Wednesday, April 27, 2016

10 000 алхалт бас цэцэгс

Пиглэт минь ээ санаа аваад бичсэн шүү. Бичлэгийг нь уншаад гэнэт надад бас энэ алхалт хэмжигч байгаа шүү дээ гэж санаад, хайж оллоо шд. Хэхэ.

Түрүү жил худалдаж аваад нэг хэсэг мөн их идэвхитэй биенээсээ салгадаггүй байлаа. Сүүлдээ арван мянга болоогүй бол жаахан стресдэх хандлагатай болохоор нь тоохоо болиод байсан юм. Бас хажуугаар нь нүүдэл суудал, ажил төрөл гээд л...

Хөдөө газар хот хүрээ газрыг бодвол алхах нь арай бага шиг санагдсан. Гараад л машин. Би бол яг тийм. Дээрээс нь хүүхэд шуухадтай бол чиргүүцэлдээд алхаад байна гэж бараг байхгүй. Хурдхан шиг л ажлаа амжуулахгүй бол энэ японд чинь хоногийн 24 цаг хүрэлцэхгүй хэцүү.

Тийм болохоор шууд л машин руугаа.

Настай хүмүүс нь ийм алхалт хэмжигчтэй. Байнга алхалтаа хэмжинэ. Сүрхий шүү. Би нь ч дуурайгаад монгол дахь хоёр бурхандаа авч өгч явуулсан. Одоохондоо ашгийг нь нэг их сайн мэдрэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа болохоос. Дээрээс нь хэл усыг нь ойлгохгүй болохоор тэгээд байгаа юм уу? Тайлбарлаж өгөөд байхад. Хэ хэ.

 Дээрээс нь Улаанбаатар хотод, ялангуяа хотын захын гэр хороололд аятайхан алхчихаар цэцэрлэгт хүрээлэн байхгүй тэ. Настай хүмүүст жаахан аюултай тэ. Хэзээ нэг тайван амгалан болох бол?

Ухаалаг утсан дээрээ татаж суулгаагүй ээ. Гол нь байнга утас өвөртөлж явах төвөг гээд зориуд жижгийг авсан. Их зүгээр. Халаасандаа хийчихнэ.

За тэгээд Пиглэтийгээ дуурайгаад, суралцаад одооноос үүнийгээ энгэрээсээ салгахгүй ээ. Өдөрт яаж ийгээд арван мянга алхах гэж хичээнэ ээ, дулаарч ч байна. Гол нь тоондоо хүрээгүй үедээ стресдэхгүй байх. Хэ хэ.

Цэцэгс дэлбээлээд сайхан ч байна, тийм ээ?
Икэбана буюу амьд цэцгийн урлан. Тэмүжин өвөөгийн самган нь энэ урлагийг сонирхдог, багш гэж байгаа. Хамтарсан үзэсгэлэнг нь очиж үзээд. Үнэхээрийн сайхан. Бас эдний эмээ нар ер зүгээр суухгүй юм.
Бага зулзагын хийсэн цэцэг. Үнэн хайр татсан бүтээл байгаа биз? Хэхэ.

Өнөө орой нь дарс шимэх төлөвлөгөөтэй. Цаг явж өгдөггүй. Хэ хэ

Маргааш энд Шёовагийн өдөр гээд бүх нийтээрээ амарна. Оршин суугаа хот маань цэцгийн баяр зохион байгуулж байгаа. Очиж үзэнгээ үнэгүй тараах цэцгийн үрсэлгээ авна. Өмнөх жилүүдэд дандаа үр авч ээждээ явуулдаг байсан юм. Энэ жил үрсэлгээ авч өөрсдөө цэцэг тарихаар шийдсэн. Маргааш хурдан болоосой. Үгүй ээ, орой хурдан болоосой. Ккк

Tuesday, April 26, 2016

Цэцэрлэгийн зугаалга

Бас л уламжлалт бичлэг. 4 сард 3-с дээш насныхан ээж аавуудтайгаа хамт зугаална. Ихэвчлэн ээж нь явна. Ганц нэг аав харагдана. 2-лаа завгүй бол эмээ өвөөгийн хэн нэг нь явна. Бүр хэн нь ч явах боломжгүй бол ганцаараа, хэн нэгэн багш хариуцна. Ээж аавтайгаа хамт бүжиглэх, тэмцээн уралдаанд орох зэрэгт нь багш нь ээж аавыг нь орлоод л явна гэсэн үг.

Өчигдөр нээх сайхан нарлаг өдөр байсан чинь өнөөдөр бороотой байлаа. Хүүхдүүд анги ангидаа тэрү тэрү боозү гээд цагаан хүүхэлдэй хийж өлгөсөн байсан нь нэмэр болсонгүй. Энд тэнгэр цэлмээсэй гэж хүсэхдээ тэрү тэрү боозү гээч хүүхэлдэйг хийгээд байдаг юм.
Тэрү тэрү боозү
Хэлбэр нь энэ зураг дээрх шиг. Бага зулзага сальфетка-р хийчихдэг юм. Том зулзага ч мөн багадаа ингэж их хийдэг байлаа. Одоо томроод, энийг хийж өлгөсөн ч бороо ордгоороо орно гэж мэддэг болсон. Хэ хэ.

Зугаалга гадаа болох байсан чинь бороотой тул нэг жижиг тосгоны зааланд болов. Анги ангиараа хөгжөөнт тоглоом тоглоод, гүйлдээд, бүжиглээд гэх мэт. Дараагаар нь гэрийнхэнтэйгээ хамт сууж бэнто буюу өдрийн хоолоо идээд, хүүхдүүд 100 иен орчимд багтсан чихэр, өнгөт үрэл гэх мэт авчирсан амттанаа иднэ. Тэрийгээ дотно найз нөхөдтэйгөө бас солилцоод байдаг юм билээ.

3 том автобус хөлсөлсөн. Эцэг эхүүд дараагаар нь мөнгөө төлнө.
Автобусан дотор хөгжөөнт дуу дуулаад л, оньсого таалгаад явсан багш нь.

Ингэж зугаалгаар хөдлөхийнхөө өмнө 1 цаг орчим хурал болно. Бас л өнгөрлөг жилийн тайлан тооцоог нийтэд танилцуулна. Ирэх жилийн гол гол арга хэмжээгээ танилцуулна гэх мэт. Асуулт байхгүй бол зөвшөөрч байна, санал нэг байна гэдгээ нэг хүн бүрээс асуугаад байхгүй. Санал нэг байгаа бол алгаа ташаад мэдэгдэнэ үү гэхээр цугласан олон эцэг эх алгаа ташна.

Нэг ээж асуулт асуусан. Бусад зарлага гэдэгт 10 мянган иен зарсан гэж бичсэнийг тодруулж асуусан.
-Яг юунд зарсныгаа нарийн тодорхой бичвэл хойш хойшдоо амар байх болов уу?
-За, тэгье уучлаарай. Хорооны ... иргэн нас бараад ажил явдалд нь гэж өгсөн юм. Учир нь тэр хүн цас орсон үед сайн дураараа цэцэрлэгийн үүдний цасыг арилгаж өгдөг гэх мэтээр цэцэрлэгийн аюулгүй үйл ажиллагаанд сайн дураараа оролцож өгдөг буянтай буурал байсан юм л даа. Иймэрхүү байдлаар хорооны зүгээс ямар нэгэн зүйл гарвал бид бас тус нэмэр болоод явах байх. Бяцхан хүүхдүүд минь ч санаа амар цэцэрлэгтээ тоглож наадаад явна шүү дээ.
-Аан, харин яг юунд зарснаа л тодорхой бичиж байвал болноо. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнд баяралалаа.

За нэг иймэрхүү маягаар хурал явагдана. Мөнгө төгрөгний асуудалд хүмүүс орооцолдох дургүй тул яс тооцоо гаргана.

Гэх мэтээр долоо хоногт ойрхон хоёр ч удаа хуралд суусан чинь залхаж байна шүү. Хэ хэ.

Маргааш орой Welcome зоогтой. Яагаав, нэг дарга өөрчлөгдөж шинэ дарга ирсэн дээ. Тэрийгээ шинэ ажилдаа тавтай морил гээд, бас бразилаас, солонгосоос нэг нэг дадлагажигч ирсэн байгаа юм. Энэ 3 хүнийг бөөндөөд welcome party-тай. Вино ууна гээд төлөвлөчихсөн байгаа. Маргааш хурдан болоосой, дарс шимж тархиа амраах минь.

Monday, April 25, 2016

Нээлттэй хичээл

Уламжлалт бичлэг. 4 сард хичээлийн шинэ жил эхлээд сургууль цэцэрлэг ингэж нээлттэй хичээл хийнэ.

Анги даасан багш нь өөрчлөгдсөн, захирал багш нь өөрчлөгдсөн, сургуулийнхан болохоор хүүхдүүдийг хүртэл солиод холиод тавьчихна. Нэг бодлын сонин. Өөрсдийнх нь ярьж байгаагаар ингэж сольж холих нь олон найз нөхөдтэй болгох, нэг бол жаахан таарамж тохиромж муутай нь ингэж хольж сольсны ачаар өөр өөр ангид хуваарьлагдана гэх мэт сайн талтай гэсээн.

Соц нийгмээр сурагч насныхаа тал хугацааг нь өнгөрүүлсэн би чинь анги тараад өөр өөр ангид хуваарьлагдсан тэр жил их л сонин болж байсан юм даг. Өмнөх ангидаа эзэлж байсан миний байр суурь огт хамааралгүй болчихож байгаа юм л даа шинэ ангид орсноор. Ингэж би их л даруухан болсон гэж боддог өөрийгөө. Хэ хэ.

Том зулзагын анги нь одоохондоо хүүхдүүд нь хоорондоо сайн ижилдэн дасаагүй болохоор дуу чимээ багатай л байлаа. Анги даасан багш нь өөр газраас шилжиж ирсэн гээд залуухан эмэгтэй багш.

30 минутын хичээлийг үзэж танилцаад дараагаар нь бүх сурагчдын эцэг эхийн бүгд хуралд сууна. Энэ хурлаар түрүү жилийн тайланг хийнэ. Мөнгө санхүү, цугларсан мөнгө, зарсан мөнгө гээд л нэг бүрчлэн тайлагнасан материал тарааж өгөөд, хариуцсан хүмүүс нь яриад явна. Наддаа жаахан залхуутай. Хэхэ

Эцэг эхийн зөвлөлийн хурлын дарга цэрэг гээд шинээр сонгогдсон хүмүүсийг танилцуулна. Шинээр ирсэн багш нар өөрсдийгөө танилцуулна.

Нийтийн хурал дуусангуут одоо ангийн хуралтай. 1-р ангийхан, 2-р ангийхан, 3-р ангийхан гээд тус тусдаа. 2-р ангийхны багш нар нь энэ жилийн зорилтоо танилцуулна. Гол гол арга хэмжээг нь танилцуулна. Энэ талаар тусад нь бичнэ ээ.

2-р ангийхны нийтийн хурал дуусангуут ангийн хурал болсон. Сүртэй хурал биш ч эцэг эхчүүд нь хэн хэний ээж аав болох тухайгаа хэлээд танилцуулсан.

Хамгийн сүүлд нь дугуйлангийн хурал болсон. Тухайн дугуйланд явдаг 2-р ангийхны эцэг эх, 3-р ангийхны эцэг эх, тэгээд шинээр 1-р ангид элсэн ороод тухайн дугуйланг сонгон суралцахаар болсон сурагчдын эцэг эхүүд цуглана. Багш нь бас л зорилгоо хэлж танилцуулна, гол гол тэмцээн уралдаанаа хэлнэ.

За ингээд амралтын минь нэг өдөр дунд сургуулийн багш нарын лекцийг сонсож өнжив. Ихэвчлэн ээжүүд нь ирнэ. Мэдээж аав нар зав гаргаад ирсэн нь ч байсан л даа.

Сонин садан санагдсан зүйлсээ зураг хөрөг оруулаад бичих тул түр баяртай.

Өө тийм, энэ 1 жилийн хугацаанд харж явах шинэ багш олсон. Хэ хэ. Урд нь яагаад олж хараагүй юм бол гээд гайхаад л байгаа. Ккк. Бүх 2-р ангийхныг нийтэд хариуцдаг багш. Нийгэм түүхийн багш. Түрүү жил бас том зулзагын бүх 1-р ангийхныг хариуцдаг байсан юм. Том зулзагынхаа ангийг багшийг хараад сохорсон байсан юм шиг байна лээ. Ккк.

Нэг хувийн шалтгаанаар тэр нийгэм түүхийн багштай ярилцсан юм. Тэгсэн чинь л таалагдаад явчихсан. Харж явахаар шийдсэн.

Жич: 1-р анги 2-р анги, 3-р анги гэж ярьж бичээд яваад байгаа шүү. Яг энд хэлдэгээр нь. Бага сургуулийн 6-р анги, дунд сургуулийн 2-р анги гэх мэт. Дунд сургуулийн 2-р анги нь манайхаар 8-р анги гэсэн үг.

Friday, April 22, 2016

Таалагдсан үйлчилгээ

Амьдарч буй мужийн маань номын сангаас явуулдаг үйлчилгээнүүд их таалагддаг юм. Заримдаа ч их олон юм таалнаа би чинь. Хатан хаан шиг л. Үйлчлүүлэгч та хаан гэдэг шүү дээ. Тэгэхээр би чинь үйлчлүүлж байгаагийнхаа хувьд хатан хаан байх нь зөв биз дээ. Надад үзүүлж байгаа үйлчилгээг нь таална таалахгүй гээд л хэхэ.

За тэр оршил ч яахав.

Энэ удаад хүүхдүүдэд зориулсан, бага насны хүүхэдтэй ээж аавуудад зориулсан үйлчилгээнээс нь танилцуулъя.

Шинээр эхэлсэн үйлчилгээ: 4 сарын 13-наас хэрэгжүүлж байгаа. Долоо хоногийн лхагва, баасан гарагт өглөө 10 цагаас 12 цаг хүртэл бага насны хүүхдээ дагуулж ирсэн ээж аавуудын хүүхдийг харж өгнө. 0-6 насны хүүхдүүд хамрагдана. Тэр хооронд ээж аавууд нь хайх гэсэн номоо тухтай хайна гэсэн үг. Мөн энэ 2 цагийн хугацаанд номын санд уншиж судлах гэсэн зүйлээ ч хийж болно. Энэ үйлчилгээ хэрэгжихээс өмнө хүүхдээ тэврээд хайхаар зорьж ирсэн номоо олж чадалгүй буцах, хүүхдүүд нь уйлах, нэг бол хүүхэд нь уйлна, бааж шээнэ ярьшиг гээд номын сангаар үйлчлүүлэхгүй байх нь их.

Би ч бас багыгаа төрүүлээд удаагүй байхдаа тийм л байсан. Хүүхэдтэй хүмүүс бол андахгүй дээ. Бага насны хүүхдүүд чинь нээг зүгээр байхгүй шүү дээ. Тийм ээ.

Энэ үйлчилгээг авахын тулд дахин маамаалнаа яршиг. Хэ хэ.

Мөн хүүхдүүдэд ном уншиж өгдөг. Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн арга хэмжээ. Мягмар гараг бүрт 11 цагаас зурагт номын цаг гэж байна. Хүүхдүүдэд ном уншиж өгнө, хөгжөөнт дуу дуулцгаана. Энэ гэхдээ ажлын өдөр тул би үйлчлүүлэх нь барагтаа байхгүй. Бага насныхаа хүүхдийг хараад гэртээ байдаг ээжүүд ихэвчлэн үйлчлүүлнэ. Сард нэг удаа англи хэлээр ном уншиж өгнө.

Мөн долоо хоног бүрийн бүтэн сайнд 11 цагаас үлгэрийн цаг гэж байна. Хүүхдүүдэд хөөрхөн хөөрхөн үлгэр ярьж өгөх, сонирхолтой яриа хийх гэх мэт. Заавал хүүхэд ч гэлтгүй цугтаа яваа ээж аавууд нь хамтдаа сонсож болно.

Мөн 1 жилийн өмнөөс эхлээд байгаа нэгэн арга хэмжээ гэвэл бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх эрэгтэй хүмүүсийг бүртгээд сайн дурын үйл ажиллагаанд хамруулдаг. Иймэрхүү сайн дурын үйл ажиллагаанд чинь эмэгтэйчүүд л их хамрагддаг юм байна шд. Эрэгтэй хүмүүс завгүй байдаг, нэг бол хүүхэд мүүхдэд ном уншиж өгөх нь эрэгтэй хүний хийх ажил биш ч гэдэг юм уу? ямартай ч оролцох нь бага.

Тэгээд хүүхдүүдэд эрэгтэй хүний дуу хоолойгоор ном уншиж өгөх нь маш чухал байдаг гэдгийг эд нар мэдээд, мэдрээд байна л даа. Дээхэн нүүр номоор аавууд хүүхэддээ ном уншиж өгөх нь мааааш чухал үүрэгтэй байдаг, тэдний хөгжилд асар том үүрэгтэй гэж уншиж байлаа. Тэгээд одоо хааяа хань ижлээ ном уншиж өг гэж загнаад, бага зулзагатаа ааваар ном уншуулна гэж үг зааж өгөөд л уншуулдаг болоод байгаа. Сонсохоор жаахан инээд хүрээд байдаг ч. Хэ хэ. Ямар ч жүжиглэсэн өнгө аяс байхгүй шүү. Уншиж өгөөд байвал сурна даа тэ.

Би чинь уншиж өгөхдөө амьтан болгоных нь дүрд хувирна, уйлж байгаа бол уйлж байгаа дуугаар уншига, уурлаж байгаа бол уурлаж уншина гээд л хамаг авъяасаа хэрэглэнэ шүү дээ. Тэхэд энэ эрчүүд үү.

За нэг иймэрхүү. Хүүхдийн байгууллагад ажилладаг, сайн дурын байгууллагад ажилладаг уншигчид минь байвал санаа аваарай. Амжилт хүсье.

Өвчтөн минь гадаад хүн

Энэ бас их хөөрхөн ном олоод уншчихсан. Үе үе писхийтэл инээж байгаад л уншив. Бас л манга.

Агуулга нь Токиод хувийн эмнэлэг ажиллуулдаг эмчийн тухай. Эмч нь өөрөө бас их сонин түүхтэй хүн. Тийм байж японд амьдарч болдог л юм байх даа гэж бодов.

Тэнд ажилладаг сувилагч нь бичсэн байна билээ уг номыг. 

Есөн жорын л хүн ирж үзүүлдэг гэнэ. Сонирхолтой гэсэн жишээнүүдийг дурджээ. Ганц нэгээс нь толилуулах уу?

Зүрхний бичлэг хийх гээд цээжинд нь аппаратаа наах гэсэн цээжин дэх үс нь садаа болоод наалдахгүй байсан. Итали хүн гэнэ. Үсэрхэг байх нь элбэг гэнэ.

Орос хүн салхин цэцэгтээд ирсэн чинь биеэрээ дүүрэн цэнхэр метилин түрхчихсэн ирсэн. Гайхсан гэж жигтэйхэн. Хэ хэ.
Бид бас багадаа түрхээд л гүйдэг байлаа. Том зулзага энд салхин цэцэгтээд, цагаан түрхлэг авч, бас л гайхаж байлаа.

Бас нэг орос өвчтөн
-Водка уугаад эдгэхгүй байна, би ямар нэгэн эдгэшгүй хүнд өвчин тусчихсан бололтой?
гэж ирсэн гэнэ шүү.
Хааяа бид ч 100 грам татах сайн гэдэг дээ, орос ах нар зааж өгсөн юм болов уу? Ккк

Бас нэг ёвроп өвчтөн
-Эмч минь надад чалх сайжруулдаг гармоны бэлдмэл тариад өгөөч.
-Яасан?
Би нэг оройд 3 удаа с..с хийдэг байсан чинь сүүлийн үед 2хон удаа л с..с хийдэг болчихлоо.
Шинжилгээ өгөөд, үе үе виагра худалдаж авахаар ирдэг.
Ёоо яг энэ хэсгийг уншаад л пис хийтэл инээснээ гэнэт юу вэ? Энэ номыг чинь надаас түрүүлээд том зулзага уншаад байсан шдэ, өмнөх хэсэгт гарсан итали залуугийн цээжний үсний тухай яриад л бид 2 хөхрөлдөөд байгаагүй билүү? Тэгэхээр яг энэ хэсгийг бас том зулзага уншсан байх нээ? Яах уу? За за иймэрхүү зүйлийг ном уншиж л мэдэж авдаг дөө гэж өөрийгөө тайвшруулав. Хүүхэд томрох ч лүд юм даа...

Японы даатгал үйлчлэхгүй тул, мэдээж жаахан үнэтэй. Түр хугацаагаар ирсэн, аялалаар ирсэн, элчин сайдын яамны газрынхан гэх мэт хүмүүс үйлчлүүлдэг. Заримдаа төлбөрөө төлөхгүй явчихдаг, нэг бол огт мөнгөгүй ч улс ирэх нь байдаг. Сүүлд  нь цэцгийн баглаа, загас гэх мэт зүйлээр төлбөрөө хийдэг улс байдаг гэнэ. Ха ха.

Майкл Жексон, Мадонна нарыг хүртэл үзэж байсан гэнэ дээ. Өөр зөндөө л одуудыг үзэж, эмчилж байсан гэсэн.

Сувилагч нь Ямамото Рүми гээд escort-nurse -н ажил ч бас хийдэг гэнэ. Нетээс хайгаад үзээрэй.

Эмч маань түрүү жил 90 насандаа бурхны оронд заларчихсан байна. Нэр нь Евгений Николаевич Аксёнов. Англи, хятад, орос, япон, герман, орчин үеийн грек гэсэн 6 хэлээр ярьдаг. Залуудаа кинонд хүртэл тоглож байсан. Нэг хэсэн оросын тагнуул гэж сэрдэгдэж байсан гээд л арвин их түүхтэй хүн байсан байна билээ.

Дэлгэрэнгүй мэдмээр байвал нетээс хайчихаарай, байдаг юм билээ мэдээлэл нь.

Tuesday, April 19, 2016

Борголоо гэж

Бага зулзагаа ном зээлэхэд нь яаж зүгээр байхав гээд нэг ном ззэлсэн нь энэ. Сургуулийн насныханд зориулсан ном. Агуулга нь кофе болох борголын тухай.

Сүүлийн үед нүүр ном зэргээр кофег боргол гэж бичих нь их болсон байна билээ. Би ч бас тэгж боргол гэж бичлээ шүү.

"Борголын нууц" гэдэг ном. Ёстой ойлгомжтой, сонирхолтой, хөгжилтэйгээр бичсэн байсан. Манга ном. Бага зулзага хүртэл сонирхож хараад байсан.

За энэ удаад уншиж мэдсэн зүйл гэвэл:

Хамгийн эртний борголын хаус Туркийн Истанбулд нээгдэж байсан.

1615 онд Ёвропт анхных нь болж Италид нээгдэж байсан.

1650 онд Англид Еврэй хүн анх нээсэн. Оксфордод нээгдэж байж. Тухайн үед зөвхөн эрчүүд л ордог байж.

1669 онд Парист.

1670 онд Германд.

1884 онд Этиопт борголын тухай марк хэвлэгдэж байсан.

1804 онд Японд анх боргол орж ирсэн ч өргөн тархаагүй. Анх боргол ууж үзсэн япон хүн түлэнхий амттай байна гээд таалаагүй гэнэ. Хэ хэ. Бүүр сүүлд 1911 оноос хойш л хүмүүс мэддэг болж, уудаг болж.

Инстант борголыг анх Чикагод амьдардаг япон хүн нээж байж. 1901 онд Като Сатори гэдэг эрдэмтэн.

За тэгээд борголын бүтэц, төрөл, тарьдаг орнууд, найруулах арга гээд л зөндөө зүйл бичсэн байсан. Мөн хүний биед үзүүлдэг сайн талуудыг ч дурдсан байв.

Ингэхэд манай оронд хэзээнээс уудаг болсон юм бол? Одоогоос 10 хэдэн жилийн өмнө төгсөх курсын оюутан байхдаа хааяа нэг сахар сүү нь цугтаа байдаг инстант боргол уудаг байж билээ. Дангаар нь буюу хараар нь энд ирж байж л уудаг болсон юм даг. Тухайн үед борголын тухай мэдлэг мэдээлэл ч хомс байж дээ. Хамаг юмтай нь цугт уух нь хүний биед таргалуулахаас аваад их л муу гэдгийг энд ирээд мэдэж билээ. Эргэн тойрны япон хүмүүсийг хараар нь уудагт гайхдаг байж билээ. Одоо бол би өөрөө ч хараар нь уух дуртай...

Өглөөд ажилдаа ирээд нэг аяга халуун боргол ууж аваад л үзүүлж өгнө шүү дээ ажил хийхийг ч...

Monday, April 18, 2016

Час өдөр

Час өдрөө бүдэрч унаад аа. Гарын алга байхгүй. Харахаар л уйлмаар болоод байх юм.

Ажлаасаа гараад л бага зулзагаа авах гээд л гүйхгүй юу. Бороо шивэрч байсныг хэлэх үү. Шүхэр барьж гараагүйг ч хэлэх үү. Аминдаа гүйдэг хүн болсон чинь бүдрээд л уначихдаг байна шд.

2 гарын алга шалбараад, өвдөг шалбараад . Азаар тирко маань урагдаагүй шд. Ямар их аз вэ л гэж бодлоо. Тэгээгүй бол цэцэрлэг дээр үзлийн л хүн очих гээд. Тогтоол усан дээр унасныг ч хэлэх үү, юбка, цамц нэг тал нь нов нойтон. Хэ хэ.

Бага зулзагатаа хэлээд л жаахан худлаа уйлах дүр үзүүлсэн чинь наанаа нээх өрөвдөж харагдсанаа инээгээд байгаа юм даа. Ер нь гэрийн бүх гишүүд л шоолж инээх шив дээ.

Гурил элдэж лав чадахгүй өвдөөд байсан. Өвдөглөж суухаар өвдөг  хөндүүр байсан. Их л чухал газруудаа шалбалчихсан байлаа.

Тэгээд гэв гэнэт час өдөр гэдгээ санаад, өө час өдөр байна шд гэж нэг бувтнаж аваад л тайвшрах шив. Сүр бадруулсан уу? Бүдэрч унасныгаа. Ккк

Дандаа бусдын паянг бичиж байхаар хааяа ч гэсэн өөрийнхөө паянг бичиж байя даа тэ. Би чинь үе үе бас л сайхан паагтлана шүү дээ. За байз, өөр юу билээ? Санавал бичимз.

Sunday, April 17, 2016

Уул усны ойр нь

Нас минь бага багаар ахиад, намба суугаад тэр юм уу уул усны ойрт их дурладаг болж байна дөө. Хэ хэ.

За за тоглосон юм. Өнгөрдөг хагас бүтэн сайнд амарсан зураг. Уулан дээрээ хүртэл сакүрагаа тарьчих юм аа. Тэгээд цэцэглэдэг болоод ургаад ирэхээр нь харж баясах арга хэмжээ зохиогоод.

Энд тэндээс хүн урьж залж, найз нөхдөө ирүүлээд. Тухайн тосгоныхоо, суурингийнхаа, хотынхоо, мужийнхаа алдартай зүйлийг мөн амттай идэж уух зүйлээ танилцуулаад, аль болох тэднийг хөгжилтэй байлгах, уйдаахгүй байлгах гэж хичээнэ.

Буцахад нь дахин ирээрэй, гээд л сүйд болно.

Ууж идэж баярлахдаа хүртэл зүгээр суухгүй, сурталчилгааны ажил хийгээстэй хүн их байх юм.

Ирсэн гийчид зүв зүгээр ирэхгүй нь лав. Замдаа идэш уушны газраар нь орж орлого оруулна. Бэлэг дурсгалын газраар нь орно. Гэрийнхэндээ, ажлынхандаа бэлэг авна. Урьсан газрынханд ашигтай гэсэн үг.
Замын хажуугийн айлын талбайн зураг.

Яг уулынхаа сакүраны зургийг аваагүй байна. Бид нэг арга хэмжээнд нь туслаад түмэн завгүй байсан тул зураг авч амжсангүй.

Saturday, April 16, 2016

Нүсэр ойн баяр

Нүсэр тэмдэглэлээ шд, энэ жил. Хэ хэ.

Худлаа худлаа. Том зулзагын төрсөн өдрийн маргааш нь хань ижилтэйгээ батлуулсан ойн өдөр тохиодог юм. Хамтад нь тэмдэглээд.

Олон баярыг тэмдэглэх гэж бага зулзага бид 2л завгүй байлаа. Бага зулзага аниадаа захиа бичээд завгүй, би нь хоол унд гээд завгүй.

Бага зулзагын бас нэгэн догдлон хүлээсэн зүйл бол зайрмаган бялууг хурдан идэх юмсан гэсэн явдал.

Өөрийнх нь төрсөн өдрөөр арай өөрийг авч өгсөн юм. Ээжээсээ асууж байна.
-Ээж минь ээ, та гуалиг болох гэж хичээж байгаа тэ?
-Тийм шдэ.
-Та тэгвэл зайрмаган торт идэхгүй биз дээ?
-Өө л даа, ээж нь амсаж болно биз дээ?
-Ээээ, та тэгвэл гуалиг болж чадахгүй шдээ.

Энэ удаад бас л ингэж асуув. Аминдаа бялуугаа харамлаж байгаа нь тэр. Зайрмаган торт болохоор эд чинь дуртай нь аргагүй дуустал нь иднэ гээч. Зүгээр тортыг нэг их идэхгүй, дээрх гүзээлзгэнэ энэ тэрийг нь түүж идээд л болоо. Үлдсэнийг нь хань ижил бид 2 л иднэ. Тэгээд л би чинь гуалиг болж чаддаггүй шд. Хэ хэ.

Гэхмэтчилэн ууж идэх тохиолдол энэ 3, 4 сард их байна...

Thursday, April 14, 2016

Ойрын сонин сайхан

Нэг их онц зүйл болсонгүй дээ.

Том зулзага дунд сургуулийнхаа 2-р ангид дэвшин орж, бага зулзага цэцэрлэгийнхээ ахлах бүлэгт дэвшиж оров.

Том зулзагын ангийн багш нь өөр сургуулиас шилжиж ирсэн эмэгтэй багш гэсэн. Удахгүй болох нээлттэй хичээл дээр л бараагий нь харж танилцах байх.

Бага зулзага яахав, өдөр бүр цагтай уралдаж очиж авдаг юм хойно багштай нь уулзаад амжсан. Бас л өөр цэцэрлэгээс шилжиж ирсэн эмэгтэй багш.

Тормогор алаг нүдтэй харж явдаг багш маань хажуугийн ангийн багш, бүлэг нь өөрчлөгдөөгүй, хүүхдүүд нь л өөрчлөгдсөн гэсэн үг. Яг хаалгаар ороход өөдөөс тэдний анги харж таардаг тул бас ч гэж хараад явах боломжтой.

Дунд сургуулийн харж явдаг багшийгаа л харж чадахгүй нь. Хааяа л энд тэнд таарч магад. Юмыг яаж мэдэхэв энд тэнд таарна гэж бодоод байнга бэлэн байх ёстой. Нүүр гараа олигтойхон угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гарч байх. Хэ хэ.

Амралтын өдөр бол залхуураад нөгөө хувцсаа өмсөж, нүүр амаа олигтойхон угаахгүй шүү дээ. Яг тэр үеэрээ элдэв хүмүүстэй таарна гээч. Хэн л намайг харав гэж бодоод гарчихдаг юм. Хэ хэ.

Дээр үед харж явдаг байсан хүмүүстэйгээ голцуу таарахыг нь яана.  Заримдаа ч за яадаг юм, оригоороо л гоё шд гэж өөрийгөө өмөөрнөө.

Нүүр номоор элдэв янзын будах арга явах юмаа тэ. Хөөрхөн гээд суучихсан чинь нэг өглөө  оригоороо байгааг нь хараад яах бол тэ. Хүний мууд дуртай золиг шүү би. Хэ хэ.

Хадуурсан бөлгөө.

Манай нэг дарга шинэ хүн ирсэн. халзарч яваа,чанга дуутай эрэгтэй хүн. Харж явах уу? гэж үү? Үгүй ээ, залуухан л хүн харна шдээ. Ккк

Энэ сарын сүүлээр welcome party хийнэ гэсэн. Явна даа. Уух юмаа эртнээс бодчихсон. Вино шимнэ.

Гэснээс ойрд их ууж байна аа, янз бүрийн тохироо нь бүрдчихээд байх юм. Зураг оруулна аа. Тохироо бүрдэх ч яамай, гол нь жин нэмээд байна, яах уу? Ууж идэхээ л боль...

Өнөө орой зочинтой. Яадаг юм билээ???

Friday, April 08, 2016

Өө л дөө

Захиалганы маань хугацаа дөхөөд байна. Одоогоор 30 ширхэгийг нэхчихсэн. Тэрнээс дээшээ явж өгдөггүй ээ.

Яагаад гэхээр, ойрдоо орж гарах, амьтан хүмүүстэй уулзах минь ихсээд. Тэдэнд болон тэдний охидод, ач охидод нь гээд л өгөх юм аа олж ядахаараа нэхсэн боолтноосоо бэлэглэчихээд байгаа юм.

Маргааш бас нэг найз хүүхэнтэйгээ уулзахаар болсон. Бага зулзагаас минь нэг насаар дүү охинтой. Охин нь манайд ирж бага зулзагатай минь тогломоор байна гээд шалаад салдаггүй гэнээ. Харихад нь бэлэг болгоод үсний боолтноосоо нэгийг бэлэглэх гээд уутанд хийгээд бэлдчихлээ.

Цагаан өнгийн боолт их хөөрхөн болдог юм билээ. Зөндөөг нэхэж хүмүүст бэлэглэсэн. Хүмүүст бэлэглэснээ тоолсон чинь 10-ыг лав нэхсэн байна лээ. Өөр ямар ямар хүмүүст өгснөө яг сайн санахгүй л байна. Ганц нэг мартсан хүн байгаа байх. Өгснөө мартсан гэсэн үг шдээ, түүнээс хүмүүсээ бол мартахгүй ээ. Хэ хэ.

Зураг дээрх ягаан болохоор өнөөх аяганы сальфетка. Ойрд нэхээгүй. Үсний боолтоо нэхэж дуусаад, зараад, баяжихаараа хэсэг сайхан амарч байгаад, шинэ утас авч байгаад нэхнэ дээ. Учир нь манай аяга таваг жаахан нэмэгдээд. Хэ хэ.

Баахан ном зээлчихсэн, дээрээс нь нэг найзынхаа гуйлгыг хийхгүй блогдоод сууж байдаг би ч...

Нүүж суухад

Нүүж суух гэдэг бичлэг мөд дуусах шинжгүй шүү.

Нэг өглөө  урд талын зам дээр ёстой аварга том машин ирчихсэн, хүмүүс шуугилдаад л байсан юм. Хонх дуугарч байна.

-Уучлаарай, та машинаа түр холдуулж байхгүй юу, энэ машиныг ийш нь оруулаад зогсоох гэсэн жаахан зай дутаад болдоггүй.
-Өө тэг тэг.

Тэгсэн орой нь хонх дуугараад 4 хүн зогсож байна. Ээж аав хоёр охинтойгоо.
-Уучлаарай, өглөөнөөс хойш төвөг удаад. Бид энэ урд байшинд нүүж ирж байгаа юм. Хойшид сайхан хөршүүд болцгооё, болгооно уу?
гээд эдний нэг заншил болох жижиг зүйл бэлэглэсэн. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь хоёр гардаж тосоод л
-Өө зүгээр зүгээр, мэндтэй устай хөршүүд болцгооё, болгоогоорой.

За нүүж ирж байгаа айл, хөршүүд хооронд нэг иймэрхүү яриа болно.

Бид бас нүүж ирэхдээ нэлээд хэдэн айлд ингэж мэнд мэдэнгээ бэлэг өгсөн.

Японд амьдардаг, удахгүй нүүх гэж байгаа, нүүгээд удаагүй гэх мэт уншигч нар минь энэ заншлыг мэдсэн байхад илүүдэхгүй шүү. Ялангуяа хөдөө газар байдаг улс. Хот газар жаахан хэцүү байж магад. Учир нь гэртээ байгаа эсэх нь мэдэгддэггүй айл их байдаг гэж сонссон. Их орой харьж ирдэг, хонх дараад тайлж өгөх нь ховор гээд л.

Хөдөө газрын нэг сайхан нь хүмүүс нь хот газрынхыгаа бодвол арай л эелдэг. Тийм болохоор бид ч дагаад эелдэг болно. Хэ хэ.

Ингэж өгөхдөө бас өдрийн сайныг харж өгдөг юм билээ. Хуанли дээр 大安 гээд ханзаар бичсэн байга шүү. Угтаа хуанли хэвлэдэг газрын дур мэдэн хийсэн зүйл гэж ярьдаг ч сэтгэл сэвтэй гэдэг шиг бүгд л сайн өдөр ямар нэгэн тэмдэглэлт зүйл хийдэг юм билээ.

Эсрэгээрээ муу өдөр гэж байна. Бас үдээс өмнө сайн өдөр, найз дагуулах өдөр. Энэ найз дагуулах өдөр талийгчийг хөдөөлүүлэх зэрэг зан үйл хийж болохгүй. Эсрэгээрээ сайн сайхан зан үйл үйлдэж болно.

За энэ хэллэгийг нь би өөрөө дур мэдээд таагаад орчуулчихсан шүү. Тусгай хэллэг байдаг л байх тийм үү? 

Tuesday, April 05, 2016

Арааны шүлс асгарам

Сакүрадаж ирчихээд, Сүхбаатар өвөө тэргүүтэй хэсэг нөхөд манайд ирж идэж уув. Хэ хэ. Байсгээд л идсэн уудсан бичлэг бичдэг болж. Гэхдээ яахав, сүүлд уншиж байхад зүгээр юм билээ. Нээрээ тэгж цугладаг байж билээ, учиргүй ууж идэж билээ гээд л нүдний өмнүүр дурсамжууд жирэлзээд л.

Бууз, хуушуур, банштай шөл хийв. Хажуугаар нь бас бус салат. Будаа агшаагаад, далайн байцаанд ороогоод л гэх мэт.

Хамгийн сайхан амттай байсан нь гүзээлзгэнэ. Уригдсан нэг зочин минь барьж ирсэн юм. Бид ч бас худалдаж авсан байсан л даа. Гэхдээ зочны минь барьж ирсэн нь их үнэтэй, тэр бүр авч идэж чаддаггүй нь. Амьдарч буй нутгийн минь бүтээгдэхүүн.

Та нарын минь арааны шүлс асгарч байна уу? Хэ хэ.

Бас нэг инээдтэй нь Сүхбаатар өвөө
-Би монгол нэрээ сольж байгаа шүү.
-За, хэн гэдэг нэртэй болчихов? та минь.
-Тэжүүжин.
-Юу?

Хахаха. Хань ижил бид хоёр сонсоод татаж унав.
-За яаж байгаа юм бэ?
-Чингис гэдэг нэртэй болох гэж байхад тэр нэг хүн түрүүлээд авчихсан. Тэгээд аргагүйн эрхэнд Сүхбаатар байсан чинь. Сүхбаатарын талбайн нэр солигдоод, одоо энэ Сүхбаатар гэж хүнийг мэдэх хүн цөөрөөд ирнэ дээ.
-За.
-Тэгээд л Чингис хааны жинхэнэ нэрийг өгөхөөр болоод.
-Өө тийм үү? За андуураад урдны нэрээр чинь дуудаж магад шүү.

Инээдтэй байна уу? Ингээд Тэмүүжин гэдэг өвөөтэй болчихлоо. Ямарав?
Хэхэ.

Тэмүжин өвөө гээд л дуудах нь байна. Хурдхан шиг дасахгүй бол, олон жил Сүхбаатар өвөө гэж дуудсан улс. Бүр монгол дахь гэрийнхэн маань хүртэл Сүхбаатар гуай сайн уу гэдэг юм. Шинэ нэрийг нь зааж өгөхөөс эхлээд ажилтай боллоо шүү би нь. Хэ хэ.

Monday, April 04, 2016

Сакүрадав

Амласан болохоор зураг орууллаа шүү.

Энд сакүра цэцгээ харан баясаж, модон доор нь сууж байгаад л идэж ууна. Бид бас тэгдэг байлаа. Сүүлийн хэдэн жил жаахан завгүй байгаад тухтай сакүрадаж чадахгүй байгаа. Тухтай гэдэг нь модон дор нь сууж идэж ууж чадахгүй байгаа гэсэн үг. Яг энэ зураг дээрх шиг.

Урд орой нь нэлээд салхилаад хоносон. Бага зэрэг унасан байсан. Одоо ингээд л унаад, навч нь дэлгэрээд эхэлнэ. Хавар л болсон хойно нэг халаад, нэг хүйтрээд жаахан жиндүү л байдаг болохоос...

Энэ жил бид уулын бэлд цэцэглэдэг сакүраг үзсэн. Хань ижлийн хэлдгээр бол амьдардаг газрын минь хийморийн овоо. Шинийн нэгэнд хэдэн сүмо хүүхдүүдтэй хамт гардаг юм. Би нь хааяа гуалиг болох минь чухам гээд л аахилж уухилаад гарна. Ойрын хэдэн жил бас л гараагүй ээ, гуалиг болохоороо. Худлаа худлаа. Хэ хэ.
Хийморийн овооныхоо орой дээрээс харвал бүр л сайхан харагдана. Тээр далайн цаана эх орон минь, элгэн садан минь гэж бодоод л.
За энэ ягаан болохоор уулын сакүра гэсэн. Тод ягаан өнгөтэй.
Мөрөг загас. Уулын бэл дэх хиймэл гол?-д байдаг юм. Том зулзагаа бага байхад нь очиж талх өгдөг байлаа. Одоо бага зулзагаа саатуулангаа очно. Эд нар ч бүр сурчихсан.Нээх том том ангайж ирээд л иднэ. Хэ хэ.

За нэг иймэрхүү. Өнөөдөр бороотой, хүйтэн өдөр байна. Сакүра ч унаад эхэлчихсэн. Ирэх жилийн сакүрадалт даанч хол байна даа...

Saturday, April 02, 2016

Хэрэгт дуртай улс шүү

Том зулзагын нэг найз ирсэн юм манайд. Биднийг гадаад болохоор тэр бүр найзууд нь ирэхгүй л дээ. Бас урдны маань байр жаахан жижигхэн байсан учир. Бид ч нээх дуудаж барьдаггүй байлаа.

Энэ удаад нүүгээд жаахан томорсон чинь том зулзага найзыгаа ирүүлж болох уу? гэсэн, болно л гэлээ.

Би чинь багадаа хэдэн найз нарынхаараа их хэсдэг, хоол бууддаг, гэрийг нь буулгаж өгдөг байлаа шд. Хэ хэ.

Энд найзууд бие биенийхээрээ нэг их хэсээд байдаггүй юм шиг санагдсан. Хэссэн ч ээжүүд нь сүр болгоод чихэр жимс өгч явуулаад, хүүхэд нь харихад эргүүлж бас нэг зүйл бэлэг болгож өгөөд явуулна. Гэх мэт жаахан ядаргаатай байгаа биз?

Өнөөдөр манайд ирсэн найз охин нь бас нэг ууттай юм барьчихсан ирсээн. Би ч харихад нь байсан амттанаа өгөөд л явууллаа. Хэ хэ. Усыг нь уувал ёсыг нь дагаж байгаа нь тэр.

Өглөө ирсэн тул ирсэн дор нь манайхаар бол тавгийн чихэр амсуулж, ундаа өгсөн. Өдөр нь бууз жигнэж өгсөн. Салат хийсэн. За энэ ч яахав, байх л зүйл.

Нэг инээдтэй нь, найз охин нь юм л бол зураг дараад байсан.
-Ээж зураг их дарж ирээрэй гэсэн.
гэж авсан. Ккк

Монгол айл ямар байх нь уу?, ямар хоол хийж өгөх нь үү? гээд л сонин санагдсан байх л даа тэр ээжид. Тэр айлын өнөөдрийн ярианы сэдэв монгол айл, монгол хүмүүсийн тухай байх байх даа. Хи хи.

4 цаг хүртэл хоёр аальгүй чинь хөхрөлдөөд л, шивнэлдээд л, хичээл эхлэхээр ямар ангид хуваарьлагдах бол гэж ярьцгаагаад л байсан.

Бага зулзага бид хоёр сонсоогүй царайлаад л суув. Гэмгүй царайлсан улс, чих нь бол охидын шивнээ рүү яваастай. Хэ хэ.

Уг нь гарч сакүрагаа харж баясах санаатай байсан чинь, маргааш л гэрээрээ явна даа. Нүүр номоор дүүрэн сакүраны зураг оруулсан хүмүүс байна. Бид яаж дутахав, газар дээр нь байгаа улс. Цэцэг харж сэтгэлээ баясгая. Зураг оруулна аа...