Sunday, September 18, 2016

Шагнал

1985, 1993, 1998 оны Болор цомын эзэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн

Шагнал

Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Орон минь намайг
Эрх чөлөөгөөр шагнасан
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийдөхөд
Өөлөн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Үхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодоогүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн
Орчлонг хувьсагасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон
Алаг эрээнтэй
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал
Эгэлхэн шүлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элин улирсан
Түүх ч миний шагнал
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулсын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохиойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ухаарсан алдаа минь хүртэл шагнал
Надад байгаа миний бүхэн миний шагнал
Надад илүү шагнал хэрэггүй ээ?
Харин
Амраг ханийг минь
Ачдаа дуулах бүүвэйн дуугаар шагна
Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад
Дуугаа хөлдтөл гуугалж яваа эцгийг минь
Нараар шагна
Дун цагаан үс нь
Намрын салхинд хийсч
Дуутын шаргал хөтөл дээр
Намайг харуулдаж үогсоо
Ижийг минь
Мөнхийн усаар шагна
Дайны айдсаар түгшиж байгаа
Дэлхий минь
Энх амгалангаар шагна
Шагна

1985 он.

Монголоос ирсэн хуанли-с хуулж бичив.

Шагналд дуртай хүмүүст уншиж өгмөөр шүлэг үү тэ. Нэг бол шагнах дуртай хүмүүст. 4 жилийн хугацаат албан тушаалд байгаа дээрээ гээд болсон болоогүй хүнийг шагнаад байдаг гаруудад уншаад өгчихмөөр ч юм шиг.

No comments:

Post a Comment