Thursday, December 01, 2016

Хүн төрөлхтөнд өргөх үг

1983 оны Болор цомын эзэн. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж.

Хүн төрөлхтөнд өргөх үг

Анхаараарай
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа

Боллоо. Цаг боллоо
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо

Америкийн Цагаан ордонд
Аюулын хар дайн амиллаа
Амьдралын чин халуун зүрхэнд
Атомын цэнэгтэй пуужин ониллоо

Өчигдөрхөн хагацлын нулимсан дунд
Өрлөг дэлхийд минь
Өнчрөлийн хар нөмрөг өмсгөсөн
Өнөөх гайхал дайн

Худалчийн дайзтай сумаар тоглож
Хувь заяагий чинь дахиад л
Хутганы ирэн дээр тавилаа
Хагас зуун сая хүний
Хайрын дуу, ханийн жаргалаар
Хар цэцэг хэлхэж үхэлд бэлэглээд
Хаан санаа нь ханаагүй, цадаагүй

Өтөл империализмын алтан зоосноос
Өс, цус хоёроор амлаж
Өршөөлгүй гай гамшгийн дайн
Өнөөдөр галаар амьсгалж эхэллээ.

Амьдрал жаргалын гайхамшигт хувьтай
Алтан нарны ганц охин
Алаг дэлхий ээжээ та бид
Атомын түймэрт шатаах гэж үү?

Үгүй ээ
Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний
Хугаршгүй ноён нурууг тулсан
Хувь заяагаа та бид
Хумхын тоос болгох гэж үү?

Үгүй ээ
Хайр дурлал, айл гэр
Хаврын цэцэг, алаг үр
Хамаг сайхан бүхнээ та бид
Халуун цөмд хайлах гэж үү?

Үгүй ээ
Энэ дэлхийд анхны ээж
Энхрий үрдээ бүүвэй зохиохдоо
Эцсийн удаа чи дуул гэж
Эдүгээ үеийнхэнд захьсан гэж үү?

Үгүй ээ
Гал олсон азтай улс
Гараа халаан атгаж ирэхдээ
Газар дэлхийг хожим хуйхлах
Гайтан гарна гэж бодсон гэж үү?
Үгүй ээ

Хол ойрын эцэг дээдэс минь
Хойч үедээ бүрэлгүүлэхийн тулд
Хот барьж, тариа тарьж
Хорвоод өөрийгөө элээсэн гэж үү?
Үгүй ээ

Хүй удмаа, гал голомтоо тэд
Хүсэлтэйгээ, ухаантайгаа бидэнд өвлөхдөө
Хүн төрөлхтний шинэ үед та нар
Хүргэж өгөөрэй гэсэн биз дээ?
Тийм ээ

Сайн ерөөлийн цэнхэр хадаг
Сакүра модны цэмцгэр цэцэг
Сарны сонат, нарны дуулалд
Сайхан сэтгэлээ орхисон биз дээ?
Тийм ээ

Эрх чөлөөгүй америкчуудын шүтдэг
Эрх чөлөөний титэмт хөшөөнд
Энхийн бамбар өргүүлсэн болохоос
Эрлэгийн илд бариулаагүй биз дээ?
Тийм ээ

Хатынь, Осаенцим, Бухенвальдын
Хастай авс, цустай мэс
Харангын түгшээ, зүрхний лугшааг
Хараахан мартах болоогүй шүү дээ
Тийм ээ

"Авралын хаан" өнөөдөр тэгтэл
Атомын бөмбөгтэй өлгийд мэндэлж
Америкийн ширээнд өөрөө тодорч
Амьтныг ачилж жаргуулах юм гэнэ.
Худлаа

Азид, Европт, Африкт
Анголд, Никарагуад, Ливанд
Агаарт, усанд, газарт түүний
Ашиг сонирхол байгаа юм гэнэ
Худлаа

Орчлонг тэр "коммунизмын аюул"
"Оросын аюул" гэгчээс аварч
"Октябрын хувьсгалаар алдсан эрхий" нь
Орон дэлхийд авчирч өгөх юм гэнэ
Худлаа

Энэ муу санаандаа хүрэхийн тулд
Эхлээд бусдын гарыг хүлж
Эзэд нь үхэж, эд нь үлдэх
"Энэрэнгүй" дайнд ялах юм гэнэ
Худлаа

Үнэн манай талд байна
Үүрд дэлгэрэх алсын хувьтай
Үхлийн бус амьдралын хуультай
Үнэн манай талд байна
Үнээн

Аливаа дайны мөсийг хагалагч
Ажилчин, тариачны улаан
Аврора Аугаа их Зөвлөлт орон
Ард түмний ирээдүйг түшиж байна
Үнээн

Үр үндсийг таслан хөнөөх
Үхлийн зэвсгийг цаазлан хурааж
Үүрд тогтоох энх тайвны
Үүд ганцхан тэнд л байна
Үнээн

Хүйтэн халуун дайны төсвийг
Хүүхдийн цэцэрлэг, сургуульд гуйвуулж
Хүн төрөлхтөн дэлхий гэртээ
Хүрээлэн сууж амьдаръя гэж байна
Үнээн

Атомын хүчээр ачаа зөөлгөж
Алсын гаригт хөлөг хөөргөж
Айл бүхний тансаг ширээнд
Амтат идээ таваглая гэж байна
Үнээн

Москвагийн цаг
Эрин үеийг тоолж байна
Москвагийн зүг
Эвийн маыг зааж байна
Москвагийн үг
Эхийн санааг багтааж байна
Москвагийн туг
Энх тайвныг тогтоож байна

Анхаараарай
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Бодох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Аажуурвал аюултай
Амь нас байтугай
Амьтны гэрэлт ертөнцийг
Алдаж болох аюултай
Тэр жил Хирошима, Нагасакийг
Тэнгэртэй нь, газартай нь шатаасан
Тэнэг эздийн толгойгүй гар
Тэсрэх бөмбөгийн товчин дээр байна
Эрүүл саруул ухаанаар
Эвлэлдэн нэгдэцгээе
Энх тайвны төлөө
Эцсийн тулаанд орцгооё.

1983 он

Ямар ч урт шүлэг хуулаад биччихэв. Цаг үеэ гэж. Одооны хүүхдүүд унших юм бол шүтээн болсон Америк орныг нь муулсан яасан балай шүлэг вэ л гэх байх даа тэ. Би ч багадаа хальт бас уншаад өссөн тулдаа л гайгүй байх шиг байна. Хэ хэ.

Тэвчээр гаргаж дуустал нь уншсанд баярлалаа.

No comments: