Thursday, September 29, 2016

Миний нэг өдөр ингэж санагдаад

2008 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар

Миний нэг өдөр ингэж санагдаад

6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
"Одоо яах уу" хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зүүд

7 цаг 30 минут
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно

10 цаг 00 минут
Гудамж дүүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж үглээд
Зөгий шиг дүнгэнэлдээд
Хөширч үглэх үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот зөгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан өглөөний цайндаа хийж уугаад л

12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Дөнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Хөөрхөн гоё тэнэг, гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, хөлөг онгоц ч живээд
Лусын дагина зүгээр яваад өгнө
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад

13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний мөрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр лүү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж өгөхгүй удаад
Зүрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Нүцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэггүй санагдах баахан номтой тавиур дэр
Венераг мартаж гараад, гудамжаар алхаад

18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Рембү  үхснийг санаад
Үхэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараа, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахгүй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад

21 цаг 20 минут
Нарны нүд хорсож улайгаад
Хүмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр хүртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эрүүл, гэр лүүгээ алхаад
Сар хөндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдэд
Орон дээр миний биеийн хэв үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна
Өглөө
Өчигдор согтуу байсан салхи, тэнгэр газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан зүүдээ ярихаар
Ижий рүүгээ очихоор
Гудмаар алхаад


...... он

Шүүгч нь хүүгээ шалгаруулсангүй, хаслаа энэ тэр гээд л нэг хэсэг шуугиад байсан даа тэ. Үнэнийг хэлэхэд шүлгээс нь бараг уншиж байгаагүй юм байна шүү. Дараа онцолж уншина аа.

Wednesday, September 28, 2016

Чамаас олсон эх орон минь

2000 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг

Чамаас олсон эх орон минь

Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой аль алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахаар минь таних гэж тоссон эх орон минь ээ
Ижийгээ би чамаас олсон
Ижилгүй дуурайг гэж зүсийг нь өвчиж төрсөн
Дахиад ямар цээжин дотроос нь түлхэх биш
Даалимбан дээлийх нь норгойг шалба норгож унасан
Сайхан ижий минь манайгаа үүрч алхахад
Салхи чинь хүртэл хүнддэнэ гэж хийсч одсон
Ижийнхээ нурууг амрааж хөлд орохын цагт минь
Ивж ургасан өвс нь галж сөгдсөн эх орон минь
Ижийгээн би чамаас олсон
Гуниггүй залуу насаа би чамаас олсон
Гайхуулж бас гайхаж үрсэн он жилүүдийг чинь
Үсээ үадалж, бүсээ тайлж сарыг чинь өвөртөлж хоноход
Өрөвдсөн байлгүй үүрээр зугатсан байсан
Үлгэр хэлүүлдэг насыг минь та харамгүй өгсөн атлаа
Үнэтэй цаг хугацаагаа надаар элээлгэсэн эх орон минь
Гуниггүй залуу насаа би чамаас олсон
Эрх танхил үрээн би чамаас олсон
Эрхлүүлэх гэж би дахин хэлд орсон
Ийм муухай амьтныг минь хөлд оруулах гэж
Их үдийн чинь наран ханын толгой дамжсан
Хамгийн нандин дуугаа үрийнхээ зулай дээр аялахад
Хүй дарсан газрын минь чулууд сонссон
Ирсэн болгоныг хувьтайд дуулгах шиг
Ивэлгэсэн вм шиг асгарсан бороотой эх орон минь
Эрх танхил үрээн би чамаас олсон
Сайхан амрагаан би чамаас олсон
Сартай шөнөөр хань хийж, салхиар чинь хүртэл гоёж үзсэн
Хилээн манах гэж төрүүлсэн олон эрсийн чинь
Хичнээнийг нь би шүлгээр уяруулж өөрийгөө манууллаа байз
Булгилсан зүрхийг минь шалгах гэж
Бусдын амрагийг үзүүлэн тохуурхаж
Булаалдаж эрхлүүлсэн эх орон минь
Сайхан амрагаан би чамаас олсон
Буцна буцна гэвч чамайгаан би айлгахгүй
Бууриа хөдөлгөвч надаар чи дутахгүй
Бусдаас гуйхгүй үхлийг хүртэл чамаас олохын цагт
Бурхад чинь хүртэл намайг булаалдана эх орон минь

2000 он.

2000 онд хорьж болдоггүй хорин насандаа явжээ. Хэ хэ. Яасан ч сайхан сонсогддог юм. Буцаад оюутан ахуй цагтаа нэг очоод ирэхсэн... Номын сан, зуугийн печень, пирошки гээд л сайхан дурсгалт үе минь...

Tuesday, September 27, 2016

Ганцхан ээждээ унших шүлэг

1994, 2010 оны Болор цомын эзэн. Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цоодолын Хулан

Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорйо
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш, дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Баривчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл
Та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа, алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм "онц" тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахьсан тогооч
Сангийн бойдорт арц уугиулж, маани уншдаг лам аа
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоо л уншдаг яллагч нь Та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч олон гартай юм шиг
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлоноггос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он цагийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээн урт наслаж хайрла аа.

1994 он
Жич: За энэ шүлэг энд тэнд их бичигдэж, их уншигдсан ч блогтоо биччихлээ. Хуланд дуртай ч юм байгаа юм. Хэ хэ. Сайхан хүүхэн. Сайхан хүүхэн гэхээр бүгд л заавал Одгэрэл шиг байх албагүй тийм үү. Тухайн хүний нэг тийм өөрт нь л байдаг сайн сайхан чанараараа л бусдаас ялгарч, сайхан харагддаг байвал болох нь тэр дээ.

Monday, September 26, 2016

Бага сургууль дахь яриа

9 сарын сүүлчийн бага сургуульдаа очиж эх орноо танилцуулав.

Энэ удаад Солонгос, Шинэ Зеланд гэсэн хоёр улсын хүнтэй хамт явлаа.

Бага сургуулийн 6-ранги. Хоёр хятад сурагч байсан. Намайг дээлээ өмсөөд л зогссон чинь хятад хэлээр мэндчилээд сүйд болж байна. Хариу ганц мэддэг хятад хэлээрээ мэнд мэдчихээд л зогслоо. Дипломат зантай хүн шүү дээ би чинь. Хэ хэ.

Гэм нь нэг бондгороос бондгор хятад хүүхэд хүний үг сонсдоггүй байрын шинжтэй юм билээ. Багш нар нь үгээ хэлдэг шиг санагдсан. За тэр ч яахав...

Энэ сургуулиас ирсэн хүсэлт гэвэл хоёр орны ижил төстэй зүйл, мөн хоёр орны хоорондын ямар нэгэн холбоо хэлхээсийн тухай.

За тэгээд бага ангийн сурагчид тул хүнд хүнд сэдэв ярихгүй шүү дээ. Хамгийн энгийн холбоо харилцаа гэвэл сүмо. Яг одоо барилдаж буй аваргууд нь бүгд монгол хүмүүс. За тэгээд гэрт минь морилон ирж байсан сүмо бөхчүүдийн тухай ганц нэг.

Хамгийн сонирхож хүлээж авсан нь энэ ундааны тухай. Би ч уух дуртай. Нэлээд чихэрлэг нялуундуу амттай ч дуртай. Үүх түүхийг нь мэдсэнээс хойш бүр ч дотно санагдаад байдаг юм.

Сүүлийн үед амт төрөл нь ч арвижаад байгаа. Эд чинь нэг зүйлийг судлаад, баяжуулаад явахдаа туйлаас гарамгай хүмүүс ээ гэж. Нэлээд өтгөн савлагаатай, шингэжрүүлж уудаг олон жимсний амттайд нь сүүлийн үед ихээхэн дурлаж ууж байгаа гэрээрээ.

Японд ирвэл та бүхэн ч гэсэн заавал ууж үзээрэй. Айрагны минь төрөл садантай танилцаарай.

CALPIS ундааны ам дамжсан түүх нь Монголд айраг уусан япон хүн "энэ амтыг л япон хүмүүст зориулж гаргамаар байна" гэж бодож явсаар зорилгодоо хүрсэн гэж ярьдаг юм.

Харин энэ компанийн албан ёсны цахим хуудсанд бол Мишима Кайүн гэдэг хүн анх Өвөр Монголд очихдоо Чингис хааны үр сад болсон монголчуудын өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг сүүний хүчил гээч зүйл нь монголчуудын эрүүл мэнд, хүчирхэг зан чанартай нь салшгүй холбоотойг ойлгож, нутагтаа харьж ирээд анх энэ компаниа үүсгэн байгуулж байсан. 1919 анх худалдаанд гаргаж байсан.

Гэх мэт үүх түүх нь бичээстэй байна лээ.

Сонирхсон хүн http://www.calpis.co.jp/ орж үзээрэй. Англиар сонирхож байвал CALPIS гэж гүүглээс хайвал гараад ирэх байх өө.

Амжилт хүсье.

Friday, September 23, 2016

Бороо ба бүтээл

Бороотой болон өвдсөн өдрийн уран бүтээлээсээ оруулах уу? Амласан ёсоороо. Бага зулзага бид хоёрын том оригами дуусаад, жижиг хатуу оригамигаар бүтээл туурвилаа нэг хэсэг. Саяхан санан санан том оригами худалдаж авав.
Далайн хажууд өсч байгаа хүүхдийн бүтээл байна гэж танил эгч хэлсэн. Нээрээ л тийм. Хурга, ишиг, тугал, ботго, тугал ер нь ховор зурна. Цаасаар хийхэд ч бараг байдаггүй юм билээ.

Ихэвчлэн загас, туулай, баавгай, нохой, муур, шувуу гээд л их.

Монголд хүүхдүүд ихэвчлэн таван хошуу мал, адуу зурах дуртай байдаг даа. Одоо цаг үе өөрчлөгдөөд өөр болсон уу. Хэ хэ.

Зурсан зургуудаас нь дараа зураг оруулна аа.

Гэснээс бид хоёр цэцэрлэгийнхээ тамирын өдөрлөгт орж чадсан шүү. Урд орой нь эмчдээ үзүүлээд, эмч маань инээснээ
-За маргааш цэцэрлэгийнхээ сүүлчийн тамирын өдөрлөгтөө ор доо,  маргаашнаас албандаа явж болно гэж он сар өдрийг нь бичиж өгье.
-За, баярлалаа.

Бага зулзагын нүдэнд баярын оч гялс гээд л ээж рүүгээ хараад. Тэр хөөрхөн харцыг мартахгүй ээ.

Ээж ч тэр өвөө эмчид дурлааский. Хэ хэ.

Багш нар нь ч бөөн баяр. Арга хэмжээ дууссаны дараагаар ам уралдаад л магтуулав шд. Учир нь "амарч амарч ирээд, бүжгийнхээ хөдөлгөөнийг, дасгалынхаа хөдөлгөөнийг мартаагүй мундаг байсан. Өөртөө итгэх итгэл нь ч нэмэгдэхэд гүнзгий нөлөөлөх нь гарцаагүй" гэсэн.

Одоо нэг тамирын өдөрлөг үлдсэн. Тэрийгээ амжилттай дуусгачихвал ч 10 сартай золгох нь. За энэ 10 сар ч бас бөөн бөөн хувь хувьсгалын ажил хүлээж байна даа гэж...

Бороо бороо битгий ороосой, Монголын маамуу ч битий ирээрэй гэж дуулж эхэлж байна. Уг нь бороо бороо ороосой, Монголын маамуу ирээрэй гэж бага зулзага бид хоёр дуулдаг юм.

Жирмийн сүлжээ хэмээх 4 мөртийн цоморлигоос

1988 оны Болор цомын эзэн. Монгол улсын ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Тангадын Галсан

"Жирмийн сүлжээ" хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос

Афган андын асуулт

Танай нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаан мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?



Уртын дуу

Уудам саруулхнаараа яг л Монголын дорнод тал
Утга гүнзгийгээрээн яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хүнлэгээрээн яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу Монгол дуу удахгүй сансрын аялгуу!


Монгол заншил

Өөрсдөөн даалимб хөдөс өмсдөг
Үр ачаан нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтаглаж бурхныхаа дээр залдаг
Монгол түмний минь заншил гайхамшиг!

1988 он


Бусдыг нь эндээс http://saruul-uhaan.blogspot.jp/2007/05/4-vv.html орж уншаарай. Тэртээ 2007 онд бичиж байж.

Thursday, September 22, 2016

Суварга үгс

2009 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн болон МҮЧЗХ-ны нэрэмжит шагналт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар

Суварга үгс

Хорьдугаар зууны тэргүүн аравдаар
Зүүн чантуугийн зөөлөн салхит хаалгаар
Хамрынх сүүдэр хацраа битүүлсэн
Холхи нэгэн хөвүүн алхаж орсон юм.
Царцуу цагийн халуун буулгаар
Цамцаа гандтал хөрс сэндэчсэн
Тариачин удмын исгэлэн цустан
Тарчигхан хэдүүлээ Монголд ирсэн юм.
Бүргэд шунгасан халин уулсыг
Бурхан мэт сүсэлж, сүншиг тавьсан
Манжид талхиулсан өвгөн хотын
Мал малын захад буйр хатгасан юм.
Гамбир хайрдаг хагсуу гараараа
Бөмбөр нүдэж тэр эгшигт өртсөн
Хэл усны зах зухтай түүнийг
Хэнэггүй монголчууд андаа болгосон юм.
Нарийн савхаар ноот дохиж
Намхан сурталд хүзүүгээ боомилуулж
Наян жил хөгжим тарнидаж
Насан хутгийн авшиг хүртэв ээ
Алхаа нь хүртэл нэмнэл төгс
Амьсгаа нь хүртэл уянга тэмтэрсэн тэрбээр
Хорин нэгдүгээр зууны тэргүүн аравдаар
Ховдын хаалгаар гараад явчихлаа.

2009 он

Насан багахан байхдаа Болор цом үзэж баясдаг байж билээ. Одоо хааяадаа л ингэж шүлэг сонсох, нэг бол унших юм даа гэж.

Нэг инээдтэй нь энэ жилийн хуанли ирлээ гэсэн чинь өнгөрсөн жилийнх байдаг байгаа. Шууд хаячихаж чадалгүй ингээд блогтоо шүлгүүдийг нь хуулж бичиж суухав. Зарим нэг шүлгийг нь бүр анх блог бичиж эхлэж байхдаа л хуулж бичиж байсан байна лээ шд.

Wednesday, September 21, 2016

Монгол хэл

2011 оны Болор цомын эзэн. Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг

Монгол хэл

Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигыг уртын дуугаар аргадах нь өндөр уулын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг эмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан сахисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль дэлхий дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугийн юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уулайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ.

Монгол хэлэндээ ус цас болох юм сан. Тэгвэл бусад гадаад хэлнүүд тун амархан гээд байгаа юм даа. Монгол хэлэндээ муу учраас л гадаад хэл сураад ч нэг л хэмжээндээ байгаад байдаг байх даа тийм ээ?

Tuesday, September 20, 2016

Чулууны магтаал

1986 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Тоомойн Очирхүү

Чулууны магтаал

Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн
Ээжээс анх тасарсан миний нялхын хүй
Энэ л бууцны чулуун дунд үлдсэн
Хүй, дуу хоёрын минь чулуунд шингээстэй
Хүний орчлонд тэгэхлээр би чулуунаас уяатай
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хашаа хороогоо ч чулуугаар барьж
Хатуу өвлийг ч чулуугаар хаадаг
Хана хэрмийг ч чулуугаар өрж
Халуун галаа ч чулуугаар тулгадаг
Арвай тариагаа ч чулуугаар татаж
Агт морьдоо ч чулуугаар аргамждаг
Уулын минь хөх чулуу орсон юмыг нэрлэснээс
Уулын минь хар чулуу ороогүйг нэрлэсэн нь амар
Юугаараа баян билээ? түүгээрээ бахархана
Юм юмны түрүүнд уулынхан чулуугаа л магтана
Эрдэнийн чулуу нь зам гудас хэвтдэг
Элбэг баян уулсаараа бахархана
Орд харш, зам талбай, гүүр далан бүгд чулуу
Охид хүүхнүүдийн гоёл чимэг, ээмэг, бөгж бүгд чулуу
Оргил өндрийн овоо, тахилга бүгд чулуу
Он улирлын хөшөө, хиргэсүүр бүгд чулуу
Эх газрын алаг чулуу орсон юмыг нэрлэснээс
Энэ дэлхийд чулуугүй юмыг нэрлэсэн нь амар
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Чулуун дунд өсч төрсөн уулынхан бид
Чулууны үнийг мэддэг улс
Эмээлт морио харж шинждэг шигээ
Эрдэнийн чулууг таньдаг улс
Манай нутгийн буурал өвгөд
Машины үнэтэй гаанс зуудаг
Айлчин гийчнийхээ амрыг эрж
Алаг манан хөөргөөр тамхилдаг
Чулуун дунд өсч төрсөн уулынхан бид
Чулууны идийг мэддэг улс
Болор шилийг зүсдэг алмааз ч болдог
Болд төмрийг элээдэг билүү ч болдог
Зөөлөн хатуугийн туйл
Зөвхөн чулуунд л шингэсэн байдаг
Чулуун дунд өсч төрсөн уулынхан бид
Чулууны бөхийг мэддэг улс
Он цагийг тээсэн гүүрийн багана ч болдог
Орд харшийг даасан суурийн бие ч болдог
Ган шиг батын эрхэм чанар
Гагцхүү чулуунд л шингэсэн байдаг
Эр зориг, баатарлагийн тухай
Энэ чулуугүйгээр сэтгэшгүй
Уул давж, чулуу өргөж
Урт замд сульдахгүй юм бол
Газрын чулуун бөөрөн дээр
Ганц ч атугай хаьтирч даарч хонохгүй юм бол
Гавьтай ямар эр хүн байх билээ?
Байгалийн сайхан, аян замын тухай
Бас л чулуугүйгээр санашгүй
Уудам дэлхий цулгүй тэгшхэн бол
Учрал ч гэж байхгүй, Алтай ч гэж байхгүй
Ургахын нартай ядаж ганцхан удаа
Уулын хяр дээр золгоогүй бол
Угтаа ямар нүд тайлсан байх
Алдар гавъяа, одонгийн тухай
Аанай л чулуугүйгээр ярьшгүй
Цагийг эзэлсэн суутны алтаар сийлсэн нэр
Цагаан гантиг дээр суурилж байж мөнхөрнө
Эрэлхэг баатрын алтан таван хошуу одон
Эрдэнийн чулуу шигтгэж байж тодорно
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хорвоог таниулсан багын минь тоглоом чулуу байсан
Хожим миний суусан байшин чулуу байсан
Унаган багын тоглоомын чулуун гэрээс
Улаанбаатарын өнөөгийн сууц хүртэл
Эр бие минь чулуун дунд өсч
Эх орноо чулуутай цуг дуулсан
Эхлээд би эх орноо бүхэлд нь бичсэн
Энэ надад ахадсан
Дараа нь Алтайгаа бичсэн
Дахиад л надад томдсон
Хожим сүүлд нь би
Хол хөдөө үлдсэн аргамжааны чулуугаа бичсэн
Уулын хүү миний чулууны магтаал
Угтаа чухам эндээс л эхэлсэн
Өвдөг тулж мөлхсөн
Өлмий тулж боссон
Сэтгэл хүлэг хоёроо цуг аргамжсан
Сэрүүн Алтайн минь ширхэг чулуу
Өөрийг минь элээх
Өлгий дээр минь босгох
Эхний бөгөөд эцсийн чулуу
Энэ чулуу миний чулуу

1986 он

Тэртээх арван хэдэн жилийн өмнө эх орноосоо гарахдаа нэгэн чулуу өвөртлөөд л гарч билээ. Одоо гэрт минь хүндтэйхэн залраад л, хааяадаа эх орноо нэг сайхан сэтгэлдээ харж дүрсэлж баясдаг даа.

Monday, September 19, 2016

Монгол гэдэг үг

Бага зулзага бид хоёр бүтэн 7 хоног өвчнөө эдгээж байна гээд амарч, би Маша-дуулж өнжих шив дээ.

Яг дэргэдээ л байлгах гээд л, 00 орохоор л араас ээжээ гэж дуудаад л. Хэ хэ. Энийг хараа, энийг хамтдаа хийе, энэ номыг уншаад өг, энийг яаж хийдэг юм бэ? мээмээ л дээ энэ тэр гэж намайгаа яг л баавгайг дэглэж байгаа Маша шиг л байлаа.Ккк

Өдөр албаар унтуулж, амраав. Түүнээс эрүүл байхдаа гэртээ бол унтахгүй л дээ. Тэгж унтуулахдаа ном уншиж өгнө. Нэг зурагт номд монгол гэдэг үг гараад бид хоёр учиргүй баярлав шд. Ер нь хаа нэгтээ санаандгүй монгол гэдэг үг сонсохоороо гэрээрээ л хөөрнө. Мэдээ энэ тэрээр эх орны минь тухай таагүй зүйл гарвал дургүй талдаа. Өмөөрнө шүү дээ.

Гадаада байгаа эх орон нэгтнүүд минь ч мөн адил ханддаг байх тийм үү?

За энэ удаад ийм номноос монгол гэдэг үг олж уншсан юм л даа.
"Шувуудын хачирхалтай үүр" гэдэг ном. Гаричгнаас харахад л ойлгомжтой. Шувуудын сонин хачин үүрнүүдийн тухай. Хэлбэр дүрс, материал?, байрлал, хэмжээ гээд л янз янз. Танин мэдэхүйн их хөөрхөн ном.

Тэрэн дунд гэдэг шувууны тухай бичсэн хуудас. Монгол гэдэг үг гарсан. Өөрийн мэдэлгүй хоёр бие лүүгээ харсан.

Латин нэр нь Remiz pendulinus гэнэ. Англи нэр нь European penduline tit гэнэ. Монголоор хайгаад олсонгүй ээ. Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй.

За энэ шувууны үүрийг "Монгол зэрэг эрс тэс уур амьсгалтай газар хүүхдийн оймс болгон ашигладаг байж. Үүнээс харахад энэ үүр нь маш дулаахан, бат бөх гэдэг тодорхой." гэж бичсэн байна.

Үнэн эсэхийг нь сайн мэдэхгүй ч, Монгол тийм хүйтэн юм уу ээж ээ? Тийм ээ, японоос хүйтэн. Гэсэн харилцан яриа өрнүүлэв.

2 дахь зургийг толгойгоо гэлжийлгэж байгаад сайн хараарай. Нээрээ л оймсны хэлбэртэй байгаа биз?

Өөр зөндөө сонин хачин хэлбэртэй үүрний тухай гарсан байсан. Японд байдаг хүмүүс номын сангаас зээлж хүүхдүүддээ уншуулаарай. Ёстой хөөрхөн ном шүү.

Заримдаа ингэж үр хүүхдүүддээ дэглүүлэх их зүгээр вм байна шүү. Өөрөө ч бас суралцаад. Зураг зурж чаддаггүй хүн чинь зураач болохоо шахав шд бас. Хэ хэ.

Оригами-чин болохоо шахав бас. Янз бүрийн л бүтээл туурвив. Дараа бөөгнүүлж байгаад зураг оруулна аа.

Гэснээс гол зүйл. Өвчин нь эдгэсэн шүү. Халуурч бариагүй болохоор өвдсөн ч юм шиг, өвдөөгүй ч юм шиг л байлаа. Хөнгөн туссан бололтой. Ангийнх нь ганц нэг хүүхэд бүр 40 хүрч халуурч, бас нэг охин халуурахын зэрэгцээ 4 газар хавдаж барьсан гэнэ. Гэх мэт сонсоод миний ингэж жаргалтай гэгч нь дэглүүлэх ч юу ч биш, харин ч зулзагатайгаа цагийг зугаатай  өнгөрүүлсэн байна шүү л гэж бодов. Нэг их удалгүй томроод ээж ээ, ээж ээ гээд гүйх нь багасаад, биеэ даагаад, үнсэж үнгүүлэх нь ч ховрын үзэгдэл болно доо гэж бодохоор...

Sunday, September 18, 2016

Шагнал

1985, 1993, 1998 оны Болор цомын эзэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн

Шагнал

Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Орон минь намайг
Эрх чөлөөгөөр шагнасан
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийдөхөд
Өөлөн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Үхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодоогүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн
Орчлонг хувьсагасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон
Алаг эрээнтэй
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал
Эгэлхэн шүлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элин улирсан
Түүх ч миний шагнал
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулсын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохиойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ухаарсан алдаа минь хүртэл шагнал
Надад байгаа миний бүхэн миний шагнал
Надад илүү шагнал хэрэггүй ээ?
Харин
Амраг ханийг минь
Ачдаа дуулах бүүвэйн дуугаар шагна
Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад
Дуугаа хөлдтөл гуугалж яваа эцгийг минь
Нараар шагна
Дун цагаан үс нь
Намрын салхинд хийсч
Дуутын шаргал хөтөл дээр
Намайг харуулдаж үогсоо
Ижийг минь
Мөнхийн усаар шагна
Дайны айдсаар түгшиж байгаа
Дэлхий минь
Энх амгалангаар шагна
Шагна

1985 он.

Монголоос ирсэн хуанли-с хуулж бичив.

Шагналд дуртай хүмүүст уншиж өгмөөр шүлэг үү тэ. Нэг бол шагнах дуртай хүмүүст. 4 жилийн хугацаат албан тушаалд байгаа дээрээ гээд болсон болоогүй хүнийг шагнаад байдаг гаруудад уншаад өгчихмөөр ч юм шиг.

Saturday, September 17, 2016

Гахайн хавдар

Бага зулзага шинэ долоо хоног эхлэв үү үгүй юу өвдөөд. Өглөө босч ирээд чихний доохон өвдөөд байна гэв. За яг л гахайн хавдар байна гэж таасан, оносон.

Яагаад ингэж эмч шиг шууд таасан, оносон гэхээр цэцэрлэгээс нь нийтийн имейл хаягт захидал ирсэн байсан юм хэд хоногийн өмнө." Ахлах ангид гахайн хавдар тусаад 5 хүүхэд гэртээ амарч байгаа, та бүхэн ч гэсэн хүүхдийнхээ биеийн байдлыг сайтар ажиглаад, хэрэв сэжигтэй байдал ажиглагдвал эртхэн эмчид үзүүлээд, сайтар амраах хэрэгтэй шүү. Цэцэрлэгийн хамт олноос." гэсэн байсан юм.

Тэгээд л шууд оношилсон хэрэг. Хэ хэ.

Хүүхдийнхээ өвдсөнд сэтгэл зовнихгүй, хагас сайнд нь болох тамирын өдөрлөгтөө оролцож чадахгүй болох нь ээ гэж бодоод байгаа юм биш үү энэ ээж. Хэ хэ.

Яг ид халуунаар л тэр тамирынхаа өдөрлөгт бэлдээд, гүйгээд харайгаад, бүжиглээд, хуурдаад гээд л өдөр бүр хар хөлс нь цувчихсан тарж ирдэг байсан болохоор тэр. Тэгж их бэлтгэл хийж хийчихээд, тамирынхаа өдөрлөгөөр алтан медаль авна гээд хөөрөөд байгаа бага зулзагаа харахаар яаж ийгээд л тэр тамирынх нь өдөрлөгт оролцуулмаар болоод байгаа юм чинь.

За тэгээд энэ гайхал гахайн хавдарт чинь таарах тохирох эм, эмчилгээ гэж байдаггүй юм байна. Гэрт нь сайн асарч тойлж, амраах хэрэгтэй байдаг гэнэ. Халдварлах өндөр чадвартай тул сургууль цэцэрлэгтээ явалгүй гэр зуур амардаг юм байна.

Далимдуулаад би бас амраад л сууж байна. Ямар азаар энэ долоо хоног бага сургууль явж улс эх орноо танилцуулах арга хэмжээ байхгүй юм.

Юм идэхээр доод эрүү хавьд нь өвдөөд эмчийн бичиж өгсөн өвчин намдаах эмийг 2 өдөр уусан. 3 дахь өдрөөсөө өвдөөд өвдөөд гэх нь гайгүй болсон. Хоолой нь жаахан улаан байна гээд бичиж өгсөн 4 хоногийн эмээ бол бүгдийг нь уусан. Эм зүйч угаасаа эм бичиж өгөхдөө тайлбарлаж өгдөг юм. Жишээ нь энэ эмийг өвчин нь эдгэсэн ч дуустал нь уух, харин энэ эмийг яг өвдсөн үедээ л ууна. Өвдөхөө больсон үед уугаад хэрэггүй гэх мэт.

Хамгийн зэвүүн нь ямар нэг халдварт өвчин тусаад эдгээд, албандаа явахдаа заавал эмчийн зөвшөөрөл хэрэгтэй. Тийм бичиг нь цэцэрлэг, сургуульд нь байж байна. Тэрийг аваад эмчид үзүүлж байгаад хэрэв албандаа явж болно гэсэн тохиолдолд эмч зөвшөөрч тамга дарж өгнө. Халдварладаг өвчнүүдийг жагсаасан бичиг байдаг юм. Тэндээс тухайн үед өвдсөн өвчнийг нь дугуйлаад л, он сар өдөр бөглөх гэх мэт зүйлсийг бөглөөд л тамга дарчихна, уг нь ядах юмгүй. Хэ хэ.

Жаахан наана нь таньдаг эмч мэмчээрээ тамга даруулна гэсэн ойлголт байхгүй. Юмыг яаж мэдэхэв баригдчихвал эмч нь хүртэл бангадуулах тул, тийм эрсдэлтэй, амьдралаасаа салсан зүйл хийхгүй.

Өнөөдөр оройхондоо очиж үзүүлнэ дээ. Эмч гуай юу гэж үнэд орох нь уу? 10-14 хоног албандаа явдаггүй амардаг гэсэн. Тухайн хүүхдийн эдгэж байгаа байдлаас хамаарна даа гэсэн. Хавдар нь хэр бууж байгаагаас болно гэсэн. Халуурдаг хүүхэд байдаг юм байна. Бага зулзага халуураагүй. За тэгээд эрэгтэй хүүхдэд бас л их аюултай өвчин юм гэсэн. Эрэгтэй хүүхэд гэлтгүй эдгэсний дараа тархинд нь ямар нэг юм үлдэх гэх мэт эрсдэл байдаг юм байна.

Тэгж бодохоор тэр тамирын өдөрлөг мөдөрлөг бол ярьшиг л байна тийм ээ. Амьдрал баян, цаана нь сургуулийн тамирын өдөрлөг мөдөрлөг гээд л больёо гэтлээ л тамирын өдөрлөгдөнө.

Цэцэрлэгийнх харин байхгүй, энэ жил ахлах бүлэг тул. Уг нь хөөрхөн бүжгийн хөтөлбөр байсан юм...

Над мэт шиг гэрээсээ хол ээж нарт жаахан хэцүү, хүүхэд өвдөх. Чухал ажилтай үед ч юм уу, олон хоног ажлаасаа чөлөө авах тохиолдолд эмээ өвөөгий нь дуудаж харуулмаар болоод, монголд ээж аавдаа эрхлээд л байж байгаа хүмүүст атаархахыг минь яана гээч. Хэ хэ.

Thursday, September 15, 2016

Сэтгэл хангалуун амьдрахад

Дажгүй гэсэн санаануудаас нь орууллаа.

Ер нь энгийн, мэдээжийн гэх зүйлүүд их байсан.

  • Амьдарч буй орон гэртээ дахин дахин дурлах. Анх нүүж орж байсан үеэ дурсан дурсан, дурлах. Тэгвэл хөглөрөөд байгаа гэрээ цэвэрлэх, хөглөрөхгүй байлгах урам зориг орох. Үглэх аргаар биш үлгэрлэх аргаар хүүхдүүдээ тоглоомоо хураадаг, хувцсаа эвхдэг болгох.
Намайг л хэлээд байлаа энэ хүн. Хэ хэ. Би ч үглээд үглээд явчихна шүү дээ. Тэгсэн хэрнээ өөрийнх нь уншиж байгаа ном, оймс өмд зэрэг гарахад ойрхон гээд хөглөрүүлчих тохиолдол их байна. Засах гэж маш их хичээж байгаа.

  • Хөдөлгөөнийг өдөр тутмынхаа амьдралд оруулж хэвш. Жишээ нь цахилгаан шат биш шатаар алхаж өгсөх. Ойрхон дэлгүүр лүү унаагаар биш алхаж явах. Гэр цэвэрлэх чинь ч бас нэг төрлийн хөдөлгөөн. Тийм болохоор түүртэлгүй гялс мялс цэвэрлэчихэж байх. Цэвэрлэгээний хуваарь гаргах. Гэр бүлийнхээ гишүүдийг ч үүндээ оролцуулах.

Энэ бас л намайгаа хэлээд байна. Би чинь гэр цэвэрлэх тал дээр жаахан лазан тэрий шүү дээ. За цэвэрлэе дээ гээд л яваад байх. Хэ хэ. Тэгснээ наана нь нэг ном барьж аваад, нэг блог бичээд, нэг юм нэхээд гээд сатаараад л явна. Харин суугаа ажил хийдэг тул 00 орохдоо нэг давхрын биш 2 давхрын 00 орж байгаа, нэлээд дээрээс. Ингэхийн тулд шатаар өгсөнө. Бас нэг том талбай тойрж алхана. Ойрхон дэлгүүр орохдоо алхдаг болж байгаа.

  • Өглөөний цайгаа тогтмол уух, ингэж уухдаа тухтайхан шиг суугаад, амтыг нь мэдэрч уух. Завгүй ээжүүд ихэвчлэн ямар нэгэн юм хийж байхдаа босоогоороо, нааш цааш холхингоо уудаг даа. Үүнийгээ л больчих. За тэгээд хүүхдүүд бага байх үед бол энэ хэвийн үзэгдэл болох нь их. Оройдоо хийчихэж болох бэлтгэлээ оройдоо хийчихээд, өглөөдөө өөртөө цаг зав гаргаж сур бүсгүй ээж минь.
Би ч бас нэг хэсэг тийм л байсан. Бага зулзагынхаа албаны бэлтгэлийг хийж байхдаа л ам руугаа нэг юм чулуудаад л. Ойрд арай гайгүй л болж байна. Хэ хэ.

За тэгээд өдөр бүрийг онцгой өдөр мэт амьдар. Ингэхийн тулд дээрх энгийн мөртлөө чухал зүйлүүдийг санан санан хэрэгжүүлж хэвших.

Бас л уншиж дуусаагүй байгаа тул уншаагүй үлдсэн хэсэгт гоё зөвлөмж байвал бичнэ ээ.

Wednesday, September 14, 2016

Бага сургуульд орох бэлтгэл

Ирэх жилийн 4 сард хичээлийн шинэ жил. Бага зулзага сургуульд орно. Хурдан байна уу? Ёстой хурдан цаг хугацаа.

Бид бол ирэх жилийн 4 сар хүртэл зай ч байна гээд л тайван амгалан байна. Гэтэл энэ япон улс тийм биш. Бидний өмнөөс санаа зовоод л байх улс юм. Хэ хэ.

Яасан гэхээр дугтуйтай захидал ирэв. Ирэх жил сургуульд элсэн орох нас нь юм байна. Хэрэв япон улсад сургуульд орох хүсэлтэй байгаа бол бүртгэлийн хуудсыг бөглөөд ийм ийм бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ үү гэсэн байв.

Өдрийн сайныг харж байгаад л хотын захиргааны боловсрол хариуцсан хэлтэст очив. Өдрийн сайн гэдэг нь завтай өдрөө харсан шүү, шашин машинтай холбов оо. Хэ хэ.

Уриалгахан гэгч нь хүлээж аваад, хэд хэдэн асуулт асуугаад, бичиг баримтуудын минь хуулбарыг авав.

Асуулт 1. Япон улсад сургуултд элсэн суралцах хүсэлтэй байгаа юу? Суурь? албан ёсны? боловсрол тул иргэншил хамаарахгүй сургуульд сурах эрхтэй.

Асуулт 2. Япон хэл ойлгохгүй ч юм уу? хэл усны тал дээр санаа зовж байгаа зүйл бий юу? Хэрэв байвал хэл ус үнэгүй зааж өгөх тогтолцоо байдаг, түүнийг ашиглаж болно.

Асуулт 3. Сургуульд ороод ч хэл уснаас гадна ямар нэгэн санаа зовоосон зүйл гарвал багш нараар, сургуулийн холбогдох хүмүүсээр дамжуулаад бидэнтэй холбогдоорой.

Асуулт 4. За охиныг нь бүртгээд авлаа. Удахгүй хаягаар чинь эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бичиг, харъяа сургуультайгаа очиж танилцах бичиг зэргийг цаг тухай бүрт нь шуудангаар явуулна аа.

Цаг зав гарган ирж бүртгүүлсэнд баярлалаа. Болгоомжтой явж хариарай.

Нэг иймэрхүү. Тэгээд л бодлоо, ийм хурдан сургуульд орох болчихдог. Бас иймэрхүү зохион байгуулалт сайтайн ач буянаар бид ч бэлтгэлээ эртхэн базааж эхлэнэ.

Юу юу бэлдэхийг сургууль нь маш дэлгэрэнгүй хэлээд явчихдаг юм билээ. Эндээ бас бичээд явна аа.

Гэх мэтчилэн бүхэл бүтэн хагас жилийн өмнөөс боловсролынхоо байгууллагатай хамтран сургуульд орох бэлтгэлээ хийж байна. Аниагийнхаа хэрэглэж байсан зарим нэг зүйлсээс хэрэглэнэ дээ. Тийм тохиолдол их байдаг юм билээ.

Tuesday, September 13, 2016

Тамирын өдөрлөг

За энэ 9 сард 2 хагас сайн өдөр нь хоёр зулзагын тамирын өдөрлөг, хоёр бүтэн сайнд нь хорооны, уулынхны тамирын өдөрлөг болно.

Үүнээс хамгийн эхний бүтэн сайнд уулынхны тамирын өдөрлөг болсон. Сурагчдын тоо цөөхөн тул хороо сургууль хоёроо хамтатгаад зохион байгуулчихдаг юм билээ.

Нэг уралдаан үзүүлбэрт оролцоод л нэг хайрцаг сальфетка авна. Хань ижил бид хоёр уригдаж очиж оролцоод зөндөө сальфеткатай ирсэн. Хэ хэ.

Хоёр дахь долоо хоногийнх нь хагас сайнд том зулзагын тамирын өдөрлөг. Өглөө эртлэн босч өдрийн хоолоо бэлдэж аваад л явна. Том зулзага бол яг л сургуульдаа явдаг цагтаа гараад л явна.
Үүндээ бэлдэж байна гээд л хар халуунд урсаж өгсөөн. Дээрээс нь сургуульдаа ирж очихын нийлээд 1 цаг алхдаг болохоор ядарч үхэх гэснээ гайхсан хүн орж ирнэ.
Энэ их хөөрхөн тэмцээн. Том том дөрвөлжин мөсийг дунд сургуулийн 2-р ангийн (8-р анги)эрэгтэй сурагчид цээжин биеэ нүцгэлж байгаад л тэвэрч гүйнэ. Түрүүлж барианд орох ёстой. Бээлийн өмсөнө. Замдаа бүдэрч унана, мөсөө унагаана гээд л хөгжилтэй. Өөрийн эрхгүй "хичээгээрэй" гэж орилох юм билээ.

3 дахь хагас сайнд нь бага зулзагын тамирын өдөрлөг. Үдээс өмнө л зохион байгуулагдана. Өдрийн хоол бэлдэж байна гэж ядрахгүй, амар. Хэ хэ.

4 дэх долоо хоногийн бүтэн сайнд хорооны тамирын өдөрлөг. Хань ижил буухиа гүйлтэнд нь гүйнэ. Ингэж оролцох тамирчинд өдрийн хоол гарна гэсэн.

Би бол дагалдан баясаж, япон ээж аавуудыг шинжсэн шиг л сууж байна шүү дээ. Хэ хэ. Дунд сургуулийнх нь арга хэмжээний үеэр япон ээжүүд гэж чөрийсөн чөрийсэн, хацар мацраа ягаа бутруулсан хүүхнүүд энд тэнд хэсэг бүлгээрээ буу халаастай. Цэцэрлэг, хорооныхон бол эрт очиж гоё газар аваад түүндээ дэвсгэрээ дэвсэж суугаад л хөгжөөн дэмжээстэй.

Одоогийн байдлаар 2 тамирын өдөрлөгийн ард гарчихсан. Үлдсэн 2-ыг нь амжилттай давчихвал ч...

Амжилттай давчихвал ч гэсэн хэд хэдэн арга хэмжээ байна аа, тэгээд л 9 сар дуусааский болох нь.

Гэснээс хөөрхөн хөөрхөн тэмцээн их байдаг юм билээ. Хөрөнгө мөнгө нээх орохгүй, гарын доорх материал ашиглаад л хийчих. Зун албан газрынхаа зугаалга зэрэгт санаа авмаар байна  гэсэн хүмүүс жич холбогдоорой. Хэ хэ.

Monday, September 12, 2016

Монголын минь үрс маш олон болтугай

Хүүш л дээ, энэ бичин жил тээр жилийн алтан гахай жил шиг сайн жил үү? Хэ хэ

Яасан гэхээр миний эргэн тойронд жирмээ ээжүүд их ч гэж юүхэв. Эхнээсээ төрөөд, охинтой боллоо, хүүтэй боллоо гээд л мэдээ ирээд байна.

Тэгээд л бодсон юм л даа. Бичин жил нь чухам сайн жил таараад монголын үрс үржээд байна уу? Тохиолдлоор ингэж найз нөхөд, хамаатан садан, танил нөхдүүд төрөөд байна уу? гэж.

Хэрэв сайн байсан юм бол наддаа хэлчихгүй дээ, Тэгсэн бол би ч гэж гялалзуулах байсан юм. Ккк
Одоо ч өнгөрсөн л дөө. Амжихгүй. Тахиа жилд төрөх болно. Тахиа жил ямрыг мэдэхгүй л дээ. Хэ хэ.

Холбогдсон ихэнх хүмүүс одоо та 2 минь дахин нэг маамааны ая бодох байгаа л гэдэг болов. Ккк.

За тэгээд төрсөн шинэхэн ээжүүд минь биеэ сайн бодоод, гам сайн хийгээрэй.

Шинээр ээж аав болсонд, дахин бяцхан маамаатай болсонд гээд бүгдэд нь баяр хүргэе.

За тэгээд нэг зүйл ажигласнаа бичье.

Байсгээд л тэр төрөхөд таньдаг эмч, эх баригч, сувилагч бий юу гэдэг асуулт. Заримдаа энэ эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйлчилгээг ойлгохгүй юм. Хүн болгонд л сэтгэлээрээ үйлчилчихгүй, заавал таньдаг хүн хайлгаад царай алдуулаад байх.

Бололцоотой, танил талтай нэг нь ч тэгсгээд л чимээгүй төрчихөж байна л даа. Хөдөө орон нутгаас орж ирээд удаагүй байгаа, шинээр айл гэр болоод анхны хүүхдээ өлгийдөж авах гэж байгаа зэрэг хүмүүст тэр танил эмч нь, эх баригч нь, сувилагч нь байхгүй болохоор аргаа бараад хаа хол байгаа надаас асуудаг байх даа, хөөрхийс. Би ч ямар анагаах төгссөн ч биш, эмч ч биш ямар юмных нь тийм танил тал байхав даа. Яахав ажлынхаа буянаар ганц нэг эмч хүмүүстэй танилцсан л даа. Тэд нараас хаа холоос ийм тийм хүнийг тэгж балешиглаад өгөөч гээд л гуйна аа хааяа даа.

Тэгээд л боддог юм. Хэцүү ч юм аа даа гээд л.

Ямар сайндаа олон ах дүүстэй улс дотор нэг эмч хүн байх зайлшгүй хэрэгтэй юм, сувилагч хүн хэрэгтэй юм гэж яригдаж байхав дээ.

Ганц нэг жишээ гэвэл хяналтандаа эх нялхаст явж явж байснаа, төлөвлөгөөт төрөх өдрөө тогтчихоод урд өдөр нь хэвтэх гээд очсон чинь харъяа эмнэлэгтээ үзүүлж төр гээд хөөх.  Тэгээд л өнөөх жирэмсэн эх маань дахиад л тэр энэ эмнэлэгт таньдаг эмч байна уу гэж сураглах. Томоос том гэдэстэй эх хүнийг тэгж тамга даруулж ир, маягт бөглөж ир гээд нааш нь цааш нь гүйлгэх. Ядаж байхад түгжрээд явахгүй.

Ганц төрөх тасаг дээр ч биш, ер нь эмнэлэгт үзүүлнэ гэдэг танилгүй хүмүүст туйлаас ядаргаатай байдаг. Тийм болохоор ард иргэд маань жилдээ нэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаасаа халширдаг, тэр байтугай өвчнөө үзүүлэхээсээ халширч явсаар даамжруулдаг.

Дарга нар ч яахав тусгай үзүүлдэг эмнэлэгтэй болохоор иргэдийнхээ энэ мэт бэрхшээлийг мэдэрдэггүй ч юм уу? Мэдэхийг хүсдэггүй ч юм уу? Бүр болохгүй бол гадаадад гараад л эмчилүүлчихнэ. Зардал нь яг хэний халааснаас гардаг нь бас л эргэлзээтэй...

За тэгээд тун удахгүй зөв гольдролдоо орох байгаа тэ. Ямартай монголын үрс маш олон болтугай. Бүх маамаа нарыг үнэрлэе.

Saturday, September 10, 2016

Нутгийн минь идээ

Нутгаас минь идээний дээж ирээд. Гоё байна өө.

Дээр нэг хүн бяслаг өгсөн юм. Нэг өдөр хөргөгчөө уудлаад л нээх гоё идчихмээр юм байна уу гэж харж харж байснаа нутгийхаа бяслагийг гаргаж ирж нэг том хазаж байж билээ. Даанч дорхноо л дуусчихсан.

Харин энэ удаад шар доктор чацаргана. Хэ хэ. Шингэлээд уухаар гоё шүү. Бага зулзага ч дуртай ууж байгаа.

Та хэдийг гоё газар, хүнс сайтай газар байгаа болохоор өгөх юм олдохгүй юм өө гэх. Харин бид чинь нутгийхаа амтыг санасан улс байх. Цагаан идээ, мах, жимс жимсгэнэ, самар гээд л.

Заримдаа ч сайхан шинэхэн өрөм талхан дээр түрхээд идэх юмсан гэж боддог юм шдэ. Хийж идэх гэсэн болж өгөөгүй, хуруу зузаан өрөм тогтдоггүй юм билээ. Сүүнийхээ тослогийг бүр үнээнийхээ идэшнээс нь авахуулаад хяначихдаг болохоор тэр байх гэж таасан.

За энэ шар доктороо шимэн шимэн бага багаар ууна даа, хэд хоног. Дүү нартаа баярлалаа.

Бас танил ахын өгсөн самарыг хэд хоног чөмөв. Багахан байсан болохоор дорхноо л дуусав.

Айраг нэг стакан олж уух завшаан тохиов. Аяа сайхан байсан шүү.

Удахгүй бас ижий аав 2-нхоо тарьж ургуулсан чацарганыг захиж авчруулаад өвөлдөө чанаж ууна даа. Түүхэд жаахан төвөгтэй, аав минь л байсгээд л гарч түүдэг гэсэн.

Ойрхон бол ирж түү гэхгүй юу л гэдэг юм, хөөрхий минь.

Нутгаа, ижий аавыгаа санахын жаргалаа гэж...

Thursday, September 08, 2016

Гуйлтанд учир

Гуйх хүн бөхийж
Гуйлгах хүн гэдийнэ

Өө зөндөө л олон янзын гуйлт байна шүү дээ.

Би ч өөрөө хүнээс их гуйна, хүн л болсон хойно. Аль болох хямраачихааргүй гуйлт байлгах юм сан гэж хичээнэ шүү дээ. Заримдаа санаснаар болдоггүй ч...

Энэ удаад гуйлгасан тухайгаа бичих гээд л. Учир нь зарим нэг гуйлтаас болоод сэтгэл санаа давхар хямраад л явчих юм.

Өөрийн чадах зүйл байвал дуртай нь аргагүй л тэгээ тэг, бараг гуйгаагүй байхад нь надаас гуйгаарай гэх нь холгүй. Хэ хэ.

Саяхны нэг сэтгэл санаа хямраасан гуйлт гэвэл том зулзагынхаа эрүүл мэндийн даатгалын картыг зээлдүүлээч, монголоос ирсэн, даатгалгүй хүн үзүүлэх гэсэн юм.

Шууд л чадахгүй л гэлээ. Өвчнийх нь түүх үлдэнэ шүү дээ. Хойшид энэ улсад хэдэн жил ч амьдараа билээ? Тэгээд ч өөрийн гэсэн үзэл бодолтой, тэрийгээ ижий аавдаа чөлөөтэй илэрхийлдэг болж байгаа хүүхдийнхээ чухал картыг хууль бус зүйлд ашиглуулчихвал уурлана биз дээ.

Зүгээр ч нэг ханиад биш, нэлээд том зүйлд ашиглах гэж байсан болохоор амнаас шууд л чадахгүй гэдэг үг гарсан. 

Тэгээд ч энэ үйлдэл нь баригдчихвал зээлсэн, зээлдүүлсэн хоёулаа л торгуульна. Нэг ёсны залилан шүү дээ.

Бас жилийн эцсээр бүх л эмнэлэгт үзүүлсэн зардал он сар өдөртэйгөө ирнэ шүү дээ. Бид хань ижлийн компанийн шугамаар эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал зэрэгт хамрагддаг тул юмыг яаж мэдэхэв ажлынх нь газрын даатгалын асуудал хариуцсан хүн нь олоод харчихвал, хүүе том зулзага чинь тийм асуудалтай байсан билүү гээд л асуугаад явчихвал бид юу гэж хариулах уу?

Гэх мэтээр ургуулан бодоод л сууж байна даа.

Монголоос ирсэн оюутнууд хоорондоо ингэж их солилцдог гэж нэг хүнээс сонсож байсан юм. Яахав тэд төгсчихөөд эндээ үлдэж ажилд орохгүй, хэдхэн жил болоод буцчих тул асуудалгүй байж магад. Овоо хэдэн жилээр үлдэж ажиллах хүмүүст бол юмыг яаж мэдэхэв сүүлд нь асуудал үүсгэж магадгүй шүү дээ, тийм үү?

Эсвэл би хэт амиа хичээгээд байгаа юм болов уу?

Чадахгүй гэж хэлчихээд, тус болж чадаагүйдээ хэсэгтээ л сэтгэл хямраад, өгчихдөг ч байж уу гээд л бодогдоод байх юм.


Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Буруу явбал будлиантай будлиантай замбуулин

Энэ сүүлийн бадгийг хэдэн жилийн өмнө хамаатны жаахан хүүхэд зохиож дуулж байсан юм. Тухайн үед өхөөрдөөд л өнгөрч байж. Сая харин санаад бичиж сууна.

Хүний хэрэгтэй, үнэтэй цайтай бичиг баримт, карт зэргийг хээв нэг гуйдагаа уг нь больчихвол тэ. Адаг сүүлд нь өгөөгүй бид л буруутай болж хоцрох байх даа.Ямар хүнсний дэлгүүрийн оноо цуглуулдаг карт өгч авалцах гэж байгаа биш.

Бас ихээ олон жилийн өмнө  нэг хамаатны ах банкны дэвтэр нээлгээд, картыг нь өгчих гэж гуйгаад, би ч юм бодолгүй за гэж хэлээд карттай болов оо, өгч явуулахын даваан дээр нэг учир мэддэг хүнд загнуулаад явуулахаа больчихсон. Хэ хэ.  Тэр ах хараар байсан юм.

Бас л олоон жилийн өмнө хань ижлийг нэг найз нь гадаад иргэний оршин суугчийн картныхаа хуулбарыг өгчих гэж гуйгаад, би урд нь учир мэддэг хүнд загнуулж байсан юм болохоороо хань ижилдээ учирлав. Тэгээд өгөөгүй шд.

Хүний газар хараар хэцүүдэж явсан олон улсад тус бололгүй, амиа хичээсэн улс даа би ч.

Гэхдээ бид ч бас хүний газар улс эх орныхоо нэрийг аятайхан авч явах гэж хэрэндээ л хичээж байгаа улс шүү гэдгийг ойлгох хэрэгтэй гуйж байгаа улс ч гэсэн, тийм ээ.

За тэгээд гадаад оронд ирсэн элэг нэгт хүмүүс минь толгойгоо, сэргэлэн зангаа зөв л зүйлд зарцуулахыг хүсье. Зөөлөн зөөлөн зөв амьдарцгаая.

Wednesday, September 07, 2016

Гараа минь амжилттай

9 сарын 1
Ерөөсөө бидний баяр даа.

Хичээлийн шинэ жилийн гараа амжилттай биз дээ, уншигч олон түмэн минь.

Жил бүрийн өдийд бага сургууль явж улсаа танилцуулдаг даа.

Ажлын газраас минь зохион явуулдаг арга хэмжээ.

Энэ жилийн гараа минь ч амжилттай боллоо. Сая нэг дэх өдөр очсон сургууль ганц л монгол улсын танилцуулгыг хүссэн байсан.

Ганц улс дангаараа очих тул цаг хангалттай байсан учир ажлынхаа газрын хариуцаж буй хүнтэйгээ ярьж байгаад нэг монгол оюутныг дайчлав. Тэр оюутны дүү нь амралтаараа ирсэн байгаа тул азны юм гээд давхар дайчлав.

Миний ажил хөнгөлөгдөнө гэсэн үг. Бага хугацаанд юм юм л танилцуулмаар болоод байдгийг хэлэх үү.

Хүссэн бүхий л зүйлээ танилцуулж амжсан.

Энэ жил шинээр нэг зүйлийг өөрийн танилцуулгадаа оруулав. Нэг ёсондоо агуулгаа баяжуулсан. Хэ хэ. Хэлэх гэхээр жаахан санаа зовоод,  өөрөө чадахгүй байж түүнийгээ хаа байсан арлын орны хүүхдүүдэд зааж маагаад байгаадаа. Ккк.

Дараа нэг дураа хүрвэл зураг оруулна аа. Юуг айхтар сүрхий мэдээд, заагаад, танилцуулаад байгаагаа.

Хамгийн сүүлийн сургууль явах өдөр 12 сард байгаа. 12 сарын дуустал өөрөө өөртөө амжилт.

Гэснээс хэдхэн сарын дараа шинэ он гарах гэж байна. Сая 12 сарынхаа ажлын хуваарийг харж байгаад гэнэт л юу билээ? Ийм хурдан он солигдох гэж байгаа билүү гэж бодов. Тэр болтол ажлуудаа нэг нэгээр нь амжилттай дуусгаад ард нь гараад байвал ч болох нь тэр дээ.

Та нартаа ч бас амжилт. Шинэ он гарах хүртэл урд урдах ажлаа хичээгээрэй.