2004 оны Болор цомын эзэн. Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Жамсрангийн Баяржаргал
Дарангуйлалын хаан оршино
Гарагс дундын солирын нислэг мандуулах
Гадаад далайг задлах үүсгэл, хий мананцар
Газраас тэнгэрийг тэлүүрдэн улайсган төөнөх
Гал түймрийн ухааныг би дарлах болно
Ангарагийн хөрснөө турадасаар сийлэгдэн чулуужсан
Агаарын хүрээлэнгээс халисан шинэ сонгодог үзэгдэл
Аварга эрхэс биетийг хий шингэнээр төлөвшүүлэн тогтоох
Амин усны чанарыг би дарлах болно
Дөрвөн цагийн боловсролоор нас, насанд багшлах
Дөмөн хүлэг атугай онгоцны хурд үл гүйцэх
Хаан суудал, үхэшгүй мөнхийн гүвэлзээ
Ханагар уул, сарьдагийн ухааныг би дарлах болно
Ерхөг, хиагны ганхаа энгийн сайхны гэрчлэл
Есөн гарагийн минь тэгш өндөрлөгийн төлөөлөл
Ертөнцийн орчих хүйс, хязгааргүй их эргэлт
Ембүү хээр талын ухааныг би дарлах болно
Наран орчлогд цэнхэр нөмрөгөөр гангарсан
Ная, зуун сая жилээр өвгөрч залуужих
Эрдэнийн зайд огторгуйн уруулаас ойчсон индранил
Эртний гүн хагалбарт эх дэлхийн ухааныг би дарлах болно
Од мичидийн нөлөөлөл дор нас, сэтгэл устгагдан үгүйрэвч
Олон олон пуужин, дагуулыг газрын таталцлаас чөлөөлсөн
Хүйс хувиргаж, цахим төхөөрөг бүтээж, бурхад чөтгөрүүдээ төрүүлсэн
Хүн төрөлхтний гүн ухааныг би дарлах болно.
No comments:
Post a Comment