Tuesday, November 29, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл6

Тэгсэн ээж нь
-Надад хэлэх юм алга. Энийг л хэлэх гэсэн юм. Харин одоо та юмаа боож янзал. Маргааш өглөө ирж тооцоогоо авна биз. За баяртай гэж хүйтнээр хэлэх сонсогдлоо. Хүүхдүүд хаалганаас бушуухан зайлж өрөө рүүгээ гүйж орлоо. Энэ явдал тэр хоёрт юу гэж санагдав? Яг л дэргэд нь тэнгэр ниргэх шиг болов. Тэр хоёрын царай цайж бүх л бие цайрна. Үнэн амьдрал тэр хоёрын нүдэнд анх удаа илэрлээ. Эх эцгийн зориг хүслийг тэр хоёр анх удаа зөрчихөд хүрэв.
-Багштай ээжийн харилцаж байгааг. Ёстой шившигтэй юм гээд эгч нь уруулаа хазав. Эгчийгээ тэгэхээр дүү нь улам айж
-Багш юу ч хийсэн юм билээ, чи бид хоёр яаж мэдэх юм гэж дүү нь аргаа барсан бололтой хариулав.
-Мэдээжийн хэрэг багш ямар ч бузар булай юм хийгээгүй л дээ. Ээж мэдэхгүй байна.
-Ямар айхтар уйлсан бэ? Би бүр айж орхисон шүү.
-Тийм ээ, их айхтар уйлсан. Ээж ямар их загнасан бэ? Энэ чинь ёстой жигшүүртэй хэрэг шүү дээ. Ёстой жигшүүртэй хэрэг. Дуул уу?
Тэр охин хөлөөрөө газар дэвслэн, нүднийх нь нулимс харанхуйлан бүрхжээ. Гэтэл багш хүүхэн орж ирэв. Тэрээр маш их сульдаж тамирдсан харагдав.
-Хүүхдүүдээ, би өнөөдөр хоолноос хойш завгүй. Та хоёр өөрснөө хичээлээ давтаарай мэдэв үү? Та хоёрт энийг найдаж болно биз? Би та нар дээр орой ирнэ гэж хэлээд охидуудын сэтгэл яаж догдолж байгааг анзааралгүй гарч явлаа.
-Нүдний нь бүлцийснийг чи харав уу? Би ердөө ч ойлгохгүй юм. Ээж яаж ингэж харилцаж болдог юм бэ?
-Хөөрхий багш минь?
Энэ үг дахиад л зовлон, туйлдал, нулимс адил сонсогдов. Хоёр охиныг яах ч аргаа ололгүй гөлрөн зогсож байтал ээж нь ирж, та нар надтай гадуур зугаалахгүй юу? гэж асуулаа. Тэр хоёр зугаалахаас шууд татгалзав. Эх нь нэг л аймаар хүйтэн санагдана. Багш бүсгүйг явах болсон тухай юу ч хэлэхгүй байгаад нь бүр ч зэвүү нь хүрч байлаа. Тэгээд ч хоёулхнаа үлдье гэж бодсон ажээ. Өмгөр торонд хашигдсан шувуны хоёр дэгдээхэй адил худал хуурмаг орчиндоо бачимдан, өрөөндөө урагш хойш холхиж байлаа. Тэр хоёр багш дээрээ очиж, ээжийн буруу, манайд бай л даа гэж гуйж, яасны нь асуух уу гэж тээнэглэзэн зогсоно. Гэвч хэн хэн нь багшийгаа гомдоохоос айжээ. Бас бүхнийг хулгайгаар сонсож мэдсэн болохоор ичицгээнэ. Хоёр гуравхан долоо хоногийн өмнө байсан шигээ гэнэ хонгор, нялх томоогүй дүр үзүүлэх хэрэгтэй байв. Хязгааргүй урт өдрийг тэр хоёр хоёулхнаа элдэв юм бодож уйлж өнгөрүүлжээ. Багш хүүхнийх нь цөхрөн уйлах, ээжийнх нь догшин хэрцгий, хүний үнэргүй авирлан загнах чихэнд нь хадсаар байв.
Орой багш хүүхэн хүүхдүүдийн унтлагын өрөө рүү шагайж тавтай нойрсоорой гэж хэлжээ. Түүний явах болсонд сэтгэл догдлон хармссан охидууд ямар нэгэн сайхан үг хэлмээр санагдана. Багш нь гарахаар үүд рүү очсоноо тэр хоёрын юм хэлэх гэж байгааг мэдсэн юм шиг эргэж зогсоход нүдэнд нь нулимс гялтаганаж харагдлаа. Багш нь эхэр татан уйлж байгаа охидыг тэвэрч духан дээр нь дахин чанга үнсээд бушуухан гарч явжээ.
Багшаасаа хагацлаа гэдгийг мэдэрсэн хүүхдүүд бүр ч гашуудалтай уйллаа. Багшийнхаа гарснаас хойш нэг нь
-Дахин уулзахгүй шүү дээ. Хараад байгаарай. Маргааш сургуулиас ирэхэд явчихсан байна гэж нулимс асган хэлэв.
-Хэзээ нэгэн цагт уулзаж болох байлгүй. Тэгэхэд лав хүүхдээ үзүүлнэ дээ?
-Тийм ээ, мөнч сайн хүн шүү.
-Хөөрхий амьтан. гэж сүүрс алдан хэлэх нь яг л өөртөө тохиолдсон хувь заяаны тухай ярьж байгаа мэт байв.
-Явчихаар нь чи бид хоёр яана?
-Өөр багш ирэх юм бол би л лав тоохгүй.
-Би бас тэгнэ.
-Хэн ч чи бид хоёрт ийм сайн байхгүй. Тэгээд ч...
-Охин яриагаа дуусгаж зүрхэлсэнгүй. Хүүхэд гэдгийг нь мэдсэнээс хойш багш нь онцгой хайр хүндэтгэл хүлээх ёстой гэдгийг эм хүний нэгэн сэтгэхүй тэр хоёрт ухааруулав. Хоёр охин дандаа л энэ тухай бодох болов. Тэгэхдээ урьдын томоогүй сонирхлоосоо биш харин гүн гүнзгий ойлгож, өрөвддөг болсон байв.
-Хүүе бид... гэж нэг нь хэлтэл
-Юу?
-Багшийгаахоёулаа баярлуулъя. Багш маань чи бид хоёрыг өөртөө ээж шиг муу биш, хайртай юм байна гэж мэдэг. Тэгэх үү?
-Асуух юу байсан юм бэ?
-Би багшийг цагаан сарнай цэцэгт их дуртай гэж боддог юм. Маргааш өглөө эрт гэгчийн босоод сургуульд явахаасаа өмнө цэцэг худалдаж аваад өрөөнд нь тавья, тэгэх үү?
-Хэдийд тавих гэж?
-Хоол идэхдээ
-Явчихсан байх байлгүй. Хүүш би өглөө эрт гэгч босоод хэнд ч мэдэгдэлгүй цэцэг худалдаж аваад ирье. Тэгээд багшийн өрөөнд сэмхэн оруулаад тавчихъя.
-Их сайхан санаа. Өглөө эрт босно шүү.
Энэ ярианы дараа хоёр охин хадгаламжийнхаа хайрцганд байсан бүх бутархай мөнгөө ширээн дээр гаргаж нэгд нэггүй тоолов. Тэр хоёр багшдаа үнэн зүрхнээсээ хайртайгаа илчилж чадах арга ухаан сэдэж олсондоо баяр хөөртэй байлаа. Хоёр охин үүр дөнгөж гэгээрмэгц босоод анхилам сайхан үнэр ханхалсан шинэхэн сарнай цэцэг барьсаар багшийнхаа өрөөний үүдийг тогшлоо. Хариу огт гарахгүйд нь багшийгаа босоогүй байна гэж бодоод өлмийгөөрөө зөөлөн гишгэсээр орлоо. Өрөөнд ортол багшийнх нь ор хураалттай, эд хогшил нь ундуй сундуй хэвтэв. Тас хар бүтээлэгтэй ширээн дээр цаас захидлууд цайрч үзэгдэнэ.

Жич: Дараагийн бичлэгээр дуусах байх аа. Хуулан бичиг ч залхуутай юм аа. Нэгэнт эхэлсэн тулдаа л бичиж байна. Хэхэ.

No comments:

Post a Comment