Thursday, January 31, 2013

Хүүхдийн ертөнц

гэж хөөрхөн шүү. Бага минь хэлд ороод балай авч байгаа. Гангнам стайл, Лэди Гагагийн Жудас дуун дээр бүжиглээд байна наана чинь хэхэ.

Кицүнэ-цүкүнэ ( үнэг)
Күсүри-сүкүри  (эм)
Онэгайшимас-Колакола даж  (гуйж байна)
Донгүри-кокори  (модны үр)
Ататакай-атакатакай  (дулаахан)
Сакана-чакана  (загас)
Масүкү-макүсү  (маск)
Табэрү-бабэрү   (идэх)
Тамаго-мамаго (өндөг)

гэж ирээд л ярина. Ээж нь орчуулагч хийнэ. Өөр зөндөө үг хэлнэ, гэхдээ их цэвэрхэн хэлдэг юм.
Оройд цэцэрлэгээс нь авахад багш нар нь тухайн өдөр болсон явдлыг нь хэлдэг юм. Уг нь харилцах дэвтэр дээр нь бичдэг л дээ. Бичигдээгүй зүйл байвал тэгж хэлдэг юм.
Тэгсэн нэг өдөр багш нар нь буу халж байсан чинь ойрхон зогсож охин минь больцгоо тэнэг гэж авсан гэсэн. Хэ хэ.
Бас нэг өдөр өдрийн хоолныхоо амттанд идсэн мандариныхаа өөрийн хувийг идчихээд багшийхыгаа сонин харсаар байгаад аваад идчихсэн гэсэн.
Гадаа тоглохоороо дандаа дээр бичсэн модны үр донгүри гээчийг түүж хармаална, ирээд аниадаа үзүүлнэ.
Турник, гулсуураар тоглох дуртай, номонд их дуртай гэсэн. Гэртээ ч бас адил, эхэндээ ээж, аниа, аав гурав бие бие лүүгээ пасладаг байсан чинь хэлд ороод ээж ээ гээд барьж ирдэг болсон.
 Монгол хэлийг нь зааж байна уу гэж асуух гэж байна уу? хэхэ. Мэдээж бид монголоороо ярина л даа. Хэд хэдэн үг байнга хэлүүлнэ. Эмээ өвөө нартай нь яриулна. Хамгийн гол нь сонсгож байх ёстой гэдэг юм билээ. Жаахан санаа зовдог зүйл гэвэл япон хэлний авианд байдаггүй хэд хэдэн үсгийг хэлж чадахаа байчих вий л гэж айдаг юм. Ө, У, Л гээд л...
Үр зулзага нь харь хэлээр хэлд орсон ээжүүд туршлагаасаа хуваалцаарай.

Wednesday, January 30, 2013

...

Ийм бүтээл туурвисан боловч том зулзагадаа дээрэмдүүлчихсэн. Хүүхэд томрох ч лүд юм даа гэж. Сонирхол хүртэл томроод, яваандаа ээжид өмсөх юм олдох нуу хэхэ.
Өөр өнгийн яг ийм утсаар нэхэх гээд авчихсан байгаа. Бага зулзага сайн жаал байх юм бол ойрноос нэхнэ ээ. Хэхэ
Бага минь одоо арай гайгүй байна даа гэхээр л янз бүрийн ханиад томуу тусчихаад ээжээс салахгүй, грүүшиг хийлгээд байх юм. Өөр хүнд тэврүүлэхгүй болохоор ээж махийна шүү дээ.
Шуналаа гэж, барагдахгүй юм даа тээ. Өөртөө нэхсэнийхээ зургийг оруулнаа, дуусахаар нь.

Tuesday, January 29, 2013

Самарнаас болж 2

Сэтгэгдэл үлдээсэн бүх найз нөхөд, блог андууддаа баярлалаа. Хариултаа бичлэг болоод орууллаа шүү.
-Яг орчихсон тохиолдолд бол  илт хэржигнээд мэдэгдэнэ. Гэхдээ өдрийн цагаар бол мэдэгддэггүй юм билээ. Бүр чихээ цээжинд нь нааж л сонсохгүй бол.
-Харин тийм ээ, сонссон бүх л монгол хүмүүс маань японд байсан нь аз болжээ гэж хэлээд байгаа. Атай азтай, бурханд их баярлаж байгаа...
- Дурангийн хагалгаа нь энэ удаад амтай ойр эрхтэн байсан тулдаа амаар нь гуурс оруулж байгаад авсан. Түүнээс өөр газар мэдээж тэрүүхэн тэнд нь цоолж байгаад л хийгдэх байх.  Янз бүрийн зүсэлт хийгдээгүй тулдаа эдгэрэлт хурдан, 2хон хоноод л эмнэлгээс гарсан.
-Эмээ өвөө нарт нь загнуулсан. Ийм жаахан амьтныг хар багаас нь бүтэн биеийн норкозонд оруулчлаа гээд. Ий ий ий. Гайгүй л байгаасаа бурхан минь. Нугасаар нь мэдээ алдуулаагүй юм даа гэж сэтгэлээ хуурч байгаа.
За тэгээд үүрэг хариуцлага өндөр газар байгаа тулдаа энэ удаад гайгүй өнгөрсөн шүү.
Та нар минь нялх нярай үрсээ хараанаасаа салгав аа дахин дахин сануулахад...
Тэгээд ганц зураг орууллаа.
Энэ өнөө гайтай самар чинь шүү дээ. Ингээд харахад бол жижигхэн байгаа биз. Эрхтэн дотор орчихоороо их том харагддаг юм билээ шүү. Ингэж 2 хэсэг болж гарч ирсэн. Бодвол зөөлрөөд чимхэж авах гэхэд ингэж салсан байх.



Ийм хүүхдийн орон дээр эмчлүүлж буй хүүхэд сахиултайгаа унтана. Би нь гуалиг тулдаа л болж байсан шүү. Бие томтой лут хүмүүс бол бас л сахиул нь өөрөө ядраад гарахаар. Гэхдээ монгол дахь эмнэлгүүдийг минь бодвол ор байгаа нь их юм тээ. Тансаг газар харахаараа эх орон минь ийм болоосой гэж атаархдаг юм өөрийн эрхгүй.
 




Ор болгоны хажууд ийм зурагт, ширээ, хөргөгчтэй. Зурагт хөргөгч нь картаар ажиллана. Бид цөөхөн хоносон болохоор хэрэглээгүй. Ширээ нь доороо дугуйтай болохоор их амар. Хүүхэд орноосоо буулгүй хоолоо идэхэд дөхөм.







Орнуудаа ингээд ийм хөшгөөр халхалчихна. Нэг өрөө 6 ортой байсан.
00-ын өрөө нь гадаа коридорт, нийтийх. Үүдэнд угаалтуур байсан. Хүүхдийнхээ живхийг сольчоод гараа угаах, гар нүүр, шүдээ угаах зориулалттай.
Бохирдсон живхээ хийх тусад нь гялгар уут өгнө, амыг нь зангидаад зориулалтын хогийн саванд хаяна.
Эмчлүүлж буй хүндээ л хоолтой. Сахиул гаднаас өөрсдөө хоолоо даана. 
15 хүртэлх насны хүүхэд эргэлтээр тасагт орж болохгүй. Бага насны хүүхэд эмчлүүлдэг учраас. Том зулзага ирээгүй эргэлтээр нэг ч. Хэ хэ. Ирээд орж чадахгүй юм чинь гэртээ хичээл номоо хийгээд л байж бай гээд үлдээгээд байсан.
Нэг инээдтэй зүйл нь бид амралтынхаа өдрүүдээр цанын бааз явна гэж байсан чинь учиргүй сэргэлэн цовоо байсан дүү нь гэнэт эмнэлэгт хэвтээд төлөвлөгөө будаа болчихсон тул том зулзага их харамссан. Утсаар ярьсан чинь
- Ээж ээ...
-Яасан, миний зулзага зүгээр үү? Их л санаа зовоод асуусан чинь.
-Дүүд самар өгөөгүй бол өдийд цанын баазад явж байгаа тээ...
-Харин тийм ээ...
Дотроо бол дүүгээ үхэх гэж байхад чи ийм юм яриад байхдаа яадын гэж бодож байсан. Сүүлд нь хүүхэд л юм даа, ишшшшшш гэж уярсан хэхэ. Өнөө үглэхээ л урьтал болгохоо боль гэж номноос уншсан хүн учраас эрэмгий зориг гаргаж хэлээ хазаад өнгөрсөн. Сүүлд нь харин учирлаж хэлсэн.

Monday, January 28, 2013

Самарнаас болж

багыгаа баллахаа шахсан шдээ хүмүүс ээ. Яасан гэхээр ингэсийн. Өнгөтөөр ярьж өгөх үү хэхэ. Ногоохон блогийг дуурайв.
Энэ явдал 2 долоо хоногийн өмнө болсон явдал шүү, одоо бага минь дажгүй. Сэргэлэн цовоо охин шулганаад л гүйж байна.
Нэг өдөр цэцэрлэгээс нь авчихаад,  том бага 2 зулзагатайгаа 60 чавганцынхаа ажлыг хийж байлаа. Ээж гал тогоонд хоолоо хийгээд хоёр охин том өрөөнд тоглоод. Тэгэх хоорондоо самар идэж байсан юм. Тэгсэн бага минь ханиалгаад унав аа. Би яасан бэ гэж давхиж очоод л нуруу луу нь баахан цохиж байгаад л өнгөрөв. Бага тэр үед жаахан ханиалгаж, нулимс нь гарч байгаад л гайгүй болчихов. Орой нь унтах болоод чив чимээгүй болсон чинь бага зулзага амьслахаар л цаана нь хэржигнээд байна аа. Аав энэ одоо юу вэ л гэж байна. Ээж ч самарнаас л боллоо гэж шууд л таалаа. Үзүүлэхээс гэж ярилцаад л өнгөрлөө. Ажлын өдрүүд таараад үзүүлж амжилгүй хэд хоног явлаа. Хагас сайн өдөр ээж амардаг тул багыгаа аваад үзүүлдэг хүүхдийн хувийн эмнэлэгтээ очлоо. Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр ажил төрөлтэй улсуудын цаг таардаггүй тул ихэнх хүмүүс иймэрхүү хувийн эмнэлэгт үзүүлэх нь элбэг энд. Болсон явдлаа хэлсэн чинь эмч маань жаахан янз муутай хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгдөггүй шд гэлээ. Ингэж эмч нарт загнуулаагүй удсан би чинь бас дотроо уур хүрээд байгаамаа. Ямар мэдсэн биш гэсэн шүү юм бодоод.
-Энд рентгэн харсан ч нарийн тодорхой хэлж мэдэхгүй, том эмнэлэгт очиж үзүүл, бичиг хийж өгнө түр хүлээж бай.
-За
-За байз, өнөөдөр чинь амралтын өдөр яадаг юм билээ, гэхдээ юмыг яаж мэдэхэв яаралтай л үзүүлсэн нь дээр байдаг. Ядаж байхад нэлээд хэд хоночихсон юм байна шд.
-Аль эмнэлэг зүгээр үү, бараг төв нь дээр байхаа даа. Ойрхон уу?
-Төв нь дээрээ эмч ээ, манайхтай их ойрхон.
-За.
Ингээд хийж өгсөн бичгээ аваад шууд төв эмнэлэг орлоо. Амралтын өдөр тул хүн цөөтэй, гэхдээ ээлжийн эмч нар л ээлжинд гарна. Бичигтэй тул шар өнгийн оосор бүхий хүзүүний нэр өгч байна. Оочерныхоо дагуу хүлээгээд л сууж байсан дуудаж байна. Болсон явдлаа эхнээс нь дахиад л хэллээ. Рентгэн авхууллаа. Бага нээх уйлаан мйалаан болсонгүй авхуулчлаа. Түр хүлээнэ үү гээд л дахиад баахан хүлээлээ. Томыгоо үлдээчихсэн, төгөлдөр хуураа давтаад байж байгаарай гэж зарлигдаад явсан юм. Өдрийн цайны цаг өнгөчирхсөнийг ч хэлэх үү. Арагшаа яараад л хурдхан дуусдаггүй юм байх даа гэж бодоод л. Учир нь 3 цагаас төгөлдөр хуураа заалгах байсан тул. Гэрээс жаахан зайтай байдаг юм.
Сувилагч гарч ирснээ, СТ авхуулна гээж дагуулаад явлаа. Энэ үед охин айсан байх, уйлаан майлаан боллоо. Дараагаар нь утна гээд аманд нь гуурс ойртуулдаг юм байна. Тэр нь хуурай эм орсон байдаг, амьсгалахаар хоолой руу нь ордог эм гэнэ. Дуусаад дахиад л удаан хүлээлт. СТ уншдаг эмч ээ дуудуулсан хүлээж байна гэсэн. Хүүхдийн эмч ээ дуудсан хүлээж байна гэсэн тайлбар сувилагчаас сонсоод л дотроо бол адгаад л суугаад байлаа. Энэ хооронд охин баагаад, би живх сальфетка авч гараагүйгээ санаад яадаг юм билээ гэж байснаа гэнэт өө энд зардаг шүү дээ гэж санаад 1 давхарт байрлах дэлгүүрээс нь авч солив. Охин бол их л сэргэлэн цовоо л хүн гүйгээд байсан, эмчдээ үзүүлэхээс бусад үед хэхэ.
Тэгсэн томоос мессеж ирж байна.
-Ээжээ төгөлдөр хуур луу явах цаг дөхөөд байна. 20 минут үлдчихэж.
-Тийм байна аа, чи яг гарахад бэлдээд байж бай. Очоод шууд гарна шүү.
-За.
Сувилагчаас цаг гаран явчихаад ирж болох уу гэсэн болохгүй, эмч ирж байна гэсэн гэв.
Төгөлдөр хуурын багш луугаа утасдаад 4-с хойшоо очиж болох уу гэж хэлчихээд жаахан тайвшраад хүлээв. Тэгсэн эмч дуудаж байна. Цээжнийх нь зургийг пс дээр гаргаад харуулж байна.  Бодвол энэ өнөө СТ уншдаг эмч нь байх. Тайлбарлаж байна. -1 мм байх ёстой энэ суваг 1 см орчим болоод өргөсчихөж. Энэ дотор нь нэг тийм цагаан дүрс харагдаж байна уу, энэ бол өнөө таны хэлдэг самар чинь байх. Энэ удаан явбал уушиг үрэвсэнэ, аюултай. Яаралтай авах шаардлагатай.
-За. Хэзээ авах уу?
-Одоо ингээд яаралтай. Хэвтэнэ.
-Хэвтэх ээ?
Сувилагч охиныг маань авч үлдээд хувцсыг нь солиод дусал залгав. Би гадаа нь хүлээгээд, охин чарлаад л. Би жаахан л эвгүйтвэл уйлчих гээд л. Нөхөр лүүгээ ярилаа, хэвтэх гэж байна, хагалгаанд орно. Нөхөр сандраад ажлынхандаа нарийн тодорхой юм хэлэлгүй шууд хувцсаа солиод гарсан гэсэн. Ажлынхан нь гайхаад яасан гээд ам амандаа шуугихад нь охин хагалгаанд орох гээд байна, явлаа баяртай гэж хэлээд гарч ирсэн гэсэн. Хэхэ
Ирэхээр нь нарийн учрыг нь хэллээ. Дурангийн хагалгаа гэнэ, бүтэн биеийн норкозонд оруулж байгаад авна гэсэн. Тэхгүй бол жаахан хүүхэд хөдлөөд гүйцэд авахуулахгүй гэсэн гээд л.
Тэгээд тэр дор нь хэд хэдэн зүйл дээр гарын үсэг зурсан. Мэдээгүйжүүлэлтийх нь гээд залуухан залуу ирээд л олон юм тайлбарлаж байна. Урд нь бас хүн хагалгаанд ороход дэргэд нь байсан, ажлын шугамаар орчуулга хийж байсан болохоор тэрэн дээр харин нээх цаг зарсангүй за за гээд л зураад байлаа.  Сэтгэл санаа бол яг тухайн үедээ хаана байсныг бүү мэд, охиныгоо дагаад л хагалгааных нь өрөөнд л хүлээгээд сууж баймаар байсан. Би тэр хагалгааных нь өрөөнд 3 жил дарааллан нэг сарын хугацаатайгаар ажлын шугамаар орж байсан юм. Хэдэн номерын хагалгааны өрөөнд орох бол, цуг л орчмоор байдаг гэсэн шүү л юм бодож байсан. Мэдээж оруулаагүй л дээ.
Охин минь дусал залгасны дараа уйлаад ядарсандаа болоод дээрээс нь өдөр унтаагүй байсан болохоороо унтаад өгсөн. Хөөрхий минь. Тэгээд унтаагаараа цаашаа хагалгааны өрөө лүү орсон. 4 гэж байхад. Би хүлээж үлдээд, хань ижил томыгоо төгөлдөр хуурт нь хүргэж өгөөд, буцаж ирэхдээ хэвтэхэд хэрэгтэй гэсэн зүйлээ авчирахаар явав. Ёоо аймаар дэлгэрэнгүй бичдэг гэнээ. Өнгөтөөр ярина гэдэг нь л энэ байхдаа.
Дээшээ тасаг руу гарч хэвтэх өрөөгөө үзэв. 2 хүүхэд сахиултайгаа хэвтэж байсан. Жаахан байж байтал доошоо хүүхдээ очиж авахаар явах уу гэж сувилагч хэлээд доош буутал ишшш хөөрхий минь үр минь хагас унтаагаараа жаахан уйлагнасан хүн, баахан эмч сувилагч дагуулчихсан гарч ирсэн. Хагалгааных нь эмч нь өнөөх гайтай самрыг нь саванд хийчихсэн, энийг авлаа. Харин гайгүй хурдан авлаа гэсэн. Учир нь идэх юм  юм чинь зөөлрөөд, авагдахгүй тасарч унаад цаг их орж магад гэж байсан юм.  Ингээд 40 минут орчим дурангийн хагалгаа гээч юманд ороод гарсан шүү дээ. Хагалгааны дараах байдлыг харзнаж 2 хоног эмнэлэгт хэвтээд хагас сайн өдөр хэвтсэн хүмүүс 1 дэх өдрийнхөө үдээс өмнө гарсан. Энэ хооронд эмч өглөө бүр орж ирж цээжийг нь чагнана, сувилагч өдрийн хэд орж ирж халууныг нь, хүчилтөрөгчийн хэмжээг үзнэ. Хагалгааны дараа дуслаар нь антибиотек хийж байсан.

Тэгэхээр бага насны хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгч болохгүй. Бидний иддэг давсалсан самар байдаг даа тэрийг. Ойр хавийнхан нь ч идэж болохгүй гэж эмч хэлсэн. Ер нь самар гэлтгүй нэг тйимэрхүү хатуу идэх юм өгч болохгүй юм гэж бодсон. Бас хүүхдээ яаруулахгүй аажуу уужуу идүүлэх хэрэгтэйм байна лээ шүү.  Хахуулж цацуулж болохгүй, тэгж хахаж байна аа гэдэг чинь ер нь бол тухайн хахсан юм нь уушиг руу орж байдаг юм байна гэж мунхаг би ойлгосон. Ямар нэгэн сэжигтэй байдал анзаарагдвал тэр даруй л үзүүлэх.
Ээжүүд минь хүүхдээ аль болох сайн анзаарч байгаарай.
Төлбөрийн хувьд гайгүй гарсан. 5040 иен болсон. 

Friday, January 25, 2013

Байхад илүүдэхгүй

ном санагдсан. Учир нь гадаадад төрж өссөн хүүхдүүдэд, монгол зан заншлаа мэддэггүй хүмүүст хэрэгтэй гэсэн юм аа сөхөөд харчихна. Номын санд байхад ёстой илүүдэхгүй санагдсан. Яахав зарим нэг хүмүүс мухар сүсэг гэж боддог л юм билээ. Мухар сүсэг гэж харалгүй монгол зан заншил гэдэг үүднээс нь харахад зүгээр л дээ. Аль ч оронд тухайн орныхоо онцлогийг харуулсан зан заншил байдаг шүү дээ. Тэд тэрийгээ мухар сүсэг гэж үздэггүй, харин ч их л хүндэтгэлтэйгээр гүйцэтгэдэг нь харагддаг шүү дээ. Тэгээд ч "Сүсэг бишрэлгүй хүн хамгаас аюултай" гэдэг юм билээ. Нэг хоббиг маань хөдөлгөөд, би одоо энэ номноос салахаа байсан.
Гарчигнаас нь ганц нэгийг дурдвал: 
-Монгол угсаатны өрх бүл
-Хүний амьдралын аяны их гараа
-Монгол арлдын сурган хүмүүжүүлэх өв уламжлал, түүний үндэс
-Монгол улсын баялаг-Хүүхэд
гэсэн  4 бүлэгтэй. Дотор нь задлаад гэр бүл болох ёс, бэр гуйх ёс, хүүхдийн даахь үргээх ёс, бие давхар эхийн цээрлэх зүйл гээд зөндөө л зүйл бичээстэй байна лээ. Миний хувьд их таалагдсан нь монгол хүмүүсийн төвд нэрийн утгын тухай байсан. Япон хүмүүс нэр чинь ямар утгатай вэ гэж асуугаад байдаг юм, заримдаа орчуулж мэдэхгүй гацаад байдаг талтай. Одоо энэ номноос их тохиолддог төвд нэрийн утгыг цээжлээд цээжлээд явчихнаа хэхэ.
Зурагтаар их рекламдсан гэсэн. Тэгсэн ижий аав 2 минь гүйж очоод 2-ыг авчихсан байгаа юм даа хэхэ. Нэгийг нь нааш нь, нэгийг нь өөрсөддөө.  Аав минь номны хорхойтойм хөөрхий. Насаараа цуглуулсан номыг нь би тусдаа гарахдаа авна гээд захичихсан, хэхэ. Г-д маш их баярлалаа. Ачаа нь их хүнд байсан байх даа, уучлаарай...
Миний хувьд таалагдсан ном шүү. Та хэд минь авахаар бол гарчигнаас нь сайн уншиж өөрт чинь таалагдвал худалдаж аваарай гэж хэлэх байна. 

Thursday, January 17, 2013

Нишянта

гэдэг залуу өөрийн туулж ирсэн амьдралынхаа тухай бичсэн "Японд мэдэрсэн "Аз жаргал"-ын үнэ цэнэ" гэдэг ном. 25 жилийн өмнө японд ирж л дээ. Тэрхүү 25 жилээ дурссан. Толгой дохин уншлаа. Учир нь гадаад хүмүүст, оюутнуудад тохиолддог хамгийн том асуудал болох виз, цагийн ажилд нухлуулангаа хажуугаар нь хичээлдээ явах гээд л нийтлэг бэршээлийн тухай гарна. Энэ бүх хугацаандаа гашуун дурсамж их байхын хажуугаар олон сайхан сайн хүмүүсийн тусламжийг ч ихээр амссан тухай гарна.
Тэрээр 25 жилийн өмнө гартаа 70 мянган иентэй японд хөл тавьж байж. Аав нь уг их мөнгийг гэрээ барьцаанд тавьж байж хүүдээ зээлж өгсөн мөнгө гэсэн.  Энэ нь хоёр дахь удаагийнх нь гэнэ. Үүнээс хэдэн жилийн өмнө скаутын чиглэлээр ирэхдээ олон орны хүүхдүүдтэй бужигналдаад зочид буудлаар байрлаад их л хөгжилтэй, япон хүмүүс ч их найрсаг сайхан санагдаж. Дунд нь нэг япон айлд хонох арга хэмжээ болж, нэгэн япон айлд хонож л дээ. Салахдаа дараа дахин ирээрэй гэсэн япон айлынхаа хүмүүст заавал ирнэ гэж тангаргалаж байж.
Энд ийм арга хэмжээ өргөн. Япон айлд байрлуулж япон иргэдийн аж амьдралтай танилцуулах гэсэн систем байдаг юм. Ингэж хоносон айлынхаа хүмүүстэй үргэлжлүүлэн харилцаатай байх хүмүүс ч байна, нэг удаагийн харилцаагаар дуусах хүмүүс ч байна.
Тэгээд жилийн дараа ингэж гартаа 70 мянган иентэй ирсэн нь тэр. Нийтийн утаснаас өнөөх дахин ирээрэй гэсэн айлынх руугаа утасдаж, онгоцны буудлаас тосуулаад нэг хэсэгтээ тэднийд байрлах болно. Хойшид яах тухайгаа ч ярилцана. 3 сарын хугацаанд хэрхэх тухайгаа шийдэж амжихгүй бол нутаг буцаарай гэж хэлэхийг сонсоод амьдралдаа хоёр дахь удаагаа үнэн сэтгэлээсээ уйлж байсан гэнэ. Гэх мэтчилэн хичээн явсаар зурагтаар гардаг болж, их сургуульд багшийн ажил хүртэл хийдэг болж. Мундаг байна уу? Нөр их хөдөлмөр, чармайлт гаргаж байж. Өглөө үүрээр сонин тараах ажил, буудалд гудас дэлгэх ажил, 00-ын өрөө цэвэрлэх гээд л хийгээгүй юм байхгү й гэнэ.
Ингэж дурсаж бичихдээ японд олсон мөнгө, зарсан мөнгөө тооцон гаргаж их л сонирхолтойгоор бичсэн байна лээ. Шриланка хүн. Одоо бол япон иргэн болчихсон, япон хүнтэй гэрлээд үр хүүхэдтэй ч болсон гэнэ.
Хааяа зурагтаар гарч харагддаг юм.

Би ч мөн адил. Зэвүү хүргэсэн хүмүүстэй таарахын хирээр сэтгэл уяраасан, талархахаас өөр аргагүй сайн хүмүүстэй ч учирдаг юм. Сайн хүмүүс нь их юм даа энэ хорвоо чинь.

Өө тийм, Шриланкад бас Ошин гардаг байсан гэнэ. Ошины буянаар японд элэгтэй хүмүүс их байдаг гэнэ. Бүр 25 жилийн тэртээ шүү дээ, манайд чинь хэдэн оны үед гараад байлаа даа, жаахан л байсан юм даг...

Уншсан номнууд

Ажил дээр шинээр орж ирсэн ном. Хүүхдэд зориулсан хөөрхөн агуулгатай. Хааяа иймэрхүү агуулга хөөрхөнтэй "амархан" ном уншихад амралт болоод сайхан. Шинэ үг ч тодорхой хэмжээгээр тааралдана.
Эхнийх нь хэсэг хугацаанд амьтны дэлгүүрт худалдагч хийдэг жаал хүүгийн тухай. Хүний хэлээр ярьдаг амьтад, тэдэнтэй ярьдаг жаалхүү, түүнийг тойрсон яст мэлхий, тоть, нохой, загас зэрэг амьтдынх нь харилцан яриа, томчуудын ойлгогдохгүй, инээдтэй үйлдэл гарна.
2 дахь нь аврик тивийн нэгэн жаал охины тухай. Зохиолч нь европ тивийн зарим нэг хүүхэд аврикийн тухай ерөөсөө мэддэгүйд эмзэглэж, олон хүнд мэдүүлэх зорилгоор бичсэн гэсэн. Өөрөө ч аврик тивд төрсөн. Бага насандаа англи улс руу нүүсэн. Жил бүр эх нутагтаа очдог байсан гэсэн.

Охиндоо бас умш гэж шахаад л байгаа, завтай болохоороо умшина гэсэн. Хэхэ

Wednesday, January 16, 2013

Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирэв үү?

Хүнтэйгээ л ажиллах, хүнээ л хөгжүүлэх...
Бахархал юм даа. Сансарт ниссэн явдал нь бидний хувьд. Ухаантай зөв бодолтой хүмүүсийнхээ яриаг сонсоход урамтай гэж...
 Бас энэ хар өнгийн дээл гоё байгааз, хэдэн жилийн өмнө энд нэг танил япон хүүхэн ийм хар өнгийн дээл өмсчихсөн их зохисон харагдаад байж билээ. Хөх дээлээ хар өнгөөр сольдог ч  юм бил үү хэхэ, тэс хөндлөн юм ярьчихлаа уучлаарай...

Бичлэг дундаа жаахан гацаад байна.

Tuesday, January 15, 2013

Гоё дуу

Гэрээрээ дуртай дуу, том зулзага бол байнга сонсоостой.  Үг нь их дажгүй.

Monday, January 14, 2013

Азид ажиллах

гэдэг ном. Ажлын газрын хүн зүгээр шүү уншаад үзээрэй гэж санал болгоод. Зохиогч: Күмон Такаши. 10 хэдэн жилийн турш гадуур дотуур явсан. Хятад, Энэтхэг голлон азид гарч ажиллах, хэрхэн амжилт олох, карьераа хэрхэн өсгөх, азийн залуусын үзэл бодол зэргийг өөрийн туршлага болон, найз нөхдийн туршлагыг жишээ болгон дурдсан.

Хэдийгээр япон орон нь өөрөө азид оршдог ч өөр цаана нь чамайг нээж өгөх, чамд тохирох, чамаар дутагдаж буй азийн орон зөндөө бий шүү, айлтгүй хийгээд үзэхийг санал болгосон. Ингэхдээ мэдээж хов хоосон гараад явчих биш, хоосон гэдэгт нь мөнгө төгрөг орохгүй шүү. Өөртөө ямар нэгэн зэвсэгтэй байх. Тэр нь тухайн очих гэж буй орны чинь хэл уснаас авахуулаад ямар нэгэн авъяас гэх мэт зүйлийг хэлнэ.
Гадаад явахаасаа айдаг япон хүмүүст бид бүхний багаасаа хэвшиж заншсан хүмүүжил боловсрол нь гадагшаа гарахад их том үүрэг гүйцэтгэж өгдөг гэх зэргийг жишээ гарган өгүүлсэн.  Япончуудын ажилдаа үнэнч нямбай ханддаг нь гадны орнуудад маш өндрөөр үнэлэгддэг гэнэ. Дэлхийн томоохон албан газарт даргынхаа "цуглуулсан" нэрийн хуудсыг цагаан толгойн үсгийн дарааллаар нь нямбайлан эмхтгээд хавтсанд хийсэн нь даргадаа өндрөөр үнэлэгдэн шууд даргын нарийн бичгийн албан тушаалд очсон гэх мэт.
Япончууд өөрсдийгөө би хийсэн би тэгсэн гээд ПР хийгээд байдаггүй нь сул тал болдог. Тэхээр гадаадад ажиллахдаа өөрийн юу хийсэнг аль болох эргэн тойрныхондоо сайн мэдээлж бай. Нэг ёсондоо өөрийгөө бяцхан рекламдаж байх.
Өөрийнхөө хэн болохыг мэдэх, юу хийхийг хүсээд байгаагаа мэдрэх маш чухал.
Гадагшаа гараагүй ч сүүлийн үед улс эх орон дотроо маш их глобалчлагдаж байна. Олон компаниуд улс харгалзахгүй гадаад хүн авч ажиллуулдаг болж. Хүссэн ч хүсээгүй тэдэнтэй хамтарч ажиллах болж.  Дотооддоо ажиллахад хүртэл гадаад хүмүүс бидний томоохон өрсөлдөгч болж.
Гэх зэргээр олон зүйл бичсэн байсөөн.
Үүнийг япон гэсэн үгнүүдийг нь монгол гэдгээр солиод уншаад явчихбал ч...

Wednesday, January 09, 2013

Гоё санагдчихлаа

Монгол бичгээ сэргээнэ ээ, англи гэж дөвчигнөж байхаар хэхэ. Үгүй ээ үгүй ерөөсөө л хослуулчихъя. Хос хэлтэн болъё...
Энэ ярилцлага бас л тасархай. Бага нас шууд нүдэнд харагдаж байна. Зурагтны өмнө суугаад монгол бичгээ сурах гэж үзэж тарж байсан юм даг... Нэг хэсэг чинь бүгд монгол бичигтэн болно гэж байсан үе. Ээж минь томоос том дөрвөлжин шугамтай хүрэн дэвтэр нээгээд ацаг шүднүүдээ жирийтэл бичээд л Бум эмээ шиг л буруу бичиж дүү бид 2-ын инээдийг бардаг байсан сан. Одоо ч тэр дэвтэр гэр бүлийн минь үнэт дурсамж болон хадгалаастай бий. 10 жилд ангиараа монгол бичгийн улсын олимпиадад оролцдог байлаа. Дүү минь нэг дүгээр ангиасаа крилл биш монгол бичгийн цагаан толгой заалгаж байлаа. Яг тэгээд ухарч няцалгүй бүгд монгол бичигтэн болчихсон бол гэж бодогдлоо. Сэтгэл байсан бол болж бүтэх л байсан байх даа...
Зун авчирсан монгол бичгийн толь бичгээ өвөртөлж унтанаа өнөөдрөөс хэхэ
Ямар ч л байсан бид уншдаг, ядаж нэрээ бичээд сурчих л хэрэгтэй зүйлийн нэг дээ.

Tuesday, January 08, 2013

Бас нэг хөөрхөн өвөө

байна шүү. Ёс алдаж л байгаам, зүгээр ч нэг өвөө нар биш  шүү дээ. Агуу хүмүүс шүү дээ. Ийм сайхан хүмүүсээ амьд сэрүүн дээр нь ингэж тоож, урьж оролцуулаад байгаад нэвтрүүлгийн хамт олонд талархаж байна аа. Ярьж хөөрч, инээж наргиж байгаа нь цаанаа л нэг өөр, жаатай юм аа...
"Маамуу нааш ир" хэдий болтол дуулагдахыг таашгүй...



Хөөрхөн ярьдаг өвөө

байна шүү дээ, энэ Бааст гуай чинь. Яг л миний шавь 90 гарчихсан өвөө шиг л. Ёжилж ирээд л, аальгүйтэж ирээд л. Нээх хөөрхөн санагдаад л инээж үзлээ. Гэр дэх номыг нээ, ямар их ном бэ? Манай өвөө бас тийм их номтой шүү дээ, төстэй тал их байна аа. Мундаг юм. Ийм буянтай буурлуудаасаа үгийг нь сонсоод л суух ёстой шүү бид...
Цаг алдаж болохгүй, цаг хугацаа намайг хүлээхгүй гэж хэлнэ лээ. Диваажинд залрахаа хүлээхгүй, цагтай өрсөлдөөд байгаа нь үнэхээр биширмээр...

Monday, January 07, 2013

Бэлэг

12 сарын 31 бол битүүн, 1 сарын 1 шинийн нэгэн. Энд шүү дээ хүмүүс ээ. Хэдэн жилийн өмнөх шиг 2 өдөр шинийн нэгэн тэмдэглэдэг шиг л юм бодов оо хэхэ.
Хүүхдүүддээ ээж аав эмээ өвөө нар нь ийм дугтуйтай мөнгө өгдөг юм. "О тоши дама" гэдэг юм японоор. Хэмжээ нь янз янз. Ахиухан авсан хүүхдүүд тодорхой хэмжээг нь банкинд хадгална. Жаахаан хэгсээр нь дуртай зүйлээ авдаг гэсэн. Охидуудад минь ганц нэг хөөрхөн өвөө нар бас өгдөг юм, өгдөггүй нь хөөрхөн биш гээд байхгүй юу... Том нь ном авна, багынхыгаа ээж нь зохицуулахаа мэднэ.  Энэ жилийнхийгээ яах уу ээж ээ, дэлгүүр явъя л даа гээд том нь шалаад  л байгаа. Нээх их юм авчихсан юм шиг л. Ээж гарах завгүй яваад байна аа.

Saturday, January 05, 2013

Өврийн дэвтэр

Та нар минь хөтөлдөг л биз дээ мэдээж. Би нь энд ирснээсээ хойш хөтөлдөг болсон. 2004 оноос хойш гэсэн үг л дээ. Яг одоо ойр байгаа нь энэ 4. Эргээд харж байхад их зүгээр.
2013 оных харин их хөөрхөн дэвтэртэй болсон. Ажлын ёолкноор бинго тоглоод таарсан юм. Ер нь ийм дэвтэргүй бол бас л хэцүү болсон байна лээ. Төлөвлөсөн ажлуудаа мартчих гээд байдаг болсон шүү дээ. Эд чинь худалч хүнд жилийн өмнөөс л ажлаа төлөвлөөд байдаг юм.
Ийм жижигхэн нь авч явахад амар байдаг юм, хөнгөн. Энд бүр гэрийн эзэгтэй нарт зориулсан гэрийнхээ дансыг хөтлөөд орлого зарлагаа тооцоод хянаад байж болохоор дэвтэр байдаг юм билээ. Би нь авч хөтөлдөг юм бил үү гэж бодсоноо жаахан нервтэй байж магад гээд авахгүй байгаа.Яг хөтлөөд эхлэхээр сонирхолтой байж мэдэх л юм тээ. Ямар илүү зүйлд мөнгө зараад байгаагаа мэдэж авна хэхэ.Тэгээд л тэрийгээ хянаад, тэвчээд явчихвал ч...
Нээрээ би дэвтэртээ энд тэндээс олж харсан номныхоо нэрийг бичиж авдаг юм байна, сүүлд нь авч уншина гэж.  За тэгээд өөр юу эс бичиж тэмдэглэхэв...


Шинэ оны мэнд

Ирж буй ондоо
Амжуулж дуусгах олон ажилтай
Арвижин нэмэгдэх өндөр цалинтай
Аваад барахгүй алдар хүндтэй
Эдэлж дуусахгүй эд хөрөнгөтэй
Ижилсэн дасалцах олон найзтай
Инээж барахгүй аз жаргалтай
Хайрлаад барахгүй сайхан дурлалтай
Харамлаад барахгүй өгөөмөр өглөгтэй
Сүү шиг цагаахан сэтгэлтэй
Сүлд шиг хийморь золбоотой
Олондоо хүндтэй, өөртөө зөв
Олз омгоор дүүрэн яваарай.
 

Их л завгүй явсаар шинэ онтойгоо золголоо. Хөгжилтэй ч угтлаа. Идээд л идээд л байлаа. Нэлээд жин нэмсэн шүү, одоо эргээд гуалигжих гэж наян юм болноо хэхэ.

Блог андуудынхаа шинэхэн бичлэгүүдийг уншлаа. Ихэнх нь 2013 оны зорилтуудаа оруулсан байна лээ. Би ерөнхийдөө та нарыхтай ижил шүү хэхэ. За байз юу юу байлаа даа.

За дээрх мэндчилгээ нь түрүү жил буюу 2012 он гарахад л энд тэндээс ирээд байсан мэндчилгээ. Харин энэ жил арай өөр ерөөлүүд яваад байсан байх шүү. Энэ хүмүүс зохионо гэж мундаг юм дөө...