Tuesday, January 29, 2013

Самарнаас болж 2

Сэтгэгдэл үлдээсэн бүх найз нөхөд, блог андууддаа баярлалаа. Хариултаа бичлэг болоод орууллаа шүү.
-Яг орчихсон тохиолдолд бол  илт хэржигнээд мэдэгдэнэ. Гэхдээ өдрийн цагаар бол мэдэгддэггүй юм билээ. Бүр чихээ цээжинд нь нааж л сонсохгүй бол.
-Харин тийм ээ, сонссон бүх л монгол хүмүүс маань японд байсан нь аз болжээ гэж хэлээд байгаа. Атай азтай, бурханд их баярлаж байгаа...
- Дурангийн хагалгаа нь энэ удаад амтай ойр эрхтэн байсан тулдаа амаар нь гуурс оруулж байгаад авсан. Түүнээс өөр газар мэдээж тэрүүхэн тэнд нь цоолж байгаад л хийгдэх байх.  Янз бүрийн зүсэлт хийгдээгүй тулдаа эдгэрэлт хурдан, 2хон хоноод л эмнэлгээс гарсан.
-Эмээ өвөө нарт нь загнуулсан. Ийм жаахан амьтныг хар багаас нь бүтэн биеийн норкозонд оруулчлаа гээд. Ий ий ий. Гайгүй л байгаасаа бурхан минь. Нугасаар нь мэдээ алдуулаагүй юм даа гэж сэтгэлээ хуурч байгаа.
За тэгээд үүрэг хариуцлага өндөр газар байгаа тулдаа энэ удаад гайгүй өнгөрсөн шүү.
Та нар минь нялх нярай үрсээ хараанаасаа салгав аа дахин дахин сануулахад...
Тэгээд ганц зураг орууллаа.
Энэ өнөө гайтай самар чинь шүү дээ. Ингээд харахад бол жижигхэн байгаа биз. Эрхтэн дотор орчихоороо их том харагддаг юм билээ шүү. Ингэж 2 хэсэг болж гарч ирсэн. Бодвол зөөлрөөд чимхэж авах гэхэд ингэж салсан байх.



Ийм хүүхдийн орон дээр эмчлүүлж буй хүүхэд сахиултайгаа унтана. Би нь гуалиг тулдаа л болж байсан шүү. Бие томтой лут хүмүүс бол бас л сахиул нь өөрөө ядраад гарахаар. Гэхдээ монгол дахь эмнэлгүүдийг минь бодвол ор байгаа нь их юм тээ. Тансаг газар харахаараа эх орон минь ийм болоосой гэж атаархдаг юм өөрийн эрхгүй.
 




Ор болгоны хажууд ийм зурагт, ширээ, хөргөгчтэй. Зурагт хөргөгч нь картаар ажиллана. Бид цөөхөн хоносон болохоор хэрэглээгүй. Ширээ нь доороо дугуйтай болохоор их амар. Хүүхэд орноосоо буулгүй хоолоо идэхэд дөхөм.







Орнуудаа ингээд ийм хөшгөөр халхалчихна. Нэг өрөө 6 ортой байсан.
00-ын өрөө нь гадаа коридорт, нийтийх. Үүдэнд угаалтуур байсан. Хүүхдийнхээ живхийг сольчоод гараа угаах, гар нүүр, шүдээ угаах зориулалттай.
Бохирдсон живхээ хийх тусад нь гялгар уут өгнө, амыг нь зангидаад зориулалтын хогийн саванд хаяна.
Эмчлүүлж буй хүндээ л хоолтой. Сахиул гаднаас өөрсдөө хоолоо даана. 
15 хүртэлх насны хүүхэд эргэлтээр тасагт орж болохгүй. Бага насны хүүхэд эмчлүүлдэг учраас. Том зулзага ирээгүй эргэлтээр нэг ч. Хэ хэ. Ирээд орж чадахгүй юм чинь гэртээ хичээл номоо хийгээд л байж бай гээд үлдээгээд байсан.
Нэг инээдтэй зүйл нь бид амралтынхаа өдрүүдээр цанын бааз явна гэж байсан чинь учиргүй сэргэлэн цовоо байсан дүү нь гэнэт эмнэлэгт хэвтээд төлөвлөгөө будаа болчихсон тул том зулзага их харамссан. Утсаар ярьсан чинь
- Ээж ээ...
-Яасан, миний зулзага зүгээр үү? Их л санаа зовоод асуусан чинь.
-Дүүд самар өгөөгүй бол өдийд цанын баазад явж байгаа тээ...
-Харин тийм ээ...
Дотроо бол дүүгээ үхэх гэж байхад чи ийм юм яриад байхдаа яадын гэж бодож байсан. Сүүлд нь хүүхэд л юм даа, ишшшшшш гэж уярсан хэхэ. Өнөө үглэхээ л урьтал болгохоо боль гэж номноос уншсан хүн учраас эрэмгий зориг гаргаж хэлээ хазаад өнгөрсөн. Сүүлд нь харин учирлаж хэлсэн.

Monday, January 28, 2013

Самарнаас болж

багыгаа баллахаа шахсан шдээ хүмүүс ээ. Яасан гэхээр ингэсийн. Өнгөтөөр ярьж өгөх үү хэхэ. Ногоохон блогийг дуурайв.
Энэ явдал 2 долоо хоногийн өмнө болсон явдал шүү, одоо бага минь дажгүй. Сэргэлэн цовоо охин шулганаад л гүйж байна.
Нэг өдөр цэцэрлэгээс нь авчихаад,  том бага 2 зулзагатайгаа 60 чавганцынхаа ажлыг хийж байлаа. Ээж гал тогоонд хоолоо хийгээд хоёр охин том өрөөнд тоглоод. Тэгэх хоорондоо самар идэж байсан юм. Тэгсэн бага минь ханиалгаад унав аа. Би яасан бэ гэж давхиж очоод л нуруу луу нь баахан цохиж байгаад л өнгөрөв. Бага тэр үед жаахан ханиалгаж, нулимс нь гарч байгаад л гайгүй болчихов. Орой нь унтах болоод чив чимээгүй болсон чинь бага зулзага амьслахаар л цаана нь хэржигнээд байна аа. Аав энэ одоо юу вэ л гэж байна. Ээж ч самарнаас л боллоо гэж шууд л таалаа. Үзүүлэхээс гэж ярилцаад л өнгөрлөө. Ажлын өдрүүд таараад үзүүлж амжилгүй хэд хоног явлаа. Хагас сайн өдөр ээж амардаг тул багыгаа аваад үзүүлдэг хүүхдийн хувийн эмнэлэгтээ очлоо. Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр ажил төрөлтэй улсуудын цаг таардаггүй тул ихэнх хүмүүс иймэрхүү хувийн эмнэлэгт үзүүлэх нь элбэг энд. Болсон явдлаа хэлсэн чинь эмч маань жаахан янз муутай хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгдөггүй шд гэлээ. Ингэж эмч нарт загнуулаагүй удсан би чинь бас дотроо уур хүрээд байгаамаа. Ямар мэдсэн биш гэсэн шүү юм бодоод.
-Энд рентгэн харсан ч нарийн тодорхой хэлж мэдэхгүй, том эмнэлэгт очиж үзүүл, бичиг хийж өгнө түр хүлээж бай.
-За
-За байз, өнөөдөр чинь амралтын өдөр яадаг юм билээ, гэхдээ юмыг яаж мэдэхэв яаралтай л үзүүлсэн нь дээр байдаг. Ядаж байхад нэлээд хэд хоночихсон юм байна шд.
-Аль эмнэлэг зүгээр үү, бараг төв нь дээр байхаа даа. Ойрхон уу?
-Төв нь дээрээ эмч ээ, манайхтай их ойрхон.
-За.
Ингээд хийж өгсөн бичгээ аваад шууд төв эмнэлэг орлоо. Амралтын өдөр тул хүн цөөтэй, гэхдээ ээлжийн эмч нар л ээлжинд гарна. Бичигтэй тул шар өнгийн оосор бүхий хүзүүний нэр өгч байна. Оочерныхоо дагуу хүлээгээд л сууж байсан дуудаж байна. Болсон явдлаа эхнээс нь дахиад л хэллээ. Рентгэн авхууллаа. Бага нээх уйлаан мйалаан болсонгүй авхуулчлаа. Түр хүлээнэ үү гээд л дахиад баахан хүлээлээ. Томыгоо үлдээчихсэн, төгөлдөр хуураа давтаад байж байгаарай гэж зарлигдаад явсан юм. Өдрийн цайны цаг өнгөчирхсөнийг ч хэлэх үү. Арагшаа яараад л хурдхан дуусдаггүй юм байх даа гэж бодоод л. Учир нь 3 цагаас төгөлдөр хуураа заалгах байсан тул. Гэрээс жаахан зайтай байдаг юм.
Сувилагч гарч ирснээ, СТ авхуулна гээж дагуулаад явлаа. Энэ үед охин айсан байх, уйлаан майлаан боллоо. Дараагаар нь утна гээд аманд нь гуурс ойртуулдаг юм байна. Тэр нь хуурай эм орсон байдаг, амьсгалахаар хоолой руу нь ордог эм гэнэ. Дуусаад дахиад л удаан хүлээлт. СТ уншдаг эмч ээ дуудуулсан хүлээж байна гэсэн. Хүүхдийн эмч ээ дуудсан хүлээж байна гэсэн тайлбар сувилагчаас сонсоод л дотроо бол адгаад л суугаад байлаа. Энэ хооронд охин баагаад, би живх сальфетка авч гараагүйгээ санаад яадаг юм билээ гэж байснаа гэнэт өө энд зардаг шүү дээ гэж санаад 1 давхарт байрлах дэлгүүрээс нь авч солив. Охин бол их л сэргэлэн цовоо л хүн гүйгээд байсан, эмчдээ үзүүлэхээс бусад үед хэхэ.
Тэгсэн томоос мессеж ирж байна.
-Ээжээ төгөлдөр хуур луу явах цаг дөхөөд байна. 20 минут үлдчихэж.
-Тийм байна аа, чи яг гарахад бэлдээд байж бай. Очоод шууд гарна шүү.
-За.
Сувилагчаас цаг гаран явчихаад ирж болох уу гэсэн болохгүй, эмч ирж байна гэсэн гэв.
Төгөлдөр хуурын багш луугаа утасдаад 4-с хойшоо очиж болох уу гэж хэлчихээд жаахан тайвшраад хүлээв. Тэгсэн эмч дуудаж байна. Цээжнийх нь зургийг пс дээр гаргаад харуулж байна.  Бодвол энэ өнөө СТ уншдаг эмч нь байх. Тайлбарлаж байна. -1 мм байх ёстой энэ суваг 1 см орчим болоод өргөсчихөж. Энэ дотор нь нэг тийм цагаан дүрс харагдаж байна уу, энэ бол өнөө таны хэлдэг самар чинь байх. Энэ удаан явбал уушиг үрэвсэнэ, аюултай. Яаралтай авах шаардлагатай.
-За. Хэзээ авах уу?
-Одоо ингээд яаралтай. Хэвтэнэ.
-Хэвтэх ээ?
Сувилагч охиныг маань авч үлдээд хувцсыг нь солиод дусал залгав. Би гадаа нь хүлээгээд, охин чарлаад л. Би жаахан л эвгүйтвэл уйлчих гээд л. Нөхөр лүүгээ ярилаа, хэвтэх гэж байна, хагалгаанд орно. Нөхөр сандраад ажлынхандаа нарийн тодорхой юм хэлэлгүй шууд хувцсаа солиод гарсан гэсэн. Ажлынхан нь гайхаад яасан гээд ам амандаа шуугихад нь охин хагалгаанд орох гээд байна, явлаа баяртай гэж хэлээд гарч ирсэн гэсэн. Хэхэ
Ирэхээр нь нарийн учрыг нь хэллээ. Дурангийн хагалгаа гэнэ, бүтэн биеийн норкозонд оруулж байгаад авна гэсэн. Тэхгүй бол жаахан хүүхэд хөдлөөд гүйцэд авахуулахгүй гэсэн гээд л.
Тэгээд тэр дор нь хэд хэдэн зүйл дээр гарын үсэг зурсан. Мэдээгүйжүүлэлтийх нь гээд залуухан залуу ирээд л олон юм тайлбарлаж байна. Урд нь бас хүн хагалгаанд ороход дэргэд нь байсан, ажлын шугамаар орчуулга хийж байсан болохоор тэрэн дээр харин нээх цаг зарсангүй за за гээд л зураад байлаа.  Сэтгэл санаа бол яг тухайн үедээ хаана байсныг бүү мэд, охиныгоо дагаад л хагалгааных нь өрөөнд л хүлээгээд сууж баймаар байсан. Би тэр хагалгааных нь өрөөнд 3 жил дарааллан нэг сарын хугацаатайгаар ажлын шугамаар орж байсан юм. Хэдэн номерын хагалгааны өрөөнд орох бол, цуг л орчмоор байдаг гэсэн шүү л юм бодож байсан. Мэдээж оруулаагүй л дээ.
Охин минь дусал залгасны дараа уйлаад ядарсандаа болоод дээрээс нь өдөр унтаагүй байсан болохоороо унтаад өгсөн. Хөөрхий минь. Тэгээд унтаагаараа цаашаа хагалгааны өрөө лүү орсон. 4 гэж байхад. Би хүлээж үлдээд, хань ижил томыгоо төгөлдөр хуурт нь хүргэж өгөөд, буцаж ирэхдээ хэвтэхэд хэрэгтэй гэсэн зүйлээ авчирахаар явав. Ёоо аймаар дэлгэрэнгүй бичдэг гэнээ. Өнгөтөөр ярина гэдэг нь л энэ байхдаа.
Дээшээ тасаг руу гарч хэвтэх өрөөгөө үзэв. 2 хүүхэд сахиултайгаа хэвтэж байсан. Жаахан байж байтал доошоо хүүхдээ очиж авахаар явах уу гэж сувилагч хэлээд доош буутал ишшш хөөрхий минь үр минь хагас унтаагаараа жаахан уйлагнасан хүн, баахан эмч сувилагч дагуулчихсан гарч ирсэн. Хагалгааных нь эмч нь өнөөх гайтай самрыг нь саванд хийчихсэн, энийг авлаа. Харин гайгүй хурдан авлаа гэсэн. Учир нь идэх юм  юм чинь зөөлрөөд, авагдахгүй тасарч унаад цаг их орж магад гэж байсан юм.  Ингээд 40 минут орчим дурангийн хагалгаа гээч юманд ороод гарсан шүү дээ. Хагалгааны дараах байдлыг харзнаж 2 хоног эмнэлэгт хэвтээд хагас сайн өдөр хэвтсэн хүмүүс 1 дэх өдрийнхөө үдээс өмнө гарсан. Энэ хооронд эмч өглөө бүр орж ирж цээжийг нь чагнана, сувилагч өдрийн хэд орж ирж халууныг нь, хүчилтөрөгчийн хэмжээг үзнэ. Хагалгааны дараа дуслаар нь антибиотек хийж байсан.

Тэгэхээр бага насны хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгч болохгүй. Бидний иддэг давсалсан самар байдаг даа тэрийг. Ойр хавийнхан нь ч идэж болохгүй гэж эмч хэлсэн. Ер нь самар гэлтгүй нэг тйимэрхүү хатуу идэх юм өгч болохгүй юм гэж бодсон. Бас хүүхдээ яаруулахгүй аажуу уужуу идүүлэх хэрэгтэйм байна лээ шүү.  Хахуулж цацуулж болохгүй, тэгж хахаж байна аа гэдэг чинь ер нь бол тухайн хахсан юм нь уушиг руу орж байдаг юм байна гэж мунхаг би ойлгосон. Ямар нэгэн сэжигтэй байдал анзаарагдвал тэр даруй л үзүүлэх.
Ээжүүд минь хүүхдээ аль болох сайн анзаарч байгаарай.
Төлбөрийн хувьд гайгүй гарсан. 5040 иен болсон. 

Friday, January 25, 2013

Байхад илүүдэхгүй

ном санагдсан. Учир нь гадаадад төрж өссөн хүүхдүүдэд, монгол зан заншлаа мэддэггүй хүмүүст хэрэгтэй гэсэн юм аа сөхөөд харчихна. Номын санд байхад ёстой илүүдэхгүй санагдсан. Яахав зарим нэг хүмүүс мухар сүсэг гэж боддог л юм билээ. Мухар сүсэг гэж харалгүй монгол зан заншил гэдэг үүднээс нь харахад зүгээр л дээ. Аль ч оронд тухайн орныхоо онцлогийг харуулсан зан заншил байдаг шүү дээ. Тэд тэрийгээ мухар сүсэг гэж үздэггүй, харин ч их л хүндэтгэлтэйгээр гүйцэтгэдэг нь харагддаг шүү дээ. Тэгээд ч "Сүсэг бишрэлгүй хүн хамгаас аюултай" гэдэг юм билээ. Нэг хоббиг маань хөдөлгөөд, би одоо энэ номноос салахаа байсан.
Гарчигнаас нь ганц нэгийг дурдвал: 
-Монгол угсаатны өрх бүл
-Хүний амьдралын аяны их гараа
-Монгол арлдын сурган хүмүүжүүлэх өв уламжлал, түүний үндэс
-Монгол улсын баялаг-Хүүхэд
гэсэн  4 бүлэгтэй. Дотор нь задлаад гэр бүл болох ёс, бэр гуйх ёс, хүүхдийн даахь үргээх ёс, бие давхар эхийн цээрлэх зүйл гээд зөндөө л зүйл бичээстэй байна лээ. Миний хувьд их таалагдсан нь монгол хүмүүсийн төвд нэрийн утгын тухай байсан. Япон хүмүүс нэр чинь ямар утгатай вэ гэж асуугаад байдаг юм, заримдаа орчуулж мэдэхгүй гацаад байдаг талтай. Одоо энэ номноос их тохиолддог төвд нэрийн утгыг цээжлээд цээжлээд явчихнаа хэхэ.
Зурагтаар их рекламдсан гэсэн. Тэгсэн ижий аав 2 минь гүйж очоод 2-ыг авчихсан байгаа юм даа хэхэ. Нэгийг нь нааш нь, нэгийг нь өөрсөддөө.  Аав минь номны хорхойтойм хөөрхий. Насаараа цуглуулсан номыг нь би тусдаа гарахдаа авна гээд захичихсан, хэхэ. Г-д маш их баярлалаа. Ачаа нь их хүнд байсан байх даа, уучлаарай...
Миний хувьд таалагдсан ном шүү. Та хэд минь авахаар бол гарчигнаас нь сайн уншиж өөрт чинь таалагдвал худалдаж аваарай гэж хэлэх байна. 

Thursday, January 17, 2013

Нишянта

гэдэг залуу өөрийн туулж ирсэн амьдралынхаа тухай бичсэн "Японд мэдэрсэн "Аз жаргал"-ын үнэ цэнэ" гэдэг ном. 25 жилийн өмнө японд ирж л дээ. Тэрхүү 25 жилээ дурссан. Толгой дохин уншлаа. Учир нь гадаад хүмүүст, оюутнуудад тохиолддог хамгийн том асуудал болох виз, цагийн ажилд нухлуулангаа хажуугаар нь хичээлдээ явах гээд л нийтлэг бэршээлийн тухай гарна. Энэ бүх хугацаандаа гашуун дурсамж их байхын хажуугаар олон сайхан сайн хүмүүсийн тусламжийг ч ихээр амссан тухай гарна.
Тэрээр 25 жилийн өмнө гартаа 70 мянган иентэй японд хөл тавьж байж. Аав нь уг их мөнгийг гэрээ барьцаанд тавьж байж хүүдээ зээлж өгсөн мөнгө гэсэн.  Энэ нь хоёр дахь удаагийнх нь гэнэ. Үүнээс хэдэн жилийн өмнө скаутын чиглэлээр ирэхдээ олон орны хүүхдүүдтэй бужигналдаад зочид буудлаар байрлаад их л хөгжилтэй, япон хүмүүс ч их найрсаг сайхан санагдаж. Дунд нь нэг япон айлд хонох арга хэмжээ болж, нэгэн япон айлд хонож л дээ. Салахдаа дараа дахин ирээрэй гэсэн япон айлынхаа хүмүүст заавал ирнэ гэж тангаргалаж байж.
Энд ийм арга хэмжээ өргөн. Япон айлд байрлуулж япон иргэдийн аж амьдралтай танилцуулах гэсэн систем байдаг юм. Ингэж хоносон айлынхаа хүмүүстэй үргэлжлүүлэн харилцаатай байх хүмүүс ч байна, нэг удаагийн харилцаагаар дуусах хүмүүс ч байна.
Тэгээд жилийн дараа ингэж гартаа 70 мянган иентэй ирсэн нь тэр. Нийтийн утаснаас өнөөх дахин ирээрэй гэсэн айлынх руугаа утасдаж, онгоцны буудлаас тосуулаад нэг хэсэгтээ тэднийд байрлах болно. Хойшид яах тухайгаа ч ярилцана. 3 сарын хугацаанд хэрхэх тухайгаа шийдэж амжихгүй бол нутаг буцаарай гэж хэлэхийг сонсоод амьдралдаа хоёр дахь удаагаа үнэн сэтгэлээсээ уйлж байсан гэнэ. Гэх мэтчилэн хичээн явсаар зурагтаар гардаг болж, их сургуульд багшийн ажил хүртэл хийдэг болж. Мундаг байна уу? Нөр их хөдөлмөр, чармайлт гаргаж байж. Өглөө үүрээр сонин тараах ажил, буудалд гудас дэлгэх ажил, 00-ын өрөө цэвэрлэх гээд л хийгээгүй юм байхгү й гэнэ.
Ингэж дурсаж бичихдээ японд олсон мөнгө, зарсан мөнгөө тооцон гаргаж их л сонирхолтойгоор бичсэн байна лээ. Шриланка хүн. Одоо бол япон иргэн болчихсон, япон хүнтэй гэрлээд үр хүүхэдтэй ч болсон гэнэ.
Хааяа зурагтаар гарч харагддаг юм.

Би ч мөн адил. Зэвүү хүргэсэн хүмүүстэй таарахын хирээр сэтгэл уяраасан, талархахаас өөр аргагүй сайн хүмүүстэй ч учирдаг юм. Сайн хүмүүс нь их юм даа энэ хорвоо чинь.

Өө тийм, Шриланкад бас Ошин гардаг байсан гэнэ. Ошины буянаар японд элэгтэй хүмүүс их байдаг гэнэ. Бүр 25 жилийн тэртээ шүү дээ, манайд чинь хэдэн оны үед гараад байлаа даа, жаахан л байсан юм даг...

Уншсан номнууд

Ажил дээр шинээр орж ирсэн ном. Хүүхдэд зориулсан хөөрхөн агуулгатай. Хааяа иймэрхүү агуулга хөөрхөнтэй "амархан" ном уншихад амралт болоод сайхан. Шинэ үг ч тодорхой хэмжээгээр тааралдана.
Эхнийх нь хэсэг хугацаанд амьтны дэлгүүрт худалдагч хийдэг жаал хүүгийн тухай. Хүний хэлээр ярьдаг амьтад, тэдэнтэй ярьдаг жаалхүү, түүнийг тойрсон яст мэлхий, тоть, нохой, загас зэрэг амьтдынх нь харилцан яриа, томчуудын ойлгогдохгүй, инээдтэй үйлдэл гарна.
2 дахь нь аврик тивийн нэгэн жаал охины тухай. Зохиолч нь европ тивийн зарим нэг хүүхэд аврикийн тухай ерөөсөө мэддэгүйд эмзэглэж, олон хүнд мэдүүлэх зорилгоор бичсэн гэсэн. Өөрөө ч аврик тивд төрсөн. Бага насандаа англи улс руу нүүсэн. Жил бүр эх нутагтаа очдог байсан гэсэн.

Охиндоо бас умш гэж шахаад л байгаа, завтай болохоороо умшина гэсэн. Хэхэ

Wednesday, January 16, 2013

Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирэв үү?

Хүнтэйгээ л ажиллах, хүнээ л хөгжүүлэх...
Бахархал юм даа. Сансарт ниссэн явдал нь бидний хувьд. Ухаантай зөв бодолтой хүмүүсийнхээ яриаг сонсоход урамтай гэж...
 Бас энэ хар өнгийн дээл гоё байгааз, хэдэн жилийн өмнө энд нэг танил япон хүүхэн ийм хар өнгийн дээл өмсчихсөн их зохисон харагдаад байж билээ. Хөх дээлээ хар өнгөөр сольдог ч  юм бил үү хэхэ, тэс хөндлөн юм ярьчихлаа уучлаарай...

Бичлэг дундаа жаахан гацаад байна.

Tuesday, January 15, 2013

Гоё дуу

Гэрээрээ дуртай дуу, том зулзага бол байнга сонсоостой.  Үг нь их дажгүй.

Monday, January 14, 2013

Азид ажиллах

гэдэг ном. Ажлын газрын хүн зүгээр шүү уншаад үзээрэй гэж санал болгоод. Зохиогч: Күмон Такаши. 10 хэдэн жилийн турш гадуур дотуур явсан. Хятад, Энэтхэг голлон азид гарч ажиллах, хэрхэн амжилт олох, карьераа хэрхэн өсгөх, азийн залуусын үзэл бодол зэргийг өөрийн туршлага болон, найз нөхдийн туршлагыг жишээ болгон дурдсан.

Хэдийгээр япон орон нь өөрөө азид оршдог ч өөр цаана нь чамайг нээж өгөх, чамд тохирох, чамаар дутагдаж буй азийн орон зөндөө бий шүү, айлтгүй хийгээд үзэхийг санал болгосон. Ингэхдээ мэдээж хов хоосон гараад явчих биш, хоосон гэдэгт нь мөнгө төгрөг орохгүй шүү. Өөртөө ямар нэгэн зэвсэгтэй байх. Тэр нь тухайн очих гэж буй орны чинь хэл уснаас авахуулаад ямар нэгэн авъяас гэх мэт зүйлийг хэлнэ.
Гадаад явахаасаа айдаг япон хүмүүст бид бүхний багаасаа хэвшиж заншсан хүмүүжил боловсрол нь гадагшаа гарахад их том үүрэг гүйцэтгэж өгдөг гэх зэргийг жишээ гарган өгүүлсэн.  Япончуудын ажилдаа үнэнч нямбай ханддаг нь гадны орнуудад маш өндрөөр үнэлэгддэг гэнэ. Дэлхийн томоохон албан газарт даргынхаа "цуглуулсан" нэрийн хуудсыг цагаан толгойн үсгийн дарааллаар нь нямбайлан эмхтгээд хавтсанд хийсэн нь даргадаа өндрөөр үнэлэгдэн шууд даргын нарийн бичгийн албан тушаалд очсон гэх мэт.
Япончууд өөрсдийгөө би хийсэн би тэгсэн гээд ПР хийгээд байдаггүй нь сул тал болдог. Тэхээр гадаадад ажиллахдаа өөрийн юу хийсэнг аль болох эргэн тойрныхондоо сайн мэдээлж бай. Нэг ёсондоо өөрийгөө бяцхан рекламдаж байх.
Өөрийнхөө хэн болохыг мэдэх, юу хийхийг хүсээд байгаагаа мэдрэх маш чухал.
Гадагшаа гараагүй ч сүүлийн үед улс эх орон дотроо маш их глобалчлагдаж байна. Олон компаниуд улс харгалзахгүй гадаад хүн авч ажиллуулдаг болж. Хүссэн ч хүсээгүй тэдэнтэй хамтарч ажиллах болж.  Дотооддоо ажиллахад хүртэл гадаад хүмүүс бидний томоохон өрсөлдөгч болж.
Гэх зэргээр олон зүйл бичсэн байсөөн.
Үүнийг япон гэсэн үгнүүдийг нь монгол гэдгээр солиод уншаад явчихбал ч...

Wednesday, January 09, 2013

Гоё санагдчихлаа

Монгол бичгээ сэргээнэ ээ, англи гэж дөвчигнөж байхаар хэхэ. Үгүй ээ үгүй ерөөсөө л хослуулчихъя. Хос хэлтэн болъё...
Энэ ярилцлага бас л тасархай. Бага нас шууд нүдэнд харагдаж байна. Зурагтны өмнө суугаад монгол бичгээ сурах гэж үзэж тарж байсан юм даг... Нэг хэсэг чинь бүгд монгол бичигтэн болно гэж байсан үе. Ээж минь томоос том дөрвөлжин шугамтай хүрэн дэвтэр нээгээд ацаг шүднүүдээ жирийтэл бичээд л Бум эмээ шиг л буруу бичиж дүү бид 2-ын инээдийг бардаг байсан сан. Одоо ч тэр дэвтэр гэр бүлийн минь үнэт дурсамж болон хадгалаастай бий. 10 жилд ангиараа монгол бичгийн улсын олимпиадад оролцдог байлаа. Дүү минь нэг дүгээр ангиасаа крилл биш монгол бичгийн цагаан толгой заалгаж байлаа. Яг тэгээд ухарч няцалгүй бүгд монгол бичигтэн болчихсон бол гэж бодогдлоо. Сэтгэл байсан бол болж бүтэх л байсан байх даа...
Зун авчирсан монгол бичгийн толь бичгээ өвөртөлж унтанаа өнөөдрөөс хэхэ
Ямар ч л байсан бид уншдаг, ядаж нэрээ бичээд сурчих л хэрэгтэй зүйлийн нэг дээ.

Tuesday, January 08, 2013

Бас нэг хөөрхөн өвөө

байна шүү. Ёс алдаж л байгаам, зүгээр ч нэг өвөө нар биш  шүү дээ. Агуу хүмүүс шүү дээ. Ийм сайхан хүмүүсээ амьд сэрүүн дээр нь ингэж тоож, урьж оролцуулаад байгаад нэвтрүүлгийн хамт олонд талархаж байна аа. Ярьж хөөрч, инээж наргиж байгаа нь цаанаа л нэг өөр, жаатай юм аа...
"Маамуу нааш ир" хэдий болтол дуулагдахыг таашгүй...



Хөөрхөн ярьдаг өвөө

байна шүү дээ, энэ Бааст гуай чинь. Яг л миний шавь 90 гарчихсан өвөө шиг л. Ёжилж ирээд л, аальгүйтэж ирээд л. Нээх хөөрхөн санагдаад л инээж үзлээ. Гэр дэх номыг нээ, ямар их ном бэ? Манай өвөө бас тийм их номтой шүү дээ, төстэй тал их байна аа. Мундаг юм. Ийм буянтай буурлуудаасаа үгийг нь сонсоод л суух ёстой шүү бид...
Цаг алдаж болохгүй, цаг хугацаа намайг хүлээхгүй гэж хэлнэ лээ. Диваажинд залрахаа хүлээхгүй, цагтай өрсөлдөөд байгаа нь үнэхээр биширмээр...

Monday, January 07, 2013

Бэлэг

12 сарын 31 бол битүүн, 1 сарын 1 шинийн нэгэн. Энд шүү дээ хүмүүс ээ. Хэдэн жилийн өмнөх шиг 2 өдөр шинийн нэгэн тэмдэглэдэг шиг л юм бодов оо хэхэ.
Хүүхдүүддээ ээж аав эмээ өвөө нар нь ийм дугтуйтай мөнгө өгдөг юм. "О тоши дама" гэдэг юм японоор. Хэмжээ нь янз янз. Ахиухан авсан хүүхдүүд тодорхой хэмжээг нь банкинд хадгална. Жаахаан хэгсээр нь дуртай зүйлээ авдаг гэсэн. Охидуудад минь ганц нэг хөөрхөн өвөө нар бас өгдөг юм, өгдөггүй нь хөөрхөн биш гээд байхгүй юу... Том нь ном авна, багынхыгаа ээж нь зохицуулахаа мэднэ.  Энэ жилийнхийгээ яах уу ээж ээ, дэлгүүр явъя л даа гээд том нь шалаад  л байгаа. Нээх их юм авчихсан юм шиг л. Ээж гарах завгүй яваад байна аа.

Saturday, January 05, 2013

Өврийн дэвтэр

Та нар минь хөтөлдөг л биз дээ мэдээж. Би нь энд ирснээсээ хойш хөтөлдөг болсон. 2004 оноос хойш гэсэн үг л дээ. Яг одоо ойр байгаа нь энэ 4. Эргээд харж байхад их зүгээр.
2013 оных харин их хөөрхөн дэвтэртэй болсон. Ажлын ёолкноор бинго тоглоод таарсан юм. Ер нь ийм дэвтэргүй бол бас л хэцүү болсон байна лээ. Төлөвлөсөн ажлуудаа мартчих гээд байдаг болсон шүү дээ. Эд чинь худалч хүнд жилийн өмнөөс л ажлаа төлөвлөөд байдаг юм.
Ийм жижигхэн нь авч явахад амар байдаг юм, хөнгөн. Энд бүр гэрийн эзэгтэй нарт зориулсан гэрийнхээ дансыг хөтлөөд орлого зарлагаа тооцоод хянаад байж болохоор дэвтэр байдаг юм билээ. Би нь авч хөтөлдөг юм бил үү гэж бодсоноо жаахан нервтэй байж магад гээд авахгүй байгаа.Яг хөтлөөд эхлэхээр сонирхолтой байж мэдэх л юм тээ. Ямар илүү зүйлд мөнгө зараад байгаагаа мэдэж авна хэхэ.Тэгээд л тэрийгээ хянаад, тэвчээд явчихвал ч...
Нээрээ би дэвтэртээ энд тэндээс олж харсан номныхоо нэрийг бичиж авдаг юм байна, сүүлд нь авч уншина гэж.  За тэгээд өөр юу эс бичиж тэмдэглэхэв...


Шинэ оны мэнд

Ирж буй ондоо
Амжуулж дуусгах олон ажилтай
Арвижин нэмэгдэх өндөр цалинтай
Аваад барахгүй алдар хүндтэй
Эдэлж дуусахгүй эд хөрөнгөтэй
Ижилсэн дасалцах олон найзтай
Инээж барахгүй аз жаргалтай
Хайрлаад барахгүй сайхан дурлалтай
Харамлаад барахгүй өгөөмөр өглөгтэй
Сүү шиг цагаахан сэтгэлтэй
Сүлд шиг хийморь золбоотой
Олондоо хүндтэй, өөртөө зөв
Олз омгоор дүүрэн яваарай.
 

Их л завгүй явсаар шинэ онтойгоо золголоо. Хөгжилтэй ч угтлаа. Идээд л идээд л байлаа. Нэлээд жин нэмсэн шүү, одоо эргээд гуалигжих гэж наян юм болноо хэхэ.

Блог андуудынхаа шинэхэн бичлэгүүдийг уншлаа. Ихэнх нь 2013 оны зорилтуудаа оруулсан байна лээ. Би ерөнхийдөө та нарыхтай ижил шүү хэхэ. За байз юу юу байлаа даа.

За дээрх мэндчилгээ нь түрүү жил буюу 2012 он гарахад л энд тэндээс ирээд байсан мэндчилгээ. Харин энэ жил арай өөр ерөөлүүд яваад байсан байх шүү. Энэ хүмүүс зохионо гэж мундаг юм дөө...

Monday, December 17, 2012

Чухал сэдэв

гэдэг нэвтрүүлгээс бас ганц нэгийг үзлээ. Ярьж эхлээд байгаад нь их баяртай байна өө.  Хүмүүсийн яриад байгаа нь бүгд л чухал сэдвүүд.

Өөрийн бодлоос хэлэхэд
 "Би өөрөө энэ улиг болтол яригдаад бичигдээд байгаа ард түмнийх нь, иргэдийх нь нэг. Тийм ч учраас би өөрөө өөрийнхөө сэтгэхүй ухамсартаа анхаараад, өөрийнхөө хэмжээнд өөрийгөө хөгжүүлээд явах юм сан гэж эрмэлздэг. Хүүхдүүддээ бас тийм сэтгэхүйг суулгаж өгөх юм сан гэж боддог. Хичээх болно оо"


Баттулгын хэлсэн зүйлүүд ер нь их таалагдаад байгаа, уг залуу өөрөө их таалагдаад байдаг юм хэхэ. Тийм болохоор ч тэр юм уу хэлсэн зүйл нь хүртэл таалагдаад байх юм ккк.

Залуус минь бүгд л Баттулга шиг сэтгээд мөрөөдөөд явбал яриад байгаа хөгжил ойрхон байна дөө. Мөрөөддөг нэг хэсэг нь хөгжөөд мөрөөддөггүй хэсэг нь ард хоцорчихдог гэж байна үнэн шүү.

Би бас мөрөөддөг өө. Ирээдүйд тэр минь хэрэгжээд яваасай гэж хүсдэг. Биелүүлэхийн тулд өөрийгөө хөгжүүлнэ ээ, боловсруулна аа.

Монголчууд минь хөдөлмөрлөх.
Тархиа хөдөлгөөд дараа нь биеэ хөдөлгөе...

Агуу юм аа


Би монголыхоо нэвтрүүлгүүдийг үзээд байж амждаггүй юм. Хүмүүс шуугиад байдаг ганц нэг нэвтрүүлгийг цаг гаргаж байгаад хааяа нэг үзнэ л дээ.
Одноогийн хөтөлдөг нэвтрүүлгийн ганц нэгийг үзлээ.

Чинагийн Галсан гуайн нэвтрүүлгийг үзээд үнэхээр биширлээ. Нутагтаа сая мод тарина гэж байна. 250 мянгыг хэзээний тарьчихсан гэнэ. Бахархаж байна. Би хажууд нь ганцыг ч тариагүй явна. Ичиж байна.

60 ном гаргана гэж байна. Нас ахисан ч өө би ч одоо өнгөрсөн гэхгүй дахиад 20 ном бичнэ гээд явна. Гайхалтай.

Иймэрхүү оюунлаг хүмүүсийнхээ үгийг сайн сонсож, тунгааж, хэрэгжүүлж явах юмсан тийм ээ...


Балданпүрэв гуайн ярилцлага бас л...
Амьдрал баян гэдэг л энэ байх. Бас л агуу сэтгэлтэй хүн юм.  Тэгэхэд хажууд нь жаахан юмнаас нь болоод архи уугаад л амьдрал утгагүй байна, би мөнгөгүй байна гээд л гутраад суудаг хүн байна шүү дээ. Цуглуулж суугаад үзүүлэх юм сан.
Алдсан алдаанаасаа ухаарал авч байсан гэж...
Амьдрах гэж олон зүйл хийж сурсан, хийдэг байж. Мундаг юм. Их сайхан өөдрөг үзэлтэй хүмүүн юм.

Хүнээр хүндлүүлэх хэцүү шүү...
Монголчуудын гэр сургалт гэж агуу юм байдаг шүү...

Балданпүрэв танд болон таны 14-15 хүмүүжил сайтай хүүхдүүдэд аз жаргал, амжилт хүсье.





Sunday, December 16, 2012

Хөөрхөн ном

Шинэ ном танилцуулъя өө. Том охиныхоо сургуулд ном уншдаг сайн дурын ажлаа өгсөн. Хэхэ. Хувь хувьсгалын ажил амжихгүй болчихоод энэ жил саналаа өгөөгүй. Гэхдээ л энд тэнд монгол гэсэн нэртэй ном харагдвал сэртийдэг хэвээрээ.
Тэгээд ч арлын оронд эх орныхоо нэрийг гаргаад явж буй хүмүүсийг дэмжих зорилготойгоор худалдаад авчихдаг юм. Хааяа бас ганц нэг хүүхдэд япон хэл заахдаа ч ашигладаг болохоор. Ажлынхаа газарт бас шахнаа гэж байгаа.
Агуулга нь монголчууд хүүхэд төрөхөд үнэг хайчилдаг болсон домгийн тухайн. Зураач нь япон улсад сурдаг Болормаа гэдэг хүн. Болормаагийн зургийг нь зурсан хэд хэдэн ном бий. Ажилд нь сурлагад нь өндөр амжилт хүсье.
Япон улсад суралцдаг, ажилладаг хүмүүс та бүхэн ч гэсэн хүүхдүүддээ уншуулаарай. Хөөрхөн ном шүү.

Thursday, December 13, 2012

Ёолкоо гэж гоё шүү

Дурсамж дүүрэн бага нас санагддагюм өөрийн эрхгүй. Энд тэнд явж байхдаа авсан зураг.






Багын үзүүлдэг чих хамар хоолойн эмнэлэгт зассан ёолкны тоглоом. Модных нь зургийг оруулах гэсэн хажууд айлын хүүхэд гарчихсан байнаа.







Эмийн сангийн үүдэнд зассан мод. Охин очиж нураачих гээд сандаргасан шүү. Он гарахаас өмнө хураагаад авчихна гэж бодохоор уйтгартай. Бид он гараад нэлээд хоносон ч хураахгүй шүү дээ хэхэ.





Ийм тоглоом гэрийнхээ ёолконд авч өлгөмөөр санагдаад, шуналаа гэж барагдахгүй юм даа. Гэрийн ёолк тоглоомоо даахгүй болчих байх даа гэж...




 Багын цэцэрлэгийн хананд өлгөсөн харагдана лээ. Багш нарын бүтээл гэж бодож байна. Зулзага харчихаад санта гээд байсан. Үгсийн сан нь нэмэгдсэн гэсэн үг.

Wednesday, December 12, 2012

Эгдүүтэй

болж байна бага минь. Том болж байгаа биз дээ гэдэг асуултанд хариуллаа шүү, энхрий хайрт ээж аав ах дүүс минь ээ.

Энэ киног үзэх гээд уурлаад аашлаад байдаг болсон. Би нь хааяа үүнийг тавьж өгчихөөд хоолоо гялалзуулдаг юм. Тэхгүй бол бас л ажил амжихгүй үе байх юм. Угтаа бол ингэж зурагтанд хүүхдээ даатгах муу гэсэн. "Зурагтанд хүүхдээ даатгаж болохгүй" гэсэн ном авсан. Завтай болохоороо уншина. 

Шулганаж өгч байна, заримдаа ойлгохгүй уурыг нь хүргэнээ бид хэхэ. Гэхдээ ээж ихэвчлэн орчуулна.

Дуу хөгжимд үнэн дуртай байна. Микрофон бариад дуулна. Зураг зурдаг болсон. Тэрийг энийг зураарай гэхээр маш идэвхитэй зурна. Бид наана нь алга ташиж магтаад л хэхэ. Мэдээж хамаа намаагүй сараачсан зураг. Өөрөө бол тэрэндээ үнэн кайфтай. 

Өөр чинь юу билээ, яг бичих гэхээр бичих юм олдохоо байчих юм.

Хоолнод жаахан муу байгаад байна. Амттанг харин идчихээд байх санаатай. Тэгээд загнуулж бөөн уйлаан майлаан болно.

Үгсийн сан нь нэмэгдсэн. 2-3 үг холбоод ярьдаг болсон. Номон дээрх зургаа заагаад энэ юу вэ гээд бүх дүрс, үсгийг асууна.

Мээмээ харамлана. Аниа нь тоглоод миний мээм гэхээр харамлаад уйлна.

Зураг авахуулж сурсан. Хуруугаа гозойлгоод пооз авна.


Эрчүүдээ та нар

Эх орноо авч явах хүмүүс шүү дээ.
Яасан гэхээр хэд хоногийн өмнө монголоос минь төлөөлөгчид ирлээ. Би орчуулганд нь яваагүй л дээ. Нэг орой хүлээн авалтных нь орчуулган дээр халтуур хийсэн юм. 2 цаг л уулзахад үнэн мөн чанарыг шууд л мэдэж байгаам. Монголд байгаа шигээ дураараа аашлаад, баар цэнгээний газар нэхээд, чадлаараа юм үзүүлчихье гээд дагуулж яваа хүмүүсийг хүндлэхгүй. Зорьсон газартаа хүрчихээд автобуснаасаа ч буухгүй, шөнөжин архи уугаад  гээд л дараа нь их олон зүйл сонссөөн.Ямар хэрэг байна аа? Хэлэх ч үг алга. Хэдхэн хоног хичээгээд улсынхаа нэрийг аятайхан аваад гарчихгүй, чихнээс хонх уяад л...

Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргиод байна шүү дээ. Монголчууд гэж ирээд яриад байна цаана чинь.
Миний ямарваа нэгэн үйлдлын ард бүхэл бүтэн улсын минь нэр байна гэж бодооч ээ. 

Monday, December 10, 2012

Ээжийн үглэх нь хүүхдээ алдаг

Энэ өнөө ээжүүдийн үглээний тухай ном.Зохиолч нь Ямазаки Фүсаичи гэдэг хүн. Их л мундаг хүн бололтойм, гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн чиглэлээр сургалт зэргийг явуулдаг гэнэ. Их дажгүй санагдаад хувьдаа худалдаж авдаг юм бил үү гэж бодоод, ирээдүйд охидууд минь ч ээж болно...

1. Үглэхээ больвол хүүхэд өөрчлөгдөнө.
2. Ээжүүдийн үглээ яавал зогсох вэ?
3.  Илт өөрчлөгдөх нэг сарын ээжүүдийн сургалт
гэсэн 3 том бүлгээс бүрдээд дотор нь олон ээжүүдийн туршлагаас танилцуулсан.

 Сайн болон давуу талаа мэддэггүй хүүхдүүд.
Ээжүүд хүүхдээ загнахдаа дандаа муу болон сул талыг нь хэлээд л үглээд байдаг. Тийм болохоор хүүхдүүд өөрсдийнхөө сайн талыг мэддэггүй. Хичээл заасан хүүхдүүдээс анкет бөглүүлсэн чинь бүх хүүхдүүд сул болон муу талаа маш сайн биччихээд, сайн болон давуу талаа бичих хуудсыг цагаанаар нь үлдээсэн байв.
-Сул талаа их сайн бичсэн байна шүү дээ?
-Ээж тувт тэгж загнадаг болохоор.
гэж бараг бүх хүүхдүүд хоолой нийлүүлэн хариулсан.

 Өөртөө итгэх итгэлийг олгосон хүүхэд хөгждөг.
Хүүхэд ээжийнхээ үг хэл, ярианаас хайрыг мэдрэхээ болихоор айдаст автан цөхөрдөг.
Чи ер нь хичээлд дургүй дүүрсэн толгой байна даа гэж хэлсэн л бол та шалгалтанд уналаа. Хүүхэд бол бага багаар урагшилдаг. Түүндээ ээжээсээ тусламж, авралыг хүсч байдаг. Тодруулж хэлбэл хүүхэд ээжийнхээ үгнээс өөртөө итгэх итгэлийг олж, хөгжиж байдаг.
  Бага сургууль, дунд сургууль төгсөх хүртэл хүүхдээ муулж загнах хэрэггүй. Тэгж муулж загнах нь хүмүүжлийн сүйрэл юм.

Үргэлжилнэ...



Monday, December 03, 2012

Монгол doughnuts

12 сарыг боорцог хийж угтлаа. 3 дахь жилдээ хийж зарж байна, энэ жил цөөхөнг хийсэн. Түрүү жил худалдаж авсан хүн ч ирсэн харагдана лээ. Зарим нэг таньдаг хүндээ 2, 3-аар нь шахсан ккк.
Doughnuts хийж ядарсан хүн орой нь хоол хийхээсээ залхуураад өнөөдөр баяжсан юм чинь би та нарыг даая гээд гэрээрээ гадуур хооллочихсон. Монголчууд 5-ыг олоод 10-ыг зардаг гэдэг гэсэн гээд хань ижил намайг шоолоод байсан. Ккк.
Гэхдээ байна шдээ, баяжихдаа гол биш юм аа гэж. Монгол гэдэг нэрийг аятайхан аваад гарах явдал гэжуга.(Банжига блогийнхон ингэж их бичдэг юм билээ. Заримдаа энэ нь уур амьсгалыг их зөөллөөд байдаг шиг санагдаад хэрэглэчихлээ ккк)
Гол арга хэмжээ нь монголыг сурталчлах. Түүний хажуугаар боорцгоо хийсэн юм. Монгол далбаагаар puzzle хийж тавиад ирсэн хүмүүс түүнийг эвлүүлнэ. Эвлүүлээд дуусахаар нь далбаа бүхий номын хавчуурга бэлэглэсэн.
Хөх тэрлэгтэй хүүхэн тэрүүгээр нэг од боллоо.
Хараад байхад эд нар жижигхээн юмаар хүмүүсийг баясгаад, цэнгүүлээд чадаад байх юм. Зохион байгуулалт ч сайтай болох юм. Арга хэмжээний төгсгөлд цаас хайч чулуу хийлгээд ялсанд нь бэлэг өгөөд байсан. Хамгийн инээдтэй нь том зулзага  овоо ялаад яваад байнаа. Үлдсэн хүмүүс урагшаа тайзан дээр гараад л үзэж тарж байна. Нэг мэдсэн охин тэдний дунд явж байна. Нэрлэсэн бэлгэн дотор нохойны хоол гэж байсан юм, тэрийг сонсчоод би за даа том зулзага ч нохойн хоол хожиж энэ тэр гээд ярьж байсан чинь миний хэлснийг хождог гэсэн ккк.  Охин хүрч ирснээ ээж ээ нохой тэжээх үү, энийг далимдуулаад гэсэн хэхэ. Хүүхэд ээ гэж. Нэг л удаа гийн хоол хожчихоод нохой тэжээх юм гэнэ ээ ккк. Жижиг зулзагаа яаая гэж байж тэ.

Wednesday, November 28, 2012

Ойрд

Бичих юм их байгаа ч яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Хэ хэ
Ганц нэг зураг оруулаад, тэрийгээ тайлбарлаад явчихъя. Залхуу хүний л арга байлаа.

Токүшима гэдэг муж орж шинэ найз нөхөдтэй болсон. Эчнээ таньдаг байсан л даа, дэлгэрэнгүй танилцаж найзууд болов.
Энэ бол Токүшима мужийн алдартай Ава одори гэдэг бүжиг. Зун 8 сард их олон тооны хүн хамарсан  бүжиг болдог гэсэн. Чадвал очиж үзнэ ээ.

Дээрээс нь харахад Токүшима хот. Бидний байгаа хотыг бодвол их томоо юм билээ.










2 охины урлагийн үзлэг хоёр өдөр дарааллан болж амжилттай оролцов. Бага зулзага тайзан дээрээс аавыгаа олж харчихаад аав аа гэж сэргэлэн цовоо гэгч нь орилж эгдүү хүргээд...
Энэ хажуугийн зураг бол урлагийн үзлэгийн хөтөлбөр.
Ингэж хажуу тийшээ харчихаад болохгүй юм сүүлийн хоёр зураг.

 Бага зулзагыгаа тойрон эргэлдэж өхөөрдсөн хүмүүс л байна. Зураг зураад л, дуу дуулаад л, ном уншаад л гүйж байна.  Шулганаад л гүйгээд байгаа.
Урлагийн үзлэгийн талаар хэд хэдэн бичлэг оруулж байсан санагдаад байна, энэ удаад бичихгүй ээ.


Энэ бол аниа дүү хоёрын бүтээл. Аниа нь дүүгээ саатуулдаг нэг арга нь, ээжийгээ хоол хийж байх хооронд, түр гарсан хооронд гээд л харна. Бие биендээ тунирхах, аашлах гээд л зөндөө юм болоод байдын. Хоол хийж байхад нэг чарлаад л нэг инээгээд байгаа нь сонсогдоод хайр хүргээд байдаг юм 2 хөөрхөн зулзага минь.






Monday, November 12, 2012

Баярлалаа

Том зулзагын сургуулийн энэ удаагийн нээлттэй хичээл нь ёс суртахууны тухай байлаа. "Дотно үг" гэсэн гарчигтай бяцхан өгүүллэг уншаад, тэр талаараа ярилцсан. Ямар ч жижиг зүйл байсан хүнд баярлалаа гэж хэлж байх. Харилцагч хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх. Хэрэв чамд найз чинь ч юм уу хэн нэгэн баярлалаа гэж хэлээгүй бол чамд ямар санагдах уу гэж ирээд л хоорондоо ярилцаад, сэтгэгдлээ бичээд багшдаа хураалгаж байсан.

40 минутын нээлттэй хичээл дуусахаар эцэг эхчүүдэд зориулсан яриа байдаг юм. Нэгэн сэдэв сонгоод тэр чиглэлээр нь мэргэжлийн хүн урьж яриа хийлгэдэг. Би ажилтай байсан тул сонсож амжаагүй. Харин сүүлийн 30 минутанд анги ангид нь эцэг эхийн хурал шиг юм болдог, түүнд жаахан хоцрос гээд ирж оролцлоо.

Ээжүүд л ирсэн байсан, аавууд мэдээж ажилтай...
Хүүхдэдээ баярлалаа гэж хэлдэг үү? би хааяа л хэлдэг, би бол барагтай л бол хэлдэггүй, би ёс болгож л хэлдэг сэтгэлээсээ биш юм байна аа , би ч гэрийн ажилдаа түүртээд бас тэр бүр хэлдэггүй, хүүхэд юм чинь ээж аавдаа туслах л ёстой гэж ханддаг.
гэж ээжүүд дор бүрнээ хэлнэ лээ. Миний ээлж болоход хааяа л хэлдэг гэж үнэнээ  хэллээ. Угаасаа монгол сэтгэхүйгээр бол хүүхдүүд ээж аавдаа туслах нь зүйн хэрэг гэж би бодож ирсэн юм чинь.
Тэгсэн үгүй гэнэ ээ. Чамаас баярлалаа гэдэг үг сонсож байж эргээд хүүхэд чинь хүнд баярлалаа гэж хэлж  сурна гэнэ шүү. Хүүхдийнхээ яриаг анхааралтай сайн сонсож бай, эгц нүүр лүү нь харж байгаад. Хааяа элгэндээ чанга тэврээд баярлалаа гэж байх хэрэгтэй гэнэ.
Бидний монголчууд багаасаа баярлалаа гэдэг үгийг цөөн сонсож, хэлж ирсэн болохороо бие биендээ баярлалаа гэж хэлэхээсээ ичээд, санаа зовоод, харамлаад байдаг байх аа.

Ингээд миний блогоор ирж шагайдаг та бүхэндээ их баярлалаа.
Би нь нэг ном уншиж байгаа. Ээжүүдийн "үглээ"-ний тухай. Их сонирхолтой санагдаад байгаа, удахгүй хальт орууламз...


Monday, November 05, 2012

Гао тосгон гүрү гүрү

гэдэг ном. Уг нь нэлээд дээхэн уншсан юм. Ядаж зургийг нь оруулчихъя гэж бодсон боловч жаахан ч гэсэн тодотгол хийвэл дараа нь юуны тухай гардгийг нь санах байх гэж бодоод.
 Манга буюу комик хэлбэрээр бичигдсэн.

Гао тосгон нь Ветьнамдаа хамгийн ядуу тосгон бөгөөд хүүхдүүд нь их хол сургуульд явна. 2500 хүн амтай. Бороо их ордог. Газар тариалан эрхлэх боломж ховор. Бэлэн мөнгөний орлого байхгүй. Уулархаг газар бусад тосгон дахь сургууль руу нь их бэрхшээлтэй.
Гао тосгонд сургууль барих төслийн явцад гарсан бэрхшээлтэй болон хөгжилтэй
тохиолдлуудыг тэмдэглэсэн ном.
Дүүгээ үүрээд сургуульдаа явах охидууд. Сургуульд явдаг болсноор бага багаар инээмсэглэдэг болсон жаалхүү. 
Хамгийн гол нь сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн хүүхдүүд.
Мөн амьдралынх нь өдөр тутмын хэв маягт жаахан л өөрчлөлт оруулчихвал их олон зүйл зөв гольдролдоо орчихоор.
Ногоо иддэг болох, гараа угаадаг болох гээд л...

Жич: гүрү гүрү гэдэг нь эргэлдэхийг хэлж байгаам.

Sunday, November 04, 2012

Монгол улс хэзээ хөгжих вэ?

Ойрд яриагүй шавьтайгаа скайпаар ярилаа.
Монгол дахь ажил амьдралых нь талаарх гомдол саналыг нь сонсож өглөө.

Шулуухан хэлчихэж байна өө.

1. Цаг барихгүй юм аа. 30 минутаас эхлээд 3 цаг хоцордог хүн байдаг. Ядаж утсаар нөхцөл байдлаа утасдаад хэлчихдэггүй. Таг болчихдог гэнэ. Манай шавь хүлээгээд л суудаг гэнэ. Хамаг ажлаа алдаад л...

2.  Даргатайгаа бас жаахан тиймхэн харьцаатай байгаа. Дарга нь бас л ааштай юм байх аа.

3. Алба юм шиг ханддаг. Ямарваа нэг юм гуйчихаад баярлалаа гэж хэлж мэддэггүй. Албатай юм шиг л ханддаг. Манай японд бол жоохон ч юм гуйсан дараагаар нь заавал тэр тухайгаа хэлж баярласан талархсанаа илэрхийлдэг. Чи мэдэж байгаа биз дээ? гэсэн. Тийм ээ тийм.

 Монголчууд цаг бариад сурчихвал хурдан хөгжинө шүү гэнэ ээ, элэг нэгтнүүд минь ээ.

Би ч хааяа хугацаандаа очиж амждаггүй юм өө, гэхдээ ингээд тэгээд хоцорно гээд хэлчихдэг шүү ккк





Sunday, October 28, 2012

Миний аялалд гарсан шалтгаан

гэдэг ном уншаад. Өөр өөрсдийн гэсэн олон шалтгаанаар аялалд гарч өөрийгөө сорьсон  оюутан залуусын тэмдэглэл. Сүүлийн үед япон залуусыг гадагшаа гарахгүй байна, хэт дотооддоо бүгээд байна гэдэг шүүмжлэл сонсогдоод байдаг болсон.

Шалтгаанаас нь ганц нэгийг дурдвал
1. Өөрийгөө нээх
2. Өөрийнхөө юу хийж чаддагийг   мэдэх
3. Хөгжиж буй орны хүмүүст туслах
4. Нэг л хэвийн амьдралаа өөрчлөх
5. Гэрээсээ хол хаа нэгтээ очиж амьдармаар санагдаад
6. Эцсийн эцэст өөрийнхөө юу хийх гээд хүсээд байгаагаа мэдэхээ болчихоод
7. Ажилд орж нийгмийн хүн болоод завгүй болохоосоо өмнө амжуулах санаатай
8. Хэн ч таниж мэдэхгүй газарт очиж өөрийгөө соримоор санагдаад
9. Мундаг хүн болж харагдах гээд
10. Хүмүүний амьдралаас бага зэрэг амралт авмаар санагдаад
гэх мэт олон шалтгаан байсан.
Тэд ихэвчлэн оюутнууд. Хичээлээсээ чөлөө аваад л ажил хийж мөнгөө цуглуулж байгаад л аялалдаа гарна.

Тэдний хувьд аялалынх нь үр дүн юу байв гэвэл:
1. Өөрийнхөө өдөр тутмын амьдралын хэв маягийг сэтгэл хангалуунаар бодох болсон.
2.  Хүмүүний амьдралыг өөдрөг хөгжилтэйгөөр өнгөрөөхгүй бол алдас болно гэдгийг ухаарсан.
3. Өөрийн жинхэнэ дотоод сэтгэл нээгдсэн.
4. Оюутан гэдэг цаг үеийн асар их боломжийг мэдэрсэн.
5. Өөрийн амьдрахыг хүсч буй газраа олсон.
6. Цэвдэг хүйтэн сэтгэл бага зэрэг хайлсан.
7. Өөрийн хийж чадах зүйл, чадахгүй зүйлээ мэдэж авсан.
8. Мөрөөдлийнхөө тэг дунд инээмсэглээд зогсож байх юмсан гэж сэтгэлийнхээ угаас бодсон.
9. Миний мөрөөдөл гээд нүүр бардмаар хэлж чадах мөрөөдөлтэй болсон
10.  Өөрийн хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэхээр шийдсэн.
гэх мэт.
Өөрсдийн өсөж торнисон Япон орноос нь тэс ондоо нийгэм, асар хүнд бэрхшээл зовлонтой хүмүүстэй нүүр тулахдаа тэд өөрсдөөсөө ичнэ. Өнөөдрийг хүртэл чамлалттай уйтгартай санагддаг байсан амьдрал нь аз жаргалаар дүүрэн байсан гэдгийг мэдэрнэ.
Нэгэн жишээ: Африкийн нэгэн орны залуугийн мөрөөдөл нь дээврээс нь дусаал гоождоггүй байшинд амьдрах. Гэтэд бидний...
Нэгэн тэмдэглэлд: Судлаж үзэх тусам дэлхийн өнцөг булан бүрт зүтгэж хичээж буй хүн маш олноороо орших юм. Би хажууд нь бол юу ч биш...

гээд л ёстой үнэн, азтай хүн шүү би гэж бодогдуулсан зүйлс ихтэй байлаа.

Monday, October 22, 2012

Ой 6 сар

-ын үзлэг гэж болдог юм, энд. Бичгээр сарын өмнө мэдэгдэнэ. Тэдний тэдэн цагт ирээрэй. Хүүхдийн эрүүл мэндийн байдлын талаарх бөглөх маягт, үзлэгийн тасалбар, юу юу авч ирэх зэрэг зүйлс бүхий дугтуйтай бичиг ирнэ.
За тэгээд заасан өдөр нь үдээс хойш чөлөө аваад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад очлоо. Үе тэнгийн жаахан юмнууд цуглачихаж. Уйлах нь уйлаад л, инээх нь инээгээд л, тоглох нь тоглоод л. Ихэвчлэн ээжүүд л харагдана лээ. Ганц нэг аав байх нь байсан шүү. Гэхдээ тэдний хүүхэдтэйгээ тоглож байгаа энэ тэр нь цаанаа л нэг эв хавгүй шүү. Ккк

Үүдэнд бүртгүүлээд цаашаа орно, ээлжээ хүлээгээд л сууна. Хаа очиж нэг авууштай зүйл нь энд тэнд ингээд хүлээх зуур хүүхдийн зурагт ном ихтэй байдаг юм. Зулзага минь байсгээд л нэг ном барьж ирээд ээжийг чангалаад байсан болохоос.
Гэхдээ ээж мэдээж зүгээр нэг умшихгүй ээ, аль болох нэг шинэ үг ч юм уу хэллэг цээжлэхийг бодноо. Нэг зөвлөгөө өгөхөд ийм хүүхдийн зурагт ном маш сайн хичээл болдог юм билээ шүү. Япон хэл сурах гэж буй хүмүүс ээ. Англи хэл сурахдаа энэ аргаа хэрэглэнэ гээд л худлаа яриад яваагаас биш би нь...

Энэ удаагийн үзлэгээр хүүхдийн ерөнхий хөгжлийг шалгаж байсан. Ойр зуурын үг хэлж байна уу? Хуруугаараа янз бүрийн юм зааж байна уу?  Хүүхэд асрах явцад чинь ямар нэгэн бэрхшээл тулгарч байна уу? Хүүхэд өсгөх нь хэцүү санагдаж байна уу? гэж асууж байсан. Бас шүдний байрлал, хугацаандаа ургаж байна уу гэсэн үзлэг голлосон.  Зулзага хүүхдийн эмч, шүдний эмчийг хараад л чарласан, бусдаар бол ч дажгүй л байсан. Шүдийг нь хэрхэн угаах тал дээр зөвлөлгөө өгөөд, хүүхэд бүрт зураг дээрх шиг шинэ сойз нэг нэгийг өгсөн. Бас баахан цааснууд. Дараа зав гарахаараа гүйлгэж харна гэд далд хийчихсэн байгаа ккк. Хоол идсэний дараа заавал угаах ёстойм гэсэн. Гэхдээ одоохондоо жаахан болохоор тэр бүр угааж чадахгүй байгөө. Зугатааж гүйгээд, өөрөө угааж байна гээд худлаа л амандаа зуугаад гүйгээд байна хэхэ.
Мөн хооллолтын талаарх багахаан зөвлөгөө авсан. Учир нь хоол идэх гэж бөөн юм болдог юм. Тэгсэн өдий насны хүүхэд угаасаа бүтэн сууж хооллоно гэж байдаггүй гэнэ. Ийш тийш хөдөлж хооллодог гэнэ. Тийм болохоор нэг их шахаж шаардаад байх хэрэггүй гэнэ ээ.  Бас хоолноос гадна бага сага идэх юм өгөхөөр бол чанасан өндөг ч юм уу, жигнэсэн амтат төмс ч юм уу, банана ч юм уу өгөх нь зүйтэй гэсэн. Хоол бага идсэн гэсэн үед нь аль болох тэжээллэг зүйлс өг гэсэн. Чихэр жимс, ундаа зэргийг аль болох бага өг гэсэн. Хоол хийх аргачлалтай цаас байсан байх шүү нээрээ. Дараа завтай өдрөө хийнэ ээ ккк.
За нэг иймэрхүү.

Монголын олон үрс эрүүл энх өсч бойжих болтугай.

Thursday, October 18, 2012

Дуулах дуртай

байна гэж бага зулзага. Толгойгоо хоёр тийш нь ганхуулаад, биеэ займчаад л бүжиглэнэ шүү дээ. Эдний ганц нэг хүүхдийн дуу оруулж байна аа хойшид.
Гар хуруугаараа тоглож дуулсан дуу их байдаг юм энд. Ээжүүд нь дуулаад л хүүхэдтэйгээ тоглож өгнө шүү дээ. Би болон том зулзага дүүдээ дуулж өгнөө бас. Ээж таг солгой гэхдээ кккк

Hello fox

Амласан ёсоороо үнэг нугалах тайлбарыг орууллаа. Жаахан удаасанд уучлаарай. Нэг цаас бариад суухаар л бага зулзага ирээд үрчийлгэж хаяад л... Ерөөсөө хийлгэдэггүй ээ. Номноос нь орууллаа шүү.  Та бүхэн ч гэсэн энд тэнд явж байхдаа энэ үнэгийг хийж уур амьсгалыг хөгжөөнтэй болгоорой. Энэ үнэг бол дэлхийн олон оронд сэтгэлээр унасан, эд эрхтэнээр хохирсон хүүхдүүдэд инээмсэглэл, итгэл бэлэглэсэн ачтан шүү. Та бүхэнд ч бас ач тусаа өгөх болтугай гэж ерөөе.
 Бас энэ зураг шиг нүд, хамар, сахал, хөл зэргийг зурчихвал бүр хөөрхөн байгаа биз, яг л зальтай гэгч нь инээж байгаа үнэг. Касэ гуай үнэгээ Hello fox гэж нэрлэсэн байгаа юм.

Цаасан нугалбараар нэг шинэ зүйл хийж сурсандаа их баяртай байгаа. Хайртай ээждээ зааж өгнө өө. Ээж минь багш нарт хичээл заадаг юм. Хааяа эцэг эхчүүдэд заадаг гэсэн.

Касэ гуай таны бүтээл, нөр их хөдөлмөр монголын хүүхдүүдэд ч мөн адил инээмсэглэл бэлэглэнэ гэдэг итгэл төгс байна...

Wednesday, October 17, 2012

Зарах юм сан

гэж бичиж байсныг минь санаж байгаа байх аа. Хэхэ
Нэг ийм юм хийгээд л зарж утасныхаа мөнгийг ч болтугай олдог бол гэж өөртэйгө ө ярьдаг юм.

Энэ бол удахгүй болох крисмас, шинэ жил гээд олон арга хэмжээнүүдэд таньдаг хүмүүсийнхээ хүүхдүүдэд бэлэглэхээр бэлдэж байгаа бэлэг. Охинтой хүн чинь найзууд нь мэдээж охидууд. Эртнээс бэлдэж байна уу? Өөрөө хийсэн гэдэгтээ урамтай байдаг юм.

Том зулзагат бараг өнгө бүрээс нь бий. Эхлээд охиндоо нэхэж өгвөл гоё шдээ ээжээ гэж намайгаа хошгоруулж байгаад л авчихна өө.Бага нь одоохондоо юм мэдэхгүй болохоороо нэхэж мэдэхгүй л байна. Тун удахгүй 2-ыг л хийхгүй бол болохгүй байх даа.

Урт резин аваад 8 см орчим урттайгаар хайчлаад холбож оёно. Тэгээд түүнийгээ тойруулаад хүссэн утсаараа нэхнэ. Бүдүүн зүүгээр нэхвэл зүгээр. Би 6 номерын зүүгээр нэхсэн юм байна. 7, 8 номерын зүү ч байсан болно.

Эрэгтэй хүүхдэд юу хийж өгч болох вэ хүмүүсээ? Бодоод олохгүй байна аа. Ядаж байхад тэд чинь охидууд шиг жижиг хөөрхөн юманд дурладаггүй ч хэлэх үү.  Оймсоо л нэхэж өгөхөөс, үсний боолтыг бодвол цаг их зардаг болохоос ккк.


Monday, October 15, 2012

Жаахан таагүй

Жаахнаар барахгүй таагүй л дээ. Судлаач оюутан гээд нэг хүүхэн байдаг юм. Сургуультайгаа хэл амаа ололцохгүй байгаа сураг дуулддаг л даа. За тэр ч яахав хувь хүний асуудал.

Тэгсэн хамгийн тэнэг нь манай ажлынхан жиг жуг гэж байна аа. Чих тавиад байхнээ өнөөх гайхал чинь идсэн банана-гийнхаа хальсыг цонхоороо гаргаад чулуудчихдаг гэнэ ээ. Ер нь л хогоо цонхоороо чулуудаад байдаг гэж байна шүү. Доод айл нь дээрээс байнга хог унаж ирээд байдаг гэж гомдол мэдүүлсэн байгаам. Тэгсэн ажлын нэг хүүхэн монголд энэ хэвийн үзэгдэл юм биш үү гэж авдаг байна шд.

Юу яринам бэ? Юу гэж хэвийн үзэгдэл байх юм бэ? Хогийн савандаа л хаядаг шдэ гээд би элэг нэгтнүүдийгээ өмөөрнө биз дээ.

Өмнөх бичлэгүүдэд бичиж байсан даа төмөр замын тэддүгээр байрны хүмүүс хогоо цонхоороо хээв нэг гаргаад чулуудчихдаг гэж танилын ярьсан санаанд ороод. Би байрных нь дугаарыг мэдэхгүй байна л даа, мэддэг бол энд бичихгүй юу. Юмыг яаж мэдэхэв тэнд оршин суугч хэн нэгэн блог хөтөлдөг, уншдаг ч юм билүү. Доор нь хувийн юм ажиллуулдаг найз минь худалч хүнд өдөрт нэг шуудай хог түүдэг  гэж байсан юм. Үндсэн ажлынхаа хажуугаар ойр орчноо цэвэрлэхгүй бол үйлчлүүлэгчид минь зугатаана шдээ гээд толгой сэгсэрцэн сууж байсан шдэ. Ёооё, хэлэх үг олдоогүй шд, тэгсэн тийм хүмүүсийх нь нэг хаяанд явж л байдаг уур хүрсэн гэж.


Энэ хогоо гаргаад чулуудчихдаг хүмүүсийг байраар нь олон нийтэд зарлаж анхааруулга өгмөөр юм аа.

Sunday, October 14, 2012

Алим хураагаад

Сая хага сайн өдөр. Цэцэрлэгт жилдээ зохиогддог арга хэмжээний нь нэг. Том зулзагыг цэцэрлэгт байхад аав нь цугтаа явж байсан юм. Энэ удаад 3 бүсгүй хамтдаа явсан.

Оролцох хүсэлтэйг нь хэдэн өдрийн өмнөөс бичгээр асуугаад бүртгэчихнэ. Хэн хэнтэйгээ явахаа хэлнэ. Цэцэрлэгээс нь том оврын автобус хөлслөөд бөөнөөрөө  явна. Унааныхаа мөнгийг урьдчилаад төлнө.  Үүнд том хүн, бага сургуулийн хүүхэд ах эгч нь цуг явах тохиолдолд, тэгээд тухайн хүүхдийн гэсэн ангиллаар унааны мөнгө  нь өөр өөр үнэтэй байсан. 30-аад минут яваад алимныхаа талбайдаа ирэв.

Тухайн хоршооны хүн гээд настайвтар хүн гарч ирэн тариалсан алимныхаа сортыг, хэрхэн хураах талаар, мөн айл бүрт нэг нэг шар хувин өгөөд идсэн алимныхаа хальс, ясыг хийгээрэй гэж бариулаад, хэрэв худалдаж авахаар бол 1 кг нь 350 иен шүү гэх мэтээр бяцхан тайлбар хийсэн.

Харин идэхэд үнэгүй, цэцэрлэгээс нь мэдээж тодорхой хэмжээний төлбөр хийсэн байдаг байх. Үнэгүй юманд нугасгүйн болохоороо тэр талаар нарийн ширийнийг нь асуугаагүй. Хи хи.

Бага зулзага бол их идэж шалихгүй, шалихгүй ч гэж дээ, нэг алимны ч цаана гарахгүй. Хэд хазаад л болоо. Том зулзага болохоор нэгийг л идсэн. Ээж бол гүрийж байж 2-ыг идсэн. Учир нь их том алим, бас нээх ихийг идчих юм шиг санагдаад байгаа хэрнээ чаддаггүй шдээ тээ. Шүүслэг сайхан алим байсан. Шуналтаад 4 кг-ыг худалдаж авсан. Шуналтайгүйм байна аа, том зулзага хураасныг л авсан юм байна. Хи хи.

Tuesday, October 09, 2012

Оригами

Мэдээж их бага хэмжээгээр та бүхэн оригами хийж үзсэн биз ээ. Би ч бас нугалж үзсэн, хөөрхөн байдаг юм. Хамгийн сайн чаддаг нь тогоруу, нинжаны од. Хэхэ

Энэ удаад та бүхэндээ уншиж эхлээд дор нь дуусчихсан нэг номныхоо баатрыг танилцуулах гээд. Том үсгээр бичигдсэн, ханзны нь дуудлага нь бичээстэй тул уншихад амар байсан. Ном уншихаар их олон юм бодогдоод байдаг болчихож. Нас ахиж байгаагийх уу? Ккк

Ямар ч л байсан юмыг жаахан гэж голохгүй сурах л хэрэгтэй байдаг юм байна даа. Би бас оригамиг сайн хийж сурнаа. Хараагүй хүн хийгээд, бүр дэлхий тойрч түүнийгээ заагаад явж байхад. Тийм үү?
За гол баатар Касэ төрөлхийн харааны гажигтэй төрж. Бага сургуулийн 5 дугаар ангидаа хорвоог харахаа больж. Гэсэн ч ээж, эргэн тойрныхоо туслалцаатайгаар бага сургуулиа онц сайн төгсөнө. Дунд сургууль нь хараагүй хүмүүсийн сургууль. Массажистын мэргэжил эзэмшинэ. 13 настай байхад нь дэлхийн 2-р дайн эхлэнэ.  Азаар ээжтэйгээ амьд гарна.

Массажистаар ажиллан ээждээ тус нэмэр болно. Ингэх явцдаа яагаад ч юм ямар нэг шинэ юм эхлэмээр санагдаад болихоо байна. Эцэс сүүлд нь оригамитай учирна. Мэргэжлийн багшид очин заалгах хүсэлтэйгээ хэлэхэд хараагүй хүнд зааж чадахгүй гэдэг хариу сонсоно. Гэсэн ч бууж өгөлгүй өөрөө сурахаар ном хайна. Даан ч хараагүй хүнд зориулсан оригами-ны ном олдохгүй. Оригами хийдэг хүмүүсийн цуглаанд явна. Гэсэн ч нээх үр дүн өгөхгүй. Ойр хавийнхаа гудамжинд тоглох хүүхдүүдэд өөрийн нугалсан оригамигаа үзүүлж тэдний цагаахан сэтгэгдлийг сонсоно. Хүүхдүүд томчуудаас өөр байгаа үнэнийг байгаа чигээр нь хэлнэ. Мэдээж их олон жилийн хичээл зүтгэл шаардагдсан. Нэг нугалаад болохгүй бол цаасаа базаж хаяна. Учир нь нэг нугалчихсан цаас өөр зүйл хийх гэхээр түрүүнд нугалсан нугалаасаараа хар аяндаа нугаларчихаад санасан бүтээл нь гарч ирэхгүй. Тийм учраас нэг нугалаад л алдсан тохиолдолд цаасаа хаядаг байсан гэнэ.

Энэ үед нь амрик ветьнамын дайн дуусч ветьнамаас олон дүрвэгчид японд түр оршин суухаар ирнэ. Тэд америк болон канадад цагаачлах эрхээ хүлээн буй улсууд. Тэдгээр дотор хүүхдүүд ч олноороо. Хойшид хамтран дэлхийн олон орныг хамтдаа туулах зурагчинтайгаа танилцаж зурагчныхаа хүсэлтээр ветьнам хүүхдүүдэд оригамигаа заана. Хүүхдүүдийн хөгжилтэй хөөртэй дуу хоолойг сонсоод гол баатар минь хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрнэ.

1981 оныг дэлхий нийтээр НҮБ-н Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн жил болгон зарлана. Дэлхийн өнцөг булан дахь хөгжлийн бэрхшээлтэй улсууд нийгэмд идэвхитэй оролцон аз жаргалтай амьдраасай гэсэн хүслээр бялхсан олон төрлийн арга хэмжээ Нью-Иорк-д болно. Тэрхүү арга хэмжээнд 56 насандаа япон улсыг төлөөлж гол баатар Касэ маань сонгогдоно. Энэ завшааныг ашиглан америкыг хөндлөн гулд аялах саналыг зурагчиндаа тавина. Ингэж энэ хоёрын дэлхийг тойрох гараа эхлэнэ.

Нийтдээ 49 орноор аялна. Ихэвчлэн буурай хөгжилтэй, дотроо самуунтай, дайны хөлд сэтгэл санааны болон эд эрхтнээрээ золиолслогдсон хүүхдүүдэд бага ч болтугай сэтгэлийн дэм өгөх зорилготойгоор өөрийн биеийг үл хайхран өнгө өнгийн оригами цаастай үүргэвчээ үүрээд л алхана. Энх тайвныг дэлхийн олон хүнд өөрийн гэсэн өвөрмөц бүтээл болох оригамигаараа сурталчилсан буянтай хүн өдгөө тэнгэрээс эх дэлхийгээ хараад л сууж байгаа гэнэ. 

Оригами-н нугалдаг аргатай хөөрхөн ном охиндоо авч өгөөд нэг их сөхөж харахгүй л байгаа. Том зулзага хааяа өнгийн цаасаар юм хийж харагддаг юм. Удахгүй бага зулзага уран бүтээл туурвиад эхлэх байх даа, цэцэрлэгт нь заах байх.

Та бүхэн ч гэсэн юмыг бага, хэрэг болох нь юу л бол гэж бодолгүй суралцаарай... Би нь бас суралцанаа, охидуудаа ч сургахыг бодноо...

Жич: Номын хажууд байгаа оригамиг би хийсэн болно. Бор өнгөтэй амьтан бол үнэг бөгөөд Касэ гуайн бүтээлүүд дотроос хамгийн их үүрэг гүйцэтгэсэн бүтээл. Хийх аргыг нь дараагийн бичлэгээр танилцуулнаа.  Их амархан...

Friday, October 05, 2012

Мэлхийний дуу

Нэг ийм дуу манай гэрээр нэг хангинадаг болоод байна. Ангийх нь хүүхдүүд ч дуулах дуртай гэсэн. Бага зулзага ч мундаг дуучин болох шинжтэй ккк

Thursday, October 04, 2012

5 иен болчихож

Худалдаа хийгээд гялгар уутанд хийлгэх бол 5 иен төлдөг болсон байна. Тороо таг мартаад, танд уут хэрэгтэй юу? гэхээр нь юу билээ л гэж  бодлоо.Тэгсэн ганц нэг дэлгүүр биш нэлээд өргөн хүрээг хамарчихаж.

Их сайн л даа, байгаль орчинд ээлтэй. Уг нь япон хүмүүс ном их уншдаг, дээрээс нь энд тэндгүй л эко гээд л яриад байдаг юм. Тэгсэн хэрнээ л гялгар уутнаас татгалздаг болгоход ихээхэн хугацаа шаардаад байгаам. Ямар сайндаа л уутаа үнэтэй болгож байхав. Тэгвэл хүмүүс мөнгөө хэмнээд өөрсдөө тортойгоо ирдэг болох нь ихсэнэ гэж үзсэнийх.

Монголд ч гэсэн үнэтэй байсан л даа, тэр шар уут. Гэхдээ манайхан тоохгүй үнэтэй уут аваад л байдаг юм билээ. Хамгийн зэвүүн нь тэр байгальд хортой тороо гадныхны нүдээ унагаж, бидэнд ийм сайхан тал нутаг байдаг ч болоосой гэсэн үзэсгэлэнт сайхан талдаа хээв нэг хаячихсан байдаг нь. Өргөн уудам тал нутгийнхаа зургийг дарнаа гээд л харахад энд тэнд шар уут хийсээд уур хүргээд байдаг юм. Би бүр нэлээд хэдэн уут түүж л байлаа тээр жил.

Блог уншигчдаа гялгар уутнаас татгалзах цаг хэдийн болжээ. Би тороо мартахгүйг хичээнэ ээ, мөнгөө хэмнэнэ ээ ккк

Сарлаг бичлэгтээ бичихээ мартсан нэг үг: "Хүн нэг бүрийн жижиг гэлтгүй сайн үйл нь улмаар дэлхийг аварна аа" гэсэн үг байсан юм. Тэхээр бидний эх дэлхийгээ хайрлаж буй энэхүү жижиг үйлдэл минь их буянтай бөгөөд буян нь үр хойчид минь ирнэ шүү...

Wednesday, October 03, 2012

Baby I Love You

Хааяа нэг TV үзэхээр л энэ хүүхэн гараад байгаам. Малайз хүүхэн юм гэсэн. Залууг нь сайн мэдэхгүй байна өө. Бодвол алдартай л байх.

Сарлаг

Яг хэд дүгээр ангид байснаа санадаггүй юм. Жаахан л байсан. Цаг сайхан байсан үе. Нэг зуны амралтаараа бид Баянхонгор явж амарсан юм. Тэгэхэд сарлагийн сүү уугаад л, ааруул цагаан идээ идээд л хөгжилтэй байж дээ... Үхрийг бодвол үс ноос ихтэй амьтан юм даа гэж бодон тоодоггүй байж. Одооч тэр бүр сайн мэдэхгүй. Яахав энд ганц нэг хүн асуувал монголд байдаг ш дээ, сүү нь үхрийхийг бодвол өтгөн гээд нээх мэддэг хүн шиг залж л орхидог. Үс ноосыг нь ашигладаг эсэхийг ч мэддэггүй явж.

Харин сая 9 сард уншиж дууссан "Дэлхийг өөрчлөх ажил" гэдэг нэртэй номонд сарлаг гараад.Сарлагийн хөөвөр нь торгомсог зөөлөн байдаг гэнэ. Ноолууртай дүйхүүц гэнэ бүр. Дэлхийн зах зээлд маш цөөн тооны оролцоотой байдаг, тэр бүр хүмүүс мэддэггүй юм байна. Түүнийг дэлхийд таниулж бранд болгож буй 2 хүүхний тухай. Marie So, Cgrol Chyau нар тус бүрдээ бололцоотой гэр бүлд өсөж торнисон. Багаасаа зовж зүдэрч буй хүн тааралдвал яаж ийгээд туслахыг хичээдэг байсан. Нийгмийн төлөө ямар нэгэн юм хийж, ядуу хоосны ялгааг арилгах гэсэн чин эрмэлзлэлтэйгээр ямар ч байсан өөрсдийгөө боловсруулах ёстой гэсэн хүслээр Харвардын Кеннеди сургуульд ирцгээж  сэтгэл зүрхээрээ бие биенийгээ  олно. Хэтийн зорилгоо ярилцан хамтран ажиллах болно. Хамтдаа Төвдөд очно. Олон бэрхшээлтэй тулгарна. Тэр бүхнийг даван туулна. Олон хүмүүстэй танилцан туслалцаа авна. Орлого багатай олон хүмүүсийг амьдрах итгэлтэй болгоно. Үүнд эмэгтэйчүүд их хамрагдана. Эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж мэддэггүй, эмэгтэйчүүд нь ч өөрсдөө идэвхигүй байдаг зэрэг нийгмийн гаж үзэгдлийг бага багаар өөрчилж буй тухай гарна. Мөн сарлагаар дамжуулж сарлагныхаа сүүг зарж борлуулах, үс ноосыг нь хямд үнээр борлуулахаас өөр бэлэн мөнгөний орлогогүй малчдаас шууд гар дээрээс нь түүхий эдийг нь худалдаж авна, ажилгүй эмэгтэйчүүдийг нэхмэлчнээр ажиллуулна гэх мэтээр зөв худалдааг эрхэмлэсэн бранд бүтээгдэхүүний эзэд. Дөнгөж 30 хүрч яваа энэ 2 хүүхэн үнэхээр бахархмаар юм аа. 

Номын бусдад уриа болгосон нэг зүйл нь: хийх юмсан, бүтээх юмсан, туслах юмсан гэсэн чин эрмэлзлэлтэй байх нь юу юунаас чухалаа гэж.Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх. Алдсан ч хамаагүй.

SHOKAY гээд хайгаад үзэхээр сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн зэрэг зүйлсийн танилцуулга байна лээ. Их үнэтэй зарагддаг юм шиг байна. Загвар ч сайтай юм. Худалдаж авч үздэг юм бил үү гэж бодлоо. Хэр зөөлөнг нь шалгах гэж хэхэ. Учир нь санаачлагчид нь бүтээгдэхүүнийхээ чанар болон загварт их итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байсан.

Өө тийм, монголынхоо сарлагийн тухай олж мэдэхийг хүслээ. Тэгж байгаад интернетээс хайя. Ном сэтгүүл олъё. Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй.  Ямар ч байсан Монгол сарлаг гэдэг нийгэмлэг байдаг юм байна. Хөөврийг нь хэрхэн ашигладаг, сүүгээр нь ямар бүтээгдэхүүн хийдгийг нь олж мэдэх...


Tuesday, October 02, 2012

Тэдний бодол

Уг нь бол 8 сард умшиж дууссан ном. "Гадаад оюутнуудад тохиолдсон соёлын шок" гэдэг нэртэй ном. Японд сурдаг гадаад оюутнуудаас, хүмүүсээс авсан асуулт. Тэд өөрсдөдөө учирсан сайн болон саар дурсамжуудаа өөр өөрсдийнхөө ойлгосноор хариулсан байна билээ. Богино хугацаагаар ирсэн ихэнх хүнд бол диваажингийн орон, удаан хугацаагаар ирсэн зарим нэг хүнд бол соёлтой шорон шиг санагддаг орон шүү дээ энэ Япон улс чинь ккк. Ийм ч юм болохгүй, тийм ч юм болохгүй гэдэг юм. Дасаад ирэхээрээ эсрэгээрээ. Монгол хэт хамаагүй задгай юм шиг санагданаа. Ер нь гадны нүдээр, арай өөр өнцгөөс өөрсдийгөө харах хэрэгтэй юм шиг байна лээ. Сайн муу нь ялгарч харагдаад. Энд тэнд явж байхад олон хүн асууна өө, япон орон ямар санагдаж байна гээд л. Би ч өөрөө монгол явсан хүмүүсээс сэтгэгдлийг нь асууна. Таатай зүйл ч сонсоно, таагүй зүйл ч сонсоно. Биднийг ингэж хардаг байх нээ гэж толгой дохин сонсохын сацуу, та буруу ойлгосон байна гээд өмөөрмөөр ч болно...

Monday, October 01, 2012

Ширээний

номоо болгомоор сайхан ном. Сая монголоос авч ирсэн юм. Уншиж дуусаад ээж аав 2-ыгоо авч унш гэж зарлигдаад, тэр 2 минь уншиж дуусаад бэр, дүү 2-ийг минь унш гэж зарлигдаад. Гэрийнхэн минь Оюунгэрэл-р амьсгалав. Энгийн хэрнээ бид тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй зүйлсийг бичсэн байсан. Таньдаг бүх хүмүүстээ авч уншаарай гэж түгээж байгаа. Уншаагүй хүмүүс байвал уншаарай, заавал нэгийг бодно гэж бодож байна.

Уг номон дээр даавуун торны чухлыг өгүүлсэн байдаг юм. Мөн манай энд нэлээд хэдэн дэлгүүрүүд гялгар уутан тороо 10 сарын 1-нээс үнэтэй болгоно. Даавуун тороо хааяа мартчихаад байдаг хүн одоо яана аа.
 
Би нээрээ монголд Номин их дэлгүүрийн 5 давхарт юм үзэж яваад ээжийнхээ даавуун торыг өөрийнхөө хөөрхөн ягаан даавуун тортой гээчихсэн. Хаана тавиад мартчихав гээд зөндөө хайсан олдоогүй ээ. Ээждээ даавуун торны өртэй болсон, нэхэгдээд л байгаа ккк.

Мэдээж ганцхан зүйлийн тухай гарахгүй, их олон зүйл бий.  
Бусад номуудыг нь олж гэрийнхээ номын санг чимнээ. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сайд болсонтой нь холбоотой их олон газар муулсан байна лээ. Ихэвчлэн хувийнх нь асуудлаар шүү. Больмоор дөө, цөөхүүлээ юм байж. Би ч тоохгүй байгөө. хэхэ. Хийж байгаа нэгийгээ бага шиг л оролдоосой гэж бодож байна өө...

Friday, September 28, 2012

Зав

муутай байлаа 9 сард. Ажлууд ундрахаараа заавал нэг дор  давхцах юм даа гэж. Хийх, сурах юм их байдаг, нэлээд хэдэн БИ хэрэгтэй байлаа. Бүтэхгүй ч мөрөөдөл бол доо, аргаа бараад л ингэж мөрөөдөв.

Бас нэг япон эмгэн зэвүү дургүй 2-ыг минь зэрэг хөдөлгөж, би түүнд уурласан уураа нэг орой гэртээ гаргав. Сүүлд бодоод байсан миний буруу бас байна л даа. Дахин энэ алдаагаа давтахгүй юм шүү. Бүхэл бүтэн улс юм хойно зэвүү дургүй хүргэсэн улсууд бас байх юм даа гэж. 

.
  Бага минь 2 дахь жилдээ цэцэрлэгийнхээ биеийн тамирын өдөрлөгт оролцоод. Хөөрхөн тоглоомоор шагнуулав.



 
 Усан үзэм боловсордог сар. Хэдэн өдөр баруун солгойгүй усан үзэм идэв. Хамгийн эгдүүтэй нь бага зулзага сурмаг гэгч нь амаа олохгүй идэж байна гэж.

 Бас лийр боловсроно. Европын зууван лийрнээс ондоо. Ногоон алим шиг лийр тариалдаг юм. Амт гэж салахын аргагүй. Зураг аваагүй байна, дараа оруулъя.

Friday, September 07, 2012

Ой 5

сартай охиныхоо хэлж байгаа үгнүүдийг бичнэ.
Монгол үг:
май, ааваа, айнуу (байна уу), най (аниа), энайнаа (энд байнаа), гүү (үгүй), өвөө, эмээ, мама, баажий (баачихлаа), гоё, мээмээ

Япон үг:
най най баа (инай инай баа), коко(энд) , үн(за), гүцү (күцү-гутал), сэнсэй (багш), дай (чёодай-надаа), дэкита(чадчихлаа), оппай (мээмээ)

гэх мэтчилэн хэлж байнаа. Хааяа багш нар нь  өнөөдөр тэгж хэлээд, ингэж хэлээд гээд надаас илүү баярлачихсан байдаг юм.  

Sunday, September 02, 2012

Ойрд


бас зүв зүгээр суугаагүйм байна шүү. Яг ийм ороолт түрүү жил ээждээ нэхэж өгч байсан юм. Үлдсэн утсаар нь өөртөө. Хариад ээжтэйгээ ижилсэж гангарнаа. Утас нь цаанаасаа ийм саглагар. Саглайсан хэсэг нь барьж үзэхэд цаас ч юм шиг.
Яг ийм ороолт өнгө л өөр болохоос хоёрыг нэхэж монголдоо авч очоод нэгийг нь очих болгонд үсийг минь янзалж өгдөг үсчиндээ, нэгийг нь ээждээ бэлэглэчээд ирсэн юм байна.

Монголоос

авчирсан хэдэн номнуудын минь. нэг Удахгүй бүгдийг нь уншиж дуусна даа. За энэ толь бичгийг яах гэж авчирсан бэ гэвэл, хааяа нэг монгол бичгээр ганц нэгхэн үг бичих шаардлага гардаг юм. Яаж бичдэг билээ гээд амьтан хүнээ с асуугаад л явчихна. Мэддэг хүн ч ховор дөө.  Өвөр монгол хүмүүсээс асуух уу яах уу болдог юм. Хааяа бас тэд чинь надад хайрын захиа өгнөө. Уйгаржингаар бичсэн, гаргаж унших гэж бөөн юм болноо. ккк  Тэгээд л Интер номд байхаар нь шууд л худалдаад авчихсан. Монголд минь ном их үнэтэй болсон байна лээ, хүмүүс ч их ном уншдаг болсон юм шиг байна. Гэхдээ олонхи бол уншдаггүй гэж нэгэн мундаг хүнээс сонссон.

Monday, August 27, 2012

Монголд 2

Нэг зүйлд жаахан шүүмжлэлтэй хандсаан. Тэр нь юу вэ гэхээр чихэр, ундааг маш өргөн хэрэглэх юмаа. Бие биенээсээ өрсөж байгаа мэт янз бүрийн хатуу зөөлөн чихэр их таваглаж тавих юм. Ямар хэрэг байхав. Тэрэнд орох нь сайхан ааруул тавиад угтвал гоё шүү дээ.Гарах үед бас хүүхдүүдэд минь атга дүүрэн чихэр өгөөд л. Сэтгэл нь сайхан л даа. Гэхдээ цаагуураа ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг алж байна гэсэн үг тийм үү. Зөвхөн миний 2 охинд өгөөгүй , орж гарч байгаа зөндөө л хүүхдүүдэд өгч л байгаа. Тэд нарын шүд хорхойтно, өвдөнө, авахуулна, цаашлаад бусад эрхтнүүддээ ч муу нөлөөтэй шүү дээ. Үүнийг блог уншигч эрхэм андууд, дүү нар, хамаатнууд минь зөвөөр тусгаж аваарай гэж хүснэ. Түүнээс би чихрийг нь голоогүй шүү ккк.

Ээжтэйгээ хамт дэлгүүр ороод:
-Ээж нь ундаа авдаг юм бил үү?
-Яах гэж байгаам?
-Үгүй ээ яахав дээ хүмүүс ундаагаар л дайлаад байх юм. Хүүхдүүддээ ундаа авч өгье л дөө.
-Юу гэсэн үг вэ? Та чацаргана буцалгаад хөргөчихсөн байсан шүү дээ. Тэр чинь л болоо.  (Хайрт ээж аав 2 минь өөрсдөө тарьж ургуулсан чацаргана. Охин нь бахархдаг шүү)
-Жаахан эсгэлэн  санагдаад байгаамаа. 
-Харин ч гоё, ундаа авч хэрэггүй...

Айлд ороход томчуудад нь цай аягалж өгсөн хэрнээ хүүхдүүдэд ундаа аягалж өгөх юм. Миний бодлоор адилхан цай аягалж өгөхөд л болох. Ундаа уу гээд шахаад байх юм. Том минь ундаа нээх уух гээд байдаггүй, их нялуун юм аа ээжээ, би ууж чадахгүй нь гэхийн. Бага охиндоо бол одоохондоо ундаа өгөх сонирхолгүй л байгаам. Ундаа чинь шүд хорхойтоход асар их үүрэг гүйцэтгэдэг байхгүй юу. Тэгээд л хүмүүс ундаа уу гээд аягалж өгөхөөр нь өө зүгээр зүгээр цай хөрөхөөр өгчихнөө л гэж аргалж байсан.
8 сард чинь нэг сайхан зүйл нь айраг байна шүү дээ. Хүүхдүүдэд ч гэсэн айрагнаасаа өгвөл гоё шүү дээ. Би зөндөө ууж байгаад ирсэн. Энд ямар ууж чадах юм биш.


Sunday, August 26, 2012

Монголд

очиж 10 хоночихоод ирлээ. Нутаг минь сэрүүхэн сайхан байна лээ. Энхрий хайрт ээж аав, дүүтэйгээ уулзаад л уулзаад л... Их ч олон амжууллаа. Эцэст нь ядарлаа. ккк
Дээрээс харахад нэлэнхүйдээ шаргалтаад байсан эх дэлхий минь буугаад харахад сайхан ногоон байсан.
Анзаарсан зүйлсээ энд хэлхэж бичнээ.
Ажиллаж чадаж байгаа хүмүүс бол амьдарч чаддаг болж.
Хэрэглээ ч асар өссөн байна.
Үнийн хөөрөгдөл ихтэй байна.
Гэм нь ажлын хар садаа бол замын түгжрэл байлаа. Түгжрэлээс айгаад гадагшаа ч гарахаасаа төвөгшөөж байна. Ихээхэн нервтсээн. Хүмүүс нь замын хөдөлгөөний соёлоор тун маруухан. Бие биенээсээ өрсөөд дайраад байх нь тэр. Нэгэндээ зам тавьж өгнө гэдэг бол ёстой лөөлөө. Зам тавьж өгсөн чинь явган хүмүүс нь үнэн үү гэсэн шиг л гайхаж хараад зогсчих юм. Арын тэрэг сигнаалдаад л.
Зам ч авах юм алга. Энд тэнд онгорхой цоорхой, түүнийг нь жолоочид тун ч чадварлаг тойрон гарах юм. Гэм нь арын суудалд суусан бидэнд бол элэг бөөр доргиостой. Тэрэнд санаа зовохын оронд машиныхаа амаржийнд санаа зовоостой лол.
Хүмүүс орон гэрээ их гоё тохижуулдаг болжээ. Орсон айл болгоныхоо тохижилтыг харан энэ ч зүгээр юм, тэр ч зүгээр юм гэсэн хүн л байлаа би. Туршлага судалж буй болой.
Нэг сайхан зүйл нь Монгол улс руу ороход бөглөдөг шар хуудсыг монгол хүн бөглөхөө больсон байна лээ. Амар санагдсан. Үнэнийг хэлэхэд жаахан ойлгомжгүй үг хэллэгээр бичигдсэн, түүнийг нь буруу бөглөөд загнуулдаг байсан юм. Тайлбарлаж хэлэхээсээ өмнө хүн загнаад байдаг улсуудыг яалтай ч билээ.
Машиныхаа цонхоор хогоо хээвнэг гаргаад чулуудаад байх юм.  Гэрийнхээ цонхоор хогоо гаргаад хаяад байх юм. Үнэн ой гутмаар.  Уг нь бол байр саванд амьдардаг, бас ч гэж боловсон соёлтой улсууд баймаар. Доор нь үйл ажиллагаа явуулдаг танил минь хэлэх үг нь олдохгүй сууж байсан. Өдөрт хэдэн ч уут хог түүж цэвэрлэдэг гэнэ, ажлынхаа хажуугаар.

Гэрлэн дохио нь ажиллаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нэг бол улаан гэрлээр орчих юм, нэг бол ногоон асчихаад байхад хөдөлж өгөхгүй юм. Ёстой ойлгоогүй юмны нэг нь гэрлэн дохио байлаа.

Үргэлжлэл бий.

Saturday, August 11, 2012

Дуу 3

Кэцүмэйши гэдэг хамтлагийн дуу л яваад байгаа шүү хүмүүс ээ.

Дуу 2

Дуу 1

Том охины сонсоод байгаа дуунууд. Томроод сонсож буй дуу нь хүртэл томроод байнаа...

Tuesday, August 07, 2012

Тоор жимс

Энэ жимсийг хэдэн жилийн өмнөөс талбай дээрээс нь очиж өөрсдөө хурааж аваад иддэг болоод байгаан. Таньдаг япон айл минь тариалдаг юм. Өдийд хурааж авна. Гадуур зарагдаад эхэлцэн байна лээ. Жаахан үнэтэй жимс. Гэхдээ үнэтэй байхаас аргагүйм билээ. Жимс нь өөрөө их эмзэг. Жаахан л ширүүхэн гар хүрчих юм бол хөхрөөд зөөлрөөд ирнэ. Тийм жимсийг худалдаанд гаргадаггүйм билээ. Тариалдаг хүмүүс нь тэгж зөөлөрсөн, хөхөрсөн жимсээ арилгаад муудсан хэсгийг нь авч хаячихаад үлдсэнийг нь компот хийж иддэг юм билээ.
Эндхийн бас нэгэн заншил гэвэл зун ид халуунд бие биенийхээ амар мэндийг эрэн тухайн газрынхаа брэнд гэсэн бүтээгдэхүүнээс илгээдэг юм. Мэдээж таньдаг бүх хүндээ илгээхгүй л дээ. Тухайн жилдээ онцгойлон тус болсон хүн ч гэх юм уу зэргээр сонгон илгээгээд байх шиг байгаан. Бид бас тэр заншлыг нь тойрсонгүй. Тоор жимс нэг хайрцгийг Токио руу нэг хүнд илгээсэн. Намар лийр жимс гарахаар Хирошима руу нэг хүнд илгээхээр төлөвлөчихсөн.
Жаахан хадуурахад энд "Тоор хүү" (Момотаро) гэдэг үлгэр байдаг юм. Эмгэн нь тоор жимс олоод, орой нь өвгөнийгөө ирэхээр хувааж идэх гээд голоор нь хуваасан чинь бяцхан хүү гарч ирээд, өсч торниод мангасыг дардаг түүх.

8 сар

гарчлаа шүү. 7 сард их л олон зүйл бичмээр байсан боловч халуунаас болоод, завгүйгээс болоод 8 сартай золгочлоо. Хэд хоног олимпоор амьсгалсан хүмүүс байна. Гимнастикийн төрөлд дэмжиж байсан Үчимүра маань алт аваад, багаараа мөнгө а всан. Сэтгэл өндөр байна өө. Мэдээж монголоо бас дэмжээд байгаа.
Бага минь ч хурдан томорч байна өө. Хэлд орох гээд л байна. Гэм нь японоор түрүүлж орох янзтай. Уг нь монгол хэлээ заагаад л байгаамсан.
Том нь амарчихсан. зуны даалгавар гэж ярьшигтаймаа гэсэн хүн л байна.

Monday, July 23, 2012

Бурхан минь

Яасан ч дориун халж байна аа, бүгд л урссан улсууд байна. Юм ч бичих хүсэл төрөхгүй байна өө. Бичмээр юм зөндөө гараад л байх юм, анх бичиж эхэлснийгээ бодвол их идэвхигүй болжээ. Урд бичсэн зүйлүүдээ харсан чинь, зөндөө л бурсан байна лээ ккк.
За тэр ч яахав саяхан "Чонын алтан шагай" гэдэг ном уншсан. Эхэндээ их л дажгүй санагдаад байсан чинь сүүлийн хэсэг нь жаахан тиймхэн.
Бас "2012 онд галав юүлэх үү" гэдэг ном уншина. Нэг хэсэг их л шуугисан юм шиг байгаам. Энд бас шуугисөөн. Охин минь хүртэл галав юүлэхээр бүгдээрээ хаачих уу, гээд л өч төчнөөн асуулт урсгаад байсан. Бүр галав юүлэхийм чинь хичээл номоо хийж яахын гэсэн хандлага гараад бүр зурагтаар энэ талаар тусгай нэвтрүүлэг гарсан гэсэн. Би үзэж амжаагүй ээ. Хүүхдүүдээ, хүмүүсээ галав юүлнэ гэдэг чинь дэлхий сөнөхийн нэр биш ээ, энэ тэр гэж тайлбарласан гэсэн. Тийм учраас хичээл номоо хийдгээрээ хийгээрэй гэсэн гэнэ лээ. Нарийн тайлбарыг нь дараа олж мэдвэл бичнээ.
Монголд гарсан номнуудыг жаахан хоцорч уншаад байхымөө. Блог хэсэж явахдаа янз бүрийн ном шинээр гарсныг олж мэдээд захихыг нь захиад л, зээлэхийг нь зээлээд л уншиж байна дөө.

Sunday, July 01, 2012

Халаад эхэлчихсэн шүү

Халууцаад л байж байна даа гэж.