Saturday, May 16, 2015

Аргагүй л дуртай юм даа

Энэ охид нээрээ гүнжтэй кинонд аргагүй л дуртай юм даа. Манай хоёр том жижиггүй л гүнжид дуртай.
Үзээд л байна, үзээд л байна. Ханана гэж алга аа. Сүүлийн үед "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г үзээд ухаан алга. Хэд ч үзэв. Би нь бас цугтаа үзнэ ээ. Багадаа үлгэрийг нь их уншдаг байсан даа гэж. Их үнэтэй юм ДВД нь. Өөрөөсөө нарийлдаг хэрнээ охиддоо хааяа нэг далим гаргаж авч өгөөд байгаа. Саяхан том зулзага өөрийнхөө мөнгөөр "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г авсан. Тэгээд л бид чинь хааяа үзнэ. Өнөөдөр ч бага зулзагатайгаа үзээд авлаа, ханахгүй. Гор нь гарсаан, хогоо гаргаж асгахаа мартчихсан байна лээ. Хэ хэ. Уг нь хогны машин ирэхэд ая яваад л мэдэгддэг байхгүй юу. Хүүхэлдэйн кино үзэж байгаад сонсоогүй байсан. Энд чинь хогны машин ирдэг тусгай өдөртэй. 7 хоногт хоёр ирнэ. Шатдаг хог нь. Шатдаггүй хог ачдаг машин нэг л өдөр ирнэ.
Өөр хэд хэдэн двд бий. Цуглуулга нь ч овоо болох шинжтэй. Дараагийн зорилго нь "101 гөлөг" билүү? Тэрийг авна аа гэчихсэн явж байна лээ.
Уг нь янз бүрийн баяраар ном л өгдөг байсан чинь сүүлдээ ч двд болж байх шиг байна шүү. Санаа ч гэж байна аа байна, адтай охидод минь. Хэ хэ.

Өө би нь юүтүбээс дууг нь орууллаа гэсэн болохгүй байна. Та нар минь өөрсдөө олоод сонсохыг бодоорой.

Friday, May 15, 2015

Бага зулзага

Ойрд бага зулзагынхаа ярьж хэлж буйгаас бичээгүй юм байна. Хамгийн сүүлд хэзээ бичсэн юм бол доо. 1 жилийн өмнө байх аа.

Японоор чөлөөтэй ярьдаг болсон. Эргээд биднийгээ загнаад байдаг болсон. Тэг л дээ, ингэ л дээ, тэг гээд байхад, ингэ гээд байхад. Бла бла

Хааяа өөрийг нь тоохгүй байвал урвайж ирснээ
-Хорвоод хүн болоод төрөөд ирж байхад намайг тоосонгүй.
гэж авдаг юм даа. Мэл гайхав.

Нэлээд хэд хоногийн дараа бас л бид нь тоохгүй янзтай байсан юм болов уу даа.
-Хорвоод амьдрахын тулд хүн болж төрөөд та нар дээр ирчихээд байхад хэн ч намайг тоож тоглохгүй юм аа.
гээд урвайгаад суучихав. Бид нь бас л алдаагаа ухамсарлаад бүгд тойрч суугаад тоож тоглов.

Үе үе гэнэт их айхтар үг хэрэглэнэ. Өөр чинь юу гээд байлаа даа, би ч бараг хэрэглэж мэдэхгүй үг хэлээд намайгаа маданд оруулаад байсан.

Сүүлийн үед "Би найрагч" гэдэг хүүхдийн дууг сонсоод, би найрагч гэж дуулаад байгаа.

Монголоор бага сага ойлгоод байгаа. Аминдаа монгол хэл ойлгодог болгочих гээд үзэж тарах юм.

Хайчийг чөлөөтэй хэрэглэдэг болсон. Будаж сурцгаая номноос будсаныхаа дараагаар дагуулж хайчлаад тавьчихдаг болсон. Яг л зураасын дагуу хайчлаад байна лээ.

Үс нь овоо ургаад хоёр талд нь сөөсийлгөөд боочихдог болсон. Тэрэндээ их дуртай байгаа. Бушуухан урт ургаасай л гэсэн хүн байна. Гэхдээ халимаг үс зохиод байгаа.

Чингис хааны зургийг өвөө гээд заагаад өгчихсөн юм. Хэ хэ. Бүр багаас нь л. Тэгсэн одоо энд тэнд Чингис хааны зураг байх юм бол миний өвөө гээд хашгична шүү дээ.

Монгол гэдэг үгийг зурагт энэ тэрээр сонсчихвол нүд нь том болж ирээд л монгорү гэнэ ээ гэж ирээд л сүйд болно.

Том том цаасан дээр зургаа зурсаар л. Тэрийгээ хэнд өгдөг юм билээ гээд л гэрийнхээ бусад гишүүдийг дугаарлачихна. Мэдээж хамгийн түрүүнд ээж. Заримдаа ээж нь гэнэдээд хогийн уут руу хийж байгаад баригдаад, загнуулна.
-Сэтгэл гаргаад зурж өгч байхад. гээд уйлна.
Одоо хашраад нууцаар ажлынхаа цаасны хогонд аваачиж хаяна. Ингэхдээ мэдээж зургийг нь дарна. Түүнээс зурсан болгоныг нь хадгална гэвэл бүтэхгүй. Хангалттай цаасанд дарагдаастай айл чинь.

3 тарни цээжилчихсэн. Хааяа монгол руу эмээ өвөө нартайгаа ярихаар тарниа уншиж коко авдаг нь хэвээрээ.
Таньдаг нэг эгч маань
-Та нар монголоос хол байгаа ч ямартай ч хийморийн санг бол охиноороо тавиулчихаад байгаа л юм байна гэсэн. Үнэн үнэн. Хэ хэ

Ганц нэг дуу дуулахдаа дохионы хэл оролцуулж дуулаад байсан юм. Яг анги дааж явсан багш нь дохионы хэл сонирхоод хүүхдүүддээ зааж өгөөд байгаа юм билээ. Сүрхий байгаа биз. Цэцэрлэгийн багш нарынх нь чадварын талаар дараа тусад бичнэ ээ.

Номонд их дуртай. Оройд ном уншуулдаг хэвээрээ. Ер нь л энд тэнд явж байхдаа ном уншуулна. Гол нь энд чинь энд тэндхийн хүлээлгийн танхим хүүхдээ дагуулаад явж буй ээж нарт зориулаад хүүхдийн номын булантай байх нь хэвийн үзэгдэл юм даа.

Гэх мэтчилэн нэг л мэдэхэд өсөөд, хөгжөөд яваад байх юм. Өдөр тутмынхаа ажилд дарагдаад тэр бүр анзаарахгүй л байгаа болохоос.

Thursday, May 14, 2015

Хөдөлмөрийнхөө хөлсөнд ном

авсан шүү дээ. Өвөл нэг майк нэхсэнийг санаж байгаа биз дээ. Тэрнийхээ хөлсөнд ном захиад авчихлаа. Уншаад ч дуусчихлаа. Дараа бас нэг ботийг нь олж уншина даа.
За уншсан хүмүүс их байдаг тул нэг их тайлбар хийхгүй ээ. Ямар ч байсан дайснаа дараад дархан цолоо мандуулаад төгссөнд баяртай байгаа.

Баахан гадаад нэрс уншихад бас л хэцүү болсон байна шүү. Яахав урдны ботид гардаг хэдийхээ нэрийг бол гайгүй тогтоочихсон. Шинээр гарч ирж байгаа гийгүүлэгч олноороо орсон гадагад үгийг хэлэхэд нэг л эвлэж өгөхөө байсан байна. Нүдээрээ гүйлгээд уншихаар болж л байгаа л даа. Хэ хэ. Хаа нэгтээ амандаа уншихаар сонин сонин.

За үлдсэнийг нь дараа дахин нэг майк нэхээд хөлсөндөө авчих юмсан тэ гэж мөрөөдөөд л. Хэ хэ. Майк ч юм уу, өөр зүйл байсан ч болно. Захиалга авна аа. Хөлсөнд нь ном захина. Хэ хэ

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ямар ихээр зөрчигдөж байдаг юм бэ? Энэ номд ч гэсэн уншихад аймар зүйл их бичигдсэн. Хэдхэн хүрээллийн, хэдхэн хүмүүсийн эрх ашгийн төлөө эмэгтэйчүүд, хүүхдүүд яасан ч их зовлон амсдаг юм бэ?

Манай монголд ч бас сүүлийн үед хүний санаанд оромгүй хэрэг, хүчирхийлэл их гарах болж дээ. Яана даа гэж бодоод л уншина. Заримыг нь уншихгүй ээ. Сэтгэл нэг хэсэгтээ л өвдөөд зулзагануудын минь царай харагдаад хэцүү байдаг юм.

3-хан сая хүнтэй монголчууд минь гадны хүмүүсийн муу муухайг дуурайж яах юм бэ? Хэдийгээр амьдрал хэцүү байгаа ч бяцхан үрсээ тамлах, эмэгтэйчүүдээ хүчирхийлэх ямар хэрэг байна аа. Амьддаа бие биесээ хайрлая л даа. Өвөг дээдсийнхээ айлдсан сургааль үгсийг маань мэт амандаа уншаад л ухаантайхан, уужуухан байцгаая л даа.

Ёс зүйтэй байя л даа. Ёс зүй гэдэг нэвтрүүлэг гараад байсан, миний хувьд ёс зүй гэдэг нь хувь хүн дор бүрнээ л ухамсартай, ухаантай, уужуу, хүлээцтэй, хариуцлагатай байхыг л хэлнэ дээ.

Saturday, May 09, 2015

Жендерийн тухай

Яасан байх нь уу? Жендерийн тухай яриа хийгээд. Хэ хэ

Монголын эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцооны тухай, байр суурийн тухай өөрийн мэддэг хүрээнд хэдхээн хүнд яриа хийгээд ирлээ.

Ер нь энэ талаарх бодит мэдээлэл их хомс байдаг юм байна. Монголд ном товхимол байдаг байх л даа. Гадаадад байгаа хүмүүс нетээс л хайх учир хүссэн мэдээллээ нэлээд чармайж байж олж авдаг юм байна. Гол нь хугацаа их шаардах юм. Тэгээд уншиж судлана, тухайн хэл дээрээ өөрийн болгож ярина гэдэг их л хэцүү ажил байв.

Монгол эмэгтэйчүүд дайчин, их олон зүйлийг нуруун дээрээ үүрч явдагийг мэддэг ч, албан тушаал ахих тусам эмэгтэйчүүдийн оролцоо багасдаг, их дээд сургуулийн оюутнуудын дийлэнхийг охидууд эзэлдэг ч эргээд өндөр цалинтай ажилд орох нь бага, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ч тэрийгээ цагдаагийн болон холбогдох байгууллагад мэдэгддэггүй, нуун өнгөрүүлдэг, эртнээс уламжлагдаж ирсэн гэрийн ажил болон хүүхэд асрах ажлыг эмэгтэйчүүд л хийх ёстой гэдэг үзэл өнөөг хүртэл оршсоор байгаа, ялангуяа хөдөө орон нутагт энэ үзэгдэл түгээмэл байдаг байна.

За тэгээд яриад байвал их л олон асуудал гарч ирнэ.

Мөн их сүртэй сүртэй нэртэй байгууллагууд их байна. Мундаг мундаг зорилтууд тавин ажилладаг юм байна. Хугацаа тулсан байсныг ч хэлэх үү тодорхой тайлан маягийн зүйл олж авч чадсангүй. Гонсгор байгаа. Зав гарган хайж үзнэ ээ.

Төр захиргааны хэмжээнд жендерийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц дутмаг байдаг, харин төрийн бус байгууллага олон байдаг. Тэдгээртэй хамтран ажилладаг гэнэ. Яг яаж?

Япон ч гэсэн эртнээсээ эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад л, гэрийн ажлаа хийгээд л, хооло хийгээд л байж байх ёстой гэдэг ойлголт түгээмэл. Үүнийгээ засан залруулж, эмэгтэйчүүд гэсэн мундаг ажиллах хүчнээ нийгэмд оролцуулах тал дээр сүүлийн хэдэн жил ихээхэн анхаарч байгаа. Мэдээж хугацаа шаардагдана.

Гол нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүсийн уламжлалт сэтгэл зүйг өөрчлөх. Хүүхдээ багаас нь уян хатан хүмүүжүүлэх. Жишээ нь эрэгтэй хүүхэд хоол хийх ёсгүй, аяга угаах ёсгүй гэж хүмүүжүүлэх бус, эсрэгээр нь юм юманд оролцуулдаг байх. Охиудуудаа ч багаас нь зөв хүмүүжүүлэх?

Монгол эрчүүдээ ерөнхийд нь магтаж ирээд л ярьсан шүү. Та нар минь хичээгээрэй. Хэ хэ
Хань ижлээсээ жишээ авч байгаад л ярив. Жишээ нь намайг эзгүйд хоолоо хийчихдэг, хүүхдээ харчихдаг, завтай үедээ гэрийн ажлаа ч хийчихдэг гээд л.

Япон зарим нөхрүүд яадаг гээч? Эхнэр нь ажил нь оройтоод 8, 9 цаг гээд харьж ирэхэд хоол оо хийх нь битгий хэл бэлдээ ч үгүй байдаг гэсэн. Зурагт хараад л ангайгаад сууж байдаг гэсэн шүү. Тэгээд эхнэр нь адилхан ажил хийж ирчихээд дахиад л гэртээ үнэ хөлсгүй, нэр хүндгүй ажлаа хийнэ. Хэцүү еэ, би нь лав тэсэхгүй ээ.

Өөрийнхөө хэмжээнд цоо шинэ сэдвээр бурж бурж ирсэндээ сэтгэл өндөр байгаа ч гэм нь энэ удаагийнх хугацаа маш богино байсан тул нэг их сайн илтгэл болж чадаагүй. Хүмүүс ойлгомжтой, сонирхолтой байсан гэж хэлсэн ч хувьдаа би нь чамлалттай байгаа. Энэ далимыг ашиглаад хайж хэвлэж авсан материалаа дахин дахин, ойр ойрхон уншиж а б-гүй өөрийн болгохыг хичээнэ ээ.

Дандаа бага насны хүүхдүүдийн өмнө гарч амархаан зүйл ярьж байдаг надад хааяа ингээд иймэрхүү томчуудын өмнө гарч тэдний хүссэн зүйлээр яриа хийх зүгээр санагдав. Ядаж би өөрөө энд тэндээс хайж уншиж, асууж сураглаж мэдээлэлтэй болно. Түүнийхээ зэрэгцээгээр үгийн баялаг минь ч нэмэгдэнэ.

Sunday, May 03, 2015

Хөөрхөн санаанууд

Дээр зугаалж явахдаа харсан юм.
Сандал
Хөөрхөн байгаа биз. Имй бөөрөнхийн төмөртэйгөө бэхлээд хадчихсан байсан. Хүүхдүүд Нүхээр нь орж гарч тоглоод, арай жижигхэн маамаа нар доогуур нь шагайж, нуугдаж тоглож энэ тэр.
Модон тоглоом
Авсаархан хөөрхөн. Нэг байшингийн буланг ашиглаад хийчихсэн. Наана нь ээж аавууд хүүхдээ хараад л сууж байна. Тэр суудаг сандал нь доорх зураг.
Түшлэгтэй сандал
Бас л өвөрмөц хийцтэй байгаа биз. Урт сандал мөртлөө дундуураа бас тусгаарлагдчихна. Хэ хэ.
Гэх мэт энд тэнд явахдаа өлөн нүдтэй гэж юүхэв би чинь. Хэ хэ. Хөөрхөн санагдсан зүйлийнхээ зургийг байнга дараастай. Зарим нэг хүмүүст хэрэг болдог байх гэж найднам.

Амралтаар

Том зулзагынхаа дугуйлангийн ач гавъяагаар амралтын өдөр орж гарах минь багасч байх шиг байна даа. Энд алтан долоо хоног гээч амралтын өдөр эхэлчихсэн. Гадуур хөл хөдөлгөөн ихтэй байх шиг байна. Ганц байдаг малл-даа орсон чинь юу вэ, пиг хүн. Хагас бүтэн сайн нийлээд нийт 5 өдрийн амралтнаас 2-ыг нь л бид уул явж агаар салхинд гарж өнгөрөөнө.

Хань ижил зүгээр сууж байхаар ажиллаж байх минь гээд ажилтай. Жижиг зулзага бид хоёр гэр зуур юу эсийг хийхэв. Зурав, хайчлав, будав, инээв, уйлав, муудалцав, сайдав.
Будааны ороомог
Нэг зураг зураад тэрэндээ нэр өгнө. Зургийг нь дар гэж шална. Миний утас, нүүр ном бага зулзагын уран бүтээлийн зургаар дүүрсэн.
Аниа нь
Сүүлийн үед үсэг дуурайж бичээд байгаа. Гэм нь Буруу зөрүү биччихээд тэрэндээ уурлаад, уурласан уураа гэрийнхэндээ гаргаад байна. Хэ хэ. Шарандаа бичсэнээ ураад хаячихна бас.

Гэснээс их том яриатай болж байна. Хэн зааж өгсөн бэ гэмээр үг өгүүлбэр, хэлц маш их хэрэглэж биднийг заримдаа байдал оруулаад л.
Ярианаас нь дараа бичнэ ээ.

Friday, May 01, 2015

Ха ха, өөрийгөө гайхаад л

8 хүн байна аа. Маш идэвхитэй, маш мундаг. Нэг нь би.
Бас бие биендээ амь өгч тус болно. Онгоц, галт тэргээр туслана. Хэ хэ. Юу хэлээд байгааг минь мэддэг нэг нь таачихав уу?

Канди Краш. Нэлээд дээшээ ахиад ирсэн чинь 8 л хүн үзээд байна. Би нь заримдаа тэд нараасаа өндөр оноо авч энэ тэр. Гэхдээ надаас бусад 7 нь бүр аль хэдийнээ надад харагдахгүй болтлоо талийгаад дээшээ яваад өгсөн л дөө. Би нь хааяа нэг завтай үедээ хүү хаа гэж орж тоглоод амиа дуусангуут хэсэгтээ тоглохгүй.

Устгах гэхээр хайран сайхан 620 үе. Одоо яг 620 хүрчихээд байна л даа. Хэ хэ. Хүмүүс сонсоод ухаан алдахаа дөхнө. Дээрх 7 хүнд бол юу ч биш л дээ. Хэд хүрэх нь үү гэж харах гээд л байгаа юм даг уу даа, миний энэ сэтгэл.

Өөрийгөө бас гайхаад байгаа. Яагаад ингээд энэ канди краш, блог хоёрыг идэвхитэй нь аргагүй оролдоод байна аа гэж. Тоглоом наадгайд жаахан тааруу. Багадаа даалуу, шагай няслахаас өөрийг бол нэг их чаддаггүй байлаа шүү дээ.

Ямартай ч хэд дэх үе хүртлээ тоглох нуу, харж л байхаас. Мөлхөж явтал дээрх 7 хүний хэн нэгнийг нь гүйцэх байгаа. Ха ха. Энэ бичлэгийг олоод уншчихвал гүйцэгдэхгүй гээд бүр дээшээ талийж өгөх юм болов уу? Эсрэгээрээ.

Нэлээд хэдэн сарын дараа хэд дэх үе хүрснээ эндээ бичнэ ээ. Хэ хэ

Thursday, April 30, 2015

Мундаг мундаг бас дахин мундаг

Та бүхэн Сүрэн гэдэг блогийг мэднэ биз дээ. Мэддэггүй нэг нь миний блог доторх блог жагсаалтаас хайж олоод орж уншиж байгаарай. Ёстой мундаг гэж хэлэх багадана.

Яагаад та бүхэнд танилцуулж байна вэ гэхээр. Сэнпай маань саяхан анхныхаа номыг өлгийдөж авсан байна. Би нь дээжээс нь бас хоёр гардан авчихаад сэтгэл хөдлөөд, уншиж нэг бахархаад блогтоо бичиж сууна. Гарын үсэгтэй, сэтгэлийн үгтэй ном бэлгэнд авах сайхан шүү. Тийм ээ.

Үнэхээр биширч сууна. Учир нь би өөрөө өдий зэрэгтээ орчуулга хий гэвэл чадахгүй. Бусад хэлнээс орчуулсан зохиолуудыг уншаад шүүмжлэхдээ сайн шүү дээ. Учир нь мэдэхгүй юм чинь. Харин бага сага гадарладаг япон хэлнээс минь ийм мундаг орчуулгын ном төрөн гарч байгаад баяртай байна. Мөн Акүтагавагийн зохиолоос эх хэл дээр нь нэгийг ч уншаагүйгээсээ ичих. Заавал уншина аа.

Их ч олон зүйл мэдэж авч байна. Бүгдийг нь уншиж амжаагүй л дээ. Ганцаараа байх цаг гэж үнэн багассан болохоор. Нэг номны ард гарах гэж их уддаг болсон. Яагаав өнөө цэцэрлэгийн дүрэмд өөрчлөлт ороод би чинь ганцаараа 1 цаг тухалдаг байсан минь байхгүй болсон шүү дээ. Унтуулчихаад гэсэн мөртлөө өөрөө түрүүлээд хурхираад байна гэсэн шүү. Хэ хэ

 Мөн тэгж байгаад эх хэлээр нь уншаад, орчуулгыг нь дахин нэг уншина аа. Нээрээ тэгж байгаад гэж хойшлуулсан зүйл их байна аа. Яадаг юм билээ?

Ямартай ч найз сэнпай даа улам их амжилт хүсье. Нөр их хөдөлмөр зарцуулж, бүр англи орос хэлний орчуулгатай нь харьцуулж, англи орос хэлний орчуулгаас нь алдаа хүртэл олж хардаг мундаг шүү.
Удаах ботийг нь хэвлэгдэн гарахаар худалдаж авна аа. Харин гарын үсэг зуруулна шүү. Хэ хэ.

Уран зохиол сонирхдог, япон хэл соёл сонирхдог эрхэм уншигчиддаа энэ номыг санал болгож байна шүү. Цөөн тооны ном худалдаанд гаргахаар төлөвлөөд Интерном дэлгүүрт тавигдсан гэнэ. Улаанбаатар хот, 21 аймгийн номын санд хандивлаж байгаа.

Monday, April 27, 2015

Цэцэрлэгийн зугаалга

Энэ жилийн анхны зугаалга. Уламжлалт арга хэмжээ. 3-с дээш насныхан эцэг эхийнхээ аль нэгтэй хамт оролцоно. Анги ангиараа нэг нэг том автобусанд сууж явна. Тэр бүр автобусанд суудаггүй хүүхдүүд бөөн л хөөр болно. Ард нь эцэг эх нь унааны мөнгийг төлж байгааг тэр бяцхан амьтад мэдэхгүй л дээ. Хэ хэ. Эцэг эх нь ажлаасаа чөлөө авч чадаагүй бол эмээ өвөө нарых нь хэн нэг нь хамт явна. Бүр боломжгүй нэг нь ганцаараа, багш хариуцаж харгалзана.

За өглөө эртлэн босч өдөр идэх хоолоо бэлдлээ. Энэ бол асар их энерги шаардсан ажил шүү дээ. Японд байдаг ээж нар бол андахгүй дээ. Хэ хэ. Урд өдөр нь хүнсээ цуглуулна. Ганц нэг амттан авна. Хооллосныхоо дараа хүүхдүүд бие биендээ гайхуулж ирээд л иддэг юм. Ээж аавууд яахав, хүүхдийнхээ аясыг дагас гээд л, таньдагууд нь хоорондоо ганц нэг үг сольсон шиг.

Нарлаг, халуун өдөр таарлаа. Бороотой бол ч зутраад таардаг юм.

За тэгээд нийтийн дунд ганц нэг хөгжөөнт тоглоом тоглоно. Урднаас бэлдсэн дуугаа дуулж бүжиглэнэ хүүхдүүд. Сүүл хэсэг буюу хоолоо идчихээд дараа нь чөлөөт арга хэмжээ. Тэр нь хүүхдүүд тоглоомын талбайн тоглоом дээр дураараа гүйж харайж, гулсаж гэх мэтээр тоглоод, ээж аав нь араас нь уначих вий гэсэн аястай дагаастай.

Гэх мэтээр ажлаа таслан таслан багыгаа дагаад л жаахан намирах шив. Жил бүр л дээ. Гэхдээ хөөрхөн л дөө. Ийм хөөрхөн үе нь нэг их удахгүй шүү дээ гэж бодоод л, ээж нь их идэвхи царайлах юм даа гэж.
Беймакс бэнто

За энэ удаагийнхаа хоолыг харин санаандгүй хүүхэлдэйн киноны баатрыхыг нетээс олоод хийчихлээ. Ёстой амархан байлаа. Уг нь Pooh-ыг дуурайж хийнэ гэж бодож байсан юм. Өндөгөө нимгэн шараад будаагаа бүрээд гэх мэтээр. Өнөөдрийн Big Hero билүү хүүхэлдэйн киноны Беймакс. Адилхан болж чадаж уу? Бага зулзага босч ирчихээд л
-Өнөөдөр юуны бэнто вэ? ээж ээ
-Очоод үзээрэй, нууц.

За энэ зураг дээрх бэнтоны сосиск бол хавч шүү. Аав нь охиндоо шарж өгсөн юм. Доор нь бас нэг сосиск байгаа. Тэр уг нь жинхнээсээ гоё хавч байсан юм. За яахав, дараа л зураг оруулахаас. 
Япон ээж нарыг бодвол миний энэ хийсэн бэнто ч ичмээр дамшиг л даа. Нээрээ ийм бэнто хийх аргатай ном худалдаж авна гээд л марчихаад байгаа юм байна шүү.

Нэрийг нь их сонсож дуулсан газар байсан. Гэм нь очиж байгаагүй. Дараа нэг амралтын өдөр очиж нүхлэнэ ээ. Энэ удаад зөвхөн том талбайд л өдрийг өнгөрөөлөө.
"Учралын ой" гэдэг нэртэй газар ккк


Бас хөөрхөн шийдэл олж харсан. Дараа зураг оруулна аа.

Улиг болсон шүд гэдэг бичлэг

Байсгээд л шүд гэсэн бичлэг оруулдагийг андахгүй дээ та нар минь. Энэ удаад бага зулзагын хойд араанаас нэг нь хорхойтов. Аав нь оройд шүдийг нь угаалгаж, угааж өгөхдөө анзаарчихаад, амар тайван суулгадаггүй ээ.
-Энэ хүүхдийн шүд хорхойтчихсон байн шүү дээ? Эмнэлэг домнолог яваачээ.
-Завгүй байна аа.
-Миний охины шүдийг үзүүлчих тэгэх үү, гуйж байна.
гэсэн харилцан яриа хэдэн өдөр болж байж, ээж нь өнөөдөр сэтгэл шулуудаад очиж үзүүлэв. Сувилагч эхлээд хэдэн асуулт асууж хальт үзлэг хийсэн. Хэсэг хүлээсний эцэст эмч нь үзсэн. Бага зулзага яг жинхнээсээ шүдний эмнэлэгт шүдний эмчид анх удаагаа үзүүлж байгаа болохоор дотроо бас айлттай байх шиг байсан.
-Тарихгүй биз дээ, ээж ээ?
-За ёстой мэдэхгүй, яаж ч магадгүй.
гэсээр үүдэнд нь ирсэн. Хэ хэ.
Цагаа тулахаар гайгүй байсөөн. Инээд алдаад л байсан. Эмч нь үзчихээд хорхойтсон байна. Сайн угааж өгч байгаа биз дээ? гээд угаах аргыг нь зааж өгөв. Эхний удаад дасгал болгоод амыг нь ангайлгаж үзэж харсан. Дараагийн удаад эмчилж эхлэнэ. Уйлаад байхааргүй, дажгүй хүүхэд байна. Түүнээс шууд эмчлээд эхлэхээр хүүхдийн зүрх үхээд, чарлаад байдаг юм гэсэн. Дахин очих захиалга өгөөд, эмчээс нэг тоглоом аваад, сувилагчаас шүд хорхойтуулдаггүй нэг шоколат аваад малийсан амьтан гарч ирэв.

Уг нь байна шүү дээ, оройд бид чинь шүдээ угаах гэж бөөн сүр болдог байхгүй юу. Эхлээд уг хүн өөрөө угаана. Дараа нь хэн нэг нь нэмж сойзоор угааж өгнө. Ингэхдээ оо хэрэглэдэггүй байсан юм. Одооноос хэрэглэнэ ээ. Эмч хэрэглэ гэж айлдсан.

Ямартай ч чарлаад байхгүй л юм шиг байна. Ингэвэл ч өөр шүү дээ, өдөр бүр дагуулаад гүйсэн ч яахав. Хэ хэ.

Friday, April 24, 2015

Дугуйлан үргэлжлэл

За нэг дунд сургуульд хэдэн төрлийн дугуйлан байна вэ гэхээр
Спорт:
1. Хөл бөмбөг
2. Сагсан бөмбөг
3. Гар бөмбөг
4. Бейсбол
5. Ширээний теннис
6. Жюүдо
7. Кэндо
8. Усанд сэлэлт
9. Уран гимнастик
10. ...

Соёл, урлаг
1. Үлээвэр найрал хөгжим
2. Цайны ёслол
3. Дүрслэх урлаг
4. ...

Зарим нэгийг нь санахгүй байна аа. Одоогоор соёл урлаг, спорт зэргийг нийлүүлээд 13 төрөл зүйл байна. Мундаг уу? Мундаг. Хүүхэд байсан бол ч бүгдэд нь явахгүй юу, хаха.

Гэхдээ бүх дунд сургуульд адилхан дугуйлан байна гэж байдаггүй гэсэн. Элсэн орох хүүхдийн тоо, төсөв, багшийн орон тоо гэх зэргээс хамаараад дээр дурдсан дугуйлангаас ганц нэг нь байхгүй тохиолдол ч бий.

Том зулзага нь байна шдээ, үлээвэр найрал хөгжмийн дугуйланд орсон. Яг одоогоор ямар хөгжим дарах нь тодорхойгүй. Эцсийн дүндээ багш нь оноож өгдөг гэсэн, тухайн хүүхдэдээ тохирох хөгжмийг нь. Мэдээж өөрийнх нь сонирхлыг нь харгалзаж үзнэ.

Эхний өдөр нь сэнпай буюу 2, 3-р ангийнхаа хүүхдүүдтэй танилцаж, янз бүрийн бүрээ гэх мэт хөгжим үлээж үзсэн гэсэн.

Ямар ямар хөгжим байх вэ гэхээр, миний мэдэхийн бүрээ. Өөр ч тэгээд баахан гадаад нэр байсан. За энийг том зулзага ямар хөгжим дарахаар авсан тухай нэгтгээд, тольдож байгаад бичье. Түүнээс биш том жижиг бүрээнээс өөр нэр орж ирэх ч үгүй юм байна. Хэ хэ.

Гэх мэтчилэн энд чинь дунд сургуулийн боловсролын хөтөлбөр бас л мундаг зүйл байдаг юм байна шүү дээ. Хангамж ч сайн байдаг бололотой.

Thursday, April 23, 2015

Дугуйлан

Бүкацү гэж нэг үг байна. Би нь дугуйлан гэж орчуулаад байгаа. Тухайн сургуулиас нь албан ёсоор зохион явуулдаг хичээлээс гадуурх арга хэмжээ. Англиар extracurrular activities, club activities гэж хэлдэг гэнэ.
Ялангуяа дунд, ахлах сургуульд энэ бүкацү бүрэн утгаараа хэрэгжинэ. Бүр хичээл нь чухал уу? дугуйлан нь чухал уу? гэж эргэлзэх тохиолдол гардаг гэсэн. Энэ уйгагүй бэлтгэл, сургуулилалтаас ирээдүйн урлаг уран сайхны, спортын одууд төрдөг нь тодорхой. Бусад хичээлдээ ихэвчлэн маруухан, тухайн зүйлдээ л сайн байдаг гэсэн.

Сүмогийн тусгай секцтэй дунд, ахлах сургууль ч байна. Манай сүмо одууд чинь бас сүмобү гээч дугуйлангаар дамжсан нь ч бий.

За тэгээд бүр багаас нь хүүхдийнхээ авъяасыг тодруулах, мэдрэмжтэй болгох, хөдөлгөөний эвсэлтэй болгох гээд л их л олон шалтгаанаар төрөл бүрийн л сургалтанд хамруулдаг эцэг эх олон. Юунд ч явдаггүй хүүхэд их ховор. Танилынхаа хүүхдүүдийг харж байхад.

Би ч бас яаж дутахав. Том зулзагыгаа 3 янзын зүйлд хамруулж үзсэн. Нэгийг нь хаячихсан. Багш нь жаахан ширүүдээд. Одооны хүүхдүүд байна шдээ, хүүхдийн толгойг илж магтсан багшид дуртай болчихож. Ууртай багшид дургүй, хичнээн дуртай зүйл нь байсан ч багшаасаа ихээхэн хамаараад байх шиг.

Үлдсэн 2-гоо нэг юм яваад л байна. Дунд сургуульд ороод хичээл ихэссэн тул ер нь хэцүүдэх янзтай болчихсон. Яаж ийгээд л үргэлжлүүлэх санаатай ээж болохоор. Том зулзага хүүхэд л болсон хойно хааяа "ёооооооё" гэсэн царай гаргана.

Оршил арай урт болчихлоо. Үндсэн сэдэвтээ орох минь. Хэ хэ.

Дунд сургуульд элсэн орохын нэлээд хэдэн сарын өмнөөс нь манай гэрт чинь дайн гэхэд дайн биш, хэлэлцээр гэхэд хэлэлцээр биш, яриа гэхээр яриа биш нэг тийм диалоги болдог боллоо. Гол агуулга нь юуны дугуйланд явах. Аав нь биеийн тамираар хичээллүүлэх асар их сонирхолтой. Том зулзага биеийн тамирт яс махны дургүй гэх нь хаашаа юм. Гэхдээ л лав  л дуртай биш.

Би голд нь хэнийх нь талд орохоо мэдэхгүй хэсэг түнтэгнэнэ. Хань ижил нууцаар харж нүд мүдээ ирмэнэ. Том зулзага руугаа бас харж ирмэнэ. Хэ хэ.

Аль нэгнийг нь эзгүй хойгуур, учирлаж тайлбарлах гэж үзнэ. Хань ижилдээ:
-Дургүй зүйлд нь хүчээр оруулчихаад тэг ингэ гэж шахаж байхаар дуртай зүйлд нь оруулаад тэгээрэй ингээрэй гээд алсаас хандвал яасан юм бэ? Бла бла

Том зулзагатаа:
-Аавынх нь ч буруу бас биш. Чамайг л хөдөлгөөнтэй байгаасай, нэг ч юм чаддаг болоосой гэж бодсондоо л спортоор хичээллэ гээд байгаам шүү дээ. Бла бла

Эцсийн дүнд ээж гэж мундаг ятгачин байна шүү дээ, аавыг нь бага багаар, алс алсаар, яваа яваандаа гэсэн тактиктайгаар ятгаж чадсан. Том зулзага өөрийн ормоор байгаа дугуйландаа орчихсон гэсээр нүүрэндээ мишээл тодруулсаар орж ирсэн. Их хөгжилтэй байсан гэсэн.

Яг юунд орсныг нь дараагийн бичлэгт. Чадвал зураг хөрөгтэй нь, ганц нэг мэдэхгүй үг мүгээ тольдож мольдож байгаад бичнэ ээ. Хэ хэ.

Sunday, April 19, 2015

Нээлттэй хичээл

Дунд сургуулийн анхны нээлттэй хичээл. Бүтэн сайн өдөр болдог гэнэ ээ. Нэг бодлын амар. Учир нь ажлаасаа чөлөө авахгүй. Гэм нь ийш тийшээ орж гарч чадахгүй. Гэхдээ дунд сургуульд орохоор тухайн хүүхэд хагас бүтэн сайнд ч ихээхэн завгүй болдог гэж сонссон. Тэрнийгээ дагаад гэрийнхэн нь бас завгүй, орж гарах нь багасдаг гэсэн. Тэр нь эхэлж байх шиг байна. За тэр ч яахав.

Нээлттэй хичээлийн өдөр хүүхдүүд яг л хичээлтэй өдөр шигээ өглөө эрт сургуульдаа явсан. Өдөр 1 цагаас эцэг эхчүүд нь очиж хүүхдүүдийнхээ хичээлдээ оролцож буй байдалтай танилцана.
Нэг ангид ороод удаагүй болохоор тийм ч дотно уур амьсгал бүрдэж амжаагүй ч анги даасан багш нь хэрэндээ л хөгжилтэй байлгах гэж хичээж харагдсан.

46 минут үргэлжлэх нээлттэй хичээлийн дараагаар хүүхдүүд тараад гэр гэртээ харьцгаасан. Эцэг эхүүд үлдэж эцэг эхийн зөвлөлийн бүгд хурал гээч зүйлд сууна. Түрүү жилийн үйл ажиллагааныхаа тухай тайлан, эцэг эхийн зөвлөлийн төлбөр хураамжийн тухай тайлан тооцоо гээд нарийн ширийн зүйлийн тухай тус бүр хариуцсан хүмүүс нь тайлагнана.

Багш нар өөрсдийгөө танилцуулна. Нээлтийн өдөр танилцуулсан ч гэсэн энэ өдөр дунд сургуулийн 1, 2, 3-р ангийнхны эцэг эхүүд цугласан байсан тул шинээр ингэж танилцуулсан.

Дараагаар нь үе үеийнхээрээ цуглаж хуралдсан. Мөн л багш нар нь өөр өөрсдийн тухай дэлгэрэнгүй танилцуулж, санаа бодлоо, 1 жилийн турш хэрхэн яаж ажиллах тухайгаа тайлагнасан. Яагаад 1 жил гэхээр энд чинь 1 жил болоод л анги даасан багш нь солигдоод, анги ангийг хооронд нь солиод хаячихдаг юм.

За энэний дараагаар дугуйлан секцнийхэн цуглаж уулзалдсан. Хариуцаж буй багш нар нь өөр өөрсдийгөө танилцуулж, жилд болдог арга хэмжээний тухай танилцуулна. Давтлага, цуглаан, тэмцээн гэх мэтийн тухай ярина. За ямар дугуйланд орсныг нь, яагаад орох болсныг нь, хэн эсэргүүцсэнийг нь гээд энэ тухай дараа тусад нь бичнэ ээ. Ер нь дунд сургуулийн дугуйлан секцний тухай нэгтгээд бичнэ ээ.

За нэг иймэрхүү. Уур амьсгал нэг тийм биеэ барьсан байдалтай байна, дунд сургууьд элсэн орсон сурагчид, багш нар, мөн эцэг эх. Би нь бас тийм. Хэ хэ.

Өө тийм, захирал багштай нь очиж мэндчилсэн. Таньдаг учраас.
-Хүүе, танай хүүхэд байсан юм уу? Тоон дотор үсэг цохиж явсан тул хэний хүүхэд юм болоо гэж бодож байсан юм. Ашгүй санаа амарлаа.
гээд сүйд болов. Хэ хэ. Тоон дотор үсэг гэдэг нь баахан ханзаар бичигдсэн нэрсийн дунд ганцаархнаа англи цагаан толгойгоор бичигддэг тул.

Friday, April 17, 2015

Эртэч япон хүмүүс

Нэгэн уншигчынхаа хүсэлтээр бичив. Уншиж судалсан зүйлгүй ч, ажиллаж амьдрахдаа мэдэрсэн, харсан, үзсэн, ойлгосон зүйлээ сийрүүлэв.

Ажлаа хэрхэн амжуулаад зохицуулаад байдгийн хувьд япон хүмүүс маш эртэч. Амралтын өдөр байсан ч их эрт босдог. Бүр багаас нь тэгээд сургачихдаг юм билээ.

Ялангуяа япон ээж нар маш эртэч, бас ажилсаг. Ер зүгээр сууна гэж байдаггүй юм билээ. Миний мэдэх япон ээж нар. Намайг гэрт нь очоод буу халж байх хооронд ч гэсэн ямар нэгэн ажлаа амжуулж л байдаг. Зурагт бараг үздэггүй юм билээ. Огт бол биш л дээ. Мэдээ, цаг агаарын мэдээ, ганц нэг дуртай нэвтрүүлэгээ гээд сонгож үзнэ.

Ажлын цагаар хувийн чанартай зүйл огтоос хийхгүй. Ажлынхаа хүмүүсийг ажиглаж байхад шүү. Зөвхөн цайны цагаар л гар утсаа шалгана. Мэдээж хааяа нэг ажлын цагаар гар утас нь дуугарна.

Японд ажлын цагаар залгахаар гар утсаа авахгүй тохиолдол их байдаг тул ухамсраараа ажлын бус цагаар л ар гэрийхэн нь залгана. Нэг бол мессеж бичээд орхичихдог юм билээ.

Төв газрын улсууд нийтийн унаагаар хол явж ажилладаг бол унаанд явж байхдаа тувт ном уншаастай явдаг юм билээ. Жижигхэн жижигхэн өврийн ном уншаад л явна.

Хөдөө орон нутгийнхан болохоор түгжрэл гэж байдаггүй учир маш их зүйл амжуулдаг. Бас бүх зүйл нь нэг дороо худалдааны төвүүд олонтой учир хүнсээ ч цуглуулчихна, хувцсаа ч авчихна.

Мөн аливаа үйлчилгээний байгууллагууд маш түргэн шуурхай үйлчилнэ. Мэдээж тэд хоногийн дараа гарна ч гэдэг юм уу тохиолдол байх ч хамгийн гол нь хүлээн авч хариуцаж буй улсууд ажилдаа шуурхай гэж жигтэйхэн. Үйлчлүүлж байгаа бидэнд асар үр өгөөжтэй.

Тэр дундаа төрийн албан хаагч нар бөхөлзөөд л гүйгээд байна. Захиргааны ажилтан, эмч нар, багш нар бол хайлсан тугалга л гэсэн үг.

Мөн их хөнгөн шингэн улсууд байдаг. Бие хөнгөн шингэн байх чинь их олон зүйлд ач холбогдолтой байдаг юм билээ. Ядрах нь бага байдаг юм уу даа. Босч сууж, орж гарахад гээд л. Манайхан шиг том, тарган улсууд чинь нэг суучихвал босч чаддаггүй, нэг босчихвол сууж чаддаггүй гэсэн улсууд их байдаг юм билээ. Энэ бол маш их ажиглагдсан зүйл шүү. Эрс ялгаатай юм билээ.

Заавал нэг хоббитой. Ном унших, хэл сурах, нэхэх, оёх, зурах, алхах, гүйх, жимд явах, дохионы хэл сурах, ямар нэгэн хөгжмийн зэмсэг оролдох, хоол хийх, нарийн боов хийх, гэрээ цэвэрлэх, аяга угаах гэх мэт. Тэр зүйлээ хийхээрээ түүнээсээ сэтгэлийн ханамж эдэлж байдаг гээд л ярих дуртай. Түүндээ өдөрт хуваарь гаргаад, амжихааргүй бол 7 хоногт тэдэн өдөр гээд хуваарьтай.

Багаас нь аливаа зүйлүүд маш эмх замбараатай, цэгцтэй зохион байгуулагдаад явчихдаг тул тэр нь оюун ухаанд нь нэвшчихдэг байх.

Хоолны хувьд манайх шиг гурил зуураад элдээд гэж цаг, хүч зарсан хоол хийж иддэггүй нь маш их цаг хэмнэж өгдөг юм шиг байна лээ. Будаагаа агшиж байх хоорондоо загасаа шарчихна. Ногоогоо арилгаад хуурчихна. Бэлэн зарж байдаг бүтээгдэхүүн ихтэй, тэрийгээ худалдаж авчраад л шарахыг нь шараад, чанахыг нь чанаад иднэ.

Тэмдэглэлийн дэвтэртэй үнэнч найз. Чухал ажлуудаа бичиж тэмдэглэнэ. Ингэх нь мартаад за дараа л болохоос гэдэг маргааш гэдэг үгийг үгийн сангаас нь авч хаядаг юм шиг байгаа юм.

Амьдралын зөв хэмнэл гээч зүйлийг маш чухалд тооцож багаас нь хэвшүүлэхийг зорьдог.

Би ажлын өдөр монгол хоол хийдэггүй, хааяа нэг амралтын өдөр гоё хоол хийж идэх үү? гэж байгаад л бууз, хуушуур, цуйван, банштай цай гэх мэт хийж иднэ. Ингэхдээ гэрийнхээ бүх гишүүдийг оролцуулна. Тэгэхгүй бол ганцаараа хийвэл бүтэхгүй.

Би зурагт маш бага үздэг, ихэвчлэн сонсдог. Мэдээж дуртай ганц нэг савангийн дуурь зэргээ үзэлгүй яахав. Хагас сайн өдөр аяга кофе хийж аваад л хэсэг зурагт гөлөрч суудаг юм. Гэхдээ миний дуртай кино гарахгүй бол ном шагайж сууна. Шагайх ном байхгүй бол нэхмэлээ нэхнэ.
Гэр бүлийн бусад гишүүд бол яс үзээд, гөлрөөд суучихдаг. Хэ хэ. Адаглаад л зар сурталчилгаагаар нь янзалж эмхлэх, угаах, хураах зүйл байвал амжуулаач ээ гэж байнга үглээстэй шүү дээ. Тэд нарыгаа зурагт гөлөрч байх хооронд нь ч зүгээр суулгах дургүй, ямар сайндаа өөрийнхөө хоббиндаа туслуулж байхав. Нэхмэлийн утас ороолгох, том зулзагаараа нэхсэн аяга угаагчийнхаа илүү гарсан утас зэргийг нь цааш нь хийлгэж энэ тэр. Иймэрхүү нэг анхаарал шаарлахгүй, хүч шаардахгүй зүйлийг зурагт харангаа хийчихдэг юм.

Бас надад хамгийн том туслагч минь том зулзага. Хааяадаа ганцаараа хоолоо хийгээд өгчихнө. Аягаа ээлжилж угаана. Удахгүй бага зулзага бас ээждээ туслаад л гүйх байх даа.
Тэр хооронд нь би нь мэдээж зүгээр суухгүй л дээ. Блогоо бичнэ, номоо уншина, нэхнэ гээд л. Бас болоогүй ээ, канди краш тоглоно гэж байгаа. Хэ хэ.
Мөн хань ижил минь бас сайн туслагч. Тусдаа хариуцдаг ажлууд зөндөө. Жишээ нь бага зулзагыг усанд оруулна гэх мэт. Сайн аав, чи шүү. Үнжий. Хэ хэ.

Гэхдээ хөдөлгөөний дутагдалд ороод жин нэмэх гээд байдаг юм ийм суугаа ажлууд. Нэмэгдээд байгаа, үүнийг яаралтай арга хэмжээ авахгүй бол ч... Дулаарахаар охидтойгоо алхана гэж яриад байгаа.

За байз өөр чинь юу билээ?
Хангалттай хүсэлтийн хариу болж чадсан эсэхийг мэдэхгүй ч, сүүлд өөрөө ч харж байхад гэж бодлоо.

Би нь эднийг дуурайж эртэч болох гээд нэг л болж өгөхгүй байна. Нойронд сайн гэж юүхэв. Хэ хэ...

Thursday, April 16, 2015

Цэцгэнд төөрсөн нь

Найзтайгаа цэцгэнд төөрсөн нь гэдэг зураг их даруулсан даа. Эргээд зургаа харж байхад сайхан байна аа. Ганц нэг цэцгийн зураг оруулав.
Алтанзул цэцэг
За энэ алтанзул цэцэг ёстой төрөл төрлөөрөө, өнгө өнгөөрөө ургасан байсан даа. Ургуулсан, тарьсан гэж хэлэх нь онох байх.
Европ цахирмаа цэцэг
Цахирмаа цэцэг бас л өнгө өнгөөрөө байсан.
Японд муж болгонд цэцгийн хүрээлэн гэж байдаг. Амралтын өдрөөр пиг хүнтэй. Хүмүүс нь улирал улиралын цэцэг харж баясан алжаалаа тайлдаг. Настай голцуу хүмүүс их ирнэ. Мэдээж гэр бүлээрээ зугаалж буй хүмүүс ч их. Мөн гадаад иргэнд такс нь 50 хувь болж хямдрана. Байнга орж гардаг бидэнд энэ нь бас их ээлтэй.
Цаг агаар ч их аятайхан өдөр таараад, бид их удаан зугаалсан. Цэцэг болгон дээр очиж зургаа татуулсан. Хэдэн жилийн дараа зургаа хараад залуухан сайхан явснаа дурсах байх даа. Хэ хэ

Tuesday, April 14, 2015

Идэж уусан зураг

Найзтайгаа идэж уугаад сайхан байсаан. Идэж уусан ганц нэг зураг. Том бөөрөнхий мөстэй коктейль. Мөсөн дотор нь гүзээлзгэнэ байгаа. 2 жилийн өмнө нэг найзаасаа ийм том бөөрөнхий мөс хөлдөөгч хэв бэлгэнд авч байсан юм. Гэхдээ гэрт нь байсныг нь яасан гого юм гэсээр байгаад авчихсан. Хэ хэ. Тэрнийхээ ашгийг маш сайн гаргаж байгаа шүү найз аа. Харах болгонд найзыгаа дурсдаг шүү.

Гэрт минь найз нараасаа авсан бэлэг зөндөө. Харах бүртээ та нарыгаа дурсаад л. Яг одоо хөлөө хараад сая ирсэн найзыгаа дурсаад л сууж байна. Яагаад хөлөө харж байна вэ гэхээр, найз минь нээх хөөрхөн углааш бэлэглэсэн юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд дотоодын арьсан углааш. Их хөөрхөн хийдэг болчихжээ. Загвар энэ тэр гээд л. Баярласан шүү.
Тавагны шийдэл их аятайхан санагдаад өөрийн эрхгүй дарсан зураг. Завь ч юм шиг хэлбэртэй хуванцар зүйл дээр зузаан цаас тавьж байгаад л шарсан загас энэ тэрээ таваглаад зарчихаж байгаа юм.

Энэ жилийн сакүра

Жаахан сэрүүхэн байсан. Сакүра цэцгийг харж баясах үеэр. Жинхэнэ утгаар нь цэцэгний модон дор сууж идэж ууж баясаж амжсангүй.
Гэхдээ монголоос найз минь хүрэлцэн ирж, бид орж гаран сайхан байлаа.
Найзтайгаа шөнө дөл болтол буу халж суусан шиг, бас зүгээр ч үгүй дуниарталттай. Сурагч ахуй нас, идэр нас зэргээ дурсаад л. Хэн хэн нь жаахан л ядарсан байх. Одоо ядаргаагаа тайлж хэдэн өдөр жаахан унтах байх даа, хоёр талд. Хэ хэ.
Гого бэлэг өгсөн найздаа баярлалаа. Дахин ирээрэй.
Мөн ийш тийш орж гарахдаа гоё гоё шинэ газар нээсэн. Ирэх жил сакүра үзэхээр явна аа. Олж нээж амжаагүй, явж үзээгүй газар зөндөө байдаг юм билээ, амьдарч буй газарт минь.

Monday, April 13, 2015

Дунд сургуулийн нээлт

4 сарын 8-нд дунд сургуулийх нь хичээлийн шинэ жилийн нээлт болсон. Өдөр 12 цаг 30 минутаас бүртгэл нь эхлэнэ. Бүртгэх үед хүүхэд нь хэд дүгээр бүлэгт орсныг нь, ангийнх нь хүүхдийн нэрс, анги даасан багшийн нэр зэрэг бичээстэй А4 хэмжээтэй гол цаас өгсөн. Том зулзага ангийнхаа хүүхдүүдийн нэрсийг хараад шууд сэтгэлээр унасан. Учир нь дотно найзуудаас нь хэн нь ч нэг ангид хуваарилагдаагүй байсан. Шинээр элсэн орсон сурагчид анги анги руугаа явна. Тэр хооронд цугласан эцэг эхүүд нэг сул анги болон коридорт цуглан түр хүлээж байгаад цаг нь болохоор зааланд орж суудлаа эзлэнэ.

Бүртгэж авах ширээнд 2 болон 3-р ангийн сурагчид хариуцан, нэрсийг нь дугуйлах болон тараах зэрэг ажлыг хийн зогсоно.

Заалны үүдэн хэсгийн хоёр талд сургуулийн үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчид тус тусынхаа хөгжмийн зэмсэгийг барин сууж байсан. Нэг талд нь үлээвэр найралынхан, эсрэг талд нь ятгынхан. Арга хэмжээ эхэлтэл ятгынхан нь ая тоглож байсан.

Заалны урд хэсгийн хоёр талд мөн тусгайлан зассан сандлууд байсан. Нэг талд нь миний мэдэхийн хорооны томчууд, харъяа цэцэрлэгийн эрхлэгч нар, бас бус томчууд сууна. Мөн захирал багш нь сууна. Эсрэг талд нь багш нар сууна.

Эцэг эхчүүдийн суудлын урд эгнүүлэн зассан сандалд дээд ангийнхны нь хэсэг нөхдүүд суусан байсан. Сүүлд гарч ирж найрал дуулсан. Бас болоогүй ээ, хоёр удирдаачтай. Ээлжилж гарч ирж удирдсан. Төгөлдөр хуурыг бас нэгэн сурагч дарж харагдсан.

За гол дүрүүд болох шинээр элсэж буй сурагчид орж  ирэн суудлаа эзлэнэ. Захирал багш үг хэлнэ. Зочдын төлөөлөгч үг хэлнэ. Эцэг эхийн зөвлөлийн дарга үг хэлнэ. Шинээр элсэж буй сурагчдын төлөөлөл үг хэлнэ.

Багш нар тайзан дээр гарч өөрсдийгөө танилцуулна. Багш нар нь бүгд нэг нэг дугуйлангаа хариуцаад явчихдаг юм билээ. Нийгэм, тоо, англи хэл гэх мэт үндсэн хичээлийнхээ хажуугаар шүү дээ. Нэг гадаад англи хэлний багштай. Энэ талаар тусад нь бичнэ ээ. Тусгай тогтолцоо байдаг юм.

Хүүхдүүд бүгд өнөөх айхтар хөөрөгний үнэтэй дүрэмт хувцсаа өмсөнө. Бүгд ижил цүнх, гутал, оймс гээд л харахад бас их сүртэй, хөөрхөн.

Нээлтийн арга хэмжээ дуусаад сурагчид анги анги руугаа явна. Эцэг эхүүд үлдээд анги ангиараа бас хуваагдаад эцэг эхийн зөвлөлөө сонгоно. Эхлээд хоёр хоёроороо газар тэнгэрээ үзсэн чинь ялагдчихдаг юм даа. Дараа нь ялагдсангууд нь хоорондоо газар тэнгэрээ үзсэн чинь ашгүй нэг юм чухал албанаас мултарсан. Хэ хэ. Ялагдаад томилогдсон ээжүүд яана аа л гээд байна лээ.

Дараагаар нь хүүхдийнхээ ангид орж зураг хөрөг авсан. Мөн багш нь бага зэргийн яриа хийсэн.

Цүнх дүүрэн шинэ сурах бичиг, өмнө захиалсан тамирын хувцас зэргээ хүлээж авсан. Бөглөж барих хуудас бас их байдаг юм билээ. Эрүүл мэндийн байдал, гэр бүлийн байдал гэх мэт.

Нээлт болсон өдрийн маргаашнаас нь хичээлдээ. Монголоос ирсэн найзад энэ нээлт болсон өдөр их сонин санагдсан. Учир нь 4 сарынхаа 1-нд биш 8-нд нээлт нь болсон. Тэр нь тэгээд даваа гарагт биш лхагва гарагт шүү. Хэ хэ.

Эцэг эхийн хувцаслалт ерөнхийдөө төгсөлтийнхтэйгөө адил. Гэхдээ ээжүүд цайвар гэгээлэг өнгийн хослол өмссөн нь ч нэлээд харагдсан.
Төгсөлт болон нээлтийн арга хэмжээнийх нь тайзны засалт нэг иймэрхүү. Голд нь төрийн далбаагаа залдаг юм билээ. Тайзан дээр гарах хүн бүр далбаандаа мэхийж ёслоно. Мөн амьд цэцгийн баглаа заавал байна.

Таалагдсан зүйл: Багшдаа цэцэг барьж очихгүй. Бүх зүйлсийг нь ижилсүүлчихэж байгаа тул баян хоосны ялгаа тэр бүр харагдахгүй. Сурагчид сургуулийнхаа цэвэрлэгээг өөрсдөө хийнэ. Бүр 00-ын өрөөг хүрэлт. Охин маань
-Ёоо, эмэгтэй сурагчид хүртэл бүр эрэгтэй 00-г хүртэл цэвэрлэдэг гэсэн, жошшшшшшшшш гээд шээдэг жорлонг шүү
гэсээр ярвайчихсан орж ирсэн. Хэ хэ. Миний бодлоор бол хүүхдүүдийг хар багаас нь цагаан гартан болгох биш, багаас нь хар бор зүйлд сургаж байгаад нь талархаад баршгүй. Ядаж л цэвэрхэн биеэ засдаг болно.
Үлээвэр найралынхан явцан дунд хэд хэдэн ая тоглосон, ёстой мундаг. Мөн шинэ элсэгчдэдээ зориулан ая тоглосон. Найрал дууныхан бас дуу дуулсан. Бүгд л тус сургуулийн сурагчид гэхээр бахархмаар, бас их чадварлаг.

Wednesday, April 01, 2015

Ёоо үнэ нэмэгдсээр

Сар бүр л тийм юмны үнэ нэмэгдлээ гэж зарлаад байх юм. Энэ сараас сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэнэ.
Удахгүй бас кофены үнэ нэмэгдэнэ гэнэ. Кофеноос гарахаас. Хэ хэ.  Нэг бол ажил дээрээ гэртээ уухыгаа нөхөж уучихаад харьж байх. Хүний юманд хүрз зээтүү шиг хандана гэдэг нь энэ байх даа. Хэ хэ. Бас юу юуны үнэ нэмэгдэнэ гэчихвээ. Улаан лоольны кетчупны үнэ нэмэгдэнэ гэсэн байсан. Яаж амьдрах вэ?

Ингэж юмны үнэ нэмэгдэх чинь гэр бүлийн сангийн сайд гэх олон яамны сайд хийдэг ээжүүдэд, эхнэрүүдэд хүнд тусна аа даа. Би чинь өөрийгөө бас ч гэж хэрэглээ багатай, хэмнээд байдаг гэж боддог юм. Улам л хэмнэж, гамтай зарцуулахгүй бол ч хэцүү болох нь дээ.

Гадаадад байдаг биднийг чинь зоослог, мөнгөлөг гэж ойлгодог хүмүүс их байдаг даа. Яахав зоослог, мөнгөлөг нь байна аа байна. Гэхдээ яг л та нартай адил цалингаас цалингийн хооронд амьдардаг нь олонх шүү дээ. Гэхдээ өөрөөрөө жишээ авахад бид чинь энд тэндхийн дэлгүүр хоршооны хямдрал зарласныг хайгаад л, хараад л, тухайн хямдралтай өдөр нь очиж худалдаа хийчих гээд л үзнэ. Ганц нэг сонин захиалахад дотор нь нэлээд хэдэн дэлгүүрийн зар орсон байдаг юм. Тэр өдөр тэдэн өдрийн хугацаатай тийм зүйл тэгж хямдрана гээд л. Ингэж зар харах нь япон гэрийн эзэгтэй нарын нэг төрлийн хобби нь байдаг гэсэн. Сүүлийн үед миний хобби ч бас энэ төрөл рүү орох шинжтэй. Хэ хэ

Ажлын шинэ жил ба таалагдаагүй шинэчлэлт

Өглөө ажил дээрээ очоод даргаасаа энэ жилийнхээ гэрээ, ажлын агуулга бүхий 2 цаас гардан авлаа.
-Энэ жил ч хамтран ажиллах болсондоо таатай байна.
-Миний зүгээс ч маш их таатай байна. Хичээж ажиллах болно оо.

Манай ажилд холигдож солигдсон хүн байхгүй. Харин шинээр 2 хүн орж байгаа. Нэг хятад хүүхэн. Урд нь таньдаг байсан тул, дажгүй.  Нэг япон оюутан.

Ажлын өдөрт бага зэрэг өөрчлөлт орсон. Агуулгын хувьд бол өөрчлөгдөөгүй.

Хамгийн том өөрчлөлт бол манай хотын харъяа цэцэрлэгийн цагийн хуваарь. Бүтэн цагаар ажилладаг эцэг эхчүүдэд зориулсан, бага цагаар ажилладаг эцэг эхчүүдэд зориулсан цагийн хуваарь гаргаад шинэ тогтолцоотой болчихсон. А, Б, С гэж ангилаад. Манайх Б ангилалд. Миний ажлын цагийн хуваариас хамаараад өглөө цэцэрлэгт нь өгөх цаг, оройд авах цаг нь богиносоод. Би хувьдаа таалахгүй байгаа. Ээж хүнд чинь хийх ажил маш их байдаг юм шүү дээ.
Жишээ нь өглөөд хүүхдээ өгчихөөд гэрийнхээ ганц нэг ажлыг амжуулна. Оройд хүүхдээ авахаасаа өмнө ганц нэг дэлгүүр орж хүнсээ цуглуулна. Хүүхдээ дагуулаад явахаар хэцүү шүү дээ. Янз бүрийн юм авах гэж гоншигононо. Гэх мэт.

Мөн хааяа нэг халтууранд явах ажил гардгийг санаж байгаа биз дээ? Тэр үед аав нь цэцэрлэг нь онгойвуу үгүй юу хүргэж өгдөг юм. Оройд бас нэлэээд орой авна. Хэрэв сунгах үед нэмэлт төлбөр төлдөг. Ингэхдээ зөвхөн оройн цагт л сунгадаг, тэрнийхээ нэмэлт төлбөрийг авдаг байсан бол шинэ тогтолцоогоор өглөө, оройд сунгадаг болоод, тэр тоолондоо нэмэлт төлбөрөө төлнө. Урьдчилан тусгай бөглөх хуудас авна гэх мэтчилэн урдах цаасаа яая гэж байхад нэмээд л баахан бичиг цаастай орооцолдох болчихоод. Унаган япон хэл устай хүн бол дор дор нь ойлгоод явна. Бид нар шиг унаган биш улсууд бол ойлгож хүлээж автлаа бас л хөөрхөн эд эсээ үхүүлнэ дээ.

Тарангуутаа л суудлаасаа год үсэрч босоод л гарахгүй бол багыгаа авч амжихааргүй. Ажлынхныгаа тэр аяар нь хөдөлгөөд. Өглөө ирсэн чинь миний пс дээр сэрүүлэг тавьж өгсөн байна лээ. Хэ хэ. Хэдийгээр сэрүүлэг дуугарсан ч яг тэр агшинд хийж байсан ажлаа хаяад год гээд босчихож чадахгүй л байгаа юм чинь.

Болоогүй ээ, энэ тухай нэг сонинд жижигхээн нийтлэл бичээд өгчихсөн гэж байгаа. Тэгсэн босс уншчихаад,
-Өө энэ хотын захиргаа ямар сонин юм бэ? Яаж байгаа юм бэ?
-Мужийн захиргаанаас үүрэгдэж засан залруулахгүй бол ч... (Бас нэг ажилтан)
-Харин тийм ээ, улсаас гаргасан хуулийн заалтын өөрчлөлттэй холбоотой гэсэн. Би нь өнөөдрөөс хар хурдаараа л давхиж байхгүй бол.
-Автын ослоос болгоомжлоорой.
-За, ойлголоо.
гэж ярилцав. Мужийн захиргаа нь том нь. Хотын захиргаа нь жижиг нь. Дүрэм журам нь бас тус тусдаа байдаг юм билээ.

Бага зулзагын цэцэрлэгт эрхлэгч багшаасаа эхлээд нэлээд хэдэн хүн солигдсон. Сайхан нь түрүү жил хариуцаж байсан эрэгтэй багш нь дахин 1 жил дааж авахаар болсон байна лээ. Өнөөдөр харилцах дэвтрээс нь багшийнх нь нэрийг харчихаад ура хашгирах нь холгүй л баярлав. Учир нь бага зулзага тэр багшдаа дасчихсан хайртай, миний хувьд ч ярихад амар байдаг юм.
Харилцах дэвтэр нь шинэчлэгдээд, нэг анги дэвшээд, шинэ туслах багштай болоод, өдөр унтахаа байгаад гээд шинэлэг зүйл ихтэй, ээждээ тайлагнах зүйл ч ихтэй 4 сарын 1 байлаа.

Том зулзага яахав, даалгавараа хийх болохоор толгой нь хальт өвдөж энэ тэр. Хэ хэ. Хичээл нь эхлэх арай болоогүй.

Өө тийм, ингэж цаг багасснаар төлбөр бага зэрэг хасагдана. Гэхдээ тэр нь шалихгүй ээ.
За ямартаа ч хичээх л үлдлээ. Яаж ийгээд болгоно доо гэж өөртөө хэлээд л явна...