Жил бүр ийм мэндчилгээ оруулдаг юм байна. Энэ жил ч бас мэнд мэдэж золгох гээд та нартайгаа.
Нүүр номоор нэг мэндчилгээ, идээний зураг, дээлтэй хүүхдийн зураг байна лээ. Хэ хэ. Би бас хоцорчих юм шиг санагдаад эндээ л зураг оруулъя лөө. Арай даруухан нь юм, муу блог минь. Аавын эзгүй битүүний орой нэг иймэрхүү. Маргааш аав ирэхээр арай өргөн дэлгэр шинийн нэгэн болох байх.
Ёс ёмбогор, буузаа жигнэж идлээ. Бэрээс хийлээ. Зулзагууд ямар идэх биш дээ? Хань ижилтэйгээ л багынхаа цагаан сарын дурсамжийг хүүрнэнхэн суугаад л цагаалга амслаа.
Ангийн махаа татаж байгаад л бууз хийлээ. Зулзагууд минь чимхэж өгсөн ээждээ. Ангийн мах бичлэгний хариу болгоод хэлье өө. Энд зэрлэг гахайн мах, бугын мах зардаггүй юм өө. Бас хонины мах ч тоотой харагдана.
Эндэх хүмүүс нетээр захиалж авч идээд байдаг юм. Австрали, Бразил гэх мэт орноос ирсэн мах байдаг юм билээ голцуу.
Жил жилийн цагаан сараар эмээгийнхээ хайлдаг байсан тосыг санадаг болсон байна. Нас минь явж буйгийнх уу? Энэ чинь одоо. Эдүгээ ингээд санахаар амтагдаад байдаг юм. Ижий минь ч гоё хийнэ л дээ. Дээхэн би өөрөө хийж идсэн дажгүй л болсон.
За бүгдэд нь гахай жилдээ амар амгалан, эрүүл саруул, ажил сурлагын өндөр амжилттай байхыг хүсэн ерөөе өө.
Мөрөө гаргасан уу? Би мөрөө гаргаагүй олон жил болж байна өө. Хүүхдийн цэцэрлэг, одоо ихэвчлэн дунд сургууль руу зүглэж байгаа тул, нэг их тоохгүй л байна. Хүүхдийн гэгээн цагаахан ертөнц рүү явж байгаа юм чинь гэж дотроо сүсэглээд, мэддэг ганц нэг мааниа уншчидаг юм.
Өглөөд гараад орой ажлаасаа ирэхдээ гэрээ нар зөв тойрч орж ирдэг. Орж ирдэг гэдэг нь машинаараа ирж очих замаа тэгж тааруулдаг юм.
Гол нь сэтгэл санаа хиргүй зөв, үйлдэл ариун зөв байх ёстой юм болов уу? гэж л боддог доо.
Мөн эх орны минь төр засаг эвтэй найртай, зүрх нь, сэтгэл нь эх орныхоо төлөө байгаасай гэж залбирнам зэ.
No comments:
Post a Comment