Sunday, December 11, 2016

Бууз болон будаа

Бүтэн сайнд нэгэн газар урилгаар очиж, бууз хийж идлээ шд. Эртээдээс хойш урьж залаад байхад нь завгүй гүйсээр байгаад сая амралтаар очоод.

Хань ижил гольфтой гээд яваад өгсөн. 2 зулзагатайгаа бууз хийв. Бас нэг монгол залуу, нэг япон залуу тусалсан юм байна.

Айлын самган нь будаа жигнээд л түүнийгээ элдэв юмтай хольж бөөрөнхийлөөд л таваглана. Их амар хоол оо энэ нь. Яаруу үед бол элдэв амтлагчтай холиод л бөөрөнхий хэлбэртэй болгож нэг тавиад. Гурвалжин хэлбэртэй болгож нэг тавиад л.
Онигири гэнэ. Япон эмээ нар бол ингэж гурвалжинг хийхдээ гаргуун. Би арай л хийж чадахгүй. Бөөрөнхийг бол сайн хийнэ. Хэ хэ. Багадаа элсээр бөмбөлөг их хийдэг байсны ач гавъяа? байх.

Гурвалжинг хийхэд гэхдээ бас ядаад байх юмгүй ээ. Тусгай хэв байдаг юм. Тэр хэвэнд хийж байгаад гаргаад ирэхэд гоё гурвалжин хэлбэртээ будаа болно шүү дээ.

Эд заримдаа яарсан үедээ, өдөр хоол идэх завгүй үедээ нэг ийм будаа идээд л болоо. Би ч бас тэгнэ. Цайны цагаар хувийн ажил хөөцөлдөх тохиолдол зөндөө гарна. Тийм үед энэ будаа гол зогооно шүү дээ.

Бууз чимхэх зуураа бодно, эдний энэ амархан хоол ч амар шүү. Манай бууз хуушуур ч ажиллагаа их орох юм даа гээд л.

Болчихсон хойно нь ч хүмүүс амаа олохгүй иднэ л дээ. Амттай шимттэйг нь гайхаад. Магтаалын үг сонсохоор өнөөх ажиллагаа ихтэйг нь гайхаж байснаа ор тас мартаад дахин хийж иднэ ээ бүгдээрээ болчихсон явна. Магтаалд үнэн дуртай гэж...
Өвлийн улиралд гардаг жимс. Хаа байсан урд зүгийн мужаас найзууд илгээсэн мандарин. Өөрсдийнхөө модноос хураасан гэсэн. Дээжээс нь найзууддаа гээд явуулсан байсан. Сэтгэл их хөдөлсөөн. Хэ хэ. Ер нь энд илгээмж авах их гоё мэдрэмж төрдөг юм. Илгээмж явуулах ч бас гоё. Хүлээж авах хүмүүс маань яаж баярлах бол гэж бодохоор.

За за баахан идэж уусан л бичлэг болох юм. Гэхдээ япон хүмүүст эх орныхоо тухай ярингаа, монгол амт амсуулангаа идэж уудаг тул өөрийгөө зөвтгөөд л сууж байна. Яриаг минь сонсоод, буузыг минь идэж үзээд ерөөсөө Монгол явъя гэх хүмүүс зөндөө гарах байх тэ.

Эдний бас нэг сайхан үзэл нь гадаад харилцаа гэдэг бол зөвхөн нэг тал нь гуйлга гуйгаад, зөвхөн нэг тал нь л дэмжээд байх биш. Иргэд хоорондын нөхөрсөг харилцаа чинь л гадаад харилцаа байхгүй юу гэдэг үзэл. Санал 200 хувь нийлдэг юм.

Ирэх долоо хоногт нь амжилт. Өөртөө бас амжилт. Нэг чухал ажил байгаа...

No comments:

Post a Comment