Wednesday, June 30, 2010

6 сард юу болов?

7 сар гарчдаг гэнээ. Ямар хурдан өнгөрч байнаа энэ цаг хугацаа?

6 сард нэлээд ажил амжуулсан юм байна. Гэр бүл минь төмсөөр амьсгалсан сар байлаа. 7 сар ч адилхан л байх байхдаа. Дахин төмсний хучмал хийсэн ш дээ нээрээ. Тэгээд зургийг нь оруулах гэснээ баахан л төмс ярьсан хүн болчих гээд хэхэ. Та нарынхаа зөвлөснөөр өндөгний шар энэ тэр түрхэж байгаад л, бас махандаа хулуу энэ тэр гээд өөрөө бодож байгаад янзан бүрийн ногоо холиод л. Нээрээ би хулуунд дуртай шд, шөлтэй хоол хийхээр уусаад шөлийг нэг тийм гоё шаргал өнгөтэй болгодог юм.

Японд энэ 6 дугаар сард зурагтаар тувт л сумогийн тухай гарлаа. Нэрийг нь мэддэгээс Котомицүки, за тэгээд нэрийг нь сайн мэдэхгүй хэд хэдэн бөхчүүд байнаа. Бэйсболын тэмцээн энэ тэрд бооцоо тавиад, тэр өгч авалцах мөнгөө хоорондоо шилжүүлж бариад л эсэн бусан юм болсымуудаа янз нь. Ядаж байхад Котомицүки миний амьдраад байгаа Тоттори мужын нэгэн ахлах сургууль төгссөн, эд нар нь их бахархдаг байсан юм. Будаа будаа, юу ч гэж хэлэхэв. Хэт их мөнгө, алдар хүнд хүнийг эвдэж, буруу зам руу оруулдаг гэж юутай үнэн...

Зурагтаар сүүлийн үед байнга яригдаж байгаа бас нэг зүйл бол "нэмүү өртгийн татвар"-ыг 10 хувь болгож нэмэх. 7 сарын 11-нд зөвлөлийн сонгууль болох юм. Тэгээд л сонгуулийн бас нэгэн ПР болгож л яригдаад байх шиг байна. 10 хувь болоод нэмэгдчихвэл бид чинь одоо яах билээ? Чөтгөр бүү мэд. Гэхдээ япон шиг 5 хувь байдаг орон цөөхөн байдаг юм байна. Нэмүү өртгийн татвар анх Франц улс хэрэгжлүүлж эхэлж байсан гэнэ. Ер нь европын орнууд их өндөр байдаг гэнэ. Гэхдээ бүх бараа бүтээгдэхүүн нь нэг ижид татвартай байдаг уу гэвэл тийм биш гэнэ. Жишээ нь улсдаа үйлдвэрлэсэн нь арай хямд байдаг орон байдаг гэнэ, ямар орон гэчихвээ? тогтоосонгүй. Учир нь улсдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Боддог л бодол.
Герман улсад гамбургерыг тухайн ресторанд идвэл татвар нь өндөр, авч яваад гэртээ иднэ гэвэл хямд байх жишээтэй. Учир нь тухайн ресторанд иднэ гэвэл тансаг хэрэглээ учир өндөр байдаг гэнэ. гэх жишээний.

6 сарын 30-нд өглөө ажилдаа явахаасаа өмнө зурагтаа асаачаад л мэдээ сонсож байсан чинь солонгосын Пак Ёнха гэдэг жүжигчин амиа хорлочихож гэнэ. Яагаав өнөө "Өвлийн хайрын дуу" гэдэг савангийн дуурьт гардаг. Гол дүрийн залуутай хүүхнээ булаацалддаг дүрд тоглодог.(Тэр драм эхэндээ хөөрхөн юм шиг байснаа сүүлдээ тэнэг болцышд. Ихэнх савангийн дууриуд адил дөө, эхэндээ сонирхолтой байснаа сүүлдээ дэндүү нуршаад байдаг нь ядаргаатай тээ. Гэхдээ л монголчууд маань аймаар идэвхитэй үздэг гэсэн ш дээ. )
Тэрийг энэ япончууд солонгосчуудаас илүү сүр болгож өдөр бүр мэдээлээд л, учир шалтгааныг нь хайгаад л уналаа. Өвлийн хайрын дуу чинь энд япон эмээ нарыг байлдан дагуулсан байхгүй юу. Бүгд л тэр хэн билээ гол дүрийн залууд дурлаад л, зураг, полкат, СД, ДВД энэ тэрийг нь цуглуулаад л энэ тэр. Бүр нөхрийнхөө хажууд л хээв нэг дурлачихсан, царайлаг, уулзуул уулчихмаар л байна шүү гэж яриад л хэхэ.
Сүүлийн үед энэ омогтой солонгосчууд яагаад амиа хорлоод байдаг болчвоо, тэр дундаа нэртэй, алдартай хүмүүс нь, нэг л учиртай шүү. Япончууд бас амиа хорлолтоороо дээгүүрт ордын гэсэн. Гэхдээ алдартай хүмүүс нь нэг их хорлоод байддаггүй шиг л санаад байна. Солонгосчууд японыг дуурайж хөгжсөн гэж ярьдын билээ, амиа хорлолтыг нь хүртэл дуурайгаад байгаан болов уу? Мэдэхгүйм даа.

Хөл бөмбөгийн тухай ганц өгүүлбэр бичихгүй бол алдас болох гээд байнаа. Би ч нээх сонирхоод байдаггүймөө, гэхдээ японыг хальт дэмжээд авсаан. Дараа жилийн наадам даанч хол байна дээ гэгчээр 4 жилийн дараа үзүүлээд өгөөрэй л гэж хэлэх байна. ККК

Түүхт газар 2

Үргэлжлүүлнээ

Онон мөрөн МНТ-п нэр нь гардаг газруудаас хамгийн олон буюу 32 удаа гардаг. 1... Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж бүхүйд төрсөн Батачихан ажгуу... 59, 97, 211-д Дэлүүн болдогийн тодотголоор 3 удаа гардаг. 106-д "Жамуха бас өгүүлрүүн: (Тэмүжин анд, Тоорил хан ах хоёрт өгүүл) хэмээн илгээхдээ... Тоорил хан ах морилохдоо, Бурхан халдуны өврөөр, Тэмүжин андыг дайрч ирж, Онон мөрний эх Ботохан бооржид болзолдъё..." хэмээн өшүүлж илгээв.
Онон мөрөн Хэнтийханы Бурхан халдун уулын яг ар дороос эх авч зүүн хойшоо 808 км урсаад ОХУ-ын Шилка мөрөнд цутгана. Манай улын нутагт 445 км урт урсах доод хэсгийг нь Онон-Балжийн Байгалийн Цогцолборт газрын зэрэглэлээр Улсын тусгай хамгаалтад аваад байна.

Монголын нууц товчоо МНТ-д тэмдэглэсэн нь: 202. "Төдий эсгий туургат улсыг шулуутгаж (нэгтгэж) барс жил (1206) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан цол тэнд өгөв." гэж дурдсан.
Энэ хөшөөг өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс урагш ойрхон Онон мөрний хөндийд х.ө 48℃ 36' 03, з.у 110℃ 36' 42-ын солбицолд d.m.d 1171 м өндөрт босгожээ.

Химурга горхи МНТ-д 4 удаа гардаг. 122-д "...эд бас Жамухаас хагацан хөдөлж, Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж бүхийд нийлэн буув" гэж дурддаг.
Химурга горхи гэдэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг өнөөгийн Жаргалантын гол мөн байх гэдэг. Энэ горхи нь өрнөөс 70 км урсаад өнөөгийн Хурх голд цутгадаг.
Хорхоног Жубур МНТ-д 6 удаа гардаг. 115-д " Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурав хамтарч,... Орхон, Сэлэнгэ хоёрын Талхун арлаас буцахдаа Тэмүжин, Жамуха хоёр хамтдаж, Хорхоног жубурыг зорин эргэв" гэж дурдсан.
Хорхоног жубурыг өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумын нутаг Хурхын голын энэ хориод км өргөн хөндийг мөн байх гэж үзнэ. Энэ нь Хулдгар хунаас зүүн, зүүн урагш залгаад үргэлжлэх нутаг.

Бүрги эрэг МНТ-д 6 удаа гардаг. 96-д "Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан буув. Чотан эхийн бэлэг хэмээн хар булган дах авч ирсэн бүлгээ" гэж дурддаг.
Бүрги эргийг одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн мөрний баруун гарт х.ө 47℃ 56' 22, з.у 108℃ 28' 31-ын солбицолд d.m.d 1421 м өндөрт орших өндөр эргийг мөн гэж үздэг. Энд Бүрги эрэг гэсэн жуулчны бааз бий. Бүрги эрэг гэсэн хөшөөг Хэрлэнгээс баруун тийш ойрхон босгосон. Бүрги эрэг нь Сэнгүр горхиноос баруун тийш 40-өөд км-т орших газар.
Айл харгана МНТ-д 3 удаа гардаг.
107-д "...... Тэмүжин Бүрги эрэгт байх тул мөрт буй хэмээн тэндээс хөдөлж Түнхлиг горхи өөд нүүж, Тана горхиноо Бурхан халдуны өвөрт бууж, Тэмүжин тэндээс цэрэг үүсгэж, Тоорил хан нэг түм, Тоорил ханы дүү Жаха гамбу нэг түм, бүгд хоёр түм цэрэгтэй Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув" гэж дурддаг.
Айл харганад зориулсан гэрэлт хөшөөг өнөөгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Жаргалантын голын хөндийд тэндэхийн буган чулуун хөшөөний дэргэд х.ө 48℃ 11' 50, з.у 109℃ 35' 50-ын солбицолд d.m.d 1278 м өндөрт босгосн байна. Энэ нь Бүрги эргээс зүүн хойш шуудаараа 90-д км, Хар зүрхний Хөх нуураас 60 шахам км зайтай байгаа газар.

Туулын Хар түн МНТ-д 7 удаа гардаг. 96-д " Ван ханд Тэмүжин хүрч өгүүлрүүн: (Эрт өдөр эцэгтэй минь анд бололцсон ажуу, иймд эцэг мэт буй за хэмээн, гэргий буулгахад инжинд ирсэн өмсгөлийг танд авч ирэв) хэмээн булган дахаа өгөв. Ван хан маш баясч өгүүлрүүн: ... 164-д "Чингис хаантай, Ван хан Туулын Хар түнд хурж, эцэг хүү хэмээлдэв.
Одоо Сонгины буланд Хэрэйд иргэний Ван ханы ордны буурь х.ө 47℃ 48' 06, з.у 106℃ 37' 30-ын солбицолд бий. Туул гол Бага Хэнтий нурууны зүүн урд хажуугаас эх авч Улаанбаатар хотын урд хэсгээр баруун тийшээ 819 км урсаж Орхон голд цутгадаг.

Хэрлэн мөрөн МНТ-д 11 удаа гардаг, үүний дөрвөн удаагийнх нь Бүрги эргийн тодотголоор гардаг. 94-д "Тэндээс (Сэнгүр горхиноос) Тэмүжин, Бэлгүдэй хоёр Дай Сэцэний Бөртэ үжинийг эрэн Хэрлэн мөрөн рүү одов" гэж дурдсан.
Хэрлэн мөрөн Хэнтийхан, Бурхан халдун уулнаас эх авч урагшаа, зүүн тийшээ 1264 км урсаж Хятад улсын нутаг дахь Далай нуурт цутгадаг. Манай улсын нутагт 1090 км зам туулна.

Monday, June 28, 2010

Түүхт газар

Хэдэн жилийн өмнөх нэгэн хуанли дээр гарсан байсныг ээж шигээ элдэв цаас цуглуулах хоббигоороо хайчилж авч цааш нь хийснээ, сүүлд нь тэрхүү цаасыг нь ад үзэж хаях гэснээ хэрэгтэй гээд л авсан байх гээд зүгээр хаячихаж чадахгүй блогтоо бичихээр шийдэв.
За аймаар урт өгүүлбэр бичсэн шүү, орчуулга хийж байхад монголчууд бид их урт өгүүлбэр бичих дуртайм билээ. Япон хүмүүс богино өгүүлбэрт дуртай гэж заалгаж байсан юм байна.

Сэнгүр горхи МНТ-д 5 удаа гардаг. 94-д"... Чотан охиноо үдэж, Хүрэлхү дотор Сэнгүр горхиноо бүхүйд хүргэж ирэв" гэж дурддаг.
Сэнгүр горхийг өнөөгийн Цэнхэрийн гол мөн гэж үздэг бөгөөд энэ гол нь Хэнтий уулын өврөөр орших Царамын Гозгор уулын араас эх авч урагшаа 160 км урсаж Хэрлэн мөрөнд нийлна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг. Байнгын урсгалтай боловч дээд хэсэгтээ 2007 оны зун усгүй болсон байв.

Хөх нуур МНТ-д 2 удаа гардаг. 89-д "... Бурхан халдуны өвөрт Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ." гэж дурдсан.
Энэ нуур одоо Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс хойш 30 гаруй км зайтай, Юдэг голын савд х.ө 48℃ 01’ 0", з.у 108℃ 58’ 01"-ийн солбицолд 1619 км өндөрт оршдог 2 нуур. 1189 онд Чингисийг Хамаг Монголын хаанд өргөмжилсөн бөгөөд энд Чингис хаан таван удаа зуссан гэдэг.

Хулдгар Хун МНТ-д 1 удаа гардаг. 117-д "Хорхоног жубурын Хулдгар хуны өвөрт саглагао модноо анд бололцон амраглалдаж, хуримлан тойлон (найрлан) жаргалдаж, шөнө нэгэн хөнжилдөө хонох бүлгээ" гэж дурддаг.
Хулдгар хуныг өнөөгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Биндэр уулыг мөн гэж үзэж түүнд зориулан дурсгалын баганыг Биндэр овооны дэргэд босгосон байна. Эндээс зүүн урагш Хорхоног жубур байдаг.

Бэдэр Хошуу МНТ-д 1 удаа гардаг. 88-д "Тэмүжин... Онон мөрөн өөд мөр мөшгив... Химурга горхины Бэдэр хошууны Хорчухай болдогт бүхүйд золголдов" гэж дурддаг.
Бэдэр хошууг өнөөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр овооны хушуу мөн гэж үздэг явдал бий. Биндэр овоо нь өнөөгийн Жаргалант (Химурга) голын адгаас зүүн хойш арваад км зайтай х.ө 48℃ 22’ 45", з.у 110℃ 17’ 26"-ийн солбицолд Хурх голын хөндийн хойд захад d.m.d 1130 м өндөрт хүрмэн чулуу, бүдүүн ширхэгтэй боржин болон хөрзөн чулуун дэлтэй бидэртэй хушуун дээр оршдог нутгийн тахилгатай овоо юм. Бэдэр гэдэг үг нь Биндэр болон сунжирсан байж болох юм.

Үргэлжилнэ

Өвөл болоосой

Өвөл болоосой, хэхэ
Яг урсаж үхлээ, үхлээ ч гэж дээ урсаад байнаа. Зүгээр сууж байхад л хөлс урсаад байна. Ядаж байхад японд зун бороо орохоороо улам л бүгчим халуун болоод байдаг юм. Дээрээс нь гадаа нь өмхий үнэртээд. Чийгтэй бүгчим болохоор тэр.
Тэгсэн монголд маань бороо орохгүй 40 хүрч халаад ээж аавын минь тарьсан хэдэн модны мөчир нь хатаад байгаа сурагтай. Болдог бол нэлээд хэдэн литрийг илгээмжээр илгээх юмсан.

Friday, June 25, 2010

Төмсний хучмал


Андуудаа, энд японд чинь ногоочин айлууд нь төмсөө 6 сард хурааж авдымаа. Халуун болохоор. Хурааж авсныхаа дараа нь тэр талбай дээрээ бас өөр ногоо тариад байдымаа. Би 3 жил дараалан 6 сард ургацаа хураалаа шүү дээ. ККК
За тэхээр 1 жилийн өмнө төмсний хучмал хийж байсан юм. Тэрнээс хойш пээж маань эвдэрчээд, хийж амжихгүй л яваад байсын. Тэгээд уржигдар хийлээ. Амт нь урдныхаасаа илүү амттай болсон гэж. Гэр бүлийнхэн маань магтаад л амаа олохгүй идсэн шүү. Жорыг нь интернэтээс хайж байгаад хийчихсэн. Юм хөгжинөө гэдэг чинь бас сайхан юм аа, хүссэн юм аа хайгаад л олчихно. Гүүглээс төмсний хучмал гээд хайгаарай, гараад л ирнэ.
PS:Сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ баярлалаа. Төмсөн дээрээ үйрмэг бяслаг тавьж жигнэсэн юм, тэгээд тэр нь хайлаад ингэж цагаан харагдаж байгаа байх. Бас энд төмс их олон янз сорт байдын байна лээ, тэр Ховдын шаргал төмс шиг төмс уг нь байдын. Бидний "тарьж" хураасан төмсний төрөл нь ийм цагаан. Дараагийн удаа өндөгний шар түрхэж байгаад жигнэж үзнээ. Зөвлөгөө өгсөнд мааш их баярлалаа.

Monday, June 21, 2010

Хураачихсан шүү

Төмсөө хураамаар байхын гэдгийг минь бурхан сонсчиж, өнгөрдөг бүтэн сайнд явж хураагаад. Шинэ төмс идэх гоё байна шүү. Би ч мэдсэн юм шиг төмс худалдаж авахгүй гүрийгээд байсым.
Явсан нохой яс зууна гэгчээр ганц нэг сонгинотой ирсээн ккк.
Одоо төмсөөрөө ямар хоол хийх вэ гэж толгой гашилгааск, өнөөдөр арвин төмстэй ногоотой шөл хийлээ гэж.

Friday, June 18, 2010

Ойр зуур

Ойрд чинь завтай ч юм шиг, завгүй ч юм шиг өдрүүд үргэлжилсээр...

Японы ерөнхий сайд солигдоод хэд хоночихов. Нээх анхаарал хандуулсангүй, намайг энд ирэхэд Коизүми гээч нөхөр байсан шиг санагдахын. 2006 оноос өдгөөг хүртэл 5 хүн солигдсон байхын. Яг одоо Кан гээч нөхөр гарч, хэр удахыг чөтгөр бүү мэд.

Борооных нь улирал оройтож эхлээд, төмсөө хураамаар байхын ккк. Хэний тарьсан төмсийг хураагаад байдгийг манайхаар орж гардаг блогчид андахгүй байх дөө гэж.

Үйлээ урласаар л байгаа. 2 том уран бүтээл туурвисан. Зургийг нь энэ удаад оруулахгүйгээр шийдээд, учир нь цагаан хэл ам хүрчихнэ. Бас ганц нэг хүмүүсийн нөхрүүд эхнэрээ "загнана" ккк. Бас бус зөндөө юм төлөвлөөстэй. Хэзээ эхлээд хэзээ дуусахыг чөтгөр бүү мэд...

Нээрээ энэ чөтгөр гэдэг үг байна ш дээ, ээж маань охиныг минь "сахилгагүйтээд", "заль гаргахад" нь чөтгөрийн зээ минь ээ гэдгийн, өөрийгөө чөтгөр гээд хэлчиж байгаам, инээд хүрээд байдын.

Monday, June 14, 2010

Зүгээр л

Олон уучлал гомдол авчирдагийг
Олон уучлал зүрх хөргөдөгийг

Эбагийн ийм үгтй дууг youtube-с хайгаад олдоггүй ээ, яах уу?

Friday, June 04, 2010

Паян

За бас нэг паянгаас нь бичье өө.
Энд хотын харъяа, мужийн харъяа гэсэн 2 номын сан байдаг юм. Нэгээс нь нэг удаад 8 ном, нөгөөгөөс нь 10 ном 14 хоногийн хугацаатай зээлж болдын.
Нэг хэсэг охиныгоо миний охин ээжийгээ дуурайсан номонд дуртай (ээж хальт өөрийгөө рекламдсан) гээд онгироочихсын. Тэгсэн дээрх 2 номын сангаас өөрийнхаа картаар ч, миний картаар ч зэрэг зэрэг ном зээлээд их байсан юм. Нэг удаад 30-д ном зээлнэ гэсэн үг. Нэг хэсэгтээ гэр орон гэж номын сан юм уу хаашаа юм л байгаам чинь.
Ээжийгээ ажилдаа явсан ганц нэг өдөр хичээлээсээ тарж ирээд 3 цаг гаран ганцаараа байдаг байхгүй юу. Тэр үедээ заримдаа сэжиг бүхий зүйл их хийнээ. Тэр нь ээжид шууд л баригдана. Жишээ нь ээжийн "алт эрдэнэсийн сан"-г уудалж зүүж барьж үзнэ, хааяа будаг шунхаар гоёно гээд л...
За тэхээр энэ удаагийн паян нь байна шдээ.
3 сарын нэг налгар сайхан өдөр охин минь гэрийнхээ гадаа ном уншдаг баатар болсон байна л даа. Нээх сайхан уншаад л сууж байсан чинь нэг найз нь тоглоё гээд ирж. Мань хүн ч уухайн тас за гээд л гүйж одноо доо. Тэгэхдээ номоо гэртээ оруулж тавиагүй бариад гүйсэн юм уу хаашаа юм. Тэгээд хажуугийн саадны сандал дээр тавьж тоглож байгаад тэр чигт нь мартаад, 7 хонуулсан байгаа юм. Ээж ном буцааж өгөх хугацаа нь болчоод номнуудыг нь бөөгнүүлж аваад гарах гэсэн 1 ном дутаад болдоггүй ээ. За орой ирэхээр асууж байгаад маргааш аваачаад өгье гэж бодоод л бусад номыг нь аваад гарсын. Орой нь ч нээх юм бодолгүй номоо олоорой ээж нь олсонгүй гэсэн чинь за л гэсийн. Маргааш нь болов оо. Ажлаасаа ирээд л номоо олсон уу, ээж нь аваачаад өгье гэсэн бас л нээх сэжиг бүхийгээр нэг юм нуугаад байнаа. Хар төрөөд л явна биз дээ. Энэ удаад ямар хэрэг тариа бол доо гэж бодоод л асуусан чинь. Өө, өнөө нэг ном чинь шалба норчихсон, ус нь дуслаад л байж байдаг байгаа. Тэрийгээ намайг байхгүйд хатаах гэж тенийн өмнө тавьсан мэдэгдээд, хав халуун байгаам чинь. Ээж тэсээгүй тоосыг нь гөвчихсөөн, дараа нь харин өрөвдөөд кэцүүн билээ. Ээж аав 2 минь бас бидний тоосыг гөвчихөөд дараа нь өрөвддөг байсан байх даа хэхэ.
Тэгээд шалба норсон номоо бариад л номын сангийн хүнээс уучлал гуйгаад дахин ингэхгүй гэж ам өчгөө өгөөд, яг тийм ном шинээр авч өгсөн.
Тэр нэг налгар сайхан өдрийн дараагаар тувт бороо орсон 7 хоног үргэлжилсэнийг хэлэх үү, одоо гэрт нэг тийм хуудас хуудсаараа салсан, дарайгаад хатчихсан нэг ном явж л байдын. Муухай болгосон номыг нь "дурсгал" болгоод өгчихдөг юм билээ.
Хүүхдүүдээ гэж...

Wednesday, June 02, 2010

Хүүхдийн сэтгэхүй гэж

Хүүхдийн баяр дуусаад удаагүй юм чинь охиныхоо паянгаас бичнээ.
За тэхээр ингэсийн.
4 сарын эхээр хаврын амралт болоод хэд хоног амарваа. Нэг дэвтэр хуулан бичлэг хийх даалгавартай байсын. Эхний хэд хоног ч даалгавар энэ тэр гэхгүй сайхан байлөө. Сүүлийн хоёр хоног ч даалгаврын тухай яриа гараад л би хийгээрэй миний зулзагаа гэж хошуугаа дэвсчээд л, айхтар шалгаж барьсангүй ээ. Аав ээж хоёр жоохон хувийн ажил ихтэй нааш цааш гүйгээд завгүй байсан болохоор таг дэргэд нь суугаад хийлгэж чадаагүйм. Тэгсэн маргааш хичээл эхлэнэ гээд орой би дэвтрийг нь шалгалаа. Охин дэвтрээ өгчихөөд нэг сэжиг бүхий 00 яваад орчивоо. Хүүхэд сэжиг бүхий үйлдэл хийхээрээ цаанаа нэг андашгүй байдаг даа. Ээж ч тэмээ хариулдаг хүн буурныхаа занг андахгүй гэдэг шиг л нэг л биш гэдгийг нь "эх хүнийхээ зөн совин"-гоор мэднэ биз дээ. Дэвтэр нь их нимгэн болчжээ, эхэндээ ч анзаараагүй хуудсыг нь эргүүлж байтал хамгийн сүүлийн хуудас их жоготойгоор хавтсандаа наалдаастай байнаа. Энэ чинь юу билээ гээд л хуудсыг тооллоо. 18-хан хуудас байна. Хар төрөөд дэвтрийг хэдэн хуудастай байсын байна гээд үзсэн чинь 30 хуудастай гээд бичээстэй байдаг байгаа. За энэ манай охин бүхэл бүтэн 12 хуудсыг яачихдаг байнаа гэж бодоод л асуулаа даа. Дуугардаггүй шүү золиг чинь. Урцан биз дээ үнэнээ хэл дээ л гэлээ. Худлаа хэлбэл харин ч нэг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд гээд л үглэж гарлаа даа. Тэгсэн өдөр нь ганцаараа өнжихдаа гарч тогломоор байдаг, олон хуудас даалгавар нүдэнд нь харагдаад байхаар нь урж салгаад, арын хуудсыг хавтастай нь цавуудаад наасан гэдэг байна даа. Хэхэ.
Ээж цаанаа инээд хүрээд ишш охин минь дээ охин минь гэж бодож байсан мөртлөө наанаа их л ууртай шинэ дэвтэр олж ирнэ, бүр эхнээс нь дахиж бич, хэнийг хуурч байгаан энэ тэр гээд л үглэлээ шд. Угаасаа ч үглэх дуртайм байгаан.
Тэр оройдоо гарч шинэ дэвтэр олж ирээд эхнээс нь нусаа татаад л бичсэн, дуусгаагүй ээ. Маргааш авчир гээгүйн байгааз дээ, одоо унт гэж загнаад л унтуулсан. Охины минь аз болоход даалгавараа авчир гэж нэхээгүй, одоо ч тэр дэвтэр нь бичиж дуусгаагүй хаа нэгтээ явж л байгаа.
Тэгж салгахдаа бас хүүхдийн ухаан гэхэд их л бодсон байгаам чинь. Эхлээд үдээсээр нь салгаад, тэгээд нэг нэгээр нь ураад буцааж үдэх гэж үзсэн юм шиг байгаан. Голоос нь эвтэйхэн ураад авчихдаг гэж мэдэхгүй л байсын байхдаа гэж бодоод инээд хүрээд байгаам чинь, ээж ч багадаа голоос нь урж авдаг л байсан даг. Хэхэ. Нэг бол голоосоо хэтрээд явчихсан байсан байх.