Friday, February 24, 2012
Чин Ван М.Ханддорж
Хуулан бичлэг хийе дөө. Монголоос ирсэн сонин дотор байсан юм. Хаячихаж чадалгүй блогтоо оруулав. Монголын үнэн сонингийн 2011 оны 10 сарын 24-ний өдрийн дугаар 207 дээр гарсан байна билээ.
Мартах учиргүй гавьяа
Ханддорж 1869 онд Булган аймгийн нутагт үе улирсан угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэндоржийн хүү Минжигдоржийн гэр бүлд төржээ. Соёлт яүгууртан гэр бүлд хүмүүжиж монгол, манж, хятад хэл бичиг заалгаж хожим нь орос хэл сурчээ. Багаасаа төрийн хэрэгт хичээнгүйлэн зүтгэж 1892 онд хошуу засаг, хошой чин вангийн тушаал хэргэмийг найм дахь үед залгамжлан авч улсын хэмжээний төрийн хэрэгт идэвхийлэн оролцож эхлэв. М.Ханддорж Улиастайн жанжнаар удаа дараа жасаалж, 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжнаар ажиллаж байв. Тэрээр Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очиж ажиллаж байснаар Манжийн Монголд явуулж байсан ноёрхол мөлжлөгийн мөн чанарыг илүүтэй мэдсэнээр Манжийг эсэргүүцэх үзэл санаа төлөвшин бүрэлджээ. "Шинэ засгийн бодлого" гэгчээр манжийн дарлал мөлжлөг улам хүчтэй болж, ард түмэн үгүйрэн ядуурч, уламжлалт түүх соёл, төр ёс мөхөлд хүрч байв. 1911 оны 8 сарын 15-нд Петербург хотод очсон Монголын төлөөлөгчид Ором улсын Гадаад явдлын яамны сайд, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг өндөр албан тушаалын хүмүүстэй уулзан ярилцжээ. Оросын засгийн газар Алс дорнодын асуудлаар онцгой зөвлөлгөөн хийж "Монголоос Дайчин гүрэнтэй тогтоосон сюзеренит холбоог таслалгүйгээр, үндэсний байдлаа хамгаалах гэсэн Монголын эрмэлзлэлийг дипломат замаар дэмжих" гэсэн шийдвэр гаргаснаар төдийлөн дэмжлэг авч чадсангүй. Хятадаас бүрэн тусгаарлах гэсэн М.Ханддоржийн санаа бүрэн биелэгдээгүй ч Бээжингээс явуулж буй аливаа хүчирхийллээс өмгөөлж, хамгаалахаа Орос улс амлажээ. Чин Ван М.Ханддоржийг Орос улсаас буцаж ирэхэд Бээжинд ажлаар дуудсан боловч тэрээр очихыг цааргалж "өвчтэй байгаа" гэсэн хариу явуулжээ.
1913 оны 2 сарын 3-нд Монгол цэргийг бэлтгэн сургах тухай Монгол, Оросын хэлэлцээрийг хийжээ. Уг гэрээнд "Их Орос улсын хаан эзний хэргийг шийтгэх газраас тусгайлан гаргасан Иван Кростович Монгол улсын хаан эзний Засгийн газраас тусгайлан гаргасан дотоод хэрэг олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захиран сайд түмэнхэн номун эзэн сайн ноён хан Т.Намнансүрэн, шадар сайд цэргийн хэргийн захиран шийтгэх яамны сайд, бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд засаг төрийн эрдэнэ далай жун ван Гомбосүрэн зөвлөн хэлэлцэж Монголын цэрэг бэлтгэн сургах гэрээ бичгийг байгуулав" гэжээ. 1913 оны 3 сард Монголын гадаад хэргийн яамнаас Оросын малын эмч нартай хэлэлцээ хийхэд Чин Ван М.Ханддорж оролцож байв.
Түүнийг Халхын дөрвөн ханы адил ногоон жууз хэрэглүүлэн, давхар пүнлүү олгон дээд зэргээр шагнасан нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд тэргүүлэх үүрэгтэй удирдаж байсныг нотолсон хэрэг байлаа. Чин Ван М.Ханддорж Гадаад хэргийн сайдаар ажиллаж, улсынхаа тусгаар тогтнолыг Орос болон бусад том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, Өвөр Монголыг нэгтгэж нэгдсэн их Монгол гүрнийг байгуулахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ихээхэн хүч тавин ажилласан билээ. Чин Ван М.Ханддорж төрийн бүхий л хэрэгт биечлэн оролцож байсан учир Эрдэнэ шанзов яамны тэргүүн сайд Бадамдорж Чин Ван М.Ханддоржийг Оросын талыг хэтэрхий барьж Монголыг хоцроож байна гэж Богд хаанд хэд хэдэн удаа айлтгажээ. Улмаар 1915 онд тусгаар тогтнолын асуудлаар болсон Хиагтын "Гурван улсын хэлэлцээр"-т зориуд оруулсангүй. Энэ хэлэлцээр нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын эрх зүйн үндсэн дээр бататгах сүүлчийн боломж гэдгийг тэрээр ухаарч сэтгэл зовьниж байв. Хошой Чин Ван М.Ханддоржийн эх орон, тусгаар тогтнолын төлөө хийсэн үйлс бүхнийг мартах учиргүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment