Tuesday, October 24, 2017

Хар шуурга чамайг даа

Ёстой нэг чангалуулсан шүү дээ. 21 дэх хар шуурга гуай суугуул нутгийг минь бүхэлд нь хамарч хүчтэй салхилаад, хажуугаар нь бороо ороод. Хэцүүхэн газраа хэцүүджээ. Усанд автах автах нь автаад. Нурж унах нь унаад.

Үүний хажууд миний асуудал ч өчүүхэн л дээ. Томилолтоор явах ажил бүтэн 2 өдрөөр хойшлоод. Галт тэрэг явахаа байчихаж байгаа юм.

Бага зулзага л бөөн баяр байсан. Ээжийнх нь ажил хойшлоод. Эрхэлж авах хугацаа нь нэмэгдээд. Бас бага дунд сургууль амраад. Өглөө цаг агаарын байдлыг харж байгаад л мэйл чулуудчихаж байна лээ, сургууль нь. Охид бөөн баяр.

Би ч сэтгэл санаа тэртээ ажил руугаа яваастай. Бушуухан шиг л галт тэрэг хөдлөөсэй гэж залбирах нь холгүй л юм болов.

Арай хийж нэг юм галт тэрэг хөдлөөд, шөнө зорьсон газраа хүрэв. Болоогүй ээ, хоёр дамжиж хүрсэн.

Зүгээр суугаагүй ээ, хотын захиргаа орж нэг бичиг хөөцөлдөөд амжсан. Энд нэг сайхан зүйл нь бичиг цаас хөөцөлдөхөд хэдхээн минутын дотор бүтдэг нь. Ирж очих цаг нь гэхэд л хөөцөлдөж буй цагаасаа бага гээд боддоо. Атаархмаар байгаа биз.

Тэгсэн өнөөдөр юу ч болоогүй юм шиг л тэнгэр хангай сайхан онгойж энэ тэр. Тэнгэр онгойхоор сэтгэл санаа хүртэл аятайхан болох юм. Олон хоног бороо орох ч бас лүд юм. Угаасан хувцас хатахгүй, орж гарахад нороостой.

За ажлын эхний өдөр хэцүүхэн л өнгөрөв. Миний монгол хэл ойлгомжгүй байна гэсэн. Хэ хэ. Монгол хэлээ мартчихсан байна гэсэн.

Аминдаа өөрийгөө ингээд блог бичээд, ном уншаад эх хэлээ овоо мартаагүй л яваа гэж бодоод байдаг юм. Яахав мэргэжлийн үг хэллэг болохоор аль аль хэлнийх нь мэргэжлийн үгийг сайн мэдэхгүй болохоор ээрч муураад байна л даа.

Хичээнэ ээ, өөртөө амжилт хүсье. Мөн та нартаа бас амжилт хүсэв. Үе үе ингэж томилолтынхоо сонин сайхангаас оруулна  аа. Тэрнээс наана бас нэг гого зураг оруулна аа.

Түр баяртай...

2 comments:

  1. Амжилт шүү. Мэргэжлийн орчуулга хийж бичээд байвал сайжрах болов уу? Тэгээд уншигчдаасаа бас асуугаад энийг одоо ингэж хэлэх нь зөвүү гээд.
    Мэргэжлийн үг хэллэг угаасаа хэцүү л дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Хичээнэ ээ. Харин одооноос хувьдаа тэгж орчуулгын хуудас нээдэг юм билүү гэж бодоод л байна. Хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг нь бас чухал хэхэ.

      Delete