Monday, March 14, 2016

Хүүхэлдэйн жүжиг

2 зулзагатайгаа улиралд нэг удаа хүүхдэд зориулсан жүжиг ший үздэг юм. Нэг танил эмээ билет өгдөг юм. Хайр хүрмээр, хэхэ. Уг хүн нь бол өөрөө жаахан ааштай л даа, хааяа уур хүргээд байдаг болохоос. Гэхдээ зулзагуудад минь сайн сайн.

Сая хагас сайнд үзэж таараад. Энэ тухай заавал бичлэг оруулах юм байна шүү гэж бодогдов. Учир нь энэ жүжиг шийг хүүхдэдээ үзүүлэх, тэдний нүдийг нээх зорилгоор эцэг эхүүд нь өөрсдөө санаачилж байгуулсан байдаг юм билээ.

Тэгээд тусгай нийгэмлэг болгоод, гишүүн элсүүлээд, сарын төлбөр гэж хураагаад. Бүс бүсээрээ хариуцагч томилоод, улирал бүрийнхээ жүжгийн агуулгыг шийдэж ярилцаад, холбогдох хүмүүстэй нь холбоо энэ тэрээ бариад, урьж тоглуулдаг юм билээ.

Дандаа жүжиг ший байна гэж байхгүй, хааяа концерт тоглоно. Хааяадаа хүүхдүүдийг оролцуулсан танин мэдэхүйн сургалт маягийн зүйл ч байна.

Энэ бүхнийг эцэг эхүүд өөрсдөө сонгоно. Мэдээж хүүхдүүд юунд сонирхолтой байна, тэдний хүмүүжилд юу ихээхэн хэрэгцээтэй байна зэргээ ярилцаж шийддэг гэсэн.

Насных нь онцлогт тааруулаад цагийг нь үдээс өмнө, үдээс хойш гээд зарлана. Билетээ хаягдал ил захидал зэргийг ашиглаж хийнэ. Нэг удаагийн тоглолт дууссаны дараагаар үүдэнд эцэг эхүүдийн хийсэн амттан, гар урлал зэрэг зүйлийг худалдаална, санал асуулгын хуудас тарааж түүнийгээ хураана.

Хүүхэлдэйн тоглолт нь их хөөрхөн санагдаад байдаг юм. Бүх л зүйл нь гараар хийсэн. Сэтгэл шингэсэн бүтээлүүд байна. Заримдаа зураг дарж ээждээ явуулна. Цэцэрлэгийн багш нарт гарын авлага болох гэж бодсоны үүднээс жижиг гэлтгүй зүйлийн зургийг дардаг юм.

Энэ удаад зураг дарж амжаагүй. Болохгүй гэж сануулсан учраас.

Би нь багадаа сургуулийн зуны амралтаар хүүхэлдэйн театрт жүжиг үздэг байсан минь санагдаад байдаг юм. Ангиараа бөөнөөрөө хөгжилдөнхөн алхдаг байсан хүүхэд нас минь сайхан шүү...

Тэгээд л боддог юм, энд эцэг эхүүд зөвхөн багш нараас, сургууль цэцэрлэгээс л юм шаардаад байх биш, өөрсдөө сэтгээд, өөрсдөдөө ажил бий болгоод байх юм. Хүүхдүүдийнхээ төлөө.

Хороо нь ч хөөрхөн хөөрхөн арга хэмжээ их зохиох юм. Цаг зав нь байдаг бол ч бүгдийг нь үзээд үзээд явчихмаар. Нэгт нь очиж амжаагүй бол дараагийнхад нь заавал очих юм шүү гээд л аль болох орж гарахыг хичээнээ.

Агуулга нь хааяа мэддэг сэдвээр тоглодог ч сэтгэлээ шингээж урласан хүүхэлдэй , тайзны чимэглэл энэ тэрийг нь харахаар биширмээр, гайхмаар, бахархмаар шүү...

2 comments:

  1. мундаг юмөөө

    ReplyDelete
  2. hehe, end mundag yum zunduu bna...

    ReplyDelete