Wednesday, September 28, 2016

Чамаас олсон эх орон минь

2000 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг

Чамаас олсон эх орон минь

Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой аль алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахаар минь таних гэж тоссон эх орон минь ээ
Ижийгээ би чамаас олсон
Ижилгүй дуурайг гэж зүсийг нь өвчиж төрсөн
Дахиад ямар цээжин дотроос нь түлхэх биш
Даалимбан дээлийх нь норгойг шалба норгож унасан
Сайхан ижий минь манайгаа үүрч алхахад
Салхи чинь хүртэл хүнддэнэ гэж хийсч одсон
Ижийнхээ нурууг амрааж хөлд орохын цагт минь
Ивж ургасан өвс нь галж сөгдсөн эх орон минь
Ижийгээн би чамаас олсон
Гуниггүй залуу насаа би чамаас олсон
Гайхуулж бас гайхаж үрсэн он жилүүдийг чинь
Үсээ үадалж, бүсээ тайлж сарыг чинь өвөртөлж хоноход
Өрөвдсөн байлгүй үүрээр зугатсан байсан
Үлгэр хэлүүлдэг насыг минь та харамгүй өгсөн атлаа
Үнэтэй цаг хугацаагаа надаар элээлгэсэн эх орон минь
Гуниггүй залуу насаа би чамаас олсон
Эрх танхил үрээн би чамаас олсон
Эрхлүүлэх гэж би дахин хэлд орсон
Ийм муухай амьтныг минь хөлд оруулах гэж
Их үдийн чинь наран ханын толгой дамжсан
Хамгийн нандин дуугаа үрийнхээ зулай дээр аялахад
Хүй дарсан газрын минь чулууд сонссон
Ирсэн болгоныг хувьтайд дуулгах шиг
Ивэлгэсэн вм шиг асгарсан бороотой эх орон минь
Эрх танхил үрээн би чамаас олсон
Сайхан амрагаан би чамаас олсон
Сартай шөнөөр хань хийж, салхиар чинь хүртэл гоёж үзсэн
Хилээн манах гэж төрүүлсэн олон эрсийн чинь
Хичнээнийг нь би шүлгээр уяруулж өөрийгөө манууллаа байз
Булгилсан зүрхийг минь шалгах гэж
Бусдын амрагийг үзүүлэн тохуурхаж
Булаалдаж эрхлүүлсэн эх орон минь
Сайхан амрагаан би чамаас олсон
Буцна буцна гэвч чамайгаан би айлгахгүй
Бууриа хөдөлгөвч надаар чи дутахгүй
Бусдаас гуйхгүй үхлийг хүртэл чамаас олохын цагт
Бурхад чинь хүртэл намайг булаалдана эх орон минь

2000 он.

2000 онд хорьж болдоггүй хорин насандаа явжээ. Хэ хэ. Яасан ч сайхан сонсогддог юм. Буцаад оюутан ахуй цагтаа нэг очоод ирэхсэн... Номын сан, зуугийн печень, пирошки гээд л сайхан дурсгалт үе минь...

2 comments: