Thursday, July 30, 2015

Арвин байг

Хайртай хоёр бурхан минь эхнээсээ ургацаа хураагаад эхэлчихсэн. Би нь нүүр ном, блог зэргээ ургацынх нь зургаар чимэх гэж нэхэж байж ганц нэг зураг авснаа орууллаа.
Үхрийн нүд
Өргөст хэмхнээсээ ганц нэг кг-г зарсан гэж байгаа. Усанд зориулсан зардлынхаа өчүүхнийг ч гэсэн эргүүлж олж авбал аштайв дээ, тийм ээ. 

Өөр бас бус ургац бий. Ажилсаг хоёртоо хайртай шүү.

Дандаа л гадныхныг мундаг гэж байхаар дэргэдээ байгаа мундагуудаа бас бичих минь тэ.

Дурлачихсаан

Хэн гээч. Би. Хэ хэ тоглосон юм аа. Бага зулзага дурлачихаад, их л шаналж байх шиг байна шүү дээ. Нэг орой унтах гээд гэрлээ унтраачихаад л буу халав аа.

-Би Кооки күнд хайртай.
-Тийм үү?
-Даанч тэр надаа хайргүй. Өөр охинд хайртай.
-Ангид нь өөр зөндөө банди байдаг шүү дээ. Тэднийхээ нэгэнд л хайртай болчихооч дээ, миний үрээ.
-Тэд нар чинь муу жаалууд.

Гэсэн харилцан яриа болоод, сонсож хэвтсэн аниа аав хоёр нь татаж унав аа. Миний инээд бас хүрээд л шууд инээчихэж болдоггүй. Надад хайргүй, өөр охинд хайртай тэр гэж хэлэхдээ бүр хоолой нь зангираад бүр үнэн сэтгэлээсээ шаналж байна.

Одооны хүүхдүүд айхтар болж байгаа гэсэн, ийм эрт дурлаж мурладаг болчихсон юм уу даа. Аниа нь бас цэцэрлэгт байхдаа нэг бандитай их найз, хоёр биенийхээ фен байсан юм. Гэхдээ тэр өөр охинд хайртай шд энэ тэрээ гэж шаналж байгаагүй л санагдаад байх юм. Хэ хэ.

Бодохоор л хөөрхөн санагдаад. Харилцах дэвтэрт нь бичсэн чинь багш нь бас инээгээд л, аав нь бяцхан шооконд орсон уу гээд асуучихжээ. Ангийн багш нь эрэгтэй, охинтой байх шүү. Аав нар охиноо өөрөөс нь өөр эрэгтэй хүнд хайртай болчихоор хэцүү байдаг байх даа. Эсрэгээрээ ээжүүд хүүгээ өөрөөс нь өөр эмэгтэй хүнд хайртай болохоор бас л хэцүү байх тийм үү. Хүү төрүүлж байж л мэдрэх байх даа. Хэ хэ.

Энэ дурлал хэр удах нуу? Өөр хүнд дурлахаар нь хэлнэ ээ. Ккк

Тоохгүй байгаа нэг муу хар юмны араас нэг их шаналаад хэрэггүй гэж хэлэх юм шүү. Ккк

Wednesday, July 22, 2015

Зуны амралт

Том зулзагын зуны амралт эхэлчихсэн. Бага сургуулийн зуны амралтаас юугаараа ялгаатай вэ гэвэл өглөө хар үүрээр босч гадаах цэцэрлэгт хүрээлэнд гарч дасгал хийхгүй.

Гэсэн ч өглөө хар үүрээр босно. Учир нь өдрийн хоолоо бэлдэнэ. Өдөр бүр өнөөх дугуйландаа явна. Зарим өдөр бүтэн өдөржин. Зарим өдөр үдээс өмнө, заримдаа үдээс хойш. Бүтэн өдөржин сургууль дээрх дугуйландаа өнжих бол хар үүрээр босоод л өдрийн хоолоо бэлдээд, давхар намайгаа чангалаад байна. Хэ хэ.

Өөрөө өндөг мөндөгөө шарж мараад мундаг байгаа ч, ээж нь хажууд нь бөндөгнөж бас бус зүйлийг нь бэлдэж өгөхгүй бол амжихгүй.

8 сарын 9-нд нэг тэмцээнтэй. Тэрэндээ л бэлдээд ингэж өдөр бүр явж байгаа гэсэн. Бусад төрлийн дугуйлан нь тэмцээн уралдаангүй, сайхан завтай байдаг л гэнэ. Гэхдээ тамирын чиглэлийн дугуйлан их завгүй гэсэн шүү. Өдөр бүр бэлтгэл сургуулилалт, улирлын чанартай тэмцээн уралдаантай байдаг гэсэн. Манайх харин ч гайгүйд нь орно гэсэн. Хэ хэ.

Зуны даалгавар нь бага сургуулийнхтай төстэй. Чанарын, хэмжээний хувьд арай хүндэрдэг юм уу даа.
-Ээж ээ?
-Айн?
-Энэ жил, яг өдөр өдрөөр нь л даалгавраа хийнэ ээ. Хурааж хурааж, сүүлд нь бөөндөхгүйгээр.
-За. Тэгж л үзээрэй. Одоо дунд сургуулийн сурагч болсон хүнд би лав үглэж чадахгүй шүү.
-За.

Яг одоогоор манайд их битий хий, бага битий хий, өдөр бүр хий гэсэн лоозонтой хүн нэг байна. Хэр удаан үргэлжлэх юм байгаа юм. Хэ хэ. Харж л байхаас. Амаа тас жимийгээд. Ккк

Tuesday, July 21, 2015

Зүгээр л нэг амьдарч болохгүй

Ц.Хулангийн өөрийнх нь хэлснээр зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад бичдэг гэдэг шиг би нь бас зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад блог бичдэг байх шүү.

Найрагч маань ч өөрөө зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад бухимддаг үе олон болтой.

Номонд бичсэн нэг зүйл нээрээ л тийм шүү гэж бодогдуулав. .

Монголчууд бид аливаа зүйлийг их өмчлөх дуртай гэж. Бүр бүхэл бүтэн хүнийг өмчлөх гээд байдаг нь. Далай ламыг монголд айлчлахад нь том дарга нар, тэдний гэр бүлийнхэн, хамаатан саднууд уулзах гээд дугаарлаад амар заяаг нь үзүүлдэггүй байсан тухай байсан. Тэхэд энгийн ард олон холоос ч болтугай барааг нь харчих санаатай чихцэлдээд л...

Монголчууд бидний шүтэж, сүсэглэж чадахаа байсанд харамссан тухай бичсэн байна. Үнэн шүү. Урдаа барьдаг хийдэд очиж мөргөнө, ном уншуулна, адис авна. Даан ч дотоод сэтгэл нь тэс өөр зүйл бодно, хүснэ...

Зон олны амьдрал
Зовлон тийш яарна
Зовсон хүн ядрахдаа
Бурхан тийшээ яарна...       Мастерс

За тэгээд зохиолч олон нөхдийнхөө тухай дурссан байсан. Найраг, зохиолуудыг нь амтархан уншдаг найрагчид, зохиолчдын  тухай сайхан дурсамжуудаа бичжээ. Ганц нэг хүний тухай ширүүхэн хэлсэн байсан лээ. Болж байгаа юм уу даа?  гэж санаа зовоостой. Өөртөө дайсан төрүүлээд. Одоо чинь хүлээцтэй хандаад, сонсдог нь бага болчихсон болохоор. Гэхдээ л ингээд шудрага, ширүүхэн хэлчихдэг хүн байхгүй бол гэж өмөөрөөд л сууж байна.

Залууст бас л шүүмжлэлтэй ханддаг нь таалагддаг. Алдаж үзээчээ, дурлаачээ, ажил хийж үзээчээ гэж нэг ярилцлага өгсөн байсан даа.

Гэх мэт зөндөө л зүйл бодогдуулахаар ном байсан. Аргагүй л уншигчдын хүсэлтээр 3 дахь удаагаа хэвлэгдэж буй ном санагдсан.

Сайхан ном унших боломж олгосон Гуталчин-д дахин гялайлаа. Хэ хэ

Friday, July 17, 2015

Санаандгүй бас нэг ном

Үүнийг бас Гуталчин-с авсан. Баярлаж байгаа шүү. Шууд би нь санаанд ороод намайг ном авах уу гэж асуусанд нь хэд хоног хөөрсөн гэж. Блогийнхоо ачаар хүний санаанд шууд бууна гэдэг өчүүхэн надад их хувь зохиолоо. Хуланг уншсан тул яруу сайхнаар ярьж эхлэх нь энэ. Хэ хэ.

Амайтай оюутан ахуйдаа хальт хамт сурч байлаа. Сүүлдээ аялаад алга болсон уу? яасан,  лав цуг төгсөөгүй шиг санаад байх юм. Төгссөн ч билүү, андуурч байж магад шүү.

Ангийн хамгийн хойно суучихаад л өнөөх юу гэдэг билээ? Гараа аман дээрээ барьж байгаад л нулимаад ч байгаа юм шиг урлагийн төрөл чинь? Ха ха. Тэр мэрийг хийгээд л сууж байдаг байсан. За би нь эгэл ноомой байсан юм болохоороо юм ярьж үзээгүй байхаа? Амайтай. Худлаа, ганц нэг үг сольж үзсэн юм байна. Нэг явцын шалгалтан дээр яг ард ирж сууснаа, ганц нэг ханз асуугаад... Жирийн үед дуугардаггүй хүн чинь шалгалтан дээр аягүй найзаа гэж ирснээ ханз асууж энэ тэр. Тухайн үедээ уур хүрч л байлаа.

Түүний нийлдэг байсан хүүхдүүд ч цаанаа нэг тийм өөр ертөнц байлаа, миний нүдээр.

Зарим нь энгийн үед хүүе хаая байснаа шалгалтны өдөр тоохоо байчихдаг нөхдүүд бас байдаг тээ. Тэр нь ихэвчлэн онц сурлагатангууд.

Би өөрөө алтан дундаж байсан болохоор алинд нь ч хамрагдахгүй энэ тэр. Ккк

Ном танилцуулах гэж яваад бурж өгч.

Хааяа блогийг нь уншдаг байлаа. Сүүлд уншаагүй уджээ. Номыг нь уншиж байна. Залууст санаа оноо өгөхөөр зүйл ихийг бичжээ.

Олон мундаг докторуудаар зөвлүүлээд, хянуулаад явсан гэдэг нь илт мэдэгдэж, уншихад урамтай байлаа. Агуулга талаасаа биш, зөв бичгийн дүрэм талд маш их анхаарсан байна. Ямар ч байсан алдаа олж харсангүй. Хэ хэ. Түүнээс зарим нэг номд олж хараагүй байхад харагдаад байдаг юм.

Бяцхан шүүмжлэл: Гөлгөр цаасан дээр хэвлэсэн болохоор заримдаа гэрэлд гялбаад. Номынхоо байрлалыг солих, нэг бол толгойгоо гилжийлгэж тусах гэрлийг тааруулж уншиж байна.

Ямар ч байсан жаахан тоодоггүй байсан хүнээ тоож эхлэх гэж байна. Нийгмийн элдэв асуудлыг адилхан бухимдуу хүлээн авч, засч залруулах юмсан гэж боддог нь сайхан. Тодорхой хүрээний дэмжигчтэй болсон тул дуу хоолойгоо цаашид ч гаргаарай, тэмцээрэй гэж амжилт хүснэм...

Thursday, July 16, 2015

Соёмбо

Бага зулзагын минь зурсан соёмбо. Нэг өглөө сэрчихээд хэвтэж байснаа гэнэт босоод, нэг юм зураад байв аа. Дараа нь албандаа явсан хойгуур нь юу зурж гэж харангаа зурсан цаасыг нь хаяхаар дэлгээд харсан чинь их хөөрхөн зурчихаж ээ. Өхөөрдөөд шууд зургийг нь дарлаа. Бас шууд нүүр номдоо орууллаа. Лайкийг бол  цуглуулж өгч байна лээ. Ха ха

Хананд минь томоос том далбаа өлгөөтэй байдаг юм. Эх орноосоо хол байгаа ихэнх залуус ингэж өрөөндөө далбаагаа хаддаг байх аа. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс нэг их тоодоггүй байж магад. Би лав гэрийнхнээсээ түрүүлж ирчихээд 4 сар болохдоо далбаа энэ тэрээ ханандаа өлгөнө гэж зүүдлээгүй л юм дааэ Тэгсэн хань ижил ирээд нэг их удалгүй далбаа минь байраа олсон доо. Нэг өдөр ажлаасаа тараад ирсэн чинь гэр нэг л өөрөө. Юу билээ? гээд гайхаж хэсэг зогсож орчноо тойруулж харж байснаа санадаг юм. Хэ хэ.

Нэг удаа угаалгын машинд хийж угаагаад жаахан онцгүй болгочихсон. Гараараа угааж баймаар юм билээ.

Бага сургуульд очиж улсаа танилцуулах, энд тэндхийн улсаа сурталчлах арга хэмжээнд далбаагаа байнга авч явна шүү дээ. Гэхдээ гэрийнхээ далбааг биш, ажлаасаа зээлж аваад явна. Учир нь манай ажилд олон улсын далбаа байдаг юм. Тоог нь санадаггүй ээ. Монгол гэхэд 3 ширхэг бий. Тэгэхээр хэр хэрэгцээ ихтэй байгаа нь мэдэгдэж байгаа биз? Зарим нэг улсын далбаа нэг л ширхэг байдаг юм.

Нэг онцгүй нь, энд тэнд арга хэмжээнд ихээхэн хэрэглэдэг хэлхээтэй жижиг далбаан дунд монгол байдаггүй нь харамсалтай. Энд тэнд тийм хэлхээтэй далбаа өлгөсөнтэй таарвал байхгүйг нь мэдсээр байж зулзагуудаараа хайлгана аа, аминдаа тогтоож уу гэдгийг нь шалгаж байгаа нь тэр. Хэ хэ.
-Өө, байхгүй байна шдээ, ээж ээ.
-Харин тийм байна шдээ, гомдол мэдүүлэхээс...

Төрийн минь далбаа бас тайлбараад танилцуулахад овоо хөөрхөн цаг авна. Агуулгаар баялаг.

Wednesday, July 15, 2015

Дунд сургуулийн анхны...

Эцэг эхийн уулзалт болоод. Бүх эцэг эхчүүд нэг дор цуглаж хуралдахгүй л  дээ. Нэг нэгээрээ багштай нь уулзаж ярилцана.

Бага сургуулийнхтай адил юм билээ. Ярианы сэдэв. Анги дэвшээд хэрхэн хичээж байгаа талаар багш нь ярьсан. Анги мангиа их сайн цэвэрлэдэг юм байх өө. Сонсоод дотроо гэрээ тэгж цэвэрлээсэй гэж бодоод л сууж байлаа. Хариад том зулзагатаа
-Миний зулзага аа?
-Аан, ээж ээ? Багш юу гэж байна?
-Ангиа цэвэрлэдэг шиг ээ гэр бас цэвэрлээрэй.
-...

Ангийн багш нь их дажгүй санагдсан. Эрэгтэй болохоороо тэгсэн үү? Ха ха. Лав л яриа хөөрөө сайтай юм билээ. Монгол явах юмсөөн гэсэн. Хэ хэ.


Зуны амралтаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх талаар гэх мэт бас л баахан цаас тарааж өгсөн. Тухтай уншиж амжаагүй, хэхэ. Хугацаа мугацаатай гар хөлийн үсэг зурж буцааж өгөх хуудас явж байх вий? Нээрэн эргэж нэг сайн харахаас.

Ямар ч байсан сурагчид хичээлдээ, ангидаа, сургуульдаа дасч эхлэж л байгаа юм шиг байна.  Том зулзага ганц нэг шинэ найзтай болсон сурагтай.

Сургуульд нь үс мүсээ шараар будаад, өмднийх салтаа худалч хүнд бараг өвдгөн дээрээ явж байдаг, нүүр амаа будчихсан, хичээлдээ ирдэггүй тасалдаг гээд л хүүхдүүд мэр сэр байдаг гэсэн.

Saturday, July 11, 2015

Санаандгүй нэг ном

гоё номтой болсон.
Хэнээс авснаа хэлэх үү?

Блогчин Гуталчингаас.

Уншиж байна. Гуталчаан хоёулаа адилхан, таалагдсан хэсгээ өнгөөр будаад будаад явчихдаг юм билээ шд. Хэ хэ. Яагаад ч юм их гоё дотно санагдаад өөрийн эрхгүй инээмсэглэв. Ямар хүн байгаа бол гэж нүдэндээ нэг их сайхан охин дүрслэв.

Ярилцлага энэ тэр нь бол цаанаа л нэг тийм жаатай байгаад байдаг юм. Хулангийн.

Ээжийн тухай шүлгэнд нь дуртай. Бас эр хүний тухай шүлгэнд нь дуртай. Оюутан байхдаа шүлгийн дэвтэр ихтэй байж. Өөрөө бичихгүй, энд тэндээс гоё шүлэг хуулж бичдэг. Хэ хэ.

Friday, July 10, 2015

Наадмын мэнд ээ

Уншигч олондоо наадмын мэнд шүү. Сайхан наадаж байгаа биз дээ?

Зүүн баруун жигүүр юу болсон бэ нээрээ?

Бөхчүүд чинь том том спорт цүнх үүрээд л явдаг даа. Тэрэн дотор нь дүүрэн мөнгө байдаг гэх чинь билээ. Найрааных нь мөнгө. Тэгж сонсоод шаал дургүй хүрчихсэн.  Наадамчин олон баясаад л байдаг, өнөөдүүл нь харин араар нь бөөн мөнгө бие бие лүүгээ түлхэлцээд л. Бүр ханш манштай, начин тэд, заан тэд гэх мэт.

Японы сүмо шиг нэг хэсэг үзэгчид нь очиж үзэхээ болиод ч юм уу нэг тийм оновчтой аргаар муусайн бөхчүүдийг нэг сайн хашраавал таарна.

Бас энэ морь байна.

Янз бүрийн нийтлэл уншихаар л уур хүрмээр. 

За за баяр наадмынхаа өдөр билэггүй юм бичлээ гэж ижийдээ загнуулна, ингээд дуусгая. Хэ хэ

Манайхан өнөөдөр бүгд ажилтай. Том нь өнөөх дугуйландаа. Хагас сайн өдөр тул өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явсан. Ажиллагаа ихтэйг нь бодоод худалдаж авч өгөөд явуулчих гэхээр болохгүй. Учир нь ээж нь гэж ямар хүн байдаг байна аа? Ар гэр нь асуудалтай юм байхдаа гэж жиг жуг гэдэг гэсэн. Тэгж хэлүүлэхгүйн тулд япон ээж нар эртэч гэж юүхэв. Суралцаад суралцаад явчихмаар.

Хань ижил бид хоёр ажилтай тул бага зулзагаа албанд нь өгчихсөн. Хагас сайнд хааяадаа нэг өгч болдог. Үндсэн төлбөрт багтсан  байдаг тул амар. Энэ мэт зүйл дээр японы цэцэрлэгийн тогтолцоо сайхан л даа. Эртээдийн маргааныг эс тооцвол ч.

Ажлаа тарж ирээд хуушуур хайрна гэхээр халшраад. 12-нд л хийнэ шүү та минь ээ гэж би нь нүхээ эрт малтсан. Хэхэ. Гэхдээ л монгол хүн байна даа монгол хоолоо хийж иднэ. Цуйван.

Дугуй хуушуур хийж сурмаар л байгаа юм. Нар сар гэрэлтсэн хэхэ.

Thursday, July 09, 2015

Хөрст дэлхийн хишиг

Далайн хишиг, хөрстийн хишгийг хүртээд бид ч азтай юм өө. Хэ хэ

Нэг хөөрхөн өвөөгийн тарьсан ургац. Өргөст хэмх, улаан лооль, сонгино, төмс. Хөөрхий минь байсгээд л утасдана.
-Хаана байна? чи минь.
-Гэртээ байна өө. Хааяа
-Ажил дээрээ байна өө.
Гээд л хаа байгаа газартаа ирүүлж ногоог нь хоёр гардан авна. Албатай юм шиг л. Хэ хэ.

Мэдээж огт зүгээр л хүнээс аваад байхгүй л дээ. Нэхсэн зүйлсээсээ бэлэглэнэ. Монголоос ганц нэг юм ирвэл сонирхуулж өгнө, заримдаа эндээсээ жимс энэ тэрээ худалдаж авч очно.

Том зулзага минь төмсний хучмалд дуртай, бага нь ч бас дурлах янзтай. Хоёр ч удаа ойрхон хийж идэв. Хань ижил харин цээж хорсдог гээд дурамжхандуу. Гэхдээ байнга биш болохоор дуртай л даа. Эрчүүдийг ходоодоор нь ч гэх шиг. Ккк

Бас хаш гээч ногоо илүүчилдэг юм. Зүгээр л бусад ногоотойгоо хамт хуураад идчихдэг.

Улирлын чанартай ингэж тарьсан ногооноосоо илүүчилдэг өвөө нартаа баярлаж явдаг шүү.

Wednesday, July 08, 2015

Хөрст дэлхийн гайхамшиг

Анх удаагаа зөөлөн биетийг гэртээ өөрсдөө гаргав. "Ан"-гийн юм гэсэндээ амттай байсан.

Хань ижил захиралтайгаа загасчилаад. Яг энэ зөөлөн биетийг агнахад оройн цагаар явдаг юм билээ. Далайд гэрэл гаргаад, тэр гэрэлд нь жижиг загас хэрэгт дурлаж ирээд. Хэрэгт дуртай загаснуудыг энэ загас? зооглоод. Жижиг муу загасанд дээрэлхүү амьтныг бид зооглоод л. Хэ хэ.

Хальсалж гэдэс доторхыг нь цэвэрлээд түүхийгээр нь сашими болгож идэв. Агнаад нэг хоёр хоночихсоныг нь шараад иддэг юм. Бага зулзагаас бусад нь бол амтархан идэв. Бага зулзага л хэл мэлээ гаргаж ярвайж энэ тэр.

Ингээд өөдөөс нүд нь мэлтийгээд байхаар бас л эвгүй шүү тээ. Хэ хэ.


Хамгийн инээдтэй нь хань ижил,
-Эх газар минь ч сайхан, бурхан минь
гэсээр л орж ирсэн. Учир нь онгоц нь дайвалзахаар дотор эвгүйрхэж бөөлжөөд, тувт огиостой гэсэн. Цуг явсан загасчид нь шоолоод л байсан гэнэ лээ.

Усан онгоц хөдлөхгүй зогсоод байхаар далайн давалгааныхаа аясаар дайвалзаад, тэрэнд нь хүн бас дайвалзаад, тэгэхээр гэдэс доторх нь зайлагддаг юм шиг байна.

Хатуу юман дээр хөлөөрөө гишгэх чинь гүэ мөн аз жаргал гэсэн шүү. Би нь ч загасчилж үзээгүй болохоороо хэлж мэдэхгүй байна. Дараа далайд гарч загасчилвал ямар байсан тухайгаа заавал бичнэ ээ.

Tuesday, June 30, 2015

Нимгэн ном 3

Хоёр долоо хоногт нэг удаа номын сан орж байна. Учир нь зээлсэн номоо өгөнгөө дараагийнхаа номыг зээлэх. Ингэж явахдаа алхаж явж байгаа. Өнөөх францчуудыг дуурайж. Хэ хэ. Ирж очихын нэг цаг юм уу даа.

Нэг ийм ном олоод. Бага зулзагатаа уншиж өгөхдөө ээрч муураад, ямар амьтан билээ? гэж бодож энэ тэр. Хоёр дахь зургийг харж байна уу. Үгийг зургаар орлуулчихсан. Уг санаа нь бол хөөрхөн өвөрмөц л дөө. Гэхдээ ингээд бараг ихэнх амьтдыг зургаар илэрхийлсэн болохоор жаахан төвөгтэй. Ээрч муурсны гол шалтгаан гэвэл заримдаа яг ямар амьтан бэ гэдэг нь ойлгомжгүй тохиолдол байна. Жишээ нь барыг бага зулзага муур юм биш үү? , би нь болохоор бар л байна даа гэж маргаастай.
Дээрээс нь миний өөрийн монгол хэл муу байна. Хуц, ухна гэдэг үг шууд орж ирэхгүй байна. Хань ижлээсээ энэ амьтан чинь юу билээ? гэж асууж энэ тэр. Хэ хэ.

Бас нэг зүйл ажигласан нь, ажигласан ч гэж дээ угаасаа мэднэ л дээ. Монголоос ирсэн бичиг цаас дөрвөн өнцгөөсөө эхлээд хуйлраад байдаг. Япон чийглэгийн тод жишээ шүү дээ. Чийг ихтэй байх чинь бас дэмий золиг байгаа юм.
Энэ ном нимгэн хавтастай тул ирмэг нь хуйлраад, дээрээс нь хатуу хавтастай ном тавьж хэвийн байдалд нь байлгаж байгаа. Бушуухан шиг номын санд нь буцааж өгөхгүй бол. Хэ хэ.

Энэ номын санд чинь би л мэдэхгүй болохоос монголтой холбоотой, монгол хүний бичсэн, зурсан ном их байдаг юм байна. Блогтоо танилцуулахаар 3 ном зээлчихсэн байгаа. Уншиж арай амжаагүй.

Ваув, би ч сүүлийн үед их номоор амьсгалж байна шүү. Зарим хүнд бол мундаг эрдэмтэй? ухаантай? хүн л санагддаг байх даа. Ха ха. Даанч тийм биш.
Өөртөө зориулж уншиж буй ганц нэг ном, бага зулзагатаа уншиж өгдөг ном гээд л нэг их мундаг номчин хүн болчихоод байна л даа. Зөвөөр ойлгоорой. Хэ хэ.

Monday, June 29, 2015

Ражан ват

Том зулзага математикийнхаа тестэн дээр ражан ват оноо авав. Бүгд шоконд оров.

Дунд сургуульд ороод хичээл нь эрс ихсээд, хүндрээд. Явцын тест авсан чинь энэ. Зааж өгч чадахгүй аав ээж хоёр нь юу гэж хэлэхээ, юу гэж загнахаа мэдэхээ байв шүү дээ.

Өөрийнхөө дунд сургуульд байх үетэй харьцуулахад ч том зулзага минь гайгүй л дээ. Ээж бол хоёр энэ тэр зөндөө л авч байлаа. Тэр үед чинь хоёр, гурав, дөрөв, тав гэж дүн тавьдаг байлаа. Гурвыгаа эх орны алтан гурав гэчихнэ э. Ер нь хэн тэгж анх нэрлэсэн байна аа.

Эцэст нь за за ээжийгээ дуурайсан тоондоо муу л юм байгаа биз гэж тайвшраад сууж байна даа. Хэ хэ. Бүгд тоочин болох ч албагүй. Тийм үү?

Бас шавь маань англи хэлний TOEIC өгсөн чинь бас ражан ват оноо авчихаж, хэлэхэд ч ичмээр гэсэн. Хүүе наана чинь 0 оноо авахаар хүн сууж байхад л гэлээ. Ха ха.

Тонгоруулаад? биччихсэн шүү. Жинхнээс нь бичих гэхээр муу ёр болчих гээд. Яагаад муу ёр гэхээр цаашдаа ийм оноо авсан гэж сонсохгүйн төлөө.

Би ингэж сонсоод шоконд орж байхад бидний ээж аавууд бас л муу дүн авлаа гэхээр шоконд ордог байсан байх даа? Хэ хэ.

Амьдрал баян, юун ражан ват дээр хямарч суух. Энэ бол үртэй хүний жаргал биз дээ? Таминь ээ.

Sunday, June 28, 2015

Морин хуур ба гитар

Шавийн гэрт. 2-ланг нь монголоос худалдаж авсан. Гитараа монголд хэн нэгэнд орхиод ирэх гэж байсан чинь эхнэр нь би л чирээд явахаас гэж байгаад үүрээд ирсэн гэж байгаа. Хаха. Хаа газрын эхнэрүүд гаднаа ааштай юм шиг хэрнээ хайр нь дотроо байх юм даа гэж. Хэ хэ.
2 жил монголд ажиллахдаа 2-лангаар нь хичээллэсэн. Гэм нь морин хуур нь долоо хоногт нэгхэн удаа байсан болохоор огтхон ч сураагүй, ядаж хоёр удаа байсан бол гэж харамсаад байна лээ.
Гитарыг харин тэтгэвэрт гарахаасаа 3 жилийн өмнө оролдож эхэлсэн гэж байгаа. Нот уншаад дарна. Ер нь аливаа зүйлийг сурахад оройтдоггүй ээ гэж л энэ байх даа.

Өнөөх монгол явах гэж байгаа жижигхээн охинд нээрээ гитар сурвал зүгээр шүү, би хөгширсөн хойноо сурчихаад байхад чи бол чадна аа гээд зөвлөөд байсан.

Манайд бас 2-лаа байдаг л даа. Гэхдээ ингээд зэрэг өрөөстэй биш. Монголчууд бид чинь морин хуураа дээш нь л гэдэг дээ. Хананд өлгөөтэй, харин гитар нь газар хана түшүүлээд тавиастай. Аймар алагчилсан байна уу?

2-хон жил болохдоо ингээд нэг юмтай буцаж байхад би олон жил болж байж юу ч сураагүй. Хөгжим тал дээр үнэн авъяасгүй юм л даа. Гэр бүлийн бусад гишүүдээ л дэмжиж сургахаас. Хэ хэ.

Saturday, June 27, 2015

Bonjour

"Аравхан хувцастай францчууд" гэдэг ном уншиж байна. Матрахаасаа өмнө ганц нэг сэтгэл хөдөлгөм үгсийг оруулав.
Зохиогч америк хүн бөгөөд оюутан солилцоогоор францад хагас жил амьдарсан нь түүний амьдралд, амьдралын төлөөр үзэл бодолд асар их өөрчлөлт оруулна. Хагаж жилийнхээ хугацаанд франц айлд байрлах бөгөөд франц хүмүүсийн амьдралын хэв маягийн тухай бичсэн ном. Би нь уншаад талдаа ч ороогүй байна л даа.

10 жилдээ франц хэлээр өвчилж байсан минь санагдаад, япон хэл сурч эхэлсэн цагаас франц хэлээ хаяаад, мартаад, сэтгэлийнхээ гүний гүнд нуугаад орхичихсон франц явах юмсан гэсэн хүсэл минь буцаж оргилоод л байж байна.

Өдөр тутмынхаа амьдралаас бяцхаан баяр хөөрийг олж хардаг байх.

Чанартай, цөөхөн зүйлтэй байж түүнийгээ нандигнан, хайрлаж хэрэглэдэг байх.

Өдөр бүрийг тэмдэглэлт өдөр шиг өнгөрөөх.

Өглөө өдөр оройн хоолоо чин сэтгэлээсээ хийж, түүндээ анхаарлаа төвлөрүүлж идэх. Хоолоо идэнгээ гар утсаа оролдох, сонин унших зэрэг зүйл хийхгүй байх.

Өдөр тутмын амьдралынхаа хэв маягт хөдөлгөөнийг чухалчилах. Жишээ нь нэг дороос худалдаа хийхгүй байх. Талх худалдан авах бол хотынхоо жижигхэн хувийн талхны мухлагаас авч байх. Супер маркетуудад зарагддаг талхнаас хамаагүй чанарлаг материалаар хийгдсэн байдаг тул амттай, эрүүл мэндэд хор болоод байх нь бага. Дээрээс нь тэр мухлаг руу явах гэж чи алхаж явна. Энэ нь чамд хөдөлгөөн болно. Биеэ хөдөлгөх гэж байна гээд заавал энд тэндхийн жимд явах шаардлагагүй. Мөн цахилгаан шат биш явган шатаар өгсөж байх. Парист цахилгаан шатгүй байр их. Оршин суугчид нь түүртээд байхгүй өдөрт хэд хэдэн удаа шатаараа өгсөж урууддаг. Үүнийхээ ачаар тэд мөнгөө гарздаад жим явдаггүй. Учир нь өдөр бүр тэртэй тэргүй хөдөлгөөнтэй байдаг учраас.

Уншиж дуусаагүй тул аравхан хувцасны талаар арай л бичиж амжихгүй нь. Дараа заавал энэ тухай бичнэ ээ.

Wednesday, June 24, 2015

Жаахан бухимдалттай

Яасан гэхээр?
Сар бүрийн эцэст цэцэрлэгээс нэг шар дугтай ирнэ. Дотор нь хэдэн ширхэг зураг, ном захиалсан бол номны мөнгө, эцэг эхийн зөвлөлийн мөнгө, тэр угаалгаж өгсөн зурагныхаа мөнгө зэргийг нэгтгээд хураадаг юм. Ном захиалаагүй тул энэ жилээс номны мөнгө гэж төлөхгүй. За энэ ч яахав сар бүр ирдэг болохоор зүгээр.

Бас нэг бор дугтуй байна. Тэр нь тухайн сард орой цаг сунгаж хүүхдээ харуулсан бол нэмэлт мөнгө төлдөг юм. Тэрнийхээ мөнгийг бэлнээр ингэж дугтуйнд хийж төлнө.

Ёоо бүр нарийн бичихгүй бол та нар минь ойлгохгүй байх. Нарийн бичих гэхээр бас яг юунаас нь эхлэхээ мэдэхгүй л байна шүү.

4 сараас өмнө бол хуучин тогтолцоогоор бол асран хүмүүжүүлэх цэцэрлэг нь өглөө 7:30-аас орой 18:00 хүртэл. Хэрэв 18 цагт амжихгүй бол 19:30 хүртэл сунгаж болдог. Мэдээж үндсэн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлнө. Үндсэн төлбөр нь тухайн гэр бүлийн орлогын албан татвараас хамаараад төлбөр нь янз янз байна. Оюутнууд, өрх толгойлсон ээж, аав байвал хөнгөлттэй. Бага төлбөр төлнө. Нэг айлын 3 хүүхэд нэг цэцэрлэгт явж байвал 3 дахь нь огт төлбөргүй ч билүү, эсвэл их багыг төллөг ч гэлүү сайн санахгүй байна.

4 сараас хэрэгжиж эхэлсэн шинэ тогтолцоогоор цэцэрлэгт хүүхдээ өгдөг өрх бүрийг А, В, С, Д гэсэн ангилалд хуваасан. А ангилалд нь ээж аав хоёр нь хоёулаа маш завгүй, нэг ёсондоо их оройтож тардаг гэр бүл. В, С ангилалд нь юу билээ? Тарааж өгсөн цаас маасыг нь харахгүй бол хэлж мэдэхгүй байна өө. Өөрт хамаагүй болохоор тоож ч хараагүй. Хэ хэ.

Би нь Д ангилал. Энэ нь өглөө 8:30-аас орой 16:30 хүртэл. Хэрэв би нь өглөө бүр эрт хүүхдээ өгөх бол нэмэлт мөнгө төлнө. Орой 16:30-18:00 хүртэл нэмэлт төлбөр төлнө. За 18 цагт амжихгүй нь ээ, дахиад сунгая гэвэл дахиад л өнөөх тогтоосон нэмэлт төлбөрийг нь төлнө. Тэгэхээр 3 янзын нэмэлт төлбөр байгаа биз?

Одоохондоо өглөөд сунгах тохиолдол гараагүй л байна. Оройд 18 цаг хүртэлх сунгалт 4 сард 2 удаа гарсныг бол санаад байгаа юм. Бүр сунгах боллоо, уучлаарай энээ тэрээ гэж утасдаж байсан болохоор.

За эндээс бухимдал эхлэнэ. Тэгсэн 5 сарын мөнгө нэхэгдэж ирсэн байна аа. Уг нь миний санаж байгаагаар ирэх ёсгүй. Хэ хэ.
-Юу билээ? Сунгаагүй дээ гээд л шууд л эрхлэгч дээр нь давхиад орсон. Яасан зоригтой юм бэ гэж бодож байна уу? Энд эрхлэгч нь тусдаа өрөө мөрөөнд суудаггүй юм өө. Багш нартайгаа нэг л жижиг өрөөнд байж байдаг юм.

Эрхлэгч бас багшийн ирц бүртгэдэг томоо дэвтрийг авчирч үзүүлээд
-Та 3 удаа 5 минут хоцорсон байна.
Гэж авдаг гэнэ ээ.
-Би өөрөө мэдэхгүй байхад яагаад та нар мэдээд 5 минут хоцроочоод байгаа юм? Бла бла
гэсэн чинь эрхлэгч нь
-Таны дугтуйг авч үлдээд, хотын захиргааны хүнээс асууж өгье, болох уу? гэж байна.
-Тэг тэг.

За маргааш нь боллоо, орой бага зулзагаа авах гээд орсон чинь бараг л багш болгон хэний ээж ээ, тантай эрхлэгч уулзана гэсэн гээд сүйд.

Машины чинь зогсоол жижигхэн, машинууд орж гарах гэж бөөн юм болдог, машинууд хоорондоо зөрөх гэж бөөн юм болдог, бла бла. Тэрнийг нь мэдсээр байж та нар ганц хоёр минут харж үзэхэд яадаг юм? Бла бла. Жолоо барьж явахдаа цэцэрлэг рүү нь одоохон очлаа энэ тэр гэж утасдаад цагдаад зогсоолгох, муугаар бодвол ямар нэгэн аваар осол гаргавал яах юм? бла бла.

6 сарынхыг урьдчилаад үзүүлж байна. Бүр 4 удаа хоцорсон гээд цагийг нь биччихэж. Бүр гэдэн хөдлөөд л явчихлаа.

Үүдэнд хүмүүс шаваад, багшийн нүдэнд өртөх гэсээр байтал бас хэдэн минут болдог шүү дээ, ер нь багш хэдийд нь цаг хараад тэрийгээ бүртгээд байгаа юм? Заримдаа очиход гадаа тоглож байдаг шүү дээ, тэр үед бас шууд бүртгэдэггүй биз дээ? Бла бла.

Эрхлэгч, орлогч хоёр бас яаж зүгээр байхав, мөчөөгөө өгөхгүй үзнэ ээ дээ. Багш нар бол ажлаа л хийж байгаа, уучлаарай. Хүүхэд өсгөх гэж их хичээж байгаа танд ийм таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ их харамсаж байна. Бид энэ талаар арга хэмжээ авна аа. Эхний ээлжинд үүдэнд электрон цаг байрлуулая гэж бодож байна. Тэгвэл эцэг эхүүд хэдэн цагт ирснээ минутаар нь харах боломжтой. Та ингэж санаа зовоосон асуудлаа бидэнд хандаж хэлсэнд баярлалаа. (Жич: Япон хүмүүс заримдаа санасан бодсоноо ил хэлчихдэггүй ноомой ч юм шиг байдаг юм. )

Тэгсэн нөгөөдөр нь өглөө бага зулзагаа өгөх гээд очсон чинь эрхлэгч нь
-Уучлаарай, ганц минут зарцуулах боломжтой юу? гэснээ үүдэнд байрлуулсан 2 электрон цагаа зааж өгөөд, энэ удаад танд төвөг удсанд уучлаарай. Бла бла.

Нэг зүйл мэдэж авсан нь сар бүр хүүхдийн ирц, ирсэн харьсан цагийн бүртгэлээ хотын захиргааны хүүхдийн хэлтэст тайлагнадаг юм байна.

Өө тийм, нэг шараа зүйл нь би нь ярьж байхдаа уйлчихсан. Ха ха. Би нь ер нь шаал сонин зүйл дээр уйлдаг. Яг уйлах ёстой зүйл дээр уйлдаггүй аягүй мангараа. Хэ хэ. Заргалдаж байж өөрөө уйлдаг над шиг хүн байх уу?

Ижий мнь цэцэрлэгт насаараа л ажилласан болохоор цэцэрлэгийн багш нарын зовлонг гадарлаад өмөөрөх янзтай байдаг ч энэ удаад тэсэлгүй заргалдчихлаа. Уйлсныг эс тооцвол. Ккк

За одооноос эхлээд электрон цагтай уралдаад л байхаас. Уралдах уу? уралдая гээд л. Хэн нь илүү хурдангаа үзнэ дээ.

Fabulous women 3

За үргэлжлэл нь шүү. Бичих гэсээр байтал өмнөх бичлэгээ мартах шинжтэй. Залхуу хүрээд л явчихсан шүү. Яах уу?

6. Elizabeth Warren.
2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал. Гол шалтгаан нь санхүүгийн байгууллагуудын шунал. Банк, зээлийн хоршоо, кредит картны компани зэргүүд нь мөнгөгүй хүмүүст хүчээр шахуу мөнгө зээлдүүлж байшин худалдан авахуулсан...
Обама шилдэг эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж эхэлсний нэг нь Elizabeth Warren. Тэрээр Буш ерөнхийлөгчийн үеэс л засгаас явуулж буй санхүүгийн бодлоготой тэмцэж ирсэн...

(Уншаад ойлгоод байгаа хэрнээ хүнд хүнд үгнээс нь болоод бичих гэсэн гар нэг л эвлэж өгөхгүй байна. Та нар минь өөрсдөө нетээс хайгаад уншчих. Тэгэх үү? Би нь санхүү, эдийн засгийн чиглэлээр бага уншдаг нь баригдчихлаа. Хэ хэ. Монголоороо ч тэр, японоор тэр.)

7. Vera Wang.
Хуримын даашинзны загварын ертөнцийн хатан хаан. Америкт ихээхэн амжилт гаргасан ази хүүхний төлөөлөл. 1968 онд уран гулгалтын америкийн шигшээ тамирчны тоонд багтаж чадаагүй тэрбээр гүнээ шоконд орно. Бүхий л амьдралаа уран гулгалттай холбож ирсэн тэрбээр үлдсэн амьдралаа өөрийн дуртай зүйлд зориулахаар сэтгэл шулуудна. Тэр нь загвар. Мэдээж аав нь эсэргүүцнэ. Аавынхаа эсэргүүцлийг үл тоон Парис явна...
Өөрийнхөө хуримын даашинзыг сонгох гэж яваад санаанд нь таарсан даашинз олдоогүй тул өөрөө зохиохоор шийдсэн нь түүнийг хуримын даашинзны хатан хаан гэж дуудагдах хүртэл амжилтанд хүргэнэ. Мөн уран гулгалтын тамирчдын хувцасны загварыг гаргана. Тамирчид түүний загварын хувцсыг л өмсөхийг илүүд үзэх гэх мэт. Түүний дараагийн алхам кино найруулагч болох.

8. Elizabeth Edwards.
Царайлаг улс төрчийг үргэлж дэмжиж, зоригжуулж ирсэн. 6 жилийн турш хорт хавдартай тэмциж ирсэн тэрбээр өдгөө диваажинд амьдарч буй. Түүнийн нөхөр нь ерөнхийлөгчийн орлогчид хүртэл нэр дэвшиж явсан, царайлаг улс төрч гэдгээрээ алдартай.
Автозамын ослоор ганц хүүгээ алдсан эхнэр нөхөр хоёр зовлон бэрхшээлээ даван туулж шинэ хүсэл зорилготой болно. Нэг нь улс төрч болж, америкийг өөрчлөх. Нөгөөх нь дахин хүүхэдтэй болох. Ингээд 50 насандаа дахин хүү төрүүлнэ...
Нөхөр нь ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвшиж магадгүй байсан үед 44 настай нэгэн хүүхэнтэй явалддаг байсан нь илэрч хасагдана. Өнөөх нь нөхрийнх нь хүүхдийг төрүүлнэ.
Нөхрийнхөө бүхий л сонгуульт ажилд гар бие оролцсон бөгөөд амьдралынхаа сүүлийн хэдэн жилд өөрийн намтраа бичиж хэвлүүлнэ. Сүүлчийн мөчид нь тусдаа амьдарч байсан нөхөр нь дэргэд нь байсан боловч гэрээслэл бичигтээ нөхрийнхөө тухай нэг ч үг дурдаагүй байсан. Хохь нь. Хэхэ

Энэ эрчүүд үү? Тэвчээргүй улаан шаарнууд. Манайд чинь бас жаахан бийлэгжээд ирэхээрээ эхнэрээ сольдог моодтой гэсэн. Одоо яасныг бүү мэд.

9. Amy Chua.
Ази маягийн хүүхдийн хүмүүжил зөв үү? Буруу юу?
Охин нь дургүй байгааг үл харгалзан тухайн аяыг дарж суртал нь төгөлдөр хуур давтуулах. Хоол ч өгөхгүй, ус ч уулгахгүй, бүр 00 ч явуулахгүй. Шөнө дөл болчоод байхад унтуулахгүй. Шулам ээж?
Amy өөрийгаа бар ээж гэж нэрлэдэг. Филиппин гаралтай хятад хүн. Нэртэй их сургуульд багшлахын зэрэгцээ өөрийнхөө хүүхдийн хүмүүжлийн тухай гаргасан ном нь америкт best seller  болж байсан. Тэрээр 2 охинтой. Зурагт үзэхийг, пс тоглоом тоглохыг, гадаа тоглохыг, найзындаа очихыг, гэртээ найзыгаа ирүүлэхийг хорьдог. Хичээлийнхээ шалгалтанд А-с дээш л үнэлгээ авахыг шаарддаг. Тамирын хичээлээс бусад хичээлд ангидаа 2-т орохыг зөвшөөрөхгүй. Жишээ нь охин нь тооныхоо хичээлд 2-т орчихож. Үхтэлээ уурлан, загнан дараагийн шалгалтанд 1-т орсон.  Урд нь 1-т орсон хүүхэд нутаг буцчихсан гэж бардамнаж байсан.
Бар ээжийн ачаар охин нь төгөлдөр хууртаа өндөр амжилт үзүүлж нэртэй шагнал хүртэл авч байсан.
Америкийн хүүхдүүд хэт эрх байна. Эдийн засаг нь ч уналтад орсон. Америкийн нэртэй их сургууль, ИТ чиглэлийн салбарт хятад, энэтхэг, солонгос гэсэн ази хүмүүс тэргүүлж байгаа нь үүний тод жишээ.
Түүнийг шүүмжлэх хүн ч бий. Мэдээж. Ази хүмүүс бүгд ийм хэрцгий эцэг эх биш. Amy-н энэ арга бол арай л хэтэрч байна, нэг ёсны хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж эсэргүүцэх улс цөөнгүй.

Ёоо, том зулзагатаа уншуулмаар юм байна. Цаана чинь ийм аймаар ширүүн ээж байдаг юм байна. Ээж нь бол хажууд нь юу ч биш гээд л. Хэ хэ. Би чинь хааяа бас л үглэнэ шүү дээ. Ээж л болсон хойно...

10. Margaret Woodward.
Нисгэгч өвөөгийнхөө нөлөөгөөр мөрөөдөлдөө хөтлөгдөн нисгэгч болно. Агаарын цэргийн ангид анх ороход нь тэр бүр эмэгтэй нисгэгч байгаад байддаггүй, дээрээс нь дайнд оролцуулдаггүй байж. Уг дүрэм халагдахад шууд л дайны талбар луу ниссэн. За оноогдсон үүрэг нь гэвэл агаарт нисэж буй байлдааны онгоцыг шатахуунаар хангах. Энэ нь маш их ур чадвар шаардсан ажил байдаг. Аав нь буурай орны хүмүүст туслах байгууллагад ажилладаг байсан тул тэрээр энэтхэгт төрсөн. Өөрөө ч би ганц америкт биш дэлхий нийтийн төлөө ажиллах ёстой гэж хэлдэг.

Хүүхнүүдийн тухай уншаад дажгүй санагдсанаа нэрийг нь түүгээд биччихсэн чинь эргээд түүнийгээ дэлгэрүүлж бичих гэсэн жаахан хэцүү байлаа. Хэцүү ч гэж дээ монголоор нь яг юу гэж хэлдэг эсэхийг нь мэдэхгүй болохоор толь бичиг харахаасаа залхуураад ерөнхийд нь базаад бичлээ шүү. Бүгд л мундаг олны танил хүмүүс учраас нетээс хайхад гараад ирэх байх. Намайгаа бодвол англи хэлтэй улсуудад юухан байхав. Илүү ч дэлгэрэнгүй олж мэдэх байх.  

Tuesday, June 23, 2015

Хэдэн хөөрхөн ном

Номын сангаас бас цуврал хөөрхөн ном олсон. Балхүүгийн тухай. Одоогоор 6 цуврал л номын санд байсан. Үргэлжлэл байдаг эсэхийг бүү мэд. Та бүхэн монголд хайж үзээрэй.  Гэхдээ энэ орчуулгынх. Их хөөрхөн агуулгатай юм даа гэж бодсон чинь орчуулгынх байсан. Гэхдээ яахав, бага зулзагатаа хэд хоног уншиж өгөх номтой байлаа. Агуулгаас нь хамаараад бага зулзага энийг нь эхлээд уншаад өг гээд л. Богино тул оройд унтахын өмнө уншиж өгөхөд тохиромжтой. Бага насны хүүхдэд үсэг ихтэй урт ном уншиж өгөх дэмий юм билээ. Миний туршлага. Хүүхэд уйдах нь амархан. Уншиж өгч байгаа хүн нь өөрөө бас залхуу нь хүрнэ. Хэ хэ. Зураг ихтэй номыг хааяа зохиогоод ярьчихдаг юм би нь.

Ном байнга уншиж өгөхийн ач тусыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Сүүлийн үед бага зулзага тоо бичих гээд байдаг болсон. Зарим нэг тоо буруу харчихсан л тууж явдаг юм. Мөн үсэг нүдэлж эхэлж байна лээ. Манай найзын нэрэнд ордог тийм үсэг байна гэдэг болсон. Хичээл хий гэж шахаж суулгахгүйгээр, хүүхэд өөрөө нүдлээд явдаг. Том зулзага бас яг л ингэж үсэг цээжилсэн. Туршлагатай хүн чинь бага зулзагаа бас л ийм аргаар үсэг нүдлүүлж байна. Хааяа оройдоо залхуу хүрдэгийг эс тооцвол өдөр бүр ном уншиж өгдөг. Ээжийнхээ үгэнд ороод онц байвал шагнаад хоёр ном уншиж өгөх гэх мэт.

Гэхдээ зулзага минь орчин нь япон юм болохоор хирагана үсэг нүдлээд байна аа. Энд бага сургуульд орно гэж үзвэл хирагана нүдлүүлэх буруудах зүйл ч үгүй л дээ. Ингэж бодоод монгол үсэг нүдлүүлэх гэж яарахгүй байна л даа. Гол нь чихэнд нь сонсгож дасгах. Чихний бөглөө онгойно гэж ярьдаг даа. Хэлснийг тодорхой хэмжээгээр ойлгоод байдаг ч сэдэв хүндэрвэл мэдээж ойлгохгүй.

Сүүлийн үед хүүхдийн гайгүй ном гардаг болсон бололтой. Түүнээс ч нэг хэсэг аав нь хүүгээ мангаст өгөөд л, ээжийг нь аав нь зодоод л, тэгсэн хүү нь аавыгаа цохиод алчихдаг нэг ном манайд яваад байсныг би нь эвтэйхэн аргалж цохиод унтуулав гэж уншиж өгч байлаа шүү дээ. Хэ хэ. Унтуулахдаа цохиод байх даа ч яахав дээ тэ. Өөрөөр унших гэхээр зураг нь яах аргагүй цохиод байгаа юм чинь яалтай ч билээ. Ха ха.

Sunday, June 21, 2015

Шинэ танил

Хагас сайнд эх оронтой минь ямар нэгэн байдлаар холбоотой хэсэг бүлэг хүмүүс цуглаж ууж идэв. Хэсэг ч гэж дээ, 10 хүн цугласнаас 4 нь монгол. Гэр бүл минь. Хэ хэ.
Би нь чаддагаагаараа бууз хуушуураа хийж авч очив. Хоол хийж амжаагүй нь цай, амттан, шар айраг гээд л авчирна. Ер нь гар хоосон ирнэ гэж байхгүй шүү. Заавал нэг юмтай ирнэ.
Монголд 2 жил ажилласан шавийнхаа гэрт цуглаж, ам хуурай байхгүй л ярьцгаалаа.
Сүхбаатар өвөө минь гол санаачлагч нь. Гол нь хуушуур идэж, монголын тухай ярилцах. Хэ хэ.
Энэ удаад хоёр шинэ гишүүн манай бүлэгт ирж нэгдэв. Нэг нь залуухаан, дөнгөж их сургуулиа төгссөн жижигхээн охин. Ирэх жил эх оронд минь очиж 2 жилийн хугацаатайгаар ажиллана. Бидний цуглааны гол зорилго бол энэ жижигхээн охинд монголын тухай ярьж өгөх, монгол хоол идүүлэх.
Нөгөө нэг нь өнгөрдөг жил 10 хоногоор монгол явсан хүүхэн.
За тэгээд л бүгд монголын тухай ойлголттой улсууд ярьж өгнө биз дээ. Нэлээд халсан шавь минь гитараа бариад л "Халуун элгэн нутаг", "Энх улирал", "Миний аав адуучин" зэрэг дуу дуулав. Мөн бидний захиалгаар бараг хүн болгоны л дуртай япон дууг дуулж өглөө.

Жижигхээн охины монгол хэлний дэвтрийг сонирхов. Ямар ч байсан уншаад сурчихсан, одоо үгийн сангаа баяжуулах. Мөн дуудлагаа сайжруулах гэсэн том зорилготой. Зарим нэг гийгүүлэгч, эгшиг япон хэлэнд байдаггүй болохоор үнэн хэцүү юм өө гэсэн хүн л байна лээ.

Би ч мундагийг нь гайхаад л. Очоод сурчих юм чинь гэдэг хүн их байдаг даа. Жишээ нь япон явмаар байна, явах гэж байгаа гэчихээд ядаж хираганагаа цээжлээд ирдэг хүн ховор. Би ч япон явах гэсэн юм гэхээр нь шууд л өөдөөс нь япон хэл сурч байгаа юу? гэж асуудаг. Ирээд л шууд япон хэлийг сураад, ажлыг ч умалзуулаад өгнө гэсэн бодолтой хүн их байдаг юм. Ирснийхээ дараа монголд тэр их завтай байх үедээ сурч байх минь яав даа гэж амаа барих нь их байдгийг нүдээрээ харж байсан болохоор...

Тэгэхэд энэ япончууд чинь их өөр юм. Залуухан нь, настан нь ч, монгол явна гэдэг нь тодорхой болсон чинь шууд хэл рүү минь ханцуй шамлан орж байна. Аль болох монгол хүн олж уузлаад мэдээлэл солилцох, үг үсэг заалгах, дуудлагаа засуулах гээд л намайг чинь ашиглаад байна. Би ч өөрийг нь тоож ашиглаад байгаад дуртай гэж юүхэв. Хэ хэ. Хүн голохгүй, багатай зулзагатай минь монголоор ярих гээд, бага зулзага минь мэддэг ганц нэг монгол үгээ хэлж хоорондоо монголоор ярих гээд л.

За нэг иймэрхүү, залуухан эрч хүчтэй шинэхэн дээрээс нь жижигхээн гэгч танилтай боллоо.

Wednesday, June 17, 2015

Ганцаарчилсан уулзалт

Сургууль, цэцэрлэгт ингэж анги даасан багштай нь уулздаг арга хэмжээ байдаг. Улиралд нэг удаа.

Хүүхдийнхээ тухай санаа зовоож буй асуудлаа, сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж, чаддаггүй байсан зүйлээ чаддаг болж буй  тухай, эсрэгээрээ чаддаг байсныгаа эрхлээд хийхгүй байгаа тухай гээд чөлөөтэй асууж ярилцана. Багш нь цэцэрлэгтээ, ангидаа хэрхэн тоглодог, хэрхэн хөгжиж байгаа тухай эцэг эхэд нь хэлнэ.

Миний ажлын цагтай холбоотойгоор би нь жаахан орой хүргэж өгдөг байсан юм. Гэхдээ энэ гол шалтаг биш л дээ. Хамгийн гол шалтгаан нь орой оройтож унтаад, өглөө нь сэрэхгүй ээ.

Багшийн зүгээс:
Аль болох эрт унтуулж бай, хэрэв одооноос ингэж өглөө эрт босгож сурахгүй бол бага сургуульд ороод уг хүн өөрөө хэцүүднэ. Мөн өглөө эрт ирж байвал өглөөний арга хэмжээндээ анхнаас нь оролцоод өөрөө ч додьгор байдаг юм. Тэгэхгүй бол дундаас нь оролцохоор уг хүн өөрөө л ичээд, сэтгэл хангалуун оролцож чаддаггүй юм.
Мөн магтуулж байж аливаа зүйлийг хийдэг, хичээдэг, хөгждөг хүүхэд тул жаахан л зүйл дээр магтаж байх хэрэгтэй. Жишээ нь шүдээ мундаг угаадаг шүү, номонд дуртай шүү гэх мэт.
Аль болох өөрөөр нь бодуулж хийлгэх. Өдөр тутмынх нь үйлдлийг. Хэрэв би эрт унтахгүй бол эрт босохгүй, эрт босохгүй бол цэцэрлэгтээ эрт явж чадахгүй гэх мэт. Энэ талаар өөртэй нь ярилцаж ойлгуулах.
Бусдаар бол таны бага зулзага чинь ангидаа хамгийн бага нь гэлтгүй их дажгүй шүү дээ. Ямар ч байсан бараг 1 жилийн өмнө төрсөн ангийнхнаасаа нэг их хоцроогүй, адил төвшинд их хичээж байгаа.
Гэв.

Энд байна шүү дээ, нэг ангийн хүүхдүүдийн нас нь 4 сараас дараа оных нь 3 сар хүртэлхээр тооцдог юм. Жишээ нь 2011 оны 4 сараас 2012 оны 3 сарын хүүхдүүд нэг анги гэсэн үг. Бага зулзага минь 3 сарынх тул ангидаа хамгийн бага. Бага байхад хэдхэн сарын зөрөө хүртэл их ажиглагддаг юм билээ. Хэл ярианы хөгжлөөс гадна бие бялдрын гээд л. Хэл амаараа ч нэг их ялагдаад байхгүй байх. Харин гүйж харайх тал дээр жаахан сул. Аль болох гадаа тоглуулах, хоёр талдаа жижиг дугуй бүхий дугуйгаар ойр зуур зугаалах гэх мэтээр анхаараад л байгаа уг нь. Бага зулзага дугуйтай жирийгээд л ээж нь хажууд нь алхаад л. Гуалиг байвал баймаар. Даан ч гуалигмаа биш. Удахгүй хоёр дугуйт унуулж сургах санаатай. Энэ бол аавын ажил. Хэ хэ.

За тэгээд багшийн үүрэг даалгаврыг биелүүлэх санаатай бид нь бага зулзагыгаа 10 цаг гэхэд л унтсан байхаар дарж авч унтуулаад, 3 хонож байна. Нэг ингээд хэвшээд авбал. Гэм нь хийх ёстой ганц нэг ажлаа амжихгүй, өөрсдөө түрүүлж тасраад байх шинжтэй. 10 цаг ч оройдоо орно. Угтаа бол 9 гэхэд унтуулсан байх ёстой, бага насны хүүхдийг. Харин бид яаж ч хичээгээд 9 цагт унтуулж чадахгүй байгаа. Гэхдээ хичээнэ ээ, одоохондоо 10 цагт яс унтуулж байхаар би л гүрийхгүй бол. Намайг налайгаад суучихвал бүгд налайгаад, би үглээд эхэлвэл бүгд бүлтэгнээд л. Хэ хэ. Арай дэгсдүүлчихлээ. Бүлтэгнэхгүй ээ эд чинь. Яаж ийгээд л намайгаа аргалахаа мэднэ. Ккк

За нэг иймэрхүү л амьдрал өрнөсөөр л.