Том зулзага өнөө өглөө эртээ гэгч нь чухам ууланд авирчихаад ирнэ гээд гараад алга болсон.
Дунд сургуулийн бүх 1-р ангийнхан анги даасан багш нартайгаа, бас бус хариуцсан багштайгаа автобусаар мужийнхаа хамгийн өндөрт тооцогдох ууланд гарч нэг хоночихоод ирнэ. Ихэнх дунд сургуульд байдаг арга хэмжээ байх аа. 3-р ангид орохоороо бүр хол зугаалганд явдаг гэсэн.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр уламжлалт арга хэмжээгээ танилцуулангаа 5 сард хонуутаар явна. Төлбөртэй, дүрэмт хувцас энээ тэрээ гээд зардал ихтэй байхад чинь бас мөнгө нэхэх учир түмэнтээ хүлцэл өчье гээд л захирал багшаас авахуулаад л хариуцсан багш нар ам нээх болгондоо л хэлсэн. Эртнээс сэтгэл зүйн бэлтгэл хийж байгаа нь тэр. Би нь дотроо мэдсээр байгаа юм байж тэгээд жаахан азнаж байгаад явахад яадаг юм гэж бодоод байгаа хэрнээ ил гаргаж хэлэхгүй л байлаа. Хэ хэ.
За тэгээд эд чинь зохион байгуулалт сайтай юм болохоороо их олон хоногийн өмнөөс хэрэгтэй зүйлсийн жагсаалт гаргаад ар гэрт нь хүргүүлнэ. Том зулзага далимдуулж нэг цагаан подволк авахуулсан юм байна шүү, нээрээ. Түүнээс тамирынхаа хувцсыг өмсчихнө, сургуульдаа өмсдөг пүүзтэйгээ явчихна. Амар. Цүнхний хувьд хоёр цүнхтэй явсан. Нэг том, нэг жижиг үүргэвч. Ууланд гарахдаа жижиг үүргэвчтэйгээ явна. Том цүнхээ буудалдаа бусад ачаатайгаа орхино.
Сургуулийн зүгээс заасан зүйлсээс өөр зүйл авч явж болохгүй.
-Өглөө цүнхийг нь шалгадаг гэсэн, ээж ээ. Арай дэндсэн зүйл биш үү?
-Тэгж та нарыг айлгаж байгаа биз дээ, тэгэхгүй бол та нар юу ч аваад явчих юм билээ.
-Тийм юм болов уу?
Нэг иймэрхүү харилцан яриа болсон. Бас л чанга байна уу. Гэхдээ чанга нь дээр гэж бодож байгаа.
Өглөө гэрээсээ 6:30-д гарсан. Бид хоёр чинь 5 цагт босч өнөөх өдрийн хоол бэнтогоо хийлээ. Энэ удаад янз бүрийн баатрын дүрст бэнто энэ тэр гэж сүр болоогүй, хэхэ.
Нэг найз нь ирээд хонх дараад л,
-Явчихаад ирье, ээж ээ
гээд л гараад явсан. Дараахан нь мартсан зүйлийг нь өгөх гэж ээж нь сандарч гаран, араас нь гүйцэж очоод л өгөв. Харьцангүй бие даасан гээд хааяа тоодоггүй юм. Хүүхдээ гэж, мартаж л байгаа юм. Гарцаагүй л ээжийн нүд, үглээ хоёр хэрэг болоод байх юм даа гэж.
За тэгээд өдөр нь буудалдаа оччихоод, бэнтогоо идчихээд ууландаа гарах юм гэсэн. Маргааш нь үдээс өмнө сургалттай юм даг уу даа. Яг юуных нь бүү мэд, мэдэлгүй л явуулчихлаа. Хайнга ээж байна уу, хэхэ.
No comments:
Post a Comment