нулимсаа асгаав. Мэддэг чаддаг юм чинь энэ шүү дээ. Ингээд намайг буулгаж чадахгүй. Ийм хүүхнүүдийг надад өрөвдөх юм өчүүхэн ч алга. Та тэгээд яадагсан надад ердөө ч хамаагүй. Хэн дээр очихоо та өөрөө сайн мэдэж байгаа байлгүй. Энэ тухай надад асуух ч хэрэг алга. Та нэгэнт үүргээ ийнхүү ичгүүртэй биелүүлсэн болохоор миний гэрт цаашдаа нэг ч хонохын хэрэг байхгүй. Үүний хариуд цурхиран уйлах сонсогдож хаалганы цаана байсан хоёр охины зүрх шимшрэх аятай болов. Тэр хоёр ингэж уйлж байгаа хүнийг урьд өмнө огт сонсоогүй билээ. Ингэж уйлж байгаа хүн муу юм хийсэн байж яагаад ч болохгүй гэж бодож байлаа. Ээжийнх нь дуу дахиж гарсангүй. Лав уйлж дуусахыг нь хүлээж байгаа бололтой.

Sunday, November 27, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл4

Оттогийн явж байгаа нь хулчгар бэртэгчин хүний зугталт гэж тэр хоёр сайн мэдэж байв. Отто тэдэнтэй салах ёс хийхэд хоёр охин илэрхий зэвүүрхэж буруу харлаа. Оттог багш бүсгүй рүү очих үед тэр хоёр сэмхэн ажиглав. Багшийх нь уруул чичирч байсан мөртөө нэг ч үг дуугаралгүй тайван гэгчээр Оттотой гар барьжээ. Тэр явдлаас хойш охид их өөр болжээ. Хоёр охин инээж, тоглож наадах ч үгүй, нүд нь гэрэлтэж сэргэлэн цовоо байдгаа ч болив. Тэр хоёр үймрээ сандруу болж хавь ойрынхоо хүнд итгэхийг байжээ. Тэд хүний ярьсныг огт итгэхээ байж хэлсэн үг бүрийг зориуд тэгж байгаа буюу хуурч байна гэж харддаг болов. Тэр хоёр өдөржингөө гэрийнхнийхээ юу хийж байгааг ажиглан, хөдлөх, зангахаас эхлэн дуу чимээ бүрийг анхааралтай уургалан авдаг боллоо. Тасалгаан дотуураа сүүдэр мэт холхиж, ямар нэгэн юм олж мэдэхээр хаалганы цаанаас чагнана. Тэр хоёр оньсого мэт нууц зүйлийн энэ хар торыг авч хаяад бодит ертөнцийг ганц удаа ч болов үнэн мөнөөр нь үзэхсэн гэж тэсэж ядан хүсэх болжээ. Хүүхдийн гэнэн хонгор, цайлган цагаан итгэл тэднээс салж одов. Тэд нар уг хэрэг үүгээр дуусахгүй, яаж төгсөхийг үзэх хэрэгтэй гэж бодох учир мэдэлгүй өнгөрчих вий гэж айж байжээ. Энэ явдлаас хойш хоёр охин хуудал хуурмагийн далайд живж гэдгээ ойлгож алив юмыг сэжиглэн хардаж, ов жив хэрэглэж өөрсдөө ч заль мэх гаргах болсон билээ. Эцэг эхийнхээ дэргэд хүүхэд зангаараа жигтэйхэн баяр хөөртэй байвч нөгөө тогтуухан гялалзаж байдаг нүднийх нь харц юмыг ултай суурьтай гал мэт цоргих болсон билээ. Тэр хоёрын юм бүрийг ингэж цаг ямагт ажиглан ширтэж байдаг нь хооронд нь улам ойртуулжээ. Хааяа энхрийлэн таалуулах хязгааргүй хүслэнд автаж бие биеэ тэврэн үнсэх буюу эс бол юу ч хийх чадалгүйгээ мэдрэн зүв зүгээр байснаа уйлдаг байв.Тэдний амьдралд ямар ч шалтгаангүй гэмээр өөрчлөлт гарчээ.
Тэднийг ийнхүү хурц эмзэг болгосон олон янзын хорсол гомдлоос нэг нь бүр ч их зовоож байв. Яг хэлэлцэн тохирсон юм шиг зовлонд унасан багшийгаа аль болох баяр баясгалантай байлгахыг хоёулаа хичээдэг байжээ. Бие биедээ тусалж гэрийн даалгаврыг нягт нямбай биелүүлж очдог болов. Багшийгаа гомдоох ямар ч сэв гаргалгүй, хүссэн бүхний нь урьдаас чив чимээгүй хийж гүйцэтгэдэг боллоо. Харин үүнийг нь багш хүүхэн анзаарахгүй байгаад тэд тун гоммдог байлаа. Сүүлийн үед багш нь хачин өөр болжээ. Юм асуухад унтаж байхад нь сэрээсэн юм шиг цочих, харц нь яг л алсаас ирж байгаа мэт жигтэйхэн тусдаг болжээ. Хичнээн цагаар ч хамаагүй юм бодоод суучихдаг болов. Охид юм бодоход нь саад хийхгүйг хичээн, өлмийдэн явж хөөрхий багш маань хаа нэг алсад байгаа хүүхдээ л бодож байна дээ гэж бүдэгхэн төсөөлнө. Улам улах хүчтэй болж байгаа нинжин сэтгэлийн угаас эгч дүү хоёр хатуу ширүүн байдгаа аль хэдийн болиод, уяхан хонгор зантай багшийгаа хайрлах болов.

Friday, November 25, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл3

-Надад чиний хүүхэд байгаа шүү дээ гэж багш хэллээ.
Энэ үгийг дуулаад дүү нь "Хүүхэд ий? Хүүхэд ий?" Хаанаас даа гэж дуу алдан хашгирлаа.
-Багш яг л тэгж хэлсэн.
-Чи буруу дуулсан байх аа.
-Үгүй, үгүй. Багшийг хэлэхээр Отто яг л чам шиг "Хүүхэд ий?" гэж дуу алдсан юм чинь. Багш дуугүй байснаа "Одоо тэгээд яах вэ?" гэлээ. Тэгээд
-Тэгээд л чамайг ханиалгахаар нь би гүйчихсэн. Дүү нь
-Хүүхэд?... Яалаа гэж дээ. Хүүхэд нь тэгээд хаана байгаа юм бэ? гэж гайхаш барагдан урагш гөлөрч асуулаа.
-Мэдэхгүй, чухам үүнийг л ойлгохгүй юм.
Манайд ирэхээсээ өмнө гэртээ орхиод ирсэн юм болов уу? Биднээс болоод хүүхдээ авчрахыг нь ээж зөвшөөрөөгүй нь мэдээж. Тэгээд л уйтгартай байдаг юм байлгүй.
-Тэр дэмий. Манайд ирэхээсээ өмнө Оттог танихгүй байсан юм чинь. Тэр хоёр дув дуугүй болж энэ хэргийг учрыг бодоод бодоод тайлж чадсангүй бүр ч зовлоо.
-Хүүхэд гэнээ? Баймааргүй л юм даа. Багшид юун хүүхэд байх билээ. Нөхөр байхгүй байж. Ганцхан нөхөртэй хүүхнүүд л хүүхэдтэй байдаг шүү дээ. Би үүнийг сайн мэднэ гэж дүү нь эхэлж яриа өдлөө.
-Нөхөртэй ч байсан юм бил үү.
-Битгий тэнэгтээд байгаач. Отто л биш юм бол.
-Тэгээд өөр хаанаас байх юм бэ?
Хоёр охин бие биеэ гайхан ширтлээ.
Хөөрхий муу багш минь гэж нэг нь сүүрс алдан гунигтайяа өгүүлэв. Тэр хоёр ярианыхаа завсар энэ үгийг байн байн хэлж зовуурьтайгаар санаа алдах ажээ. Тэгтэл дахиад сонирхох хүслэн бадарч,
-Чи юу гэж бодож байна? Хүү бол уу? Охин бол уу?
-Би яаж мэдэх юм бэ?
-Хэрвээ... хэрвээ өөрөөс нь аятайхан асуувал...
-Галзуурав уу чи.
-Яадаг юм бэ? Багш их сайн хүн шүү дээ.
-Тэгж яаж болно гэж бодов? Бидэнд тийм юм ярих байтугай цөм л үхтлээ нуудаг юм чинь. Өрөөндөө биднийг ороход л ярьж байсан юмаа больчихоод юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байгаа юм шиг л шал дэмий юм яриад эхэлдэг шүү дээ. Тэгэхэд би одоо арван гуравтай хүн шүү дээ. Тэгэхээр асуугаад яах юм бэ? Ялгаа байхгүй шал худлаа хэлнэ биз.
-Би бас мэдэхсэн гэж бодож байна.
-Хүүшээ, Отто яагаад мэдэхгүй байдаг юм бэ? Би бүр ойлгохгүй юм. Хэн ч гэсэн эх эцэгтэйгээ мэддэг шигээ хүүхэдтэй гэдгээ мэдэх ёстой биз дээ?
-Отто мэдэж байгаа, бүр сайн мэдэж байгаа. Дандаа тэгж байдаг өөдгүй амьтан...
-Ийм юман дээр тэгэх ёсгүй. Зөвхөн биднийг мэхлэх гэвэл ондоо...
Багшаа орж ирэхэд тэр хоёр ярьж байснаа болиод хичээл хийж байгаа дүр үзүүлэв. Багшийгаа нүднийхээ булангаар сэмхэн харцгаахад нүд нь бүлцийж улайсан харагдав. Үг хэлэхдээ хоолой нь чичрээд ердийнхөөсөө аяархан болсон байв. Томоотой болсон хоёр охин багшийгаа тэсгэлгүй энхрийлэн байлаа... Багш маань хүүхэдтэй. Тэгээд л ийм уйтгартай байгаа юм шүү дээ гэдэг бодол тэр хоёрын санаанаас огт үл гарна. Багшийнх нь уйтгар гуниг тэр хоёрт бага багаар дамжин халдсаар байжээ.
Маргааш нь үдийн хоолноор Отто тэднийхээс гэнэт явах болсон гэдэг шинэ мэдээг хоёр охин олж сонслоо. Отто нагац ахдаа
-Шалгалт бүр хаяанд тулчихлаа. Сайн сууж бэлтгэхгүй бол горьгүй. Энд хичээл давтаж болохгүй байна гэж хэлсэн байв. Шалгалт дуустал нэг хоёр сар ч болсон байшин хөлсөлж сууя гэсэн хэрэг байжээ. Охид үүнийг мэдээд сэтгэл улам ч зовжээ. Оттогийн ингэж гэнэт явах болсон нь өчигдөрийн яриатай ямар нэг далдын холбоотой болохыг тааварлажээ.

Жич: Уг нь их богинохон өгүүллэг байгаамаа. Миний цаг зав ингэж бага багаар оруулахыг шаардаад байгаамаа.

Thursday, November 24, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл2

Хоолны ширээнээс охидыг босмогц багш нь:
-Өрөөндөө очиж дуртай юмаа хийцгээ. Миний толгой өвдөөд байна. Хагас цаг ч болов амаръя гэлээ. Хоёр охин дорогшоо харан бие биенээ нударч зогслоо. Багшийгаа гармагц дүү нь
-Харав уу? Одоо Отто багшийн өрөөнд очно доо гэхэд
-Тэгэхгүй яах вэ. Тэгэх л гэж биднийг явуулж байгаа юм чинь гэв.
-Очиж хаалганы нь завсраар чагнах уу?
-Гэнэт хүн хүрээд ирвэл яана?
-Хэн ирдэг юм бэ?
-Ээж
Дүү нь айсан бололтой
-Нээрэн тийм дээ гэв.
-Байзаарай, би чагная. Чи хонгилд зогсоод хүн ирвэл нааш нь дохио өг. Тэгэх юм бол бид 2ыг хэн ч барихгүй гэж эгчийгээ хэлэхэд дүү нь царайгаа үрчийлгэн
-Аа чи өөрөө сонсчихоод надад юу ч хэлэхгүй дээ гэв.
-Хэлнээ хэлнэ.
-Цөмийг нь нэг нэггүй хэлнэ биз?
-Хэлнэ, цөмийг нь хэлнэ. Хүн ирвэл чи ханиалгаарай. Хонгилд хэсэг зуур зогсоход тэр хоёрын зүрх дэлсэж байлаа. Нэг хэрэг ч гарах нээ. Тэр хоёрын хамаг бие чичрэн бие биедээ бүр наалдан зогсоно. Гэнэт хөлийн чимээ гарлаа. Тэр хоёр бут үсрэн харанхуй буланд нуугдлаа. Яг хэлж байснаар нь Отто гараад ирлээ. Оттог хаалганы бариулаас татаж хаахад эгч нь гүйж очоод хаалганд чихээ наалдуулан амьсгаа дарж чагналаа. Дүү нь эгчийгээ атаархан харж зогсов. Тэр чагнахсан гэхээс тэссэнгүй харуулынхаа байрыг орхиод, эгч рүүгээ сэмхэн очиход эгч нь уурлан түлхсэн учир арга буюу байрандаа эргэж ирлээ. Өнгөрөгч хоёр гуравхан минут түүнд бүтэн жил шиг санагдаж байв. Эгч бүгдийг нь сонсоод би юу ч сонсож чадахгүй нь гэж бодохоос тэсэж ядан халуун цог гишгэсэн юм шиг хавчигнаж байв. Уурандаа уйлах нь холгүй байв. Тэгтэл хонгилын мухарт хаалга дуугарч дүү нь чанга ханиалгаж хоёул өрөө рүүгээ ум хумгүй гүйж орлоо. Өрөөндөө ороод амьсгаадан түр зогсоход зүрх нь лүг лүг цохилж байлаа. Төдөлгүй
-За бушуул, яриарай гэж дүү нь эгчийгээ яарууллаа.
Эгч нь бодол болж хэсэг дуугүй байснаа дүүдээ биш, харин ганцаараа ярьж байгаа юм шиг юу ч ойлгосонгүй гэж үглэв.
-Юу гэнээ? Хачин юм даа гэж эгч нь ойлгуулахыг хичээнэ.
-Юу? юу? гэж дүү нь амьсгаадан асуулаа. Нэг ч үг гээлгүй сонсох гэж эгч рүүгээ шахаж зогслоо.
-Жигтэйхэн юм. Би огт тэгж бодоогүй байлаа. Оттог орсны дараахан "боль л доо, боль, зүгээр байгаач, чамтай би ноцтой юм ярья"гэж багшийн хэлэх сонсогдлоо. Бодвол Отто ороод түүнийг тэврэх гэсэн үү, эсвэл үнсэх гэсэн байх. Хаалгыг дотроос нь цоожилж түлхүүр чихсэн болохоор би юу ч харж чадсангүй. Тэгэхдээ яриаг нь цөмийг нь дууллаа. Отто "юу ярих гээв" гэж асуулаа. Тэрний дуу балмагдаж тэвдсэн бололтой. Отто ер нь эрээ цээргүй чанга ярьдаг шүү дээ. Багш ч Оттогийн тэгж тэвдэж байгааг мэдсэн бололтой тун аяархан "Чи мэдэж байгаа шүү дээ" гэхэд "Үгүй, би юу ч мэдэхгүй байна" гэж Отто хэллээ. Багш "Тийм бий?" гэж хэлээд золтой л уйлчихсангүй. Тэгээд дараа нь
"-Чи яагаад гэнэтхэн өөр болчихов? Бүтэн долоо хоног болж байхад чи надтай ганц ч үг сольсонгүй. Надаас сав л хийвэл зугтаагаад, хүүхдүүдтэй тоглож цэцэрлэгээр ч очихоо больсон. Би чамд үнэхээр хамаагүй боллоо гэж үү? Чи надад ийм хүйтэн болсноо сайн мэдэж байгаа л даа" гэв. Отто дув дуугүй байснаа
"-Шалгалт удахгүй болно. Хичээл их уншаад өөр юманд огт цаг гарахгүй байна. Тэгэхээр би яах вэ дээ" гэлээ. "Отто минь, чи юунд худал хэлнэ вэ? Чи надад үнэнээ хэл, би чамаас асууж болно биз дээ? Би чамаас юм шаардах гээгүй. Гэсэн ч чи бид хоёр энэ тухай ярих ёстой шүү дээ.Миний хэлэх гэж байгааг чи мэдэж байна, чиний нүдээр андашгүй байна" гэж багш уйлах дундаа жигтэйхэн эелдэг зөөлөн хэллээ. "Тэгээд яая гээв" гэж Отто аман дотроо тун аяархан бувтнав. Багш тэгэхээр нь гэснээ, эгч охины сэтгэл гэнэт их хөдөлж бие нь чичрээд нэг ч үг хэлж чадахгүй болов. Дүү нь улам ойртож "Юу болсон юм бэ? Яриач" гэж дахин шаардав.

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл

-Чи юу ч ажиглаагүй гэж үү?
-Оттод дурласан хэрэг үү?
Тэгэхгүй яах юм бэ? Отто ч багшид бас дурласан.Отто 3 жил манайд суухдаа чи бидэнтэй нэг ч хамт явдаггүй байсан шүү дээ. Гэтэл сүүлийн үед өдөрболгон зугаалдаг болсныг мэдэж байна уу? Энэ багшийг ирэхийн өмнө Отто чи бид 2-ыг хүн гэж тоодог байсан уу? Үгүй шүү дээ. Одоо харин аргамжаатай юм шиг өдөржингөө л бидний дэргэд эргэлдээд байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, үзвэрийн газруудад хаа л бол хаана энэ хүүхэнтэй явна, Оттотой заавал тааралддаг шүү дээ. Чи үүнийг ер анзаараагүй гэж үү?
-Тийм нь ч тийм л дээ, тэгэхдээ би зүгээр л дүү нь айсан янзтай шивнэлээ.
Дүүгийн хоолой хачин болж дахин нэг ч үг дуугарсангүй.
-Би ч бас л тэгж боддог байсан. Бид тйм л тэнэг улс шүү дээ. Сүүлд нь би сайндаа ч биш, харин чи бид хоёроор бамбай барьдаг юм байна гэж мэдсэн.
Ярих юмаа дууссан шиг тэр хоёр чив чимээгүй боллоо. Тэр 2 дор дороо юм бодож, эсвэл нойрондоо дийлдэн унтжээ гэж бодогдох боллоо. Гэтэл:
-Тэгээд уйлдаг нь юу вэ? Отто түүнд хайртай шүү дээ. Хүнд хайртай байх ямар сайхан байдаг бод гэж би дандаа боддог юм гэж дүүгийх нь гайхширсан дуу бүдэг харанхуйн дундаас сонсогдов.
-Аа, мэдэхгүй. Би ч бас сайхан байх л гэж боддог байсан юм гэж эгч нь нойрмог дуугаар өгүүллээ.
-Хөөрхий амьтан. гэж унтах зуураа дүү охин нь өрөвдөн шивнээд өрөөнд анир чимээ тасарлаа.
Маргааш өглөө нь босоод тэр хоёр энэ тухай огт дурсаагүй боловч бодол санаа нь ганцхан өчигдрийн ярьсан зүйлд уяатай байгааг аль аль нь мэдэж байв. Эгч дүү хоёр бие биенээсээ дөлж нүд бууруулах авч багш хүүхнийг сэм ажиглах болгондоо өөрийн эрхгүй харц нь тулгарна. Хоолоо идэхээр сууж байхдаа ч тэр хоёр аль эртнээс тэднийд хүний хүн шиг суух болсон ах Оттогийг хөдлөх бүрийг алдалгүй ажиглана. Тэр хоёр Оттотой үг солиогүй ч багш хүүхэнд нүдээрээ дохио өгөх эсэхийг сэмхэн хянана. Энэ хэргийн нууц хоёр охины сэтгэлийг ихэд догдлуулжээ. Үдийн хоолныхоо дараа ердийнхөөрөө тоглож наадсангүй, энэ ч юмыг барьж, тэр ч юмыг шүүрч тавиад ер бүтэмжгүйхэн байв. Харин оройхон хэрд нэг нь нөгөөгөөсөө энэ явдлыг хачирхаагүй юм шиг
-Чи ажиглав уу? гэж хүйтнээр асуухад нөгөө нь
-Үгүй гэж хариулаад, энэ тухай ярихаасаа айсан юм шиг хоёулаа нүүр буурууллаа.
Ийнхүү хэдэн өдөр өнгөрчээ. Хоёр охин эс дуугарах авч учир нь үл олдох энэ түгшүүрт автан уг явдлын нууцыг тайлах гэж оролдсоор байв. Тэгж тэгж нэг өдөр хоол идэж суугаад дүү нь багш хүүхнийгээ Оттод нүд ирмэн дохио өгөхийг ажиглав.Отто хариуд нь толгой дохижээ. Үүнийг олж хараад охины сэтгэл зүрх догдолсноос бие нь чичирч, ширээний доогуур эгчийнхээ гарт сэмхэн хүрч, эгчийгээ эргэн харахад нүд гялалзуулан ширтжээ.Тэр дор нь цөмийг эгч нь ойлгож дүүгийнх нь догдлол түүнд дамжиж нөлөөллөө.

Sunday, November 20, 2011

Мартагдашгүй ном

Дээр үеэс л унших юм сан гэж боддог байсан "Танихгүйн эмэгтэйн захид"-лаа уншаад. Нэг их сэтгэл хөдөлсөнгүй. Ерөнхий утга санааг нь сонсож мэдчихсэнээс ч юм уу, дурлаж гэгэлздэг нас өнгөрчихсөнөөс тэр юм уу бүү мэд. Оюутан байхдаа жил гаран утсаар ярьдаг байсан ...-ны ангийн залууг олоод өгөөч гэж гуйгаад л, өнөөх нь олдохгүй гэх мэт өөрийнхөө хувьд их л дуулиан болгож байсан юм уг нь.
Ямар ч байсан таалагдсан зохиолоос нь нэгийг орууллаа.

Стефан Цвейг
Гэрээр хүмүүжүүлэгч
Эгч дүү хоёр өрөөндөө хоёулхнаа байна. Гэрлээ унтраажээ. Харанхуйд хөнжил нь цайрч үзэгдэнэ. Тэд нарын амьсгалах бараг сонсогдохгүй учир унтчихсан юм ч гэж бодогдоно. Гэтэл
-Хүүш ээ, гэж арван хоёрхон настай охины хэлэх нь харанхуйд дөнгөж дуулдах төдий болоод замхарлаа. Тэгтэл ганцхан насаар эгч нөгөө охин нь орноосоо
-Юу гэнээ? гэж намуухан асуув.
-Чи унтаагүй байна уу? Ашгүй дээ. Би... би чамд нэг юм хэлмээр байна.
Дахиад таг чимээгүй болцгоолоо. Зөвхөн ор шажигнах л дуулдана. Эгч нь орноосоо өндийж дүүгийнхээ юу хэлэхийг нь хүлээж нүдээ гялалзуулан байх нь илхэн үзэгдэж байв.
-Би чамд хэлье гэж бодож байсан юм... Ер нь... багшийг чи ажигласан уу? Эгч нь хэсэг дуугүй бодож байснаа
-Ажигласан. Харин юу болсныг нь би ойлгохгүй юм. Анхнаа бодвол зөөлөрчихсөн байна билээ. Саяхан би хоёр өдөр дараагаар хичээлд бэлтгээгүй очсон. Тэгэхэд юу ч хэлээгүй. Юу гэлтэй ч юм бэ дээ.. Сүүлийн үед нэг л өөр болсон ч байх шиг. Бидэнтэй тоглох ч үгүй, юм л бол холхон очоод л суучихдаг болж шүү дээ. Надад бол багшид нэг зовлон тохиолдчихоод түүнийгээ нуугаад явах шиг байна. Төгөлдөр хуур хөгжмөөрөө ч тоглохоо байжээ.
Дахиад чимээгүй болсноо эгч нь:
-Чи надад юм хэлэх гэв үү гэж дүүгээсээ сануулан асуулаа.
-Тийм ээ, чи харин хүнд хэлэхгүй биз? Ээжид ч гэсэн, найздаа ч гэсэн хэлэхгүй биз?
-Үгүй, үгүй хэлэхгүй. Ярь л даа тэгээд гэж эгч нь уцаарлав.
-За тэгвэл... сая би хэвтэх гэж байгаад багшдаа "тавтай нойрсоорой" гэж хэлээгүйгээ гэнэт саналаа. Гутлаа тайлчихсан хэрнээ түүнийг тоглоомоор сандаргах санаатай өрөө рүү нь гэтэж очоод, хаалгыг нь аяархан онгойлголоо. Өрөө нь гэрэлтэй байгаа мөртөө багш харагдсангүй. Тэгээд би хүн байхгүй байна гэж бодов. Гэнэт хүн уйлж байхыг сонсоод би жигтэйхэн их айлаа. Сайн харс ан чинь багш хувцастайгаа, нүүрээ дэрэндээ наагаад уйлж байна. Чи яаж уйлж байсан гэж санана? Миний хамаг бие зарсгээд явчихлаа. Намайг огт анзаарсангүй. Би хаалгыг нь аяархан хаачихав. Бие минь чичрээд хөдөлж чадалгүй хэсэг зогслоо. Хаалганы гаднаас хүртэл түүний уйлах нь дуулдаад байсан. Тэгээд би бушуухан доошоо гүйчихсэн.
Тэр хоёр дахиад л таг чимээгүй боллоо.
-Хөөрхий амьтан гэж эгчийнх нь сүүрс алдан хэлэх нь харанхуй дунд замхарлаа.
-Яагаад уйлсныг нь мэдэхсэн. Лав л хүнтэй муудалцаагүй, ээж ч сүүлийн үед үглэж яншихаа больсон, чи бид хоёр лав муу юм хийгээгүй. Тэгээд юунд ингэж уйлдаг билээ? гэж дүү нь хэлэхэд:
-Би ч бараг мэдэж байна л даа. гэж эгч нь хэллээ.
-Тэгээд хэл л дээ. Яагаад уйлсан гэж?
Эгч нь хэсэг бодсоноо
-Би багшийг хүнд сэтгэлтэй болжээ гэж бодож байна.
-Хүнд сэтгэлтэй болжээ? Хэнд? гээд дүү нь бараг орноосоо босон харайх шахан асуулаа.

Үргэлжилнэ.

Жич: Ойрд хуулан бичлэг хийгээгүй нүд гар эвлэхгүй байна аа.

Сэтгэлийн булаг

Хөөрхөн кино

байна лээ

Аавыгаа санахаар

Аавын тухай дуу их гарчээ...

Wednesday, November 16, 2011

Нам

суудаг 8 сарайгаа золгож байна, миний бага зулзага.
Ганцаараа овоо суудаг болцон. Бид хаширлаад байнга нүд чиглээстэй.
Намайг хараад хөөрөөд, гараа саваад зүтгэдэг болсон.
Ээж нь тэврээстэй байхад аав, аниа 2-ыг жийгээстэй.
Тэврүүлэх гээд хүн аргалаад өөдөөс нь малийтал инээд алдаад л.
Багш нартаа их сайн, ангидаа ороод л мишээгээд явчихна. Багш луугаа тэмүүлнэ.
Ангийхаа хүүхдүүдийг хараад бас мишээнэ, тэд нар нь өглөө охиныг минь орохоор бүгд шавна, өглөөний мэнд гээд л.
Нэг хэсэг тэнгэр задрааж хошуугаа дуугаргаад байсан, сүүлийн үед больчихож. Шинэ юм сураад, хуучныгаа мартаад явж байх шиг байна.
Хариугүй л мөлхөх гээд, хойшоогоо л яваад байгаа, гараа урагш нь зөөж арай мэдэхгүй байна. Бөгс нь нээх хөөрхөн оцойгоод л байна.
За өөр чинь юу билээ байз, санахаараа бичнээ.

Tuesday, November 15, 2011

Monday, November 14, 2011

Сайхан дуу

Нэг тийм гунигтай ч юм шиг...

Цуйван


хийж зараад түрүүчийн хагас бүтэн сайнд. Энэ удаад их ашигтай байлаа гэж. 3 гэр бүл хамтарсан байсан юм. Урд ихэвчилэн бууз хуушуур хийдэг байсан болохоор цуйванг яах бол доо гэж санаа зовж байсан ч санасныг бодвол япончууд их сонирхож байсан. 4 хүртэлх үргэлжлэх арга хэмжээг дундаа орж байхад цуйван маань зарагдаад дуусчихсан. Нормоо давуулан биелүүлсэн гэсэн үг.
Урд өдөр нь гурилаа зуурч, элдэж, жигнэж хэрчээд. Бас бусад материалуудаа хэрчихийг нь хэрчээд чанахыг нь чанаад тавьчихсан, их амар юм билээ.
Зарсан цуйвангийн маань зураг байдаггүй ээ. Хэдэн жилийн өмнө монголд идсэн цуйвангийхаа зурагнаас орууллаа.
Мөн таньдаг хүмүүс маань хэд хэдээр нь худалдаж авсан тулдаа л дорхноо дууссан байх, талархлаа илэрхийлье.
Дараа дахин хийж зарнаа яадын хэхэ. Багыгаа яасын гэж бодож байна уу, хагас сайн өдөр нь үдээс өмнө яслид нь өгөөд, бүтэн сайн өдөр нь таньдаг япон айлдаа өгч харуулаад. Их давгүй уйлаагүй, онц байсан гэсэн.
Жич: нээрээ 12 сард боорцог хийж зарна, баяжих болтугай хэхэ.

Monday, November 07, 2011

Аав

бид 2-ын амь нэг гэж. Ярихгүй удахаар санаад байдгийн. Ээжийгээ ч бас хэхэ