Monday, February 28, 2011

Ойрын сонин сайхнаас



Сүүлийн үед охинтойгоо хамтарч хийсэн уран бүтээлээ танилцуулчих уу?
Ээж нь зааж өгч, охин нэхэв. Өөртөө ийм 3 өнгийг, одоо найздаа цэнхэр өнгийхийг нэхэж өгөх гээд л сууж байна. Хувцастайгаа ижилсүүлж зүүж бариад л, их ганган толгойтой охин байна даа, манайхаар.
Нэхэх аргыг нь нэгэн номноос хувилаад харж байснаа хаана хийснээ эрээд эрээд олдоггүй ээ. Уг нь их амархан. Энгийн боолтыг тойруулаад нэхнэ. 8хан настай хүүхэд чадчихаж байгаам чинь нэхдэг хүн бол дорхноо л нэхнэ. Харин утас нь ийм саглагар утас байвал зүгээр. Дэлгүүрт уг нь цагаан, хар гээд байсан боловч би худалдавж авч чадалгүй дуусгаад ийм л 3хан өнгөтэй боолт "үйлдвэрлэж" гаргаад бэлгэнд өгөөд байхаас хэхэ. Охин маань зөндөө найздаа бэлэглэхээр амаараа яриад байгаа боловч одоогийн байдлаар ганцханыг л нэхсэн.

Monday, February 14, 2011

Хаана байна монгол эр хүн...?

Саяхан олж сонссон шүлэг.

Thursday, February 10, 2011

2 сарын 3 буюу хавар






Энэ өдөр японы хаврын улирлын эхлэл тавигддаг гэж үзнэ. Сэцүбүн гэж нэрлээд байгаам. Улирлыг хуваах гэсэн шууд утгатай. Гэрийн жавар үргээх утгаараа чөтгөр гадаа, аз жаргал гэрт гэж хэлээд чөтгөр лүүгээ шош цацдаг юм. Чөтгөрийн баг өмссөн хэн нэг нь гэрт ороход хүүхдүүд шошоо цацаад л гүйнэ, зарим нэг багачууд нь чөтгөрөөсөө айгаад уйлнаа хөөрхий минь хэхэ.
За гол сэдэв маань гэхээр энэ өдөр хийж иддэг тусгай хоолны тухай. Тухай ч гэж дээ, хийж үзсэн юм. (Хийх завгүй нь дэлгүүрээс худалдаж аваад идчихнэ)
Манай ажлаас гадаад оюутнууд, иргэдэд зориулж тэрхүү хоолыг нь хамтдаа хийх арга хэмжээ зохиосон юм. Охинтойгоо оролцов. Эхомаки гэдэг юм. Урт гонзгойгоор нь баруун зүүн зүгт харж байгаад л иддэг гэсэн. Энэхүү арга хэмжээнд орох болсон шалтгаан гэвэл түрүү жил ээж маань будааг далайн байцаанд ороож өгөөд л кимбаб ид л гэсэн. Тэр нь эндэхийн норимаки байж билээ. Солонгосын савангийн дуурь энэ тэрээс сурсан юм болов уу. Нэр нь хүртэл солонгосоороо. Дараа ээждээ японыг нь зааж өгөх санаатай л, за тэгээд их л олон монголд байх байхгүй нь мэдэгдэхгүй материалууд ордог юм билээ. Тэрийг бол монголдоо байдаг зүйлээр нь орлуулаад хийчихэж болох байх. Харин элсэн чихрийг нь л бага хийх хэрэгтэй санагдсан. Эд нар ер нь хоолондоо элсэн чихэр хийгээд байдгийн учрыг нэг л олохгүй байгаам даа ккк.
Хийх аргыг нь бичих гэсэн залхуу хүрчлээ. Та нар өөрсдөө мэдээд дотор нь дуртай юмаа ороогоод идчих хэхэ.
За аймаар халтуурдсан л юм болчлоо тийм үү.
Зураг1: Ороосон сүшигээ хэрчээд тавихаар нэг иймэрхүү.
Зураг2: Ороосон байгаа байдал.
Зураг3: Оролцогчид их идэвхитэй байсан гэж. Тэр ягаан алчуураар толгойгоо ороосон нь манай зулзага.
Зураг4: Багууд дор бүрнээ завгүй байгаа нь.Наана ширээн дээр хулсан ногоон хагас хуйлаастай зүйл харагдаж байнаа дээ, тэрэн дээр нь далайн байцаагаа тавиад дээрээс нь будаагаа зулаад, нэг захад нь бусад материалаа өнгө алаглуулж тавиад орооно.Зураг 3 дээр бараг харагдаж байна дөө, багшийн ороож байгаа байдал.
Зураг5: Далайн байцаа.

Сар шинийн мэнд



Мэндийг аль өнрөгсөн хойно нь дэвшүүлдэг муу зантай болсон байна дөө гэж. Бичих гэхээр гар эвлэхгүймаа. Үгүй биш ээ, сэтгэл эвлэж өгөхгүймаа гэсэн нь онох байх.
Цагаан сар ч их өргөн болсон сурагтай, 2 шинийн нэгэн байсан л гэнэ. Гэснээс түрүү жил 2 ээж ааваас 2 өөр Монгол зурхайн тооны бичиг ирсэн чинь нэгэн дээр нь шинийн хэдэн ч билээ дээ байхгүй, өнөөх дээр нь хоёр ч шинийн хэдэн билээ дээ байсан ш дээ. Алийг нь дагахаа мэдэхээ байчихаад л, эртнээс л харж ирснээр нь Тэрбишийхийг нь дагаж байсан юм байна. Их олон зурхайч, бөө нар гарч ирээд энгийн ард бид нь яахаа мэдэхгүйм дөө.
За тэгээд манайхан тэгж ёс ёмбогор төр төмбөгөр болсон гэж байна. Өдөр болгон шинийн нэгэн шиг л байсан гэнэ дээ.
Бидний хувьд өглөө босч цайгаа чанаж уучихаад хальт золголт хийчихээд л тал тал тийшээгээ ажил сургууль гээд алга болж байгаам. Орой нь буузаа жигнэж идлээ. Өө тийм, бресс идээгүй хэдэн жил ч болсон юм бүү мэд, хийж идлээ. Охин бол амандаа ч хүргэх шинжгүй болохоор нь заавал нэг халбагыг иддэг юм гэж байж үзэм ихтэйгээс нь нэг халбагыг идүүлэв.
Ямар ч байсан туулай жилдээ аз хийморьтой байх болтугай.

Thursday, January 27, 2011

Хоккайдо юм уу хаашаа юм




Нээрээ энэ жил мөн ч их цас орж байнаа. Хүйтэн гэж жигтэйхэн. Өглөөдөө зам мөстөөд, хальтиргаа гэж ихтэй, яг л монгол шиг. Шинэхэн жолооч надад бол энэ их цас үнэн дарамттай байна шүү. Энд жолооч болоод 3 жил л болж байна. Монголдоо байхдаа жолооч болох боломж олдоогүй юм. Хүмүүс чи монгол харихаараа яана л гэдэг юм, би харин тийм ээ гээд л өнгөрдөг. Сурах л байх даа.
За энэ зурагт та нарын харж буй цас бол нэг л шөнө орсон цас шүү дээ. Одоо ч орсоор л байна. Урд жилүүдэд ингэж ихээр бас тэгээд үргэлжилж орж байсан удаагүй л юм даа.

Tuesday, January 25, 2011

Хөөрхөн санагдаад

Аймаар дүрэм зөрчиж байгаа жолоочийг харааж бүү зүх
Аяа чи ч бас хааяа дүрэм зөрчдөг шүү дээ.
Амжиж чи гэрлээр орж чадаагүй бол
Амжих байсан ч хажуугийн жолоочдоо зам тавьж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг
Айж сандарсан явган зорчигчийг бүү сандаргаж сигналд
Аяа чи ч бас хааяа явган явдаг шүү дээ.
Амжиж туслах замаас орох гэсэн нэгэнд нь зам тавьж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Яхоо мессэнжерээр ирсийм.ККК

Friday, January 21, 2011

Нойлын өрөөний бурхан

Саяхан ийм нэртэй кино үзээд. Их хөөрхөн кино. Дуу нь хит болж байх шиг байгаан. Охин минь байнга амандаа аялаастай. Би ч дагаж дуулах гэж үзээд л. Охиндоо бурууш дээ гэж загнуулаад л. Хэ хэ.
Нэгэн эмээгийн охин эмээгээ дурсаж зохиосон дуу. Эмээтэйгээ өнгөрүүлсэн олон дурсамжаа байгаагаар нь дуунд оруулчихсан. Эмээ нь ач охиндоо нойлын өрөөг цэвэрлэх юм бол нойлын өрөөний бурхан нь баярлаад тэгээд чи хөөрхөн болно гэж хэлдэг байсан гэнэ лээ. Тэгээд л байнга нойлынхоо өрөөг цэвэрлэдэг байсан гэнэ.
Тэгсэн манай охин жорлонгоо цэвэрлэнэ гэж дайраад, цэвэрлэж өгсөн ш дээ, ээж ч онгироогоод миний охин нээрээ хөөрхөн болчиж гээд л. Дахиж цэвэрлэж өгч байх юм гэсэн. Хэр удаан цэвэрлэж өгөх юм байгаан бүү мэд. Харж л байя даа.

Saturday, January 15, 2011

Домогт Ану хатан


Бэлгэнд авсан ном. Уншихад ч урамтай байлаа. Далимд нь их олон хатдынхаа нэрийг болон түүхийг дахин нэг сэргээлээ шүү дээ. Нуулгүй хэлэхэд зарим хатдын нэрийг Ч сонсоогүй явсан байна лээ дээ. За тэгээд сонсож, уншиж байсан ч тэр сонин сонин нэрийг цээжлэнэ гэдэг жаахан бэрхтэй санагдлаа. Өгөдэй хааны хатан Дөргөнө, Тулуйн хатан Сорхагтань, Гүюг хааны хатан Огул Хаймиш хатан, Хубулай хааны хатан Чимбай, гэх мэтээр монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн олон хатад байдаг байх нь.
Энэ номыг уншиж суухдаа 10 жилийнхээ нэгэн дурсамжийг эргэн санаад. Түүхийн хичээл дээр юм даг. Мандухай цэцэн хатны тухай түүхийг үзээд. Багш бидэнд Мандухай цэцэн хатны тухай түүхэн романыг унш гэж айлдсан юм. Би багшид асуугдаад самбарын өмнө багшийн дэргэд зогсоод л ярьж гарлаа даа. Тэгсэн багш
-Чи, ингэхэд роман яриад байна уу, түүх яриад байна уу? гэж авдын. Түүхэн романыг нь уншсан хүн чинь роман л ярьсан байх даа. Тэгээд эх орны алтан гурав авч уур хүрч байсан юм даг. Өөрийнх нь унш гэсэн номыг уншсан даг гээд л. Хэ хэ. Тухайн үед чинь хэдхэн номын хооронд л эргэлддэг байлаа ш дээ. Одооных шиг олон ном байсан ч биш, үгүй ээ байсан л байх л даа. 10 жилийн нусгай бацаанууд бид багшийнхаа хэлсэн номноос илүү гардаггүй байсан юм чинь.
Бас дээр үеийн хаадууд тэр олон хатан, татвар эм авахад хатдууд хоорондын өрсөлдөөн, гоо сайхнаа хадгалж үлдэх гэсэн нөр их хөдөлмөр, нөхрөө нэг өдөр ч гэсэн өөртэй нь цуг хонохыг хүссэн асар их тэвчээр гаргана гээд л уншсан чинь, одооны бидний хүүхнүүд их азтайм байна ш дээ, учир нь нөхрүүд нь нэг л хатантай. Хэ хэ.
Төрсний дараа хэрхэн гоо сайхнаа авч үлдэх гээд л үнэтэй сайхан зөвлөгөөнүүд байсан шүү. Тэдгээр нь түүхээсээ илүү таалагдсан шүү ККК.
Өө тийм, ганц нэг оныг андуурч урд хойно нь оруулж бичсэн алдаа байсан шүү, юу билээ гээд урд хуудсаа эргүүлж нэг харсан юм байна.

Monday, January 10, 2011

Цагаан ногоон сар

Шинэ жил, нийллэг энэ тэр нь дуусч цагаан ногоон сар болох гээд бэлтгэл ажилдаа орсон дуулдана, миний муу эжий аав хоёр. Жил ирэх тусам өргөн дэлгэр, баян цатгалан тэмдэглэдэг болоод байгаа сурагтай. Хөлд нь үрэгдэх шинжтэйм гэж ирээд л ээж үглэх. Бид энд ирээд 7 дахь жилдээ орсныг ч хэлэх үү, цагаан сарыг сүртэй тэмдэглээгүй удсаныг ч хэлэх үү, манайхан идэж уух баярыг арай л сүр бадруулж тэмдэглээд байх шиг санагдаад байдаг болсон байна дөө. За тэгээд зарим нэг хүмүүс хүүхдүүд нь гадаадад байдаг юм байж наана уу цаана уу гэж илүү үздэг юм шиг байгаан. Аминдаа л хүүхдүүдийнхээ нэрийг бодоод аятайхан элбэг дэлбэг байлгах гэж л хэрэндээ хичээдэг гэж байна. Сүүлийн үед бэлэг нь томроод байгаа сурагтай гэнэ. Эрээнээс юм зөөх нь ч багасаж л байгаа сурагтай. Ноолуур энэ тэр өгч авалцдаг болж байгаам байх. Тэр ч яахав,үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд сайхан л юм. Гэхдээ бас ноолуур нь хэдэн төгрөг, тэтгэвэр болон цалин нь хэд билээ бодууштай л асуудал.
За бас ууцны асуудал байна. Нээх аймар өөхтэй тарган хонины ууц аваад тавьчихаар дараа нь идэх юм олдохгүй, өөхийг нь бараг л хаях дээрээ тулдаг даа. Дараа нь идүүштэйг нь бодоод өвчүү авдаг байсан чинь энэ жил ууц авах сурагтай манай хоёр. Өвчүүгээ л авахгүй юу даа гэж би эндээс жаахан үглэлээ. Хэ хэ.
Уламжлалт баяраа тэмдэглэхгүй байна гэх ч хаашаа юм, уг нь би цагаан сарт дуртай. Олон гоё дурсамжууд байдаг юм. Олуулаа дисант буухаар хөөрхий ээж минь будилна, нэг өгсөн хүүхдэдээ хоёр дахиа бэлэг өгөх гэж дайрна. Заримыг нь бэлэггүй гаргаж, дараа нь уучлалт гуйгаад нөхөж өгнө. Би бэлэг зөөж хүнд нь өгдөг байлаа, жаахан тиймхэн бэлэг өгөх гэж байгаа бол дурамжхан, аятайхан бэлэг өгөх гэж байгаа бол цаанаа л пээдгэр. Өөрийн цуглуулсан бэлгээсээ ээжтэйгээ солилцоно, муухныг нь ээждээ бэлэглэнэ, гайгүйг нь өөртөө үлдээнэ. Яарч буузаа түүхий гаргана, сүүлдээ буузнаасаа уйдаж шал дэмий жигнээд тэрнийхээ гурилыг хатааж махыг нь л иднэ гээд л. Хүүхэд насны минь дурсамж олон. Олуулаа бужигнаад, тэр бүр уулзалдаад байдаггүй хамаатнуудыг уулзуулж бужигнуулдаг болохоор дуртай л байдаг юм.
Гэм нь сүүлийн үед... Баахан шүүмжлэл л бичих гээд байдаг, ингэсгээд бичлэгээ дууслагалаа.
Сониноос гоё ном умшиж байгаа, зургийг нь оруулнаа дуусахаар нь.

Saturday, January 08, 2011

Дэлхийн хүүхэд багачууд, тэдний аз жаргалын хэлбэр


Сая энэ номыг уншиж дууслаа. Дэлхийн олон орны хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл, орчинг товчхон дурдаад, тухайн орныг төлөөлж нэг нэг хүүхдээс асуулт асууж хариулт авсан байна. Охинд минь бас нөлөөлөх байх гэж бодоод уншууллаа. Юу бодогдсон юм бүү мэд. 8 настай хүүхдэд. Хариулт өгсөн хүүхдүүд дотор үеийнхэн нь олон байсан тул уншуулсан юм л даа. Харамсалтай нь монгол орон, хүүхдийн тухай байгаагүй.
Дүгнэлт: Буурай, хөгжилтэй орны гэлтгүй хүүхдүүд нь ээж аавыгаа бага шиг уурлаасай, бага шиг үглээсэй гэж хүсдэг юм байна хэхэ. Зулзага бас тэгж боддог гэсэн. ККК
Мөрөөдөл, хүсч буй зүйлийн хувьд нилээд ялгаатай. Хөгжилтэй орны хүүхдүүд зугаацах цэнгэх, тоглох наадах гэсэн байхад буурай орны хүүхдүүд бүрэн бүтэн хувцастай болох, ээж аавынхаа ачийг хариулах гэсэн байна.
Зулзагын хүсэл, мөрөөдөл...?

Thursday, January 06, 2011

Шинэ оны мэнд буюу ...




Шинэ оны мэндийг оройтсон ч гэсэн хүргэж байна шүү.
Бидний амьдарч буй мужид ойрын хэдэн жил ороогүй цас 2хон өдөрт нэвсийтэл ороод. Цагаан сараа ээж аавдаа харьж, гэр бүлээрээ аялах гэж машинаараа, галт тэргээр, автобусаар гээд л замд гарсан хүмүүсийн төлөвлөгөөг тас нураасан агуу цас байлаа гэж. Бид ч бас бага зэргээр өртөөд авсан л даа. 3 цаг давхиад очдог газраа 6 цаг мөлхөж байж нэг юм хүрлээ. Яг биднийг өнгөрсний дараахнаас л эхлээд л бөглөрөөд эхэлсэн юм шиг байгаан, тэр айхтар түгжрэл нь. Зулзага болохоор цас ороосой гэж тэсэн ядан хүлээж байсан хүн болохоороо бөөн баяр, бушуухан шиг л бууж цасаараа тоглох гээд л, байн байн хэзээ хүрэх үү? хэдийд очих уу гээд шалгаагаад.
Энд тэнд зам бөглөрөөстэй, машинууд цасанд суугаастай, хоорондоо мөргөлдөөстэй байлаа. Тэрнийг нь зохицуулах гэж цагдаагийн албаныхан л хөөрхийс хар хүйтэнд цасан шуурганаар гадаа...
Улсын 9 дүгээр зам гэж байдын. Тэнд 1000 машиныг хамарсан их түгжрэл гарсан гэнэ. Манай эндхийн Дайсэн гэдэг хайрханд нэлээд хэдэн хүн осолдож диваажингийн оронд очсон гэнэ.
Түгжирсэн бүх машиныг хөдөлгөж хэвийн байдалд оруулахад 2 өдөр зарцуулсан бөгөөд нэлээд хэсэг хүмүүс машиндаа шинэ оноо угтаж, зарим нэг хүмүүс галт тэргэнд суугаагаараа хоносон гэж сонин хэвлэл дээр бичсэн байна лээ. Энэ тухай орон даяар цацагдаж таньдаг найз нөхөд бидэнд санаа нь зовж мэнд мэдээд л. Цасны ачаар ойрд холбогдоогүй байсан танилуудтайгаа холбогдож буу халлаа шүү дээ.
Одоо ч тэр цас ороод л байна. Муухай усархаг цасыг ч хэлэх үү? гутал хувцас нороод л тиймхэн л байна шүү гэж.
Зураг: Энэ дөнгөж өглөө нь цас орж эхэлж байгаа нь.

Tuesday, December 28, 2010

Шинэ оны мэндчилгээ


Японд 1 сарын 1-нд цагаан сараа тэмдэглэдэг юм. Манайхан шиг нээх хөл болоод байдаггүйм, цагаан сарын хувьд шүү дээ. Хүүхдүүд нь ээж аав дээрээ ирж хэд хоногийнхоо амралтыг өнгөрөөж байгаад явдын. Гэхдээ энэ удаад бичих гэсэн зүйл маань шинэ оноор бие биендээ илгээдэг мэндчилгээний тухай. Анхны жилүүддээ нээх тоодоггүй, дадал зуршил болоогүй болохоор тэр бүр бичье гэж боддоггүй байлаа. Хэдэн жилийн өмнөөс бичиж эхлээд, тэгсэн жил ирэх бүр илгээх хүний тоо нэмэгдээд байх юм. Бодвол танилын хүрээ нэмэгдэж байгаагийн илрэл юм болов уу. Урд жилд тохиолдсон онцлог зүйлээ ч юм уу, мэндчилгээ явуулж буй хүнийхээ мэндийг мэдсэн гээд л агуулгын хувьд чөлөөтэй. Ихэнх япон хүмүүс өөрсдөө зураг хөргөө сонгоод тусгайлан хэвлүүлдэг юм билээ. Миний хувьд худалдаанд байгаа мэндчилгээнээс нь аль хөөрхөн гэснийг нь сонгоод ар талд нь очих хаяг болон өөрийн хаягаа гараараа бичдэг юм. Тэгээд нүүрэн талд нь хүн болгонд тохирсон ганц нэг өгүүлбэр бичнээ, юу гэж бичих үү гээд л бас зөндөө цаг авна тэр чинь. Нээрээ энэ мэндчилгээ нь цагаан сарых тул уг жилийн амьтны зурагтай байна. Жишээ нь энэ жил туулай жил учир туулайг янз бүрээр нь дүрсэлсэн байна. 12 сарын 25-ны дотор шууданд хийчихвэл 1 сарын 1-нд гэхэд очих ёстой хүндээ оччихно, мэндчилгээ авахаар их гоё юм билээ. Хэнээс ирж вэ? юу гэж бичиж вэ? гээд л.
Жич: Зураг дээрх мэндчилгээг зулзагын найз нь гараараа зураад илгээсэн байна лээ.

Санта өвөөгийн бэлэг


24нд гэртээ Крисмас тэмдэглэлээ. Бялуу идээд, тахианы мах идээд л.Энэ жилийн бүр зөвхөн 12 сард идсэн 5 дахь бялуу байлаа. За тэр ч яахав. Муу хүн идсэнээ гэж...
Охин 24-ний орой Санта өвөөд зориулж cookie бэлдээд, би нөхөртөө тэрийг өглөө ажилдаа явахдаа аваад яваарай гэж захисан юм. Тэгсэн нөхөр яасан гээч, ширээн дээр байсан шаал өөр чихэрийг нь аваад явцан байж уу. Тэгснээ ажил дээрээ цайны цагаар идэх гэсэн чинь cookie биш байхаар нь гайхаад л байсан гэнээ. Тэгээд бараагүй, маргааш идэхээс гэж авсан. Ямар азаар би охиноосоо өмнө сэрэвээ гэж. Бэлэгээ аваад бөөн баяр. Тэр дор нь залдаад, уран бүтээлээ туурвиж байгаам чинь. Тэрнээсээ ээждээ бэлэглээд л. Шүрээр янз бүрийн дүрс хийдэг юм захисан гэнээ. Ээж нь тэрийг нь мэдээгүй царайлж цугтаа үзэж соёлыг гайхаад л. Хүн нээрээ хүүхэдтэй болохоороо жүжигчин болчих юм аа. За тэгээд ер нь янз янзын авъяастай болох юм байна ш дээ. Тийм үү журмын нөхдүүд ээ?
Энэ зураг дээрх бүтээлүүдийн материал нь шүр байгаам, өөрийн дуртай хийх зүйлээ ингэж урлаад л усаар шүршээд болоо. Хэдэн минутын дараа хатаад тарж бутрахгүй болно. Юм юм бий болдог болжээ. Ноосон утсаар оосор хийсэн нь найздаа бэлэглэх бэлэг гэсэн. Бялуу, гацуур мод, зайрмаг, туулай гэх мэт дүрс байгаа шүү.

Sunday, December 12, 2010

Зуун жилийн ганцаардал

Уншиж дууслаа. Баахан олон Аурелиано, баахан олон Хосе Аркадио гээд л нэрийг нь хэд дэх нь билээ гэдгийг нь хольж хутгаад өмнөх хуудас руугаа нэг очоод л буцаад л гэсээр байгаад овоо хөөрхөн цаг авдаг гэнээ. Өөр өөр нэр өгчиж болдоггүйм байхдаа л гэж бодож байлаа. Зохиолч үүнийгээ бичиж байхдаа өөрөө будлиагүй л юм байх даа ККК
Ямар ч байсан хүмүүсийн шуураад, англи орос хэл дээр умшаад байгаа номыг эх хэл дээрээ унших гэж ингэж мунгинаж байгаа хүн ч дээ, харин япон хэл дээр умшвал ойлгох юм болов уу гэсэн.
Орчуулагч нь аргагүй л мундаг хүн орчуулсан нь харагдаж байна лээ шүү. Хуудасны дор уншигчдын мэдэхгүй зүйлсийн талаар тайлбар оруулсан нь уг номыг уншиж ойлгоход тун ч хялбар байлаа гэж.

Thursday, December 09, 2010

Бэлэг бэлэг бэлэг

Монголд амар шүү. Гэхдээ одоо үед яадаг болсныг хэлж мэдэхгүй л байна.
Өвлийн өвгөн бэлгээ шууд өөрийн биеэр гардуулаад өгчихнө. Үнэтэй цайтай гэхгүй, амар. Тэгсэн энд яаж байна, Санта өвгөн 24-нд гэрийн нь яндангаар орж ирэн бэлгийг нь сэмээрхэн тавьчихаад яваад өгнө. Хүүхдүүд л болсон хойно айхтар нь дэндээд нээх үнэтэй юм захихыг нь яана. Энэ жил зулзага харин юу захихаа мэдэхгүй байна гээд л гүйгээд байна. Эжий аав нь авч өгдөг гэж мэдчихээд л тэгээд байна уу, үнэнээсээ юу хүсдэг юм билээ гээд эргэлзээд байна уу бүү мэд. Би тандаад л байдаг. Ном энэ тэр хүсээсэй гэж залбираад л байж байна. Тоглоом бол ч... Нэг найз нь наадаг цаас зууг гэснээ үгүй ээ мянгыг хүсч байна гэж авдым даа. Ээж нь дэргэд нь байсан, бид 2 нүдээ ирмэлцээд авах шив. Ямар ч байсан 20 хүртэл тагнуулын үйл ажиллагаа явуулахаас...

Таргалуулдаг сар

12 сарыг ерөөсөө таргалуулдаг сар гээд нэрлэчий яадын. Мэдээжийн шинэ жил гээд л асар том баяр байна. Японд манайх шиг оныг сүртэй угтаж тэмдэглэдэггүй ч монгол хүмүүс болсон хойно монголоороо тэмдэглэх гэж үзнэ л дээ. Наана нь Christmas гэж айхтар том баяр байна эднийхээр. Заавал ч үгүй торт идэж таарна. Бүр нэлээд хэд хэдийг гээч. Өдөр судар нь зөрнө л дөө, нэг өдөр бөөндөхгүй. Тэрнээс гадна юу гээч. 2 ч хүний төрсөн өдөр болдымаа, ойр тойрны маань. Найз нөхөд, ээж ааваасаа хол бид чинь гэр зуураа торт авч идэж тэмдэглэнэ. Энэ жилийн 12 сард идэх тортоо тоолсон чинь юу вэ 4-5 ширхэг болж байна лээ. Охиноороо тоглоод Christmas-ынхаа тортыг гэр бүлийнхээ хүний тоогоор жижигхээн гурвалжин зүссэн торт аваад идчияаа гэсэн чинь хошуу мошуу нь унжиж ирээд л сүр болж байна. Тэгсэн гэр бүлийнхээ Christmas-ын баярыг хэзээ нь нь хийх вэ гэнэ хань ижил маань. 24-нд үү? 25-нд уу? Охины дуртай гэгч нь өлгөж аваад л шулаганаж байгааг...
Монголчуудаараа бас тэмдэглэх байх.
Ингээд л тоолохоор яах аргагүй би таргатлаа л бялуу гээчийг идэх гээд байгаам даа. Ямар азаар энд нийллэг энэ тэрдээ даашинз өмсдөггүйм, тэгээгүй бол ч нээх бүдүүнүү ккк

Wednesday, December 08, 2010

Дурсамж дүүрэн дуу

Ихээ олон жилийн өмнөө, энэ дуунд бүжиглээд л тэр нэгэн бааранд. Төрсөн өдөр тэмдэглээд л, хоёр зүрх хайраар бялхаад л...

YouTube дээрх клип нь жаахан таалагдсангүй ээ, гэхдээ энэнээс өөрөөр ороогүйм шиг байна.

Thursday, November 25, 2010

Хувийн чанартай

Ойрд гэр орондоо бага зэрэг өөрчлөлт хийгээд. Өөрчлөлт гэж дээ, шинээр худалдаа хийсийн. Дараа жилийн 7 сараас японы өмнө нь хэрэглэгдэж байсан зурагтууд ашиглалтаас гарч дижитал системд шилжэнэ. Ингэж өөрчлөх тухайгаа миний мэдэхийн аль 5 жилийн өмнөөс л зарлаж ирсэн. Би ч тухайн үедээ хаа байсан 2011 он гэж бодож байсан ч тэр нь одоо хаяанд ирчихсэн явж байдаг. Тэгээд eco point гээч юм нь 12 сар гэхэд тал хувь болж буурна гэхээр нь хүү хаа гэхийн зуургүй нэг зурагт авчихлаа. Манай муу хуучныг бодвол бас л эд юм аа. Үзээд л суугаад баймаар, хайр төрөөд. Тэгсэн монголд бас хэдэн жилийн дараа гэчихвээ, одоо хэрэгдэж байгаа зурагтууд ашиглагдахаа байна гэж сонслоо, үнэн юм болов уу?

Ойр зуур


Бага зэрэг хувийн юм бичнээ. Зулзага минь үржүүлэхийн хүрд цээжилж байгаа. Эндхийн бага сургууль бүгд тийм юм уу бүү мэд. Ямар ч байсан охины минь сургууль хүрдээ 1-с нь биш 5-ын хүрднээс эхэлж цээжлүүлсэн. Тэр нь уг тоо нь 5-р нэмэгдээд яваад байдаг тул хүүхдүүд цээжлэхэд амар байдаг гэнэ. Охин минь ч 5-ынхаа хүрдэнд дуртай. Хэ хэ. Гэх мэтээр хүүхдэд цээжлэхэд амар хялбараас нь эхэлдэг юм байна. Урд хойно нь оруулаад л. Хамгийн амархан нь 5, 2, 9-ийн хүрд бөгөөд хамгийн хэцүү нь 7, 8-ын хүрд гэж охин минь хэлсэн. Ийм карт өгдөг юм байна. Тэрийгээ эргүүлээд л дуржигануулаад байх нь тэр. Ээжийн оюутан цагийн нэгээхэн дурсамж нь бас ийм карт байдгийн. Энэ олон ханзыг цээжлэх аргаа олж ядаад ааваараа төмөр цагриг, хэрчсэн цаас бэлдүүлж аваад л бичиж өгнө. Тэгээд цээжилж байгаа нэртэй ханзтай цаасаа халтайтал нь аваад л явна. Яг цээжлээд байсан эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь энд ирснийхээ дараа ном умшихад нил мэдэхгүй ханз болон үгтэй тулгараад нэг хэсэг ном барьж авахаас асар дөлдөг байсан. Одоо харин арай гайгүй, гэхдээ л...
Саяхан энэ аргаа сэргээх зорилготой 100 еэний дэлгүүрээс word card авч мэргэжлийн үг баахныг түүж бичсэн. Толгойдоо хийж амжаагүй л явна.Хийнэ гэсэн хэтийн зорилготой...

Wednesday, November 24, 2010

Дуу

Энэ сар зурагтаар яваад байгаа дууг оруулах гэсэн YouTube-дарай л ороогүй байх шиг байна. Тэхээр нь энэ дууг чирээд ирлээ.