Өнгөрдөг бүтэн сайнд энэ жилийн сүүлчийн арга хэмжээ болоод. Яагаад энэ жилийн сүүлийнх вэ гэхээр энд 4 сараар ажил сургуулийн шинэ жил эхэлдэг юм. 4 сараас анги дэвшинэ, ажилд орно, солигдоно, холигдоно гээд.
Шинээр 1 дүгээр ангид орох "жаал"-уудаа угтах, 6-р ангийн "архаг"-уудаа үдэх зорилготойгоор боулинг тоглодог юм. Мэдээж наана нь хэд хэдэн удаа хуралдана. Утсаар ярилцана. Бэлтгэл ажилд нь оролцоогүй, учир нь дарга учраас. Дарга хүн чинь тэгж жижиг сажиг ажилд оролцож жижгэрэхгүй шүү. Хэ хэ. За за тоглосон юм. Эзгүй байсан тул, үнэнээ хэлээд бэлэг сэлтээ надгүйгээр бэлдээрэй гэж эвтэйхэн хүссэн гэж байгаа. Энд чинь дарга нар ажлын хувцастай л хог шороогоо шүүрдээд л, ажилчидтайгаа адил ажил хийгээд явж байдаг юм.
Гадаах цэцэрлэгт цуглаад, өглөө сургуульд явдаг бүлгээрээ жагсаж зогсоод, нэг цуваа болж алхаж явав. Би нь хамгийн урд, ганц нэг цэргүүд дунд нь, ард нь гээд явна. Ойрхон тул алхаж явсан. Түрүүлж очоод бэлдээд сууж байх цэргүүд бас байна. Бэлэг, ундаа, амттанаа зөөж авчрах цэрэг гэж байна. Ажлаа их хөөрхөн өөрсдийн боломжоороо хүлээгээд авчих юм өө. Тэг ингэ гэж хэлүүлэхгүй, өөрсдийн завтай цаг нараа харж байгаад л "би энийг хариуцлаа, би тэгвэл үүнийг хариуцъя" гээд
Ахлах бага ангиар нь хувааж баг болгоод тоглосон. Явцын дунд хүүхэд бүрт ундаа, амттан, талх өгсөн. Нас насаар нь байр эзлүүлж дурсгалын зүйл гардуулсан. Оролцсон бүх хүүхдүүдэд номын дэлгүүрээс дуртай ном оо авах карт өгдөг уламжлалтай. 6-р ангийнханд төгсөж байгаа гэдэг утгаар нь 2000 иенийн, бусад хүүхдүүдэд 500 иенийн карт өгнө.
Шагнал гардуулаад дууссаны дараа төгсөж буй сурагчид үг хэлнэ. "6 жилийн турш тусалж дэмжиж байсанд баярлалаа, шинээр 6-р анги болох ах эгч нарынхаа үгэнд сайн орж байгаарай" гэсэн агуулгатай үг хэлж байна лээ. Ирэх 4 сараас 6-р анги болох сурагчид бас үг хэлнэ. "6 жилийн турш биднийг харж хандаж байсан ах эгч нартаа баярлалаа, 6-р ангийн ахлах сурагч болоод бага ангийнхаа дүү нарыг харж хандах болно оо" гэсэн.
Оролцоогүй хүүхдүүдийн ундаа зэргийг гэрт нь хүргэж өгдөг юм билээ.
Өө тийм, шинээр сургуульд элсэж буй жаалуудын бэлэгний уутанд дэвтар харагдана лээ.
Ингээд даргын ажил дуусах шатандаа. 16-нд БҮГД ХУРАЛ-тай. Юу болдог тухай нь бичнэ ээ.
No comments:
Post a Comment