Thursday, February 28, 2019

Еэвэнгийн нөгөө тал, хэхэ

Би ийм еэвэнд дуртай гэж. Цагаан сарынхаа еэвэнг ганцаараа шахуу иддэг байлаа гэж.

Энд ирээд боломж гарвал гэрийнхээ цагаан сарын еэвэнг захиж авчруулаад иддэг гэж байгаа. Энэ жил хань ижил ажлаар монгол яваад, дуртай зүйлийг минь ингээд бүтнээр нь аваад ирж. Сүүтэй цайнд дүрж идээд л сайхан байна өө.

Гурилан хүнсээ багасгах санаатай байгаа ч, багадаа идэж өссөн амт гэдэг бас л хүчтэй байдаг юм байна аа.

Мөн хөдөөний хамаатнууд минь ингээд л тостой боовыг хувь гээд л өгдөгсөн. Тосыг нь хуулж идчихээд, боовыг нь үлдээчихдэг байж дээ, цамаан цайлган бага насандаа. Хэ хэ.

Та нар минь цагаан сарынхаа идээг хураачихаад л бага багаар ингээд сүүтэй цайнд дүрээд идэж сууна уу? Бууз банш эргээд моодонд орчихсон уу? Хи хи.

Бид ойрын хугацаанд хэдэн бууз чимхэж хөлдөөх санаа байна аа, зочид ирнэ гэсэн тул.

Өөрөөр ч нам тайван дөө. Бүгдэд нь амжилт хүсье ээ...

Жич: Еэвэн гэдэг үг сонсохоор л "Зэрэг нэмэхийн өмнө" гэдэг кино санаанд ороод байдаг шд, та нар бас тэгдэг үү? Ккк

Friday, February 22, 2019

Хувь

Цагаан сарын идээний дээж, хувь амсуулсан найздаа баярлалаа.
Хаа нэгтээ бага шигийг идвэл зүгээр тийм ээ? Энэ хэвийн боов гээч эдийг. Зөөлөн, амттай байсан, баярлалаа.

Сүүлийн үед энэ гадаадад байгаа монголчууд минь хүртэл ихээхэн сүртэй тэмдэглэдэг болжээ. Ууц тавих нь холгүй л байна. Мэр сэр ууц тавьсан айл ч байх шиг байна лээ.

Ёс уламжлалаа алдалгүй тэмдэглэж байгаа нь сайхан ч, сүр болдог, бие биенээсээ илүү гарах гэсэн, харуулах өвчтэй, хэлбэрдэх дуртайг нь дуурайгаад байгаа нь бас жаахан бодууштай.

Эсвэл би ганцаараа тэгж бодоод байна уу? Айдас хүйдэс төрөөд байна л даа. Сүүлийн үед ийм хэллэг моодонд ороод байгаа юм шиг байна лээ тэ. Айдас хүйдэс...

Ул боов энэ тэр захиж авчруулаад, сүр бадруулдаг болж. Хамгийн гол нь тэр захиасыг нь авчирч байгаа хүмүүстээ их л төвөг болоод байна гэж бодохгүйд байна л даа.

Бас хамаг мөнгөн аягаа өрж тавьж ирээд л зургаа оруулдаг айл ихсэж тэ? Эд хөрөнгөө гайхуулаад байгаа юм уу? Хэн ч тэгж өрж тавьж чадна шдээ, хаха. За за хүмүүс лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү хамаа байж уу? тэ.

Баяр дууссаны дараагаар өнөөх сүр болгож бэлдсэн зүйлсээ идэж барахгүй хаяхыг нь хаяад, хүнд өгөхийг нь өгч байснаас сүүлд нь ингээд л идээний дээжээс, хувиас амсчихаж байгаадаа сүсэглээд л иддэг шд.

За за элдэв юм бичиж байгаад загнуулж мэднэ шүү. Молор-Эрдэнэ доктор шиг. Ккк. Хятадын эрлийз, хурлийзаараа дуудуулна шүү. Донгосоо болихоос. Шодоргос чухал шүү...

Ямартай ч гахай жил гарав уу үгүй жин нэмсэн хүмүүс их байгаа сурагтай шүү. Бага шиг идээрэй. Гэснээс эх орноос минь дуртай зүйл минь ирж яваа, хоног тоолоод л сууна даа.

Олон олон баяр давхцдаг 3 дугаар сар айсуй гэж. Бид бас бага зулзагын төрсөн өдөр гэж сүрхий баяртай, тэр олон баяр дээр нэмээд. Гэхдээ энд тийм сүртэй тэмдэглэхгүй л дээ, бусад баярыг.

Хань ижилдаа цуйван сэгсэрч өгнө. өөрөө дуртай хоолоо хийж иднэ. Хань ижил ажилтай оройтож тардаг тул, хоолгүй сууж байлтай биш, нэг бол тарж ирэхээр нь хийлгэж унтхынхаа өмнө идэлтэй биш өөрөө л өөртөө дуртай хоолоо хийж иднэ дээ гэж. Хэ хэ.

Бүгдэд нь ажлын болон сурлагын амжилт, олон олон баяраа амжилттай давж гарахыг хүсэн ерөөе өө.

Wednesday, February 20, 2019

Нэг хөөрхөн ном

Энэ их хөөрхөөн ном оо.
Сая хагас бүтэн сайнд бага зулзага бид 2 ээлжит номоо зээлээд. Дунд нь ийм ном явж байсан.
"Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" гэдэг ном.

Өөрийн эрхгүй нүд тогтоод, гар сунаж байна лээ. Хи хи. Жаахандаа үзэж байсан "Тансан лам баруун этгээдэд зорчсон нь" гэж хөөрхөн кино үзэж байснаа дурсав шд.

Хүүхэд багачуудад зориулсан 3 цуврал ном. Би нэгийг нь зурганд оруулаагүй байна лээ.


Хүүхдүүд ч их дуртай байх юм билээ. Том зулзага бас уншаад л сонирхолтойг нь гайхаж байсан юм даг. Том хүүхдүүдэд зориулсан хувилбар нь ч бий.

Би тэгж байгаад дахин зээлж тухтай уншина гээд төлөвлөчихсөн байгаа. Ажил давхцаад уншиж амжаагүй байж байтал буцааж өгөх хугацаа нь болоод өгчихсөн байна лээ.

Хүүхдийн ном зохиол, кино зэргээс их зүйл сурна шүү, ялангуяа энэ Японд.

Саяхан нэгэн хятад найз минь ирээд
-Охид чинь япон хэлнийх нь төвшин хэр вэ? Манайх жаахан тааруу байгаад байна аа...
-Тийм үү? Яаж ажиглагдаж байна?
-Даалгавраа уншаад ойлгохдоо жаахан муу байгаа санагдаад... Чиний минь охид хэр вэ? Ойлгодог уу?
-Сайн мэдэхгүй л байна, ойлгоод л байх шиг байдаг.

Тэгээд л хүүхдийн хичээл, сурлагын талаарх яриа өрнөөд, миний нэгэн туршлага болох охидоо номонд дуртай болгосон тухайгаа хэлээд, найз маань хэрэгжүүлэх минь гээд л харьсан. Охин нь нэг дүгээр анги, хичээл хийхдээ жаахан дургүй байгаад байна гэсэн. Манай бага зулзага ч даалгавраа бас тийм дуртай хийхгүй л дээ. Хи хи. Гэхдээ яахав, өөрийнхөө бяцхаан туршлагаас л хэлсэн нь тэр. Ккк

Бас нэгэн хэрэгжүүлэх зүйл байгаа, түүнийг нь дараагийн бичлэгт...

Та бүгдийн минь хүүхдүүд ч номонд дуртай болог ээ.

Monday, February 18, 2019

Хятад хоолны баяр

Цагаан ногоон сар чинь Хятадын ч бас баяр тийм ээ? Хэ хэ. 

Тэгсэн ажлын хоёр хүүхэн чухам чанасан банш идмээр байна гээд, гэнэт л бид цуглаж банш чанаж идэхээр болцгоов. 
2-хон цагийн дотор ихээ хоол хийсэн байсан. Би хувийн ажил давхцаад бага зэрэг оройтсон. Гэхдээ баншны гурил элдсэн. Од болсон. Ха ха. Япончуудын хажууд гурил элдэхдээ мастер гэж. Хи хи.

Хятадууд онгирохоороо бас их чанга ярих юм аа тэ? Бүр чих өвдсчихсөн сүүлдээ. Хүмүүст зааварлаад, тэг ингэ гэж заагаад. Хоолойных нь чанга гэж юүхэв. Хи хи.

Ямартай ч санаандгүй байж байгаад амттай гэгчийн хятад хоол идээд авсан. Цай нь хүртэл хятад амттай. Яг юуны цайг мэдсэнгүй. Жасмин билүү? тэр лав биш.

Монгол гэхдээ хятад хоолны газраар бага ороорой гэж зөндөө сонссон. Үнэн үү?

Гэртээ л лавшаагаа хийж идээд л суух шиг жаргал хаана байна дөө гэж...

Saturday, February 16, 2019

Боулинг, бас бус

Уламжлалт бичлэг. Бичиж үлдээхгүй бол дараа нь уламжлалт арга хэмжээ болоогүй юм байх даа гэж бодохоор юм билээ.

Тэгэхээр яаж ийгээд, богинохон ч байсан эндээ тэмдэглэх.

Үдээс хойш болсон. Үдээс өмнө нь төгөлдөр хуурандаа явсан. Удахгүй хамтарсан тоглолт болно, сурагчдынх нь. Зулзагууд хамтарч нэг ая дарна. Том зулзага бас нэг том сурагчтай хамтарч арай хүнд? ая тоглоно.

Догдлоод л явсан, догдолсоор л харьж ирсэн. Хөгжилтэй байсан гэсэн.

Уламжлал ёсоор ном худалдаж авах эрхийн каарттай ирсэн. 2 дугаар ангийн, хуучин сурагч тул 500 иений каарт. Шинээр элсэн орох 1 дүгээр ангийнхан, төгсөх 6 дугаар ангийнхан 1000 иений каартаар шагнуулна.

Өмнөх каартуудаа нийлүүлж байгаад ном авна л гэсэн. Нээрээ шинэ жилээр нэг хөөрхөн ном авсныг нь эндээ оруулна аа. Хөөрхөн юм билээ. Зарим нэг хүнд хэрэг болж магад.

Удахгүй 2 дугаар ангиа төгсөөд, 3 дугаар ангид орох нь. Хурдан ч юм даа, энэ хүүхдүүдийн өсөх нь.

Саяхан багштай нь уулзсан. 2 дугаар анги дахь сүүлчийн уулзалт. Их л хичээж байгаа мундаг гэж магтаж магтаж байснаа, бас сул талыг нь хэлээд л авна лээ. Би ч бас гэртээ болж бүтэхгүй байгаа сул талыг нь хэлээд, жаал ярилцлаа.

Нэлээд тулж ажиллахаар шийдээд хэд хонож байна. Хэ хэ. Тэгэхгүй бол дундаа орчихоод яваад байсан байна шүү, энэ нөхөр.

Монголд сурагчдын хичээл эхлээд ээжүүд та бүхэн завгүй болсон уу? Амжилт хүсье өө.

Thursday, February 14, 2019

Хайрын баяр

Хайрын баяр болох гээд энд тэнд нил чоко.

Бидний томчууд нэг их тоохоо байсан шд. Энд тэндхийн албан газрууд ч тоохоо байж байх шиг байна. Их олзуурхаад байгаа. Хэ хэ. Хань ижлийн компанийн хүүхнүүд ямартай ч энэ болсон болоогүй чоко тараадаг уламжлалаа больмоор байна гэж санал гаргасан гэсэн.

Би ч гэртээ ийм зүйлийг хэрэгжүүлээд эхэлчихсэн шүү дээ. Чихэр амттан ихдээд байна л даа. Өөрсдөө нэг их авахгүй ч хүмүүсийн өгсөн амттанг идчихээд байгаа учраас.

Гэхдээ хамгийн их догдлоод байгаа нэг хүн байна л даа. Тэр нь бага зулзага. Ангийнхаа 4 хөвгүүнийг харж явдаг гэнэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт, дөрөвдүгээрт гээд дугаарлачихсан. Ха ха.

Нэгдүгээрт харж явдаг хөвгүүнд арай үнэтэй чоко авав. Нөгөөдүүлд нь адилхан чоко авсан. Хи хи. Өөрийнхөө цуглуулсан мөнгөөр.

Хань ижил, бид хоёрын хооронд ийм яриа болж байгаа юм.
-Нэг их мөнгө биш биз дээ? Аваад л өгчихөөч дээ, миний үрээс харамлаад байх юм.(хань ижил)
-Юу боллоо гэж би авч өгдөгийн, ядаж байхад юун олон хар юм бэ? Ийм багаасаа яасан ч олон хар юм харж явдагийн. Дуртайгаараа өөрөө л авч өгнө биз? Би яахаараа ...-ны хар юмнуудад мөнгөө үрээд л чоко авч өгөхөв дээ. (ээж)

Хо хо. Тийм биз дээ? Дөнгөж 7 настайгаасаа шүү, хайр дурлал яриад, тэрэнд нь би мөнгөө үрэх юм гэнэ ээ. Ккк

Гэхдээ байна шдээ, сургууль дээр тараах хориотой тул яаж өгч авалцах нь одоогоор мэдэгдэхгүй л байна.

За яахав, хүүхэд томорч, өсөж байгаагийн нэг илрэл юм даа гээд бага зулзагаа нэг их хорьж барьсангүй. Томроод ирэхээрээ угаасаа ичих булчирхай нь ажиллаад өгч барина гэхээ больчих байх. Том зулзага ч тийм байсан.

Эхэндээ хийнэ гээд л байсан чинь жилийн эцсийн шалгалт нь лавхцаад том зулзага худалдаж авна гэсэн, бага зулзага ч худалдаад авчихсан.
Үүнийг хань ижил Токио дахь нэгэн хөөрхөн хүүхнээс ирсэн юм. Бид газар дээр нь идээд дуусгасан. Баярласан шүү. 

За та бүхэн хайрынхаа баярыг сайхан тэмдэглээрэй. Бид нэгэн ой давхацдаг тул түүнийгээ тэмдэглэх үү? Байх уу? гэж ярилцаад л байж байна. Түр баяртай...

Sunday, February 10, 2019

Номын дуу

Үе үе ингэж номын дуу сонсох сайхан шүү. Чих, нүд онгойгоод.

Сургалт болсон газар нь мужийн нэгдсэн эмнэлэг. Энэ эмнэлэг маань шинээр баригдаад, шил толь болжээ.
Амбульторын хүлээн авах. Ийм хүлэээн авах нь 2 болон 3 давхарт байрлана. Мөн баруун зүүн жигүүр лүүгээ их урт, нөгөө талынх нь цонхоор япон тэнгис харагдана.

Энд чинь нэг их айхтайр хүнд төрлийн өвчин биш л бол ийм том, 3-р шатлалын эмнэлэгтээ тэр бүр үзүүлээд байдаггүй юм. Аль болох хувийн жижиг жижиг эмнэлгүүдэд үзүүлнэ.

Нарийн шинжилгээ энэ тэр хэрэгтэй бол төв нэгдсэн эмнэлэг рүүгээ эмчийн бичиг хийлгээд очно. Хэрэв бичиггүй бол нэмэлт төлбөр төлөхөөс гадна, их удаан хүлээлгэнэ ээ. Учир нь захиалгат өвчтөнөө үзэж байж урилгагүй өвчтнөө үзнэ гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Яаралтай биш бол шүү дээ.

Тийм болохоор шил толь болсоных нь дараагаар гаднаас нь л хараад яваад байсан болохоос дотогш орж үзээгүй л байлаа.

Дам яриагаар эмч, сувилагч ажилтнууд нь одоохондоо төөрөөд байгаа сурагтай. Хи хи. Тэгж бодохоор бас л хэр том нь ойлгомжтой.
Автомат төлбөр төлөгч. Ирээдүйд олон л зүйлийг автомат төхөөрөмжүүд, роботууд хийдэг болно гэж үнэн шүү тийм ээ. Ажилгүй хүмүүс олшрох байх даа, нэг бол өөр төрлийн ажил гарч ирэх байх даа.
Сургалтын агуулга нь гадаад хүмүүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь хэл усны бэрхшээл гарвал манай ажлын газраас дэмжлэг үзүүлдэг тогтолцоо байдаг юм. Бүртгэлтэй хүмүүсийнхээ цаг завыг асууж байгаад л явуулна. Мэдээж тэр бүртгэлтэй хүмүүс нь цалин энэ тэр авахгүй, сайн дурын хүмүүс байдаг. Яахав огт хоосон байхгүй, унааных нь зардлыг гаргаж өгдөг юм.

Тэдгээр орчуулагч хүмүүстээ зориулж сургалт зохион байгуулна. Учир нь мэргэжлийн орчуулагч нар биш тул. Мэргэжлийн үг хэллэгээс авахуулаад мэдэхгүй зүйл их гарна шүү дээ. Тэр талыг нь сайжруулах, хөгжүүлэх зорилготой сургалт.

Энд тэр бүр монгол хүн ирээд үзүүлж харуулаад яваад байхгүй ч би бас бүртгүүлээд амжчихсан. Хааяадаа шинээр ирсэн оюутан хүмүүсийн ар гэрийнхний орчуулганд явдаг болохоороо сургалтанд нь алгасахгүй суухыг эрмэлзэнэ гэж байгаа.

Үнэ төлбөргүй ч юм байгаа юм. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь, хэхэ.
Хаана ч байсан хогны асуудлыг маш сайн зохицуулж чаддаг нь эдний томоохон соёлын нэг. Ойлгомжтой, цэвэрхэн, үйлчлүүлэгчид нь ч соёлтой гээд л эх орондээ нэвтрүүлмээр зүйлийн нэг тийм ээ?
За нэг иймэрхүү л амралтын өдрийг өнгөрөөж байна.

Та нартаа ч бас амжилт хүсье. Цагаан сараараа их олон бэлэг цуглуулсан биз дээ?

Wednesday, February 06, 2019

Бяцхан тархи

Бяцхан тархи? гэдэг билүү? Нэг толь бичиг байдаг даа.

Би оюутан болоод анх түүнтэй танилцаж билээ. Боломжтой айлын ганц нэг ангийн охид барьдаг байсан юм. Тухайн үед бол их үнэтэй, олдоц муутай байсан.

Ээж ааваасаа юун тийм тоь бичиг авч өгөөч гэж гуйх. Өдрийн унааныхаа мөнгийг л олж авбал их юм байлаа.

Гэхдээ ижий аав хоёр минь охиндоо сурах бичиг, толь бичиг авч өгөхөөс гар татдагүй л байсан. Тэрнийх нь ачаар толь бичиг сөхөж харж чаддаг болсон.

Яагаад чаддаг болсон гэхээр, толь бичиг сөхөж харж мэддэггүй хүмүүс зөндөө байдаг юм билээ шд. Ккк

Тэгээд сая том зулзагатаа ийм толь бичиг авч өгөөд. Санта өвөөгийн бэлэг л дээ. Хи хи. Наана нь жижиг зүйл бэлэглэсэн, учир нь дүү нь Санта өвөө байдаг гэдэгт бүрэн итгэлтэй байгаа учраас эгчид нь хоосон байж болохгүй...

Амазоноос захиалж авсан. Ингэхийнхээ өмнө цахилгаан барааны дэлгүүрээс үзэж харна, чанарыг нь шалгана. Тэгээд нетээс хайгаад хямд байвал захиалчихна. Дэлгүүрээс хямд байх нь олонтаа шүү, энэ нет гээч зүйл чинь.

Өөрөө зураг авч оруулах гэсэн том зулзагатайгаа тухтай ярих зав гарахгүй л гүйгээд байна, тэгэхээр нь нетээс зураг хуулаад оруулчихлаа.

Уг нь би цаасан толь бичигт дуртай л даа. Тэгээд авч өгөхгүй л яваад байсан юм. Тэгсэн түрүү жил яагаав машинд мөргүүлэх үед дугуйныхаа урд баахан толь бичиг гээд номоо хийчихсэн, өрөвдөлтэй харагдаад зулзага минь.

Өнөөх нь газраар нэг тарж байгаа юм чинь. Тэгээд л ээж ерөөсөө цалингаа бууж баяжихаараа бяцхан тархи авч өгнө гээд өөртөө амласан байсныгаа биелүүллээ.

Анги дээрээ мэдэхгүй зүйлээ шалгахад их амар байна гэсэн. Мэдээж гэртээ бол номоо харна. Ихэнх хүмүүс ном сөхөх нь илүү үлдэцтэй, сайн гэж хэлээд байгаа учраас бас номоо орхиж чадахгүй л байх шиг...

...Эхийн санаа үрд, үрийн санаа хаана яваа бол одоогоор. Хэ хэ.

Томоос том хүүхэдтэй ээж аавуудад амжилт хүсье ээ...

Tuesday, February 05, 2019

Сар шинийн мэнд ээ

Жил бүр ийм мэндчилгээ оруулдаг юм байна. Энэ жил ч бас мэнд мэдэж золгох гээд та нартайгаа.

Нүүр номоор нэг мэндчилгээ, идээний зураг, дээлтэй хүүхдийн зураг байна лээ. Хэ хэ. Би бас хоцорчих юм шиг санагдаад эндээ л зураг оруулъя лөө. Арай даруухан нь юм, муу блог минь. Аавын эзгүй битүүний орой нэг иймэрхүү. Маргааш аав ирэхээр арай өргөн дэлгэр шинийн нэгэн болох байх.

Ёс ёмбогор, буузаа жигнэж идлээ. Бэрээс хийлээ. Зулзагууд ямар идэх биш дээ? Хань ижилтэйгээ л багынхаа цагаан сарын дурсамжийг хүүрнэнхэн суугаад л цагаалга амслаа.

Ангийн махаа татаж байгаад л бууз хийлээ. Зулзагууд минь чимхэж өгсөн ээждээ. Ангийн мах бичлэгний хариу болгоод хэлье өө. Энд зэрлэг гахайн мах, бугын мах зардаггүй юм өө. Бас хонины мах ч тоотой харагдана.

Эндэх хүмүүс нетээр захиалж авч идээд байдаг юм. Австрали, Бразил гэх мэт орноос ирсэн мах байдаг юм билээ голцуу.

Жил жилийн цагаан сараар эмээгийнхээ хайлдаг байсан тосыг санадаг болсон байна. Нас минь явж буйгийнх уу? Энэ чинь одоо. Эдүгээ ингээд санахаар амтагдаад байдаг юм. Ижий минь ч гоё хийнэ л дээ. Дээхэн би өөрөө хийж идсэн дажгүй л болсон.

За бүгдэд нь гахай жилдээ амар амгалан, эрүүл саруул, ажил сурлагын өндөр амжилттай байхыг хүсэн ерөөе өө.

Мөрөө гаргасан уу? Би мөрөө гаргаагүй олон жил болж байна өө. Хүүхдийн цэцэрлэг, одоо ихэвчлэн дунд сургууль руу зүглэж байгаа тул, нэг их тоохгүй л байна. Хүүхдийн гэгээн цагаахан ертөнц рүү явж байгаа юм чинь гэж дотроо сүсэглээд, мэддэг ганц нэг мааниа уншчидаг юм.

Өглөөд гараад орой ажлаасаа ирэхдээ гэрээ нар зөв тойрч орж ирдэг. Орж ирдэг гэдэг нь машинаараа ирж очих замаа тэгж тааруулдаг юм.

Гол нь сэтгэл санаа хиргүй зөв, үйлдэл ариун зөв байх ёстой юм болов уу? гэж л боддог доо.

Мөн эх орны минь төр засаг эвтэй найртай, зүрх нь, сэтгэл нь эх орныхоо төлөө байгаасай гэж залбирнам зэ.

Sunday, February 03, 2019

Нэг суурин нэг бүтээгдэхүүн

За японд байдаг хүмүүс бол бүгд мэднэ дээ.

Энд чинь нэг суурин нэг бүтээгдэхүүн гэдэг хөдөлгөөн олон жилийн өмнөөс хэрэгжээд, одоо бүр аймаг сум болгон л өөрийн гэсэн брэндтэй гэхэд хилсдэхгүй. Заримдаа ч төвөгтэй. Брэнд гэдэг утгаараа үнэ нь нэмэгдээд явчихна. Хэ хэ.

Саяхан манайд ирсэн нэг өвөө мужийнхаа брэнд гээд кофе өгсөн. Манай мужид ч бас кофений брэнд байна аа. Би бас хааяа хүмүүст бэлгэнд өгдөг гэж байгаа. Япон хүмүүс дунд кофе уудаггүй хүн ховор ч юм байгаам.

Бас кофе буюу борголыг тааруулж уувал хорт хавдар тусах магадлал багасдаг гэсэн судалгаа гараад, хүмүүс ч ам уралдан шуугисан хэсэг. Уудаггүй хүмүүс хүртэл бага багаар ууж сурч байгаа сурагтай байсан.

Би ч угийн дуртай байсан болохоор ашгүй дээ л гэж бодоод өнгөрсөн.

За энэ өнөөх нутгийн брэнд боргол чинь. Шиманэ мужийн Мацүэ хотынх. Амт бол нэг их гоц гойд юмгүй л санагдлаа. Хэ хэ. Мэдээж инстант борголыг бодвол гоё л доо. Хайрцгандаа 5 ширхэгтэй, 4 хайрцагийг бэлгэнд авсан. Ойрд боргол уухаа багасгасан байгаа, тэгж байгаад ажил энэ ундраад ирэхээр уухыг үзүүлж өгнө өө. Хи хи.

Сүүлийн үед манайд ч бас тэр аймгийн тийм архи, дарс, цай гэж гарах болсон байна лээ тийм ээ? Бас нэг дэвшил юм даа. Одоо гол нь амт чанар, савалгаа зэрэгт жаахан санаачлага гаргачихвал тийм ээ?

Эх орны минь жижиг дунд үйлдвэрлэл мандан бадраг ээ...

Friday, February 01, 2019

Эргэлт

Байсгээд л намайгаа эргэдэг нэг эмээтэй болсон. Хэ хэ.

Яагаав, хамт монгол явж байсан, үе үе биднийг цуглуулж монгол япон хийж идэцгээдэг, өөрсдийгөө консулын ажилтангууд, соёлын аташше гэж хөөргөдөг нэг эмээгийн тухай бичдэг дээ.

Тэр эмээ минь 80 гарчихсан гэхэд бас л цоглог шүү дээ. Ам хуурай байна гэж огтоос байхгүй.
Яриа гэж юүхэв.

Саяхан өдөр ажил дээр минь ирж намайгаа хоолонд оруулчихаад явсан. Ингэж ирэхдээ хоосон ирнэ гэж байхгүй ээ. Байнга нэг бэлэгтэй ирнэ.
Энэ удаагийн бэлэг нь ийм хөөрхөн. Бүгд нэг суурин нэг бүтээгдэхүүн хөдөлгөөний ногоо, хиам, сосискнууд. 

Би ч эндхийнхээ ногоог авч идэх сонирхолтой л  доо. Хааяа яалт ч үгүй өөр мужид тариалсан ногоо авна аа авна. Бас хөөрхөн өвөө нарынхаа ачаар химийн элдэв бодисгүй, ориг ногоо иддэг гэж байгаа. Гайхуулчихав уу? Яав? Яахав ээ яахав, тэгж л байг цаадах чинь...
Үндсэн хоол ирэхээс өмнө шарсан хясаа захиалав. Далайн бүтээгдэхүүн дотроо бас доторх эсийн бүтэц, шим тэжээл нь өөр байдаг гэж байна шүү. Аргагүй л хоол зүйч эмээ. Чамд минь хэрэгтэй, та нар ямар гэртээ тэр бүр загас энэ тэр байнга идэх биш гэж ирээд л захиалу өгсөн. Би ч үүнд их дуртай гэж юүхэв...
За үндсэн хоол. Сашими. Түүхий загасны доор цагаан будаа байгаа. 

2 сардаа багтаж дахин цуглаж идэж уухаар тохиролцов. Намайгаа завгүй болохоос өмнө гэсэн. 

Монголын минь төлөө зүрх нь цохилдог хэсэг хүмүүс бий. Тэдэнтэйгээ уулзаж буу хална гэхээр сайхан л байна...

Та бүхнийхээ, ялангуяа гадаадад байдаг уншигч олныхоо соёлын аташше-гийн ажилд амжилт хүсч байна өө...