Sunday, February 26, 2012

Гэрэл зураг түүх өгүүлнэ


Манзуширийн хийд одоогоос 350 гаруй жилийн өмнө Богд хан уулын энгэрт бууриа засчээ. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Буддын ёсны Оюун билгийг дэлгэрүүлэгч "Манзуширийн хувилгаан" анх МЭӨ 2 зуунд Жагарын орноо тодорч, түүнээс хойш Энэтхэгт хоёр, Түвдэд найм, Монголд таван удаа тодорч залгамжлагдсан түүхтэй. "Монгол нутагт анх тодорсон Манзушир хутагт нь хөхөгчин гахай жил буюу 1695 онд Хөх нуурын газар мэндэлсэн Агваан-Лувсанжамбалданзан юм" гэж түүхэн сударт тэмдэглэн үлджээ. Түүний үндэслэн байгуулсан Манзушир хийд нь монгол дахь шарын шашны том тувүүдийн нэг байв. Халхын анхны Манзушир хутагтаар тодорч Түвдэд ном эрдэм сурч асан Агваан-Лувсанжамбалданзанг 1714 онд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар Монголд урин авчирч, өөрийн багшаар залсан тухай домог байдаг.

Жич: Монголын үнэн сонин 2011 оны 10 сарын 24 дугаар 207-д хэвлэгдсэн гарсныг блогтоо оруулав.

Friday, February 24, 2012

Чин Ван М.Ханддорж


Хуулан бичлэг хийе дөө. Монголоос ирсэн сонин дотор байсан юм. Хаячихаж чадалгүй блогтоо оруулав. Монголын үнэн сонингийн 2011 оны 10 сарын 24-ний өдрийн дугаар 207 дээр гарсан байна билээ.

Мартах учиргүй гавьяа

Ханддорж 1869 онд Булган аймгийн нутагт үе улирсан угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэндоржийн хүү Минжигдоржийн гэр бүлд төржээ. Соёлт яүгууртан гэр бүлд хүмүүжиж монгол, манж, хятад хэл бичиг заалгаж хожим нь орос хэл сурчээ. Багаасаа төрийн хэрэгт хичээнгүйлэн зүтгэж 1892 онд хошуу засаг, хошой чин вангийн тушаал хэргэмийг найм дахь үед залгамжлан авч улсын хэмжээний төрийн хэрэгт идэвхийлэн оролцож эхлэв. М.Ханддорж Улиастайн жанжнаар удаа дараа жасаалж, 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжнаар ажиллаж байв. Тэрээр Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очиж ажиллаж байснаар Манжийн Монголд явуулж байсан ноёрхол мөлжлөгийн мөн чанарыг илүүтэй мэдсэнээр Манжийг эсэргүүцэх үзэл санаа төлөвшин бүрэлджээ. "Шинэ засгийн бодлого" гэгчээр манжийн дарлал мөлжлөг улам хүчтэй болж, ард түмэн үгүйрэн ядуурч, уламжлалт түүх соёл, төр ёс мөхөлд хүрч байв. 1911 оны 8 сарын 15-нд Петербург хотод очсон Монголын төлөөлөгчид Ором улсын Гадаад явдлын яамны сайд, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг өндөр албан тушаалын хүмүүстэй уулзан ярилцжээ. Оросын засгийн газар Алс дорнодын асуудлаар онцгой зөвлөлгөөн хийж "Монголоос Дайчин гүрэнтэй тогтоосон сюзеренит холбоог таслалгүйгээр, үндэсний байдлаа хамгаалах гэсэн Монголын эрмэлзлэлийг дипломат замаар дэмжих" гэсэн шийдвэр гаргаснаар төдийлөн дэмжлэг авч чадсангүй. Хятадаас бүрэн тусгаарлах гэсэн М.Ханддоржийн санаа бүрэн биелэгдээгүй ч Бээжингээс явуулж буй аливаа хүчирхийллээс өмгөөлж, хамгаалахаа Орос улс амлажээ. Чин Ван М.Ханддоржийг Орос улсаас буцаж ирэхэд Бээжинд ажлаар дуудсан боловч тэрээр очихыг цааргалж "өвчтэй байгаа" гэсэн хариу явуулжээ.
1913 оны 2 сарын 3-нд Монгол цэргийг бэлтгэн сургах тухай Монгол, Оросын хэлэлцээрийг хийжээ. Уг гэрээнд "Их Орос улсын хаан эзний хэргийг шийтгэх газраас тусгайлан гаргасан Иван Кростович Монгол улсын хаан эзний Засгийн газраас тусгайлан гаргасан дотоод хэрэг олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захиран сайд түмэнхэн номун эзэн сайн ноён хан Т.Намнансүрэн, шадар сайд цэргийн хэргийн захиран шийтгэх яамны сайд, бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд засаг төрийн эрдэнэ далай жун ван Гомбосүрэн зөвлөн хэлэлцэж Монголын цэрэг бэлтгэн сургах гэрээ бичгийг байгуулав" гэжээ. 1913 оны 3 сард Монголын гадаад хэргийн яамнаас Оросын малын эмч нартай хэлэлцээ хийхэд Чин Ван М.Ханддорж оролцож байв.
Түүнийг Халхын дөрвөн ханы адил ногоон жууз хэрэглүүлэн, давхар пүнлүү олгон дээд зэргээр шагнасан нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд тэргүүлэх үүрэгтэй удирдаж байсныг нотолсон хэрэг байлаа. Чин Ван М.Ханддорж Гадаад хэргийн сайдаар ажиллаж, улсынхаа тусгаар тогтнолыг Орос болон бусад том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, Өвөр Монголыг нэгтгэж нэгдсэн их Монгол гүрнийг байгуулахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ихээхэн хүч тавин ажилласан билээ. Чин Ван М.Ханддорж төрийн бүхий л хэрэгт биечлэн оролцож байсан учир Эрдэнэ шанзов яамны тэргүүн сайд Бадамдорж Чин Ван М.Ханддоржийг Оросын талыг хэтэрхий барьж Монголыг хоцроож байна гэж Богд хаанд хэд хэдэн удаа айлтгажээ. Улмаар 1915 онд тусгаар тогтнолын асуудлаар болсон Хиагтын "Гурван улсын хэлэлцээр"-т зориуд оруулсангүй. Энэ хэлэлцээр нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын эрх зүйн үндсэн дээр бататгах сүүлчийн боломж гэдгийг тэрээр ухаарч сэтгэл зовьниж байв. Хошой Чин Ван М.Ханддоржийн эх орон, тусгаар тогтнолын төлөө хийсэн үйлс бүхнийг мартах учиргүй.

Thursday, February 23, 2012

Гараар хийсэн тоглоомууд




Сая 18-нд багын минь цэцэрлэг нээлттэй өдөрлөг зохиогоод. Ээж аавууд нь очиж хүүхдүүдтэйгээ хамт ангид нь орж тоглож бариад л. За энэ бол багш нар нь гарын дорх материал ашиглаж хийсэн тоглоомууд. Охин минь их хөөрхөн тоглоод айсан. Гэртээ тоглоомуудаа нээх тоохгүй, таавчик, удирдлага зэрэг зүйлүүдийг илүү шохоорхоод байдаг хүн чинь. Ээж нь бас охиндоо хийж өгмөөр л санагдсан. Худлаа байх дөө...
Зураг1. Хүүхдийн сүүний саванд уут оёод угласан байдал. Дотор нь энэ бөөрөнхий даавуугаар хийсэн тоглоомоо (дотор нь нэг юм байгаад байгаан, яг юу гэдгийг нь хэлж мэддэггүй ээ, нэг тийм хуванцар зүйл) нэг хийж нэг гаргаж тоглоод байсан.
Зураг2. Эсгийгээр хийсэн байсан.
Зураг3. Охин минь үүнийг их сажигнуулж тоглож байна аа. Ризенийг нь татаад л бас.

Wednesday, February 15, 2012

Дуусгалаа


арай хийж. Зав гардаггүй. Бас л зэрлэг байж шүү, манай өвөг дээдсүүд. Их олон хэл дээр хэвлэгдсэн гэсэн, тэгээд л монголчууд гэдэг чинь зөвхөн шатаагаад л, устгаад л, хядаад л байдаг улсууд гэдэг ойлголт өгөхөөс ч яахав. Бусад 2 номыг нь олж унших юмсан гэдэг бодол төрсөн. Чингис хаанаас бусад хаадын ахуй амьдрал, байлдан дагуулалтын ном уншсан нь ховор юм билээ бодоод байхад. Хөлгөн хааныг Торопка гэдэг залуу хөнөөчихсөн юм байна ш дээ. Нэг их ач холбогдол өгөөгүй байна билээ. Арга ч үгүй юм биз дээ, орос хүн бичсэн юм чинь. Дээрээс нь бас гарчигнаасаа л Бат хаан гэж бодохоор.

Охины



минь хонхот хүүхэлдэй. Энэнийхээ 2 чихийг амандаа хийчихээд л мөлхөөд байдаг юм. Энэ нь бас ингээд салчихнаа бөгс бөөрөөрөө, хэхэ

Аятайхан өдөр

Мягмар гарагт 91 настай шавь өвөөтэйгөө уулзаад. Ойрд уулзаагүй байсан болохоор сайхан байлаа. 10аад жилийн өмнө монголд оюутан байхдаа явуулж байсан захиаг минь одоо болтол нандигнан хадгалдаг, үзүүлээд. Өөрийн бичгээ харсан чинь инээдтэй санагдсан шүү. Монголд очихдоо танилцсан ганц нэг хүнд одоо болтол сар шинийг тохиолдуулаад мэндчилгээ явуулдаг юм. Би тэрнийг нь монголоор бичиж өгдөг юм. Цагаан сараас өмнө түүнийгээ явуулах гээд би цаг гарган өвөөгийнд очоод. Өвөөгийн бичиг хэргийн нэг жижиг өрөөнд баахан буу халж суув.Би нөхрийн захирлыг ховлож энэ тэр. Өвөө маань тэр яасан хуучинсаг үзэлтэй хүн бэ гээд надтай ижил санаатай байсан. Их олон ном байнаа, бараг тэр чигээрээ ном байсан. Бас явсан газрынхаа дурсгал болгож авдаг жижиг дурсгалын зүйлс дүүрэн байсан. Мэдээж монголых бас байсан. Нээрээ зарим нэг япон айлд ороход одоо манайд ховор болсон харин дээхэн үед айл болгонд байдаг байсан шаазан морь гэх мэт зүйлс өрөөстэй байдаг юм. Их дотно санагданаа тэр нь. Одоо ийм ном уншиж байгаа, тийм зүйлд суралцаж байгаа гэж ирээд л ярина, их гоё.Би хөгширчихлөө гэсэн үг унагахгүй. Гэхдээ энэ удаад нас ахихаар сонингийн хайчилбараа хийхэд хүртэл их цаг орох юм аа гэсэн хэхэ. 90 гарцан байж нас ахих шүү.


Өвөөгийн сургаалиас хэлэх үү?

Өвөө өдөр тутмын захиалсан сонингоо хаядаггүй, хэрэгтэй гэсэн зүйлээ төрөлжүүлж хайчлаад цуглуулдаг гэнэ. Дараа нь харжээ байхад бараг томоохон гарын авлага толь бичиг шиг юм болчдын, их зүгээр гэнээ.

Биднийг бага байхад ээж минь бас сонингийн хайчилбар цуглуулж бид наадаг байсан минь санагдлаа. Бичгийн цаасыг үдэж зузаан дэвтэр болгоод наадагсан. Өвөө харин орчин үеийн хүн юм болохоороо ууттай хавтсанд хийгээд хадгалдаг юм билээ.

Охиноо цэцэрлэгээс нь авах цаг болчихоод бидний уулзалт өндөрлөв. Ойрын үед уулзаж өдрийн хоол идэхээр тохиролцоод өвөө минь намайг гаргаж өгсөн.

Monday, February 13, 2012

Нээрээ

би энэ Эрлийз гэдэг номыг уншиж байсын байна лээ шд. Уншиж эхлээд нэг л уншсан юм шиг санагдаад болдоггүй ээ. Тэгээд блогтоо тэмдэглэж үү гээд хайсан алга байсан. Бодвол блог бичиж эхлэхээсээ өмнө уншсан байж ч магад. Гэснээс блог бичээд 6 дахь жилдээ явж байгаам билээ. Энэ блог чинь их зүгээр санагдсан шүү. Хэ хэ. Мартсан юмыг сануулаад. Уншсан номыхоо тухай бичлэгүүдийг харжээ байхад би ийм ном уншсан билүү, энэ дээр ийм юм гардаг билүү гэж эргэж санаад л. Хойшид ч нээх сүртэй тэмдэглэж бариад сүйд болж амжихгүй ч гэсэн ядаж зургийг нь оруулж байя гэж бодсон.
Та бүхэн ч гэсэн тэгж байгаарай.
Мартсанаас их л залуугаараа явчих юм даа гээд л харамсаж байна аа. 48хан нас. Хэний тухай ярьж байгааг ойлгож байгаа биз дээ.

Thursday, February 09, 2012

4 мөртийн үргэлжлэл

Залуугийн явдлаа хожмоо бодоход ичмээр юм их ээ
Залуугийн явдлаа дотроо тунгаахаар жигшмээр юм олоон
Гэвч чи үүнийгээ өөрөөсөө бодож олсноороо
Гэгээн үүрийн туяаг сэтгэлдээ харвуулж буй нь тэр ээ.

Далай далай давалгаална
Сэтгэлийн минь эрэгт ирж эвхэрнэ
Сэтгэл сэтгэл давалгаална
Далайн эрэгт тулж номхорно.

Бусдын дотор ямар эрдэнэ нуугдаж байгааг
Олж харах сэрэл сэхээгүй хүн
Өөрийн дотор ямар муу юм бугшиж байгааг
онож харах сэрэмж дорой байдаг.

Бүгдийн санаанд таарах хүүхнийг
Бөмбөрцөг дээрээс олно гэвэл
Бүхий л насаараа ганцаараа явна гэж
Бүртгүүлчихээд дараа нь эрвэл таарна.

Ааг сархадын ширээн дээр сэтгэл хөөрөн дарвиад
Алтан намрын зөгий шиг шуугиж байсан нөхдүүд
Алс хожмоо бодоход насны чинь гангар шаазанг
Асгат замын чулуун дээр шидэлж байсан санагдана.

Цэцгийн энэ торгон дэлбээ нэгэн цагт
Цэвэрхэн бүсгүйн уруул ч байсан юм бил үү
Урьдын төрөлдөө чи түүнд дурлаад
Улаан дарс шиг амталж согтсон ч юм бил үү яаран бүү тасд.

Өөрийгөө ихэд бодсон хүн сургааль авна гэж горьдолтгүй
Бусдыг доорд үзсэн хүнээс сайшаал сонсоно гэж саналтгүй
Ёроол цоорхой саванд ус хийлээ ч нэмэргүй
Ерөөл муутай хүнд тус хийлээ ч урамгүй.

Хүний алдаан дээр дөрөөлөхөөсөө өмнө сайныг нь хар
Хүүхний бөгсийг харахаасаа өмнө нүдийг нь хар
Гэм хор хоёрыг сэтгэл дээрээс ялгадаг юм
Гэгээн мунхаг хоёрыг нүдэн дотроос эрдэг юм.

Санчигны минь үзүүрт намар ирсэн ч
Санааны минь үзүүрт хавар айлчилдаг
Зүсний минь өнгөнд үрчлээ нэмсэн ч
Зүрхний угт зун нуугддаг.

Хожмын өдөр орхиод явчих энэ биеийг
Хоолоор тордож торгоор юунд гоёно вэ?
Хоосон дүрсээ толинд хараад баясахын адил
Хорвоод хууртаж өөрийгөө бас хуурч байгаа нь тэр ээ.

4 мөртүүд

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын "Зуун найман эрдэнэсийн эрих" богино шүлгийн түүврээс. нэгэн сонин дээр гарсныг нааш нь хайчлаад явуулсан байхаар нь блогтоо чирээд ирлээ.

Яргуй эрт дэлгэрдэг ч
Яаран буцдаг жамтай
Ямаа түүнийг иддэг ч
Яргуй болдоггүй нь тамтай.

Ганцаараа байхдөө өөрийгөө шинж
Гаднаас биш дотроосоо эр
Зүрхний чинь ховдолд бурхан мэндлэх ёстой байтал
Цусны чинь дусалд аалз сэрвэл яана вэ?

Жаахан л халах юм бол архи нь цаашаа чангаана
Жаргалтай юм шиг хэрнээ зовлон болж хувирна
Өчигдөрхөн л цээжинд сэрж байсан арслан
Өглөө нь хулгана болж зүрхэнд орж үхнэ.

Нагаржунайн шүлэг энгийн мөртлөө утгын гүн нь далай мэт
Налиндара хийдийн тэргүүнийг алтадсан мэт болоод нэн гайхамшиг
Найргийг тэгтэл өдгөө цагт хийвсэр үгийн наадам болгоод
Найрагчийн титмийг луус ч болов толгойдоо зүүснийг үзвэл тэд юу гэхсэн бол?

Задгай амьдралаа зөв гэж боддог хүн бий
Задгй амьдралаа эрх чөлөө гэж бодох явдал бий
Задгай явсны үр эцэстээ боловсорч
Задгай өссөн үр хүүхэд нь задгайрч эвдэрнэ.

Алтан нарны гэрэлд атаархаад ер нэмэргүй
Амьтны орчлонг гийгүүлэхдээ алагчлалгүй тусна
Аяганы амсар зуулгахдаа алгасаад ер нэмэргүй
Ам руу орохын цагт хаанд ч харцанд ч адилхан.

Мэрэгч хулгана үндсийг сэндийлсээр аварга царс унах байтал
Мэргэдийн санаа мянган жилийн настай
Мэдэл ихтэнд тавин жилийн хаанчлал хангалуун атал
Мэхийж сүслэм уул усанд зуун жилийн нас юу ч биш.

Цас гэдэг юу юм бэ?
Чиний залуу насыг аван аван цаашаа давхилдаж байгаа морьд юм
Цаг гэж юу юм бэ?
Чамайг залхууран хэвтэхэд чинь эргэн эргэн харж инээмсэглэсээр явчихаж бүсгүй юм.

Жаргаж нэг үзэхсэн гэж хааяа бодох юм
Зовж үлэхсэн гэж бодож үзсэн үү?
Үгүй юм байна шүү
Үнэндээ чухам тийм дээ
Жаргалын хаалгыг тэгвэл юугаар нээдгийг мэдэх үү?
Мэдэхгүй ээ
Мэдэж авахад гэмгүй ээ
Зовлонгийн түлхүүрээр л тэр чинь онгойдог юм.

Wednesday, February 08, 2012

Эрлийз


гэдэг номоо уншаад дуусгачихсан. Уншихад амар бичлэгтэй ном байна лээ. Зарим япон хэл дээрх ном хэцүү, унших явцдаа яагаад ч юм ядраад байдаг юм. Бодвол ханз энэ тэр ихтэй байдаг байх. Энэ ном аргагүй л хүүхдэд зориулсан байна лээ.
Агуулга нь их хөөрхөөн бас.
Хүүг мэдээ орсон цагаас эхлээд л гэр бүлийн гишүүд гэх юм бол аав нь өөрөө тэгээд нохой нь байсан. Аав нь нохойгоо миний эхнэр гэдэг байсан болохоор хүү ч ээжээ гэж боддог байсан. Хүүгийн ангийх нь хүүхдүүд аавыг нь жаахан сумтай энэ тэр гэж гоочлоно.

Жишээ нь цэцэрлэгт байхад нь багш нь гэр бүлийнхнийгээ зурах даалгавар өгөхөд хүү мэдээж аавыгаа мөн нохойгоо зурна. Тэгэхэд багш нь амьтан зурахгүй, гэр бүлийн гишүүнээ л зур гэхэд хүү энэ чинь миний ээж хэлээд ангиар нэг юм болно. Ангийх нь нэг хүүхэд тэнэг юм уу мангар юм уу? хэзээ нохойноос хүн төрж байсан гээд л. Тэгсэн нэг охин харин өмөөрнө. Манай ээж бас нохойгаа манай гэр бүлийн нэг гишүүн гэдэг юм чинь гээд л.

Тэгсэн нэг удаа нохой нь алга болчихно. Аав нь ажлаа өчнөөн хоног цалгардуулан байж нохойгоо хайна. Аавынхаа уруу дорой царайг хараад хүү тэсэхээ байгаад хамаатныхаа эгчээс ээжийнхээ тухай асууна. Энэ нохой чинь миний жинхэнэ ээж биш биз дээ, миний жинхэнэ ээж хаачсан юм бэ гэж ирээд л.
Жинхэнэ ээж нь ааваас нь үе мултарсан дүү залуухан хүүхэн байсан гэнэ. Тэгээд жаал хүү төрж гэнэ. Тэгсэн удалгүй хамаатных нь эгчийн гэрийн үүдэнд өлгийтэй хүүгээ орхиод цаасны булан дээр "Уучлаарай надад итгэл алга" гэж бичсэн байсан гээд хүүд тэр бичгийг нь үзүүлнэ. Аав нь залуухан эхнэрээ хагас жил цөхрөлтгүй хайсны эцэст нэгэн нохой дагуулж ирэн хүүгээ аваад явсан гэнэ. Тэрнээс хойш нохойндоо эхнэрийнхээ Ёоко гэдэг нэрийг өгнө. Ингээд аав хүү нохой гурав хүнээс нээх дутахааргүй өнөө маргаашаа болгоод л байдаг амьдрал нь эхэлсэн түүхтэй.

Нэгэн өдөр нохой Ёоко нь олдлоо гэсэн мэдээ ирнэ. Нэлээд сульдсан байна. Нас нь явсан байсан болохоор удалгүй диваажинд очно. Ёокогийнхоо ажил явдлыг гэр бүлийн хүрээнд ёслол төгөлдөр үйлдэнэ.


Нэг иймрхүү агуулгатай ном байсан шүү журмын нөхдөө. Бидний бодсон ... биш байсан шүү ккк

Tuesday, February 07, 2012

Дахиад л

Цас. Гэхдээ би өнөөдөр ажилдаа яваагүй ээ. Учир нь бага минь ingluenza хүрчихсэн. 5 хоног гэртээ байхгүй бол болохгүй. Халуун нь гайгүй нээх өндөр биш ч ааштай байна өө. Ээжээс салах шинжгүй тувт дагаад л. Хамар луу нь урт нарийхан чихний хөвөн шиг хөвөн хийж байгаад л хариуг нь гаргаад ирнэ лээ. Мэдээж охин минь аймаар чарлана биз дээ. Одоо тэр эмчийгээ хараад шууд л уйлдаг болж байна дөө.

Үдээс хойш гарах ажилтай юмсан. Уг нь гараад алхчихна гэж бодож байсан юм сан. Ойрд алхаж бариагүй болохоор. Цаснаар яаж ч алхах вэ дээ? Машинаар явахаар зогсоол хайх гэж бас ядаргаа байдаг юм .

Өө тийм. Хамгийн дургүй хүргэсэн зүйл нь юу гээч. Би охиноо 2 өдөр хараад 5 дахь өдөр нөхрийгөө ажлаасаа чөлөө аваад хараадхаач гэсэн чинь за гэсэн юм. Тэгээд нөхөр дарга дээрээ ороод чөлөө гуйж л дээ. Тэгсэн хариулт нь юу гээч. Бодохоор л уур хүрээд зарим нэг япончууд яахаараа ийм т1 байдаг байна аа гэж бодоод л байж байна. За тэр хариулт нь болбоос
-Чи эхнэрийгээ ажилд нь явуулах гэж чөлөө авч байгаа юм уу? Японд бол нөхрүүд нь ажлаа хийгээд мөнгөө олоод, эхнэрүүд нь гэртээ хүүхдээ хардаг юм. Гэхдээ чи яахав гадаад хүн юм чинь амар амар гэсэн гэнэ ээ.

Юу гэсэн үг вэ? Одоо чинь цаг үе өөр болчихоод байхад. Хуучинсаг үзлээ хаяагүй, эмэгтэй хүмүүсийг аймаар доромжилж байгаа байхгүй юу. Уг нь японд ч гэсэн хүүхэд өсгөх ажилд аавуудын оролцоог чухалчлаад сурталчлаад байдаг болсон шдээ. Тэр дарга сонсоогүйм байх даа. Мөнгөндөө гол нь биш ш дээ. Гэр бүлийн харилцаанд аавуудын үүрэг чухал болчихоод байхад. Аавууд л гэж мөнгө олж ирдэг гэсэн ойлголт байхгүй шд тийм үү?

Ээжүүд ч гэсэн хааяа нэргүй ажлаас чөлөөлөгдөж, дуртай ажлаа хийж байвал сэтгэл санаа ч өөдрөг байна шдээ.

Сүүлийн үед японд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, өсгөх ажлаас халшраад төрүүлсэн хүүхдээ алах, орхих, гэр бүийн хүчирхийлэл үйлдэх гээд л олон асуудал гараад байгаам. Аргагүй шдээ. Аавуудыг нь хүүхэд харах ажлаас нийгмээрээ ингэж тусгаарлаад байхаар чинь.

За тэгээд ийм үг сонссон хүмүүс чинь яг л сэтгэл санаа тайван амарч харагдана шдээ. Би л өөрөө хүүхдээ харна даа. Хүүхдээ ч хараад ажлаа ч хийгээд үзүүлээд өгөх юм чинь энэ т1үүдэд. Хэхэ
Ер нь энэ япон хүмүүстэй хамт ажиллана гэдэг тийм ч амар эд биш дөө. Заримдаа их т1 зан гаргана шүү дээ.

Friday, February 03, 2012

Харш өдөр




Үүгээр цас ихтэй гэж хэлсэн дээ. Ялангуяа япон тэнгис дагуух нутгаар. Манайх чинь яг тэр япон тэнгисийн эрэг дээр байдаг юм.

Өглөө босч бага бид 2 албандаа явцгаах бэлтгэлээ базаачихаад аминдаа эрт гарав аа. Машиныхаа цас энэ тэрийг буулгана гэсэн шүү юм бодоод л. Тэгсэн юу вэ? Гадаах цас, миний өвдгөөр таттал хунгарласан байвал яах уу? Машинаа хөдөлгөх гээд чаддаггүй ээ, хальт урагшаа хөдлөөд таг. Ухардаг ч үгүй шүү. Хүрзээр цасаа малтаад ч хөдөлдөггүй. Машин дотор охин чарлаад болдоггүй. Эхлээд цэцэрлэг, ажил руугаа яриад жаахан хоцорч очих юм шиг байна гэсэн улсууд бүр үдээс өмнө амрахаар болов. Учир нь нөхөр үдийн цайныхаа цагаар ирж гаргаж өгнө гэсэн тул. Тэр болтол гэртээ орж байхгүй бол охиноо дааруулчихна гэсэн шийдэлд хүрэв.

Ажлаа тараад гэртээ ирсэн чинь хажуу айлын ганц бие хүүхэн 3 залуу цуглуулчихсан машинаа гаргах гээд цас ухаж байнаа. Тэгсэн чинь хачин хүүхэн чинь манай зогсоол дээр баахан цас овоолчихосн байж уу. Намайг ирсэн чинь цас ухаж байсан хүүхэн шууд гэртээ ороод, өнөө залуус нь хүрзээ бариад шууд цаашаа алхдаг гэнээ. Уур хүрээд л байлаа. Томыгоо бассейнд нь хүргэж өгчихөөд, багыгаа авахаасаа өмнө ирж цасаа жаал хүрзэдлээ. Ингээд яваад ирэх хооронд хажуу айлын хүүхэн машинаа унаад ажилдаа явчихсан байж уу. Тэр хүүхэн оройн цагаар ажилладаг юм. Яг ямар ажил хийдгийг нь мэдэхгүй.

Хүний газар, нялх нойтон хүүхэдтэй би чинь хэрүүл уруул хийхээс халшраад. Нөхөртөө л баахан хов ярьлаа шд. Хажуу айлын хүүхэн харьж ирээд толийтол арилгасан байхыг минь хараад харин ч санаа зовсон байхдаа биднээс.

3 дахь зурган дээрх бол нэг хүнсний дэлгүүрийн гадаах зогсоол. Бүлээвтэр ус гараад цасаа хайлуулчихна.