Хоолны ширээнээс охидыг босмогц багш нь:
-Өрөөндөө очиж дуртай юмаа хийцгээ. Миний толгой өвдөөд байна. Хагас цаг ч болов амаръя гэлээ. Хоёр охин дорогшоо харан бие биенээ нударч зогслоо. Багшийгаа гармагц дүү нь
-Харав уу? Одоо Отто багшийн өрөөнд очно доо гэхэд
-Тэгэхгүй яах вэ. Тэгэх л гэж биднийг явуулж байгаа юм чинь гэв.
-Очиж хаалганы нь завсраар чагнах уу?
-Гэнэт хүн хүрээд ирвэл яана?
-Хэн ирдэг юм бэ?
-Ээж
Дүү нь айсан бололтой
-Нээрэн тийм дээ гэв.
-Байзаарай, би чагная. Чи хонгилд зогсоод хүн ирвэл нааш нь дохио өг. Тэгэх юм бол бид 2ыг хэн ч барихгүй гэж эгчийгээ хэлэхэд дүү нь царайгаа үрчийлгэн
-Аа чи өөрөө сонсчихоод надад юу ч хэлэхгүй дээ гэв.
-Хэлнээ хэлнэ.
-Цөмийг нь нэг нэггүй хэлнэ биз?
-Хэлнэ, цөмийг нь хэлнэ. Хүн ирвэл чи ханиалгаарай. Хонгилд хэсэг зуур зогсоход тэр хоёрын зүрх дэлсэж байлаа. Нэг хэрэг ч гарах нээ. Тэр хоёрын хамаг бие чичрэн бие биедээ бүр наалдан зогсоно. Гэнэт хөлийн чимээ гарлаа. Тэр хоёр бут үсрэн харанхуй буланд нуугдлаа. Яг хэлж байснаар нь Отто гараад ирлээ. Оттог хаалганы бариулаас татаж хаахад эгч нь гүйж очоод хаалганд чихээ наалдуулан амьсгаа дарж чагналаа. Дүү нь эгчийгээ атаархан харж зогсов. Тэр чагнахсан гэхээс тэссэнгүй харуулынхаа байрыг орхиод, эгч рүүгээ сэмхэн очиход эгч нь уурлан түлхсэн учир арга буюу байрандаа эргэж ирлээ. Өнгөрөгч хоёр гуравхан минут түүнд бүтэн жил шиг санагдаж байв. Эгч бүгдийг нь сонсоод би юу ч сонсож чадахгүй нь гэж бодохоос тэсэж ядан халуун цог гишгэсэн юм шиг хавчигнаж байв. Уурандаа уйлах нь холгүй байв. Тэгтэл хонгилын мухарт хаалга дуугарч дүү нь чанга ханиалгаж хоёул өрөө рүүгээ ум хумгүй гүйж орлоо. Өрөөндөө ороод амьсгаадан түр зогсоход зүрх нь лүг лүг цохилж байлаа. Төдөлгүй
-За бушуул, яриарай гэж дүү нь эгчийгээ яарууллаа.
Эгч нь бодол болж хэсэг дуугүй байснаа дүүдээ биш, харин ганцаараа ярьж байгаа юм шиг юу ч ойлгосонгүй гэж үглэв.
-Юу гэнээ? Хачин юм даа гэж эгч нь ойлгуулахыг хичээнэ.
-Юу? юу? гэж дүү нь амьсгаадан асуулаа. Нэг ч үг гээлгүй сонсох гэж эгч рүүгээ шахаж зогслоо.
-Жигтэйхэн юм. Би огт тэгж бодоогүй байлаа. Оттог орсны дараахан "боль л доо, боль, зүгээр байгаач, чамтай би ноцтой юм ярья"гэж багшийн хэлэх сонсогдлоо. Бодвол Отто ороод түүнийг тэврэх гэсэн үү, эсвэл үнсэх гэсэн байх. Хаалгыг дотроос нь цоожилж түлхүүр чихсэн болохоор би юу ч харж чадсангүй. Тэгэхдээ яриаг нь цөмийг нь дууллаа. Отто "юу ярих гээв" гэж асуулаа. Тэрний дуу балмагдаж тэвдсэн бололтой. Отто ер нь эрээ цээргүй чанга ярьдаг шүү дээ. Багш ч Оттогийн тэгж тэвдэж байгааг мэдсэн бололтой тун аяархан "Чи мэдэж байгаа шүү дээ" гэхэд "Үгүй, би юу ч мэдэхгүй байна" гэж Отто хэллээ. Багш "Тийм бий?" гэж хэлээд золтой л уйлчихсангүй. Тэгээд дараа нь
"-Чи яагаад гэнэтхэн өөр болчихов? Бүтэн долоо хоног болж байхад чи надтай ганц ч үг сольсонгүй. Надаас сав л хийвэл зугтаагаад, хүүхдүүдтэй тоглож цэцэрлэгээр ч очихоо больсон. Би чамд үнэхээр хамаагүй боллоо гэж үү? Чи надад ийм хүйтэн болсноо сайн мэдэж байгаа л даа" гэв. Отто дув дуугүй байснаа
"-Шалгалт удахгүй болно. Хичээл их уншаад өөр юманд огт цаг гарахгүй байна. Тэгэхээр би яах вэ дээ" гэлээ. "Отто минь, чи юунд худал хэлнэ вэ? Чи надад үнэнээ хэл, би чамаас асууж болно биз дээ? Би чамаас юм шаардах гээгүй. Гэсэн ч чи бид хоёр энэ тухай ярих ёстой шүү дээ.Миний хэлэх гэж байгааг чи мэдэж байна, чиний нүдээр андашгүй байна" гэж багш уйлах дундаа жигтэйхэн эелдэг зөөлөн хэллээ. "Тэгээд яая гээв" гэж Отто аман дотроо тун аяархан бувтнав. Багш тэгэхээр нь гэснээ, эгч охины сэтгэл гэнэт их хөдөлж бие нь чичрээд нэг ч үг хэлж чадахгүй болов. Дүү нь улам ойртож "Юу болсон юм бэ? Яриач" гэж дахин шаардав.
olon angit kino shig l taslah umaa enen hir urt zohiol ve
ReplyDelete