Ухаант утасныхаа зураг хөргийг хааяа устгаж цэвэрлэдэг юм. Тэгээд энэ уутны зургийг устгах гэснээ эртээд шинэ жилээр хүмүүс их сонирхоод, хөөрхөн болгочихсон юм бэ гэж гайхаад л, зураг хөргийг нь дараад байхаар нь би бас дуурайж зураг дарсан юм. Тэгээд устгахаасаа өмнө блогтоо чирээд ирлээ.
Зүгээр л дэлгүүрээс өгсөн цагаан уут. Гэрийн минь гурван бүсгүй ингэж чимсэн юм. Энэ гэхдээ бүх хүмүүст бэлэгээ өгөхдөө хийж өгсөн уут биш л дээ. Нийт бэлэгнүүдээ хийж авч явахдаа ашигласан уут. Өвлийн өвгөний бэлэгний уут болгож чимсэн нь энэ.
Санта, буга хоёрыг бага зулзага хийж өгсөн. Сүлд модыг будаж өгсөн. Цэнхэр цасан ширхэгийг том зулзага хайчилж өгсөн. Хмас гэж бас л том зулзага бичиж өгсөн. Ингэхэд миний хийсэн зүйл байна уу? Хэ хэ.
За энэ уутны маань нөгөө тал. Сайн харвал саарал өнгийн цаасаар хайчилсан цасан ширхэг байгаа биз? Тэрийг том зулзага хайчилсан. Сүлд модыг бас л бага зулзага будсан. Ноел гэж том зулзага бичсэн. Харин тэр дөрвөлжин цасан ширхэгийг би хайчилсан. Хаха.
Том зулзага шоолоод, дөрвөлжин гээд л. Би багадаа уг нь ингэж зөндөө л хайчилдаг байсан чинь мартсан байна лээ. Үе үе ингэж хайчилж байна аа.
Ирэх жил хүүхдүүдийнхээ бэлэгний уутыг бас ингэж хийсэн ч болно. Хадгалсан уут минь зохимжгүй байгаад байвал.
Идэж уусан газрын минь гоёо. Эд нарыг сүлд модоо, ийм чимэглэлүүдээ хурааж авахаас нь өмнө шинэ жилээ тэмдэглэсэндаа баяртай байгаа. Тэгэхгүй бол 25-ныг дуусгаад уур амьсгал 360 хэм өөрчлөгдөнө шүү дээ. Учир нь 1 сарын 1-нд цагаан сар гээд цагаан сарын идэш ууш, чимэглэл энэ тэрээр солигдчихдог юм.
Харин манайх он гартал ёолкоо хураахгүй шүү дээ. Завтай зайтай өдрөө хураана гэж явсаар нэлээд удна.
No comments:
Post a Comment