Friday, July 29, 2016

Шуналаа л дарцгаая

За энэ хүнийг мэдэхгүй хүн ховор биз ээ?  2012 онд од болсон хүн.

Нүүр номоор ч гэсэн нэг хэсэг явсан даа. Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гээд.  http://www.ikon.mn/n/eu7 Эндээс уншаарай.

Манай ажил ийм хоёр ном худалдаж аваад. Тэсгэлгүй зээлж уншиж байгаа нь энэ.

Энэ хүүхдэд зориулсан ном. Мүхико ерөнхийлөгчийн илтгэлийг 2012 онд тавьсан илтгэлийг нь хүүхэд уншаад ойлгохоор бага зэрэг хялбар үгийг сонгож бичсэн.
Энэ болохоор тавьсан илтгэлийг нь бүрэн эхээр нь орчуулж нийтэд хүргэсэн ном.

За гол санаа нь шуналаа л дараад авбал аз жаргал гээч өөрөө л хүрээд ирнэ гэнэ дээ.

Үнэн, үнэн.

Илтгэлийн эх хувь, орчуулга нь нет ертөнцөд их байгаа байх гэж бодож байна. Хүсвэл өөрсдөө хайгаад уншаарай. Нэгийг бодогдуулна шүү.

Завтайсан бол орчуулаад л та бүхэндээ хүргэмээр л байна.  Хэхэ. Хэлтэй устай хүмүүс бол эх хэлээр нь уншвал илүү л сэтгэлд хүрнэ тийм үү?

Уругвай улсын ерөнхийлөгч байсан хүн шүү дээ, нэмээд хэлэхэд. Ерөнхийлөгч хүн гэхэд ажилдаа явах машинаа өөрөө барьчихдаг, гал тогоондоо аягаа өөрөө угаачихдаг, улсаас нь гарганж өгдөг ордонд биш эхнэрийнхээ эзэмшлийн жижигхээн фермд амьдардаг. Цалингийнхаа 90 хувийг буяны үйлсэд болон намдаа хандивладаг, үлдсэнийг нь тэтгэвэрт гарахдаа байгуулна гэж боддог ядуу хүүхдүүдийг хүлээн авч хөдөө аж ахуйн боловсрол олгодог сургуульдаа зориулж хадгалдаг. Бие хамгаалагч гэж байхгүй, ноход нь түүний үнэнч бие хамгаалагч.

Ядуу гэдэг ойлголт нь ханахаа мэддэггүй хүсэл шуналыг хэлнэ ээ гэж...

Олон улсын тансаг ерөнхийлөгчүүд үлгэр жишээ аваад явчихмаар тэ. Хэ хэ.

Би ч угийн шуналгүй хүн дээ, хэхэ. Шуналаа улам л дарах хэрэгтэй юм байна даа гэж. Ккк

Гэснээс саяхан И-март гэдэг дэлгүүр нээгдээд бөөн юм болсон сурагтай тэ, хэхэ. Хол байгаа бидний чихэнд ч аль хэдийн хүрчихсэн шүү дээ. Гадныхан биднийг шоололдоод л, бид дотроо алалцаад л. Яаж байгаа юм бэ дээ, та нар минь.  Жаахан юм үзсэн юм шиг байцгаая л даа.

За энэ ч яахав, энэ эрхэм хүний илтгэлийг заавал олж уншаарай уншигч олон минь. Амжилт шүү.

Гэснээс ном танилцуулахдаа маш товч болчихоод байгаад өршөөнө биз ээ? Та нарын хүслийг бадруулж байгаад л орхичихож байгаа царай нь шүү. Хэ хэ. Биднийг бага байхад ээж минь гоё гоё номны тухай хальт дурдаад л дуусаа, өөрсдөө олж унш гэдэг байж билээ. Ээжийгээ дуурайж байгаа нь тэр. Ккк

Wednesday, July 27, 2016

Дахин шинэ цэс

Сая бүтэн сайнд ууланд өнжихдөө ийм гоё хоол хийж идлээ. Япон ээжтэйгээ хамтарч. Энд ирэхээрээ гэртээ тэр бүр хийж иддэггүй япон хоол их иднэ ээ. Ногоог нь түлхүү иднэ.
За ийм хулуу байна. Япон аав өөрөө тарьсан. Надад өгч явуулах гэсэн чинь арай болоогүй байна, болохоор нь өгнө өө гэсэн. Хэ хэ. Энэ өдөр болсон байснаас нь түүж хоол хийв.
Угаагаад зураг дээрх шиг хэрчээд доторх үрийг авч цэвэрлэнэ.
Дотор нь амталсан татсан мах хийж өгнө.

Хэрчиж тавьсан хулууныхаа ногоон иштэй дээд хэсгийг нь таг болгож дээр нь тавиад 20 минут жигнэж өгсөн. Зурган дээр байгаа чинжүүтэй махтай цуг жигнэчихсэн. Чинжүүтэй махан дээр бага зэргийн бяслаг тавьбал улам л амттай болно.

Шар хулуу олон байвал гэр бүлийнхээ хүний тоогоор хийвэл нэг хүн урдаа нэгийг тавиад л халбагаар ухаж иднэ. Бид олуулаа байсан болохоор дундуур нь хэрчиж хувааж идсэн тул  мах нь бутраад идэхэд жаахан л хэцүү байв.

Муу хүн идсэнээ л гэдэг юм одоо яая гэхэв. Хэ хэ. Япончууд тувт идэх юм л ярьдаг, тэгэхээр тэд бүгд муу хүн? Ккк

Monday, July 25, 2016

Сэрүүцэх баяр

Цэцэрлэгт тэмдэглэх "сэрүүцэх баяр"-ын сүүлчийнх нь. Бага, дунд сургуульд тэмдэглэдэггүй байх аа.

Ахлах бүлэг нь эндэхийнхээ уламжлалт бүжгийг олон хоногийн өмнөөс бэлдэж, арга хэмжээний нээлтэнд бүжиглэдэг юм. Оройд тарж ирээд хааяа бүжиглэж давтдаг байлаа, гэртээ.

Бүгд л хамаг гоё дээрээ тавьчихсан ирнэ. Зун өмсдөг үндэснийхээ хувцас юкатаг өмсөнө. Банди нар бол ерөнхийдөө богино өмд, богино ханцуйтай цамц өмсөнө. Охид бол сонголт ихтэй. Богино, урт, дэрвэгэр гээд. Охид бас толгойгоо их чимнэ ээ. Том том цэцгэн чимэглэл зүүнэ.

Бага зулзага минь аниагийнхаа өмсөж байсан юкатаг өмсөөд, үсээ хоёр боогоод, манай ажлын газрын нэг хүүхний өгсөн ягаан боолтыг зүүгээд, хөөрөөд л явав.

Замдаа бүдэрч унаад, бага зэрэг уйлсан. Азаар гар хөл нь шалбараагүй.
-Уйлсан минь мэдэгдэж байна уу? ээж ээ
-Нүдээ нухаад хэрэггүй шүү зулзага минь. Тэгвэл улайгаад бүр л улайна.
-За.

Цэцэрлэгтээ очоод, найзуудыгаа хараад, нээлтийн бүжгээ алдаагүй сайн хийх гэсэн зүйл давхцаад бүдэрч унаад өвдсөнөө мартчих шиг болсон. Хөөрхий минь.

Бүжгээ маш сайн хийсэн. Ээж аавууд бүгд л хүүхдийнхээ зургийг нь дараад, бичлэг хийгээд бас завгүй. Бусад бүлгийн ээж аавууд харин дуусахад нь сайхан нижигнэтэл алга ташиж өгөөд, аврагдсан. Хэ хэ. Тэгэхгүй бол алгаа ташмаар байдаг, хоёр гар завгүй байгаад байдаг.

За тэгээд нээлт дуусахаар чөлөөт арга хэмжээ эхлэнэ. Багш нарын, эцэг эхийн зөвлөлийн хариуцсан хүмүүсийн зүгээс зохион байгуулдаг хөгжөөнт тоглоом зэрэгт оролцоно.
Бага зулзага ангийнхаа хоёр бандитай. Хар цамцат тэр өдрийн найз бандиар тодорсон. Юун Такүма күн. Хэ хэ. Шаал өөр нэртэй банди байна лээ.
Сэрүүцэх баярын хаалтын буудлага. Дуусахаар нь хүүхдүүдэд бэлэг өгөөд, тарцгаана. Бэлэг нь зун цагт тохирсон, жижигхээн буудлага? байсан. Тэгж байгаад нэг орой гэрээрээ буудуулна.

Тараад бид уул явцгаасан. Уулын сонин сайхангаа бичнэ ээ.

Нэг иймэрхүү хагас бүтэн сайн үнэн завгүй өнгөрөх юм дөө.

Sunday, July 24, 2016

Шинэ цэстэй болов

Сэтгэл гаргадаг өвөө найз нараасаа хаш? ногоо их аваад байгаа.

Оройн хоолондоо хийгээд хийгээд идэж барахгүй. Хэ хэ. Яагаад барахгүй байна гэхээр зулзагууд минь тийм ч дуртай биш. Тийм болохоор багахан хийдэг юм.

Саяхан нет-с амархаан хоол хийх арга гээд хайсан чинь түм бумаараа л гарч ирж байна.

Залхуу юм болохоороо хамгийн амархныг нь сонгов.
Яг энэ зургийн нетээс зээллээ шүү. Бас яг ингэж хэрчинэ шүү.

Дээр нь хиам эсвэл утсан хиам хэрчиж тавина. За ер нь юу ч байж болно дөө. Хүүхдийнхээ дуртай зүйлийг л хэрэглэхэд болох байх. Дараагаар нь бяслаг тавьж өгнө. Би бяслаг тавьсныхаа зургийг дарахаа мартсан байна. Тэгээд шарах шүүгээндээ хийж шарна. Нетийн заавар дээр 5-10 минут гэж байсан. Би 15 минут шарсан.
Бэлэн болсон байдал. Амттай байна гэж тал талаас нь шүүрч идсэн. Зураг дарахын хооронд. Одоо оройд ингэж хийж идээд байгаа. Тэгсэн өнөөх дуусч өгөхгүй муудчих гээд байсан ногоо минь нүд ирмэхийн зуур дуусдаг гэнэ ээ.

Өвөө нар луугаа утасддаг юм уу хаашаа юм? Ногоо дууслаа, та нар үтэр түргэн ирж хаш ногоогоор ханга гэж. Ккк

Шарахдаа шарах шүүгээнийхээ тавган дээр ийм цаас дэвсэж өгөөрэй. Тэгээд бага зэрэг тосолбол зүгээр санагдсан шүү.

Монгол сайт бас зөндөө байдаг юм билээ шд. Элдэв хоол хийх аргыг заасан. Хэ хэ. Сая л олж мэдэв гэхгүй юу. Ккк

Гэрийн эзэгтэй уншигчдадаа амжилт хүсье. Хоолоо ч хийгээд, блогоо ч уншаад, бас бичээд гялалзуулаад байгаарай. Бид хүчтэй шүү. Инээмсэглэв.

Thursday, July 21, 2016

Ном ном ном

Умшаад л байгаа шүү. Гэм нь тухтай сууж унших зав тэр бүр олдохгүй, өдөрт тэдэн хуудас ч гэдэг юм уу? сүүлдээ бүр долоо хоногт тэдэн хуудас гэх нь холгүй байна.

Дөнгөж саяхан уншиж дууссан ном. 7 сард япон хэлний төвшин тогтоох шалгалт болдог доо. Бас 12 сард.

Би ихээ олон жилийн өмнө өгч байлаа. Сүүлд энэ шалгалтын бүтэц бага зэрэг өөрчлөгдөөд. Гадаад оюутнууд манай ажлаас их ном зээлж авч бэлдэнэ ээ. Тэнцээд тэнцээд л явчихна шүү дээ. Мундаг.

Би орж гарч байгаа номнуудыг харах бүртээ сөхөж харах юм сан гэж боддог ч амждаггүй байлаа. Зориг гаргаад зээлсэн ном энэ.

Ихэнхи нь мэддэг үг байсан ч, жишээ өгүүлбэртэй байсан тул, аан ийм тохиолдолд хэрэглэдэг байх нь гэж бататгав. 

1 дэх төвшний номыг зээлэх гэснээ хэт хүнддээд, дундаас нь залхуу хүрчих юм болов уу? гэж айгаад. Тэгсэн энэ 2 дахь төвшнийг уншиж дуусаад өртөө итгэлтэй 1 дэх төвшнийхийг зээлдэг байж гэж бодов. Хэ хэ.

Хэт хүнд ном барьж аваад, дундаас нь ядраад, халшраад орхичихдог сул талтай тул.

Англи, солонгос хэлээр орчуулга нь байх тул зарим нэг монгол хэлээрээ хэлж мэддэггүй үгээ англиас нь тольдож мэдэж авав. Хойшид энд тэнд таарвал огт хараагүй үг байна гэж хэлэхээргүй л болох шиг.

Гэхдээ гадаад хэл чинь өдөр тутам хэрэглэж, харж, уншиж байж сурдаг эд дээ. Гэж мэдээд байгээ хэрнээ л...

За япон хэл суралцаад дунд шатандаа явж байгаа хүмүүст их дажгүй ном санагдлаа.

Ганц нэг номны ард гарчихаад 1 дэх төвшний ном зээлж харна аа. Өөртөө амжилт. Мөн та бүхэндээ ч амжилт.

Wednesday, July 20, 2016

Хайр хүргээд байдаг юм шд ингээд

6 сард бага зулзагын цэцэрлэгт эндхийн хөл бөмбөгийн баг тамирчдыг төлөөлсөн хэсэг бүлэг тамирчид ирж, хамтдаа хөл бөмбөг тоглож, дасгал хийсэн гээд л захиа занаагаар мэдэгдээд байсан юм.

Зурагтаар тэдний тэдэн цагаас гарна гэж  зарлаад, бид үзэж амжаагүй юм л даа. Амжаагүй ч гэж дээ уртаашаа өргөөшөө 3-хан сувагтай болохоор үзье гэсэн ч чадахгүй.

Цахим хуудсан дээр нь хэд хоногийн дараа тавигдана гэсэн болов ч их удав аа. Өдөр бүр л орж харна, байхгүй шүү.

Гэнэт л Тэмүжин өвөөгөө саналаа. Монголтой холбоотой бүх л нэвтрүүлгийг двд-нд бичиж, надад өгөхийгөө өгдөгийг нь.

Утсаа шүүрч авав.
-Таныгаа санаад, таныхаа дуу хоолойг сонсмоор болоод.
-Ха ха, хэрэг зоригоо хэл дээ, хонгор минь. Өвөө нь ч бас чамайгаа санасан шүү.

Хэрэг зоригоо хэллээ. Давтан гарах өдөр судар цагийг нь хэлж өглөө.  За гэж байна хөөрхий минь.

Хэд хоногийн дараа утасдаж байна.
-За даалгаврыг чинь биелүүлсэн шүү, дарга аа. Тэгж байгаад аваачиж өгөмз. Немо хүүхэлдэйн киног бас бичсэн байгаа. 30 минутын зай үлдсэн. Монголтой холбоотой нэвтрүүлэг бичээд өгнө өө.
-Баярлалаа, өвөө минь. Тэсэн ядан хүлээж байя.
-Одоо миний хүсэлтийг аан гээд сонсож бай. 7 сарын 30, 31-ний хагас бүтэн сайнд японы соёлын өвийг хадгалах хэлстээс арга хэмжээтэй. Очиж сонирхоорой. Майл явуулсан байгаа шүү.
-За, олон хүнд тараагаад, олуулаа очиж үзэхийг бодно оо.

3 сард бидний хэсэг монголчуудыг дагуулж очиж үзэж байсан юм. Японы эртний хүүхэлдэйн? жүжиг. Хүүхэлдэй гэхээр хүүхдэд зориулсан хүүхэлдэй биш. За энэ талаар дараа тусад нь бичье, амжвал. 

Сэтгэл гаргаад байдагт нь хайр хүрээд явчихдаг юм. Хэ хэ.

Бас нэг хайр хүргэсэн өвөө байна. Ажил дээрээ сууж байсан чинь орж ирснээ
-Үзсэн үү?
гэсээр угаалгасан хэдэн зураг өгөв. Уутнаас нь гаргаад хартал бага зулзагын зураг. Өнөөх хөл бөмбөгийн тамирчидтай дуулж, дасгал хийсэн нэвтрүүлгийг нь үзэж суухдаа зураг дарж л дээ. Тэгээд тэрийгээ угаалгаад надад авчирж өгч байгаа нь тэр.

Сэтгэл хөдлөөд л явчихаж байгаа юм. Би юу ч хэлээгүй, гуйгаагүй шдээ гэж бодохоор л хайр хүрнэ биз дээ, энэ чинь одоо. 

Энэ өвөө минь байсгээд л сонгино гэх мэт ногоо авчирч өгдөг юм.
-Сонгино нь байгаа юу?
-Жаахан байгаа. (нэрэлхэв. ккк)
-Нэрэлхээд л, дуусчихсан биз дээ? Ойрын хугацаанд аваачиж өгнө өө.
-За тэгээрэй, баярлалаа.

Гэснээс бага зулзага өөрийгөө хараад хөөрч байна гэж юүхэв. Двд-гээ үзэхээр бүр л хөөрөх байх даа.

Ийм л сэтгэл гаргадаг өвөө найзуудтай даа би чинь.

Сонгино хурдан өгөөсэй... Хэ хэ.

Thursday, July 14, 2016

Хэнтэй гэрлэх үү?

Бага зулзагынхаа паянгаас бичье ээ. Ойрд бичээгүй, нэг мэдсэн сургуульд орох дөхчихсөн байна.

3 настайдаа аавтайгаа гэрлэнэ.
4 настайдаа Коокитой гэрлэнэ.
5 настайдаа Такүматай гэрлэнэ.
6 настайдаа мэдэхгүй. Сургуульд орчихсон байна. Тэгээд л ангийнхаа нэг царайлгаагийн нэрийг хэлэх байх даа. Хэ хэ
За үүнийг анх аавдаа хийж өгнө гээд л бидэн хоёр нетээс харж байгаад л хийв. Зангиатай зүрх. Эрэгтэй хүнд бэлэглэхэд аятайхан эд гэж ихэд олзуурхсан.
Нэг харсан ард нь Такүма күн гээд биччихсэн байвал яах уу?
-Үр минь ээ? Аавдаа өгнө гээгүй билүү?
-Дахиад л хийчихнэ шдээ, чадах юм чинь.

Дахиж хийгээгүй ээ, залхуу нь хүрээд. Ккк

Ойрд ингэж цаасаар бүтээл туурвиад. Манайхаар нэг хөглөрөөд. Хаячихаж болохгүй. Хаячихсан байхыг харвал учиргүй уурлаад, буцаагаад гаргаад ирнэ. Хэ хэ. Тэр ч тэгэх байх даа тэ, хүний бүтээлийг хогийн сав руу хийчихээр ямар олиг байх вэ дэ?

Удахгүй гэрээр хөглөрөөд байгаа бүтээлийнх нь зургийг оруулна аа.

Tuesday, July 12, 2016

Авралын бүтээгдэхүүн боорцог мину

Яагаад авралын бүтээгдэхүүнээр тодоров оо гэхээр.

6 сард хань ижлийнхээ ажлын газрынхтай аялсан даа.

Тухайн үед нь баярласан талархсанаа илэрхийлэх нь мэдээж зүй ёсны хэрэг.  Нэлээд сүүлд нь, эсвэл дараахнаар нь, эсвэл санамсаргүй, санаатайгаар хэн нэгэнтэй нь таарвал заавал тухайн аялалын тухай дурдаж дахин баярласнаа илэрхийлнэ.

Энэ чинь л өнөө Японы 5S-ийн чинь нэг хэлбэр шүү дээ.

Тэгээд л бид монгол daugnuts буюу боорцогоо хийж дайлахаар болсон юм.

Наадах эсэх нь тодорхой бус байсан тул эртнээс л боорцог хайрах өдрөө товлочихоод, том сав суулга хангалттайгаар нь хорооныхоо гал тогоог зээлж хэрэглэхээр захиалга өгчихсөн байлаа.

Тэгсэн гэнэт наадах минь та минь ээ болоод явчихсан. Хэ хэ.

Хэрхэн наадсанаа бичсэн  тэ. Одоо хэрхэн боорцог хийснээ бичнэ. Ккк

Зарим нэг хүнд сонирхолгүй байж магад өө. Гэхдээ сүүлд би өөрөө уншихад сонирхолтой...

Их л сүр болсон шүү дээ. Байнга хийдэггүй болохоор тэрүүхэндээ л хөөрхөн сүр болоод явчихна.

3 янзын зуурмагаар зуурав. Усаар, сүүгээр, тарагаар.
Нүүр номоор бичлэг яваад байсныг дуурайж тарагаар зуурч үзэв. Зуурахдаа масло, тос зэргийг хийгээгүй болохоор хатуу болсон.  Зулгааж иднэ. Хэ хэ. Хатуу болсныгоо өөрсдөө идсэн. Цайнд хийгээд идэхээр гоё гэж ижий минь хэлсэн.

Багадаа хамаатныдаа очихдоо иддэг байсан боорцогны амт байсан. Хүүхэд насныхаа амттай таараад ганцаараа жаал хөөрөв. Байнга талх иддэг надад гэрийн боорцог гоё байдаг байж билээ.

Усаар, сүүгээр яг ижил хэмжээтэйг зуурч хайрсан. Хань ижил сүүгээр зуурсан нь дажгүй юм байна гээд ажлынх нь газрынханд баярласан шүү, талархсан шүү гээд өгөв. Бүгд л амттайг нь гайхаад байна гэсэн.

Мөн хөрш ганц нэг айлдаа амсуулав. Бага зулзагатай найз нэг эмээ өвөө байна. Ойрхон алга дарам газартай. Түүндээ их л олон юм тарих юм. Бага зулзага улаан лоольд дуртай гээд хэлчихсэн юм уу даа. Болсноос нь гээд л барьж ирээд байгаа. Ганц улаан лооль ч биш том том өргөст хэмх, хаш ногоо, хулуу өгнө.

Хариуд нь баярлалаа гэхээс өөр юмгүй, яах гэсэн юм бэ гэснээ хоёр гараа тосоод авна шүү дээ. Ккк

Тэгээд л ахиухан боорцог хайрч байгаад хэсэг улсуудад өгөх гэж сүр бадруулсан хэрэг.

Том зулзага бас найздаа өгсөн. Яагаав эртээд дадлага хийхэд нь гэрээрээ л очиж орлого оруулсан найзад нь баярлалаа гэж хэлээд өгөв.

Хааяадаа бас ногоо дайгаад байдаг нэг өвөөд өгөв.

Байнга ногоо өгдөг өвөөдөө өгч амжаагүй дуусчихсан. Тэгж байгаад хийж өгнө дөө.

Худалдаанаас ямар нэгэн амттан бариад очвол жаахан сүргүй юу тэ. Тэгж бодоод л боорцог минь намайгаа бодоорой гэж байгаад л хар үүрээр босч гурил зуурч, үдээс өмнө нь хайрч дуусаад, үдээс хойш нь наадсан нь тэр.

Ингэж л би чинь улсынхаа амтыг япон хүмүүст таниулж, аврагдсан юм аа. Хэхэ.

Monday, July 11, 2016

Японыг хотойтол наадав шд

Уншигч олон минь сайхан наадаж байгаа биз дээ. Ид дундаа ороод л явж байгаа биз дээ.

Миний наадам дуусаад ажилдаа. Халуун гэж юүхэв, урсаад л сайхан байна. Урссаныхаа хэрээр гуалиг болохгүй нь жаахан тиймхэн. Хэ хэ.

Амьдардаг хотод минь уртаашаа өргөөшөө 3 гэр бүл байна, монгол. Шинэ гэр бүл нэг нэмэгдсэн л дээ. Одоохондоо хүүхэд шуухадгүй, манай мужид ирээд нэг их удаагүй, ажил ажил, хичээл хичээл гэсэн хоёр байгаа болохоороо ирж амжаагүй. Нөхрийг нь танихгүй л дээ. Танилцаж амжаагүй л явна. Бас ганц бие нэг хүүхэн бий. Ажлаар монгол явчихсан ирж амжаагүй. Нэлээд зайтай нэг газар арлын бэр болчихсон нэг эгч бий. Хэл дуулгаж амжаагүй тул бас л ирж чадаагүй.

Монголчууд л болсон хойно яахав, наадах энэ тэр нь сайн мэдэгдэхгүй, чухам л ажилтайгаа гайхсан улс байснаа гэнэт нөгөөдөр нь наадам гэж байхад л хүүе хаая амьд уу? Наадацгаах уу? болов.

Наадамтайгаа хамгийн ойрхон амралтын өдөр болох 10-нд цуглав. Гэр гэртээ хуушуураа хийж ирцгээв. Нэг айл нь цуйван хийж ирэв.

Үдээс өмнө ганц нэг нь хувь хувьсгалын ажилтай тул үдээс хойш 2-т цуглана гэж яриад, 3-т цуглав. Хэхэ.

Цугласан цэцэрлэгт хүрээлэн маань харин их дажгүй, том, цэлийсэн сайхан зүлэгт талбайтай. Бага зулзага минь айлын бандитай ханатлаа л гүйж тоглов. Усан тоглоомын талбайтай, шалба нороод, нэг харсан нүцгэн шалдан гүйж харагдсан.

Гэм нь яг сайхан нарны илч буураад, аятайхан болж байтал 18 цагаас машины зогсоол нь хаах тул тарцгаагаарай гэдэг ая нь 17:50 гэж эхлээд л хангинаж өгсөн. Тэгээд аргагүйн эрхэнд тарцгаалаа.

Энэ жилийн наадам богинохон боловч чанартай сайхан наадам боллоо. Хэ хэ.

Бүтэн сайнаас хойш хуушуур идээд, одоо хуушуурнаасаа уйдах тийшээ. 11-нд нь илүү гарсан махаараа хуушуур хийж идээд, 12-нд нь өдрийн цайндаа үлдсэн хуушуураа идэх гээд сууж байна. Жин мин бол нэмээд талийж өгсөн байх. Айгаад жингээ үзэхгүй л байна.

Ирэх жилийн наадмаар нар сар гэрэлтсэн хуушуур хийж сурна аа. Нэг айл маань хийж ирсэн. Хааяа хийж идэхэд зүгээр санагдсан.

Өө тийм, тэр өдөр бас хар үүрээр босч боорцогны гурил зуурч, амрааж, боорцог хайрсан. Энэ тухайгаа тусад нь бичнэ ээ.

Маш олон хоногийнхоо амралтаа зөв боловсон, хоггүй сайхан наадаж амраарай. Би та бүхэндээ бяцхан атаархаастай ажилдаа орлоо шүү. Ккк

Түр баяртай.

Thursday, July 07, 2016

Тогоо хэмнэцгээе

Би гэртээ хамгийн их тогоо хэмнэдэг нь. Ккк. Угаасаа ээжүүд л ингэж тогоо хэмнэдэг, гэрийнхнийгээ гэрлээ унтраа гэж үглэдэг байх тийм үү?

Бид ч бас багадаа тогоо хэмнэцгээе гэдэг уриатай байлаа. Төсвийнхний цалин хаанаа ч хүрэхгүй үед өөрсдөөсөө шалтгаалах хэмнэлтээ хийдэг байсан нь тэр.

Энэ японд ч айл өрхүүд тогондоо их хайр гамтай ханддаг юм билээ. Яг бидний амьдарч буй мужид айл өрхийн тогны төлбөрийн 2 хувилбар байна. Гэр бүлийн 1, гэр бүлийн 2 гэсэн хувилбартай.

Эхний гэр бүлийн 1 гэсэн хувилбар нь шөнийн 23 цагаас өглөөний 8 хүртэл тэдэн иен. Өглөөнийхөө  8 цагаас үдээс өмнөх 10 цаг хүртэл тэдэн иен. Үдээс өмнөх 10 цагаас үдээс хойш 17 цаг хүртэл тэдэн иен. 17-23 цаг хүртэл тэдэн иен.

Дараагийн гэр бүлийн 2 гэдэг хувилбарт манайх хамрагддаг юм билээ, саяхан олж мэдэв. Хэ хэ. Энэ дээрхээсээ ялгаатай нь 10-17 цаг нь арай жаахан үнэтэй. Учир нь өдөртөө гэрт нь хүн өнждөггүй тохиолдолд ийм байна гэсэн.

Эхний 1 хувилбар нь гэрт нь өдөрт хүн өнждөг тохиолдолд арай бага төлбөртэй. Жишээ нь эмээ өвөө нь, гэрийн эзэгтэй гэртээ байдаг бол. Ийм тохиолдолд өдрийн хоолоо хийх гэх мэтээр тог хэрэглэнэ дээ.

За тэгээд гэрийн эзэгтэй нар 23 цагаас хойш угаалгын машиндаа хувцсаа хийгээд орхичихдог, нэг бол өглөө 8-с өмнө угааж дуусдаг гэнэ. Би ч дуурайж эхэлсэн. Жаахан оройтож мэдээд, оройтож дуурайж байгаа ч.

Маргааш нь авч явах өдрийн хоолныхоо гол гол чанах, шарах зэргийгээ амжуулдаг гэнэ.

Цаг тааруулж орхиод, тогны мөнгө хамгийн бага байдаг шөнийн цагт амжуулдаг гэнэ. 

Гарч орохдоо цахилгаан хэрэгслүүдээ хөргөгчнөөс бусдыг нь арзеткаар нь унтраадаг гэнэ.

00-нх нь өрөө цонхтой бол өдөртөө гэрлээ асаадаггүй гэнэ.

Угаалтууртай, халаалттай суултуурынхаа тагийг хааж байх. Тэгвэл тэр суултууранд хэрэглэдэг тогоо 30 хувь хэмнэх боломжтой. Үүнийг би нэг албан газрын 00-д орохдоо уншиж байсан юм. Тэрнээс хойш бас нэг үглэдэг зүйлтэй болчихсон. Ккк.

За тэгээд япон ээжүүд, эхнэрүүд бас их л үглэдэг юм билээ, энэ тал дээр. Нөхрүүд нь голцуу загнуулж харагддаг юм. Ккк

Манайх бас адил. Охид бол ээжийн үглэхээс айгаад ерөнхийдөө унтраагаад сурчихсан. Мэдээж хааяадаа марталгүй яахав. Хүүхэд л болсон хойно. Харин энэ аав уу.
-Хаа явсан газраа гэрэл цацруулж явдаг буянтай хөөн.
гэж өөрийгөө өмөөрөхийг нь яана. Ккк
-Хүний газар хөлсөө урсгаж олсон мөнгөө дэмий зүйлд үрээд бла бла.
гэж би үглээд л. Хэ хэ.

Аавууд минь, эрчүүд минь тогоо хэмнэж сураарай. Наанаа айл өрхийн санхүүгийн асуудал төдий ч нарийн ярьвал байгаль орчин, цацраг энэ тэр гээд л хурц хурц асуудал дагалддаг юм шүү дээ.

Жич: Цаг хооронд тутмын цахилгааны төлбөрийг оруулсан бол харьцуулаад харахад дөхөм байлаа тэ. Даан ч гар дор мэдээлэл нь байдаггүй ээ. Уучлаарай.

Monday, July 04, 2016

Аялал 3

За хаагуур аялснаа бичих үү?  Осака хотоор. Өдөртөө хариад ирэх аялал тул олон газраар яваагүй. Үндсэндээ төлөөлөл болгоод хоёр л газраар орсон.

Үдээс өмнө, үдээс хойш гэж хуваагаад л. Яг өдөр нь нэг газар буулгасан. Цуглах цагийг нь хэлж өгөөд.

Тэгээд бултаараа тарж гэрээрээ, бүлгээрээ өдрийн хоол идэцгээсэн.

Үдээс өмнө нь Abeno Harukashttp://www.abenoharukas-300.jp/
гэдэг байшин ороод. 300 метрийн өндөртэй. 58, 59, 60 давхрууд нь гадаад дотоодын жуулчдад зориулан ашигладаг.  Өндрөөс Осака хотыг харж баясдаг гэх юм уу даа. Мэдээж төлбөртэй. Бэлэг дурсгалын тасагтай. Дэлгэрэнгүйг цахим хуудаснаас нь уншчихаарай.
За энэ 00 руу гүйгээд л ороход угтах байдал. Өндрөөс айдаг хүмүүст жаахан эвгүй байх. Ганц нэг хүмүүс гадагшаа харж чадахгүй сүр болоод л байсан. Хэ хэ.
Гар угаах угаалтуур. Толинд харсан ч гадаах харагдаад, өндрөөс айдаг хүмүүс гараа хурдхан гэгч нь угаачихаад л гүйгээд гарах жишээтэй.

Өндрөөс айдаг юм байж яах гэж гарч ирсийн гээд хэлээд тавчихмаар. Ккк
Дотор нь орж зургаа авахуулдаг. Наадаг зураг. Япон охидууд үүнд дуртай гэж юүхэв. Бид бас яаж дутахав. Том, бага зулзага тэргүүтэй 4 охин дотор нь шаагилдаж байгаа. Би хүлээх зуураа дарсан зураг. Хэ хэ.
Биднийг буулгаж хаясан гудамж. Осакад ирсэн хүмүүс заавал энэ зургийг дардаг гэхээр нь авсан. Хэдэн жилийн өмнө очихдоо ч дарж л байсан. Энэ удаад блогтоо оруулна гэж бодон бодон дарав.
Өдрийн хоол. Өөр бусад хоол байгаа л  даа. Төлөөлөл болгож дарсан зураг. Окономи яки гэдэг нэртэй. Би дуртай. Нет ахаас хайгаад үзчихээрэй, дэлгэрэнгүй мэдмээр байвал.

Үдээс хойш далайн аквариум орсон. Би хувь, хувьсгалаар хэд хэд орсон байсан болохоор орох газрын санал хүсэлтэнд оруулагүй байсан ч олонхийн саналаар Кайюүканhttp://www.kaiyukan.com/index.html далайн аквариум оров.

Бага зулзагаа даган баясаж, хувийн зурагчны үүргээ сайн биелүүллээ. Хэ хэ.
Жуулчдыг татдаг эндхийн гол баатар. Аварга халим.
Далайн муур? Зарим нэг загасыг нэрийг нь ч сайн мэдэхгүй юм өө.

За нэг иймэрхүү аялаад ирсэн. Хүн ихтэй газар ганц нэг өдөр бол даваад гарчихна. Хань ижил бидэн хоёр байдгийнхаа баруун хаяандаа харьж ирчихээд
-Хөөх ийм л сайхан чимээ аниргүй газар шүү. Монголдоо хариад ирсэн юм шиг л уужраад сайхан боллоо.
гэж ярилцав шд. Хэ хэ.

Saturday, July 02, 2016

Ажлын байртай танилцах дадлага

Том зулзага дадлага хийх газрынхаа хүсэлтийг ээжтэйгээ зөвлөж байгаад л бичсэн.
1-хоолны газар, 2-цэцэрлэг, 3-эмнэлэг, 4-үсчин, 5, 6, 7-г санадаггүй ээ.

Тэгсэн аз нь таараад 1 дэх хүсэлт нь биелсэн.
-Азтай байна шүү дээ, миний охин.
-Сонгосон шалтгаан, зорилт энэ тэрээ сайн л бичсэн гэсэн үг.
гэн наддаа томров.

Mos burger гэдэг газар. Бид ч барагтай л ордойггүй газар л даа. Mcdonalds ч бараг орохгүй. Хааяа л авч иддэг юм.

Учир нь би чинь жинтэйгээ байлддаг хүн болохоор тийм таргалуулдаг газар орохгүй шүү дээ. Охидоо ч түргэн хоолны газар орж хэрэггүй гэж захьдаг.

Одоохондоо хэвийн жинтэй байна, эмэгтэй хүн жин нэмэхдээ хурдан, эрүүл саруул бие хаа бла бла гэж үглэнэ.

Тийм болохоор идье гэж нэхэхгүй. Энд тэнд гадуур хоолонд орохдоо хааяа шарсан төмс захиалнаа захиална, яаж зүгээр байхав. Хүүхэд л болсон хойно дуртай гэж.

За энэ оршил ч яахав. Гол сэдэв.

Өглөө 8:50-д бэлэн байх ёстой.  Дүрэмт хувцастайгаа явахгүй. Сургуулийнхаа тамирын богино өмд, подволктой явна. Сургуулийнхаа жижиг цүнхийг барьж явна.

Очоод Mos burger-ийнхээ дүрэмт хувцсыг өмсөнө.

За тэгээд л дадлага эхлэнэ.

Захиалгыг зөөнө. Ингэхдээ инээмсэглэхээ мартахгүй байх. Тавтай сайхан хооллоорой гэж хэлэхээ мартахгүй байх. Аяга таваг зөөнө, угаана гэх мэт. Кассан дээр харин ажиллуулдаггүй юм билээ. Арга ч үгүй биз. Хүүхэд юм чинь мөнгөний асуудалд орчихвол юун дадлага болох байлгүй тэ.

Бас нэг сүрхий санагдсан зүйл гэвэл явцын дунд нь анги даасан багш нь, бас бус багш нь очиж үйлчлүүлсэн гэнэ.

Зургийг нь аваад сургуулийнхаа цахим хуудсанд оруулсан байсан.

Нэг найзынх нь ээж нь эхэлж ганцаараа очсоноо дараа нь дүү нартай нь очсон л гэнэ. Бүр аав нь хүртэл очиж үйлчлүүлсэн юм байх.

Тэгэхээр нь ээж бас зүгээр байсангүй. Сүүлийнх нь өдөр хань ижилтэйгээ цаг болзоод өдрийн хоол идлээ шд.

Том зулзагынхаа буянаар бидэн хоёр нь болзож, хоёулхнаа өдрийн хоол идэв. Том зулзага тэрүүхэндээ жуумалзаад л байсан.
Бидэн хоёрын захиалсан өдрийн хоол. Аав нь том зулзагынх нь гараар зөөгдөж ирсэн гээд тэсгэлгүй нэг хазчихсан байдал. Хэ хэ.

Өө тийм, бас дадлагын сүүлийн өдөр хамтдаа дадлага хийсэн хоёрт өдрийн хоолонд өөрсдөөр нь хийлгэсэн бургер өгсөн гэсэн. Бөөн л баяр байсан. Ккк. Түүнээс өглөө бүр өдрийн хоолоо өөрсдөө авч явдаг юм. Сүүлийн өдөр л хоол хэрэггүй, өгнө гэсэн гээд хоосон явсан юм.

За нэг иймэрхүү. Дараа очиж иднэ шүү ээж ээ л гэсэн? Би ч одоохондоо за гэчихсэн байгаа. Хэзээ явахыг бүү мэд.

Friday, July 01, 2016

Дунд сургуулийн сонингоос

Том зулзага дунд сургуулийн 2-р анги гэдгийг мэдэж байгаа тийм ээ. Монголоор тооцвол долдугаар анги.

Түрүү жилийн нэгэн бичлэгт дунд сургуулийн 2-р ангийхан ажлын байртай танилцах дадлага хийдэг гэж байсан даа.

Тэгсэн энэ удаад том охины ээлж ирэв.  Цаг хугацаа гэж хурдан юм аа.

За тэгээд өнгөрдөг долоо хоногийн ажлын 4 өдөр нь ажлын байртай танилцах дадлага гэж явагдсан.

Бараг 2 сар гарангийн өмнө сурагчдаас хүсэлтийг нь тусгай бэлдсэн хүснэгт бүхий цаасан дээр бөглүүлж, хурааж авна.

1-7 хүртэлх хүсэлтээ жагсааж бичнэ. 1-т сонгож бичсэн ажил мэргэжлийнхээ тухай шалтгаан, зорилт зэргээ өөрийн үгээр тайлбарлаж бичдэг юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгож очиж дадлага хиймээр байгаагаа.

Гэхдээ тухайн хүүхэд 1-т сонгож бичсэн ажлын байранд очиж дадлага хийнэ гэж байхгүй. Учир нь олох хүүхэд сонгоод тухайн газар нь хүн ихтэй. Ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар энэ удаад сурагчид хүлээн авах боломжгүй гэсэн тохиолдолд 2 дахь, 3 дахь, бүр 7 дахь хүсэлтийнх нь дагуу томилох ч явдал байдаг гэсэн.

Ажил мэргжлийн бас эрэлт, сонирхолтой байдал  зэргээс хамаардаг гэсэн.

Сурагчдын дунд хамгийн эрэлттэй  нь хоолны газрууд. Дараагаар нь цэцэрлэг. Тэгээд хүсний дэлгүүр, үсчин гоо сайхан гэх мэт газрууд ордог гэж сонссон.

Яагаад гэхээр өглөөнөөс орой хүртэл хичээлээр бөмбөгдүүлдэг хүүхдүүд, цөөхөн хоног ч болов багшийн үглээ зэргээс хол, бодож санах зүйлгүй өнгөрөөх сайхан боломж гэсэн.

Жишээ нь хоолны газар нь дадлагын сүүлчийн өдөр өдрийн хоолоор дайлах гэх мэт үйлчилгээ үзүүлдэг болохоор хүүхэд л болсон хойно дуртай байдаг бололтой.

Цэцэрлэг бол ойлгомжтой тийм үү. Хөөрхөн хөөрхөн бяцхан жаалуудтай өдөржингөө л тоглоно. Хэхэ. Буцаад цэцэрэлэгтээ явах юмсан гэдэг гэсэн. Ккк

Би л болсон хойно бас эдний мундагийг гайхаад амжсөөн.

Яасан гэхээр? Дадлагынх нь газар тодорхой болсон тохиолдолд алхаад явчихаж болохоор газар бол сурагчид алхаад л явна.

Гэрээс нь 3 км-с хол зайтай бол нийтийн унаа ашиглаж болдог гэнэ. Энэ нь бүр сургуулиас нь, боловсролын газраас нь шийдээд өгчихсөн байлдаг гэнэ. Нийтийн унааных нь мөнгийг хотын захиргаа нь гаргаж өгдөг гэнэ шүү.

Сүрхий байна уу? Ингэж л цэцэрлэг, сургууль, боловсролын газар, хотын захиргаа нь хоорондоо нягт холбоотой, хамтарч ажилладаг байх нь.

Мөн тухайн сургууль байрлах дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг газар сурагчид дадлага хийдэг юм байна. Аж ахуйн нэгжүүд ч идэвхитэй оролцдог юм байна.

Нэг ажигласан зүйл үйлчилгээний байгууллагууд их байсан. Сурагчид үйлчлүүлэгчидтэй харьцана гэсэн үг тийм үү? Энгийн үед өөрөө үйлчлүүлэгч нь байдаг бол энэ дадлагын хугацаанд үйлчлүүлэгчидтэй харьцаж сурна, хэцүүхэн ааштай, соёлгүй  үйлчлүүлэгчтэй харьцах ямар хэцүү байдгийг мэдэж авна, эргээд өөрөө соёлтой үйлчлүүлэгч байхыг эрмэлзэнэ. Гээд л давуу тал ихтэй.

2 зулзагынхаа ачаар их л зүйл мэдэж авах юм бас их л зүйлд суралцах юм даа гэж.

Дараагийн бичлэгт том зулзага хаана дадлага хийсэн тухай бичнээ.