Monday, February 29, 2016

Марк

1 сарын 1-нд бие биедээ илгээсэн мэндчилгээ нь сугалаатай байдаг гэж бичиж байсан даа.

Энэ жил нэг л мэндчилгээ сугалаатай байсан. Марк таарсан. Чамлахаар чанга атгана аа. Захиа занаа явуулах хэрэг заавал гардгийг ч хэлэх үү.

Ямар азтай нь дугуй энэ тэр хожоод байдаг байна аа гэж бас атаархал төрөөстэй. Хэ хэ.

Түрүү жилийн 4 сард гадаа сойлттой байсан гоё эвхдэг дугуйгаа алдчихсаныг ч хэлэх үү? Японд бас хулгай байдаг л юм байна, гар нь татаасай хулгайчийн гэж бодсон шиг. Хэ хэ.

Том зулзага найзуудыгаа дагаад гүйдэг байх даа, хааяа гадаа гарахдаа. Хэ хэ. Бага сургуульд байхдаа нэг удаа аавдаа
-Би дугуйгүй болохоор хааяа найзуудтайгаа ийш тийшээ явахаараа хажууд нь дагаад гүйдэг шд.
гэсэн аав нь аягүй охиноо өрөвдөөд дугуй авч өгч байсан юм.

Ээж бол "барагтаа гадаа гардаггүй, хааяа л унадаг дугуй байж байснаас харин ч тэгээд найзуудыгаа дагаад гүйж байвал хэрэгтэй юм даа" гээд тоохгүй байвал яах уу? Хэ хэ. Хайнга ээж байна уу?

Багадаа унадаг байсан дугуй нь жаахан муудаад, хүнээс авсан байсныг ч хэлэх үү. Хаяад шинэ дугуй авч өгсөн чинь байхгүй шүү.

Японд ер нь дугуйны хулгай их байдаг гэсэн. Энд тэндхийн гадаад хүмүүс, гадаад оюутнууд унаад явчих нь их байдаг гэж сонсож байсан чинь.

Манайх уг нь оюутны байрнаас хол л байдаг юм. Энэ удаад бол япон хүн аваад явчихсанаас зайлахгүй.

Зарим нэг буурай хөгжилтэй орон луу хуучин дугуй бас их ачдаг гэсэн.

Ямартай ч хэн нэгнийг унаатай болгоод, буян болчихсон. Хэ хэ. Буян нь охидод минь ирэг дээ.

Ирэх жилийн мэндчилгээгээр дугуй таарах болтугай гэж залбираад л явъя дөө.

Та нарын минь ч бас аз гийг...

Sunday, February 28, 2016

Чих нүд амралтаа эдлэж байна

Яасан гэхээр зурагтын антен тавиулаагүй байгаа. Тэгэхээр зурагт асаахгүй гэсэн үгээ дээ.

Ёстой чих нүд амраад сайхан байна шд. Хэ хэ. Оройд болсон болоогүй юм үзээд, унтах цаг оройтоод, хараа мараа чинь муудчихлаа бла бла гэж үглэх зүйлгүй надад сайхан байна аа.

Өглөөд ч гэсэн дээ мэдээ үзэхээр асаахаар л баахан л гэмт хэрэг, осол, улс төрчид нь ар гэрийнхнээ гомдоож араар нь тавьсан бла бла гэсэн мэдээ гараад байдаг байсан юм. Албатай юм шиг өөрөө асаачихаад уу? Муу зурагтаа ад үзээд л хэхэ.

Ашгүй хэд хоног сайхан ажлын садаа байхгүй амар л байна.

Гэхдээ баахан цаасан хайрцаг, ууттай юм аа харахаар бас л халшраад л сууж байна. Хаана нь гаргаж тавихаа мэддэггүй ээ. Ккк

Ингээд нэг газраа овоолоотой байвал бусад өрөө нь сайхан сэлүүхнээрээ л байх юм шиг байна. Ер нь элдвийн тавилга тавьж байна гээд умгар муу гэрээ бүр л умгар болгочихоод байдаг юм байна шд.

Том зулзага л зурагтаа үзэхийн хүслэн байна.
-Хэзээ антен тавиулах вэ?
-Болоогүй ээ, тэрийг чинь бас зүгээр тавиулчихгүй, бас л баахан гэрээ мэрээ, мөнгө цаас болно. Түр хүлээж бай, жаахан уужрахаараа тавиулахаас үр минь.
Ээж охин хоёрын хооронд иймэрхүү харилцан яриа хэд хонож байгаад болдог юм. Ккк

Сайхан ном унш, гэрээ цэвэрлэ бла бла гэж би нь бас хааяа тэсэхгүй үглэнэ ээ. Бага ангидаа овоо хөөрхөн ном уншаад байдаг байсан чинь, одоо тоо нь цөөрөөд, өөр зүйлд сатаараад байдаг болсон байна. Өсөж яваагийн нэг л шинж байх даа.

Антен тавиулчихвал бас NHK төлбөрөө төл гэж нэхэж ирээд амар заяа үзүүлдэггүй гэсэн. Гадаад хүмүүс байтугай япон хүмүүс өөрсдөө ч төлөхгүй байх тохиолдол их байдаг гэнэ. Доороо цоож моожтой байрнуудын айлууд ихэнх нь төлдөггүй гэсэн. Үүд хаалга нь шууд гадаахтай холбогдсон байрных, хувийн орон сууцныхан бол хөөрхийс тэгээд л төлдөг байх даа.

Би нь төлж үзсэн, бас л хөөрхөн хэдэн төгрөг төлнө. Сүүлдээ хаалгаа тайлж өгөхөө больсон. Хэ хэ. Хааяа гэнэдээд төлнөө төлнө, яаж зүгээр байхав.

Сүүлийн үед бүр албан ёсоор төлдөг болгох гэж хууль яригдаад байгаа сураг байсан. Монголд байрны мөнгө тушаахад автоматаар радиа, үндэсний тв гэж тушаадаг даа, тэрэн шиг.

Тэгэхээр энэ зурагт гээч зүйл нэг талдаа сайхан ч нөгөө талдаа бас л хэрэггүй эд шүү тээ. Зурагт үзэлгүй 15 хоночихлоо, болж л байна. Ямар ч байсан нэг сар гүрийх юм шүү. Антен тавиулах болоогүй ээ гэж.

Бас NHK төлбөр төл гэж ирвэл хаалга тайлж өгөхгүй юм шүү. Чадах нуу? Хүн чанар зулгаагаад хэцүү бас. Ккк

Saturday, February 27, 2016

Үргэлж талархаж байх

Сая нүүхдээ бид ганц нэг хуучин, тэгээд солих гээд нэг л зүрх зориг хүрэхгүй зүйлээ солихыг нь сольж халж, хаяхыг хаяж байгаа юм.

Ер нь 90-д оны зах зээлийн хүнд хэцүүг мэдэрч өссөн болоод ч тэр үү аливаа зүйлийг хаяхдаа тун дургүй гэж байгаа. Эцсийг нь хүртэл л хэрэглэх гэж үзнэ. Хэхэ. Тэгээд л новш нь ихэсчихдэг байх.

Тэгээд угаалгын машин минь их л дээр үеийнх юм. Анх ирэхэд албанаас тавьж өгсөн байсныг 4 жил хэрэглээд. Албаа дуусгаад бүх зүйлээ хүлээлгэж өгчихөөд бүгдийг шинээр эхэлж байлаа.

Шинээр эхэлж байна гээд цоо шинэ үнэтэй зүйл худалдаж аваад байгаагүй юм даг. Удахгүй харих улс элдвийн үнэтэй зүйлсээр яахав дээ, харихдаа авч харьж чадахгүй үлдээгээд л харих болно, хайран юм гээд л их л хэмнэдэг байлаа. Одоо ч хэвээрээ л дээ.

Оршил нь их урт болчих гээд байх юм, нэг юм бичих гэж тэ. Хэ хэ.

Товчхондоо угаалгын машинаа солих гээд, дэлгүүр хоршоо орсон чинь юу вэ. Юм гэдэг чинь хөгжөөд талийж өгсөн байна. Үнэ нь ч овоо байна. Товчлуур энээ тэрээ гэж бараг алга, сүүлийн үеийн угаалгын машин чинь ухаантай утас шиг л болсон байна шд. Мэдээж хуучны загварууд байсан л даа. Хүмүүний шунал гэж дийлдэхгүй юм болохоор бас гайгүйг нь сонирхож үзээд байнаа. Ккк

Ямрыг нь авахаа мэдэхгүй эргэлзээд л одоогоор худалдаж аваагүй л байна. Шийдсэн ч гэсэн шууд авчихгүй гэсэн. Дор хаяж 2 долоо хоног болдог гэнэ. Захилгаар цаанаас нь үйлдвэрээс нь ирэх юм уу даа.

Хитачи их дажгүй гэнэ. Угаалгын машин дотроо. Панасоник бас гайгүй гэнэ. Хитачиг нь авна л гэж байх шиг байна хань ижил болохоор. Надад бол угааж л байвал аль нь ч хамаагүй.

Тэгээд бид нь хэд хоног угаалгын машингүй, том зулзага
-Ээж ээ, угаалгын машин хэзээ авах вэ?
-Мэдэхгүй ээ.
Хань ижил тэндээс гараараа угаа, угаалгын машины ач тусыг мэдэр гэж айлдсан. Хэ хэ.

Тэгсэн нэг өдөр том зулзага гараараа өөрийнхөө болон дүүгийнхээ ганц нэг зүйлийг угаажээ. Өнөөдөр ээж нь бас бус зүйлээ угаагаад л, орчин үеийн хүмүүн бид чинь үнэхээр л жаргалтай юм даа, дээхний үеийн бидний ээж аавууд яаж амжуулдаг байсан байна аа гэж бодон бодон угааж байна шд.

Угаалгын машин чамд хайртай шүү, манай гэрийнхэн. Ккк. Нэг их удалгүй манайд ирж гэрийн минь нэг гишүүн болоорой.
Эргэн тойрныхоо бүхий л зүйлд талархаж байна өө...

Анхны ном

Анхны номоо гаргаад. Хэ хэ.

Амны билгээс ашдын билэг. Бага зулзага ээждээ нэг ийм хөөрхөн ном хийж өгөөд.
Сүүлийн үед зурахаасаа илүү хайчилдаг, наадаг, нугалдаг болсон.

Нэг орой
-Ээж ээ, би танд зурагт ном хийсэн шд, бэлэг.
-Үр минь ээ, яасан ч хөрхөн юм, хайртай шүү.

Бид хоёр нь нэг иймэрхүү л эрхэлддэг болсон.

Хэд хоног ажлаар явж ирснээс хойш бүр илүүтэй гээч.

Энэ номыг харах бүр хайр хүрээд байгаа юм.

Үдээсний оронд резин хэрэглэсэн. Зураг зурдаг цаасаа ашиглаад хайчлаад хийчихсэн. Зарим нэг үсгээ буруу харуулаад биччихсэн. Өөрийн мэддэг амьтдаа зурчихсан. "Амьтан" гэдэн нэртэй ном шүү болоогүй ээ.
Дэлгээд хуудсыг нь эргүүлэхэд нэг иймэрхүү. Дөнгөж үсэг нүдэлж буй тул зарим нэг үгийг буруу бичсэн байсан. Үсэг нь бас буруу харчихсан. Хэ хэ. Үүнийгээ бас ээждээ уншиж өгөөд байна аа, зохиож ирээд л.

Хуучин оны календарьны цаасыг бол бүрэн ашигласан байна уу? Сүүлийн үед өнгийн харандаа гэхээсээ илүү балаар зураад байх болсон. Том зулзага бас тийм байж билээ, хар улаан хоёр л өнгөөр хорвоог зурчихаад байсан юм даг. Ккк.

Өхөөрдөм, хайр татам үр минь том болоод л байна.

Тэр жилийн айхтар гамшгийн үеэр чинь төрөх өдрөө хүлээгээд л гэдсэндээ тийчигнэж байсан юм шүү дээ.

Цаг хугацаа ч хурдан юм даа. Одоо сонин хэвлэлээр тухайн үеийн үйл явдлыг дурссан, мартаж болохгүй, түүнээс суралцах ёстой зүйл гээд л гараад, хэвлэгдээд байна. Мундаг ард түмэн шүү...

Friday, February 26, 2016

Ижий минь ээ, аав минь ээ

Гэдэг ном. Агуулга нь их хөөрхөн. Ахлах сургуулийн сурагчид, оюутнууд  ээж аавдаа зориулан бичсэн нэг мөртүүд.

Асар их энерги шаардсан ажлаа тараад галт тэргэнд явахдаа сөхөж хардаг гэж байгаа. Агуулга нь хөнгөн, тархи амраад ажил дээрх өөрийн гаргасан алдаа зэргээ түр мартасхийдэг болохоор хөнгөн хөөрхөн ном байнга цүнхэлж явдаг юм.

Нэгэн ахлах сургуулийн багш сурагчдынхаа зохион бичлэгт дургуй байдагт сэтгэлээр унана. Өөрийнх нь заах арга барил нэг л болж өгөхгүй байна даа, би багшийн ажилд тэнцэхгүй юм байна даа гэж хүртэл бодно.

Тэгээд ямар  ч байсан хичээлээ сонирхолтой болгох сурагчдын бичих сонирхлыг сэдээх зорилгоор 1-т хөгжөөнт тоглоом тоглоно. 2-т богино хэмжээний зохион бичлэг бичүүлнэ.

Ингэж бичүүлэхдээ "Чөлөөт нэр мөрт" гэсэн хэлбэрийг оруулна. Бичих сэдэв бол юу ч байж болно.

Жишээ нь:
Баяр баясал бол шалгалтын дараа, хоолны цаг.
Уйтгар гуниг бол сэрүүлэгтүлхэж унагаад ёох, сургууль гэж бодох үе.

гэх мэт. Би нь жаахан муу орчуулж магад шүү. Японоор нь уншаад бол нээрээ л тийм дээ гэж бодох.

Яваандаа уг мөртөө хэн нэгэнд хандаж бичих болсон. Ээж минь ээ, аав минь ээ, найз минь ээ, багш минь ээ, сургууль минь ээ гэх мэт.

Жилдээ нэг удаа иймэрхүй аргаар хичээлээ ороод явюсан. Сурагчид ч бичихдээ дуртай болж ирсэн. Анги дүүрэн инээдэм.

Сурагчид ээж аавдээ хэлмээр байгаа зүйлээ, сэтгэлийн гүнд хадгалж явдаг үгээ илэрхийлэх нь ихэд таатай байсан бололтой.

10 жил ингэж бичиж цуглуулсан чинь одоо хэдэн мөрт болноо доо. 1993 онд NHK-р гарна. Ном болж хэвлэгдэнэ.

Үүнийг сонссон олон олон ээж аавууд бас хүүхдэдээ хэлмээр байгаа зүйл байна, бид бас ингэж бичье гээд "хүү минь ээ, охин минь ээ" гэж хандан бичнэ.

Ийнхүү хоорондоо чулуудсан "үгийн дайн" нь хэвлэгдэж 1994 онд best seller болсон.

Уншаад суусан үе үе писхийтэл инээх зүйл их бичигдсэн байсан.

Ганц нэг хөөрхөн мөртөөс нь танилцуулах уу?

  • Аав минь ээ, таны толгойг харахаар л ирээдүйдээ санаа зовоод байна. (Бодвол аав нь оройноосоо халзарч эхэлсэн байх. Хэ хэ. ) 
  • Ээж минь ээ, хайгаад олохгүй байсан хувцсаа таны шүүгээнээс оллоо шд, шууд л аврав. 
  • Ээж минь ээ, Осакад найзындаа хононо гэж явсан минь үнэндээ найз залуугийндаа хоносон юм аа. (Надад бас ийм нас байлаа байлаа. Хэ хэ. Одоо харин охиддоо маллуулчихгүйхэн шиг байх юмсан. Ха ха.)
  • 4 сард багш нарын дуу хоолой бүүвэйн дуу.
  • 5 сар ангиараа хичээлээс хоцрох юмсан.
гэх мэт. Яг орчуулаад бичих гэхээр хамаг авъяасаа шавхах болчихоод байна аа, жаахан гамная. ккк

Нүүнэ гэдэг чинь...

Нүүдэлчин ард түмнийхээ тасархай юм болохоороо нүүв, саяхан.

Орж гарсан их ажлынхаа хажуугаар, мөн цагаан ногоон сартай минь давхцаад юм юм л амжуулав.

Нүүх газраа билгийн тооллынхоо сайн өдрийг харан байж ёслол үйлдэв. Бүх зүйлээ нүүлгэж амжихгүй тул, ёслоод өнгөрсөн. Хэ хэ.

За тэгээд галт тэргээр давхиж давхиж харьж ирээд л аяга шанагаа хайрцганд хийж, ном дэвтрээ бас хайрцагладаг гэж байгаа. Сэтгэл санаа бол маргаашийнхаа материалыг сөхөөд нэг харчих юмсан гэж бодоостой. Харж амжихгүй болохоороо гэрийнхэндээ жаахан уурлаастай, хөмсөг зангидаастай. Хэ хэ

Ажлаа дуусгаж аваад, маргааш нь нэг хороон дээр очиж хэдэн япон хүмүүстэй бууз, лавшаа хийж идээд. Идээд ч гэж дээ, тухтай идэх зав байхгүй ээ, тэд нарыг идэж байх хооронд би нь яриа хийнэ.

Хувьсгалын ажил нэг юм дуусч, хувийн ажил руугаа ханцуй шамлан оров.

Хуучин байраа хүлээлгэж өгөв. Их цэвэрлэгээ хийсэн, хүлээж авах хүн нь нарийн шалгаж байна гэж юүхэв. Тэнд тэгж ханын цаас хууларсан байна, шал нь тэгж толботсон байна бла бла. Анх орохдоо төлсөн барьцааныхөө мөнгөн дээр хэдэн цаас нэмж төлөх байх. Бас нэг нерв.

Нүүнэ гэдэг ярьшигтай л зүйл юм. Дүрэм журам ихтэй.

Харин нэг авууштай тал байна бас. Элдэв хэрэглэдэггүй эд бараанаасаа салдаг юм байна. Хэрэглэхгүй байж хадгалаад л байдаг зүйл зөндөө байдаг юм байна шд. Хэдэн ч тор дүүрэн юм хаяв даа.

Би нь угтаа эдийн шунал нэг их байхгүй гэж өөрийгөө үнэлдэг байхгүй юу. Номын шунал бол байгаа, хэхэ. Эдийн шуналгүй хүн чинь эд бараа бага цуглуулнаа даа. Тэгсэн хэрнээ л бүхэл бүтэн айл байна даа, новш ихтэй юм аа.

Францчууд аравхан хувцастай гэдэг номыг уншсанаасаа хойш, үгүй ээ бүр тэрнээс ч өмнө өөртөө хувцас худалдаж аваагүй байхгүй юу, худалч хүнд бараг 2 жил гаран. Тэгсэн хэрнээ л манай гэрийн хувцаснууд их байна аа. Яах уу?

Нүүдэлчин ард түмэн минь жилдээ 4 удаа нүүдэг нь бас их учир жанцантайг өдий хүрч байж ухаарав. Хэ хэ.. Элдэв хог новш цуглуулахгүй, яг л амьдралд хэрэгтэй зүйлс нь л байж байдаг.

Энэ удаагийнхаа нүүдлээр их л ухаажив шд. Одооноос эд бараа бага шиг цуглуулах юм шүү, заавал хэрэгтэй юу? гэж өөрөөсөө болон гэр бүлийнхнээсээ асууж байж худалдаа хийх.

Худлаа л даа, шинэ газар орсон хүн чинь бас нэг ийм юм аваад тавьчихмаар байна гээд л үглэж байна шд. Яалтай билээ. Хүмүүний шуналаа гэж...

Thursday, February 25, 2016

Ажлын байрны судалгаа

Дунд сургуульд ирээдүйд хийх сонирхолтой, одоогоор өөрийн сонирхож буй ажил мэргэжлийн талаар сурагчдаар өөрсдөөр нь судлуулдаг юм байна.

Том зулзага юу судлах вэ гээд л хэсэг тээнэглэзсэн. Ажлын байр хэр их байдаг? Цалин хөлс нь хэр юм? Эмэгтэй хүнд хэр нийцтэй ажлын байр вэ? гээд л их л олон зүйл л хараад байх шиг байсан.

Сүүлд нь болох үгүйг мэдэхгүй ч эмч мэргэжлийн тухай судлахаар болсон гэсэн. Ээж нь орж гаран ажилтай байсан тул тулж ажилласан ч үгүй. Өөрөө л нэг юм болгосон.

Тэгсэн хэд хоногийн дараагаар сургууль дээр нь төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсийг урьж яриа хийлгэсэн байсан. Сувилагч, цагдаа, цэцэрлэгийн багш, тогооч, барилгачин гэх мэт. Өөр ямар мэргэжлийн хүмүүс байсныг нь санахгүй байна.

Том зулзага сувилагчийн багт хамрагдаж яриаг нь сонссон гэсэн. Их сонирхолтой яриа болсон, хүн нь ч өөрөө ёстой сайхан хүн байсан гэсэн.

Их орой сувилагч болохоор шийдсэн гэнэ, хүнтэй сууж, хүүхэд гаргаад хэсэг байсныхаа дараагаар гэнэ. Ямар ч зүйлийг сурахад оройтохгүй гэдэг санааг сурагчдад өгсөн байсан. Зөв санагдсан. Байнга үглэдэг надаас нэг сонсох, тэс хөндлөнгийн хүнээс нэг сонсох чинь газар тэнгэр шиг ялгаатай гэж.

Хүүхэд болгон эрдэмтэн доктор болох албагүй, ажилчин анги гэж байж байж улс хөгждөг гэдгийг мэдрээд, боловсролынхоо агуулгад тусгачихсан байна.

За тэгээд ирээдүйд ямар мэргэжил эзэмшээд, ямар ажил хийгээд явах нь уу? Тэр үеийн тэнгэр л мэддэг байх даа...

Saturday, February 20, 2016

Еэвэнгийн нөгөө тал?

Сая хэд хоног монголчуудтайгаа хамт ажиллаж, их зүйл мэдэж, нүд чих, хамар ам нээгдэж онгойсон өдрүүд байлаа. Хэ хэ.

Тэр хэд цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Тэгээд идээгээ хувааж жижиглэдэг өдөр нь би очиж таараад, дуртайгаараа еэвэнгээ авлаа шүү гэж эрхэлж байгаад л эрх дарх эдлэв.

Тэгээд орой нь харьж явах замдаа галт тэргэнд тэсэхгүй талыг нь идчихсэн. Ккк.

Хариад еэвэнгийн тал нь хайчсан бэ? гэж хань ижил асуувал
-Тал нь уу? Энэ байна аа гэж байгаад л "Зэрэг нэмэхийн өмнөх" дээр гардаг шиг үзэж тарах юм шүү гээд үгээ бэлдэв шд.

Ул боовыг сүүтэй цайнд дүрж идэхэд аая бас л сайхан шүү. Еэвэн бол ч ярилтгүй, миний хамгийн дуртай нь. Нээрээ дараа еэвэн захиж иднээ, дандаа л ном захиж байхаар. Ккк

Морьтны хишиг явганд гэж монгол амтаа амтлаад, сар шинэ ч сайхан өнгөрлөө. Ажлаа дуусгаад нөхөж шинэлнэ, цагаан сараар ирүүлээгүй айлын хүүхдүүдийг дуудаж буузаа жигнэж идье дөө. Харин наана нь цаг заваа гаргаж байгаад чимхэж хөлдөөхгүй бол ч.

Friday, February 19, 2016

Дунд сургуулийн нээлттэй хичээл

Их ажлын минь хажуугаар том зулзагын сургууль нь нээлттэй хичээл хийв.

Азаар бүтэн сайн өдрийн үдээс хойш болов. Япон хэлний хичээл орж таарсан.

Өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүнээр нь ангилаад, бүтцээр нь хуваагаад доогуур нь зурж мураад байдаг байсан минь санагдав. Аминдаа монгол хэлнийхээ хичээлд гайгүй байсан шиг санаад байгаа юм өөрийгөө. Хэ хэ. Гэхдээ одоо санаж байгаа зүйлээр маруухандаа.

Том зулзага самбарт гарч зурж мураад байсан. Өгүүлбэрээ хувааж байгаад л.

Хичээлийн дараа эцэг эхүүдийг цуглуулж анги даасан багш нар, нийт 1-р ангийг хариуцсан нийгмийн ажилтан, тамирын багш гэх мэт улсууд энэ нэг жилээ дүгнэж яриа хийсэн. Сурагчид ерөнхийдөө их л сайн талдаа юм байх. Эмх цэгц сайтай л гэнэ, одоохондоо даруухнаараа л гэнэ, дугуйлан секцдээ идэвхитэй явдаг л гэнэ, магтаж байсан.

Хамгийн таалагдсан нэг зүйл нь нэг багш нь сурагчдын нэг өдрийн сургууль дээрх амьдралыг бичжээ. Сурагчид зөвхөн ангийнхаа цэвэрлэгээг хийгээд зогсохгүй, коридор, жорлонгоо хүртэл цэвэрлэнэ.

Энэ жорлонгоо өөрсдөө цэвэрлэдэг нь их таалагдаад байгаа юм. Сайн цэвэрлэгээ хийж сурах хэрэгтэй гэж үздэг япон хүмүүсийн зан чанар их чухал. Ингэвэл хүүхдүүд 00 өрөөгөө цэвэрхэн ашиглана даа.

Ажил хийх дургүй цагаан гартангуудыг төрүүлэхдээ биш, багаасаа л нийтийн өмчид хайр гамтай байцгаая, ажил хийж сурцгаая гэсэн хүмүүжлийн нэг хэлбэр.

Намайг 10 жилд байхад 00 гэж үнэндээ хэцүү байсан. Тэвчиж байгаад гэртээ л тухтай бие засдаг байлаа. Өөрсдөө цэвэрлэдэггүй болохоор ариг гамгүй хэрэглдэг юм билээ шд одоо бодоод байх нь.

Энэ сурагчдын нэртэй шалны алчуур. Хичээл эхлэхэд авч явдаг юм. Дунд нь мэдээж хэд хэд солино. Их харласангууд нь бодвол цэвэрлэгээгээ үнэнч сэтгэлээсээ, сайн хийдэг байх гэж би нь таагаад байгаа.

Гэрийнхээ шалыг ингэж алчуураа харлатал зүлгэдэг бол ч гэж бодоостой. Орой нь зулзагатаа хэллээ шд.
-Үр минь ээ, гэрийнхээ шалыг бас ингэж арчиж бай л даа.
-...

Sunday, February 14, 2016

Хайрын баяр

юм байна шд, өнөөдөр чинь. Баярын мэнд.

Энд чёко-ны үйлдвэрүүд ганц баяждаг сар нь даа. Хүмүүс нээрээ ямар идэвхитэй худалдаж авдаг юм бэ?

Сүүлийн үед бүр найз охидууд хоорондоо өгдөг болсон шүү, өөрөө өөртөө шагнал урамшуулал болгоод үнэтэй тансаг чёко авдаг болсон шүү гээд л сурталчлаад байх юм. Тэрэнд нь хүмүүс итгээд л авах юм.

Дуртай зүйлийн минь нэг ч тэгж ч хошуурахгүй шүү л гэсэн. Хань ижилдээ авч өгөө ч үгүй. Завтай болохоороо сайхан дуртай хоолыг нь хийж өгөөд, хайртай шүү гэж нэг үнсэхэд л болчихно шүү дээ.

Тэгтэл харин том зулзага маань мэдээллийнхэнд тархиа угаалгачихсан байх юм аа. Тэгээд л хэлсэн чинь
-Мэдээд байна л даа ээж минь. Найз нөхөд тэгээд гүйлдээд байхаар бас огт хоосон байж болмооргүй байна шдээ.
гэж учирлахаар нь өрөвдөөд
-За за хэдэн хүнд өгөх гээд байгаа юм, эрэгтэй хүүхдэд байгаа юм уу? Дан охид юм уу гэж жаал байцаав. Далимд нь бас харж явдаг хөвгүүн байна уу? гэж тандаастай. Гатнуул ээж шүү лээ би чинь.

Бага зулзага одоохондоо цэцэрлэг болохоор амар сайхан л байна. Гэхдээ нэг өглөө цэцэрлэгтээ оччихоод урвайгаад л явчихав.
-Яасан бэ? Үр минь ээ.
-Коо-д өгөх захиагаа мартчихсан байна шд,
гээд нулимс нь цийлэгнээд бөөн юм болов. Өнөөх нь туяхаан гэж юүхэв мөртлөө хөөрхөн банди байдаг юм.

Ээж тэр өдөр нь яваад хэд хоног эзгүй байх тул унжгар үлдээж чадсангүй. Санд мэнд өнөөх захиаг нь авчирч зулзагынхаа гарт атгуулаад
-За тайвшрав уу? Одоо тэгээд гялс өгчих, ээж нь явлаа, ээжийнхээ эзгүйд хөөрхөн онц байж байгаарай гэж үнсэж үнсэж л гарч ирэв.

Охид оо гэж. Дурлал мурлал нь яасан ч эрт ирдэг юм. Тэгэхэд хөвгүүд гэж тоож байгаа ч юм алга, машин бариад л гүйлдээд цаана нь. Хэ хэ

Нүүр номоор л нэг авсан өгсөн бэлэгний зураг байна лээ тэ. Дуурайж муурайж намба алдчихгүйхэн өнгөрсөн шүү. Ккк.

Нас яваад намба суугаад байна дөө...

Сар шинийн мэнд

Шинийн 8-ны дотор багтаж та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.

Хувь хувьсгалын ажил ихтэй тул сүр дуулайн болгож тэмдэглэсэнгүй ээ. Ээждээ
-За битгий тэгээд үндэснийхээ ганц баярыг шүүмжлээд бай, боломжоороо тэмдэглэ.
гэж загнуулсны буянд битүүнд нь жаахан брес хийж, бууз чимхэж идэв. Бресийг зулзагууд маань идэж чадахгүй юм. Багыгаа загнаж байж нэг халбагадуулсан чинь нууцаар гаргаж ирээд цаасанд ороож хаяж байсан. Идэж дадаагүй болохоор яалтай ч билээ. Том нь 3 нас хүртлээ монголд байсан юм болохоороо 2 халбагыг бол идсээн. Цаашаа чадахгүй нь ээ, уучлаарай гэсэн. Ккк

Ирж очин ажилтай тул угаасаа сэтгэл санаа бол юун цагаан сар. Ажлаа л бодоод байх юм билээ. Одоо ч гэсэн бодоостой. Гэхдээ дуртай зүйлээ нэг ингэж бичиж аваад гарахгүй бол бас л ундууцал төрөөд байх бололтой. Хэ хэ.

Бууз чимхэж хөлдөөж амжаагүй хүн чинь ирдэг хэдэн хүүхдийг эгчийгээ завтай үед ир гээд хэлчихсэн. Амар ч юм даа, харь оронд байгаа болохоороо л ингэж хэлж чадаж байна даа. Монголдоо байсан бол тэгж хэлүүлсэн улс дахин манайхаар шагайхгүй байх даа. Хэ хэ.

Том зулзагын сургууль нээлттэй хичээл хийсэн нэг бүтэн сайнд. Тэрний тухай бичнэ гэж явсаар мартах шинжтэй. Санаж байгаад бичнэ ээ.

Одоо ч ар араасаа баяр ундрана даа монголд. Хямралтай гэсэн мөртлөө тансаг баярлах юм дөө...

Friday, February 05, 2016

Оюутан ахуй цагийн минь амт

Оюутан ахуй цагтаа 100-гийн печень-р гол зогоодог байлаа. Өглөөд мэдээж гэрээсээ цайгаа уугаад гарна. Ингэхдээ цэвэр ус авч явна.  Тэгээд хичээл тараад номын санд сууж хооллоно. Тэр нь ихэвчлэн 100-гийн печень.

Нэлээд сүүлд пирошки авч иддэг болж билээ. Тухайн үед чинь оюутнуудад зориулсан гуанз бас ховор байсан ч юм уу, миний чадал муу ч байлаа.

Ер нь их гүргэр, өлөн зэлмэндүү, гэхдээ түүндээ гутардаггүй, ээж ааваасаа их юм шалдаггүй, хэрэглээ багатай, хамгийн гол нь сэтгэлээрээ баян, аз жаргалтай цаг үед байж дээ.

Гар утасгүй байлаа, нөөтбүүк ч мэдэхгүй, ээжийнхээ ажил дээр очиж бичгийн машинаар нь дипломын ажлаа шивж байлаа.

Тэгэхэд одооны оюутнуудыг хар? Жаргацан мангар бацаанууд. Хэ хэ. Боломж их байна, ганцхан өөрсдөөс нь шалтгаалах л үлдсэн.

За за хадуурахаасаа өмнө бичлэгээ дуусгая. Ойрын хэдэн жил идээгүй монгол печень идээд сайхан байлаа. Ажлаар ирсэн хүмүүс бэлэглэсэн юм. Би нь харьж явах галт тэргэнд үүнийг идсэн шигээ оюутан ахуй цагаа дурсав.

Thursday, February 04, 2016

Бугын шагай

Бугын шагай чинь хонь ямааныхтай адил байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа япон бугын шагай. Ккк

Сүхбаатар өвөөдөө уулзахдаа хэлсэн чинь
-Тийм шдээ. Би тээр жил цаатангуудын тосгонд очихдоо бас цаа бугын шагай хараад, адилхан байсанд нь учиргүй олзуурхаж билээ. Тэгээд энэ шагайгаа өгчих гэсэн чинь зүгээр өгөхгүй гээд юу ч билээ нэг юмаар сольж авч байлаа.

гэсэн. За би нь ямар монголд цаа буга, буга энэ тэр хол ойроос амьдаар нь харж байсан биш. Дараа боломж гарвал эх орноороо сайхан зугаалах юмсан л гэлээ. 

Урд нь харж байгаагүй болохоор их л сонин санагдав. Хэ хэ.

Жаахан ялгаа нь нэг тийм бумбагардуу юм билээ. Бакь гэх юм уу?

Бага зулзага харчихаад
-Шагай шагай, нясладаг шагай гэж сүрхий мэдэмхийрэв. Тэгснээ цэцэрлэгтээ авч явж багшдаа үзүүлж болох уу? гээд байсан.

Гэснээс бугын мах их бараан байдаг юм билээ. Бас их амархан царцдаг юм билээ.

Буга намнаач нь манайд байна, Булга зүйгээч нь ч бас "манайд" байна аа гэгчээр хэд хоног бугын махтай хоол идлээ.  Ккк.

Зүйх булга нь одоохондоо алга тул үсний боолтоо л зүйгээд байгаа завсар зайгаар нь. Хэ хэ.

Monday, February 01, 2016

Япон ардын тоглоом

Хүүхдийн тоглоомын газар байдаг юм. Мужийн харъяа болохоор төлбөр нь дажгүй. Дээрээс нь хүүхдүүд үнэгүй, дагуулж яваа томчууд нь л мөнгө төлнө. Бүр дээрээс нь гадаад хүн тал үнээр нь орно. Хааяа бага зулзагаа дагуулж  ирээд тоглуулчихна, өөрөө тэр хооронд номоо уншина, зарим нэг найз нөхөдтэйгээ ирсэн тохиолдолд буу халаад суучихна, кофегоо уучихна гээд тун дажгүй.

Улирлын чанартай үндэснийхээ тоглоом наадгайг танилцуулсан булан байна. Энэ удаад цагаан сараараа ихэвчлэн тоглодог наадгайнууд байсан. Санан байж ганц нэг зураг дарснаа орууллаа.

Хооронд нь алалцуулж байна лээ, хэхэ. Хакүхо энэ тэр гээд нэр өгчихөөд үзээд байсан.
Дамар? Ингэж гараараа эргүүлнэ. Олон төрөл байсан.
Модоор хийсэн тоглоом их байв.
Тусгай олсоор ороож байгаад тусгай аргаар шиддэг дамар. Тэгэхээр шалан дээр эргэлдэж өгнө. Мундагууд нь тусгай тавцан энэ тэр дээр өнхрүүлээд байдаг юм билээ.

Орчин үед гэртээ эдгээр тоглоомоороо тоглодог хүүхэд ховор гэсэн. Тийм болохоор цэцэрлэг сургуульд нь зааж тоглуулдаг улиралтай болсон. Ихэвчлэн цагаан сараараа буюу нэгээс хоёр сард.

ПС тоглоом энэ тэрээ гээд хараагаа муутгаад сууж байхаар иймэрхүү тоглоомоороо нааддаг бол тийм ээ.

Хүн хэлэх ч яахав, завтай үедээ охидтойгоо шагай няслаж байна гээд л амжихгүй юм...