За энэ жил ажлын газар минь байгуулагдаад 25 жилтэйгээ золгож байгаа юм. Ойгоо угтаж нэгэн мундаг хүнийг урьж оролцуулан форум зохион байгуулав.
Би нь хагас staf-н үүрэгтэй, хагас сонсогчийн үүрэгтэй.
Энэ удаагийн мундаг хүнийг нэлээд хэдэн жилийн өмнө бас манайхан урьж лекц уншуулж байсан юм.
Тамура Таро гэдэг хүн. 1995 онд болсон Осака, Кобэ зэрэг газруудад болсон томоохон газар хөдлөлтийн үеэр оршин суугч гадаад иргэдэд зориулсан мэдээлэл түгээх үйл ажиллагаа өрнүүлж байсан нь өнөөгийн өөрийг нь болон сэтгэл санаа нэгт хүмүүстэй хамтран явуулах үйл ажиллагааных нь эхлэл болсон хүн. Тухайн үед 2 долоо хоногийн л хугацаатай гэсэн бодолтойгоор сайн дурын чанартай явуулсан үйл хэрэг нь юун хоёрхон долоо хоногт дуусах нь байтугай өдгөөг хүрээд 20-иод жилийн нүүр үзсэн байна.
За өнөөдөр олж сонссон, толгой дохин чагнан суусан зүйлээсээ ганц нэгийг хуваалцая.
Японд ирдэг гадаад иргэдэд хэрхэн туслах дэмжих тухай их яригддаг байсан бол өдгөө нэг талыг л барьсан тэдэнд л ганц туслаад байх биш, эргээд бид бас ямар нэгэн туслалцаа хүсэх, харилцан ойлголцон амьдрах, нэг ёсондоо оршин тогтнох.
За энэ бид бас ямар нэгэн туслалцаа хүсэх гэдэг нь тухайн мужид чинь, хотод чинь, хороонд чинь оршин сууж буй гадаад иргэнээ өөсрдийнхөө явуулдаг баяр ёслол, хот цэвэрлэгээ гэх мэт үйл ажиллагаандаа татан оролцуулах гэсэн утга бүхий болно. (Өчүүхэн миний ойлгосноор)
Богино хугацаагаар ирсэн гадаад иргэдийн сэтгэл ханамжийн талаар л яриад байх биш, удаан хугацаагаар ирсэн гадаад иргэдэд чиглэсэн бодлого баримталбал сайн. Жишээ нь япон хүнтэй суусан гадаад эхнэр, эсвэл нөхөр. Тэдний үр хүүхэд, ар гэрийнхнийг нийгэмшүүлэх. Ингэж чадвал тухайн гадаад хүмүүсийн нуугдмал авъяас билэг нээгдэн, гэнэт цоорон таны амьдарч бүс нутаг, тосгон хөгжин дэвжих болно. Тэгэхгүй бол дэлхий нийтээр хөгшрөлт маш хурдацтай явагдаж буй өнөө үед та бүгдийн амьдарч буй хөдөө нутаг тун удахгүй хэн ч амьдардаггүй зэлүүд нэгэн газар болох вий?
За би чинь одоо амьдарч буй хороондоо хэдэн хүн таних билээ? Тэдэнтэйгээ хэр зэрэг харьцаатай билээ? Хойшид нэг хэсэг хугацаанд эндээ амьдарахаар төлөвлөж байгаа юм чинь өөрийн болон өрөөлийн сайн сайханд тустай юу чадах билээ гэж бодсон шиг суув. Хэ хэ. Гавъяа байгуулдаггүй юм аа гэхэд гай болохгүйхэн шиг л амьдрая даа гэж сүүлд нь бодов. Жишээ нь хогоо яс ангилж хаяж байх, хааяа нэг зохиодог арга хэмжээнд нь түүртэлгүй оролцож байх, бас хааяадаа хар үүрээр босч гадаах цэцэрлэгийн өвсийг зулгаахад нь нойроо харамлалгүй босч оролцож байх гэх мэт. Энд чинь хур бороо ихтэй болохоор өвс ногоо ч хурлан ургана. Тэгээд л зулгаана шүү дээ. Цэвэрлэгээ гэж нэрлэчихээд өвс зулгаагаад байхаар гайхдаг байлаа анх. Хэ хэ.
За тэгээд, нэлээд урт материалтай ирсэн. Заваараа нэг харж шинэ үг хэллэг, санаа оноог нь харж суралцаад явна аа.
Өө тийм ирж монголынхаа хороо мороонд ажилла гэх хүн байх байх л даа. Би блогоороо дамжуулаад их л хөөрхөн санаа оноо өгөөд хэрэндээ л хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байгаа шүү. Хэ хэ. Гол нь хорооны ажилчид олж уншдаг эсэхт л хамаг учир оршмой...
No comments:
Post a Comment