Өнөөдөр бас нэг бага сургуульд очиж улсаа танилцуулж шагайгаа тоглож байгаад ирлээ. Зүгээр нэг энгийн хувцастай хүүхдүүдийн өмнө гараад яриа хийх, дээлээ өмсөөд зогсох шаал ондоо. Хүлээж авах хүүхдүүдийн байр байдал, дээлээ өмчихөөд бардам зогсох би гээд л цаанаа л нэг ондоо шүү.
Цэнхэр, улаан өнгийн гэсэн хоёр дээлтэй. Улаан нь хонхны баяраараа өмсөж байсан. Цэнхэрийг нь энд ирэхдээ хийлгэж байсан. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн загварын дээл хийлгэж өмсдөг болжээ. Хувьдаа бол энгийн, жирийн дээлэндээ дуртай. Нэг ч загварын дээл байхгүй, энд одоохондоо өмсөх шаардлага гарахгүй л байна. Монголд харин гарч магад л юм. Тухайн үедээ шийднэ дээ, хийлгэх үгүйгээ. Учир нь энд дээлийг хятад үндэсний хувцастай адил юм, төстэй юм гээд жиг жуг гээд байдаг учраас улсаа танилцуулахаар энд тэнд уригдахдаа энгийн дээлээ л өмсдөг, өмсөх сонирхолтой.
Монгол эх орон минь үндэсний хувцас дээлтэй байдаг нь надад мөн их ач тусаа өгдөг дөө. Үндэсний хувцас гэхээр зүйлгүй орны улсууд улсаа танилцуулахдаа бас нэлээдгүй хүч хөдөлмөр, авхаалж самбаа шаардаж байж ард нь гарна шүү дээ.
Энд ажлаар ирсэн хүмүүс загварын дээлтэй нэг бол банзал цамцны хослолтой ирдэг ч япон хүн тэр бүр хүлээж аваад байдаггүй л юм.
Японд суралцахаар ирж байгаа бол нэг дээлтэй ирэхэд илүүдэхгүй шүү. Янз бүрийн арга хэмжээнд дээлээ өмсчихнө. Улсаа танилцуулахдаа өмсчихнө.
Дээл чинь бас тайлбарлахад хөөрхөн баялаг шүү дээ. Бараг дан дээлээ ярьсаар байгаад цагаа дуусгасан ч болохоор. Бага ястангуудын өмсдөг дээл, малгайн хээ хуарны тайлбарыг хийсэн ч болох юм. Одоогоор яг тэгж дан дээлийг тайлбарлаж яриагүй л байна. Учир нь хүүхдүүд тэр бүр сонирхохгүй. Гэх мэтчилэн үндэсний баялаг ихтэй улс оронд төрсөндөө баярлаад, бахархаад ханашгүй.
Дээл мину баярлалаа.
No comments:
Post a Comment