За өнөөдөр бага зулзагын цэцэрлэгт болсон сургалт. Ахлах ангийн хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан сургалт.
Шүдний эмч болон сувилагч нарыг урьж яриа хийлгэнэ. Эхлээд шүдний эмч яриа хийсэн. 6 настангуудын өсөлт хөгжилтөд гарах өөрчлөлт. Түүн дотроо амны хөндийн өөрчлөлтийн тухай онцлоод, сүүн шүд нь унаад эхэлсэн хүүхдүүдийн гарыг өргүүлж, том хүн болж байгаад баяр хүргэсэн.
Бага зулзага ч бас доод хоёр үүдэн шүд нь уначихсан байгаа. Бас хөдлөөд эхэлчихсэн хэд хэдэн шүд байгаа.
За тэгээд сүүн шүд унаад шинээр ургах байнгын шүд чинь их чухал шүү, хорхойтоод уначихвал дахин ургахгүй шүү, оройд шүдээ сайтар угааж унтаж байгаарай гээд л хүүхдүүдэд ойлгомжтой гэгч нь тайлбарлаж өгөв.
Сувилагч нар ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэхээр хүүхдүүдийн өмнө гарч ирээд тусгай үзүүлэн үзүүлээд шүд угаах дараалал, анхаарах зүйл зэргийг хэлж өгөөд дараа нь ам хэл зэрэг оролцсон хөгжөөнт тоглоом зааж өгч хамтдаа тоглосон.
Тэгээд хүүхдүүдийн шүдийг улаан бодисоор будаж өгөөд эхлээд хүүхдүүдээр өөрсдөөр нь угаалгасан. Угааж дуусаад усаар зайлахад үлдсэн улаан хэсгийг анхааруулж хэлээд тэр хэсгийг нь цугласэн ээжүүд нь угааж өгсөн. Ганц нэг аав ирсэн байсан.
Хүүхдүүд шүдээ өөрөө угаахдаа маш муу угаадаг тул ээжүүд аавууд оройд заавал давхар угааж өгч байх хэрэгтэйг онцолсон.
Эмч нэг зүйл онцлон хэлсэн нь "Дээхэн үед хорхойтой шүдтэй хүүхдийн эцэг эхийг буруутгадаг, залхуу хойрго ээж гэж хэлдэг байсан. Сүүлийн үед ингэж ээжүүдийг ад шоо үзэх асуудал байхгүй болсон ч ямартай ч хүүхэд өөрөө шүдээ сайн гүйцэт угааж чаддаг болтол нь оройд заавал угааж өгч байгаарай".
Хотын захиргааны эрүүл ахуйн газраас гаргасан шүдний эрүүл ахуйн гарын авлагыг тарааж өгсөн. Маш ойлгомжтой, хүүхэд хараад ч ойлгогдохоор зураг хөрөгтэй гарын авлага байсан. Байнгын шүд ургаж эхэлснээс хойш 8020 гэдэг хөдөлгөөний тухай ч тайлбарласан байв.
Энэ 8020 хөдөлгөөний тухай нэлээд дээхэн бичиж байсан санагдана. 80 нас хүртлээ өөрийн байнгын 20 шүдтэйгээ байх гэсэн хөдөлгөөн.
Мөн хүүхдэд өгөх амттаны тухай, хэдий хэмжээтэй, хэдий хугацааны зайтайгаар өгөх тухай ч хэлж өгсөн.
Бага зулзага сүүлийн үед чихэр идэх нь ихсээд, тавгийн чихрээ хүмүүст тараагаад гэртээ нэг ч чихэр байлгахгүй байхыг эрмэлзэж байгаа. Муухай байна уу? Бусад хүмүүсийн шүд өвдөг гээд өгчихдөг. Хэ хэ. Уучлаарай, манайхаас чихэр авсан улсууд минь ээ.
Гэх мэтчилэн бага насны хүүхдийн эрүүл мэнд нь ганцхан эцэг эхийн асуудал биш, тухайн орон нутгийн, тухайн хотын, тухайн улсын маш чухал асуудал байдаг юм байна. Хамтдаа анхаараад явдаг юм байна.
No comments:
Post a Comment