Monday, October 22, 2018

Хорооны баяр

Уламжлалт бичлэг шүү.

Хагас сайн, бүтэн сайн гэсэн хоёр өдөр болно. Өглөө 9-с үдээс хойш 16 хүртэл. Бүтэн сайнд нь бид ажилтай тул хагас сайнд бага зулзага бид хоёр явахаар тохиролцлоо.

Хүсэн хүлээсэн хагас сайн ч боллоо. Бага зулзага сэрэнгүүтээ л явъя гэж шалсан.  Өглөөний цай цүү, нүүр амаа янзлах гээд нэлээд хүлээлгэсэн байх.

Баярт очоод л төлөвлөж байсан попкорноо авч идэв. Бас 2 ширхэг жижиг пицца авав. Нэгийг нь эгчдээ өгөх гэж. Замд тааралдсан сугалааг санаандгүй эргүүлэв. Бага зулзага нэлээд хүчтэй эргүүлж эхлээд удаашруулсан чинь алтан шаариг гараад ирсэн.

Хүмүүс орилолдоод л, баяр хүргээд л, ямар азтай юм гэж шагшраад л явчихсан.
Тэгсэн ийм хайрцагтай зүлй хожсон байлаа. Суугуул нутгийн брэнд үхрийн мах 800 грамм гэсэн шүү. Тухайн өдрийн анхны хамгийн дээд шагнал гэсэн. Ээж охин хоёр зургаа даруулав. Хорооны сонин дээр гарах байхдаа. Хэ хэ.

Хальт будаж гарсан нь яамай. Түүнээс хагас бүтэн сайнд нүүрэндээ зураг зурдаггүй юм. Арьсаа амраая даа гэж бодоод.

Харьж ирээд хайрцгаа задаллаа. Дотор нь дахин нэг хайрцаг. Хи хи.
Энэ цагаан цаасны дотор жижиг хуванцар хайрцаг байна лээ. Тэрэн дотор нь мах. Хөлдөөгчиндөө хийчихсэн. Амралтаараа монгол хоол хийж иднэ ээ.

Бүтэн сайнд нь дахиж очиж сугалаа сугалмаар л байсан. Даанч бид өөр арга хэмжээтэй болчихоод очиж чадаагүй ээ. Бүтэн сайныхаа тухай бас бичнэ ээ...

Ерөнхийдөө хорооны иргэд элдэв хоол энэ тэр хийж зарна. Оршин суугчдын бүтээлийн үзэсгэлэн гарна. Гэрт нь хэрэглээгүй шинэ зүйл энэ тэр байвал түүнийгээ худалдаална. Бага зээрэг хуучин эд зарах ч тохиолдол байна.

Иргэдийн тарьсан хүнсний ногооны худалдаа явагдана. Би цагаан лууван, кимчиний байцаа, броккли худалдаж авсан. Арай хямд байсан учраас.

Уншигч олон минь азтай хийморьтой байгаарай.

No comments:

Post a Comment