Багш нь хөнгөн шингэн хурдан цовоо алхдагаа болиод намуухан, болгоомжтой хөдлөх болжээ. Хүүхдүүд энэ бүхэнд уйтгар зовлонгийн шинж тэмдэг олж харна. Багшийнхаа уйлж суухыг үзээгүй боловч зовхи нь үргэлж улаан явах болсныг ажиглаад хөөрхий муу багш маань зовлонгоо биднээс нуудаг юм байна гэж мэдэв. Түүнд туслах аргаа олохгүйдээ цөхрөнгөө барна. Нэг өдөр багш нь цонх руу нүүрээ буруулан алчуураар нүднийхээ нулимсыг сэмхэн арчиж байхыг хараад дүү нь зориг гарган очиж гарыг нь аяархан бариад "Багшаа та сүүлийн үед тун уйтгартай байдаг боллоо.Бид хоёрт гомдоогүй биз дээ" гэж асуулаа.
Багш нь сэтгэл уяран харж охины зөөлөн үсийг илснээ
"-Үгүй, Хүүхдүүдээ. Та нарт ямар буруу байх вэ дээ" гээд духыг нь аяархан үнслээ.
Ийнхүү хоёр охин нүдэндээ туссан бүрийг алдахгүй мөрдөн ажигладаг байлаа. Нэг нь гал зуухны өрөөнд орж яваад хэдэн үг олж сонсчээ. Энэ нь зөвхөн ганц өгүүлбэр байв. Эцэг эх нь охиноо хармагц яриагаа тэр дор нь тасалжээ. Гэвч тэр хоёрт нэг үг мянган таамаглал төрүүлдэг байв.
-Надад бас л тийм харагдлаа. Би түүнийг нэг сайн байцааж тавья. гэж эхийгээ хэлэхийг дуулаад анхандаа тэр охин өөрийгөө хэлж байна гэж айн сандраад тусламж зөвлөгөө авахаар эгч рүүгээ гүйж хүрчээ. Гэвч үдийн хоол идэж суухдаа ээж аавыгаа багш бүсгүйн бодлогоширсон нүүр өөд их л шинжсэн маягтай ширтээд, бие бие өөдөөд сэмхэн харж байхыг ажиглажээ. Хоолны дараагаар эх нь багш бүсгүйг
-Миний өрөөнд очоорой. Чамтай ярих юм байна гэхэд багш нь дуугүй толгой дохилоо. Хоёр охин үүнийг сонсоод ямар нэгэн хэрэг гарна гэдгийг мэдээд айн чичирч байв.
Багш хүүхнийг ээжийнхээ өрөөнд ормогц хоёул хаалга руу гүйн очоод хаалганд чихээ наалдуулан нөгөө л чагнадгаараа чагнав. Тэр хоёр энэ байдлаа муухай юм гэж огтхон ч боддоггүй, ганцхан том улсуудын тэр хоёроос халхалж далдлаад байгаа амьдралын нууцыг л олж мэдэх гэж мэрийдэг байв. Хоёулаа чих тавин сонсовч учи рнь олдохгүй шивэгнэлтээс өөр юу ч үл сонсоно. Юм олж мэдэхгүй нь гэхээс охидын бие чичирнэ. Гэтэл ээжийнх нь чанга чанга ярих хаалганы цаанаас гэнэт сонсдож эхэллээ. Ээжийнх нь дуу их л ууртай сонсогдов.
-Чи ер нь юу гэж бодож байна? Бүх хүмүүс сохорчихоод юу ч харахгүй байна гэж бодоогүй биз? Иймэрхүү санаа бодолтой, иймэрхүү ёс суртахуунтайгаар ноогдсон үүргээ ямаршуу гүйцэтгэж байгаагий чинь би сайн ухаарч байна. Би охид хүүхдийнхээ хүмүүжлийг танд итгэж даатгасан юм. Тэгэхэд та тэднийг бүр хаячихсан байна.
Багш хүүхэн ээжийнх нь өөдөөс ямар нэг юм өчих шиг боллоо. Тэгэвч маш сулхан хэлсэн учраас хүүхдүүд чухам юу гэснийг нь дуулсангүй.
-Битгий худлаа хэл. Битгий худлаа шалтаг заагаад бай. Та нар шиг саваагүй эмсүүдэд шалтаг мундах биш. Ганц уулзаад л юу ч бодохгүй зөвшөөрч орхидог. Тэгээд та нарт бурхан юу хайрлаж байна? Өөрөө ийм байж миний охидуудыг хүмүүжүүлнэ гэнэ шүү. Энүүн шиг шившиг байх уу? Та манайд цаашдаа хоргодож ажиллана гэж бодолтгой шүү.
Хүүхдүүд хаалганы завсраар чагнасаар л байлаа. Тэр хоёр юу ч ойлгохгүй боловч догшин хэрцгий авирлаж байгаа эхийн дуунаас сүрдэн чичирч зогслоо. Багш нь хариу юу ч хэлэлгүй, чимээгүй асгартал мэгшин уйлж байгаа сонсогдоно. Үүнийг сонсоод хоёр хүүхдийн хацар дээгүүр нулимс бөмбөрөн урсаж эхэлжээ. Ээжийнх нь дуу хаалганы цаана улам л догшрон хадсаар байлаа.
-Юу гэж нулимсаа асгаав. Мэддэг чаддаг юм чинь энэ шүү дээ. Ингээд намайг буулгаж чадахгүй. Ийм хүүхнүүдийг надад өрөвдөх юм өчүүхэн ч алга. Та тэгээд яадагсан надад ердөө ч хамаагүй. Хэн дээр очихоо та өөрөө сайн мэдэж байгаа байлгүй. Энэ тухай надад асуух ч хэрэг алга. Та нэгэнт үүргээ ийнхүү ичгүүртэй биелүүлсэн болохоор миний гэрт цаашдаа нэг ч хонохын хэрэг байхгүй. Үүний хариуд цурхиран уйлах сонсогдож хаалганы цаана байсан хоёр охины зүрх шимшрэх аятай болов. Тэр хоёр ингэж уйлж байгаа хүнийг урьд өмнө огт сонсоогүй билээ. Ингэж уйлж байгаа хүн муу юм хийсэн байж яагаад ч болохгүй гэж бодож байлаа. Ээжийнх нь дуу дахиж гарсангүй. Лав уйлж дуусахыг нь хүлээж байгаа бололтой.
No comments:
Post a Comment