Monday, October 30, 2017

Амттан

Томилолтоор явахад ингэж амттан идчих гээд байдаг юм. Найз нөхөдтэйгөө уулзах үеэрээ, шинэхэн танилуудтайгаа жаахан доргих үеэрээ гээд л боломж ихтэй шүү. Хэ хэ.

Энгийн үед бол хөвсийчихнө гээд тоож харахгүй шүү дээ, эдгээрийг.
Үүнийг гэхдээ бага зулзага идсэн. 
-Ээж ээ, та хөвсийчихнө шүү  дээ, тэ?
-Одоо тэгэх л байх даа. 
-Тийм болохоор ийм нэгэн гаргалгаа байна. Би таны оронд наадахыг чинь идээд, би хөвсийнө, та хөвсийхгүй шүү дээ. 
-Тэгье даа, үр минь.
За энэ том хүний амттан. Яахав, дажгүй байсан.
Яа энэ нэлээд чанга эд байсан. Нэгийн ард бол гарсаан гарсан. Нэмж барьж давраагүй ээ, томоотой харьсан. Хэ хэ. 

Ажил яахав, сүртэй ажил хийж гавиагүй л байна. Яг хийх гэхээр л сандраад, нэг л сонин болоод байгаа, нуулгүй хэлэхэд. Мэддэг үг ч гарч ирэхгүй, хэл ам эвлэхгүй, тэгснээ энд бол гар минь яасан их эвлэж байна аа, хэ хэ. 

Шөнийн 1:30 болж байна, би ганц нэг цаас шагайгаад л сууж байна. Хийх зүйл их байдаг, ингээд сууж байх ч гэж...

Friday, October 27, 2017

Хөршхөн минь дээ

Галт тэрэг саатаад, цагийн дараагаар гэрээсээ гарах гээд, тэрнээсээ өмнө нэг орой ч болов хоолоо хийж өгчихөөд гарах минь гээд л мунгинаж байх хооронд хонх дуугарав.

Хөршхөн минь зогсож байна.
-Хүүе, чи минь яваагүй юм уу?
-Өө харин тийм, ингэсгээд гарах гээд л байна.
-Эээээээ, болгоомжтой яваарай. Энэ шарсан бөөрөнхий мах, энэ гахайн махтай ногоотой шөл, энэ амтат төмсний боов, энэ сармисаар амталсан мисотой будаа.
-Хөөх, маш их баярлалаа. Талархаж байна аа. Хайртай шүү. Сүүлийн энэ үгийг арай л хэлж зүрхлээгүй, хэт нялуун болчих гээд. Хэ хэ.
Хоол хийж байсан хүн шууд хийж байсан хоолоо болоогүй байхад нь зогсоов. Охидын хоолыг явахаасаа эрт идүүлж амжсандаа баярлаад байгаа юм аа өнөөх чинь.

Хань ижил арай цадахгүй тул болгоогүй хоолоо том зулзагыгаа дуусгачихаарай гэж зарлигдаад, такси дуудаад, зулзагуудаа үнсэж аваад л гарсан.

Хөршхөн минь хөөрхөн байна уу? Тэгж байгаад би өөрөө хөөрхөн хөршхөн болно оо. Тун удахгүй, тэвч итгэ хүлээ, тэгвэл хөршхөн минь та ялна. Хэ хэ...

Thursday, October 26, 2017

Томилолтоор

За би томилолтоор өөр хотод яваа шүү. Дөнгөж эхний хэдэн өдөр л дөө. Ккк

Дуртай зүйлээ бол дэлхийн хаанаас ч ингэж хийнэ шүү дээ. Тийм ээ.

Зочид буудалд байрлаад, гадуур хооллоод, нүд чих хамар гээд нүхтэй болгон минь онгойгоод сайхан л байдаг юм томилолт гээч зүйл.

Харин ар гэр лүүгээ л жаахан санаа зовниостой. Оройдоо нэг ярьж өдрийнх нь болсон зүйлүүдийг асууж, танадаж, загнахдаа загнаад, аргадахдаа аргадаад л явж байна.

Гэрээсээ гарахдаа ч уг нь сайн л хэлж захиж гардаг ч... Хүн шиг байж байна шүү гэж ирээд л...

Эмэгтэй хүн, ээж хүн ээ гэж. Өөрийнхөө зүйлсийг бэлдмээр байдаг, гэрийнхээ зүйлсийг базааж өгмөөр байдаг, ажлынхаа бичиг цаасаа шагаймаар байдаг гээд л амжуулах зүйл ихтэй юм аа.

Тэгэхэд нөхрүүд яаж байна. Явах гээд байгаа шүү, явлаа шүү, ирлээ шүү. Ингээд л болоо. Юу ч бэлдэхгүй, юу ч базааж тавихгүй, учир нь ээж гэж том ар тал үлдэж байгаа учраас. Тийм ээ.

Юм гээч сонин шүү, давхцаахаараа бүгд нэг дор бөөгнөрчих юм. Томилолтоор гарахын өмнөх 7 хоног яав аа гэлтэй завгүй гүйлээ. Гол нь хувьсгалын ажил л ихтэй байлаа. Энд тэндээс утасдаастай, мэйл ирээстэй. Ийшээ тийшээ давхиастай.

Хөршүүддээ бага зулзагыгаа захиж захиж ирлээ. Гэрийнхэн нь жаахан оройтохоор айдаг бололтой, хажуугийн хөрш эмээгийнд орчихсон мууртай нь тоглодог юм. Эрт харанхуй болдогийг ч хэлэх үү.

Айгаад байвал зурагтаа үзээд л сууж байдаг юм шүү гэсэн чинь дуртай байна лээ. Бусад цагаар зурагт үзлээ гэж үглэдэг болохоор. Хэ хэ.

Нээрээ зурагтаа засуулсан. Шинээр зурагт авалгүйгээр асуудлыг шийдсэндээ додьгор байгаа. Ер нь зурагтгүй байх чинь их сайхан юм билээ шд үнэнийг хэлэхэд. Өнөөгийн хэллэгээр амьд харилцаа үүсээд. Хэ хэ.

За над шиг ингээд гэрээ мартсан Гэсэр шиг томилолтоор байнга явдаг ээжүүддээ амжилт хүсье. Бүгдээрээ шүү, чадна шүү, болно оо, бүтнэ ээ.

Гол нь би мундаг сэнпай нарыгаа дуурайж мундаг болмоор байна. Яавал та нар шиг болох вэ? Туршлагаасаа хуваалц л даа. Онэгайшимас...

Жич: Онэгайшимас-плийз гэсэн үг шүү.

Tuesday, October 24, 2017

Ажил мину зэ

За энд тэнд уригдаж ууж идэх нь миний нэг ажил шүү дээ.

Монгол цуг явж байсан нэг эмээ, олоон сарын өмнөөс урьж залаад, өдөр судраа онгойлгож байгаарай. Ийм арга хэмжээ болно, оролцчихоод дэлхийн өвд бүртгэлтэй япон хоол идээд, халуун рашаанд ороод буцаарай гэж захиад байсан юм.

Хаа байсан юм, болоогүй байна даа гэж бодсоор яваад нэг мэдсэн томилолтоор явах өдөр судартай минь давхцах нь холгүй л юм болов.

Хань ижил, зулзагуудыг минь сайн таних юм болохоор гэрээрээ ирээрэй гэхээр нь оройн хоол хийхээс залхуураад уухайн тас
-Очно очно, завтай завтай.
За нэг иймэрхүү. Ойрд ингэж оригоор нь, бүтнээр нь? идээгүй дуртай хоолоо идээд сайхан байлаа. Мөн ойрд уулзаагүй хоёр залуутай тааралдав. Цугтаа ажлаар монгол явж байсан тухайгаа ярьж хөхрөлдөв. Урилга явуулсан эмээ, энэ хоёр залуу бид 4 маш сайхан гар нийлж ажилладаг байлаа. Үе үе ингэж эмээгийн санаачлагаар уулзалдаж монгол япон монгол хоол хийж иддэг юм. 
Жижигхэн жижигхэн өвөрмөц тавагны шийдэл нь хөөрхөн шүү. Өөрийн эрхгүй л зураг авах юм даа. Сүүлд дурсаж байх гэж. 
Энэ бас их хөөрхөн. Даанч гэртээ бол авахгүй л дээ. Учир нь угааж арчаад далд хийх гэхээр зай эзлээд төвөг болох юм билээ. Бас гэрийнхээ элдэв хэрэгслийг нэмэхгүй байх санаатай үзэж л байна. Онцлог нь огтоос цөөрөхгүй нэмэгдээд байх юм. Учир юуных?

Ямартай ч хар усан бороо, хар шуурганаар уналттай байсан сэтгэл санаа жаахан сэргэсээн сэргэсэн. Хэ хэ.

Мартсанаас Канбож явсан шавь түр харьж ирсэн байгаа. Уулзая аа хонгоор минь гээд утасдаад л байгаа. Хариад шавиагаа ханатал яринаа, түр хүлээгтий...

Хар шуурга чамайг даа

Ёстой нэг чангалуулсан шүү дээ. 21 дэх хар шуурга гуай суугуул нутгийг минь бүхэлд нь хамарч хүчтэй салхилаад, хажуугаар нь бороо ороод. Хэцүүхэн газраа хэцүүджээ. Усанд автах автах нь автаад. Нурж унах нь унаад.

Үүний хажууд миний асуудал ч өчүүхэн л дээ. Томилолтоор явах ажил бүтэн 2 өдрөөр хойшлоод. Галт тэрэг явахаа байчихаж байгаа юм.

Бага зулзага л бөөн баяр байсан. Ээжийнх нь ажил хойшлоод. Эрхэлж авах хугацаа нь нэмэгдээд. Бас бага дунд сургууль амраад. Өглөө цаг агаарын байдлыг харж байгаад л мэйл чулуудчихаж байна лээ, сургууль нь. Охид бөөн баяр.

Би ч сэтгэл санаа тэртээ ажил руугаа яваастай. Бушуухан шиг л галт тэрэг хөдлөөсэй гэж залбирах нь холгүй л юм болов.

Арай хийж нэг юм галт тэрэг хөдлөөд, шөнө зорьсон газраа хүрэв. Болоогүй ээ, хоёр дамжиж хүрсэн.

Зүгээр суугаагүй ээ, хотын захиргаа орж нэг бичиг хөөцөлдөөд амжсан. Энд нэг сайхан зүйл нь бичиг цаас хөөцөлдөхөд хэдхээн минутын дотор бүтдэг нь. Ирж очих цаг нь гэхэд л хөөцөлдөж буй цагаасаа бага гээд боддоо. Атаархмаар байгаа биз.

Тэгсэн өнөөдөр юу ч болоогүй юм шиг л тэнгэр хангай сайхан онгойж энэ тэр. Тэнгэр онгойхоор сэтгэл санаа хүртэл аятайхан болох юм. Олон хоног бороо орох ч бас лүд юм. Угаасан хувцас хатахгүй, орж гарахад нороостой.

За ажлын эхний өдөр хэцүүхэн л өнгөрөв. Миний монгол хэл ойлгомжгүй байна гэсэн. Хэ хэ. Монгол хэлээ мартчихсан байна гэсэн.

Аминдаа өөрийгөө ингээд блог бичээд, ном уншаад эх хэлээ овоо мартаагүй л яваа гэж бодоод байдаг юм. Яахав мэргэжлийн үг хэллэг болохоор аль аль хэлнийх нь мэргэжлийн үгийг сайн мэдэхгүй болохоор ээрч муураад байна л даа.

Хичээнэ ээ, өөртөө амжилт хүсье. Мөн та нартаа бас амжилт хүсэв. Үе үе ингэж томилолтынхоо сонин сайхангаас оруулна  аа. Тэрнээс наана бас нэг гого зураг оруулна аа.

Түр баяртай...

Thursday, October 19, 2017

Хэзээ нэгэн цагт...

Хэзээ нэгэн цагт удирдагч болох ч юм билүү. Хэ хэ. Гэхдээ бор гэртээ богд гэдэг шиг гэрийнхээ хэдийг хөөрхөн удирдчихаад л байгаа юм. Одооны хэллэгээр бяцхан баздаг гэсэн үг.

Ингэхэд ээж бүр, эхнэр бүр л ингэж бяцхан базалт хийдэг байх тийм үү? Ккк

Дээр нэгэн монгол бүсгүйгээс авсан ном. Хөөрхөн ааштай, хамгийн бага нь байсан болохоор хүн бүр л түүгээр тоглоод л. Хэ хэ.

Буцахдаа, танд гээд бэлэглэсэн ном. Би галт тэргэнд суугуул нутаг өөдөө харьж явахдаа уншсан.

Ажлаа дуусгаад, бага зэрэг сэтгэлээр унаж өөрийгөө голж явснаа, гэнэт ухаан орж одооноос уншаад өгье, цээжлээд өгье, үзүүлээд өгье гэж сэхээ орохдоо ингэж монгол ном уншдаг болоод овоо хэдэн жилтэйгээ золгож байна.

Албаар ингэж ном цүнхэлж аваад л гардаг юм. Ном унших дуртай хүмүүс ч ойлгоно доо тэ.

Ном доторх үгс:

...Өөрийгөө хуваалц. Бусадтай өөрийн нөөц бололцоогоо хаваалцахыг ущаан хугацааны зорилгоо болго. Энэ жил өөрийн амьдралд ойр байгаа таван хүнд хэрхэн нөлөөлж болох талаар бод. Тэдгээр нь таны гэр бүлийн гишүүд, хамт олон, албан хаагчид, найзууд байж болно. Тэднийг хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөхөд нь тус болох нөөц бололцоогоор ханган, тэдэнтэй өөрийн амьдралын аяныхаа тухай хуваалц...

...Өөртэйгөө ажилла. Та өөрийнхөө хамгийн том хөрөнгө эсвэл хамгийн том алдагдал...

...Өгөх зуршлыг өөртөө хөгжүүл. ...Ричард Фостер: "мөнгө болон бусад зүйлсийг бусдад дамжуулах нь бидний дотор нэгэн зүйлийг суулгадаг. Энэ нь муу ёрын шуналыг устгадаг." гэж зөвлөж байсан. Хэрэв та шуналд хөтлөгдсөн байвал удирдаж чадахгүй...

Удирдагчийн зүрх сэтгэлтэй бай. Хүмүүсийг хайрла. Дифинитив Компьютер Сервисийн ерөнхийлөгч Хэнри Граланд энэ санааг "Удирдагч байна гэдэг зөвхөн удирдах хүсэлтэй байна гэсэн үг биш. Удирдагч бусдыг ойлгож, хамгийн гол нь хүмүүсээс мууг нь биш, сайныг нь олж харах, тэднийг жинхнээсээ хайрлах... юм" гэж хэлсэн байдаг. Та хэрэв хүнийг үнэхээр хайрлахгүй юм бол хүмүүс таныг дагахгүй...

Урагшилъя гэвэл бусдыг өөрөөсөө дээгүүр тавь. Жинхэнэ удирдагч үйлчилдэг.Хүмүүст үйлчилдэг. Тэдний хамаг сайн сайхны төлөө үйлчилдэг. Ингэхдээ тэд тийм ч алдартай болохгүй, тийм ч сэтгэгдэл төрүүлэхүйц байж чадахгүй. Гэхдээ жинхэнэ удирдагч хүн өөрийн алдрын төлөө бус харин бусдыг хайрлах хайраар хөтлөгддөг болохоор золиос гаргахдаа бэлэн байдаг. Зохиолч Еужин Б.Хабескер

Чанар бол хэзээ ч санаандгүй ирдэггүй. Маш өнщөр зорилго, чин сэтгэлийн зүтгэл, ухаалаг чиглэл болон авъяаслаг үйлдэл зэргээс чанар гарч ирнэ... Вилла Фостер

гээд санаж авахад илүүдэхгүй зүйл бичээстэй байсан.

Удирдагч болохыг хүсдэг хүмүүст амжилт хүсье.

Wednesday, October 18, 2017

Явсан хүн ... зууна

Явсан нохой яс зуудаг гэдэг дээ.

Өчигдөр би бас яваад, тэгээд зуусан ясаа эндээ оруулах гээд л. Хэ хэ.

Монголоос ирж байгаа дадлагажигчийг тоссон юм. Онгоц нэг цагаар саатаад. Ардах хамаг ажлаа зуун задгай орхиод ирсэн тул яаралгүй л гардаг байж гэж бодоостой.

Хамгийн гол нь араас ажлын нэг хүүхэн ажлын цагаар нүүр номоо нээхгүй байгаарай, тэхгүй бол тэр гуай жаахан дургүй байна лээ шүү гэж сануулаад. Хөөрхий минь миний өмнөөс загнуулсан бололтой. Хэ хэ.

Нүүр номын мессэнжерээр бас их ажил амждаг болоод удаж байгаа болохоор нээгээд орхичихдог юм. Тэгээд үе үе надаас тусламж хүссэн хүмүүс, заримдаа би өөрөө хүмүүсээс тусламж хүсэж хоорондоо захидал шидэлцдэг юм.

Энэ маань ажлын газрын нэг эмээд таалагддаггүйг мэднэ л дээ уг нь. Жаахан адгуу зантай хүн байгаа юм. Би гадаад гэдгээрээ далимдуулаад тоодоггүй л болохоос. Аавтайгаа чацуу хүнтэй муудалцаад яах ч юм билээ.

Гэснээс аавтай минь чацуу гэхэд хөнгөн шингэн гэж юүхэв шүү. Би чинь хүний муу талыг олж харахаасаа өмнө сайныг нь олж харчих санаатай хичээдэг хүн л дээ. Хэ хэ.

Бас нэг зэвүүн нь шууд надад хэлчихгүй, өөр хүмүүст хэлээд тэднийг давхар байдалд оруулаад байдаг нь сонин бөгөөд зэвүүн.

За тэгээд өнөөдрөөс эхлээд нүүр номыг толгой дахь орон зайнаасаа авч хаяахаас. Ажлын цагаар. Өдөр надтай холбогдмоор байгаа хүмүүс тусгай цаг энэ тэр авч байгаарай.Хэ хэ.

Эх орныхоо тухай сонин сайхан мэдээ сэлтийг унших боломж өгөхгүй юм байна л даа. За яахав тэгж л бай, үзүүлээд өгнө өө, яаж үзүүлэх вэ гэхээр монгол хэл дээрх элдэв сайт орохгүй гүрийх. Хэ хэ.

Гарчигнаасаа хадуурсанд уучлаарай, гэнэт өчигдрийн энэ явдлыг санаад.

Онгоц хоцорсон болохоор ойрхон газар орж боргол уулаа.
Маш удаанаар уусан. Цаг хангалттай байсан тул. Элдвийг хамж шимж ярив. Эмэгтэй хүмүүс гэж ярих зүйл нь дуусахгүй шүү тэ, гайхамшигтай.

Зуусан зүйл маань энэ чоко. Монголоос ирсэн гэдэг утгаараа энэ блогт минь залрах хүндтэй байр суурь эзэлчихэж байгаа юм. Хэ хэ. Энэ сарын нормоо идчихсэн тул дараа сарын нормдоо оруулна даа.

За загнуулсан, элдвээр хэлүүлсэн, хүнтэй муудсан энэ тэр зүйлээ мартаад урагшаа, бүгдэд нь амжилт хүсье.

Tuesday, October 17, 2017

Хөршийн холбоо 3

За ёстой ойрдоо хөршөөрөө амьсгалаад би ч...
Энэ эртээд блогоо бичээд сууж байхад ирсэн жимс. Одоо улирал нь. Хурам жимс гэж орчуулаад байгаа. Заримдаа өөр нэрээр ч гараад байх юм. Алийг нь хэрэглэхээ мэдэхгүй үе үе  ч толгой эргэнэ шүү дээ.
Энэ хагас сайнщ орж ирсэн. Хулууны бөмбөлөг. Их гоё амттай байсан. Би дуртайгаараа зөндөө идсэн.

Нэг завандаа хуушуур эсвэл боорцог хайрч оруулж өгнө гээд бодоод л явна. Гэхдээ бүр 12 сараас наашгүй ээ. Төрд хэрэгтэй зайран гээч л байна би. Суугуул нутагт минь надгүй зүйл алга гэчихвэл нэг их буруудахгүй байх өө. Хэ хэ.

Заримдаа ингэж өөрийгөө хөөргөх ч сайхан шүү. Тийм ээ.

Бүгдэд нь гялалзаад байгаарай гэж ерөөе.

Friday, October 13, 2017

Өөдрөг үзэл

Үеэл нь охидод минь өгсөн ном. Даанч өнөөдүүл нь уншиж чадахгүй. Үүнийг нь би л далимдуулах шив.

За тэгээд монгол хэл заагаач энэ тэр загнадаг шүү. Хэ хэ. Аминдаа л хичээгээд байгаа, нэг л болж өгөхгүй байна.

Намайг багад иймэрхүү ном товхимол гардаг ч байсан болоосой гэж боддог юм. Тэгсэн бол өөрийнхөө жижигхээнд сэтгэлээр унахгүй өөдрөгөөр алхахгүй юу.

Саяхнаас л эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр чинь жижигхээн байх тусмаа үзэсгэлэнтэй гэж олж сонслоо шүү дээ.

Тэгэхээр би чинь чамин тансаг гэсэн үг.

Мөн багын жаахан хөвсгөртөө гонсойж, гуалиг болох мөрөөдөл мөнхийн л мөрөөдөл минь байлаа шүү дээ.

Одооноос л ясан хэдрэг байх чинь юунд хэрэгтэй юм, өөртөө таарсан хөөрхөн бондгор махтай шөлтэй, дээрээс нь хайрын бариул мариултай байх хэрэгтэй гэж олж сонслоо шүү дээ. Хэ хэ.

Ингэхэд та нар хайрын бариул гэж мэдэх үү? Би энэ зун  олж сонссон. Хүсвэл зааж өгч болно шүү.Ккк.

За тэр хадуурах ч яахав.

Номын агуулгатай төстэй зүйлийг нетээс, элдэв зохиол бүтээлээс уншиж ирсэн сэдэв байсан тул энэ гээд хэлчих зүйл байсангүй ээ.

Харин нетээс хол байдаг, өсвөр насны охин хөвгүүд уншсан байхад илүүдэхгүй шүү.

Бүгдэд нь амжилт хүсье.

Thursday, October 12, 2017

Хөршийн холбоо 2

Хөршөө гэж. Өглөгч хөрштэй байх сайхан юм өө. Хэ хэ. Яг хажуугийнх биш. Хоёр ч байр алгасаад, нэг эмээ өвөө хоёр байна. Үе үе ингэж зөөгөөд л, санаа зовсон хэрнээ 2 гараа тосож аваад л. Хи хи.
Амтат төмстэй кекс. Талыг нь гээд бариад ирсэн байсан.
-Өөрсдөө идэж барахгүй тул, ингэж хувааж авчирлаа, зүгээр үү?
-Өө зүгээр зүгээр. Баярлалаа. Идэж барахааргүй зүйл байван ингээд л бариад ирж болно шүү, бид чинь идэмхий улс өө. Сүүлийн өгүүлбэрийг хэлээгүй л дээ. Дотроо л тэгж бодсон хэрэг. Ха ха.
Күри буюу туулайн бөөртэй агшаасан будаа. Хар нь гүнжид. Үүнийг барьж ирэхдээ
-Оройн хоолныхоо будааг агшаахаас өмнө гэж бодоод, амжсан уу?
-Амжсан амжсан. Маш их баярлалаа.

Яг үүнийг бичээд сууж байсан чинь бас нэгэн хөрш маань хаалга тогшсон. Юу өгснийг нь зураг хөрөгтэй нь оруулна аа. Дандаа л авч байдаг, сонин улс гээд бодчихов оо, биднийг. Боломжоороо бас өгөхийг хичээнэ ээ. Даруухан загнав. Хэ хэ.

Өглөөний мэдээ

Өглөөдөө л хальт мэдээ үздэг юм.

Өнөө өглөө, нэгэн аав уйлаад л ард иргэдээсээ, фенүүдээсээ хүлцэл өчөв.

Яасан гэхээр  3 дахь хүү нь хар тамхи хэрэглээд, цагдаад баригдаад явсан юм даг уу даа.

Тэгээд л олны танил аав нь ингэж олны өмнө гарч ирээд хүүхдийнхээ хамаг бурууг өөртөө л чихэж байна. Хөөрхий зайлуул.
-Миний л буруу, би л хүмүүжүүлж чадсангүй. Хэт их чанга гараар өсгөсөн нь ингэж буруудаа юм болов уу даа.  Хохь чинь гээд түлхчихмээр байвч нэгэн гэр бүл юм болохоороо чадахгүй л байна.

Гэж ирээд л уйлав. Өр өвдөөд л явчихаж байгаа юм. Үрт хүн чинь.

Энд ингэж үе үе жүжигчдийн, алдартай хөтлөгчийн, дуучдын хүүхдүүд ингэж хэрэг хийв, тэгж хар тамхи татав гэж мэдээгээр их гарна. Тэр бүр ээж аавууд нь сэтгүүлчдийн өмнө элдэв асуултанд булуулж, үйл лайгаа эдлэнэ.

Нэлээд хэдэн жилийн өмнө дөө, нэгэн мундаг хөтлөгчийн хүү нь бас хэрэгт ороод, хөөрхий аав нь өглөөний мэдээний нэвтрүүлгийн хөтлөгчийн ажлаа орхиход хүрсэн. Миний үзэх дуртай нэвтрүүлэг байж билээ. Одоо оройн цагаар, цөөн цагаар л гарч харагддаг юм. Тэр нэвтрүүлгийг нь тэр бүр үзээд байх боломж гарахгүй.

Манай монголд ховорхон л үзэгдлийн нэг. Аль нэг талаараа од хүмүүсийн, олны танил хүмүүсийн хүүхдүүд ингэж хэрэгт орооцолдсон бол аль болох нуух гэж л оролдоод байх юм билээ тэ.

Биеийг нь  төрүүлдэг, оюун ухааныг нь төрүүлдэггүй гэж юутай үнэн. Одоо ч нас яваад, амьтны хүүхдийг ийм тийм гэж хэлж зүрхлэхгүй болсон байна лээ. Хүн хэлснээ гүйцдэг ч гэж ярьдаг даа.

Айлын хүүхдийн сайн сайхныг олж хараад, магтаад л байх хэрэгтэй. Хэ хэ.

Бүх уншигч ээжүүддээ амжилт хүсье.

Tuesday, October 10, 2017

Тамирын өдөр

Сая нэгдэхэд буюу 10 сарын 9-нд тамирын өдөр болж нийтээрээ амрав.

Үдийнхээ цайнд банштай, борцтой цай хийж уугууд, хөлс нь бурзайцгаагаад, ядаргаагаа тайлсан бид 4. Урд өдөр нь залхуу бууз хийж идсэн юм байна, хэдэн агаа нартайгаа.

Банштай цайгаа хийхэд 4-үүлээ оролцсон, охид минь банш, бууз, хуушуурыг хөөрхөн чимхдэг болж байгаа. Мэдээж бага зулзага хуушуур чимхэхдээ анхан шатных.

Яваандаа гурил зуурч сургана даа. Өдөр бүр гурил зуурахгүй тул, суралцах зав гарахгүй л юм. Дээр нэг зууруулсан чинь сүрхий зуурчихна билээ. Монгол хүн гэсэндээ, хэхэ.

Үдээс хойш нь ойрхон спорт цогцолбор дээр очиж бөмбөг шидэв.

Энд ирснээс хойш бөмбөгийг маш тоотойхон шидсэн дөө. Гадаах талбайдаа сагсны шийд гэж байдаггүй. Хаа нэгтээ ганц нэг харагдана.

Манайхны охид хөвгүүд шиг гудамжны сагс тоглоно гэсэн ойлголт байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.

Хамгийн баярлууштай нь миний гар, хөл, хавирганы булчингууд хөндүүр оргиостой. Хэ хэ. Хөдлөөд, дасгал хийсний маргааш нь ингэж хөндүүр оргиж байвал залуу байгаагийн шинж гэж хаа нэгтээгээс сонсож байсан тул баярлаад байгаа юм. Ккк.

Харин хөдөлгөөний дутагдалд орчихсон өөрийгөө бодохоор сэтгэлээр унаастай л сууна.

Пүүзэнд дуртай гэж байгаа. Энэ зун нэг пүүз авах гэж гэж больсон. Шуналаа дарж, гэгээрсээн...

Ойрхон ойрхон очиж бөмбөг шидэж байхаар тохиролцсон, бидний хэсэг нөхөд. Монголын хууль гурав хоног болгочихгүй л юмсан.

Төгсгөлд нь нэгэн хуулчирхмаар зүйлээ хэлэхгүй бол ч сэтгэл санаа амрахгүй нь...

Эд нар амралтын өдөр, баярын өдрийг архигүй тэмдэглэж чадаад байх юм. Спортлог тэмдэглэж чадаад байх юм. Ойрд биеэ хөдөлгөсөнгүй, явж тэгж ч бөмбөг шиднэ, ингэж ч сэлнэ гээд л явах юм. Түүнд нь би атаархаад байх юм. Өөртөө, болон гэрийнхэндээ тэгж зав гаргаж чадахгүй байгаадаа заримдаа бухимдах юм.

Ямартай ч тамирыг шүтнэ ээ, одооноос. Дан ганц номыг тахин шүтэх бус, хослуулна аа.

Амжилт, та нартаа бас амжилт шүү.

Sunday, October 08, 2017

Жүжиг

Бага зулзага бид хоёрын ээлжит жүжиг.

Энэ удаагийнх илбэ байсан. Ёстой хөөрхөн. Хүүхдүүдээсээ илүү томчууд бид л уулга алдсаар байгаад таарсан. Хэ хэ.

Ганц хүн гарч ирээд л биднийг 1 цаг 30 минут баясгачихаж байгаа юм. Ямар ч яриа байхгүй. Илбэ үзүүлж байх хооронд мэдээж цаана нь хөөрхөн хөөрхөн ая явна. Тэрүүхэндээ бас хөөрхөн жүжиглэлттэй.

Тараад илбэчинтэй зургаа татуулсан юм байна, бага зулзага.

Цуг явсан найз, түүний охин хоёрт бас таалагдсан. Сүүлийн үед бид дөрөв ханиндаа үзэх нь их байгаа. Хоёулхнаа үзэхээр жаахан уйтгартай санагдаад байдаг юм. Тэгээд л ганц нэг ханьсах хүн байвал уруу татна шүү дээ.

Дараагийн жүжиг 12 сард болно.

Гэснээс энэ жүжгийг улирал бүр ингэж зохион байгуулдаг газар нь эцэг эхчүүдийн холбоо байдаг юм. Ихэвчлэн ээж нар л оролцдог л доо. Бүс бүсээрээ нэг нэг зүйл хариуцаад авчихдаг юм билээ. Гишүүдтэй, гишүүнчлэлийн хураамж авна. Түүгээрээ жүжгийнхээ тайзны төлбөр, жүжигчдийн хөлс, бяцхан бэлэг энэ тэрийг бэлдэнэ.

Гишүүд нь жүжгийг тасалбараа хямд авна. Гишүүн бус бөгөөд сонирхсон жүжгээ л үзэх гэсэн хүмүүс арай жаахан үнэтэй тасалбар авдаг юм билээ.

Бага зулзага бид хоёр нэгэн эмээгийн буянаар үнэгүй үзчихээд байгаа. Хүүхэд гэж өөрөө л бүх юмтайгаа ирчихдэг гэж ярилцдаг нь ортой шүү тэ. Байнга үнэгүй тасалбар өгч, бидний нүд чих, сэтгэл зүрхийг баясгадаг эмээдээ баярлалаа. Ачийг тань мартахгүй ээ.

Өлзийтөгс ба улбар шар өнгө

Сая амарлтаараа уншсан ном.

Санаандгүй бүх өнгө нь улбар шараар хослоод. Намрын өнгө юм даа. Нэг бол 10 сарын өнгө. Сар дуусах болоогүй л байдаг, улбар шар өнгөнөөс залхчих вий дээ.

Бас л их өвөрмөц тэ. Зарим нэг зохиол дуусалгүй нууц хэвээр төгсөх нь жаахан гуниг төрүүлнэ.

Шоколадтай жигнэмэг, Сохор гэсэн хоёр өгүүллэг нь таалагдлаа. Гол дүрүүд болох Сэржээ, Эгээ гэх сайхан хүүхний амьдрал. Заримдаа өмнөөс нь харамсах, заримдаа уур хүрэх, заримдаа өрөвдөх зэрэгцээд л уншиж дуусав. Сонирхолтой л байлаа.

Уг номыг бэлэглэсэн Ц найздаа баярлалаа. Өөр ном ч хамт бэлэглэсэн л дээ. Уншсан ном нь давамгайлсан байсан. Гэхдээ дээхэн уншаад монгол буцаачихсан байсан тул дахин нэг сэргээж харах сайхан завшаан болсон.

Жич нүүр номын уншсан номоо тэмдэглэн бичигчдийг дуурайж номынхоо зургийг гоёор авах гэж хичээгээд байгаа. Заримдаа л залхуу хүрээд шууд номоо дангаар нь авах, нэг бол нет гуайгаас зээлчихээд л байгаа болохоос.

Ирэх долоо хоногт нь амжилт хүсье. Ингэхэд долоо хоног ямар хурдан өнгөрөөд байна аа. Нэг мэдэхэд хагас сайн, нэг мэдэхэд нэг дэх...

Friday, October 06, 2017

Монгол бэлэг 2

Бас л Lhamour.

Энэ удаад алчуурыг нь танилцуулах гээд л. Гарын алчуур нь нэлээд зузаан. Том зулзага цагааныг нь, би борыг нь авсан. Зузаан алчуур байсан. Тэр хэрээрээ ус сайн авах бололтой байсан.

Хургахан нэртэй ванны алчуур. Малгайтай. Бага зулзага малгайг нь өмсчихөөд хурга шиг майлаад гүйгээд байсан. Хэ хэ.
Зургийг нүүр номноос нь авав. Өөрөө зураг дарахас залхуурав.

Мөн даавуун уут. Ойр зуур гарах үедээ түрийвч гэх мэт жижиг зүйлээ хийчихэд амар. Элдэв цүнх барина гэхгүй.

Гэснээс би байгаа хэдэн цүнхээ барих нь их ховор юм билээ. Өлгөөтэй л байгаад байна. Нэгийг нь том зулзагатаа сайхан зан хөдлөөд өгчихсөн. Одоогоор орж гарах нь цөөн, сурагч охин минь тэрийг бас л өлгөөтэй л байлгаад байгаа. Хи хи.

Гэх мэт гадны үнэтэй цайтай бренд гэхгүй би амьдраад болоод л байна даа гэж.

Thursday, October 05, 2017

Сүнсний баяр

За бид ч нэг их тэмдэглэх биш дээ. Гэхдээ л гадуур улбар шар өнгө, хар ногоон өнгөөр чимэглэсэн дэлгүүр хоршоо их байна өө.
Суугуул мужийнхаа тариалсан ногоо цагааг очиж авдаг дэгүүрийн үүдэнд ийм том том хулуу тавьсан байна. Жуулчид их очдог газар л даа. Жуулчид эдгээр хулууны жинг тааж хэлбэл шагналтай юм даг уу даа.

Хулуунд дуртай шүү, би. Хулууны зутан шөл гоё тэ. Том зулзага амттай хийдэг юм. Хааяа том зулзагыгаа гуйж хийлгэнэ шүү дээ. Одооны хүүхдүүд гуйлгаад байх юм...

Энд тэнд сүнсний баярын арга хэмжээ болоод л байна. Очиж оролцох нь ховор юм даа.

Улаанбаатар хотод харин тэмдэглэдэг болсон гэсэн тэ. Жаахан тансаг байрнуудын хүүхдүүд элдэв баг, нөмрөг өмсөөд айлын хаалга тогшоод явдаг гэж нэгэн найз минь хэлсэн. Чихэр авах гэж.

Гэснээс өнгөрдөг жил манайд хэдэн сүмо хүүхдүүд орж ирсэн шд. Нэлээд орой болсон байсан тул хоол цай болоогүй. Байсан ганц нэг амттанаараа л дайлсан даа.  Энэ жил хүүхдийн тоо нэмэгдсэн тул бас ирэх байх аа, нээрээ ганц нэг амттан бэлдэж тавих юм байна шүү.

Далимд нь охид минь л башийна шүү дээ. Тэр бүр чихэр, чоко болохгүй тул. Мартсанаас би хамгийн дуртай чоконоосоо бараг л гарсан. Өдрийн нормоо долоо хоногийн норм болгоод. Одоо долоо хоногийн нормоо сарын норм болгоод явж байна. Болж байна, бүтэж байна. Хэ хэ.

Удахгүй сарын нормоо удирлын норм, улирлын нормоо жилийн норм болгоно доо.

Хүйтрээд, хүмүүсийн идэш уушны зуршил нэмэгдээд, ууж идэх боломж ихэссэн улирал эхлэх гэж байна тийм ээ. Яадаг юм билээ? Хэ хэ. Бага шиг бондойх юмсан гэж бодоод л сууна.

Ямартай ч уншигч олон та нар минь бас идэж уушаа тааруулаад, хойшид тохиолдох олон олон баяраа сайхан тэмдэглээрэй.

Wednesday, October 04, 2017

Бага зулзагын уран бүтээл

Ойрд уран бүтээлийн зураг оруулаагүй юм байна. Оруулмаар л байдаг юм. Сүүлийн үед нас яваад элдэв хар цагаан хэл амнаас айдаг болсон байна. Хэ хэ.
Том цаас дүүрэн охин. Уг нь сайжраад л байгаа. Сургуульд орсноор зураг зурах нь илт багассан.  Унших номын тоо илт нэмэгдсэн.

Энэ зургийн дугуйлан дээрээ хийсэн хамгийн сүүлийн уран бүтээл. Зургийн дугуйлан нь дан зураг зурахгүй, иймэрхүү бүтээл туурвина.

Яагаад малгай хийсэн бэ гэхээр байна шдээ? Их хөөрхөн, хайр хүрнэ.

"Том болоод малгайны загвар зохион бүтээгч болно" гэдэг мөрөөдөлтэй юм одоогоор. Энэ мөрөөдөл нь овоо хэлэн жил үргэлжилж байна. Тэгээд ээждээ гоё гоё малгай хийж өгнө гэсэн. Гол нь ээжид малгай зохидоггүй болохоор тэр бүр малгай өмсөхгүй л дээ. Ялангуяа өвлийн малгай бол бүр зохихгүй.

Тэгээд л хөөрхий үр минь ээжийгээ өрөвдсөн байх даа, хэхэ. Одоо болтол нэг мөрөөдөлтэйгөө. Түүнээс хүүхэд чинь нэг бол зайрмагны үйлдвэрт, нэг бол бялууны газар, нэг бол цэцэгчин болно гээд л мөрөөдөж өгдөг байхгүй юу.

Ээж нь одооноос том том загварын ертөнцийн мэдээлэл цуглуулахаас. Амжилт хүсээрэй, манайхаан.

Tuesday, October 03, 2017

Монгол бэлэг

Lhamour.

Санаандгүй ийм бэлэгтэй болоод. Тэгэхээр нь дахин бэлгэнд захиад. Хүний шуналаа гэж, дийлдэхгүй юм даа. Тийм ээ.

Охидод нь бэлэг авах гэсэн юм аа гэхээр нь монголынхоо үйлдвэрлэгчдийг дэмжих гээд. Бас бус зүйлийг нь хэрэглэж үзье гэж бодоод захив.

Одоогоор сэтгэл хангалуун байгаа.
Зургийг Lhamour-н нүүр номноос авав. Охид мин зураг дарахын хооронд задлаад орхиж.
Үүнийг бас нүүр номноос нь авав. Том зулзагын бэлэг дотор 1 ширхэг байсан. Уруул өнгөлөгч.
Бас л нүүр номноос нь авлаа. Нэг ширхэг ийм саван байгаа. Одоогоор хэрэглэж эхлээгүй байна. Хуучин савангаа дуусахаар л хэрэглэнэ дээ.

Гэснээс эх орноос минь ямарваа нэгэн бэлэг ирэхээр хэрэглэхгүй хадгалчих гээд, идэлгүй харж нүдээ баясгаад муутгачих гээд байдаг талтай. Тэр алдаагаа засаад дор нь задлаад иддэг, хэрэглэдэг болчихсон чинь зураг дарах завдал өгөхөө байдаг юм байна. Хэ хэ.

Та бүхэн ч бас нэг удаадаа Lhamour-н бүтээгдэхүүнээс авч хэрэглээд үзээрэй. Арьсанд тань таарах ч юм билүү?

Монголын хүүхнүүд бид хүчирхэг шүү, бас царайлаг шүү, дээр нь гоёмсог шүү, тансаг шүү...

Monday, October 02, 2017

Ханз

Шавь бид хоёр ханзны хичээл ороод эхэлчихсэн.

Нэг бол сонирхолтой байгаа ч юм шиг, нэг болохоор хэцүүг нь гайхаад шантраад ч байх шиг.

Ямартай ч эвийг нь олоод заачих гээд л үзэж байна. Эрэгтэй хүүхэд багаасаа ширээний ард сууж хичээл хийнэ гэдэг ойлголт суугаагүй байх юм. Бүгд биш л дээ. Олонх нь.

Багаасаа бөх, спорт энэ тэр гээд явчихсан эрэгтэй хүүхэд бүр ч анхаарлаа төвлөрүүлээд хичээл хийнэ гэж байхгүй юм.

Гэрийн даалгавар өгөх гэхээр хийхгүй байх өө, бэлтгэл хийгээд аймар ядраад харихаараа юун ном сөхөж харахтай манатай л гэсэн. Хэ хэ.

Тийм болохоор хичээлийнхээ цаг дээр л нухаж, тулж ажиллах л үлдсэн.

Долоо хоног өдөр бүр хичээллэж чадахгүй юм. Сургуулийнх нь дотоод ажил, миний хувийн болон хувьсгалын ажлаас болоод долоо хоногийн 2-3 өдөр нь ганц цагаар орж байна даа.

Овоо хэдэн жил болох юм даа гэж бодоод л, тэр хугацаандаа сайжрах байх даа л гэж найдахаас.

Гэснээс ганц нэг ханзныхаа бичих дараалал энэ тэрийг дахин нэг сөхөж хараад надад өөрт минь их зүгээр байгаа. Хэ хэ. Хүн ч тэгээд мартаад явдаг юм байна шд.

Шавьдаа болон өөртөө, мөн та нартаа ч амжилт хүсье.

Sunday, October 01, 2017

Бага зулзагын паян

Урагшаа нэг мужид байдаг дүү минь 2 зулзагат минь байсгээд л бэлэг явуулдаг юм.
Номонд дуртайг нь мэддэг болохоор ихэвчлэн ном худалдан авах эрхийн карт өгдөг л дөө.

Том зулзага ч яахав дорхноо л картныхаа учрыг олчихсон явж байдаг юм. Тийм ном авчихсан шүү ээж ээ гээд л.

Бага зулзага ганцаараа явж чадахгүй тул ээжтэй л явахыг хүлээгээд, картнуудаа цуглуулаад байна. Номын сангаас ном зээлээд уншчихдаг тул зурагт ном энэ тэр авчихгүй байх санаатай ээж нь.

Ер нь энэ ээж аав гуай хүүхдүүдийнхээ өмнөөс их олон зүйл шийдчих гээд байх юм тэ. Аль болох өөрсдөөр нь сонголтыг нь хийлгэх гэж үздэг ч тэвчихгүй бла бла гэчихсэн л явж байна. Хэ хэ.

Саяхан номын дэлгүүр оров оо. Бага зулзага картнуудаа бариад л. Дэлгүүрт ороод л ээж охин хоёрын үл ойлголцол эхэлсэн. Яасан гэхээр

-Энэ номыг авбал картан дахь мөнгө нь дуусаад ээж нь нэмж мөнгө төлнө. Болох уу?
-Юу? Миний карт үлдэнэ биз дээ? Би картаа алга болгомооргүй байна, дахин хэрэглэмээр байна шд.
-Үр зулзага минь ээ? Энэ карт чинь номын сангийн картнаас өөр ш дээ. Дахин ашиглаж болохгүй.
-Болилоо, анхнаасаа тэгж хэлээгүй биз дээ? Би картнаасаа салмааргүй байна.
-Өө л дөө, миний охин буруугаар ойлгосон байна аа.

Гээд л номын дэлгүүрт хичнээн ч удав. Аниа л сайхан тухтай гэгч номоо үзэж амжсан байх. Хэ хэ.

Тэгж тэгж ээж учирлаад дийлэхгүй болохоороо хүчээр ном авчихсан. Ямар ном авснаа дараа зураг хөрөгтэй оруулна аа. Хи хи.

Хэрэглэсэн картаа дурсгал болгоод аваад өгчихсөн л дөө. Худалдагчид нь хэлж байгаад.

Дүүдээ хэлж байгаад дахин карт явуул гэж хэлэхээс. Ккк. Дүү минь ээ, үүнийг уншиж байгаа бол онэгайшимас.