Friday, February 23, 2018

Нүүдлийн ач тус

Нүүж сууна гэж нээрээ ямар том ухаан бэ? Нүүдэлчин ард түмний энэ ухааныг бишрэхийн аргагүй.

Яасан гэхээр ажлын минь газар нүүх гээд их ажил өрнөж байна. 4 сарын нэгнээс шинэ ажлын байранд ажлын гараагаа эхлэх нь дээ. Барилга бол шинэ биш л дээ. Мужийн харъяа хуучин байшин. Дотор нь хэд хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Олоон олон ном актлах гээд ялгаж байна. Мөн сэтгүүл, сд, двд гээд л сүүлийн 10-д жил тэр бүр ашиглагдаагүй зүйлсээ хаяна.

Ингэж хаяхдаа шууд хогийн саванд хийчихгүй ээ. Иргэдийнхээ татварын мөнгөөр худалдаж авсан тул, буцаагаад иргэддээ тарааж өгөх хэлбэрээр арга хэмжээ авна. Би ялгаж салгаад сууж байхдаа энийг ч авчих юмсан, тэрийг ч авчих юмсан гэсэн гого гого ном, двд зөндөө байна аа. Хэ хэ. Гэхдээ би ажилтан нь учраас авах эрхгүй л дээ. Хи хи.

Нүүдэл суудлынхаа ачаар ажлын газрынхан маань их хэмжээний цаас болон бас бус хогноосоо салах нь.

Тэгээд л бодож сууна, нүүдэлчин ард түмний энэ нүүж суух ухаан чинь асар том ухаан байжээ л гэж. Нүүхийнхээ тоолонгоор элдэв хэрэггүй зүйлсээсээ сална,  мөн хэрэггүй зүйл худалдаж авахгүй, байгаль орчинд ээлтэй үйлдэлтэй, буянтай улс юм аа тийм ээ.

Байрны айлууд ч өөр л дөө, тийм ээ. Сүүлийн үед манайхан их л олон зүйл ханандаа өлгөх болж дээ. Мөн элдэв зүйлс шкафандаа өрж тавиад л. Том зулзага харчихаад музей шиг гэсэн. За тэгээд хүн хүний сонирхол өөр тул, лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү хамаа алга дөө гэж.

Тэртээх 2 жилийн өмнө гэр минь бас нүүхэд их зүйлээсээ салж билээ. Одаа харин бас нэмэгдээд байх хандлагатай, нүүдэг ч юм билүү хэхэ.

Thursday, February 22, 2018

Нэгийг бодогдуулам ном

Ажил дээр минь шинээр орж ирсэн ном. Албан тушаалаа ашиглаад хамгийн түрүүнд уншив. хэ хэ. Дараагаар нь охиддоо уншуулав.

Дэлхий дээр сургуульдаа явах гэж ямар их бартаатай зам, эрсдэлтэй зам туулдаг хүүхдүүд хэр олон байдаг бол?

Үе үе хэвлэл мэдээллээр гардаг юм энд.

Тэдгээр хүүхдүүдийн хажууд энэ японы  хүүхдүүд, хөгжингүй орны хүүхдүүд ямар их аз жарглатай гээч.

Монголын хүүхдүүд ч азтай. Мэдээж дунд нь хол зам туулдаг, саад тотгортой зам туулдаг хүүхдүүд бий.

Эдгээр хүүхдүүд хэзээ ч гомдоллодоггүй. Тэдний цагаахан инээмсэглэл дэлхийн олон олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг.

Туслах юмсан гэдэг сэтгэл, зоригийг төрүүлдэг.

Байгаа зүйлдээ талархах, сэтгэл ханамжтай байх л хэрэгтэй юм шиг.

Гэх мэтээр их зүйл бодогдож байна даа...

Давхцаад л...

Юм юм давхцаад л сууж байна даа. Биш ээ гүйж байна аа.

Ирсэн зочдоо гаргаж өгөв. 150 км давхив. Буцахдаа 150 км. Харанхуйд гараад давхисан жаахан эвгүй л байлаа. Ард том том ачааны машинууд тулж ирж давхиад л. Хажуугаар хурдтай гэгч нь гүйцэж түрүүлээд. Харин гэгээ орчихоор бас ч гэж гайгүй. Хурдны замаар давхиад байж болмоор. Хэ хэ.

Харьж ирээд л шууд бага зулзагын багштай уулзах ажилд явган гүйв. Учир нь сургуулийн гадаа машин зогсоож болохгүй. Учир нь сурагчид тараад, хөл хөдөлгөөн ихсэх тул. Сурагчдын аюулгүй байдал нэгдүгээрт.

Нээрээ энэнээс болж би нэг торгуулаад. Саяхан. Уур хүрмээр. Ингээд л би цагдаад дургүй. Хи хи. Нэг өглөө бага зулзага бүлээрээд. Сургуульдаа явах уу? яах уу? гэж гэж жаахан оройтоод. тэгснээ өөрөө явна гэхээр нь хамтдаа алхдаг найзуудаасаа хоцорсон байсан тул хүргэж өгдөг хүн болов оо. Хүргэж өгчихөөд, гэрлэн дохион дээр гацаад байхаар нь нэг уулзвараар зүүн эргээд л орчихсон чинь байдаггүй. Урд цагдаа зогсоод л гараараа зогс гэж дохиод л.

Тэгсэн өглөө 7:30-8:30? байсан байхаа цаг нь, эргэж болохгүй гэсэн зам руу орчихож. Тэр нь бага сургуулийн хажуугийн жижиг туслах зам. Тэгээд л хүлээж хүлээж нэг оноо, 7000 иенээр торгуулсан даа хөөрхий. Яагаад хүлээсэн гэхээр миний урд бас зөндөө машин зогсоод торгуулж байсан. Хэ хэ.

Мөнгөн торгуулиа бэлэн мөнгөөр авахгүй, банкинд тушаа гээж бичиг өгчихөж байгаа юм.

За тэр ч яахав юу ярьж байлаа? Аан тийм давхцах.

Яагаад ингээд нэг ажил ундрахаараа ар араасаа цувдаг байна аа тэ.

Ирэх долоо хоногт 7 хоног эзгүй байна. Тэр дунд зулзагуудын ажил, хань ижлийн ажил гээд л. Ээж байхгүй бол бас л хэцүүддэг байхгүй юу, тэр болгоныг амжуулах гэж.

Иймэрхүү ажил давхцаад буцалсан цай шиг болсон үедээ л ээж аавыгаа дэргэд минь байсан бол ч хошуугаа унжуулаад гуйж байгаа даа гэж учиргүй их санана гээч.

За за нэг сайхан чацаргана ууж аваад л гараад гүйх минь. Удахгүй монголоос миний дуртай еэвэн ирнэ гэж бодохоор нойр хүрэхгүй л байна шүү... Мөн цагаан сарын хувь гээд ганц нэг ул боов ирж байгаа сурагтай.

Сүүтэй цай хийж аваад л ул боовоо дүрж иднэ дээ. Хэ хэ. Нүүр номоор дүүрэн ул боовоор элдэв амттан хийх тухай яваад байна лээ. Бүгдэд нь амжилт.

Wednesday, February 21, 2018

Амазакэ

Амазакэ буюу амтат архи.
Өглөгч хөршийн минь ээлжит хишиг. Сүүлийн үед энэ архи ихэд дэлгэрч байгаа. Исгэлэн амттай. Гэхдээ бас нэлээд нялуун.

Архи гэдэг нэртэй боловч спиртийн төрөл ороогүй нь ч байна. Үүнийг ханиаднаас сэргийлж охидтойгоо уугаарай л гэсэн. Охид минь сүрхий ууж гийгүүлэхгүй л байна. Би л элдэв зүйлс туршиж үзэх дуртайгаараа ууж байна.

Гэснээс би өвөлдөө нэг их ханиад хүрээд байдаггүй шд. Сайн гэсэн юм болгоноос хүртээд явдаг болохоор тэр юм болов уу? Хи хи.

За энэ амазакэгаа  будаагаар хийнэ. Тусгай хөрөнгө гэж байдаг юм билээ. Исэж байхдаа яг л айраг шиг санагдаад хань ижил хийж үзсэн. Нэг л болж өгөөгүй юм болов уу? Дахин оролдоогүй.

Буянтай хөршийнхөө буянаар ханиад зооглолгүй хавар, зунтай золгоно оо.

Та бүхэн минь бас өвлийг өнөтэй даваарай. Хавар ч хаяанд ирлээ дээ.

Tuesday, February 20, 2018

Чацаргана мину зээ

Ойрд янзан бүрийн чацаргана ууж байна аа. Шилтэй, хуванцар савтай гээ л. Сүүлийн үед ийм савалгаатай их ирж байна шүү. Ажилдаа нэг нэгээр нь аваад явахад их зүгээр.

Жаахан нялуун амттай. Хэт их чихэртэй болоод байна уу даа? Бага шиг л байвал тийм ээ?

Ер нь бол өөрөө захиж авчруулалгүй ээж аавынхаа тарьсныг буцалгаад, багахан элсэн чихэр, зөгийн балтай уухад л болох юм гэж дүгнээд байгаа.

Харин бэлгэнд авбал дуртайяа хоёр гараа тосоод авна шүү. Үүнийг уншчихаад, өгөхөө больчихов оо. Хэ хэ. Ажил дээрээ борголын хажуугаар ганц нэгийг уухад гоё шүү.

Монгол түмэн минь өөрсдөө үйлдвэрлэх гээд, хийх гээд оролдож байгаа зориг хүслийг нь бодоод, худалдаж авч байхгүй бол тийм ээ.
Үндэсний үйлдвэрлэл минь хөгжин дэлгэрэх болтугай. Амжилт хүсье.

Sunday, February 18, 2018

Сар шинийн мэнд

Сар шинэдээ сайхан шинэлсэн биз дээ. Шинийн 8-ны дотор нэг бичлэг хийж мэнд мэдэх гээд л. Ёс ёмбогор, төр төмбөгөр байхгүй бол гэнц нэг хүмүүст загнуулаад байна. Хэ хэ.
Битүүний орой нэг иймэрхүү ширээ засаад. Аминдаа монголоос ирсэн, монгол гэсэн бүхнээ л гаргаж идээгээ заслаа. Хи хи.
Шинийн нэгний ширээ. Жоороо ухаж байж ганц нэг ааруул, чихэрхэнээр илүү байлаа. Битүүний ширээг бодвол.

Сүүлийн үед энэ гадагадад байгаа монголчууд их сүрхий идээ будаа засдаг болжээ. Бүр ууц хүртэл харагдана лээ нэг зурган дээр. Яасан ч сүрхий юм, хаанаасаа ч ууц олчихов? Үгүй тэгээд сэтгэл байвал л болох л байх л даа. Тийм үү? Би л тэр сэтгэл зүтгэлийг нь гаргахгүй байгаа болохоос.

Монголоос ирсэн зочидтойгоо золголт хийж, бужигнаад сайхан л байлаа. Хөөрөглөв бас. Хэ хэ.

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ эрүүл энх байж, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг ерөөе өө.

Thursday, February 08, 2018

Гоймон

Гэртээ харих зам хамгийн зөв зам.
Ажил цагтаа тараагүй, цас ихтэй зэргээс болоод галт тэрэг хойшлоод, хойшлуулаад. Оройн хоолондоо юу зооглох уу? гэж эргэлдэж эргэлдэж гоймонгоо л сонголоо. Хэ хэ.
Болоогүй ээ, хажуугаар нь номоо хараастай. Цаг нэлээд байсан болохоор удаан идсэн гэж байгаа. Хэ хэ. Харин номоо хурдан уншсан. Ганцаараа суугаад ном унших цаг гарахгүй байгаа тул, амтархан, шунан уншсан нь тэр.

Киото хотын галт тэрэгний буудал хүн ч ихтэй гэж юүхэв, том ч гэж юүхэв. Төөрч будлилгүй, галт тэрэгээ олоод суух л хамгийн том зорилго тухайн үедээ.

Харин галт тэргэндээ суугаад авбал хэсэгтээ тайвшраад нэг унтана, нэг сэрнэ, нэг номоо сөхнө, нэг тухайн өдрийнхөө ажлыг эргэн санана, тэгэх байж, ингэх байж нэг тавгүйтнэ, за за хойшид л сургамж болж байна даа гэж нэг тайвширна.

Тэгснээ зулзагууд минь, хань ижил минь хүлээж байгаа даа гэж уужрана. Бүгд л эрүүл саруул байгаад сэтгэл ханамж төрнө, талархана.

Гоймон амттай байсан. Нэг амралтын өдрөөрөө амттайхан гоймон хийж идэх минь гэж бодон галт тэрэгнээсээ бууна. Хүйтнийг гайхаж, гэртээ харих зам хамгийн зөв зам гэж хэлсэн тэр нэгэн суутны чухам үнэн хэлснийг нь биширнэ...

Wednesday, February 07, 2018

Цуйван

Ойрд цуйвангаар занималдаад аа. Хагас сайнд гэртээ цуйван хийж идээд. Гурвалжин будааны гурил хольж байгаад. 2-р гурил шиг бор болдог юм билээ.

Орой нь маргааш өдрийнхөө ажилд бэлдэж 1,5 кг гурил зуурч элдэж, тос түрхэж таслаж, хөлдөөсөн.

Маргааш нь өглөө эртлэн гараад л япон хүмүүстэй хамтарч цуйван хийх ажилдаа ханцуй шамлан орсон. Өнгөрдөг жилийн 6 сард суугуул нутгийнхаа сонсголын бэрхшээлтэй хэдэн иргэдэд эх орноо танилцуулсан даа. Тэгсэн тэргүүн нь гэж нэг нүдэнд дулаахан өвөө
-Би нэлээд хэдэн жилийн өмнө Монгол явж байсан, ирэх 2 сард монгол хоол хийж идэцгээе. Та ирж бидэнд багшлана биз дээ?
-Тэгэлгүй яахав ээ? Дуртайяа.
Дотроо бол хаа байсан юм, дараа жилийн 2 сар гэж бодож байлаа. Тэгсэн яасан? Цаг хугацаа нисэх мэт л өнгөрч байна шд.
Хотын иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн байгууллагын гал тогоо. Хоолны элдэв арга хэмжээ болоход ашигладаг. Тодорхой хэмжээний төлбөртэй.
5 хэсэгт хуваагдаж хийсэн. Порц нь их болсон. Нэг таваг цуйван идэж барахгүй л байна лээ. Монгол эрчүүд бол нэмж идэхээр л байсан, хэмжээний хувьд.
За энэ Кобэ хотод байдаг Жайка-н байрны гуанз. Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулж монгол хоол хийж, худалдаалсан. Монголчуудаас бэлгэнд авсан зүйлсээ шилэн хоргонд хийж олны нүд хужирласан.
Зураг бол гоё харагдсаан. Хэ хэ. Шууд л худалдаж аваад идмээр. Үнэ яахав, хямд ч биш, үнэтэй ч биш.
Зураг шигээ л бай л даа гэдэг зураг. Хэ хэ. Ногоо жаахан бага, гурил нь эдний гурилтай шөлний бэлэн гурилыг чанаж хольсон болохоор, нялцгайдуу байсан. Боорцог бүтэн байсан чинь, хэд хоногоос таллаад хуваачихсан гэсэн. Хо хо. Шөл нь бас хонины махтай шөл. Нийслэл салад дажгүй санагдсан.

Миний хийдэг цуйванг гүйцэхгүй л юм билээ, хэхэ. Тийм болоод л манай сүмо агаа нар эгчээ цуйван идье ээ л гэдэг байх даа. Гэрээсээ хол тэдэнд ээжийнх нь гарын хоолыг орлоод амттай сайхан цуйвангаар дайлчих юмсан л гэж боддог доо.

Мөн нэг ч гэсэн япон хүн монголд аялан, халаасаа монголд гөвөөсэй гэж хичээдэг дээ.

Дараа дараагийн цуйван хийх арга хэмжээндээ амжилт хүсчихэе. Хэзээ гэдгийг мэдэхгүй ч. Хи хи.

Monday, February 05, 2018

Эх хэл

Монголоос ирсэн зочдын минь ачаар хоёр зулзагын монгол хэл ихэд сайжирч байна. Бага зулзага монголоор хэрэлдээд эхэлж байвал яах уу? Муу зүйлийг хурдан ч сурах юм, энэ хүүхдүүд. Хэ хэ.

Жаахаан маамаатай барьцаж гүйгээд, бага зэрэг нялхраад байна  энэ

Нэг мэргэн арга олоод оо. Гэр бүлээрээ монгол явах гэж зөвхөн онгоцны тийзэнд арваад сая төгрөг үрж байхаар, монголоос зочид урьж авчираад л, монголоор шаагилдаад байх нь зүгээр юм гэж бодоод. Хэ хэ. Сайхан дайлж цайлаад явуулахаар тийм их мөнгө болохгүй шдээ тэ?

Хүн гээч муухай ч амьтан бол доо тэ? Өөрийнхөө мөнгийг үрэхгүй, хүний мөнгийг үрчих санаатай. Хи хи.

За миний энэ нээлт мээлт ч яахав, бага зулзагын монгол хэлний аялгыг хүмүүс жаахан шоолсхийгээд л, хамаагүй шоолчихвол өнөөх нь уурлачих гээд л, хөгжилтэй.

Гадаад хэл сурна гэдэг, эх хэлээ сурна гэдэг ер нь нэлээд ярвигтай асуудал байна шүү. Эргэн тойрондоо шоолуулна, шантарна, уйлна, дуулна.

Гэснээс бага сургуулийн 3-р ангиас эхлээд англи хэл бага цагаар орж эхлэнэ. Ингээд гурван хэлний дунд эргэлдэж өгөх нь бага зулзага.

Том зулзага ч бас гурван хэлний дунд эргэлдэж байгаа л даа. Монгол хэл нь гэхдээ идэвхитэй биш, нэг их сонирхохгүй байгаа. Ярихын хувьд бага зэрэг ярина, бичиж чадахгүй, үсэглэж уншина. Яваандаа болох биз гэж бодоод хүчлэхгүй л байна. Загнаад унана аа, уншигч олон. Хэ хэ.

Одоо ч блог уншдаг хүн ховордсон болохоор гайгүй ч юм уу, учиргүй загнаад унах нь, хи хи.

Монголоор амьсгалаад сайхан байна. Харихаар нь санацгаана даа, биесээ...

Sunday, February 04, 2018

Ойрд

2 сар гарчихав аа. Ийш тийшээ гүйсээр байтал цагаан ногоон сар минь болох гэж байна. Буузаа чимхэж амжаагүй л явна. Энэ долоо хоногоос чимхэнэ дээ. Гэснээс чимхсэн буузаа хөлдөөнө гэж том асуудал юм байна энд чинь.

Том, бага зулзагуудын сургуулийн арга хэмжээ гэж ар араасаа ундраад л. Ээж түүнд нь бондогонож гүйгээд л. Гүйснээрээ гуалиг болохгүй нь онцгүй.

Би өөрөө бас ажил ажил гэж ийш тийшээ гүйгээд л. Өглөө тэнд, өдөр тээр тэнд, орой энд.
Хөдөөний хүүхэн хот орж соёлтой гайхсан, төөрөхөө шахсан, хоцорсон гээд л явж байна. Хоцорсон гэдэг нь миний буруугаас биш л дээ. Ажил сунаад, тэгээд л харих галт тэргэндээ амжаагүй хэрэг. 

Мөн эх орноос минь зочид ирсэн. Нэг хөөрхөн булцгар амьтан манайхыг буулгаж өгч байна. Хажуугаар нь мөнхийн идээстэй. Хэ хэ. Бид түүнийг дагаж мөн л идсээр.Хэ хэ.
Зочдаа дагуулж дэлгүүр хоршоо хэснэ, хоол унд хийж иднэ, янзан бүрийн зүйл ууна. Зугаатай л байна. Харьчихаар нь санана аа одоо. 

Өөр юу билээ? Бичмээр зүйл их л байгаад, блогоо бичиж амжихгүй байгаадаа жаахан уур хүрээд л явсан чинь, цагаа тулсан гар хөл, сэтгэл санаа эвлэж өгөхгүй ч байх шиг. Учир юуных?

Ямартай ч шинэ долоо хоногоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж, үдээрэй. Өөртөө ч амжилт хүсье ...

Thursday, January 25, 2018

Хөөрхөн ном

Ойрд хөөрхөн номны тухай танилцуулаагүй юм байна.

Япон хэл сурч буй хүн, япон хэлний багш нарт гээд л өргөн хүрээнд уншиж болохоор ном. Номын сангаас зээлж аваад, сонирхож уншаарай.

Зөндөө сонин хэлц байлаа. Иймэрхүү зүйлтэй таарахаараа энэ япон хэлийг хэзээ бүрэн төгс эзэмших юм бол гэж шантрана өө.

Хажуугаар нь монгол хэлний минь ур чадвар ихээхэн дутуу дулимаг.

За за нэг ном уншихаараа л өөрийгөө голдог болчихоод удаж байна. Энэ нь ном уншихад минь жаахан садаа болоод байх шиг санагдаад байгаа, сүүлийн үед.

Ганц нэгхэн жишээ оруулах уу? Сонсож, уншиж байгаагүй хэлцүүдээсээ жишээ орууллаа.
  • 彼らの失敗を他山の石とする。
  • 折り紙付きのシェフ。
  • 胸に一物ある人。
  • 彼は筆が立つ。
  • 糸目をつけないで宝石を買いあさる。
  • マラソン選手が肩で息をする
  • 石にかじりついてもやり抜く。
  • 膏肓に入る。
  • 喧々囂々の世論。
  • 羹に懲りて膾を吹く。
Мэдээж ийм цөөхөн байгаагүй л дээ. Бичихээсээ л залхуурсан хэрэг. Мөн энэ хараар тодруулсан нь энэ номын бидэнд заах гээд байгаа, хэлэх гээд байгаа чухал зүйл нь. Асуулт хэлбэрээр бичигдсэн, хариултаа а б-с аль нэгийг нь сонгож хариулна. Би ч зөндөө их алдсөөн. Алдаанаас айж болохгүй, алдаа бол дараагийн амжилтын үндэс-ийм зүйр үг байдаг юм япон хэлэнд. Гэхдээ л би аймхай хөөн.

Ямартай ч япон хэл сонирхогч хүн байвал олж уншихыг хичээгээрэй. Амжилт хүсье ээ.

Tuesday, January 23, 2018

Хүйтэн байна гэж юүхэв

Хүйтний эрч чангараад аа суугуул нутгаар минь. Энэ жил хэдэн арван метрээрээ ордог цас нь арай гайгүй байгаа юм сан.

Хойд нутгийн хүйтэн урсгал явсаар эх нутагт минь, сүүлдээ суугуул нутагт минь айлчлан ирээд, бидний хэдэн монголчуудыг сандаргаж байна. Хэ хэ.

За даа бид сандрах яахав, хүйтэн газар төрсөн юм, өссөн юм болохоор яаж ийгээд даваад гарчих байх. Харин энэ япончууд хэцүүдэж байх шиг байна. Токиочууд хэдхэн см цас орсон чинь ажил амьдрал нь зогсчих гээд л. Зурагт радиогоор нь хэрхэн яаж хальтрахгүйгээр алхах тухай зааж, сэрэмжлүүлэг өгч энэ тэр. Хи хи.

Энэ зуур бага зулзага томуу А хэлбэрийг тусч ажлын гурав хоног хичээлдээ явсангүй. Угтаа бол тав хоног явах ёсгүй. Хагас бүтэн сайн таарсан юм л даа, ашгүй. Нэг хөгжилтэй нь хичээлдээ яваагүй эхний өдөр ээж нь цайныхаа цагаас жаахан хоцросгээд ирсэн чинь гэртээ байдаггүй. Гутлыг нь харсан байдаггүй. Тэгэхээр нь за энэ яг хажуу эмээ дээр орж гээд хонхыг нь дарсан чинь гайхал бага зулзага гартаа нэг юм барьчихсан гарч ирсэн. Маск зүүхээ мартаагүй байна аа өнөөх чинь. Ха ха.
-Хүүе, гэрээс гарч болохгүй шдэ. Ийм ханиадтай хүн, амьтан хүнтэй уулзаж болохгүй шд.
-Та өөрөө ирэхгүй удаад байсан шд. Би зөндөө уйлсан. Гунигтай байсан.
гэнэ ээ өөдөөс.

Хөрш эмээгээсээ
-Уучлаарай манай хүн томуу тусчихсан байгаа юм л даа.
-Тийм үү?
гээд л инээд алдсан. Тэгснээ
-Зүгээр зүгээр, би эртээдхэн тусаад эдгэсэн.
Зөндөө төвөг удчихлаа, уучлаарай.

Энэ удаад хөнгөхөн туссан бололтой. Эхний нэг орой 38,2 хүрч халуурсан. Бусад өдрүүдэд халуун бүлээн байгаагүй.

Том зулзага хавар 3 сард болох шалгалтандаа бэлдээд л суугаа. Өнгөрдөг пүрэв гарагт багш сурагч эцэх эхийн хамтын уулзалт болсон. Шалгалтынхаа бүртгэлийн хураамжийг төлсөн. Гэснээс хувийн сургуулийн бүртгэлийн хураамж, улсын сургуулийн бүртгэлийн хураамж нэлээд зөрөөтэй юм билээ. За энэ ахлах сургуульд элсэн орох тухай тусад нь бичнэ ээ. Гэснээс хувийн сургуулийнхаа шалгалтанд тэнцсэн.

Би ойрдоо суурин байгаа. Нэг Кобэ хот орсон, ажлаар. Ажил төлөвлөсөн цагтаа дуусалгүй, галт тэрэгнийхээ цагт амжилгүй дараагийн галт тэргэнд суусныг эс тооцвол яахав ээ, гайгүй. Гэхдээ л...

Бүгджд нь гунан, дөнөн үхрээ гомдоочилгүй өнөтэй давахыг хүсье ээ. Арлын япон оронд буй нутгийн чинь эгэл жирийн миний бие  бас хичээе ээ. Хи хи.

Monday, January 15, 2018

Бууз баншны улирал

За монголд та нар минь бууз баншаа хийгээд завгүй юу? Би энд бас л бууз банш эргүүлдээд завгүй.

Бүтэн сайн өдөр Тэмүжин өвөөгийндөө очиж бууз хийлээ. Токиогоос хоёр хамаатан нь ирээд ээ. Энэ зун тэр хоёрыгоо дагуулж монгол явах юм гэсэн. Тэрнээс нь өмнө монгол хоол идүүлэх гэж хаа байсан тэр холоос дуудсан юм байх. Онгоцоор цаг нисгээд, онгоны төлбөр гэж бас л хөөрхөн таван цаас гарна аа даа. Ха ха.

Тийм болохоор гараа гаргаж л хийлээ. Таалагдсан. Чимхэлт бол янз янз. Япон хүмүүс, бага зулзага чимхсэн гээд бодохоор. Хэ хэ.

Хань ижил хаачсан бэ гэхээр хорооны хурал давхцаад, тэр хуралд суусан. Чухал чухал зүйл их ярилцсан байна лээ.

Том зулзага, хичээл хичээл бас дахин хичээл гэсэн уриатай тул, гэртээ.

Урдах өдөр нь буюу хагас сайн өдөр нь хятад найз хүүхэн гэрээрээ манайд ирээд. Бөөнөөрөө банштай цай хийж уулаа. Үлдсэн жаахан махаараа бууз чимхээд, шарж идэв. Банштай цайг анх удаагаа ууж байгаа хятад найз маань амттай байна гээд нэмж идсэн.

Монголоос ирсэн борцтой шар будаатай цай чанасан. Шар будааг нь харчихаад хятад найз хүүхэн
-Хөөх, та нар шар будаа иддэг юм уу?
-Идэлгүй яахав, энд жаахан үнэтэй, олдоц муу учраас тэр бүр идэж чадахгүй байгаа.
-Манайд байгаа шд, өгнө өө.
-Тэгээрэй.

Ингээд 1 кг шар будаатай болсон. Дараа нэг амралтын өдөр ахиухан шар будаатай бнаштай цай хийж ууна аа.

Өвлийнхөө амралтаараа нутагтаа оччихоод ирсэн юм. Нутгийн бэлэг гээд халуун ногоотой самар, хатаасан гахайн мах авчирч өгсөн.

Борц гэснээс манай борц бас их амттай байна гэсэн. Өвөр монголын борц бас их алдартай гэсэн.

Найзын авчирсан шинээр худалдаанд гарсан шар айргыг уув. Их сайхан амттай байсан. Хажуугаар нь улаан виногоо ч шимсэн. Цаг харсан нэлээд орой болтол ууж, хуурч хөөрч сууцгаасан байна лээ. Бага зулзага тэдний охинтой нь оригами хийж, бөмбөгөөр тоглож өнжсон.

Харихад нь найзынхаа хань ижилд нэхсэн оймсноосоо бэлэглэсэн. Эртээд амлачихсан байсан  юм л даа. Хөл муутай, хөл нь их даардаг гэсэн болохоор нь оймс нэхэж өгсөн хэрэг.

Гэх мэтээр банш бууз, хуушуурны улирал эхэлчихээд байна аа. Цагаан сар ч дөхөж байна, хэдэн бууз чимхэж хөлдөөж тавихгүй бол. Энэ жил зочид ихтэй байж магад.

Бууз чимхэх их ажилд нь амжилт шүү уншигчид аа.

Saturday, January 13, 2018

Синхрон орчуулга аа гэж

Содэкава Хироми "Синхрон орчуулгыг хаяж чадахгүй нь" гэдэг ном. Их цаг зарцуулж уншлаа.

Цаг зарцуулж гэдэг нь ухаж төнхөж уншсан гэсэн үг биш шүү. Надад ахадсан ном байлаа. Гарчиганд нь болоод сонгочихсон чинь буруудсан.  Мундаг хүмүүсийн номыг уншвал би өөрөө ч мундаг болчих юм шиг санагдаад л тэр. Хэ хэ. Хүүхэд юм шиг хэлчихэв үү?

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол ч гэж бодох үе бий шүү тэ?

Номны тухай ярьж байснаа далийж байна. Номын зохиогч нь олон жилийн туршлагатай мундаг орчуулагч хүн байна өө. Хийсэн ажлуудыг нь уншаад л шууд биширч алмайрсаар л уншиж дуусгалаа.

Номдоо өөрийн олон олон туршлагаасаа бичжээ. Мундаг мундаг хүмүүсийн орчуулгыг, мундаг мундаг нэвтрүүлгийн, мундаг мундаг ярилцлагын, за ер нь мундаг мундаг орчуулга хийсэн, хийсээр ч байгаа хүн байна аа.

Сэдвүүд нь дандаа миний чадахгүй, тааруу, сонирхдоггүй сэдвүүдийн орчуулга. Гадаад хэл сурна, тэр дундаа орчуулга хийж чаддаг байна гэдэг чинь хэцүү хэцүү, хэлүүлэлтгүй. За дээрээс нь сонирхолгүй бол бүр ч явцгүй. Боддог юм, цаанаасаа орчуулга хийхээр төрчихсөн улс байх юм билээ.

Монгол япон хэлнээс синхрон орчуулга хийдэг хүн мэддэг юм, гайхалтай мундаг. Өөр магтах үгээ олж ядаж байна л даа. 4 жилдээ нэг удаа яаж ийгээд тэр орчуулагчдын орчуулгыг сонсох боломж олддог юм. Үг гэж урсаад л байна шүү дээ. Монгол нь монгол хэлээ ёстой сайхан урсгана, үгээ оноож гаргана. Япон нь ч тэр япон хэл гэж урсаж өгнө. Хэ хэ. Монгол япон 2 хоёр орчуулагч ирдэг юм. Ээлжлээд л ёстой сайхан гар нийлж ажилладаг шиг санагдаад байдаг юм. Тэдний дунд орж ажиллавал ч их зүйл сурах байхдаа тийм ээ. Тийм завшаан хэзээ нэгэн цагт айлчлан ирээсэй гэж залбирчихъя өө. Хи хи.

Синхрон орчуулга хийе гэж бодсон ч сачий минь хүрэхгүйг мэддэг тул ийм орчуулга хийхгүй ч, энэ тухай бичсэн ном цаашид ч уншаад явах санаатай, өөрөө өөртөө амжилт, мөн та нартаа ч амжилт хүсье ээ.

Wednesday, January 10, 2018

Чадах уу? Та нар

За та нар чадах уу? Энэ гайхлыг. Эртээд охид ном аваад байхаар нь тэсэхгүй лангуун дээр байсан энэ шоог худалдаад авчихсан.

Хэдэн өдөр ноцолдов. Бүтнээр нь эвлүүлж сураагүй л байна. Залуу явахдаа чаддаг байсан юм аа. Мартсан байна.

Том зулзагатайгаа булаацалдан барин хэдэн өдөр барьж суув. Бага зэрэг ажлын садаа болж байгаа. Гэхдээ тоохгүй ээ. Ухаалаг утас маажиж байгаа биш тэ. Хи хи.

Гэм нь гэрт хөглөрөөд байгаа нэхмэлийн утсаа бүгдийг нь оймс болгох зорилгод минь садаа болчих гээд байна л даа. Тийм болохоор цаг нартай л үзэж тарах хэрэг гарч байна.

Бага зулзага одоогоор хамгийн дээд эгнээний өнгийг л эвлүүлэх гэж оролдож байгаа. Бодоод, хэцүүдээд, хөмсөг нь зангирахыг нь харахаар хайр хүрээд байгаа. Хэ хэ.

Том зулзага хэд хэд эвлүүлээд авсан. Залуу хүний толгой арай өөр байгаад байна уу? Бууж өгөхгүй дээ гэж бодож энэ тэр. Хэ хэ.

Заавар нь цуг ирсэн л дээ. Хараад ч чадахгүй байгаа. Хэ хэ. Япон хэл сураад л гүйгээд байгаа гэж өөрийгөө дөвийлгөдөг хүн иймхэн юм ухаж ойлгохгүй буйдаа гутарч энэ тэр. Хи хи.

Эвлүүлж сураад, хэлнэ ээ. Хэзээг нь бүү мэд...

Өөртөө амжилт хүсье...

Tuesday, January 09, 2018

Хичээл эхлэв ээ

Өвлийн амралт дуусч хичээл ном эхлэв. Ээжийн нар гарч байна.

Бага зулзага л жаахан паянтай дөө. Даалгавраа хийчихсэн гээд томроод байсан нөхөр яасан? Урд орой нь нус нулимсандаа хутгалдан байж шөнө дөл болж байхад хүчээр дуусгаад, уран унших гэх мэт даалгавраа өглөө нь босч хийхээр болоод, унтахаар хэвтлээ. Хэ хэ. Мартчихсан л гэсэн шүү дээ, харилцах дэвтрээ сөхөн харснаар санаж гэнэт ухаан орсон нь тэр.

Дунд нь нэг үглэж барих гэснээ ер нь нэг удаадаа ингэж өөрөө байдалд орвол хойшид цагийг нь тулгахгүй юм болов уу? гэж бодоод гүрийсэн. Даалгавраа хийж байгаа биз? гэж амаараа л үглэсэн болоод явсан.

Том зулзага эрх биш, өөрөө өөрийгөө болгож байх шиг. Ахлах сургуульд орох гээд толгой өндийх завгүй хүн байна. Ийш тийш дагуулж орж гарахгүй, өөрсдөө сэмээрхэн гараад сэмээрхэн ирж энэ тэр.

1 сарын 6-нд нэг хувийн ахлах сургуулийн шалгалт өгсөн. Бэнто буюу өдрийн хоолоо авч яваад бүтэн өдөржин л шалгалт өгсөн. Хэцүү байсан гэсээр л орж ирсэн. Ямартай ч алдсан юм зөндөө байна аа л гэсэн. Өө аль алдаж онохыг тэр гэдэг юм тэ? Ээж бол 10 жилд тийм гоц гойд байгаагүй дэг. Эх орны алтан гурав л байсан даг. Хи хи.

Гэхдээ үүнийгээ хэлээгүй л дээ. Нууц. Сонсчихвол та эх орны алтан гурав л байсан гээ биздээ? гээд хичээл хийх дургүй болчихно шүү.

Хүүхэд томрох тусам асуудал нь томордог гэж юутай үнэн? Ижий аав хоёр минь бидний том асуудлыг хэрхэн даван туулж гарсан юм бол доо? Асууя байз? Ухаарч амьдрах хорвоо гэж...

Гэснээс хоёр зулзага цагаан сарынхаа гарын бэлэг болох мөнгөөрөө ганц нэг зүйл худалдаж авсан. Бага зулзага
-Ээж битгийн хажуунаас энэ нь хэрэгтэй, энэ нь ч гоё гээд яншаад байгаарай гэж гэрээс гарахын өмнө захиж захиж гарсных өөрийн дуртай номоо авч сэтгэл хангалуун байгаа.

Том зулзага улсын харъяа ахлах сургуулиудын өмнөх жилүүдэд авч байсан шалгалтуудын түүврийг худалдаж авсан.

 Ээж бас нэг юм авсаан. Юу авснаа дараа зураг хөрөгтэй нь оруулна аа. Гайхуулна аа та нартаа. Хэ хэ.

Түр баяртай. Мартсанаас бусад блогчид хаачив аа. Таг чиг, хааяа нэг орж гарах л юм та нарынхаараа...

Wednesday, January 03, 2018

Ажил эхлэв ээ

2017.12.29-нөөс эхэлж амраад 2018.1.4-нд ажил эхлэв.

Юу хийж амрав гэхээр, идсэн, унтсан, уусан, нэхсэн, уншсан. Ингээд л бол оо.

Юу нэхсэн нь ойлгомжтой.

Юу идсэн нь ойлгожтой. Энэ жил том зулзагаа манаад гэр зуур амарсан тул хөргөгчөө эргүүлсэн шиг л өнжив. Хань ижил, бага зулзага хоёр хөдөө агаар салхинд гарсан. Цагаан сар нь тул олон олон зоостой ирсэн. Эгчийнхээ зоосыг хүртэл нэхэж байгаад аваад ирсан байсан. Ха ха.

Юу уусан бас л ойлгомжтой. Улаан виногоо унтахаасаа өмнө халбагаханыг уучихаад л унтаад байлаа.

Юу уншсан нь ч ойлгомжтой. Ном уншина. Хэ хэ. Ямар ном уншаад байгаагаа мэдээж тусад нь оруулна аа. Тэвчээртэй хүлээгээрэй та нар минь.

Одоо ч гялалзуулаад өгнө дөө гэсэн итгэл төгс л байна. Явцын дунд мэдээж хэд хэд шантраад авна аа яаж зүв зүгээр байхав тийм ээ.

Нээрээ нэг ширхэг ганган улаан цамц худалдаж авсан юм байна. Хямдрал гомдчих гээд байхаар нь. Энэ жил дахин худалдаа хийхгүй гэж бодож байгаа. Нэг зүйл нэмж авахаараа нэгийгээ актлах гэж үзэж байгаа.

Мөн оноор хоёр аяга хагалсан. Орных нь аягыг авахгүй. Хэтэрхий олон шаазан бас дэмий юм. Өө тийм, бага зулзага нэг хуванцар аяга олоод ирсэн байсан. Бас л хямдралынх гэсэн. Хэ хэ.

Өөр юу билээ. Бичих зүйл олдохоо байлаа, өндөрлөхөөс. Хэ хэ.

Tuesday, January 02, 2018

Паян

Шинэхэн оныхоо паянгаас бичнэ ээ. Паян гаргасан нь хуучин онд л доо.
Яасан гэхээр? Энэ зургийг хараад ойлгомжтой.
Голынх нь оймсыг аль жилийн өмнө гэхээр 2016 онд нэхэж тавьчихаад өрөөснийг нь нэхэхгүй л яваад байлаа. Тэгээд 2017 оны сүүлээр онгод минь бууж ирээд оймс нэхнэ гэдгийг үзүүлж өглөө. Бэлэглэх хүмүүсийнхээ оймсыг дуусгачихаад, энэ жилийн өмнөх оймсныхоо өрөөснийг нэхлээ.

Үр дүн нь энэ. Томдуулчихав. Их сул нэхсэн бололтой. За яахав, хоёр хом оймс л болгочихъё гээд л дахин нэгийг эхэллээ. Үр дүн нь энэ. Багадуулчихлаа. Зүүнийх нь дугаар өөр байсан юм болов уу гэж таав.

Ингээд 3 хос оймс болгохоор сэтгэл шулуудаад л сууж байна. Том зулзага сонсчихоод дипекттэй бараагаа нааш нь чулуудчихөө гэсэн.

Монголд буй ээждээ хэлсэн чинь нааш нь шуудандчихөө гэсэн. Хэ хэ.

Миний хариулт
-Утас нь дууссан бол өгөөд явуулахсан. Харамсалтай нь утас нь дуусаагүй тул дахиад ижлийг нь нэхээд тавьчихаар эзэн нь дорхноо олдоно шүү дээ.

Эрэгтэй хүнд өгөх байх даа, их том оймс болсон 3-лаа. Сүмо агаа нартаа өгөх үү? Том хөлтэй япон өвөө нар таарвал өгөх үү? Гэснээс миний танил япон өвөө нар бүгд жаахаан, зайлуул. Хи хи.

Үлдсэн 3 оймсоо нэхлээ, түр баяртай...

Monday, January 01, 2018

Шинэхэн оны мэнд

Шинэ оноо сайхан угтсан биз дээ, түмэн олон минь.

Би ч сайхан угтлаа. Олон ч найз нөхдөөс минь ширхэглэн будрах цастай гээд л мэндчилгээ ирлээ. Хэ хэ. Баярлалаа, хайртай шүү та нартаа.

2018 ондоо их зүйл амлаж, том зүйл мөрөөдөхгүй ч блогоо бичээд явахаа амлаж байна. Бас аяга угаагчээ нэхээд л явна аа.

Өөрөөр том зүйл амлаж чадахгүй нь ээ хараахан. Номоо бас уншаад л явах санаатай. Овоо хэдэн ном цугласан байгаа.

Шинэ ондоо уншигч олон та нар минь амжилт бүтээлээр дүүрэн байж, эрүүл энх байх болтугай.
Ингээд хайртай ээж аавынхаа хийсэн бүтээлээр блогоо чимнэ ээ. Үүнийг харсан охид минь өхөөрдөөд байсан. Миний эмээ өвөө хөөрхөн юм бэ, хурдан уулзах юмсан гээд л. 

Гэснээс зураггүй бичлэг оруулах гэхээр нэг л зүйл дутагдаад байгаа юм шиг санагддаг болж. Зураг түүх өгүүлнэ ээ гэж. Эргээд дурсахад сайхан шүү, зураг гэдэг чинь...

Мэндчилгээ

Уламжлалт бичиг.

Энэ жил залхуурч яваад нэлээд оройд бичсэн. Том зулзага шалгалт шүүлэг гээд их зан гаргаад, Хэ хэ. Тэгснээ өөрийнхөө явуулах хүндээ бол хугацаанд нь бичээд шууданд хийчихэж байна даа. Одооны энэ хүүхдүүд бас их аминчхан болж байна шүү. Яалтай билээ?

Нөгөө өнцгөөс нь харвал өөрийнхөө, өөртэй нь хамааралтай зүйлсээ эцэг эхийн гар хараад байлгүй амжуулж байгаа нь зөв ч юм шиг. Ингээд л ээжүүд хүүхдийнхээ талд ороод байдаг юм шүү тэ. Хэ хэ.

Ямартай ч нэг бичээд эхэлчихбэл гялс л даа. Дунд нь мэдээж ханз энэ тэрээ буруу бичээд засдаг гэж байгаа. Хэ хэ. Энэ жил арай гайгүй алдсан гэж өөрийгөө үнэлэв шд.

Одоо тэгээд 1 сарын 1-нд хэнээс, хаанаас ил захидал ирэв гэж горьдох, хөөрөх л үлдлээ.

Оноо сайхан угтаарай...