Wednesday, February 28, 2018

СПА ба томилолт

СПА-дах гэж томилолтоор яваа юм шиг л байна. Монголоос ирсэн зочид төлөөлөгчидтэйгөө.

Өдөр нь баахан явж явж, орой нь буудалдаа ирж спа-дна. Гэртээ тэр бүр зав гаргаад байдаггүй нүүр амаа илж таалж. Хэ хэ. Зочид буудалд хонох өдрийнхөө тоолонгоор маск тавих том зорилготой. Одоогоор амжилттай, гурав хоног дээрээ.

Өөр чинь ямар зорилго тавьлаа даа? Аан тийм, ажлаа сайн хийх. Хэ хэ. Үгүй ээ яахав, хэцүүг нь гайхаад л явсан болж байна.

Оройд мэдэхгүй зүйлээ харж, унших зорилготой ч тавин хувьтай. Монголоор нь ч мэдэхгүй сэдэв болохоор толгойд үлдэх нь ч маруухан.

Өглөөний цайгаа бага шиг уух зорилготой ч, элдэв зүйл хараад нүд унагаж идээстэй.
За энэ оройн хоол. Буудлын ойрхон их дэлгүүрийн хаах цагийг дөхөөд ирэхээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь хямдардаг юм билээ. Дээд тал нь тавин хувь. Хэд хэд ирэхдээ орно доо гэж бодоод явснаа амжихгүй байсан юм. Нэг орж санаагаа амраалаа.

Эдийн шуналаа дарж, гэгээрч байгаа хүн чинь хүнсээр л ордог болж дээ. Хүүхнүүд бид жимс жимсгэнэ хараад л гүйгээд байгаа, дараа зураг оруулна аа.

Tuesday, February 27, 2018

Зугаалга

Эртээд ажлаар ирсэн ахыг гаргаж өгөнгөө зугаалсан цэцэрлэгт хүрээлэн.

Окаяма мужид оршдог. Кооракүэн. Өвлийн цагт очсон болохоор сэрүүхэн, жаахан тухгүй байлаа. Мөн гоё ногоороогүй байсан.

Олон удаа Окаяма муж орж байсан ч огт ингэж зугаалж байгаагүй юм. Энэ удаад зорин зорин зугааллаа.

Энэхүү Кооракүэн нь Японы гурван том ногоон хүрээлэнгийн нэг нь гэнэ. http://www.okayama-korakuen.jp/ Энэ хаяг руу ороод үзчихээрэй, хүмүүсээ. Олон хэл дээр уншиж болох юм байна.

Өөрийнхөө дарсан ганц нэг зургаас оруулав.
Чулуун гүүр
Гурвалжин дээвэртэй нь завь
Нарс модыг яаж л бол яаж засаж байна.
Дулаарахаар, ногоорохоор дахин явна аа, хосоороо зугаалвал сайхан газар байна лаа шд. Энд хосоороо байдаг залуус нэг очиж үзээрэй.

Monday, February 26, 2018

Боулинг

Уламжлалт бичлэг. Шинээр элсэн орох нэгдүгээр ангийнхныг угтах, бага ангиа төгсөх 6-р ангийхныг үдэх боулингийн арга хэмжээ.

Энэ жил бага зулзага сэнпай болж байгаа. Хөөрсөн хүн л байна. Хи хи.

Гадаах цэцэрлэгт хүрээлэндээ цуглацгаагаад, хариуцсан ээж аавууд дагуулаад явсан. 4 цагийн арга хэмжээ. Жижиг жижиг даавуун ууттайгаа, уух цайтайгаа явна, ихэнх арга хэмжээнд.

Хөгжилтэй байсан гэсэн. Оноогоор нь шагнал гардуулаад л явсан гэнэ. За хамгийн сүүлийн хүн гэж хэлснээ охины минь нэрийг уншсан гэнэ.

-Сүүлийн хүн гэхээр нь зөө зөө гэж бодсон чинь нэрийг минь хэлдэг байна шд, азтай байна уу? ээж ээ гэсээр л орж ирсэн.

Шагналд нь нэг жижиг дэвтэр, номын дэлгүүрээс худалдаа хийх 500 иений эрхийн карттай ирсэн.

Арга хэмжээний гол зорилго бол биестэйгээ танилцах. Хойшид зохиогдо арга хэмжээнд хамтдаа идэвхитэй оролцох.

Олон жилийн дараа уншихад санах гэж бичих юм даа, зарим нэг хүмүүс гайхдаг бололтой билээ? Яасан ч их завтай юм гэж. Завтай завтай, заваа зөв боловсон өнгөрүүлэх гэж бичдэг тал ч бий. Адаглаад алдаагүй бичээд сурчих байх даа, тийм ээ?

Эморх гэж байна, түр баяртай.

Жич: Нүүр номноос эморох гэж уншаад байгаа, ойрд. Тэгээд хоцорчихгүй гээд л. Хи хи.

Sunday, February 25, 2018

Хэлбэрээ өөрчилсөөн

Аяга угаагч маань ингэж хэлбэрээ өөрчилсөөн. Байнгын хэрэглэгчдийнхээ хүсэлтийг хүлээн авч, чанарыг нь сайжруулсан ухаантай.

Ингэхдээ хэлбэр, болон нэхэлтийнхээ чанарыг засав.

Зураг дээрх шиг. Нэхээд л нэхээд л, бэлэглээд л бэлэглээд л яваа. Эхнээсээ хэрэглэж үзсэн хүмүүс сэтгэгдлээ хэлэх байх аа. Хүлээгээд л байна би.

Урдны өгсөн дугуй хэлбэртэйгээ хэрэглэж дуусаад, муудахаар нь хаясныхаа дараагаар хэрэглэнэ гээд хадгалчихсан гэх юм, байнгын хэрэглэгч ээж минь.

Охин нь нэхэж өгдөг гэсэн шиг 5 ширхэгийг гал тогооныхоо хананд өнгө алаглуулаад өлгөчихөж. Хөөрхөн гэдэг нь. Бас болоогүй ээ
-Алтан нарны өнгө "шаргал" өнгө нь гоё шүү, миний охин энэ өнгөнөөс ахиухан нэхэж өгөөрэй гэчихэж ээ. Хи хи.
-Шуналтай шдээ, тэгж байгаад нэхэж өгөмз.

Шинэ бүтээлийг минь хүлээн авсан хэрэглэгч та нар минь санал сэтгэгдлээ харамгүй хэлээрэй. Хэрэглэгч та хаан шүү.

Амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Түр баяртай.

Friday, February 23, 2018

Ээжээрээ гоёно оо

Хүн болгоны л ээж сайхан тийм ээ? Минийх илүү сайхан нь. хэ хэ.

Юугаараа гээч? Бүхий л талаараа.

Ээжийнхээ сайхан зан чанарыг блогтоо мөнхөлж үлдээх гээд л. Арвигач хямгач, юмханаар юм хийчихдэг, эмх цэгцтэй гээд л зөндөө сайхан чанартай даа. Аан тийм, маш нямбай бас. Өө тийм, сайхан дуулна. Цагтаа Флатова гуай дууны ангид оруулж өгье гэж гуйж байсан гэсэн. Ээж минь татгалзаад, дуртай мэргэжлээрээ ажилласан. Олон сайхан шавьтай, хамт олонтой. Одоо тэр сайхан хамт олон нь ирж золгодог.

Энэ удаад ээжийнхээ хийсэн нэрстэй аарцыг, тарьж ургуулсан хүрэн манжингийнх нь дээжээс хошуугаа унжуулан, нэхэж байж авчруулаад. Энэ хажуугийн зураг дээр ягаан нь нэрстэй аарц. Ууттай хүрэн нь нарийхан хэрчсэн хүрэн манжин.

Замдаа аарц нь жаахан хайлсан байсан тул ингэж хөлдөөв. Хөлдөснийх нь дараагаар жижгэвтэр хэрчээд, дахин хөлдөөнө. Бага багаар гаргаж ирж хүлхэнэ. Амттай гэж юүхэв.

Монголд манайхаар айлчилсан, орж гарсан хүмүүс бүр нэхэж байгаад иддэг гэсэн.
-Та өнөөх аарцнаасаа ганцыг өгчих л дөө?

Би эндээс харамлаж, өөрсдөө хийж, бэлдэж ид гээч гэж уурлана аа. Хэхэ. Учир нь миний захиж авчруулах хэмжээ багасна биз дээ? Энэ чинь одоо. Хи хи.

Бас МИАТ-ын ачаа барааны хэмжээнээс болоод багаханыг л захилаа. Мэрж иднэ дээ.

Хүрэн манжин байна. 2, 3 жилийн өмнөөс тарьж эхлээд, ингэж хэрчиж болгоод хатаачихдаг. Оройн хоолондоо гаргаж иддэг. Мөн жүүс хийгээд уучихдаг. Захиж авчруулмаар байвч тэр холоос дэмий ч юмуу даа, эндээс өөрсдөө аваад идчихэж байя гэж бодоод явсан. Эндээсээ авах гэхээр жаахан үнэтэй, байнга аваад байж бас чадахгүй болохоор нь энэ удаад зориглоод захиж жаахныг авчруулсан. Бас л хааяа нэг гаргаж иднэ дээ.

Ижий аав 2 минь ийм л хөдөлмөрч улс даа. Олон зүйл тарьж ургууллна, даршилна гээд л. Энэ зун тарвас тарих юм гэсэн. Амжилт хүсье ээ.

Нүүдлийн ач тус

Нүүж сууна гэж нээрээ ямар том ухаан бэ? Нүүдэлчин ард түмний энэ ухааныг бишрэхийн аргагүй.

Яасан гэхээр ажлын минь газар нүүх гээд их ажил өрнөж байна. 4 сарын нэгнээс шинэ ажлын байранд ажлын гараагаа эхлэх нь дээ. Барилга бол шинэ биш л дээ. Мужийн харъяа хуучин байшин. Дотор нь хэд хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Олоон олон ном актлах гээд ялгаж байна. Мөн сэтгүүл, сд, двд гээд л сүүлийн 10-д жил тэр бүр ашиглагдаагүй зүйлсээ хаяна.

Ингэж хаяхдаа шууд хогийн саванд хийчихгүй ээ. Иргэдийнхээ татварын мөнгөөр худалдаж авсан тул, буцаагаад иргэддээ тарааж өгөх хэлбэрээр арга хэмжээ авна. Би ялгаж салгаад сууж байхдаа энийг ч авчих юмсан, тэрийг ч авчих юмсан гэсэн гого гого ном, двд зөндөө байна аа. Хэ хэ. Гэхдээ би ажилтан нь учраас авах эрхгүй л дээ. Хи хи.

Нүүдэл суудлынхаа ачаар ажлын газрынхан маань их хэмжээний цаас болон бас бус хогноосоо салах нь.

Тэгээд л бодож сууна, нүүдэлчин ард түмний энэ нүүж суух ухаан чинь асар том ухаан байжээ л гэж. Нүүхийнхээ тоолонгоор элдэв хэрэггүй зүйлсээсээ сална,  мөн хэрэггүй зүйл худалдаж авахгүй, байгаль орчинд ээлтэй үйлдэлтэй, буянтай улс юм аа тийм ээ.

Байрны айлууд ч өөр л дөө, тийм ээ. Сүүлийн үед манайхан их л олон зүйл ханандаа өлгөх болж дээ. Мөн элдэв зүйлс шкафандаа өрж тавиад л. Том зулзага харчихаад музей шиг гэсэн. За тэгээд хүн хүний сонирхол өөр тул, лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү хамаа алга дөө гэж.

Тэртээх 2 жилийн өмнө гэр минь бас нүүхэд их зүйлээсээ салж билээ. Одаа харин бас нэмэгдээд байх хандлагатай, нүүдэг ч юм билүү хэхэ.

Thursday, February 22, 2018

Нэгийг бодогдуулам ном

Ажил дээр минь шинээр орж ирсэн ном. Албан тушаалаа ашиглаад хамгийн түрүүнд уншив. хэ хэ. Дараагаар нь охиддоо уншуулав.

Дэлхий дээр сургуульдаа явах гэж ямар их бартаатай зам, эрсдэлтэй зам туулдаг хүүхдүүд хэр олон байдаг бол?

Үе үе хэвлэл мэдээллээр гардаг юм энд.

Тэдгээр хүүхдүүдийн хажууд энэ японы  хүүхдүүд, хөгжингүй орны хүүхдүүд ямар их аз жарглатай гээч.

Монголын хүүхдүүд ч азтай. Мэдээж дунд нь хол зам туулдаг, саад тотгортой зам туулдаг хүүхдүүд бий.

Эдгээр хүүхдүүд хэзээ ч гомдоллодоггүй. Тэдний цагаахан инээмсэглэл дэлхийн олон олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг.

Туслах юмсан гэдэг сэтгэл, зоригийг төрүүлдэг.

Байгаа зүйлдээ талархах, сэтгэл ханамжтай байх л хэрэгтэй юм шиг.

Гэх мэтээр их зүйл бодогдож байна даа...

Давхцаад л...

Юм юм давхцаад л сууж байна даа. Биш ээ гүйж байна аа.

Ирсэн зочдоо гаргаж өгөв. 150 км давхив. Буцахдаа 150 км. Харанхуйд гараад давхисан жаахан эвгүй л байлаа. Ард том том ачааны машинууд тулж ирж давхиад л. Хажуугаар хурдтай гэгч нь гүйцэж түрүүлээд. Харин гэгээ орчихоор бас ч гэж гайгүй. Хурдны замаар давхиад байж болмоор. Хэ хэ.

Харьж ирээд л шууд бага зулзагын багштай уулзах ажилд явган гүйв. Учир нь сургуулийн гадаа машин зогсоож болохгүй. Учир нь сурагчид тараад, хөл хөдөлгөөн ихсэх тул. Сурагчдын аюулгүй байдал нэгдүгээрт.

Нээрээ энэнээс болж би нэг торгуулаад. Саяхан. Уур хүрмээр. Ингээд л би цагдаад дургүй. Хи хи. Нэг өглөө бага зулзага бүлээрээд. Сургуульдаа явах уу? яах уу? гэж гэж жаахан оройтоод. тэгснээ өөрөө явна гэхээр нь хамтдаа алхдаг найзуудаасаа хоцорсон байсан тул хүргэж өгдөг хүн болов оо. Хүргэж өгчихөөд, гэрлэн дохион дээр гацаад байхаар нь нэг уулзвараар зүүн эргээд л орчихсон чинь байдаггүй. Урд цагдаа зогсоод л гараараа зогс гэж дохиод л.

Тэгсэн өглөө 7:30-8:30? байсан байхаа цаг нь, эргэж болохгүй гэсэн зам руу орчихож. Тэр нь бага сургуулийн хажуугийн жижиг туслах зам. Тэгээд л хүлээж хүлээж нэг оноо, 7000 иенээр торгуулсан даа хөөрхий. Яагаад хүлээсэн гэхээр миний урд бас зөндөө машин зогсоод торгуулж байсан. Хэ хэ.

Мөнгөн торгуулиа бэлэн мөнгөөр авахгүй, банкинд тушаа гээж бичиг өгчихөж байгаа юм.

За тэр ч яахав юу ярьж байлаа? Аан тийм давхцах.

Яагаад ингээд нэг ажил ундрахаараа ар араасаа цувдаг байна аа тэ.

Ирэх долоо хоногт 7 хоног эзгүй байна. Тэр дунд зулзагуудын ажил, хань ижлийн ажил гээд л. Ээж байхгүй бол бас л хэцүүддэг байхгүй юу, тэр болгоныг амжуулах гэж.

Иймэрхүү ажил давхцаад буцалсан цай шиг болсон үедээ л ээж аавыгаа дэргэд минь байсан бол ч хошуугаа унжуулаад гуйж байгаа даа гэж учиргүй их санана гээч.

За за нэг сайхан чацаргана ууж аваад л гараад гүйх минь. Удахгүй монголоос миний дуртай еэвэн ирнэ гэж бодохоор нойр хүрэхгүй л байна шүү... Мөн цагаан сарын хувь гээд ганц нэг ул боов ирж байгаа сурагтай.

Сүүтэй цай хийж аваад л ул боовоо дүрж иднэ дээ. Хэ хэ. Нүүр номоор дүүрэн ул боовоор элдэв амттан хийх тухай яваад байна лээ. Бүгдэд нь амжилт.

Wednesday, February 21, 2018

Амазакэ

Амазакэ буюу амтат архи.
Өглөгч хөршийн минь ээлжит хишиг. Сүүлийн үед энэ архи ихэд дэлгэрч байгаа. Исгэлэн амттай. Гэхдээ бас нэлээд нялуун.

Архи гэдэг нэртэй боловч спиртийн төрөл ороогүй нь ч байна. Үүнийг ханиаднаас сэргийлж охидтойгоо уугаарай л гэсэн. Охид минь сүрхий ууж гийгүүлэхгүй л байна. Би л элдэв зүйлс туршиж үзэх дуртайгаараа ууж байна.

Гэснээс би өвөлдөө нэг их ханиад хүрээд байдаггүй шд. Сайн гэсэн юм болгоноос хүртээд явдаг болохоор тэр юм болов уу? Хи хи.

За энэ амазакэгаа  будаагаар хийнэ. Тусгай хөрөнгө гэж байдаг юм билээ. Исэж байхдаа яг л айраг шиг санагдаад хань ижил хийж үзсэн. Нэг л болж өгөөгүй юм болов уу? Дахин оролдоогүй.

Буянтай хөршийнхөө буянаар ханиад зооглолгүй хавар, зунтай золгоно оо.

Та бүхэн минь бас өвлийг өнөтэй даваарай. Хавар ч хаяанд ирлээ дээ.

Tuesday, February 20, 2018

Чацаргана мину зээ

Ойрд янзан бүрийн чацаргана ууж байна аа. Шилтэй, хуванцар савтай гээ л. Сүүлийн үед ийм савалгаатай их ирж байна шүү. Ажилдаа нэг нэгээр нь аваад явахад их зүгээр.

Жаахан нялуун амттай. Хэт их чихэртэй болоод байна уу даа? Бага шиг л байвал тийм ээ?

Ер нь бол өөрөө захиж авчруулалгүй ээж аавынхаа тарьсныг буцалгаад, багахан элсэн чихэр, зөгийн балтай уухад л болох юм гэж дүгнээд байгаа.

Харин бэлгэнд авбал дуртайяа хоёр гараа тосоод авна шүү. Үүнийг уншчихаад, өгөхөө больчихов оо. Хэ хэ. Ажил дээрээ борголын хажуугаар ганц нэгийг уухад гоё шүү.

Монгол түмэн минь өөрсдөө үйлдвэрлэх гээд, хийх гээд оролдож байгаа зориг хүслийг нь бодоод, худалдаж авч байхгүй бол тийм ээ.
Үндэсний үйлдвэрлэл минь хөгжин дэлгэрэх болтугай. Амжилт хүсье.

Sunday, February 18, 2018

Сар шинийн мэнд

Сар шинэдээ сайхан шинэлсэн биз дээ. Шинийн 8-ны дотор нэг бичлэг хийж мэнд мэдэх гээд л. Ёс ёмбогор, төр төмбөгөр байхгүй бол гэнц нэг хүмүүст загнуулаад байна. Хэ хэ.
Битүүний орой нэг иймэрхүү ширээ засаад. Аминдаа монголоос ирсэн, монгол гэсэн бүхнээ л гаргаж идээгээ заслаа. Хи хи.
Шинийн нэгний ширээ. Жоороо ухаж байж ганц нэг ааруул, чихэрхэнээр илүү байлаа. Битүүний ширээг бодвол.

Сүүлийн үед энэ гадагадад байгаа монголчууд их сүрхий идээ будаа засдаг болжээ. Бүр ууц хүртэл харагдана лээ нэг зурган дээр. Яасан ч сүрхий юм, хаанаасаа ч ууц олчихов? Үгүй тэгээд сэтгэл байвал л болох л байх л даа. Тийм үү? Би л тэр сэтгэл зүтгэлийг нь гаргахгүй байгаа болохоос.

Монголоос ирсэн зочидтойгоо золголт хийж, бужигнаад сайхан л байлаа. Хөөрөглөв бас. Хэ хэ.

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ эрүүл энх байж, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг ерөөе өө.

Thursday, February 08, 2018

Гоймон

Гэртээ харих зам хамгийн зөв зам.
Ажил цагтаа тараагүй, цас ихтэй зэргээс болоод галт тэрэг хойшлоод, хойшлуулаад. Оройн хоолондоо юу зооглох уу? гэж эргэлдэж эргэлдэж гоймонгоо л сонголоо. Хэ хэ.
Болоогүй ээ, хажуугаар нь номоо хараастай. Цаг нэлээд байсан болохоор удаан идсэн гэж байгаа. Хэ хэ. Харин номоо хурдан уншсан. Ганцаараа суугаад ном унших цаг гарахгүй байгаа тул, амтархан, шунан уншсан нь тэр.

Киото хотын галт тэрэгний буудал хүн ч ихтэй гэж юүхэв, том ч гэж юүхэв. Төөрч будлилгүй, галт тэрэгээ олоод суух л хамгийн том зорилго тухайн үедээ.

Харин галт тэргэндээ суугаад авбал хэсэгтээ тайвшраад нэг унтана, нэг сэрнэ, нэг номоо сөхнө, нэг тухайн өдрийнхөө ажлыг эргэн санана, тэгэх байж, ингэх байж нэг тавгүйтнэ, за за хойшид л сургамж болж байна даа гэж нэг тайвширна.

Тэгснээ зулзагууд минь, хань ижил минь хүлээж байгаа даа гэж уужрана. Бүгд л эрүүл саруул байгаад сэтгэл ханамж төрнө, талархана.

Гоймон амттай байсан. Нэг амралтын өдрөөрөө амттайхан гоймон хийж идэх минь гэж бодон галт тэрэгнээсээ бууна. Хүйтнийг гайхаж, гэртээ харих зам хамгийн зөв зам гэж хэлсэн тэр нэгэн суутны чухам үнэн хэлснийг нь биширнэ...

Wednesday, February 07, 2018

Цуйван

Ойрд цуйвангаар занималдаад аа. Хагас сайнд гэртээ цуйван хийж идээд. Гурвалжин будааны гурил хольж байгаад. 2-р гурил шиг бор болдог юм билээ.

Орой нь маргааш өдрийнхөө ажилд бэлдэж 1,5 кг гурил зуурч элдэж, тос түрхэж таслаж, хөлдөөсөн.

Маргааш нь өглөө эртлэн гараад л япон хүмүүстэй хамтарч цуйван хийх ажилдаа ханцуй шамлан орсон. Өнгөрдөг жилийн 6 сард суугуул нутгийнхаа сонсголын бэрхшээлтэй хэдэн иргэдэд эх орноо танилцуулсан даа. Тэгсэн тэргүүн нь гэж нэг нүдэнд дулаахан өвөө
-Би нэлээд хэдэн жилийн өмнө Монгол явж байсан, ирэх 2 сард монгол хоол хийж идэцгээе. Та ирж бидэнд багшлана биз дээ?
-Тэгэлгүй яахав ээ? Дуртайяа.
Дотроо бол хаа байсан юм, дараа жилийн 2 сар гэж бодож байлаа. Тэгсэн яасан? Цаг хугацаа нисэх мэт л өнгөрч байна шд.
Хотын иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн байгууллагын гал тогоо. Хоолны элдэв арга хэмжээ болоход ашигладаг. Тодорхой хэмжээний төлбөртэй.
5 хэсэгт хуваагдаж хийсэн. Порц нь их болсон. Нэг таваг цуйван идэж барахгүй л байна лээ. Монгол эрчүүд бол нэмж идэхээр л байсан, хэмжээний хувьд.
За энэ Кобэ хотод байдаг Жайка-н байрны гуанз. Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулж монгол хоол хийж, худалдаалсан. Монголчуудаас бэлгэнд авсан зүйлсээ шилэн хоргонд хийж олны нүд хужирласан.
Зураг бол гоё харагдсаан. Хэ хэ. Шууд л худалдаж аваад идмээр. Үнэ яахав, хямд ч биш, үнэтэй ч биш.
Зураг шигээ л бай л даа гэдэг зураг. Хэ хэ. Ногоо жаахан бага, гурил нь эдний гурилтай шөлний бэлэн гурилыг чанаж хольсон болохоор, нялцгайдуу байсан. Боорцог бүтэн байсан чинь, хэд хоногоос таллаад хуваачихсан гэсэн. Хо хо. Шөл нь бас хонины махтай шөл. Нийслэл салад дажгүй санагдсан.

Миний хийдэг цуйванг гүйцэхгүй л юм билээ, хэхэ. Тийм болоод л манай сүмо агаа нар эгчээ цуйван идье ээ л гэдэг байх даа. Гэрээсээ хол тэдэнд ээжийнх нь гарын хоолыг орлоод амттай сайхан цуйвангаар дайлчих юмсан л гэж боддог доо.

Мөн нэг ч гэсэн япон хүн монголд аялан, халаасаа монголд гөвөөсэй гэж хичээдэг дээ.

Дараа дараагийн цуйван хийх арга хэмжээндээ амжилт хүсчихэе. Хэзээ гэдгийг мэдэхгүй ч. Хи хи.

Monday, February 05, 2018

Эх хэл

Монголоос ирсэн зочдын минь ачаар хоёр зулзагын монгол хэл ихэд сайжирч байна. Бага зулзага монголоор хэрэлдээд эхэлж байвал яах уу? Муу зүйлийг хурдан ч сурах юм, энэ хүүхдүүд. Хэ хэ.

Жаахаан маамаатай барьцаж гүйгээд, бага зэрэг нялхраад байна  энэ

Нэг мэргэн арга олоод оо. Гэр бүлээрээ монгол явах гэж зөвхөн онгоцны тийзэнд арваад сая төгрөг үрж байхаар, монголоос зочид урьж авчираад л, монголоор шаагилдаад байх нь зүгээр юм гэж бодоод. Хэ хэ. Сайхан дайлж цайлаад явуулахаар тийм их мөнгө болохгүй шдээ тэ?

Хүн гээч муухай ч амьтан бол доо тэ? Өөрийнхөө мөнгийг үрэхгүй, хүний мөнгийг үрчих санаатай. Хи хи.

За миний энэ нээлт мээлт ч яахав, бага зулзагын монгол хэлний аялгыг хүмүүс жаахан шоолсхийгээд л, хамаагүй шоолчихвол өнөөх нь уурлачих гээд л, хөгжилтэй.

Гадаад хэл сурна гэдэг, эх хэлээ сурна гэдэг ер нь нэлээд ярвигтай асуудал байна шүү. Эргэн тойрондоо шоолуулна, шантарна, уйлна, дуулна.

Гэснээс бага сургуулийн 3-р ангиас эхлээд англи хэл бага цагаар орж эхлэнэ. Ингээд гурван хэлний дунд эргэлдэж өгөх нь бага зулзага.

Том зулзага ч бас гурван хэлний дунд эргэлдэж байгаа л даа. Монгол хэл нь гэхдээ идэвхитэй биш, нэг их сонирхохгүй байгаа. Ярихын хувьд бага зэрэг ярина, бичиж чадахгүй, үсэглэж уншина. Яваандаа болох биз гэж бодоод хүчлэхгүй л байна. Загнаад унана аа, уншигч олон. Хэ хэ.

Одоо ч блог уншдаг хүн ховордсон болохоор гайгүй ч юм уу, учиргүй загнаад унах нь, хи хи.

Монголоор амьсгалаад сайхан байна. Харихаар нь санацгаана даа, биесээ...

Sunday, February 04, 2018

Ойрд

2 сар гарчихав аа. Ийш тийшээ гүйсээр байтал цагаан ногоон сар минь болох гэж байна. Буузаа чимхэж амжаагүй л явна. Энэ долоо хоногоос чимхэнэ дээ. Гэснээс чимхсэн буузаа хөлдөөнө гэж том асуудал юм байна энд чинь.

Том, бага зулзагуудын сургуулийн арга хэмжээ гэж ар араасаа ундраад л. Ээж түүнд нь бондогонож гүйгээд л. Гүйснээрээ гуалиг болохгүй нь онцгүй.

Би өөрөө бас ажил ажил гэж ийш тийшээ гүйгээд л. Өглөө тэнд, өдөр тээр тэнд, орой энд.
Хөдөөний хүүхэн хот орж соёлтой гайхсан, төөрөхөө шахсан, хоцорсон гээд л явж байна. Хоцорсон гэдэг нь миний буруугаас биш л дээ. Ажил сунаад, тэгээд л харих галт тэргэндээ амжаагүй хэрэг. 

Мөн эх орноос минь зочид ирсэн. Нэг хөөрхөн булцгар амьтан манайхыг буулгаж өгч байна. Хажуугаар нь мөнхийн идээстэй. Хэ хэ. Бид түүнийг дагаж мөн л идсээр.Хэ хэ.
Зочдаа дагуулж дэлгүүр хоршоо хэснэ, хоол унд хийж иднэ, янзан бүрийн зүйл ууна. Зугаатай л байна. Харьчихаар нь санана аа одоо. 

Өөр юу билээ? Бичмээр зүйл их л байгаад, блогоо бичиж амжихгүй байгаадаа жаахан уур хүрээд л явсан чинь, цагаа тулсан гар хөл, сэтгэл санаа эвлэж өгөхгүй ч байх шиг. Учир юуных?

Ямартай ч шинэ долоо хоногоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж, үдээрэй. Өөртөө ч амжилт хүсье ...