Thursday, October 18, 2018

Том зулзагын паян 2

Юу гээд зогслоо? Аан тийм.

Эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Рентген зураг авахуулсан. Шинжилгээний өрөө рүү явахад гээд л эмнэлгээс гартал төл өдөр тэргэнцэртэй л яваад байсан, том зулзага.

Азаар хөл гар хугараагүй байв. Тохой бага зэрэг шалбарсан. Гар нь бугалгаараа хөндүүр, хөдөлгөж болохгүй, хөл нь шагайгаараа бас өвдөөд, алхаж болохгүй гэх мэт хөндүүр байсан.

Гарынхаа бугуйнд наах наалт авсан, өвчин намдаадаг.

За эмнэлэг дэх үзлэг энэ тэрээ дуусав. Энэ хооронд анги даасан багш утасдав. Үгүй ээ, бүр эрт нэг залгасан юм байна.

Яг шүргэлцэх үед хажуугаар нь явсан нөгөө ангийн нэг охин яав, ийв гээд цуг байлцаж, түргэн дуудаж өгсөн гэнэ. Машины жолооч залуу цагдаа дуудсан гэнэ. Тэгээд том зулзага нөгөө ангийн охиноо хоцорчихлоо, яв гэж байж явуулсан гэнэ. Учир нь тэр долоо хоног бүтэн шалгалттай байгаад, тухайн өдөр сүүлийн шалгалттаы өдөр байсан. Том зулзага дараа долоо хоногт нөхөж өгсөн.

Цагдаа ирж хэргийн газартай танилцаж хэмжилт энэ тэр хийсэн гэнэ. Дараагаар нь жолоочтой хамт эмнэлэг дээр ирсэн. Жолооч бол уучлалт гуйгаад л байсан.
-Энхрий хайртай охиныг чинь шүргэсэндээ маш их харамсаж байна. Уучлаарай. Эмчилгээний элдэв зардал зэргийг хариуцлагатайгаар барагдуулах болно. Гээд л бөхийв.

Цагдаа бас яаж зүгээр байхав. Ажлаа хийсэн. Ямар ажил гэхээр том зулзагат дугуйтай явж байхдаа яг л гарцаараа, зөв гарч байя. Болгоомжтой яваарай. Гэх мэт.

Учир нь том зулзага гарцаар гарахдаа яг тэр гарцын зураас бүхий хэсгээр биш, өглөө жаахан яарч байсан тул сургуулийнхаа зүг рүү жаахан далийж зам гарсан юм даг уу даа. Тэгээд л араас нь ирж байсан машинтай шүргэлцчихэж.

Том зулзага бас түүнийгээ мэдээд миний буруу байсан л гэж байна лээ.

Жолоочтой холбоо барих нэр ус, хаяг, утсаа солилцов. Цагдаа бас бидний нэр ус, хаяг, утсыг тэмдэглэж авав.
-За тэгээд гомдолтой гэж цагдаад мэдээлэх эсэхээ та бүхэн өөрсдөө шийдээрэй, хэрэв цагдаад гомдолтой гэж мэдээлбэл цаад жолоочийг бид үнэмлэхийг нь оноогоор торгох, мөнгөн торгууль оногдуулах гээд арга хэмжээ авна. Харин гомдолтой гэж өргөдөл өгөөгүй тохиолдолд энэ хэрэг та нарын хоорондын эд материалын хохирол гэдэг утгаараа шийдэгдэнэ.
Гэж айлдсан.

Хань ижил сүүлд цагдаад явсны дараагаар жолоочийн машиных нь камерыг үзсэн гэнэ. Тэгсэн том зулзагын минь буруу ухааны юм ярьж байсан чинь эсрэгээрээ байна гэсэн. Аягүй холоос том зулзага минь камерт орж ирж байна лээ, жолооч өөрөө бас их анхаарал болгоомжгүй явсан байна лээ. Дуу хоолой нь шал өөр, үг хэллэг нь хүүхэдтэй ярьж байгаа юм шиг байсан. Аягүй л бол хүүхэдтэйгээ яриад ч юм уу, хажуу тийшээ харж байсан байх тэр хооронд, тэгээд охиныг минь анзаараагүй байх гэсэн.

Жолооч өөрөө бас хэлсэн гэнэ.
-Уучлаарай би ажил руугаа явах замдаа хүүхдээ хүргэж өгөх гээд суулгацан байсан.
Гэж.

Эмнэлгээс гараад бид сургуулиар нь орж эвдэрсэн дугуйг нь авсан. Дугуйг нь анги даасан багш, нийгмийн ажилтантайгаа очиж хэргийн газраас сургууль дээр нь авчирсан байсан. Ангийн багш нь машинд минь бага сага мэдээлэл аваад, бөглөх бичиг баримт зэргийг өгсөн.

Үдээс өмнө нэг иймэрхүү манаргаж байгаад гэртээ ирцгээж, том зулзага өрөөндөө орж, хань ижил бид хоёр ажил руугаа жирийлгэв.

Орой нь өнөөх жолооч хайрцагтай амттан барьчихсан хонх дарсан.
-Өнөөдөр ёстой уучлаарай, энэ бяцхаан зүйлийг охиндоо өгөөрэй. Бие нь яаж байна зүгээр үү?
-Зүгээр зүгээр, гар хөл нь жаахан хөндүүр байгаа, яс энэ тэр нь хугараагүй нь азтай.
-Харин тийм ээ, түмэнтээ уучлал хүсье

Ингэж гэмтээсэн хүндээ ямарваа нэгэн амттан барьж очих нь эднийд тогтсон нэг дүрэм. Бичигдээгүй хууль гэх юм уу даа.

Үүнээс цааш бол тувт даатгалын компани нь ажлаа хийнэ. Хариуцсан хүн нь ирж биеийг нь асуугаад, гарсан эмчилгээний төлбөр, дугуй засвар, эсвэл шинээр дугуй авах гэх мэт бүхий л зүйлийг хариуцна.

Ирэх долоо хоногоос нь хичээлдээ явсан. Пүрэв гарагт осолд ороод, баасан гарагт нь сургууль нь амарч таарсан. Ирэх даваа гарагт нь бас амралтын өдөр таараад. Мягмар гарагаас нь хичээлдээ. Хуруу нь үзэж барьж чадахгүй байсан нь арай дээрдээд л явсан. Хөлөнд нь харин шинээр хөхөрсөн газрууд хэд хэд илэрсэн.

Азаар толгой түрүүгээрээ унаагүй, гараараа тулж унасан. Гар хөлний яс хугараагүй. Зулзага минь гайгүй шүү, манайхаан. Сэтгэлийг нь чилээсэнд уучлаарай.

Тэр өдрөөс хойш хоёр ч удаа эмнэлэг явж гараа үзүүлсэн. Гар нь нэг л сайн эдгэж өгөхгүй, хөндүүр оргиод байгаа. Төгөлдөр хуур дарах, хичээл дээрээ сагс тоглох гэх мэтээр гар хуруугаа жаахан хүч оруулаад ашиглахаар л хөндүүр болчихоод байгаа. Зөөлөн эд нь гэмтсэн болов уу? гэж хардаад. Түүнээс рентгэнээр яс бол бүрэн бүтэн байгаад байдаг.

Дахин зөөлөн эдээ үзүүлэхээр захиалга авчихсан байгаа.

Шинэ дугуйтай болсон. Хуучныгаа засуулаад авчихсан. Шинийг нь цаад хүний даатгалын компани худалдаж авч өгсөн. Хуучныгаа бид өөрсдөө засуулаад авчихсан. Хэ хэ.

Том зулзага хуучин дугуйгаа унаж байгаа. Учир нь шинэ дугуйтай болохоор сургуульдаа заавал бас бичиг хийж өгөх ёстой. Дугуйны зогсоол дээрх тоог өөрчлөх ёстой, дугуй худалдаж аюсан газраасаа бас бичиг хийж авчрах ёстой ч гэнэ үү, түмэн ажил гарах гээд байхаар нь хуучныгаа л уная даа л гэсэн.

Ер нь явган хүн ч бай, жолооч ч бай их л болгоомжтой явахгүй бол ч. Бид ч өөрсдөө машин бариад л давхидаг улс. Тийм ээ.

Бүгдэд нь анхаарал болгоомжтой яваарай гэж захия даа...

2 comments:

  1. Jolooch guai ih bolgoomjgui yavj dee, duguitai hun yalanguya surguuliin oir orchmoor yavj bgaa duguitai huuhed yaj ch boloh uchir asar bolgomjtoi yamagt tormosonloh belen baidaltai, deer ni 30kmh iluu yavdaggui baimaar yum. Za yadag ch bsan gaigui garsan ni ih yum. Tom ohind hurdan edgeerei gej yorooy!

    ReplyDelete
    Replies
    1. Уг нь тийм, тэнд нь нэг ахлах сургууль, нэг дунд сургууль, нэг бага сургууль байрладаг нэлээд хөл хөдөлгөөн ихтэй газар. Хүүхэдтэйгаа яриад анхаарал суларсан байсах байх.

      Би ч өөрөө хүүхэд суулгаад явбал анхаарал бас л сулардаг байх даа, хойшид хаа хаанаа л болгоомжтой байхгүй бол гэж бодсон.

      Баярлалаа, дамжуулж хэлнэ ээ.

      Delete