2002 оны Болор цомын эзэн. Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Зам
Энэ миний цорын ганцхан зам
Хувьхан заяаны зам
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Амьдарлын бөгтөр шар давааны
Ар өврөөс нь тодорч бүдгэрсэн зам
Айлын бараа, хүний хүсэл дуудсан
Андуутай, үнэнтэй алаг зам-Миний зам
Уулын үер, уруйн усанд эвдэгдсэн нэхэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад, хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Тосон ирэх он жил дотроо том том үхэр чулуутай
Түүнийг нь би түлхэж гарах зам
Тодорч наашилсан алсдаа солонго татсан гэгээн бараатай
Утгын болор үрлийг би хүлхэж туулах зм
Навч цэцгийн үндэс хөөсөн хуртай, үрийг нь сэгсэрсэн салхитай хорвоод
Нараар миний дуу мэтгэж, ухаарлын мод тарьж яваа зам
Намуухан дорнын хүмүүн цэцгэлсэн одот тэнгэрийн доор
Нагал шаргал өнгө тунаруулж, ухааны зандан ханхлуулж яваа зам
Миний зам аа
Хажуу бургасанд гөрөөс янзагалж, асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж, зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашран намрын тэнгэр уйлагнаж, тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж, ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч, үрийн баяр хөтөлж хамт алхав
Салхины буруу зүүдэнэд аавыгаа орхиж, нулимс хамт асгав
Санаа алдаж түүхийн буурал овоонд хадаг хамт зүүв
Санаж сэрэхүйн мананд цагийн урсгалаас ижийгээн дотроо хамт нуув аа
Алгадаад нисгэдэг ижийтэй шувууны үр жаргалтай энэ замаас
Амин сүмбэр уулын өсгүүр дээрээс гурван хүүн зам салаалав
Амьдрал мөрний хөх усан элээж урссан энэ замаас
Алагхан хорвоогийн өнгөн дундуур гурван дуун зам салаалав
Дэлхийн дулаахан энгэр Монголын уудам говь дундуур салхи татуулж яваа зам
Дээрх гүн тэнгэр, эрхэс оддын чөлөөгөөр дуу татуулж яваа зам
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх цорын ганц тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа.
2002 он.
Ингэж шүлэг унших чинь монгол хэлний минь хичээл болох дог шүү. Бас хуулж бичих чинь зөв бичгийн дүрэмд ч хэрэгтэй юм.
No comments:
Post a Comment