Thursday, September 04, 2014

Сайхан

сэрүүсээд, эрч хүч дүүрэн байна. Хувь хувьсгалын ажил ихтэй л байна. Алинаас нь эхэлж бичихээ мэддэггүй гэнэ ээ.
Намрын улирлыг монголд найр наадмын улирал болгодог бол энд урлаг уран сайхны улирал болгоно. Биеийн тамирын өдөрлөг, энд тэнд урлагийн бүтээлийн үзэсгэлэн тайлан болох нь их. Бид одоогоор япон ээж аавын минь амьдардаг орон нутгийн тамирын өдөрлөг, бага зулзагын тамирын өдөрлөг, амьдардаг хорооны минь тамирын өдөрлөг гэсэн гурван өдөрлөгтэй.  9 сарын бүх амралтын өдөр нь хуанли дээр улаан эрээнээр тэмдэглээстэй.

Сүүлийн үед японд эмнэлгийн орчуулагч гэдэг үг их өргөн дэлгэрч байгаа. Гадаад хүмүүст зориулсан үйлчилгээ. Японд оршин суугч гадаад иргэдэд туслах гэсэн сайн санаат хүмүүсийн үүсгэн байгуулсан сайн дурын үйл ажиллагаа. Гэхдээ энэ нь олон жилийн өмнө Америкт үүсгэн байгуулагдаад, хэдийнээ олонд танигдсан нэр хүндтэй байгууллага болсон гэнэ. Анх мэдээж хүмүүс гайхдаг, орчуулагч нарыг үл тоодог, тэдний хэрэгцээг мэддэггүй байж. Аажим аажмаар эмнэлгийн, анагаах ухааны орчуулагч нь нийгэмд маш чухал байр суурьтай гэдгийг мэдэрч эхэлсэн байна. Үүнд мэдээж тухайн үеийн сайн дурын орчуулагч нарын нөр их хөдөлмөр, хүчин зүтгэл байсан нь хэлүүлтгүй.
Уг байгууллагын япон дахь төлөөлөгч, үүсгэн байгуулагчдынх нь нэг  ирж илтгэл тавив. Ажлаас минь зохион байгуулсан юм. Ингэж илтгэл тавихдаа зөвхөн нэг талаас бэлдсан материалаа уншаад байх биш, оролцогчидтой хамтарч, орчуулагч тал болон, өвчтөн, эмч нарын дунд тулгардаг бэрхшээл зэргийг бодит шижээн дээр тайлбарлаж өгч байв.
Би хааяадаа орчуулганд явдаг тул хоёр чихээ дэлдийлгэж байгаад л бүх яриаг нь анхааралтай сонслоо. Англи хэлтэй хүмүүст голлож зориулсан лекц байсан ч,  үр бүтээлтэй сургалтанд суусандаа олзуурхаад байгаа. Сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл гэвэл, англи хэлийг 40 гарч байж сураад, 50 гарч байж их сургуульд суралцсан гэсэн. Хүнтэй суугаад, хүүхэд гаргаад гэртээ гэрийн эзэгтэй болж 10 хэдэн жилийг үдсэн, хүүхдүүд нь ч томроод, ямар нэгэн шинэ зүйл эхэлмээр санагдаад, англи хэл рүү ханцуй шамлан орсон гэнэ дээ. Ямарав?
Англи хэл сурчих юмсан гээд худлаа л шаналаад явдаг, бодит зүйл огт хийж амждаггүй би жаахан тайвшрав. Хэ хэ. 40 хүртэл зай ч байна гэсэн шүү юм бодоод. Хаха

No comments:

Post a Comment