Friday, April 20, 2018

Нээлттэй хичээл

За уламжлалт бичлэг шүү. Мэддэг нэг нь алгасаарай.

Бага зулзагын сургууль үдээс хойш нээлттэй хичээл  хийв. Ажлаасаа чөлөө аваад л жирийлгэлээ.

Иймэрхүү зүйлд чөлөө авахад хаа очиж ажлынхан минь их сайхнаар хүлээж авна аа.
-Үдийн цайгаа уух цаг завтай юм уу? Санаа зоволтгүй эртхэн гараад яваарай.
-За, баярлалаа.

Ингэж хэлэх тусам нь санаа зовно оо. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор иймэрхүү арга хэмжээ их болно. Ирэх сард том зулзагынх бас байгаа. Дөхүүлж байгаад чөлөөгөө авна даа. Наана нь хань ижлийгээ чи яв гэж жаахан айлгана аа. Хэ хэ.

Үгүй ээ ингэж айлгаж болохгүй юм байна. Би өөрөө ирэх сарын сүүлээр бас хэд хоног гэрийн бараа харахгүй. Яг тэр үеэр бага зулзагын тамирын өдөрлөг болох юм билээ. Өнөөдөр бага сургуулийн жилийн хөтөлбөрийг харсан чинь миний явах өдөр судартай давхцсан байх юм. Гэхдээ миний ажил түрүүлж яригдаад шийдсэн гээд л гүрийнэ дээ. Сураагүй юм биш. Хэ хэ.

Хаа очиж гэрийнхэн минь яваад ир л гэдэг юм. Бага зулзага л хааяа
-Та битгий яваа, та гэртээ ирж хонодоггүй ажил хийж яах юм бэ?

Ингэж хэлэхээр нь нулимс цийлэгнээд, өр өвдөнө өө гэж...

Юу ярьж байлаа? Аан тийм нээлттэй хичээл. Ерөнхийдөө болдог зүйл болдгоороо л болж өндөрлөлөө. Нэг онцгой зүйл болсон нь би сугалаагаар РТА гээч эцэг эхийн зөвлөлийн ажилтны заменаар тодроодохлоо.

Энэ нь яадаг вэ гэхээр, сонгогдсон ээж аав нарын төлөөлөл гэнэтийн бөгөөд хүндэтгэх шалтгаан, нэг бол нүүж суугаад явсан тохиолдолд заменаар тодорсон гурван хүнээс нэг нь албан үүргийг нь үргэлжлүүлнэ гэсэн үг.

Яана даа гэж бодоод л сууж байна. Бүгд л байр байрандаа байж байгаасаа гэж залбирахаас даа явж бурхандаа... Хи хи

Орой эрт 9 гэхэд унтаад, өглөө эрт босоод, өглөөний цайгаа уух гэдэг гурван зүйлийг бас  л улиг болтол ярьж байна, сонсож байна. Хэрэгжүүлэхгүй л байгаа болохоос. Хичээлтэй өдрүүдэд бол яаж ийгээд 9:30 гэхэд ихэнхдээ 10 цаг гэхэд орондоо ордог юм.

Амралтын өдөр 11 цаг хүргэчихээд байх юм. Унт гэж үглээд л байдаг юм уг  нь. Багш нар бол уйгагүй л хэлж ярих юм хөөрхийс. Ардын хүүхдийн төлөө ингэж их зүтгэчихээд муу нэртэй гэж юүхэв. Тийм ээ.

Төгсгөлд нь өнөөдрөөс эхлэн тулж ажиллана аа, бага зулзагатайгаа. Том нь яахав, нэг юм өөрийгөө болгоод хичээлээ хийгээд байх шиг байна.

Үр зулзагатай бүх уншигчдадаа амжилт хүсье ээ.

Thursday, April 19, 2018

Уншаад эхэлчихсэн

Монгол номнуудаасаа уншаад эхэлчихсэн.

Харин япон номнуудыг болохоор ажлын газраас зээлсэн хүмүүс буцааж өгөхөд нь эргүүлж харчихаад, заримыг нь зээлж авна, заримыг нь дугаарыг нь тэмдэглэж аваад дараа уншихаар төлөвлөнө. Даанч амжихгүй их удаан явна.

За энэ номын зохиогч өөрийн явсан орнуудынхаа тухай, ажиллаж ирсэн улс орныхоо тухай бичсэн. Ингэхдээ зүгээр нэг аялсан орныхоо тухай биш. Аль л болохгүй байгаа, бүтэхгүй байгаа гэсэн улс руу явсан байх юм.

Тэндээ дайны хөлд үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд, хүүхдэд, ээжүүдэд голцуу тусладаг сайн дурын арга хэмжээнд оролцдог байсан байна.

Rwanda улсад ажилласан тухайгаа, тэнд танилцсан хүмүүсийн тухай, дайны хор уршгийн тухай, алсан талсан тал нь ч, алуулсан талуулсан тал нь сэтгэл санааны асар их хохирол амсдаг тухай бичжээ.

Тэр ч мэдээж.

Номын сүүлийн хэсэгт нэгэн залуутай хийсэн ярилцлага байна. Тэр залуугийн хэлснээр бол гэр бүлээ, эцэг эхээ, дотны нөхдөө гээд хүмүүсээ нүднийхээ өмнө алуулсан ч гэсэн уучлах ёстой гэнэ. Тэгэхгүй бол энэ алаан хядаан, зөрчилдөөн, мөргөлдөөн тасрахгүй.

Бодоод байсан тийм юм байна аа. Уучлаад уучлаад явчих хэрэгтэй юм аа. Хэлэхэд бол амархан  л байна л даа. Өөрийгөө тэдгээр хүмүүсийн оронд тавьж үзэхээр бас яах байсан бол гэж бодогдоно.

Ингээд л уншсан номынхоо дүрд өөрийгөө орлуулж тоглочих гээд байдаг болохоороо л хайр дурлалтай номонд, кинонд дурладаг юм шд.

Улиг болтол бичиж байгаа ч Монголд төрсөн минь дээдийн заяа...

Tuesday, April 17, 2018

Ашиглаач ээ

Аав аа намайг ашиглаач ээ гэдэг шиг л номын санг ашиглаач ээ гэдэг уриатай шд, манай гэр.

Үүнийгээ бусад хүмүүст их тулгана аа. Хүлээж авах нь ч бий, огт тоохгүй нь ч бий.

Сүүлийн үед ингэж үглэхээ багасгаж байгаа. Өөрсдөө л сайн ашиглах минь. Саяын хаврын амралтаар 50 ном зээлж уншив. Ихэнх нь зулзагынх. Ээж 2 л ном уншив. Хэ хэ.

Бага зулзага зузаан ном уншдаг болов. Том зулзага сонгодог уншдаг болов. Ээж л харин бахь байдгаараа л. Сайжралыг олоогүй л байна. Гэхдээ яахав гэлдэрч л явна.

Жаран цагаан хонио хараахан дуусгаагүй байгаа. Хажуугаар нь  бас нэг япон ном бариад авсан.

Нүүр номын элдэв тэмдэглэлийг уншаад, захих ном олдоод байна. Та нарын зүгээс санал болгох ном байвал хэлээрэй. Тэрнээс өмнө бусад номоо дуусгана аа.
Ээжийн уншсан зурагт ном нэг. Чиний бодлоор энхтайван гэж юу вэ гэдэг ном. Мунхаг миний бодлоор дайн дажингүй, эрүүл энх, элэг бүтэн байвал л болох нь тэр дөө. Нэг их олон зүйл хүсээд байхын хэрэггүй ч юм шиг. Эсрэгээ их олон зүйлийг мөрөөдөөд, өөрийгөө болон хорвоог бүхэлд нь өөрчлөөд явчихмаар...
Ээжийн уншсан зурагт ном 2. Дэлхийн нийтэд анхаарлаа хандуулцгаая гэдэг ном. Бага насны хүүхдэд уншуулахад асар хэрэгтэй гэж зөвлөе. 10 орны хүүхдийн ахуй амьдралыг харьцуулсан.
Бага зулзагын нэг удаадаа зээлдэг номын тоо ерөнхийдөө нэг иймэрхүү. 2 уут болдог юм. Ажил номын сантай ойртсоныг хэлэх үү, би өдөрт хоёр ч удаа түүгээр дайраад гарч байгааг ч хэлэх үү, ачаатай тэмээ шиг л явдаг болсон. Номыг нь зөөж. Удахгүй гарын булчин шөрмөс хачин гого болох байхаа. Ерөөл бат оршиг...

Ахлах сургуульд орохоос өмнө даалгавар өгчихдөг юм байна лээ. Хичээл тус бүр дээр. Тэрнийх нь улсын хэл буюу япон хэлний хичээлийн даалгавар нь ном унших. Том зулзага номын сангаас нэг ном худалдаж аваад уншаад эхэлчихэж. Ээж түүнийг нь хэзээ нэгэн цагт уншихаар төлөвлөв.

Зулзагуудаа хараад байхад дүү нь яг л эгчийнхээ замналаар явж байна. Уншиж байгаа ном нь эгч нь багадаа уншиж байсан шиг агуулга бүхий ном. Эгч нь түүнийг харчихаад, нээрээ би уншдаг байсан шд гэж ирээд л хоёулаа яриа нийлэх.

Ээж түүнээс ганц нэгийг нь уншчихмаар санагдавч сачий хүрэхгүй л гүйх.

Энэ мэтчилэн номон дунд эргэлдээд л, номоо хураагаач ээ, дээш нь тавиачээ гэж үглээд л явж байх жишээтэй.

Гэснээс шавьтайгаа энэ хичээлийн жил ч бас хичээллэхээр болсон. Энэ жил бичгийн чадварт нь анхаарна. Сурах бичгээ олж сонгоно том ажилтай яваа юм байна шүү. Өөртөө болон шавьдаа амжилт. Мөн уншигч олондоо амжилт...

Monday, April 16, 2018

Үдэлт ба угталт

2 дугаар дарга өөрчлөгдөв. Шинээр дарга ирэв.

Тэр хоёрыг хамтатгаж үдэлтийн паарти, угталтын паарти хийв.

Хоолны тоо их цөөхөн санагдсан. Амттан гараагүйд жаахан сэтгэлээр унасан ч гуалиг болоход минь хэрэгтэй гэж өөрийгөө тайтгаруулав. Хэ хэ.

Харин уух зүйл ихтэй байлаа. Сурсанаараа улаан дарсаа хэдийг ч захиалаад уучихав? Бас болоогүй ээ чавганы дарс нэгийг, нэг шинэ соргог ундаа нэгийг уув. Нэрийг нь гостуу гар мартчихаж ээ, соори.
Гого салат. Амттай байлаа.
Нэрийг нь үл мэдэх коктейл. Дажгүй л амттай санагдсан. Гэхдээ л улаан дарсыг минь гүйцэх ундаа одоогоор алга аа. Хааяа гэртээ ам цангав гэж ирээд л уудаг болсон. Ха ха. 

Архичин бишээ, виночин болж байгаа шд. Зарим нэг хүмүүс гайхаж байгаа байх даа, үүнийг уншаад. Хи хи. 

Сардаа л нэг ингэж уух завшаан тохиодог юм шдээ. Нэг бол хэдэн сардаа. Худлаа яриад л гэж ганц нэг хүн шоолоод сууж байгаа болов уу? Ккк. 

Юун олон юм боддогийн, нэг л юм бодооч...

Sunday, April 15, 2018

Хичээлийн нээлт

Том зулзагын хичээлийн нээлт болов. Бага болон дунд сургуулиас нэг их ялгаа байхгүй ч тарсны дараагаар сургуулийн гадаа элдэв дугуйлан секцийнхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлан, хөгжимдөх нь хөгжимдөөд, бүжиглэх нь бүжиглээд, дуулах нь дуулаад хөл хөдөлгөөн ихтэй юм билээ.

Том зулзага үлээвэрт орохгүй гэсэн. Хичээлийн хажуугаар тийм зав байхгүй л гэсэн. Гэхдээ огт дугуйлан секцэнд явахгүй бол 3 жил жаахан уйтгартай юм даа гээд чавхдаст хөгжмийн дугуйланд орохоор болж байх шиг байна. Хань ижил бид хоёр хийл хөгжим гого юм даа гээд л, зулзага болохоор морин хийл гэсэн. Энэ хүүхдүүдийн сонирхол гэж заавал ээж ааваасаа зөрөх юм аа нээрээ. Гайхал төрөөд л явж байна. Хэ хэ.

Ажлын өдөр болдог тул ээжүүд нь ихэвчлэн ирсэн харагдана лээ. Ээж аав хоёулаа ирсэн нь ч байсан. Би бол иймэрхүү үед ажлаасаа чөлөө авч чадаж л байвал аль болох цугтаа л явах сонирхолтой гэж...

Харин бага насны хүүхэд харагдаагүй, дүүгээ тэр бүр дагуулж очдоггүй юм билээ. Учир нь жаахан хүүхдийн анхаарал төвлөрөлт богино, удаан хугацаагаар хүүхдийн хөдөлгөөнийг хорих нь бас тийм ч сайн бус, хамгийн том шалтгаан нь албан ёсны үйл ажиллагаанд уйлж дуулаад, өрөмний өт шиг зүгээр суухгүй болохоор хэцүү гэж үздэг шиг санагдсан.

Бага зулзага уг нь эрт тарж ирсэн байсан ч үдээс хойш болсон нээлтийн ажиллагаанд яваагүй. Өөрөө ч явахгүй ээ, гэртээ хүүхэлдэйгээ үзээд сууж байх минь гэсэн. Хүйтэн ч өдөр байлаа, яваагүй нь ч оносон.
Харин тарж ирээд баяраа тэмлэглэж нэр иймэрхүү.
Манай гурав яг адилхан иймийг захиалж идсэн. Гүзээлгэнэд дуртайн шинж. Би манго жимсэнд дуртай шд нээрээ. Гүзээлзгэнэд бас дуртай л даа. 

Яаж ийгээд л нэг тэмдэглэлт өдөр олж ирээд идэж уугаад сууна даа гэж. Энэ хагас, бүтэнд бас л идэж уух ажилтай. Биеийн жин гэдэг л хэцүүдэж гүйцлээ. 

За за эмзэг сэдэв рүүгээ орох нь ингээд өндөрлөе. Бүгдэд нь амжилт хүсье. 

Thursday, April 12, 2018

Том хүүхдийн хэрэгцээ

Хүүхэд томрохоор хэрэгцээ нь ч томроно.

Цүнх, оймс, номын хавтас, ганц нэг бичгийн хэрэгсэл худалдаж авав.

Бага, дунд, ахлах, их сургүүльдаа тэнцээд элсэн ороход нь эргэн тойрных нь бэлэг өгдөг юм байна. Ингэхдээ ихэвчлэн ном худалдаж авах эрхийн каарт, дугтуйтай мөнгө өгнө. Хүүхэд түүгээрээ өөрийн дуртай зүйлээ худадаж авна.

Том зулзага дээр дурдсан зүйлсээ өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Ээж жаахан зайтай байдаг дэлгүүр дагуулж явах л үүрэгтэй. Хэ хэ.

Болоогүй ээ, хажуугаар нь бас үглээстэй.
-Яг хэрэгцээтэй эд мөн үү? , байгаа биз дээ? гэж үе үе сануулна.

Тэрний хүчинд том зулзага яг л хэрэгтэй гэсэн зүйлсээ авсан, цаана нь мөнгө үлдсэн гээд баяртай байна лээ. Хэ хэ.

Ядаж байхад ээжийгээ дуурайсан бичгийн хэрэгсэлд дуртай юм аа золиг чинь. Гого харандаа, бал гээд л ёсөн жорын юм харахаараа шунал нь хөдөлчих юм. Хэ хэ.

Намайг багад бичгийн хэрэгсэл ч тоотой байлаа шд. Гэтэл одоо яаж байна, түм бумаараа...

Тэр болгонд шунал нь хөдлөх юм. Би тэдгээрийг харахаараа хүүхэд насандаа эргэж очмоор санагддаг шд.

Шуналтаад авчихсан зарим нэг зүйлсээ хэрэглэж амжихгүй болохоороо охиддоо өгнө, ганц нэг наадаг цааснаасаа ээждээ явуулна.

Бага сургуульд бол ерөнхийдөө бичгийн хэрэгслийг заачихсан байдаг тул их амар. Элдэв зүйлсэд шунахгүй.

Монголд удахгүй хичээл амрах гэж байхад энд ид эхэлж байдаг, монгол хүүхдүүд та нар азтай шүү, бүхэл бүтэн гурван сар амардаг.

Том зулзага ямар дугуйланд орох вэ, зуны цагаар бага шиг хичээллэдэг юманд орчих юмсан гэчихсэн явж байна лээ.

Бага зулзага, шинэ багш, шинэ найзууд дундаа эргэлдээд, гадаа дулаарч буйг хэлэх үү, гадаа тоглосон хүн л байна.

Бүгдэд нь амжилт...

Tuesday, April 10, 2018

Давуу ба сул тал

Ажлын газар нүүснээр хэд хэдэн давуу тал байгаа. Олзуурхууштай.

1-рт ойрхон банкны салбартай. 10 минут алхаад л төв шуудантай. 5 минут алхаад л хотын захиргаа. Мөн тав алхаад л галт тэрэгний буудалтай. Би хааяа эндээс билет авах шаардлага гардаг тул ойртоод амар болсон. Элдэв ажил хөөцөлдөхөд тун амар болсон шүү.

Өнөөдөр л гэхэд төв шуудан орж төлбөр тооцоо хийчихээд ирсэн.

Хотын захиргааны байрны 2 давхарт хотын номын сан байдаг. Явуулын номын сан буюу автобус ирдэг дээ, тэрний төв нь. Заавал тэр автобусыг хүлээлгүйгээр ном зээлж авдаг болсон. Машиныхаа зогсоол руу ирж очиж байна гээд өдөрт заавал түүгээр хоёр ч удаа дайрдаг болсоных зүгээр байхгүй цүнх дүүрэн номыг бага зулзагатаа зээлж харьдаг болсон.

Гуалиг болох үйл ажиллагаанд минь бага ч атугай нэмэр болох болтугай. Хи хи.

Энд тэндгүй жижиг худалдаа үйлчилгээний газартай. Мөнгө нь л байвал халаасыг минь тэмтэрч өгөхөөр. 10 минут алхаад л хүнсний дэлгүүртэй. Хааяадаа хүнсээ цуглуулчихаад байгаа. Даавуун тор барьчихаад л гүйгээд байна шүү дээ. Ажил хийх гэж ирсэн үү? Хүнс цуглуулах гэж ирсэн үү? Бүү мэд заримдаа ч. Ккк

Сул тал нь гэхээр машины зогсоол жаахан хол. Заавал карт энэ тэр уншуулж байж орж гарна. Тэгэхээр өдрийн цагаар залхуураад машин луугаа явахгүй, ойр хавиар эргэлдээд л, алхаад л байж байна.

Мөн урдныхаасаа талбайн хувьд асар багассан тул орж гарахад үнэн төвөгтэй, гэдэс мэдсээ татаж байж юмны хажуугаар өнгөрөх жишээний. Миний пс-г хэн нэг нь тээр дээд тавцан дээр тавьж энэ тэр. Хагас бүтэн сайнд нь өөр хүн суудаг болохоор. Бас өмчилчихөж болохгүй. Дээр байгаа дэлгэц рүү өнгийж харах гэж хүзүү чилээстэй, нүд гялбаастай. Босоогоороо ажлаа хийх юм уу хаашаа юм? Би ч гандан буурахгүй өглөө ажилдаа ирэхдээ доош нь буулгачихаад л байгаа л даа. Намайг явсны дараагаар хэн нэг нь буцаачихаад байгаа. Хэн гэдгийг нь мэдээд л байгаа.

Хоёрын хооронд тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнтэй муудаад яахав гээд асар уужим дотор гаргаад л явж байна. Миний таамгаар тун л удахгүй тэтгэвэртээ суух ёстой. Аавтай минь чацуу юм билээ, тэгэхээр ээж шигээ хүнтэй эвтэй найртай байж байгаад л явуулчих санаатай.

Жаахан ааштайгаараа манай ажилд нэртэй л дээ. Иймэрхүү ааштай хүн байж байж л ажил бас урагштай явдаг тийм ээ. Энэ хүний хүчээр би чинь ажлын цагаар нүүр номоо шагайхгүй байгаа шүү дээ. Хэ хэ.

Давчуу тул урд нь талаар нэг тарж байсан бичгийн хэрэгсэл, цаас гэх мэт элдэв зүйлсээ Конмари-дах шаардлага гарч байгаа. Гэрээ тэгж Конмари-даж амжихгүй яваа би ажлынхаа өөрт оногдсон умгар зайгаа яаж ийгээд эвтэйхэн болгочих гээд л үзэж тарж байна.

Хэрэгтэй хэрэггүй олон зүйлсээ ажлынхаа ганц нэг хүмүүст өгчихсөн. Ха ха. Тэд яаж ашиглана дурын асуудал биз дээ. Хаяна уу, байна уу? Хамаа алга.

Одоо шкафаа нэг янзалчихвал ч. Тэрэн дотор бас их зүйл байна лээ. Тэр чигээр нь хамаад ирсэн болохоор. Дээл, хантааз, оньсон тоглоом, элдэв үг бичсэн цаас гээд л юм юм л харагдана лээ.
Шинэ, "давчуу" газар ирсэн гэж хүмүүс баяр хүргээд. Лол. Гэхдээ цэцэгнүүд нь гоё, сэтгэл баясгаад л. Зураг дарж л хаврын синдромоо гэхүү шинэ газар ирээд дасахгүй байгаа стрессээ гэх үү, тайлж байх шив дээ...

Бүгдэд нь амжилт...

Monday, April 09, 2018

Агаа нарын гарын хоол

Сая бүтэн сайнаар орос агаа нарын гарын хоолыг идэв. Урд орой нь жаахан винодсон би ч шөл уугаад сайхан байлаа.

Энэ орос ах нарын нэг сайхан нь эмэгтэй хүнд хүндлэлтэй харьцах юм өө. Би ч гэртээ байж байж гал тогоогоо гурван харчуулд даатгаад, хөндлөнгөөс хараад л сууж байв. 2 орос ах, нэг монгол ах. Тэр нь хань ижил. Хи хи.
Это вас гэж ирээд л цэцэг гардуулж өглөө. Сэтгэл их хөдөлж байна аа. Тэр бүр цэцэг авдаггүй тул. Ваар байдаггүй ээ, виноны шилэнд хийчихдэг болохоор. Эсвэл жижиг шилэнд . Аминдаа гэрийнхээ тэр бүр хэрэглээд байдаггүй зүйлсийг цөөн байлгах гэж тэр. Цэцгийн ваар авдаг ч юм билүү гэж бодож энэ тэр.
Нэг нь шөлөө хийгээд, нэг энэ чебуреки гэдэг хоолоо дааж аваад л хийсэн.
Шөлний хувьд хэлүүлэлтгүй тийм ээ. Хийх аргыг нь ерөнхийд нь мэдэж авлаа. Дараа өөрөө хийж иднэ ээ. Ижий аавынхаа тарьж ургуулсан хүрэн манжинг ахиухан захиж авчирч байгаад. Энд зардаг л даа, жаахан үнэтэй санагдаад... Бас тэр бүр лангуун дээр харагддаад байдаггүй юм. Азаар энэ удаад лаврын навч, хөлдөөсөн хүрэн манжин жаахан байсан юм. Өөрсдөө бас хүрэн манжингийн амтлагч авчирсан.
Чебуреки. Чимхээгүй л болохоос хуушуур. Гурилаа зуурахдаа тос хийгээд байсан. Тэгээд л сэрээгээр хатгаад хатгаад явчихаж байна лээ. Мөн гурилаа нэг нэгээр нь элдэлгүй, томхон элдэж байгаад аягаар бөөрөнхий хэв оруулж таслаад л болоо. Хэ хэ.
Тосонд хайрсны дараагаар нэг иймэрхүү. Татар хоол гэсэн шүү. Хажуу дахь нь коньяк. 3 харчуул хуваагаад уучихсөөн.
Охидод минь үүнийг. Бас морожин байсан. Манай орос уламжлал, айлд зочлохдоо заавал гэрийн эзэгтэйд цэцэг, гэрийн эзэнд водка, хүүхдүүдэд нь чихэртэй очдог гэж ирээд л бэлгээ өгөөд байсан.

За нэг амралтын өдөр иймэрхүү. Хагас бүтэн алгасалгүй л зочинтой, зочилсон гэх мэтээр өнгөрч байна даа.

Мартах гэж байна, христийнхний улаан өндөгний баяр таараад, дээрх зураг дээр байгаа өндгөө ингэж чимсэн байсан. Шөнө унталгүй л чимсэн гэнэ. Гэм нь арилгахад жаахан төвөгтэй юм билээ. Бас хоорондоо нэг нэг өндөг барьж хагална, хэнийх нь түрүүлж хагарна, тэр нь ялдаг юм гэнэ. Бага зулзагат зугаатай байсан.

Бас нэг зүйл, орос хэл гэж ээрч муураад, ямар ч үггүй болсон байна лээ. Бүр таг шүү. Орос хэл сурах юмсан гэдэг нэг шинэ мөрөөдөл нэмэгдсэн.

Өөртөө амжилт...

Sunday, April 08, 2018

Хичээл эхлэв ээ

Зулзагуудын хичээл эхлэв ээ гэж. Урт удаан хаврын амралт дуусав.

Том зулзага шинэ сургууль, шинэ анги, шинэ багш, шинэ найз нөхөд.

Бага зулзага анги дэвжиж, шинэ найз нөхөд, шинэ багш.

Догдолсон улс л гараад явлаа.

Ингээд дахин нэг жил та бүхэндээ гэхүү, өөртөө гэх үү, блогтоо сургуулийн элдэв арга хэмжээний тухай бичээд явах нь дээ.

Бага сургууль ч яахав ерөнхийдөө ойлгомжтой. Байнгын уншигч нар маань ч мэдэх байх.

Харин ахлах сургуулийн тухай, шинэ соргог зүйл бичих байх гэж найдаад л сууна. Сүүлд уншиж байх нь ээ ч гэсэн. Дурсамж нүдний өмнүүр ундраад л. Сайхан гээч...

Иймэрхүү жижиг сажиг зүйлээ бичээд явахаар, эргэж дурсахад сайхан юм билээ шд. Хэрэв блог бичмээр санагдаад байвал зориглоод бичээрэй гэж зөвлөх байна...

Хичээл эхлэснээр олон давуу тал бас байна аа. Эрт унтаж эрт босцгоох гэж хичээж, хэвийн амьдралдаа орцгоож байна. Амралттай үед нэг сул тал нь орой унтаж өгөхгүй, өглөө сэрж өгөхгүй байх нь олонтаа.

Зун 7 сарын сүүл хүртэл бүгд хичээх үлдлээ дээ. Халууны улирал эхлэнэ гэж бодохоор яаа бас л хөлс асгарах янзтай шүү. Хэ хэ.

Гэснээс энд хичээх гэдэг үгийг их хэрэглэнэ ээ. Чармайх ч юм уу? Өвөр Монголчууд чармайх гэж ярьдаг юм билээ. Би ч хичээх л гэдэг. Тэгэхээр бүгд л хичээцгээе дээ, дор бүрнээ.

Өө тийм, хичээл эхлэхээр энд тэнд хаврын синдром эхэлдэг дээ. Минийх бас бага сагаар илрээд байгаа шүү. Ккк. Хааяа оройдоо нэг хундага улаан вино ууж л синдромоо дарж байна даа. Хо хо.

Saturday, April 07, 2018

Уран бүтээл

Бага зулзагын уран бүтээлээс оруулж ухаалаг утасныхаа зурагнаас цөөлөхөөс. Хэмжээ нь хэт ихдээд, хэцүүдэж байна.

Хийлдэг, шаар шиг байсан бол өдийд дэлбэрэхэд бэлэн байх шиг...

Усан будагтай найзлаад сүрхий байна. Нэг орой ингэж зураад жаазлачихсан. Юун ч бэлэн жааз вэ. Тийм ээ? Ажлын газар нүүхдээ хэрэггүй зүйлсээсээ салахдаа гурван ширхэг жааз өгсөн юм надад. Охидууд чинь уран бүтээлч шүү дээ, чамд хэрэгтэй юм байна гээд, хаяагүй аваад үлдчихсэн байсан.

Цаашаа харж буй ээж.
-Ээж нь юу бодоод зогсож байгаан бол доо?
-Яаж турах вэ? гэж бодож байна.

Гэж авсан. Ха ха. Бараг л мөн дөө. Ээжийн тун ойрын мөрөөдөл, зорилго, амны уншлага юм чинь, арга байжуу?
Энэ даанч жаазанд орсонгүй. Харж зурсан гэсэн.

Хажуугаар нь нэгдүгээр ангийнхаа уран бүтээлийг бүгдийг аваад ирсэн. Гэрээр нэг цаас. Харин тэр цаасыг харж баясаад, хамгийн кайфтай байгаа нь ээж. Учир нь ээж өөрөө ингэж зурж, хийж чадахгүй болохоор.

Удахгүй миний бүтээлийг битий хамаагүй энд тэнд тавиад байгаарай гэж хэлэхээс өмнө ганц нэгийг орууллаа. Хэ хэ.

Friday, April 06, 2018

Эмээд амласан нь

4 сарын 1-нд бас нэгэн амлалтаа амжилттай биелүүлээд ирэв ээ. Аль 1 сард л хэлж байсан юм. Хаа байсан 4 сар гэж бодож байсан чинь, гарчихсан явна. 3 сарын 30-нд эмээ маань утасдаж сануулаагүй бол ч би сакүра модон доор сууж, пийво мийво уусан шиг сакүрадаж байна гэж өөрийгөө төсөөлөөд сууж байсныг яана.

Маш том амлалт гэж байгаа. Хэ хэ.

Хэ хэ. Бууз хуушуур хийх арга хэмжээнд нь гэр бүлээрээ очиж зааж өгнө гэсэн амлалт. 30-д хүн цугласан арга хэмжээ байлаа.

Гэр бүлийг минь дэмждэг нэгэн эмээ байна. Улаан фен манай гэрийн. Хэ хэ. Жил бүр биднийг цуглуулж монгол япон хоол хийж иддэг эмээгийн тухай бичдэг дээ. Тэр эмээ.

За ингээд улсаа сурталчлах соёлын аташше-н үүргээ сайн биелүүллээ, том зулзагатаа бага зэрэг загнууллаа. Яагаад загнуулсан гэхээр

-Ажил тарлаа эртнээс хэлж бариад, тэмдэглэхэд яадаг юм? Ажил давхцуулаад ээж гуай бла бла
-Харин тийм ээ? Ээжийгээ түмэнтээ уучил...
-Та биднийг тэгж загнадаг биз дээ? Энэ удаад боломж гарсан дээр нь таныг нэг загначихая.
-Хэлээд юүхэв ээ? Таг мартсан байна.
-Бид бас таг матрдаг юм шдээ.

Том зулзага нэг багштайгаа хамт тоглолт үзэх ажил нь давхцаад, би цугласан олноос уучлал гуйгаад түрүүлж гарч ирлээ. Хань ижил бага зулзага хоёр аташшегаа хийгээд үлдсэн. Дараа нь сонин сайхан сонссон чинь олоон эмээ хань ижилд минь дурлаад, олоон өвөө бага зулзагат минь дурласан сурагтай. Ха ха.

Хуушуур буузны хувьд мэдээж амттай болсон. Япон хүмүүст тааруулж бага зэрэг ногоо хольдог юм. Энэ удаад хоолны технологич эмээ маань будааны гурил бага зэргийг бэлдсэн байсан. Гурилтай хольж хийсэн, дажгүй л юм билээ. Гэснээс би ойрдоо гурвалжин будааны гурилтай хольж бууз хуушуур, цуйвангаа хийгээд байгаа. Дажгүй.

Гадаадад байдаг бид чинь өөрсдийгөө авч явахаас гадна улсынхаа нэрийг аятайхаан аваад явчих гэж хэрэндээ л их хичээх юм даа. Ганц нэг хүмүүсийг эс тооцвол. Сүүлийн үед энд тэнд монгол хүмүүс их л хэрэг төвөгт орооцолдох болж. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийнх доргино гэж, бид бас сэтгэл санаа сонин болоод явчихдаг юм шд. Та нар минь дор бүрнээ нэрээ бодоорой. Плийз...

2 сард нэлээд ойрхон бас тийм хэрэг гараад. Хэлэх үг олдоогүй ээ. За за гого амлалт бичиж явснаа, юу бичээд унав. Хэ хэ.

Тун удахгүй дахин уулзана гэсэн. Ганц нэг хүн шилжилт хөдөлгөөнөөр буцаад хотдоо ирж байгаа юм. Тэдгээр хүмүүсийг цуглуулаад, манайд хоол хийж идэх юм гэсэн. Хань ижил тэгээд ам гарчихсан байсан шд.

Эсрэг хүйстэндээ үгүй гэж хэлж чадахгүй байна уу даа энэ улсууд. Ха ха. Би Тэмүжин гэх мэт өвөө нартаа үгүй гэж хэлж чаддаггүй шиг. Хи хи.

Манайд ирж байтал зай ч байна гээд явж байтал маргааш очлоо гэх вий дээ, гэр орноо цэвэрлэх минь...

Түр баяртай. Бүгдэд нь хаврын синдромоо яаж ийгээд даваад гараарай гэж хүсье ээ...

Хайлсан нь

Хүний газар, харь японд ингээд өөрийгөө хайлмаг хийнэ гэж төсөөлж байсангүй ээ.

Өнгөрдөг зун монгол явахад найз эгчийн хийж өгсөн хайлмаг ямар амттай байсан гээч. Мөн багадаа иддэг байсан хайлмаг.

Идмээр санагдаад болдоггүй. Хань ижлийг монгол явахад нь зөөхий захиад. Аз таарч ачаа бараагаа шалгуулалгүй ороод ирж. Бөөн баяр.
Анхны ородлого. Тосоо нарийлаад бага шиг хийсэн, дээрээс нь дутуу хайрсан юм шиг байгаа юм. Зураг дээрх шиг аргуудуу болоод.
Хоёр дахь оролдлого. Ээжтэйгээ дүрсээ харан ярьж байгаад хайллаа шд.
-Танай наадах гурил чинь сонин юм байан, тог нь зөөлөн юм байна.
-Магадгүй ээ, галаа жаахан нэмчихье.

Гэж ярилцаад хайллаа. Жинхэнэ хайлмаг боллоо. Шар тос нь хөвөөд. Бага шиг шар тос гаргаад авсан гэж байгаа. Мундаг байгаа биз дээ? Хэ хэ

Дараа дахин зөөхий захина даа гэж бодоод л сууна. Хааяадаа ингэж монгол амтаа мэдэрч хорхойгоо дарах юм даа гэж.

Хоёр зулзага идсэнгүй ээ. Загнаж байж жаахныг амсууллаа. Яваандаа дуртай болох байгаа.

Гэхдээ энэ нь надад завшаантай байлаа. Дээд урууландаа ч хүргэмгүй, дэргэдэх хүндээ ч амсууламгүй ийм амтыг олуулаа идэхээр надад бага л оногдоно биз дээ? Ха ха. Муухай байна уу? Өө яадаг юм, хааяа жаахан өөдгүй зан гаргачихад. Ккк

Хань ижил аргагүй хөдөө гадаа өссөн юм болохоороо дуртай нь аргагүй идсөөн. Хи хи.

За ижий аав, найз нөхөд та нар минь надад зөөхий явуулна гэдэг том ажилтай боллоо доо. Амжилт...

Thursday, April 05, 2018

Сакүрадалт

Энэ жил суугуул нутгийн сакүрадалт цаг агаар аятайхан, хөл хөдөлгөөн ихтэй өрнөж байна.

Бид ч санаандгүй шөнийн сакүра үзэж нүдээ баясгав. Маргааш нь бага зулзатайгаа өдрийн сакүра үзэж, баясав.

Нүүр номоор таньдаг хүмүүс бүгд л сакүрадаж байгаагаа оруулсан байна лээ. Би яаж дутахав.
Суугуул нутгаа дээрээс нь харж байна. Бүр дээрээс харах боломжтой л даа. Хийморийн овооныхоо бүр дээрээс нь.Энэ бол сакүра цэцэг бүхий хормойн хэсэг нь. 

Хань ижил цагаан сарын шинийн нэгэнд гардаг уул. Хийморийн овоо гээд нэрлэчихсэн гэж байгаа түүнийгээ. Хэ хэ. 
Хүмүүс олноороо цугласан байна лээ. Энэ зураг дээрх шиг модон дороо тухлан сууж байгаад л хөгжилдөцгөөнө. Бид энэ жил ингэж сууж чадсангүй ээ. Уг нь цаг агаар аятайхан байсан юмсан. Төрд хэрэгтэй зайран чинь бас нэг эмээд ам алдчихсан байсныгаа мартаад, сакүрадна гээд байсан чинь талаар болсон. 

Юу гэж амласнаа, амлалтаа нэр төртэйгөөр биелүүлснээ дараагийн бичлэгт.
Шөнийн сакүра үзэхээр бол зургийн аппарат сайтай байх хэрэгтэй юм билээ шүү. Бас ухаалаг утсаа маш сайн ажиллуулж мэддэг байх хэрэгтэй шүү. Хэ хэ. Би иймэрхүү зүйлдээ муу тул нэг иймэрхүү л зураг дарав шд. 

За ингээд жил бүрийн уламжлалт бичлэг өндөрлөв. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай...

Saturday, March 31, 2018

Хаврын амралт

Энд сургуулиудын хаврын амралт эхэлчихсэн. Энд тэндгүй хүүхдээ дагуулсан ээж нар, ач зээгээ дагуулсан эмээ өвөө нар. 

Хүүхдүүд ч тэр бүр олдоод байдаггүй амралтаа сайхан дураараа жиргэж өнгөрөөж байх шиг. Эмээ өвөөгөө холгоод л. 

Ийм үед би бас бодно оо. Охидынхоо эмээ өвөөдөө эрхлэх цаг хугацааг хүний газар, жаахан "уйтай" өнгөрөөж байгаа тухай, эх орондоо байсан бол охид минь ч ингээд эмээ өвөөгөө холгоод, эрхлээд явах байсан даа гэж. 

Одоо яалтай тийм ээ? Холоос л ярьж эрхлэлдэх юм даа. Хааяадаа монголоос эвээ өвөөгөөс нь "бэлэг" ирнэ. 

За тэр ч яахав. Амралт эхэлчихээд, өдрийн хоол, бас бус дагуулж ийш тийшээ орж гарах гэдэг ажил ээжийн нуруун дээр ирчихээд л, цайныхаа цагаар номоо уншаад байсан минь түр завсарлачихлаа. 

Ядаж байхад ажил маань идэш уушны газар элбэг дэлбэгтэй газар нүүгээд ирчихснийг ч хэлэх үү?
-Өнөөдөр ээж ээ? Тийшээ орох уу?
-Маргааш ийшээ орно шүү?
гэсэн хоёр л байна. Ээж ч бас юм үзээгүй хүн шиг л хөөрсөн хүн байна. Биеийн жин хэтрээд байгаагаа мэдсээр байж, за маргаашнаас гэсэн хүн л чөрийсөн охидтойгоо, чөргөр хүн шиг л идэж байна даа. Хэ хэ. 

Хурдан хичээл эхлээсэй гэж дотроо бодож буй ч ил хэлэхгүй, инээд алдаад л, охидоо харж уяраад л явж байна даа. 

Тун удахгүй сакүра ч цэцэглээд, бид нэг сайхан сакүрадна аа гэж ярилцаад л байж байна. Гэм нь цаг агаар цаанаа л нэг жиндүү, сэвэлзээд байдаг юм яг сакүрадах үеэр. 

Ангии дэвшицгээнэ, даалгавараа хийчихсэн, нэг л их завтай хоёр байдаг. Одоо дахиад чилийсэн долоо хоног үлдээд байдаг, хичээл эхлэхэд.

Ямар багш, ямар хүүхдүүд хүлээж байгаа бол гэж ярилцах...

Tuesday, March 27, 2018

За ингээд нүүв ээ...

Анх энэ ажилд орсноос хойш 8 жил гаран болж байна аа. Гэрээс минь жаахан зайтай ч их аятайхан газар байсан юм.

Зулзагууд амтралтаараа надтай хамт яваад цагийг өнгөрөөчихнө, даалгавраа хийчихнэ гээд л.

Одооны нүүж очиж байгаа газар нэлээд хатуу ширүүн дэг жаягтай гэсэн. 5 давхар байшинд олон байгууллагууд байна. Коридорт чанга инээж болохгүй гэсэн. Ха ха. Манайх гэж жижигхээн өрөөнд чихцэлдэж орсон. Үнэн миа.

Гадаад хүн орж гараад ирэхээр тэндэх бусад байгууллагын "хуучинсаг" хүмүүс жаахан нервтэх байх даа. Өө яадаг юм, үзүүлээд өгнө өө, би монгол шүү гээд хэхэ. Чадах болов уу даа. Хи хи.

Нэг дасаж өгөхгүй л байх шиг, бусад ажилчид маань ч. Одоогоор орж гарч байгаа хүн ч цөөхөн байна. Яваандаа ихсэх байгаа?

Нүүдэл суудлын ачаар их олон хэрэггүй новшноосоо саллаа. Миний шүүгээ ч мөн ялгаагүй. Баахан л сонингийн хуулбар, хайчилбар, сэтгүүл гэх мэтээ зоригтой хаялаа хаялаа. Хаях болсон нэг шалтгаан нь шинэ газар, шинэ ширээтэй болсон юм. Тэгсэн өнөөх нь шургуулга байхгүй. Хо хо.

Өөр чинь юу билээ? Нийтийн хогийн сав байхгүй, өөрсдийнхөө хажууд жижиг хогийн сав тавьж байгаад, ажил тарахад коридорт байрлах том хогийн саванд хийнэ. Ингэхдээ маш сайн ангилж, ялгаж хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг айхтар гярхай эмгэн гарч ирээд аашлаад унах байх даа.

Ажлын газар хэрэггүй цааснаасаа салаад байхаар би бас дуурайв. Хэ хэ. Гэрийнхээ бас бус элдэв цаасыг хаялаа. Овоо хэмжээний цаас хаясан. Хэрэгтэй байж магад гэж бодоод хадгалаад байдаг би яг ээж шигээ юм билээ. Ээж минь бас элдэв цаасанд дуртай. Ккк. Охидоос минь хэн нь намайг дуурайх бол? гэж бодож энэ тэр. Кики.

Гэртээ нэг шинэ номын тавиур авч тавьлаа. Бага зулзага бид 2-ын ном өрөөстэй. Ингээд манайх гэдэг айл 3 том номын тавиуртай боллоо. Миний сэтгэл ханамж 200 хувь илүү байгаа.

Миний Тамирын голыг долоох шахан байж олж авсан монгол номнууд минь тусдаа өөр тавиуртай шд. Хи хи. Дүүргэнэ гэж бодож байгаа. Хэдэн жилийн өмнө  уншаад монгол явуулчихсан номнуудаа буцааж авчирвал ч... Мөн ааваасаа би өвлөж авна гээд "булаагаад" хайрцганд хийчихсэн номнуудаа өрөөд тавьчихвал ч...

Хэрэв тэр номнуудаа өрөөд тавьчихвал ч гэр маань нураад унах байх даа. Саяхан нэг тийм мэдээ уншсан юм. Японд нэг айлын тааз нурж унаад. Яасан гэхээр номнуудаа дийлэхгүй, хоёр давхрынх нь ном өрөөстэй байсан тааз нураад унасан гэж. Үүн шиг нураад уначих вий гэж санаа зовохыг бодоход би зөндөө их номтой байгаа биз?

Монгол хүүхдийн номнуудаа бага зулзагынхаа тавиур дээр өрж өгсөн. Тэмүжинд хальт дурласан байгаа, эгч шигээ. Эгч нь тээр жил бас тэгж дурлаад сүйд болж байсан юм. Ккк.

Ингэж янзлаад байгаа хэрнээ ажил гэр хоёрын минь цаасны "хог" барагдахгүй л байна, яалтай?

Амласан үеийн бичиг хэрэг, зураг хөрөг бүхий нийтлэл гээд л. Нэг бол хаячихмаар, нэг бол чадамгүй санагдаад нэг хойш нь тавьж, нэг ил гаргаж хаях гэж татаганаад л сууж байна.

Дунд нь ингэж блогоо бичвэл сэтгэл санаа өөрөөр эргээд цэгцлээд цэгцлээд явчих юм шиг санагдаад л үүнийг бичиж сууна даа.

Та нар цаасны элдэв "хог"-оо хэрхэн шийддэг вэ? Туршлагаасаа хуваалцаарай. Плийз...

Ингээд л гарчигнаасаа хадуураад байдаг юм тэ.

Sunday, March 25, 2018

Ухаалаг утас чи

Ухаалаг утас чи мандтугай гэх үү? сөнөтүгэй гэх үү?

Сая гурав дахь өдөр олон нийтийн амралтын өдөр бүтэн өдөржингөө утасны компани дээр өнжлөө.

Том зулзагатаа амласан ухаалаг утсаа авч өгөх ажилтай. Сар бүрийн хураамж, төлбөр зэргийн тайлбар, гэрээ мэрээ гээд л их цаг зарцуулдаг ажлын нэг. Хүн ч ихтэй, оочер дугаар ч ихтэй байлаа.

Том зулзага ухаалаг, тал хазсан алимны зурагтай утасны 10-ыг нь авчихлаа. Бөөн баяр. Өөрт нь хүн бэлэглэсэн мөнгөөр утсандаа бас нэг хөөрхөн гэж авчихлаа.

Тэр өдрийн хамгийн төлөвлөгдөөгүй зүйлийн нэг бол хань ижил бид хоёр бас утсаа сайжруулчихлаа. Ха ха. Гэхдээ том зулзагын тэр 10 гээчээс нь арай жул л даа. Хи хи.

Эцэг эх хүн гэдэг чинь өөрсдөөсөө нарийлж үр хүүхдэдээ гэдэг юм байна шдээ. Ганц биесүүд байвал та нар одиноороо байгаа үедээ хамгийн тансагийг нь, хамгийн үнэтэйг нь авч хэрэглэж байгаарай гэж аминчлан захиж байна. Олуулаа болбол тэртэй тэргүй  та нарын хэрэглээ танагдана, мэдэв үү?

Бас нэг огтоос төлөвлөгдөөгүй зүйлийн нэг бол бага зулзага бас утастай болчихлоо. Хэ хэ.

Цаад газрын хүн ажлаа маш сайн хийсэн байгаа биз? Үүргээ давуулан биелүүлсэн тэр энэ сар овоо цалин авах байх шүү. Хи хи.

Хөөрхий минь дээ? Бага зулзагын нэр дээр боловч гэрт л байх зориулалт бүхий утас л даа. Эрт галавын үеийн эвхэгддэг утас. Суурь хураамж төлөөд л гаднаас дуудлага аваад л явж байхад болно. Хааяа оройтож барьсан үедээ залгаж хэл дуулгах утастай болов. Үүндээ ч сэтгэл ханамжтай байгаа, сангийн сайд.

Ингээд мөнгө хэмнэж, охидынхоо ирээдүйн сургууль соёлд хураах зорилготой, мөнгөнд асар дуртай сангийн сайд маш том зориг гаргаад утсаа сайжруулсан, мөн өрхийнхөө сарын төсвийг нэлээд чанга мөнгөн дүнгээр хэтрүүлсэндээ өөрөө өөрийгөө гайхаад л сууж байна.

Ирэх сарын орлого зарлагаа тооцож үзээд болохгүй бол хоосон хонохоос. Ккк

Ингэхэд гадаадад байдаг бид нарыг монголд байгаа та нар мөнгө хүүлдэг гэж боддог тэ? Үгүй шдээ, үгүй. Яаж чардайж байж мөнгө олдогоо дараа бичнэ ээ, дур хүрвэл...

Гол бичих гэж байсан зүйлээ мартах гэж байна. Насанд хүрээгүй хүүхдэд утас авч өгөхдөө ээж аав нь утасных нь интернет хэрэглээнд хориг тавьж болдог юм. Би тэр үйлчилгээг нь хийлгэсээн. Ютүб утсандаа татаж суулгаж болохгүй. Интернет орох лимит бас бага. Гэртээ болон байнга очдог газрынхаа вайфай-р нет хэрэглэвэл 4ж хэрэглэснээс бага төлбөр төлнө.

Угаасаа ахлах сургууль вайфай байхгүй, сургуулийн эргэн тойронд утас хэрэглэх хориотой тул том зулзага нэг их цааргалаагүй, одоохондоо утасгүй явж явчихаад сүүлийн үеийн ухаалаг утастай болчихсондоо хөөрсөн хүн л байна.

Эмээ өвөөдөө утасдаж хэлж энэ тэр.
-Би хааяа ээжид загнуулахаараа та 2 луу ярьж ховлож байна шүү.
-Тэгээрэй миний охин, эмээ өвөө нь эндээс ээжийг нь базаад өгөмз?

Гэж ярьж байна шүү, хэхэ.

Одоогоор хэдхээн хүний утасны дугаар л тэмдэглэж авсан. Яваандаа шинэ анги, шинэ найзуудтай болоод ирэхээрээ нэмэгдээд л ирэх байх даа...

Наад гар утсаа битгий маажаад бай гэж үглэх ажил минь нэгээр нэмэгдэж байна даа янз нь. Хаа очиж 15, 16 хүрч байж утасны хэрүүл хийлгэх гэж байна дөө зулзага минь гэж дотогшоогоо өмөлзөөд л сууж байна. Уяхан ч сангийн сайд болдоо тэ? Ккк

Хүүхэд нь ухаалаг утастай ээж аавуудад амжилт шүү...

Friday, March 23, 2018

Хүний сэтгэлээ гэж сайхан шүү

Хаа байгаа монголоос минь" хурал цуглаанд хүн очих гэж байгаа, захих зүйл байна уу?"гэж ирээд л майл бичдэг найзууд, дүү найзууд байх юм. 

Эсрэгээрээ хааяа нэг онцлоод юм захихаар өгдөггүй хүн ч байна. Ха ха. Гол нь юу захих уу гэж нэг их сүртэй асуучихаад, огт өөр сонин сонин юм хийчихсэн байхаар л жаахан гонсойчихдог юм. Хэ хэ. Гэхдээ албатай биш дээ, та нарт гомддоггүй шүү. Санаагаа битгий чилээгээрэй.

Голден Говь ийм чоко хийдэг болсон юм байна тэ. Том зулзага харчихаад, таныг сайн мэддэг найз байна шд гэсэн. 
Ийм зурагтай юм билээ. Дуусахынх нь алдад мэдэж, яаран зураг дарлаа шд. Хи хи. Мөн үе үе амттай ааруул өгдөг юм. Би их дурлаж идээд байгаа. Өлсөх мэдрэмж төрөхөөрөө. 
Маш их баярлалаа. 
Бас ийм маск гарч. Жүүс л их авч байсан болохоос. Хэрэглэж үзээд аятайхан байвал дахин захина аа. 
Ийм аарц хүн өгөөд. Өөрт нь өгсөн бэлэгнээсээ надад 4-г өгөөд. Өөрөөсөө нарийлаад уухгүй л гүйгээд байдаг. Хэ хэ. Гого амттай байвал монгол руу захьдаг зүйл минь нэгээр нэмэгдэх нь тэр. 

Үндэсний үйлдвэрлэл мандтугай...

Өөр бас бус үндэсний үйлдвэрлэл байгаа, Дараа санахаараа зураг оруулна аа. Үндэсний үйлдвэрлэгчид та бүхэндээ амжиот хүсье. Монголын ирээдүй та нарын гарт шүү...

Wednesday, March 21, 2018

Шавийн бэлэг

Ойрд шавийнхаа тухай бичээгүй юм байна. Бид хоёр хичээллэж л байгаа. Олигтой сурч байна уу? гэхээр үгүй ч юм шиг. Нэг бол овоо болоод байгаа ч юм шиг хоёр гэлдэрч байна. Хэ хэ.

Нэг тийм спортынхны өвөрмөц аялгыг нь засчих санаатай үзэж тарж байгаа ч нэг л сайжралыг олохгүй л байна.

Хичээнэ дээ...

Хөдөлмөрийнхөө хичээлээр нэг хөөрхөн эвхдэг сандал хийгээд. Тэрийгээ надад бэлэглээд. Би ч ийм хөөрхөн, гар хийцний, мод буюу байгалийн бүтээгдэхүүнд дуртайгаараа хоёр гардан авсан. Хэ хэ.

Ингээд манайх гурван гар хийцний модон сандалтай болов оо гэж. Манайхаар ирсэн жаахан маамаа нар булаацалдахааргүй л болж байна. Нэг дор олноороо цуглавал харин хүрэлцэхгүй юм байна. Тэр үед ямар мэргэн арга сийлдэг юм билээ байз? Хи хи.

Энэ сандалны онцлог нь эвхэгддэг. Эвхээд хураачихна. Бид өөрсдөө хийсэн нь болохоор эвхэгддэггүй л дээ.

Шавь хөөрөөд л, багшаа би энийг ангийнхнаасаа хамгийн түрүүнд хийсэн шд. Бас хамгийн цэвэрхэн хийсэн нь шд гээд л. Бие нь том ч хүүхдээрээ зайлуул. Цагаахан...

Наддаа хааяа хөдөөний амьдрал, үг хэллэг заачихна аа. Хотын би чинь зарим нэг зүйлийг мэдэхгүй шд.

Нэг иймэрхүү бид хоёр хичээгээд л явж байна. Ээж аав нь, ах нар нь уншдаг бол ч.

Хүү нь хүний газар эцэг эхийнхээ, цаашлаад улсынхаа нэрийг өндөрт өргөөд л, сайн явж байгаа шүү гэж хэлье дээ...

Мөн бид хоёр уржигдар дунд сургуулийн 1 дүгээр ангийн сүүлийн хичээлээ хийсэн. Энэ жил голцуу ярианы хичээл түлхүү орж, аль болох үгийн санг нь арвижуулах зорилготой ажиллалаа.

Ирэх хичээлийн жил ч гэсэн багш танд цаг зав байгаа бол хичээлээ үргэлжлүүлэхийг хүсч байна, хотын боловсролын газарт мөн энэ тухай уламжлаад, эргэн танд албан ёсоор мэдэгдэнэ ээ гэж эрхлэгч багш гэж намуухан дуутай эрэгтэй багш хэлсэн. Нээрээ би энэ багшийг ойрд харж яваа, хаха.

Тэгэхгүй бол охидын сургууль дээр тэр бүр очоод байхгүй, очсон ч эмэгтэй багш нар анги дааж авсан байсан тул, харах багш байхгүй жаахан онцгүй байсан юм аа. Хи хи.

Шавийн сургууль дээрх харж явдаг багш хааяа эзгүй байдаг нь жаахан харамсалтай ч, ирэх жил ямартай ч уулзалдаад л явах нь байна.

Шавьдаа заах хичээлийнхээ тухай санаа зовохгүй, харж явах багшид санаа зовж энэ тэр. Хүнд гар байна уу? Хэ хэ. Мэдээж шавьдаа санаа зоволгүй яахав, ирэх хичээлийн жилд унших, бичихийг голчлон заана. Ханз түлхүү үзнэ, дуржиганатал нь уншдаг болгоно гээд ажлаасаа ном хайгаад эхэлчихсэн.

Өөртөө болон шавьдаа амжилт, мөн та нартаа ч амжилт хүсье ээ...

Tuesday, March 20, 2018

Гого ном

За энэ ном аль түрүү жил л надад ирсэн. Унших зав гарахгүй явсаар, одооноос л барьж аваад сууж байна.

Өмнөх Манго жимстэй цайгаа уншаад дууссан. Одоо үүнийг хэд хоног орсон ч гарсан ч барьж аваад л явах санаатай.

Гэхдээ зулзагууд амарчихсан. Өдрийн хоол энэ тэр гээд бага зэрэг завгүй гүйнэ. Дээрээс нь ажлын газар нүүх гээд бөөн хайрцаг дунд, ном энэ тэрээгээ цэгцлэх гээд тухтай суух завгүй л байна.

Хэдийд нь унших вэ гэдэг л асуудал болж байна даа. Яаж ийгээд уншина даа тийм ээ? Номонд дуртай улс бол андахгүй дээ. Заримдаа боддог юм. Төв газрынхан ажилдаа ирж очихдоо галт тэргэнд их уншдаг шиг, би бас галт тэргэнд, метронд уншаад л явах юмсан гэж.

Гэснээс ажлын газар харьцангуй ойртож байгаа тул тэнгэр сайхан өдөр алхана даа. Бондгороосоо жаахныг ч болтугай гээх санаатай.

Номын тэмдэглэл бичилгүй, шаал утгагүй зүйл бичээд байгаад уучилна биз дээ? Ном унших гэж хичнээн их цаг зав гарган байж, хүч хөдөлмөр зарцуулж байж уншсанаа хойшид дурсах гэж л оршил их бичдэг болж. Хэ хэ.

Энэ номын тухай шүүмж, тэмдэглэл, магтаал энд тэнд их бичигдсэн байсан. Олж уншина биз дээ? Тэр олон зүйл дээр өчүүхэн би бас нэмэрлээд ч яахав. Хи хи. Том шалтаг тоочсон уу?

Номын цагаан буян дэлгэрэх болтугай...

Жич: Номын хавчуурга гоё байгаа биз? Саяхан бас нэг хөөрхөн номын хавчуургатай болсон. Дараа өөр нэг номтой хамт зургийг нь оруулна аа.

Мөн гого ном өгдөг найз дүү нартаа, ах дүү нартаа, найз нөхөддөө дахин дахин баярлалаа. Дараа дахин захих номоо аль хэдийн товлочихсон байгаа шүү. Ккк

Monday, March 19, 2018

Ахлах сургуулийн бэлтгэл

За завгүй амралтынхаа өдрөөр юм юмаа бага багаар амжуулаад л явна.

Дунд сургуулийнхаа дүрэмт хувцсыг худалдаж авсан газраасаа ахлах сургуулийнхыгаа бас захиалчихлаа. Хаа сайгүй л үнийн хувьд адилхан гэсэн болохоор ийш тийш гүйсэнгүй. Цагийн гарз. Цаг бол алт гэдэг үг энэ япон улсад чинь асар хэрэгжинэ. Толгойд ортол шүү бүр.

Ямар сайндаа охидыгоо загнах даа
-Шүд мүдээ сайтар угаана шүү. Өөрсдийнхөө хайнга байдлаас болж хорхойтвол би эмнэлэг домнолого дагуулж явж чадахгүй шүү. Хайран цаг, тэгсэнд орох нь ээ, номоо уншаад ч юм уу, нэхмэлээ нэхээд ч юм уу суусан нь дээр. Би бас хүн шүү, дуртай зүйлээ хийх эрхтэй шүү, робот гэж ойлгоод байвал том эндүүрэл шүү.

Гэж загнадаг юм. Ха ха. Тийм биз дээ? Ээж хүнийхээ хувьд мэдээж үүргээ ухамсарлаж байгаа ч, хүүхдүүд бас үүргээ мэддэг байх хэрэгтэй биз дээ?

За за хадуураад эхэллээ.

Дүрэмт хувцас бас хөөрөгний үнэтэй. Юбка, пиджак хоёр л 43000 иен. Зуны юбка нь дунд сургуулийнхыгаа өмсөж болно гэсэн. Мөн дотуур нь жилетка байдаг гэнэ. Худалдаж авдаг хүн ховор гэнэ. Хэрэв явцын дунд хэрэгтэй бол ирээд захиалаарай гэсэн.

За тэгээд тамирын хувцас нь өмд цамц, пүүз гурав нийлээд 21000 иен.

Ингээд нийтдээ хэдэн иен болчихов оо. Хэрэгт дуртай бол өмнөх бичлэгт бичсэн иенийг нэмээд бодчихоорой. Хэ хэ.

Одоо дээрээс нь сар бүр сургалтын төлбөр, хоолны зардал, бас бус бичгийн хэрэгслийн зардал гээд л урсгал зардлууд хүлээж байна даа.

Бүсээ чангалаад, сангийн сайд болох ээжийн авъяас шаардагдаад явах нь дээ. Томоос том маамуутай ээж аав нарт амжилт хүсье ээ.

Түр баяртай.

Saturday, March 17, 2018

Замаг сайтай нууранд загас...

Та нар амралтынхаа өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?

Би сүүлийн үед асар завгүй өнгөрөөгөөд байна аа. Зан сайтай юм болохоор хүн болгон цуглаад байна аа. Хэ хэ.

Өнгөрдөг бүтэн сайнд эх оронд минь Жайкагийн сайн дурын ажилтнаар 2 жил гаран яваад ирсэн жижигхээн хүүхэн
-Танайд очмор байна аа, тантай уулзмаар байна аа.
-Өө тэг ээ, сонин сайхан сонсмоор байна аа би ч.

Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар
-Найз залуутайгаа очиж болох уу?
-Найз залуутай болоо юу? Тэг ээ тэг.

Болзсон өдөр ч болов. Зочид маань ч ирэв. Болоогүй ээ, монгол хоол идмээр байна гээд хоолоо захиалчихаж байгаа юм. Сэргэлээн. Хэ хэ. Бууз бэлдэж бондогоноод л би.

Тэгсэн найз залуу нь бас монголд 2 жил ажилласан, монголоор яриад байна шүү. Хи хи. Яаж яваад таарчихав та 2 гэж би жаахан цаашлуулаад л.

Элдвийн зүйл хамж шимж яриад л хөгжилтэй байлаа.

Дараагийнх нь баасанд бага зулзагын төрсөн өдөр. Уулын маань зээ нар манай гэрийн ойрхон байдаг цанын бааз дээр тэмцээнтэй тул ойртоод танайд хоночихож болох уу? л гэнэ.

Бид чинь байнга шахуу очиж төвөг уддаг улс чинь уухайн тас зөвшөөрнө биз дээ?
-Юу асуугаад байна та хэд минь? Шууд л ир, манай хаалга та бүхэнд үргэлж нээлттэй шүү дээ.

Ингээд бид хөл хөдөлгөөнтэй төрсөн өдөр тэмдэглэв. Бага зулзага их л зугаатай байлаа. Өөрийнх нь л төрсөн өдрөөр зорьж ирсэн гэж ойлгоод байх шиг байна лээ. Хэ хэ.
Уулынхан маань дуртай болохоор төмсний хучмалаар дайлав. Бид ч дуртай.


Маргааш орой нь ахлах сургуулиа төгсөж байгаа нэгэн агааг гэртээ урьж, бяцхан үдэлтийн паарти хийгээд. Эртхэн хийхгүй бол дэвжээ нь тодорхой болчихвол бидэнд олдохгүй, энд тэнд үдэлтийн шоунд оролцоод зав нь болдоггүй юм. Ингээд нэлээд орой болтол сууж буу халав.

Маргаашийнх нь бүтэнд сайнд нэгэн орос залууг гэртээ урив. Танайд очмоор байна гэж их олон удаа гуйж байгаа гэсэн. Хань ижлийн ажлын газарт түр хугацаагаар ирсэн юм. Ямар хоол хийх вэ? энэ тэрээ болж байгаад л ангийн маханд дуртай гэсэн гэхээр нь бодон гахайн мах шарж дайлсан. Амар, мах ногоогоо хэрчээд л шарчихна. Монгол хоол шиг ажиллагаа шаардахгүй.

Ингэж олуулаа бужигнах сайхан ч идэж уусныхаа хэрээр би бондойгоод байна аа. Хайрын бариул мариул юуны ч бариул болчихов оо. Яана аа?

Нэг хятад найз манайд ирж боргол уусан юм, хагас сайны өдөр. Тэгснээ
-Бондойгоод л, баярт мэдээ дуулгах нь уу?
-Үгүй үгүй, ойрд идэж уугаад, бондойчихсоон. Маргаашнаас хэвийн дэглэмдээ орно доо.
-Маргаашнаас гээд удаж байна аа, ижий минь.

Гэж том зулзага хажуунаас ярианд оролцоод. Хэ хэ. Нээрээ л миний маргаашнаас гэдэг үг арай хэтрээд байгаа ч замаг сайтай нууранд загас болгон цуглана, зан сайтай айлд хүн болгон цуглана гэгчээр, өөрийгөө энэ дэлхийн хамгийн зан сайтай хүнээр тооцчихоод л хөөрөөд сууж байна даа гэж. Хэ хэ...

Thursday, March 15, 2018

Ахлах сургууль дахь дүрэм журам

Шинээр элсэгчдэд зориулсан бүхэл бүтэн ном гаргаад бэлдчихсэн байсан. Түүнийхээ агуулгын дагуу холбогдох багш нар нь гарч ирээд л яриа хийв.

Захирал үг хэлнэ. "Тэнцсэн сурагчид, эцэг эх та бүхэнд баяр хүргэе" энээ тэрээ гэж ирээд л. Мөн сургуулийнхаа үүх түүхээс бага зэрэг ярьж өгсөн.

Холбогдох багш нарын ярьсан яриаг товч сийрүүлбэл:
  • Дугуйгаар явж болох хороодын тухай бэлдсэн газрын зураг дээр тайлбарласан. Ингэж дугуйгаар явахдаа заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Мөн тусгай зөвшөөрлийн бичигтэй байна. Ингэхийн тулд дугуй худалдаж авсан газартаа очиж үзлэгт хамрагдсан байх ёстой. Ямарваа нэгэн эвдрэлгүй байх ёстой. Сургуулийн гадаах дугуйны зогсоолыг дугуйгаар ирж очих зөвшөөрөлтэй сурагч бүрт нэг нэг зогсоол гаргаж өгнө. 2 давхар зогсоол гэсэн. Эрэгтэй сурагчид дээд давхарт нь, охид доод талд нь зогсооно.
Том зулзага ашгүй дугуйгаар явах юм билээ. Гэхдээ л санаа зовно доо тэ? Саадгүй яваад хүрсэн байгаа гээд л. Учир нь автын ослын дийлэнх нь өглөө оройд сургуульдаа ирж очиж байгаа хүүхдүүд өртсөн осол байдаг юм. Түй түй, муу ёр...

Бас нэг ажил гарч ирсэн байгаа биз? Дугуйгаа үзлэгт хамруулна. Хагас бүтэн сайны нэгэнд явна даа.
  • Баахан л бөглөж өгөх материалын тухай ярьсан. Сар бүр төлөх сургалтын төлбөр, бас бус даатгалын хураамж авахад хэрэг болох дансны дугаарын хуудсыг бөглөж өгнө.
Улсын сургууль тул төлбөр харьцангуй бага. Яг өдийгөөс л хүүхдэд зарах төсвийнхөө ихэнхийг хэрэглэдэг гэж нэгэн туршлагатай аав хэлсэн. Хичээнэ дээ, том зорилгуудын маань нэг биз дээ? Үр хүүхдээ хоолонд нь хүргэх нь тийм ээ?
  • Гар утасны хэрэглээний талаар нэлээд удаан ярьсан. Гар утас барьж болно. Харин сургууль дотор болон эргэн тойрон хэрэглэж болохгүй. Унтраасан байх ёстой. Хэрэв гар утсаа хэрэглэж харагдах юм бол гар утсыг нь хурааж аван 7 хоног сургуулийн тусгай сефенд хадгална.
Дунд сургуульдаа гар утас барилгүй, хичээлдээ л анхаарч ирсэн том зулзага минь ахлан сургуульд ороод ухаалаг утастай болно гэж хөөрөөд л байгаа. Тэр сургуульд тэнцвэл авч өгнө гээд ээж ам алдчихсан. Тэнцсэн тул утас авч өгнө дөө. Бас нэг том ажил. Учир нь утасны компани дээр очиж дугаар, утас авна гэдэг чинь алаан байхгүй юу. Элдэв зүйлс нэхээд л, шаардаад л, асуугаад л, шалгаагаад л хамаг цаг аваад хаячихдаг стресстэй газар. Би очих дургүй. Хэ хэ. Тэрнийхээ ачаар ухаалаг утасны сүүлийн загвар энээ тэрээ гэхгүй элэнц өвөгтэй нь яваад байгаа. Болж байна, амьд арзайгаад л. Хи хи.
  • Хичээлийн талаарх яриа. Эцэх эх та нар сүүлийн үеийн янз бүрийн мэдээлэлд бага автаж хүүхдийнхээ хичээлд, сурлагад бага шиг садаа болоорой. Англи хэлний тэр дугуйлан секц сайн гэнэ, энэ багш сайн гэнэ, тэр ч сурах бичиг сайн гэнэ гээд гүйгээд байв. Тэртэй тэргүй сургууль дээрээ, багш нарын бэлдсэн зүйлийг үзэж хараад судлаад явна. Харин та нар хичээлээ сайн хий гэж үглэ. Орчингоор нь хангаж өг.
гэсэн. Нэг бодлын үнэн санагдаад, толгой дохиод л суув би ч. Багаасаа хичээл хийгээд, суугаад сурчихсан хүүхдэд бол нэг их саад бололгүй, үе үе үглэсхийгээд, үе үе найзласхийгээд явж байвал болдог юм шиг байна лээ. Хувийн туршлагаасаа хэлэхэд. Ажлын газраасаа англи хэлний ном энэ тэр зээлээд ирэхээр нэг тоодоггүй юм, том зулзага. Сөхөж харчихаад л болоо. Болсон болоогүй олон ном хараад, дунд нь эргүүтэж байснаас, сурах бичгээ сайн хийгээд сайтар ойлгосон байх нь чухал биз дээ? гэж нэг удаа би загнуулсан том зулзагатаа. Ха ха.

Хааяа би охин нь юм шиг загнуулдаг шд. Ккк

Үргэлжилнэ...

Мөнгөө чамд би хайртай

Мөнгөнд би хайртай, та нар бас хайртай юу? Хэ хэ.

Том зулзагын орж буй ахлах сургууль дээр түрийвчээ хоосон болтол нь гөвчихөөд ирлээ, мундаг уу? Хи хи. Мөнгөгүй болсон хүн яахав, ингээд л мөнгөнд хайр зарлаад л сууж байна.

Зуны богино ханцуйтай цагаан цамц 3, урт ханцуйтай цагаан цамц 3,  зангиа 1, энгэрийн тэмдэг 1 гээд нийтдээ 23000 иен орчим.

Сурах бичиг энэ тэр нийлээд 40000 иен орчим. Мөн гурван толь бичиг худалдаж авсан.

Дээрх зүйлсийг сургууль дээр нь тухайн газрууд ирж худалдаалж байсан. Амар. Ийш тийшээ гүйхгүй.

Одоо гол зүйл болох дүрэмт хувцсаа сууж захиалаагүй байна. Энэ хагас бүтэн сайнд явахаас. Дунд сургуулийн дүрэмт хувцсаа худалдаж авсан газраасаа л асууна даа. Байх болтугай гэж залбирахаас.

Япон хүмүүс л болсон хойно их эртнээс захиалгаа өгөөд, бэлдчихсэн хүүхдүүд байна гэсэн. Бид яахав, яг аль сургуульд нь орохыг сайн мэдэхгүй байсан учраас гэж шалтаг тоочоод л сууж байна.

Тамирын хувцсаа бас авна. Овоо хөөрхөн үнэтэй юм билээ. Явцын дунд авна. Шууд дэлгүүрээс нь очиж авна.
Зургийн дугуйлангийн багш бэлэглэсэн. Ахлах сургуульдаа хичээгээрэй гээд. Зарим нэг найзууд маань юугаар мялаах вэ? гэж асуугаад л өнөөх нь ном худалдаж авах каарт гэж хариулаад л. Түүнийг нь сонссон би "ээжид нь л мөнгийг нь өгчихөөч, ээж нь тэр мөнгөөр нь хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихнө шдөө" гэж бодоод л. Үүнийгээ ил хэлэхгүй л дээ, загнуулна биз дээ? Ккк
Үүнийг гурван бүсгүй идээд. Аавыгаа тарахаар нь цуг хоолонд орох гэсэн чинь аав нь оройтно гэхээр нь эмэгтэй л хүн болсон хойно дуртай зүйлээ авч булагнав. Удахгүй болох бага зулзагын төрсөн өдрөөр л дуртай хоолоо идэцгээе гэж тохиров. Дуртай хоол нь ихэвчлэн шарсан мах л байдаг юм дөө. Хэ хэ. Хааяа л сүши буюу будаан дээр түүхий загас тавьсныг нь иднэ дээ. Бага зулзага харин сүүлийн үед пицца гэдэг болсон байна лээ. 

Нэмээд хэлэхэд хүүхдийнхээ ахлах сургуульд ороход нь бэлдэж мөнгө хадгалах хэрэгтэй гэж хэлмээр байна өө. Хо хо.

2 цаг хагасын лекц сонсож байгаад ирсэн. Сургуулийн дүрэм журам, энэ тэрээ. Энэ талаар тусад нь бичимз. Түр баяртай...

Tuesday, March 13, 2018

Хариу ба дахин шалгалт

За том зулзага "конкурсныхаа" хариуг сонслоо. Товлосон өдрийн 12 цагт шалгалтын дугаарыг нь гаргаад хадчихдаг юм байна.

Цугласан олон дугаараа хайж олоод, бөөн баяр хөөр, харуусал болоод шуугилдаад явихчихав. Энд тэнд охидын баярласан орилоон. Ёоо энэ охидууд энд тэнд явахдаа, хөөрөхдөө дуугаа жаахан намсгавал зүгээр юм байна шүү гэж бодов.

Тэртээх олон жилийн өмнө их сургуулийн конкурсныхаа хариуг сонсох гээд ээж аавыгаа их сургуулийн гадаа сойсноо дурсав. Тэнцсэн байсан чинь хөөрхийс минь баярлаад л, нулимс унагаж энэ тэр. Би ч тэр хоёрыгоо баярлуулсандаа урамтай байсөөн.

Яг л тэр дүр зураг энэ өдөр давхцав. Аав ажилтай тул ээж охин хоёр догдлон догдлон дугаараа хайв. Байж байна аа. Том зулзага ч дороо дэвхцээд бөөн баяр. Би ч бөөн баяр.

Хэдэн оноотойгоор тэнцсэнийг нь хэлж өгдөг юм билээ. Биеийн байцаалтаа авч очсон.

Маргааш нь тэнцсэн сурагчдыг дахин шалгаруулж анги хуваарилалт явагдана гэсэн хуудас тараасан байсан. Анги хэл, тоо, япон хэл гэсэн гурван хичээлээр л шалгалт авсан. Дунд сургуулиа төгссөн өдрөөсөө эхлээд л түүндээ бэлдсэн. Тэнцсэн гэдэгтээ итгэлтэй байсан шиг байна лээ, зулзага минь. Бусад хүүхдүүд, төгссөн гээд орой нь бөөнөөрөө хоолонд орно гэж байсан юм билээ.

Тэгсэн манай энэ хотод дунд сургуулийн 3 сурагч амьжиргаа цагаан унаж яваад осол гаргаад, тэвшин дээр нь сууж байсан нэг нь шидэгдэж тэртээ хол үсэрч унаад, нас барчихсан хэрэг гарсан юм. Тэгээд төгсөж буй сурагчдыг бөөнөөрөө, харгалзах хүнгүйгээр орж гарахыг нь хорьсон.

Гэхдээ л хүүхдүүд болсон хойно тэр өдрийн үдээс хойш энд тэнд зөндөө л хүүхдүүд бөөнөөрөө холхиж харагдана лээ.
-Яана аа? Багштай таарчихдаг гэнээ.
-Тийм үү? Хаана явжынаа цаадах чинь.
гэх тэм яриа чих дэлсээд л.  

Бас л бага насаа дурсав. Хичээлээ тарчихаад охидууд бид энд тэнд цуглаж дээс цуврах гэхлээр л багш нар энд тэндээс гарч ирчихээд харь гээд хөөгөөд байдаг байж билээ. Одоо бодоход ухаалаг утас энэ тэр гэхгүй үсэрч харайгаад их л зөв өнгөрчээ, бага нас минь.

Хариугаа сонссоны маргааш өдөр нь сурагчид дахин шалгалт өгч шүүсээ шахуулна, ээж аав нар үдээс хойш сургууль дээр нь очиж түрийвчин дэх байдгаа шавхуулдаг юм билээ. Цагаан цамц, ном сурах бичиг энэ тэрээ худалдаж авна гээд л.

Энэ талаар тусад нь бичих нь зөв байх.

Sunday, March 11, 2018

Төгсчихлөө 2

Ингээд төгсчихлөө гэсэн чинь болоогүй ээ. Маргааш нь амралтын өдөр хэдий ч том зулзага сургууль руугаа дүрэмт хувцсаа өмсөөд л явсан. 

Учир нь доод ангийнхандаа зориулж үлээврийнхэн сүүлчийн "тоглолтоо" хийх юм гэнэ. Мөн trumpet тоглодог 1, 2 дугаар ангийн коохайдаа бэлэг өгдөг гээд худалдаж авсан. Юу бэлэглэх билээ? гэж жаал гадуур явав. Арайхийж хөөрхөн, сэтгэлд нийцсэн зүйлээ авав. Захиа бичээд, өөрөө боох юм гэсэн. Том зулзага иймэрхүү зүйлдээ гаргуун. Дараа урласан бүтээлээс нь оруулна аа. 

Бэлэгний талаар хэдэн үг. Эцэг эхийн зөвлөлөөс анги ангидаа хийдэг дурсгалын хичээлийн сүүлээр сурагч бүрт нэг нэг цэцэг бариулсан. Дуугаа дуулсны дараагаар багшдаа баярласан талархсанаа хэлээд бэлэглсэн. 

Багшид ингээд л болоо. Хэ хэ. Аан тийм, өөрсдөө урласан бяцхаан альбом байсан. Ёстой ингээд л болоо. Өөр хүний урманд үнэтэй цайтай зүйл байхгүй. Хөөрхий муу ардын багш. Хи хи. 

Бид багадаа багшдаа алтан ээмэг бөгж ч билүү? Алтанбулаг хивс билүү? өгч байсан санаад байх юм, юу билээ? 

Энд ер нь багш нарт, эмч нарт, төрийн албан хаагчдад ямар нэгэн зүйл өгөх хориотой юм шиг билээ. Авдаг хүмүүс байдаг л гэсэн. Би ховор харж байна л даа. Аан тийм гэхдээ нэг хүн бий, авахын дон тусцан хүн шиг санагдаад... Заримдаа хүмүүсээс тэр тухай сонсоод өмнөөс нь ичээд, бас айдаг. Хэзээ нэг булхай нь илэрч баларна даа гэж бодохоос...

Сурагчдад өгсөн бэлэг гэхээр нэг нэг альбом. Дунд сургуулийн 3 жилийн хугацаан дахь авахуулсан сурагчдын зурагны цуглуулга. Бүх сурагчдын сэтгэгдэл бүхий бяцхан хэмжээний ном. Бас бус зураг. Бие Биедээ бичилцсэн захидлууд. Ингээд л болоо. 

Харин төгслөө гээд  гэрийнхэн нь тус тусдаа хүүхдээ баярлуулах тохиолдол байдаг гэсэн. Би урьдчилаад ном аваад өгчихсөн. Өөрөө захиалгаа өгсөн юм. 

Хувцаслалтын талаар хэдэн үг. Бүх сурагчид дүрэмт хувцастайгаа. Багш нар ихэвчлэн хар өнгийн хослолтой. Мэдээж цагаан өнгийн цамцтэй. Харин яг анги дааж авсан багш нар нь арай өөрөөр хувцаслаж болдог юм билээ. Том зулзагын ангийг дааж авсан багш ягаан өнгийн кимоно өмссөн байсан.

Ээж аав нар бас хар бараан өнгийн хослол голцуу, дотуур нь цагаан цамц, ээж нар энгэртээ цэцгэн энгэрийн зүүлт зүүнэ. Зүүхгүй ч байж болно. Мөн кимоно өмссөн ганц нэг ээж харагдсан.
 
Төгсөв.

Friday, March 09, 2018

Төгсчихлөө

Жилд нэг төгслөө гэдэг бичлэг оруулдаг болоо юу даа. Хэ хэ.

3 жилийн өмнө дунд сургуульд орж байсан том зулзага минь сургуулиа төгслөө. 3 жил гэдэг яасан ч хурдан юм. Ингээд төгсчих гэж.
За энэ арга хэмжээ эхлэхээс өмнө түрүүлж ирсэн ээж аавуудыг дааруулчихгүй гэж гаргаж өгсөн танхимын самбар дээрх баярын мэндчилгээ. "Хүүхэд тань сургуулиа төгсөж буйд баяр хүргэе." гэсэн байна. 
За энэ заалны хоймор. Төрийн далбаа болон сургуулийн туг өлгөөстэй байна. 

Төгсөлтийн арга хэмжээ эхлэхэд доод ангийн сурагчид суудлаа эзэлсэн байна. Мөн багш нар. Түүний дараагаар эцэг эхүүд орж хойгуур сууцгаана. Дараагаар нь хорооны болон, боловсролын газраас ирсэн ганц нэг төлөөлөгч зэрэг хүмүүс орж ирэн сууна. 

Тэрний дараагаар төгсөх ангийн сурагчид анги ангиараа ээлжлэн орж ирнэ. Хүмүүс алга ташилтаар угтана. 

Хамгийн эхэнд зарлагч "бос" команд өгнө. Бүгд босон төрийн дууллаа дуулна. "Суу" командаар бүгд сууна. Анги ангиар нь нэрсийг нь дуудна, нэрийг дуудахаар би гээд босч зогсоно. Нэг ангийн бүх сурагчид босч зогсохоор төлөөлж нэг сурагчид гэрчилгээг нь гардуулж өгнө.

Захирал үг хэлнэ, төгсөх сурагчдыг төлөөлж нэг нь үг хэлнэ, үлдэж буй 1 болон 2 дугаар ангиас төлөөлж үг хэлнэ. Мөн цугласан зочдоос төлөөлж үг хэлнэ.

Хамгийн сүүлд төгсөх сурагчид урд тайзан дээр гарч хоороороо дуулна. Зарим сурагчид уйлж харагдана. Үзээд сууж буй ээж аав нараас ганц нэг нь нулимсаа арчиж харагдана.

Түрүүлээд төгсөх ангийнхан анги анги руугаа явна. Цугласан төлөөлөгчид цуван гарна. Багш нар заалнаас гарна. Бусад сурагчид гарна.

3-р анги хариуцсан эрхлэгч эцэг эхчүүдэд хандаж үг хэлнэ. Түүний дараагаар эцэг эхчүүд хүүхдийнхээ анги руу явцгаана.

Анги ангидаа дурсгал хичээл орно. Багш нь үг хэлээд, бусад сурагчдынхаа гэрчилгээг гардуулж өгнө. Ингэхдээ сурагч нэг бүрийн сэтгэлийн үгийг сонсоно. Багшийн хэлсэн видеог үзнэ. Энд тэнд хүүхдүүд ээжүүд голцуу хүмүүс нусаа татна. Үе үе инээлдэнэ.
Энэ том зулзагын ангийн самбар дээрх зураг. Дурсамж хичээлийн дараагаар зураг авалтын цаг. Ангиараа зураг татуулна. Сүүлд нь хоёр гурваараа, нийлдгээрээ зургаа татуулна. Энд тэнд ээжтэйгээ аавтайгаа хамт зургаа авахуулна.

Эрхлэгч багш аль болох хурдан ангиасаа гарахыг шаардана. Учир нь бусад багш нар нь үдэж гаргаж өгөх гээд нэг давхрын коридорт хүлээн зогсоно. Энэ өдөр их хүйтэн өдөр байсан тул бүгд их даарсан. 

Мөн үлээвэр найрлынхан ая тоглосоор. Том зулзага тэд нараасаа салж хагацан байсан. Учир нь өмнөх жилүүдэд бас л ингээд тоглож байсан болохоор. 

Эцэг эхүүд нэг ресторанд цуглан хүүхдийнхээ хэрхэн өсөж торниж байгаа тухай, цаашид хэрхэх талаараа ярилцан идэж уудаг арга хэмжээ болдог юм байна. Бүгд оролцох албагүй гэсэн. Оролцдоггүй улс ч байдаг гэнэ. Бид ч яваагүй. 3-лаа л булагнаж зулзагынхаа дуртай хоолыг идсэн. 

За ингээд төгсөлтийн арга хэмжээ өндөрлөв. 

Үргэлжлэл бий...

Манго жимстэй цай

Энэ ном бас хөөрхөөн нэг ээжээс  ирсэн юм. Найз дүү.

-Та энэ номыг уншсан уу? Танд энэ ном байгаа юу?
-Аль тэдэн жилийн өмнө уншчихсаан, өө байгаа байгаа.
-Өө тантай чинь юм ярилтгүй, та чинь үнэн гэгээрсэн хүн байна шд.
-Хэ хэ, гүү гүү, эхнээс нь мартаад л явдаг юм шд.

Бид 2-ын хооронд ийм нэгэн харилцан яриа болов. Хэд хоногийн дараа зөндөө ааруултай хамт Манго жимстэй цай манайд ороод ирсэн. Гого байна уу?
Ажилтай гэж хэд хоног гүйгээд юун ном унших. Энэнээс өмнө надад ирсэн ном ч зөндөө байна л даа. Эхнээс нь гарт тааралдсанаасаа уншиж эхэлж байна. Хажуудаа ааруулаа тавьчихаад.
Халуун борголоо бас оочоод л. Жаргаж байна өө. Хи хи.

Номоо хараахан уншиж дуусаагүй ч, охид бүсгүйчүүдийн тойроод гардаг сэтгэлийн шаналан, биеийн шаналал...

Анх том зулзагаа олчихоод ээж аавдаа хэлэх гэхээс айгаад л, хэлж чадалгүй хөдөө ажлаар явсан хойгуур, нөхөр очоод түс тас хэлчихсэн байж билээ. Хи хи. Хөдөөнөөс харьж ирсэн чинь ижий аав 2 минь бие хаа нь зүгээр үү? гээд сүйд болсон юм даг.

Гэх мэтчилэн эмэгтэйчүүд бид чинь олон зүйлтэй тулгарна аа тэ?

За тэгээд нүүр номд олон уншигч нар тэмдэглэлээ хөтөлдөг болжээ. Энэ номын тухай гоё гоё тэмдэглэлүүд байсан байх шүү. Олж уншина биз дээ. Би жаахан залхуурав. Угаасаа ч залхуу л даа.

Тэдгээр сэтгэгдлийг уншаад, тухайн номыг унших сэтгэгдэл төрнө, шунал хөдөлнө.

Дэлгэрэнгүй бичих гэхээр цаг зав их шаардах гээд байна л даа. Зураг л орууллаа. Дараа найз нөхөддөө ном захихад энэ зураг чинь их хэрэг болдог юм билээ. Тэгэхгүй бол уншсан номнуудаа эхнээс нь мартдаг юм билээ шд хүн гэдэг чинь.

За сүрхий уншигчдыг өөртэйгөө адилтгаад мартдаг болгочихлоо. Уучлана биз дээ?
Бүгдийнх нь ном унших их үйлсэд амжилт хүсье.

Tuesday, March 06, 2018

Хөлсөө арчив

Духныхаа хөлсийг арчив. Ер нь бол өнгөрдөг жилийн хавраас хойш л хөлс гараастай. Ялангуяа духны хөлс.

Эргэн тойрны хүмүүсийн яриаг сонсоод л шууд хөлрөөд эхлэнэ. Санаа зовоод эхлэнэ.

Ямар асуудал хөндөхөөр хөлс гардаг вэ гэдэг нь ойлгомжтой биз? Том зулзагын элсэлтийн шалгалтын тухай.

Ядаж байхад уулзсан хүн болгон энэ тухай хөндөнө. Саяхан мундаг гэж хүндэлж явдаг багш хүртэл хөндөөд авсан.

Бүгд муу санаж хэлээгүйг мэдээд байна л даа. Гэхдээ л...

Том зулзагын нэг шийдвэрлэх шалгалт дуусав. Тэгээд л би хөлсөө арчиж, бага зэрэг тайвшраад байгаа нь энэ. Өөрөө шалгалт өгчихсөн аятай. Хэ хэ.

Хүүхдээ улсын шалгалттай жил нь ээж аав, ах дүү, хамаатан садангууд нь өөрсдөө шалгалт өгөх гэж байгаа юм шиг л ханддаг юм билээ. Хамаагүй гэрээр нь орж наргиж цэнгэж болохгүй, хамаагүй дагуулж орж гарч болохгүй гэх мэт.

Тэгсэн би яасан? Байсхийгээд л хүн цуглуулж идэж ууна. Монголоос хүртэл зочид дуудаж идэж ууж бужигналдав. Хи хи.

2 өдөр дарааллан өгнө. Эхний өдөр бичгийн шалгалт. За энэ бол миний мэдэхгүй зүйл. Мэддэгт мэргэн цоохор, мэддэгүйд эрээн цоохор гээч л юм билээ. Шалгалтын асуултын хариу нь маргааш өдрийн сонин дээр гарчихдаг юм билээ.

Дараагийн өдөр нь ярилцлага. Ахлах сургуульд ороод юуг голчон суралцах? Ирээдүйн зорилго? Сүүлийн үеийн нийгмийн тулгамдсан асуудал? зэргийг асуудаг гэнэ.  Санасныг бодоход эелдэг ааштай хүмүүс байсан гэнэ.

Тэнцсэн эсэх тухай энэ сарын дундуур гарна. Догдлон хүлээх л үлдлээ.

Нөгөөдөр болох дунд сургуулийн төгсөлтөө хүлээгээд л сууна даа бид. Маргааш улсаас өгдөг өдрийн хоолны сүүлчийн өдөр.
-Нэмж идээрэй миний охин.
-Хэ хэ, за.

Ахлах сургуульд нэг бол өөрсдөө хоолоо бэлдэж авч явах, нэг бол сургуулийн гуанзанд хооллох гэсэн хоёр арга байдаг гэсэн.

Гэх мэтчилэн ахлах сургуулийн тухай бичээд явна аа. Томоос том хүүхэдтэй ээж аавууддаа амжилт.

Sunday, March 04, 2018

Төгөлдөр хуур

За энэ бас хэсэгтээ уламжлалт бичлэг болоод явах нь шиг байна. Бага зулзагын 2 дахь жилдээ оролцож буй тоглолт. Өнгөрдөг жил эгчтэйгээ тоглосон. Энэ жил эгч нь шалгалт шүүлэг гээд тун завгүй тул, үеийн нэг охинтой хамтарч дарсан.

Бага зулзага гэртээ ерөөсөө давтлага хийхгүй, заримдаа тийм зав нь гарахгүй юм. Мөн өөрөө нас жаахан тул тоглоод л гүйгээд байна. Үе үе эвий минь жаахан юм шүү дээ, тоглож л байг, нэг их удахгүй тоглоод гүйх нас нь өнгөрчихнө гэж бодоод, хатуурхаж чадахгүй ээ.

Би чинь багадаа тасганы овоог тойроод л өмднийх нь бөгсөн хэсэг хөлдтөл гулгаж тоглоно, зун нь усаар байлдаж байна гээд шалба нороод л гүйдэг байлаа шд. Тэрэнтэйгээ харьцуулаад, одооны энэ хүүхдүүд цаг үе цөвүүн болчихсон гээд гадаа ч гарч тоглох нь ховордоод. Тийм ээ?

Юу ярьж байлаа? Аан тийм төгөлдөр хуур. Алдаагүй, сайн тоглосон. Гэм нь урд орой нь бөөлжөөд, хамаг идсэн ууснаа гаргаад хаячихсан, жаахан сул л байлаа. Аяаа тоглож дуусаад л, нурж унасан, нэлээд хэдэн цаг сайн унтсан.
Эх орон нэгт нэг найз минь ирж ийм гого цэцэг бэлэглээд. 

Харин үүнийг оролцсон бүх хүмүүст багшийн зүгээс бэлэглээд.

Одоо намар тайлан гэж болно. Ганц ганцаараа нэг нэг ая тарна. Тэр болтол хэсэгтээ сэтгэл амар.

Хүүхэд хурдан сурах юм өө, ямартай ч нот уншаад сурчихаж байна. Мэдээж бүгдийг сурах болоогүй л дээ, бага багаар ахина. Намар гэхэд бас л нэг шатаар ахисан байх байхдаа. Ээж аав болно гэдэг чинь хүүхдээ нэг зүйл шинээр сураад явахад нь хөөрчих бололтой юм тэ?

Буцаад хүүхэд насандаа нэг очоод ирэхсэн. Тэгвэл ч...

Бүх ээж аав уншигчдадаа амжилт хүсье...

Saturday, March 03, 2018

Гэрийн зүг гэдэн годон

Ажил ч дууслаа, бүгд л гэрийн зүг гэдэн годон.

Хайртай хүмүүстээ цүнх дүүрэн, чемадан дүүрэн бэлэг чихээд л явж байгаа хүмүүсийг үдэж өгөхдөө, дагаад л явчихмаар болдог юм. Соиин, сэтгэл хөдөлнө гэж юүхэв.

Хүмүүсээ автобусанд нь суулгаж өгчихөөд, өөрөө галт тэрэгээ хүлээнэ. Зулзагууд минь хүлээж байгаа даа гэж бодохоор сайхан, гэрийн эзэгтэйн ажил минь хүлээж байгаа гэж бодохоор ...
Окаяма мужийн Курашики хот Шикокү арлыг холбосон их гүүр болох Сэто гүүрийн дээгүүр галт тэргээр. Олоон жилийн өмнө машинаар нэг давхиж билээ. Бас л биширмээр том гүүр. Ингээд л япон хүмүүсийг бишрэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ гүүрний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал нетээс хайчихаарай. Хуруугаа хөдөлгөж байж мэдээлэл олж авна шүү дээ, орчин үед чинь. Хэ хэ. 


Галт тэрэгнээс буугаад л миний ажил ундрана шүү дээ. Нэг ийшээ давхиад л, нэг тийшээ давхиад л. Бүгд л намайг хүлээсэн улс байгаа. Өнөөдөр орой нэг жүжиг үзэх юм. Илүү билет байгаа тул гурван хөөрхөн монгол хүүхдийг дагуулаад явна.

Болоогүй ээ, наана нь бага зулзагын төгөлдөр хуурын давтлага байгаа. Бүтэн сайнд хамтарсан тоглолттой.

3 сарын 3 охидын баяр. Хина мацүри. Энд тэнд ийм чимэглэлээр гоёсон байна. Энэ зураг дээрх шиг хүүхэлдэйн чимэглэл. Бас их учир жанцантай гэсээн. Ямартай ч 3 сарын 3-наас өмнө гаргаж ирж тавина. Яг 3-ндаа хураана, тэгэхгүй бол охин үр нь хадамд гаралгүй уддаг гэсэн. За тэгээд хүүхэлдэй болгон нь бас учир жанцантай. Би сайн мэдэхгүй байна аа, та бүгд мэдэхийг хүсвэл бас л нет гуйгаас асуучихаарай.
Хөрш айлын эмээ бага зулзагыг минь дуудаж үүнийгээ үзүүлээд. Охин нь хүнтэй суугаад явснаас хойш гаргаж ирээгүй, энэ жил нэг гаргаж ирж, салхи оруулаад гэсэн. 

За амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй, бүгдэд нь амжилт хүсье.

Thursday, March 01, 2018

Нутгийн хоол

Япон хүмүүс энд тэнд явахдаа тухайн нутгийн хоолыг идэх гээд чичрээд дайраад байдаг сонин зантай хүмүүс шд.

Би яаж дутахав, дуурайгаад л идээд, уугаад явчихдаг болсон байна лээ.
За нутгийн раамэн. Ажил дуусахын нэг өдрийн өмнө цаг зав, мөнгө гарган идлээ.
Нутгийн гурилтай шөл. Гэхдээ тийм их алдартай биш гэсэн л дээ. Раамэн идэх гээд орсон чинь дуусчихсан байхаар нь махтай шөлтэй юм гээд л захиалсан хэрэг. 

Мөн өнөө оройн нутгийн тахианы мах иднэ. Шорлог. Зураг авч оруулна аа. 

Та бүхэн мөн энд тэнд явахдаа нутгийн хоол идье гэж чичрээрэй. Хоолны соёлтой нь танилцах нэгэн боломж шүү гэж зөвлөчих үү? Хэ хэ.

Чемаданы юм

Дээхэн чинь чемаданы юм гээд л кофе задалдаг байлаа шүү дээ. Одоо үед больж байгаа сурагтай. Хэ хэ.

Гэхдээ энэ зөвхөн хүүхнүүдэд л хамааралтай бололтой. Өнгөрдөг жилийн 4 сард эрчүүдтэй явахад энэ тогтолцоо халагдчихаагүй л байх шиг байсан. Хи хи.

Энэ удаад нэхэж байж, шордож байж ганц чемаданых нь юмыг задаллаа шд. Хи хи.

Тэр нь энэ чихэр. Мармелад. Багадаа их иддэг байжээ. Одоо бол бараг идэхгүй. Иймэрхүү аргаар ганц юм аа задал энэ тэр гэж байж хаа нэгтээ олж идэж байна.

Хажуугийнх нь асахи пиво бол Лувсан гуайнхаас худалдаж авсан юм өө.

Хөгжилтэй зүйл сонсож, инээлдсэн сайхан орой байлаа. Элэг нэгт хүмүүсийнхээ цангинасан инээд ханиадыг сонсох, цаанаа бас өөр юм аа. Нэг тийм хаалт байхгүй...

Маргааш нэг том ажил хүлээж байдаг? Даваад гарна даа. Орой нь идэх галуу шувууны мах, ганц нэг торх шар айраг л бодогдоод байх юм, наана нь.  Бүдүүндчихсэн юм байх даа?

Багад эмээ минь их идээд байхаар бүдүүндчихсэн юм уу хаашаа юм? гэж загнадаг байж билээ.

Маргаашийнхаа ажилд өөрөө өөртөө амжилт хүсээд унтах минь. Шөнийн 1:35 болж байна энэ чинь одоо.