Sunday, December 31, 2017

Энэ жилийн хуанли

За 2018 оны хуанлигаа олоод авчихсан. Хамгийн түрүүнд улаан өдөр буюу амралтын өдрөө харна. Хэдэн сард хэд хоног амралт таарах нь уу гэж. Амрах үнэн дуртай. Хэ хэ.

Шуналтай хүн чинь хэд хэдэн газар хуанли өлгөсөн. Хамгийн эхэнд жорлондоо. Би бол тоо нь том, элдэв зүйлсээ тэмдэглэж болохоорыг сонгож авдаг юм. Том өрөөнд маань харин бэлгэдэл болгож сүмогийн хуанли өлгөөтэй байдаг. Хэдэн сүмочдын зургийг л харна уу гэхээс, жаахан хараа муутай хүнд бол сар өдөр нь харагдахааргүй шахуу жижиг байдаг л даа.

Тийм болохоор том гал тогоондоо бас том тоотойг өлгөнө. Японд чинь бүхий л зүйл цаг нартай, минут секундээр л яригддаг болохоор хуанли ч бас олон төрлөөрөө гарна. Худалдаалагдана. Том том албан газрууд өөрсдийн байгууллагаа сурталчихсан хуанли гаргана.

Шинэ оноо угтах бэлтгэл хангагдаад л байна бага багаар.

Дэлхийн газрын зурагтай, японы газрын зурагтай хаунли бас олж ирсэн. Түүнийгээ ширээнийхээ бүтээлэг дор дэвсэнэ. Энэ жил ч бас хоол идэнгээ дэлхийгээр, японоор аялаад л явах нь.

Их зүгээр шүү, гэрээрээ тэр улс хаана байдаг билээ? хаана байдаг юм бол? гэж ярилцаад. Юмыг яаж мэдэхэв хэзээ нэгэн цагт хаа нэгтээ аялах ч юм билүү тэ? Амны билгээс ашдын билэг...

Ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. Өөртөө ч бас блогоо тасралтгүй бичихийн ерөөл өргөн барина аа.

Saturday, December 30, 2017

Ирэх оны найз

Шинэ оныг хамтаа үдэх найз минь. Одоохондоо нимгэн, шинээрээ л байна. Яваандаа зузаараад, элэгдээд, олон наалт наагдаад, олон  ч үйл явдал тэмдэглэгдээд явна даа. Эргээд сөхөж байхад ч тухайн жилийн үйл явдлууд ар араасаа нүдний өмнүүр жирэлзээд л сайхан байдаг юм.

Голцуу үр зулзагуудын минь элдэв арга хэмжээ тэмдэглэгдсэн байдаг л даа. Түүнийх нь үр шимийг мэдрээд, суух ч бас айдаа мөн жаргал шүү дээ. Эцэг эх байна гэдэг ч тэгээд үр хүүхдээрээ бахархаж л кайф авдаг юм байна шд. Миний муу ээж аав бас л тэгдэг байх даа гэж.

Ээжийн хувьд ихэвчлэн тэр өвөөгийнд тэгж бууз хуушуур хийж идэх, тэр эмээтэй тэнд тэгж цайлах гэсэн зүйлүүд голцуу.

Бодоод байхад айл гэрийн эзэгтэй, ээж байх чинь алдаа гаргах эрхгүй л болдог юм шиг байна. Тэр дундаа мартаж болохгүй. Ээж нэг л зүйлийг мартвал гэрийн бусад гишүүдийн зүйл бас мартагдана гэсэн үг. Хэ хэ.

Гэсэн ч ээж бол гандан буурахгүй алдаа гаргана л дээ. Харин энэ тэмдэглэлийн дэвтэр найзынхаа ачаар мартах нь арай гайгүй. Бичихээ мартчихвал харин мартана шүү дээ. Хи хи

За та нар минь ч бас шинэ оноо шинэхэн дэвтэртэйгээ сайхан угтаарай. Хуучин дэвтрээ хаяж болохгүй шүү. Хэ хэ. Эргэж харах хэрэг гараад байдаг юм. Ккк

Ажлын шинэ жил

Бас л уламжлалт бичлэг.

Өглөө нь ажилдаа угааж хатаасан хувцсаа өмсөөд л, машиндаа нүүрээ будаад л ажил дээрээ очив. Яагаад машиндаа нүүрээ будав гэхээр охид амарчихсан, цугтаа гарах гэж мунгинасаар байтал цаг болчихож байгаа юм.

За тэгээд л өглөө яарч сандарч гарсан хэвээрээ л ажлынхаа шинэ жилд оров шд. Би үүндээ асар ихээр дасаад, монголд байгаа та нарын үнэтэй цайтай даашинзыг харахаараа л үүнийг авах мөнгөөр тэдэн кг самар авна даа гэж боддог болсон байна лээ. Хэ хэ.

За тэгээд ажлын шинэ жил яахав дээ, болдгоороо л боллоо. Уулаа, идлээ.

Мэдээж томоохон, хүн ихтэй албан газрууд өөрөөр тэмдэглэдэг байх л даа. Манайх чинь жижигхээн газар шүү дээ. 9 хүн ирсэн. Түүнээс 5 нь гадагад.

Хүүхнүүдээс би ганцаараа ууна. Мундаг уу? Ха ха.

Гэснээс энд тэнд харчууд олонтой газар пивоны шил гартаа барихгүй байхыг сануулъя, ахтай захтай, ёс жудагтай байна шүү гэж шинэ оныхоо үгийг эхэлдэг болсон байна.

Манай ажлынхан надаасаа айгаад тэгж хэлж зүрхлэхгүй л дээ. Хэ хэ.

Шинэ оноор харлаад, жаахан онцгүй л байх шинжтэй. Өнөөх айлгаад байсан цас ахайтан сураггүй л байна. Оройтсон бороо гэдэг шиг оройтсон цас гэж орох байх шүү энэ.

Wednesday, December 27, 2017

Өвлийн өвөөдөө баярлалаа

Уламжлалт бичлэг.

Жил бүр л хүрэлцэн ирэх юм, хөөрхий муу өвлийн өвөө.

Том зулзага хэн гэдэг өвөө ирдгийг мэддэг болсон тул наана нь хүссэн зүйлээ авахуулчихсан. Харин яг ирдэг өдөр нь жижигхээн зүйл бэлдэхээр тохиролцсон. Тэгэхгүй бол өнөөх бага зулзага гайхал чинь хардаад давхичихна шүү дээ.

За хамгийн эгдүүтэй нь бага зулзага. Хайр хүргэнэ ч гэж юүхэв.
За энэ захиа нь. Захиагаа төгсгөхдөө дуусаа, гүйцээ гэж төгсгөөд, инээд хүргээд хаячихаж байгаа юм.

Эртхэн бичиж илгээсэн энэ захианых нь ачаар яар сандарч гүйлгүй бэлгээ бэлдсэн.

Бэлгээ хүсэн хүлээсэн зулзага чинь байхуу цай, жигнэмэг бэлдэж тавив. Шөнөжигнөө сэрвэлзээд унтаагүй ээ, зайлуул. Санта ирж байгаа болов уу? гээд л.

Өглөө нь ердийнхөөсөө 1 цагийн өмнө сэрэв. Яг толгой дээр нь бэлэг нь байдаггүй, уйлаан майлаан болов. Хань ижил сандарч, сэмээрхэн гарч машиныхаа араас бэлдсэн бэлгээ оруулж ирэн, хөшигний ард нуув. Ха ха.

Урд орой нь унтахаар нь оруулж ирнэ дээ гэж байсан чинь унтчихаж, энэ санта эмгэн гуай. Ккк.

Бэлгээ хайгаад, эхэндээ олоогүй хүн чинь уруул ам нь дөрвөлжилж ирээд л уйлав. Цуг хайлцаад, олсныхоо дараагаар задалж үзээд л нүд нь сэргээд ирж байгаа юм. Хи хи.

Сүүлд том зулзагад загнуулсан. Яг дэрнийх нь хажууд тавихгүй бол болохгүй шдээ, гэж. Ирэх жил л марталгүй, унтчихалгүй яг дэрэн дээр нь тавих юм шүү. Ккк

Нэг ийм хөгжилтэйгөөр өвлийн өвөөгөөсөө бэлгээ авлаа бид.

Том зулзага өөрийхөө бэлгийг авчихаад жуумалзаж харагдсан.

Уншигч өвлийн өвөө нар минь бэлэг тараах ажлаа амжилттай давсан биз дээ?

Tuesday, December 26, 2017

Мундаг

Өө энэ хүмүүс чинь яасан ч мундаг юм.
Ажлын газрын нэг хятад хүүхэн байна. Үе үе ингэж жигнэмэг хийж тараана. Нарийн боовчны? үнэмлэхтэй гэсэн. Мундаг байгаа биз.

Хятад хүмүүсийг ажаад байхад ямар нэгэн илүү үнэмлэх энэ тэртэй байх нь элбэг юм билээ.

Зүгээр л мундагийг нь гайхаад суух би... Энэ хүүхнийг дуурайж жигнэмэг, бялуу хийж сурмаар л байгаа. Олон юм руу үсчиж чадахгүй л явна.
Охидынхоо төгөлдөр хуурын багшид бэлэглэх гээд нэхэж буй оймс. Хажуугийн  гонзгой нь юу вэ гэхээр өнөөх дугуй аяга угаагчаа ийм хэлбэртэй болгосон. Яагаад гэдэг шалтгааныг нь дараа хэлнэ ээ.

Бүх мундаг уншигчдадаа улам өндөр амжилтыг хүсье.

Sunday, December 24, 2017

Гоёмсог 2

Гоёмсог санагдсан зүйлсийнхээ зургийг оруулж ухаалаг утсаа жаахан хөнгөлөхгүй бол эвдрэх шинжтэй.
Эртээд ууж идсэн айлын жорлонгийн өрөөн дэх цэцэг. Эд нар жорлонгийнхоло ариун цэвэр, тав тухад их анхаардаг улс шүү дээ. Цэвэрхэн ч гэж юүхэв.

Ресторан, уушны газруудыг жорлонгоор нь үнэлчих гээд байдаг болсон байна билээ.

Мөн гэрийнхээ жорлонд ганц нэг зүйл тавьж дуурайдаг болсон. Хэ хэ.
За энэ охидын төгөлдөр хуурын багшийн гэрийнх нь үүд. Ваар, цэцэг байгаа тавиур бол гутлын шүүгээ.
Ингээд цэцгээ үе үе солино. Цэцгээ л сольсон байхад ваар нь бас солигдсон мэт харагддаг юм билээ.
Хуучин байшингаа нурааж, шинээр гэр барьсан айл. Настай хүмүүс л дээ. Хүүхдүүд нь томроод тусдаа гараад явчихсан. 90 хэдтэй ээжтэйгээ цуг амьдардаг. 2 давхар хаусаа нураагаад 1 давхар хаус барьсан. Яагаад нэг л давхар болгосон бэ гэхээр, нас яваад ирэхээр хөл гар муудаад, шатаар өгсөж уруудахад төвөгтэй болж эхэлдэг гэнэ.

Ажаад байхад ихэнх таньдаг айлууд 2 давхартаа тэр  бүр ашиглахгүй. Тусдаа гараад явчихсан хүүхдүүдийнх нь элдэв новш хураалттай байдаг юм билээ.

Юу ярьж байлаа? Аан тийм, энэ зуух. Сайхан халуу дүүгээд, дэргэдээс нь холдмооргүй байсаан.

Бага зулзага хүртэл хөөрөөд нэгэн монгол дууг хэд ч дахив. Үнэн сэтгэлээсээ дуулаад, бид өхөөрдөөд. Монгол хэлээрээ дуулсан шүү, журмын олон нөхдөө. Хэ хэ. Ямар дуу дуулсныг тэгж байгаад дараа хэлэмз...

Monday, December 18, 2017

Зураач охин

За бага зулзагынхаа бүтээлээс оруулчих уу?
Аяга угааж буй ээж.
-Ээж ээ, би таныг зурах уу?
-За, гоёор зурна шүү. Яг энэ үед аяга угааж байсан юм.

Юм нэхэж буй ээж.  Аягаа угааж дууссаныхаа дараагаар хальт нэхмэлээ хийж байх үед.
За энэ өөрөө зохиолоо бичээд, ээждээ ярьж өгөхдөө зурсан зураг.

Ганц нэг мундаг зурснаас нь ханандаа хадаад л яваа. Том зулзага харчихаад
-Манайх ямар үзэсгэлэн үү? гэсэн.
-Хүүе, монголд бол өч төчнөөн өргөмжлөл энэ тэр өлгөөд бүр ч эрээн мяраан болно шд. Харин ч би чиний элдэв шагнал урамшууллыг чимээгүйхэн далд хийчихээд л байгаа болохоос.
-Тийм үү? За за дандаа л таны зөв байдаг даа.

Том зулзагын бүтээлээс оруулах гэхээр уурлаад, ичээд байдаг болсоон. Гэртээ өлгөе гэхээр -Надаас мундаг хүн зөндөө байхад, шараа шд.
-Ямар нийтэд харуулах гэж байгаа биш, ээж аав нь л харж баясана шдээ.
-Гэхдээ л...

За уншигч олныхоо үрсэд нь бас урлагийн өндөр амжилт хүсье...

Friday, December 15, 2017

Жүжиг үзсээн

Бага насны болон ахлах ангийнхны гэж 2 болсон. Бага зулзага бид хоёр шуналтай юм болохоороо хоёуланг нь үзсэн.

Эхний удаагийнх нь бага настангуудад зориулсан хүүхэлдэйн жүжиг. Агуулга нь ч их хөөрхөн. Гарын дорх зүйлсээр л хүүхэлдэйгээ хийгээд, тайзаа засаад, хувцаслаад явчих юм. Арван жилд байхдаа урлагийн үзлэгээр хальт жүжиглэх гэж аяддаг байснаа санан санан үзэв.

Хоёр дахь удаагийнх нь ахлах ангийханд зориулсан хөгжимт жүжиг. Дуулаад л явчихна. Хальт атаархсаан шиг л суув. Бурхан яахлээрээ ингэж ад үздэг байна аа, ямар ч хөгжмийн авъяас заяагаагүй гэж бодон бодон үзэв. Дуулдаг байсан бол өдийн СТА лав авчихсаан. Хи хи.

Охидынхоо дунд эргэлдэж, элдэв арга хэмжээнд оролцож, номын сангаас ном хашрааж, элдэв дугуйлан секцэнд нь зөөж, нэг үглэж, нэг аргадаж гүйсээр байтал заримдаа ч ядардаг шүү.

Хийх ажил зөндөө байсаар байтал түрээлээд л давсандаа явах нь их болжээ. Ирэх 3 дахь өдрөөс өмнө нэг хүнд оймс нэхэж өгмөөр байдаг. Эртээд нэгийг нэхсэн л дээ, хоёр хүний нэгийг нь ямар үлдээлтэй биш, тийм ээ. Хагас бүтэн сайны амралтаар гялалзуулна аа.

Хагас сайн гэснээс, нэг өвөөгийнд очиж бууз хийж идэх ажилтай юм байна аа. Буузны ачаар их олон уулзалтыг давж гарч байна даа.

За гарчигнаасаа жаахан хөндлөн зүйл бичээд явчихаж. Халбага пиявны нөлөө шүү, таминь ээ.

Түр баяртай, амралтаа сайхан өнгөрөөгөөрэй...

Wednesday, December 13, 2017

Гоёмсог

Энд тэнд явахдаа гоёмсог зүйлд нүдээ унагадаг нь эмэгтэй хүний зан юм дагуу даа хө.
Нэгэн бага сургуульд очиж эх орноо танилцуулахдаа авсан зураг. Захирал багшийн өрөөнд цайлахад ийм гоё поднус дээр цайгаа тавьж өгсөн. 12 сар тул шинэ жилийн уур амьсгал оруулсан.

Иймэрхүү зүйлд дуртай нэг багш байдаг гэсэн. Улирлын чанартай агуулгыг нь солиод явдаг гэнэ.

Орж гарсан зочид над шиг ингээд л дуу алдаад л гайхцгаадаг гэнэ.

Гэртээ бол ингэж тавихгүй л дээ. Бөөн залхуу биз дээ? Тэгсэнд орох нээ, номоо уншаад, нэг бол оймсоо нэхээд сууж байсан нь дээр.

Гэснээс оймс нэхэж байгаа, ганц нэг өгөх хүн байна.
Сүүлийн хэд хоног занималдсан зүйл гэвэл энэ. Ягааных нь өрөөснийг өчигдөр дууссан. Их том нэхсэн байлаа гэж. Гэхдээ эзнээ олсон. Хурдан ч юм дөө, нэхээд тавьчихсан байхад.

Ягаан өнгөтэй жижгийг нэхсэн. Бэлэгний уутанд хийгээд бэлдэв. Ирэх долоо хоногт ууж идэх арга хэмжээн дээр нэг хүнд бэлэглэнэ. Дахин хэд хэдийг нэхэх гээд толгойдоо бол зөндөөг нэхчихсэн л байна. Хэ хэ.

За бүгдэд нь амжилт, өөртөө мөн амжилт...

Tuesday, December 12, 2017

Хөвсгөр болох шалтаг

Зөөз хөвсгөр болоход ийм л амархан гэж байгаа юм даа.
Нэгэн мужик хятад найз, түүний гэр бүлийнхтэй бага зулзага бид хоёр жүжиг үзсэнийхээ дараагаар тансагласан байдал. Аниа нь жүжиг үзээгүй мөртлөө тансаглах болсон чинь ээждээ учиргүй хайртай хүн болж энэ тэр. Хэ хэ. Хүүхэд томрох чинь ээж аавтайгаа орж гарах нь илт багасдаг юм байна. Бодоод байсан би ч томроод юун ээж аав, найз нөхөдтэйгөө л хэлхэлддэг байлаа шд. 
Үүнийг ээж захиалж идсэн. Хулууны кекс. Дээрхийг болохоор охид захиалж идсэн. Гурил хэрэглээгүй бялуу? байсан. Амттай гэж юүхэв байсан, би дараа орж захиална гээд занасан байгаа. Хи хи. 

Ингэж амттан идэхдээ мэдээж эхлээд өдрийн хоолоо иднэ. Дараа нь амттан авч өгнө гэсэн бичигдээгүй хуультай. Ногоо цагаагаа сайн иддэг юм. Зарим найз нөхдийг хараад байхад хоолноос нь өмнө амттанг нь идүүлчихээд байдаг, нэг бол ундаа өгчихөөд байдаг юм билээ. Тэгэхээр хүүхэд яаж хоолоо идэхэв дээ. Тийм ээ? 

Хань ижил бид хоёр эхлээд цай уулгадаг, бүр дараа нь л ундаа ууж болно оо гэдэг, тэгэхээр гэдэс нь цадсан хүн чинь тэр бүр амттан, ундаа гэх мэт зүйлийг хэтрүүлэн хэрэглээд байдаггүй. 
Монголоос ирсэн дадлагажигчтай хамт цайлахдаа. Өөрсдөө борголоо бутлаж? уусан. Үнэр гэж салахын аргагүй байсөөн. 
 За өнөөх боргол чинь энэ. Хажуугийнх нь буурцагны чанамал. Элсэн чихрийн оронд хийнэ. Цаад талд байгаа нь кекс. Лимонтой.

Хөвсгөр болоход энэ мэт ууж идэх шалтаг мундахгүй их.

Гэснээс хүйтрээд, цаанаасаа л бие хаа халуун хоол цай нэхээд байна, нас ахиж байгаагийн шинжүү дэ хө.

Monday, December 11, 2017

Хмас өдөрлөг

Хорооны хүүхдийн тасаг Хмас өдөрлөгөө зохиож, бага зулзага явчихаад ирсэн. Яагаад ганц бага зулзага явсан бэ гэхээр дунд ангид орохоор иймэрхүү тоглосон, зугаацсан зүйлээс автоматаар хасагдаад явна, хичээл ном чухал учраас.

Өглөө гэрийн гадаах цэцэрлэгт хүрээлэнд цуглаад л, хариуцсан ээж аав дагуулаад явсан. Ингээд л биеэ даагаад, нийгэмшээд ирж байгаа юм. Нэг бодлын сайхан...

Хөгжилтэй сайхан болсон гэсэн. Хөгжөөнт тоглоом тоглосон л гэнэ, таавар таалгасан л гэнэ. Бага зулзага тааж шагнал авсан гэсээр хөөрсөн хүн орж ирсэн.

Нэг сэнжтэй аяга, 3 ширхэг гарын алчуур, хоёр ширхэг жигнэмэг, нэг бохьтой орж ирсэн. Нэг алчуураа аниадаа бэлэглэж харагдсан.

Тарж ирэхдээ мөн гадаах цэцэрлэгт бултаараа ирж, гэр гэртээ харьцгаана. Гэр ойрхон учир өөрөө л гүйгээд ороод ирнэ. Амар байгаа биз? Мэдээж заримдаа аймаар зүйл сонсогддог л юм. Охин хүүхдийг сайн харж хандаж, далай сувдаа нуудаг шиг нууж хааж байхгүй бол ч тэ.

За за хадуурах нь. Ирэх хагас сайнд дүүргийнх. Олон хүүхэд хамардаг тул, сайн дурынхны бяцхаан үзүүлэн тоглолт л болдог. Мөн багахаан хэмжээний бэлэгтэй. Яаж хоосон байхав.

Ээжийн шинэ жилийн баярууд ихэвчлэн ажлын өдөр, оройн цагаар. Бага шиг гостоод явчих юм шүү. Хэ хэ.

Бүгдэд нь Хмас үдэшлэгүүдээ сайхан тэмдэглээрэй гэж хүсье...

Sunday, December 10, 2017

PTAバザー буюу ЭЭБЗ-н худалдаа

Бага сургуулийн эцэг эх багшийн зөвлөл нь жил бүр 12 сард базаар буюу худалдаа явуулна.

Есон жорын зүйл зарна. 1-р ангийнхан гахайн махтай шөл, 2-р ангийхан ундаа, 3-р ангийнхан карритай будаа, 4-р ангийхан жигнэмэг, 5-р ангийнхан халуун цай, коофе, 6-р ангийнхан лавшаа гэх мэт.

Зорилго нь сургуулийн элдэв зардалд хэрэглэнэ, орлогоо. Учир нь сургуулийн төсөв иргэдийнхээ татвараас бүрддэг тул, ийм зүйлд мөнгө зараад байхдаа яадаг юм гээд батлагдахгүй тохиолдол ч байдаг гэсэн.

Тухайн жилийн хариуцсан эцэг эхүүд багш нартай хамтраад юу юу хийж зарахаа шийднэ. Мөн хүмүүсээ ажилд хуваарьлана. Урд өдөр нь материалаа худалдаж авах, базаар болох өдрөө өглөө эрт бэлтгэлээ базаах хүмүүс, хоолоо хийх хүмүүс, зарах хүмүүс, дараагийн угаах, хураах гэх мэт ажлыг хариуцсан хүмүүс гээд л цаг цагаар нь хуваарьлаад гаргачихна.

Хямд байдаг тул тухайн өдөр бараг ихэнх айлууд өдрийн хоолоо тэндээсээ аваад идчихнэ. Хорооны бусад оршин суугчид ч үйлчлүүлнэ.

Би энэ жил зарах ажилд хуваарьлагдсан. Бүх хүүхдийн эцэг эхийг оролцуулах тул хүн хангалттай хүрэлцээтэй. 30 минут л зогсож зарсан. Ганцаараа биш, 2 ч ээж хамт зарсан болохоор түүртсэнгүй. Би ер нь худалдагч болбол таарах хүн байна лээ шд. Бас л дуугай байхгүй, шөлөндөө гэж орилж энэ тэр. Ккк

Зарим нэг япон хүмүүсийг хараад байхаар мэланхолик? хүмүүс байна аа байна. Яаж зүгээр байхав, энэ олон хүн дотор. Дуу нь ч гарахгүй, тэгээд худадагч хийх гээд зогсохоор яаж шөл нь зарагдах вэ дээ? Тэ...

Амралтын өдөр нэг иймэрхүү л өнгөрч байна дөө. Он гартал бүх амралтын өдөр плантай. Амралтын өдөр нь хүрэлцэхгүй, зарим нэг ажлын өдөр орой амжуулна. Алкохолын илүүдэлд орчих вий дээ, бурхан минь...

Saturday, December 09, 2017

Бас нэгэн ном

Охидыг минь унш гэж хамаатан садангууд ном өгөх л юм. Өнөөдүүл нь уншиж байгаа зүйл алга, гэхдээ хэзээ нэгэн өдөр дуржиганатал уншина гэдэгт ээж миний бие итгэлтэй байгаа.

Сургамжит үлгэр. Зарим нэгийг нь бол уншаад ойлгохгүй юм билээ. Яг ямар санаатай, юуг ойлгуулах гээд байгааг нь нэлээд ухаж төнхөж байж л за нэг иймэрхүүй санааг л өгөх гээд байгаа болов уу даа гэж бодсон.

Дэлхийд алдартай хүний зохиолыг ингээд хэлчихдэг бас ч бас овоо гар уу? би. Хэ хэ. Эх хэл дээр нь уншвал бас өөрөөр тусах байх тийм ээ?

Өсвөр насны хүүхэд багачууд уншаад, эргээд энэ талаараа хоорондоо ч юм уу, ээж аавтайгаа ярилцаж уншвал харин цаад хэлэх гээд байгаа санааг нь ойлгох байх.

Одоо ч номтой өглөө гэх мэт сайхан цуглаанууд их байдаг болжээ. Нүүр номоор үйл ажиллагааг нь хараад атаархаж суудаг юм.

Ямартай ч гэрийнхээ номын тавиур дээрх номыг дарааллан уншиж дуусгах санаатай. Нимгэнээс нь эхэлж байгаа нь энэ. Одоо цаана нь зузаан хэд хэдэн ном бий. Өвлийн амралтаараа уншина гэж төлөвлөсөн.

Дахин ганц нэг ном Монголоос наддаан ирэх гээд хоногоо тоолж байгаа. Хэ хэ.

Гэснээс ойрд тувт монгол ном уншиж байна аа би. Дундуур нь ганц нэг япон ном уншиж байгаа шүү. Удахгүй танилцуулна аа.

Бүгдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Мөн өөртөө ч бас амжилт хүсэв.

Tuesday, December 05, 2017

Явсан газрын зураг

Дандаа л идэш уушны зураг оруулахаасаа санаа зовоод оо.
Буудлын цонхоор амьдрал сайхан харагдана аа гэдэг зураг. 15 давхарт байрлаад, өндрөөс хотыг тольдоод, сайхан байсөөн. 
Эргүүлэг. 7 сард бас бичиж байсан даа. Токүшима мужийн Нарүто хоттой хиллэх номхон далай, Сэтонай тэнгис хоёр уулзахдаа үүсгэдэг эргүүлэг. 3 дахиа очиж байж, ийм жижиг эргүүлэг олж харлаа. 
Зочид буудлын лобигийн таазны гэрэл. Сүлд мод засчихсан ч байсныг хэлэх үү? Гоё харагдаад байхаар нь зураг дарлаа шд.
Дэлгүүрийн сүлд мод. Хүүхнүүд л болсон хойно дэлгүүр нүүлгэж байгаа юм. Би дагаж баяссан. Ганц нэг худалдаа хийсээн хийсэн. Яаж зүгээр байхав, дэлгүүр гомдчихно гээд.
15 давхрын цонхоор. Өглөө дарсан зураг. 
Суугуул нутгийн галт тэрэгний буудлын гадаах элсэн бүтээл. Покэмонго? ч билүү нэг юмнаас болоод хөл хөдөлгөөнтэй угтсан намайгаа. Гар утсаа шагайсан л улс. Би энэний учрыг одоо болтол сайн ухаж ойлгоогүй л яваа. Хэ хэ.

Monday, December 04, 2017

Идэш уушны зураг

Ганц нэг зураг оруулъяөө.
Сая ажлаар явахдаа буудалласан зочид буудлын өглөөний хоол. Өөр зөндөө зүйл байсан л даа. Албаар нэг иймэрхүү зүйл сонгож идээд байсан хэрэг. Гэхдээ яг энэ зургийг авдаг өглөөний урд орой нь бид мах шарж идсэн юм аа. Нэлээд идээд уучихсан байсан болохоор, хөнгөн өглөөний цай уух санаатай л...
Урдны ажлын үеэр. Ажлаа дууссаны баяр. Хэ хэ. Сашими буюу түүхий загас. 
За энэ бага зулзагын хүсэлтээр пицца идэхээр орсон газрын хоол. Хайлуулсан бяслаганд дүрж иднэ. 
Шарсан махаа дарсаар даруулсан нь. Монголчууд бид үнэхээр л махандаа хайртай дуртай юм аа. Би зочид буудлын гадаах шарсан? махны зургийг санаандгүй гөлөрч байгаад онигоонд орохоо шахсан шд. За бараг орсоон орсон. Хэ хэ. 
За энэ хэддэх даруулга нь юм бүү мэд. Хэ хэ

За ингээд ажлаар яваад байна уу, аялалаар идэж уухаар яваад байна уу гэж хардахаар л ууж идсэн байна уу? 

12 сарыг бага шиг бондойж өнгөрөөх юмсан. Ар араасаа бөөн паарти...

Sunday, December 03, 2017

Харьж ирсэн ч

Ээжийг харьж ирсэн ч хол ойрын хөршүүд минь юм юм л зөөгөөстэй. Сурснаараа хоёр гараа тосож авдгаараа аваастай.
Авчирсан идээгээ өгөх гээд орсон чинь өөдөөс ингээд л дөнгөж сая хийсэн юм, болсон идээнээс бүү зугт гээд л өгөхөөр нь аваад л гараад ирсэн.
Ажил дээр минь ирээд, намайг сууж байсан чинь өө хариад ирээ юу? Цагаан лууван байгаа юу? гэж асуусан найз өвөө гэрийн гадаа үлдээсэн ногоо. Би нэг цагаан лууванг нь таллаад мисо шөлөндөө хийчихсэн, зураг авахаасаа өмнө. Луувангийн навчыг нээрээ иддэг шд, тэнпүра хийж идээд байдаг юм. Би гэртээ тэнпүра хийдэггүй болохоор ийм ногооныхоо навчыг татаад бууз хуушуурныхаа маханд хольчихдог. 

Өөр юу өглөө, заримых нь зургийг авахаасаа өмнө идчихээд байх юм. Хэ хэ. 

Saturday, December 02, 2017

Тэнгэрийн таван нүд төгсгөл

"Таван нүд" энэ утга төгөлдөр хээ монгол хүний ширгэж дундаршгүй ухааны өлзий болохын учир аль ч төрийн өнгөнд олон бүгдээр дээдэлж иржээ. Бүр Богд эзэнт монгол улсын ноёд түшмэдийн зэрэг дэвийг энэ ухааны хээгээр тодорхойлон олгож асан түүхтэй. Хожим хойно манай ардын засаг мандаж улс төрөө хөгжүүлж дэвжихдээ анхны мөнгө төгрөгөндөө "Таван нүдэн"-г талбисан юм шүү дээ гэвээс хүмүүс Баясахын насан туршаа өмчлөн дээдэлсэн тэхүү тамганы учрыг сая гадарлажээ.

-Нэг үе Богд дээдсийн тухай цухуйлгавал үстэй толгой харладаг байлаа. Тийм цагт ийм үг дуугарвал яана гэж санана. Та нарт байтугай үр хүүхэддээ ч элдэв эсийг ярилгүй амаа хамхиж явлаа. Энэ багас манай монгол улс Өндөр дээд хаан Чингис, Өгөөдэй, Мөнх, Гүюг хаан, их Юань гүрнийг жолоодсон Хубилай сэцэн хаантай байсан гэж сонсон чихээ онгойлголгүй өссөн. Муу хүн завагтаа нууснаа олдоггүй гэдэг үгтэй. Улс гүрнээрээ мэддэг түүх шастираа мэдэхгүй амьдрах муухай. Энэ "Таван нүдэн" тэр цагаас л монгол хүн болгоны чимэг болж явсан юм даа гэсээр Баясах чимээгүй болов. Түүний духны гүн үрчлээ улам сүүдэртэн бодол болно.

Баясах энэ тухай олон жил сэтгэлдээ чандлан хадгалжээ. Учир юу гэвээс мэргэд дээдэс бодож олсон ухааны утгыг мэдэж тайлах хүнгүй, эцэг дээдсэн хэдэн үе дамжиж ирснийг ч мэдэхгүй, тэр бүү хэл хүний өөрийнхийг ч  ялгахгүй болсонд харуусдаг байлаа. Аливаа улс гүрэнд өөрийн гэх оюун санааны өмч байдаг. Тэр нь их бага ялгалгүй өөрийн юм өөрийнх л байдаг болохоор ухаантан болгон мэдэж хайрлах учиртай.

Өгөдэй их хааны тэртээгээс эхлэн Хубилай сэцэн хаанаар үе уламжлагдсан энэ таван нүдэн хээ хүмүүний гар ухаан дамжин хэдэн зууныг өртөөлөхдөө элэгдэж хуучралгүй, морьтон монгол хүнд унааны нь хазаар ногт, эмээл ташуур мэт яван явсаар нас талийж ухаан молхидсон надад ирсэн хэргээ гэж Баясах элдвийг бодно.

Зөөлөн бороо намиран, зунжин зэл бараадсан адуу бэлчээртээ туриглан алслана. Эзэн дээдсийн "Таван нүдэн" тамгаар ташаагаа гоёсон энэ жилийн унага зэлнээс тавигдсаны баяр мэт тоглож тонгочин өвс ногоо үнэрлэн ганц нэг хазлаж, бас эхийнхээ цавинд хошуу шургуулган хөхийг нь үлгэнэ.

Монголын минь энэ их сайхан хээр талын хөрсөн дээр ч, хэвлий дотор нь ч хүний мэргэн ухаанаар бүтсэн ямар лугаа эрдэнэс нуугдаа бол гэхээс Баясахад тэр бүхнийг олж мэдэн, энэ хойчист нэг дуулгахсан гэсэн хорхой асна. Хүнд мэдсэн далай, мэдээгүй балай гэсэн үг байдаг.  Тэгвэл Баясах өөрийгээ дэндүү багыг мэдэж байна даа гэж голж ач үрсдээ үлдээх юмтай, дурсагдах нэртэй явахсандаа гэх бодол өвөртлөнө.

Адуу туриглан алслана. Бэлчээр эзэгнэн налайх тэнгэрийн түмэн сүрэг алслах биш эзэндээ улам ойртох лугаа санагдан Баясах араас нь хараа бэлчээж сэтгэлээ баясган хэсэг суулаа. Адуу холдсон хойно Баясах тэнгэрийн таван нүдэн хэмээн нэгэн насаар шүтсэн тамгаа оруулж хоймрын авдартаа заллаа. Дээсдсийн эрдэнэс үр хойчдаа үнэтэй.

Гачуурт 2017

За ингээд дууслаа. Гэснээс надад хөө хуяг байдаг юм. Багадаа түүгээр шагай шүүрэхдээ тоглодог байлаа. Тэртээх олон жилийн өмнө нутгаасаа гарахдаа хэдэн шагайтайгаа хамт аваад л энэ арлын оронд ирж билээ. Түүнийгээ гаргаж ирэн хээг нь нэг харъя байз. Таван нүдэн хээ гэдэг байх нь. Сэнпай-нхаа өгсөн гого сэтгүүлээс гого зүйл мэдэж авлаа. Баярлалаа.

Friday, December 01, 2017

Тэнгэрийн таван нүдэн үргэлжлэл

Баясах амьдралдаа өөрийн чойр номтой, үзэж туулсан хийгээд дуулж сонссон юм арвинтай тул эрхэмлэн дээдлэх, өвлүүлэн үлдээх ухааны улагтай хүн. Түүнээс нутаг усныхан амыг нь дагадаг бичигдээгүй хуультай. Баясахын хаяаг бараадан жилийн жилд ханьсдаг бөгтөр Бадам гэх хижээл эр дагзан дээрээ хаясан хуучин бүрхээ засан
-Манай Амбаа ч тэвхэлзэж байна аа... хэмээн бахадвал Баясах хариу сануулах аятай хэг хэг хөхөрч
-Бадаам... Уг нь би чамайг ерөөл айлтгахсан болов уу гэсэн, харалмар чинь балга тагш юманд халамцдаг болоо юу даа? гэв.

-Амбаа би ерөөл хэлэлгүй яахав. Унагаа тамгалсны дараа айлдах юм уу гэж санаад... гэвэл Баясах
-Тэгээ тэг. Одоо ч хүн бүхэн л өөртөө таарсан дэг жаяг тогтоодог хойно... хэмээн жирийн боловч цаанаа жаахан чимхсэн аялгаар хэллээ.

Тэр өдрийн ихэнх унагаа тамгалан бужигнасны эцэст Бадам дээл хувцсаа засч журамлан, зэлний эхэнд зассан идээ цагаа, уугиулсан арц хүжний ард тухлан цээл яруухнаар ерөөл айлтгаж, Баясах ч тэр арц хүжинд дээд тэнгэрээс зарлигдсан гэх эцэг дээдсийн "Таван нүдэн" эрдэнэ лугаа тамгаа ариулан хадганд ороолоо.

Баясах энэ тамгаа мал сүрэг өсгөдөг, чоно нохой халдаадгүй гэж сайшаах дуртай. Дээд тэнгэрийн зарлигтай хойно тэгэлгүй яахав гэж өөрөө ч түүндээ бат итгэдэг хүн. Тэр энэ "таван нүдэн" гэх өлзийгөө өгсөн хээний үүх түүхийн тухай дуулж сонссоноо хэдэн зууны тэртээгээс нь улбаалан ухаж ярих дуртай. Түүнийгээ мэдэхдээ ч гаргууд. Бүүр эзэн богд Чингис хааны алтан ураг, түүнээс хойшхи Өгөөдэй хаан хийгээд Цагаадайн улс, Бага хаадын үеийн зоос чимэглэлээс эхлээд урьд өмнө дуулж сонсоогүйг хөөрнө.

Энэ түүх, домог ч "Таван нүдэн" тамгатай хамт дээд тэнгэрээс эцэг дээдсээр уламжлан өнөөдөртэй золгосон. Аав нь түүнд "Юмыг хайрлаж хамгаалъя гэвэл үүх түүхийг нь мэдэж яв." гэдэг байв. Одоо Баясах тэр үгийг хүүдээ хэлдэг болж. Хүн мэдэхгүй юмандаа халгаатай гэдэг. Мэдэхгүй юм аа яаж ч хайрлаа билээ.

Хүмүүний амьдралд мартаж гээхийн аргагүй өөрийн гэх юм олон, түүний нэг нь энэ "Таван нүдэн" гэж тэр батлана. Халхын Өндөр гэгээн Занабазар хутагтын адуу малын энэ өлзийт тамга удам судраар нь дамжин Баясахад өвлөгдсөн тул тэр түүнийгээ тэнгэрийн тамга гэж ихэд бэлэгшээнэ.

-Энэ эрдэнийн "Таван нүдэн"хээ чинь хэзээнээс манай монголын бэлгэдэл болж эд өлөг, дайчин баатар эрчүүдийн зэр зэвсэг, эмс охидын өмсгөл зүүсгэлийг чимж ирсэн түүхтэй юм. Монгол хүний ухаанаас гарсан энэ тэнгэрийн хээгээ эцэг дээдэс маань манз цавынхаа тогоо, ариун сангийн бойпор, эрдмийн их судар номын шогол, лам хуврагын дамрын даржинд дээдлэн бүтээн нандигнаж ирсэн юм. Энэ өөр хэний ч биш зөвхөн манай монголын дээд тэнгэрийн зарлигдсан бэлгэдэл юм.

Тэр бүү хэл эр цэрэг амь насаа хамгаалах хөө хуягаа энэ бат бөх хээгээр сүлжиж дархлан дайн тулаанд ордог байсан. Нэг цагирагт дөрвөн цагираг холбож ширээсэн эр цэргийн хөө хуягт харь дайсны харвасан сум шантарч, далайсан илд мохно. Энэ таван нүдэнгээр эмээл хазаараа чимж, эмс охид ууж, унжлага зүүлтээ хэдэн зуунаар гоёж ирсэн.

Таван нүдэнг хэн дуртай нь эдэлдэг юм биш, тун их ёс дэгтэй. Юань гүрний үеэс зөвхөн Хубилай хааны ордны Алтан ургийн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй нандин бэлгэдэл юм гэж ярихыг нь анх сонссон нутгийнхан гайхацгаалаа.

Баясах тэдэнд эзэн богд Чингис хааны алтан ургийн залгамж Өндөр гэгээнтэн Занабазар Богдын тухай үлгэр домог лугаа олон сонин сайхныг хуучилна. Эрхэм дээд Өндөр гэгээнтэн зөвхөн монгол хүний уран ухаанаа шингээсэн "Таван нүдэн" хээг сан сүргийнхээ тамга болгон дээдэлсэн учрыг хүртэл айлдав.

Өндөр гэгээнтнээс харъяат албад нь сан сүргийн тамга нь ямар хэлбэр дүрстэй байхыг болгоовол Богд гэгээнтэн "Бат бөхийн бэлгэдэл болгон найши хийтүгэй. Найши гэдэг нь нэг дугуй дотор дөрвөн арвай талбиваас таван нүдэн болох буй. Үржиж оршихуйн бэлгэдэл таван нүд, дөрвөн аймгийн дунд тахигдахын учир сан сүрэгт тохирох буюу" гэж айлдсан гэдэг. Уран ухаан, уужуу доторт хүн ямагт юмны цаад утгыг бодож билэгшээнэ.

Үргэлжилнэ...

Thursday, November 30, 2017

Тэнгэрийн таван нүдэн

Санжийн Пүрэв
Өгүүллэг

Намрын адаг арын шиврээ бороотой нохой өдөр Баясахынд хөл ихтэй, хүүхэд хөгшидгүй бужигнаж байв. Исгэл унагандаа хоргодсон гүү зэл сахин зогсоно. Энэ саруул сэргэлэн дэнжийг Баясах өсөхөөс өтлөхийн жаргалаа эдэлсэн газар гэж хэлж болно. Өвөлдөө өнөтэй, зундаа зулагтай хувьтай хүнд л заяасан нутаг гэлцэн эндхийнхэн магнай тэнэгэр, сэтгэл өөдрөг явдаг бөлгөө.

Баясах өөрийгөө Халхын Өндөр гэгээн Занабазар Богдын ус нутгийг манаж, утаа уугиулж яваа хувьтан хэмээн өөртөө омогшуу, өрөөлд түшигтэй амьдарсаар насны даваан дээр гарч ар, өвөрөө уужуу ухаанаар болгоож яваа амгалан тохьтой буурал. Өдий насны хүнд нутаг нугаас гадна хайрлаж харамлах, бахархан сүслэх юмс бишгүй. Тэр дунд олдохгүй ховроос эхлээд ор тас мартагдан огоорсон юмс ч байна.

Жилийн жилд зуны эхэн сарын бар, намрын адаг сарын нохой өдөрт энэ дэнж дээр Баясахынх ийнхүү хөл хөөр болон хол ойрынхон бужигнаж эрт эдүгээгийн яриа хөөрөө өрнөн их багагүй эрт эдүгээгийн учир явдлыг ухаж мэднэ.

Баясахынд хулаар айраг бялхаж, хундагаар охь мэлтэлзэн эднийхийг гүүгээ тавьж унага тамгалахад ирсэн нутаг усны ахан дүүс хөөрөг зөрүүлэн мэнд амраа айлтгаж инээд баясал дүүрэн байв. Баясах энэ нутагтаа тулгаа тойрч суугаа ачтан буурлын нэг агаад ухаан санаандаа уул шиг ихийг хадгалсан хүн гэж гол усныхан амыг нь дагаж, аяыг нь харна.

Баясах луутай тэнгэр, лустай газрын эзэн гэлтэй цаг нарыг алдалгүй хэлнэ. Хэн бүхэн эрж сурснаа "Баясах Амбаагаас асууна" гэлцэн гүйлдэнэ. Энэ цахир буурал тэргүүнт настан цагтаа бичиг үсэгтэйд тооцогдон баг сумын хооронд баадантай данс бүслээд төрийн хэрэгт зүтгэж явлаа. Идэр залуудаа эр цэргийн албанд бага дарга мөрдөс зүүж байлдах газраа байлдаж ихийг үзсэн амьд домог.

Иймээс Монгол хэмээх баринтагтай судрыг насаараа дээдлэн тэндээс олдохгүйг олж, мартасныг сэргээж явдаг том эрдэм номтон ч Баясахынд хүрэлцэн ирж дотор ухааныг нь уудалдаг гэлцэнэ. Үнэхээр ч түүнийг үзэж хараагүй, дуулж сонсоогүй юмаар ховор, мартаж санахын зовлонгүй гэж олноор магтана. Хүмүүс Баясахыг өөрийгөө умартаж өрөөлд ачлал болохоор мөлхөх нь холгүй мачийдаг өгөөмөр сайхан өтөлж яваа буурлын амьд шастир гэлцэнэ.

Баясах цагтаа нутаг усны олон баатар эрстэй хамт чөлөөлөх дайнд мордон гол гаталж, элс манханд хөлсөө цувуулж, ус бороо, намаг шавар туулан өвөрлөгч нутагт амь тэнцэн явсан гавъяатай. Энэ бүхнээ "Эр цэрэгт мордож, элэг буруу дайсантай эрэгчин эмэгчнээ үзэлцээ л биз, өдийд энэ хэр яваа минь өндөр дээдсийн минь надад үлдээсэн амьд явахын хишиг" гэж дотроо залбирна.

Баясах цэргээс ирж хань бүл, үр ачийн бараа харж олон он жилийг ардаа орхин эдүгээ ачтаны дээд ачтан гэгдэн жаргаж явна. Бага залуудаа адуу малтай ноцолдож дээлийн сугаа урж, дөрөөний суруу сунгаж явсных Арвайн талыг дүүргэсэн биш гэхэд Харлин, Шарлингийн голоор дэл, сүүлээ хуурдсан хэсэг сайхан адууныхаа туурайн тоосыг босгон, туриглах чимээнд хийморь сэргээн уургын уртыг суналзуулах болсон. Түүнийхээ хүчээр Баясах зэллэх унага, уух айрагтай явна. Хэдэн охид, хүүхэд нь ч адуу малаа харахаар магнай тэнийн зовхи сэрвэлзэнэ.

Эднийх нясалсан шагай шиг цахилж буусан ганц хүү, торго гологдом тос даасан тэрсхэн гурван охинтой. Охин хүүхэд айлын өрх татах заяанд төрдөг хойно сум сунгаж, өрх өсгөн айлын хүн болж, харин ганц хүү нь голомт залгах эр хүн гэгдэн бас нэг адуу малтай ноцолдсон хүн аавынхаа шийрийг хатаах болов.

Тэр өдөр Баясахынд ирсэн хол ойрын ахан дүүс цайлж ёс төр гүйцэтгээд морин цагт унагаа тамгалав. Зэл дүүрэн зээрд голцуу унага зөөлөн бороонд жихирч хумбан туураараа газар цавчлан, туриглаж тогтож ядан харагдана.

Баясах эцэг дээдсээс уламжлаж, хоймрын авдартаа хадагт ороон нандигнасан "Таван нүдэн" тамгаа гаргаж эргүүлж тойруулж харснаа сүүгээр мялаан гадаа шиврээ борооноос халхлан асаасан аргалын галд дүрж улайтгав. Энэ тамга их дээрээс олон буянтныг дамжин газар тавиулахгүй өртөөлсөөр Баясахын гар дээр ирсэн хосгүй эрдэнэ бөлгөө.

Баясах энэ жилийн ууган унагаа зэгзэлзүүлэн хөтлөн ирж, хүү ч тамгаа галаас авч баривал "Манай хулагч гүүний унага энэ сайхан морь болно, эх нь зээр шиг хурдан юм... Хойтонгийн наадмаар Шарлингийн хөндийн тоосыг хамаг дааганы мундаан дээр овоолох байлгүй" хэмээн ууган унагаа магтан бахтай хөхөрсөөр хүүдээ,
-Миний хүү ташаа алдаж нялх мал зовоочихов, арай дээхэн тамгал. Адуу мал им тамгаасаа эхлээд хүнд сайхан харагддаг. Унаа морио зөв сайхан эдэлсэн эр хүн олонд хүндтэй. Үүнээс хойш чи л энэ хэдэн адуутай ноцолдоно гэж сануулан, хүү тамгаа унаганы зүүн гуянд хярвас үнэртүүлэн дарлаа. Тэнд байсан улсууд хурайлан, Баясах ууган унаганыхаа хошуу, хондлойг нударгаараа хайрлан шударч хондлойд нь айраг дусаан сүрэгт нь тавилаа.

Үргэлжлэлийг дараагийн бичлэгт...

Monday, November 27, 2017

Сансрын салхинд шивнэх нисэгчийн үг

Санарын салхинд шивнэх нисэгчийн үг
Аяар намдуу цэлмэг тэнгэрт хөөрөхдөө би
Амьдралын төлөөх хүний тэмцлийг сонирхдог
Агуу орчлонгийн нугачаанд будаан чинээ харагдахад
Асар гайхалтай мэдрэмж төрж санааширдаг
Хөвөн цагаан үүлэн дунд умбахдаа би
Хүмүүний орчлонгоос нэгэнтээ тасраад жингүйддэг
Хүрэх алсын гялбаа нүднээ цавчлах тусам
Хүйлэн хөх сансар өөд тэмүүлдэг
Шувуу шиг эрх чөлөөтэй нисч явахдаа би
Шуугиант амьдралын хэмнэлийг нэгэнтээ алдаад уужирдаг
Шунхан улаан нарыг "шүргэх" шахам өнгөрөхдөө
Шурган гал шиг төөнөх халуун илчийг нь мэдэрдэг
Огоот хоосон орчлонгийн чандад дүүлэхдээ би
Орон, зай, цаг хугацааг нэгэнтээ ялаад сэнхэрдэг
Од мичдийн зүг ойртон нягтрах тусам
Омголон хүслийнхээ оргилд хүрээд буцдаг
Өрнө-Дорныг холбосон агаарын дардан замаар
Өнгөт туяа татуулан мянган бээрийг туулдаг
Үүлэн цагаан хөлгөндөө дүүлэн явах тоолондоо
Туулах замын ихэнхийг дуулан дуулан өнгөрөөдөг
Зон олон бужигнаж, хот балгад ярайхад
Донж намбыг нь тааруулж итгэл төгс газарддаг
Зорчигч түмнээ саадгүй зорьсон газарт нь хүргээд
Дотор сэтгэл уужирч, баярын магнай тэнийдэг ээ.

Б.Ойдов

Ингэхэд ойрд шүлэг хуулж бичээгүй юм байна. Соньхон сайхан байлаа.

Дараагийн бичлэгт нэгэн сайхан өгүүллэгийг хуулж оруулна аа. Ажил ч дууссан, гэртээ ч ирсэн, сэтгэл санаа тайван л байна. Худлаа, сүмо мэдээ сонсож бас уур, дургүй зэрэг хүрээд л яваа юм байна.

Өнөөх олон номоо уншиж өгөх юм шүү. Сурсан мэдсэнээ хоолтойгоо холиод идчихэлгүйхэн шинэ онтой золгох юм шүү. Ойрын төлөвлөгөө нэг иймэрхүү, алсын төлөвлөгөө...?

Friday, November 24, 2017

Ертөнцийн гоо бүсгүй

Дэвэн дэлхийн шохоорхол-саран гоо бүсгүйн
Дэглий цагаан тогоруу шиг уран гоо бэлхүүс
Даяанч хуваргын мэргэн санааг уралдуулж
Далай ламын урьхан зүүдэнд эргэлдэнэ...
Цэцэг шингэсэн алчуур нь салхинд үелзэн намирахдаа
Цэргийн дарангуйлагчийн төмөр сахилгыг ч хайлуулна
Тэнгэрлиг сайхныг улам ариусгаж цэлмээхээр
Цэнгэг агаар зөвхөн чам руу л тэмүүлнэ...
Автомат бууны сумыг хүхээн дотор нь гацааж
Араатны хурц соёог завжин цаана нь мохоож
Амьтай, амьгүйг халираасан энэ л гоо үзэсгэлэн
Алдарт Нин хааныг шидэт харцаараа уусгаж
Ассирийн эзэнт улсыг дөчин жил захирсан...
Оёоргүй хүслийг бадраагч өхөөрдөм нэгэн шувуухай
Ойгүй хурц төрхөө гантиг чулуунд шингээж
Оройгүй сүм-Таж Махалын бунхан болж гялалзсан...
Орчлонгийн гоо чамаас хагацахын аргагүй эмээсэндээ л
Ромын Пап хүртэл харцаа буруулан загалмайлсан...
Исламын харгис шүүгч чамайг яллахаар улайрсан ч
Инээмсэглэхийг чинь хараад л тайган болж туялзсан...
Эгнэшгүй сайхан царай чинь эзэн хаадыг тулалдуудж
Эртний Грекийн Трой хотыг эгшин зуур мөхөөсөн ч
Энгүй алдар цуу чинь эгшиг туульсанд мөнхөрсөн...
Хортой алим шиг улаахан гоо үзэсгэлэн чи ...
Хорхой хөдөлгөж, шунал буцалган мишээхүйяа
Хосмолжин санаатай, хохой халаг хүмүүнд бол
Хорвоогийн амар амгаланг мөнхөд үл авчирнам...
Ертөнцийн гоо чиний ялдам өнгөнөөс гэрэвшсэндээ л
Есөн гариг нь алтан нарыг шүтэн тойрч эргэлднэм...
Залуу сайхан ярууслыг тань зуурдын сансарт гацааж
Замбуу тивийн цаг хугацааг мянган жилээр зогсооном...

Б.Ойдов

Жич: хосмолжин гэж яг ямар утгатай үг бол? Мөн хохой халаг хүмүүн ?

Thursday, November 23, 2017

Монгол бичиг мину

Хана хэрэм шиг ханз үсгийн голоор
Хага цохин цуулах "хадмал" бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр
Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд
Хаваж шаасан сум шиг хангал бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд
Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь
Аянгын утга, хурмастын  лүндэнг өөртөө шингээж
Аадрын үүлнээс газар луу харвасан тэнгэрийн цахилгаан юм та
Ааг омгоо багтааж ядсан талын зэрлэг нүүдэлчдийг
Атгаж цуглуулаад Азийн төвд хатгасан алтан гадас юм та
Хөх толбот Монгол үрсийнхээ амьдрах цаг хугацааг
Хүй ургаар нь агуулж хадгалсан тэмдэглэгээ юм та
Огторгуйн хязгаар, хээрийн салхинд бүрэлдсэн гоц санааг
Ойртуулан хурааж орон зайг товчилсон ойллого юм та
Хүн, Сүмбэ, Нирун гүрний дээдсийн
Хөшөө чулуунд үлдээж чадаагүй бодол нь юм та
Уйгар, Түрэг, Кидан өвгийн хаадаас
Уураг тархиа хуулж шингээсэн зардас нь юм та
Мөнх тэнгэрээс газар эх рүү унжуулж барьсан хулсан ташуур
Мөрөн голын галбир дуурайж мушгирсан суран цацлага
 Өөдөө дүрэлзэх галын тулганаас угалзарч цацарсан дөл
Өвөг дээдсийн минь мянган жилийн шастир та түмэн жил орштугай
Хана хэрэм шиг ханз үсгийн голоор
Хага цохин хуулах "хадмал" бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр
Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд
Хаваж шаасан сум шиг хангал бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд
Хадаж сийлсэн шүлэг шиг  монгол бичиг минь ээ...
Б.Ойдав
Мундаг хүний шүлгэнд өөрийнхөө өчүүхэн бичмэлийг оруулчихлаа. Болж байна уу? Үгүй юу?

Энэ хагас сайнд болох нэгэн арга хэмжээнд хэрэглэх юм. Даан ч би өөрөө оролцож чадахгүй. Тэгээд л ийнхүү урьдчилан бичиж өгсөн хэрэг. Үүнийг дуурайж япон хүмүүс бийрээр бичнэ. Хажууд нь япон гэж бас бичсэн. Яагаад зургийг нь аваагүй вэ гэхээр нэг л болж өгөхгүй санагдаад. Сэтгэлд нийцэж өгөөгүй. 

Хажууд нь боорцог зарна. Амжвал очоод амжчих санаатай, галт тэрэгнийхээ билетийг хэдэн цагийхыг захиалах вэ гэдгээ шийдэж ядаад л сууна. 

Гол шалтгаан нь нэгэн найзындаа очиж идэж уух ажил байгаа юм аа, олон түмэн минь. Хэ хэ. Түүндээ л амжаад хүрчих санаатай л...

Wednesday, November 22, 2017

Баярлалөө

Ээжийг эзгүйд ингээд л хоол цай, жимс барьж гүйгээд байгаа хөршүүдээ, хол хөршүүдээ би одоо яалтай? Баярлалаа гэж хэлэхээс цаашгүй л явна. Ямартай ч томилолтоор яваа газраасаа нутгийн идээнээс нь авлаа.

Хол хөрш гэдэг нь хоёр зулзагын төгөлдөр хуурын багш нь бас ахиухан хоол хийж байгаад, үлдсэнийг нь өгөөд явуулж. Өвгөнтэйгөө хоёулхнаа хүн. Хүүхдүүд нь тусдаа гараад явчихсан, хаана ч гэлээ амьдарцгаадаг юм.
Японы уламжлалт хоол. Одэн гэдэг хоол. Тусгай амталсан шөлөнд цагаан лууван, өндөг, коннякү (amorphophallus rhizome) гэдэг ногоо, ханпэн буюу puffy cake made of ground fish, бас бус зүйлийг чанаж болгосон хоол. Өвлийн цагаар хийж иддэг юм. Бид бол гэртээ хийж иддэггүй юм өө. 

Эзгүйд минь өлсөхгүй л юм байна, манайхан. Ойрхон ойрхон явна аа, яадаг юм. Хөршүүддээ сайтар захиж орхичихоод л гүйгээд байдаг хэрэг. Хэ хэ. 

Охид минь л хурдан ирээрэй гэж аминчлан захиад байгаа. Аавтайгаа учраа ололцох гэж юм юм болж байгаа сурагтай. Холоос би хааяадаа нэг заавар өгчихөөд л, хааяадаа зохицуулагч цагдаагаа хийчихэж байна. 

Харих өдөр тун дөхсөөн, үрс минь. Тэвч итгэ хүлээ, тэгвэл та нар минь ялна. Хи хи.

Маргаашийн "улаан өдөр"-ийг хэрхэн өнгөрөөх гэж байна даа? Үд болтол унтахаар занаж байгаа.

Жич: улаан өдөр-хуанли дээр улаанаар тэмдэглэдэг баярын өдөр. Орон даяараа амрана. Labor Thanksgiving Day буюу хөдөлмөрт талархах өдөр. 

Saturday, November 18, 2017

Гого сэтгүүл

МИАТ-ын энэ сэтгүүлд дуртай байж билээ. Билээ ч гэж дээ одоо ч дуртай л даа. МИАТ-р ойрд тоож үйлчлүүлээгүй болохоор, энэ сэтгүүлийг унших боломж гарахгүй байсан хэрэг.

Тоож үйлчлүүлэхгүй гэдэг нь байна шдээ, арай л үнэтэй байгаад байна. Ард иргэдээ бодох хэрэгтэй, үнэтэйнхээ хэрээр үйлчилгээ сайтай юу гэвэл бас л эргэлзээтэй. Гээд бичвэл их юм болно оо. Бас зарим нэг хүмүүст загнуулж ч мэднэ. Загнуулахаасаа өмнө хэлчихье, таван зоос нь цуглаж өгөх... байна л дээ. Цэг тавьдаг нь муу ёр гээд сүүлийн гурван үсгийг бичээгүй шүү. Хэ хэ.

Манайхан чинь хүн загнахдаа их гаргуун юм билээ шд. Аягүй л бол шар айрагны шилээр толгойн дундуураа түс хийлгэж магад. Хэ хэ.

Нэгэн мундаг сэнпай авчирч өгөөд. Ойрд уншаагүй байсныг ч хэлэх үү. Хажуугийнх нь жимсэнд ч бас дуртай гэж.

Мундаг хүний ярилцлага уншаад, сэтгэл нэг л сайхан байлаа. Монгол минь ийм л хүмүүсээ, бөхөөс, морьноос бусад оюунлаг зүйлээ дэмжмээр тэ.

Бас Д.Одсүрэн гээд балетчны тухай байна. Яаа тэр бие хаа бас л хамаг биеийн сэрэл хөдөлмөөр. Хөл мөл, гэдэс мэдэс гээд л. Ха ха. Том хүний юм ярьчихлаа. Ингэхэд байна шдээ, монголчуудтайгаа хэд хоног явахад л чих алт болно, сүүлд нь өөрөө 2 дугаар сувгаар ойлгодог болно, энэ сэдвээр ярьдаг болно. Ха ха. Гэхдээ би тэгж ярих авъяасгүй юм билээ. Ээрч муураад хэл ам эвлэхгүй...

Бага байхад бүжиглэдэг банди нар нэг тийм туяхан согоо шиг харагддаг байлаа. Алхаж гишгэж байгаа нь, ярьж байгаа нь гээд л.

Энэ удаагийн хүмүүс харьцангуй гайгүй, 2 дугаар сувгийн зүйл ярихгүй, учир нь дандаа хүүхнүүд  учир. Хи хи.

Юу ярьж байлаа? Аан тийм, балетчин. Одсүрэн харин эрэгтэйлэг юм билээ. Зургийг нь хараад л дүгнэсэн хэрэг шүү.

Мөн сэтгүүлийн сүүл хэсэгт гардаг өгүүллэг, тууж, шүлэг нь таалагддаг юм. Энэ удаад Б.Ойдавын шүлэг, С.Эрдэнэ гуайн өгүүллэг нийтлэгдсэн байлаа. Блогтоо хуулж бичнэ ээ.

Амралтаа сайхан өнгөрөөгөөд, нэгдэхэд эрч хүчтэй ажилдаа марш...

"Шар"хан доктор минь

Суугуул муж даяараа эх орныхоо шархан докторыг магтаад, сурталчлаад авсан шүү.

Олон олон ажилтай давхцаад, хажуугаар нь мартах өвчин давхцаад явсан байна лээ. Ажлын хүн сануулж, дараагийн дугаарт болох уу гэхээр за гэчихээд жаахан уужирснаа, гэнэт нэгийг санаад.

"3 сард гэхээр юу бичих билээ? Ямар сэдэв байгаа билээ?" гэж бодсоноо шууд л хариуцсан хүн лүү нь утасдаад

-Нэг мундаг доктор байгаа юм аа. Монгол хүмүүс бүгд мэднэ. Их алдартай. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн.
-Хөөх, наадах чинь их сонирхолтой юм байна, за тэгвэл нэг заваараа бичээд мейлдчихээрэй.

Ингээд л би чинь мундаг "шар"хан доктороо магтан дуулаад явуулчихсан. Доорх зургийн хамт.
Монгол явахдаа заавал аваарай, японд ч бас зарагддаг, авч уугаарай энэ тэр гээд л бичив. Дараа ажлынхандаа авч ирнэ ээ л гэчихсэн байгаа. 

Өвлийг өнөтэй давах бэлтгэл хангагдсан байгаа биз дээ. Бэлэглэсэн хүмүүстээ баярлалаа. Жил бүрийнхээ ургацынхаа дээжээс явуулдаг ээж аавдаа баярлалаа. Ирэх жил ч болгоогоорой...

Friday, November 17, 2017

Гацуурхнаа засъя дөө

Хүүе цаана чинь, энд тэнд гацуур мод. Сэтгэл өөрийн эрхгүй догдолж энэ тэр. Гэм нь хүний урманд цасны үнэр алга.

Гэхдээ цас ч нэг орохоороо гамшгийн хэмжээнд ордог болчих гээд санаа зовоогоод байна аа. Энэ оны 2 сард орсон цаснаас болж яалаа даа. Дахин тэгж орвол ч...

Энд тэндхийн гацуур модны зураг дарсан шиг л явж байна шд. Гэрийнхээ гацуурыг томруулдаг юм билүү гэж бодсон оо, зөө зөө шуналаа дарах минь, шунал ихэдвэл шулам болно шүү гэж өөртөө хэлчихээд л гунханхан сэлбэлзэж байна даа.
Оронгуут л ингээд угтахаар яасан байх уу?
Зочид буудлын лоби. Энэ удаагийн буудал дажгүй шүү. Өглөөний хоол бас л хөвсийлгөх шинжтэй. Өөртөө буруу өгөлгүй буудлын хоолонд л буруугаа чихчих санаатай цаадах чинь. Хэ хэ.

Шинэ жилийн бэлэг юу өгөх үү? авах уу? гэж энд тэнд шивэр авир гэсэн улс. Санта өвөө минь хааяа ч болов томчууд биднийгээ баярлуулж бай л даа. Гуйя.

Зураг хөрөгтэй бичлэг цаанаа л өөр байна шүү тэ. Мартсанаас мал мэнд үү гэж, хааяа нэг сэтгэгдэл бичдэг журмын олон нөхөд минь сайн биз дээ. Та нарыгаа харагдахгүй болохоор эсэн мэнд байгаа даа гэж санаа зовох юм.

Ер нь нэг агсан тавих цаг болсон шиг байна шүү. Ерөөсөө блогоо хаалаа маалаа гэхгүй юу...

Sunday, November 12, 2017

Гэснээс

11 сард хоёр ч удаагийн минь боорцог хийж зарах арга хэмжээ байсан юм. Хоёуланд нь оролцож чадахгүй ээ. Өөр ажилтай болж таараад. Оронд минь өөр хүмүүс оролцох байх. Нэг нь ч угаасаа нэг оюутан хийж зардаг л даа. Би худалдагчийн үүрэгтэй оролцдог юм.

-Эгч нь энэ жил тусалж чадахгүй нь ээ.
-Өө, таныг байхгүйд яаж зарна аа?

Хамгийн гол нь тэр бүр хийж идээд байдаггүй боорцгоо идэж гэдэс гардаг болохоор. Баяжихдаа ч гол нь биш л дээ. Зарим нэг уншигч маань энэ нээрээ мөнгөнд дуртай гар шүү гэж боддог байх даа. Ха ха.

Ерөөсөө гэртээ багахаан ч болов боорцог хийнэ гээд шийдчихсэн байгаа. Тэгээд хөршүүддээ оруулж өгнө гэж бодож байгаа.

Ажлаа дуусгаж байгаад ингэнэ ээ, тэгнэ ээ гэсэн зүйл ч их байна шүү. Жишээ дурдах уу? Боорцог хийж иднэ. Хуушуур хийж иднэ. Бууз хийж иднэ. Идэхээс өөр ид шидгүй л хүн болох нь дээ.

Охид Санта өвөөгөө дурсдаг нь эхэлчихсэн. Энд тэнд гацуур мод сүндэрлэж энэ тэр. Яасан ч эрт юм. Нээрээ харьж байгаад ёолкоо засах ажилтай юм байна шүү. Сэтгэл хөөрчлөө байна...

Сүүлийн тав зургаан бичлэг тувт зурагтай байж. Өнөөдрийнх зураггүй, жаахан сонин санагдав. Даан ч оруулах зураг алга дөө. Хэ хэ.

Шинэ долоо хоногт нь өндөр амжилт хүсье. Би ч хичээхгүй бол болохгүй чухал өдрүүд үргэлжилнэ. Түр баяртай...

Friday, November 10, 2017

Шавийн бэлэг

Канбож явсан шавь маань түр хугацаагаар харьж ирээд.

Тэмүжин өвөө бид гурав уулзаж жаал хуучлав. Ам уралдаад л ярьцгаалаа. Сүүлдээ миний чөлөөний цаг дуусч байж нэг юм салцгаалаа шд. 2 цагийн чөлөө аваад, цайныхаа нэг цагтай нийлүүлэхээр 3 цаг бүтэн ярьж суусан. Өдрийн хоолондоо даалгачихаж байгаа юм аа, болоогүй.

Канбож явж үзмээр санагдсан гэж. Даанч гэр бүлийнхэн эх орондоо харьж ирсэн нь дээр гэцгээх байх даа.

Хэсэг бүлэг найзууд нь, охин нь гэр бүлтэйгээ очихоор төлөвлөсөн байгаа гэнэ. Охиныгоо гэр бүлтэй нь уриад онгоцны нь зардлыг нь ээж нь гаргаж байгаа гэнэ ээ. Шавь болохоор
-Би бол тийм их мөнгө гаргаж чадахгүй, тэгсэн эхнэр даана гэсэн. Мөнгөтэй золиг чинь.
гэхийг сонсоод айхтар ээж, эхнэр юм даа гэж бодов. Одооноос зөвхөн би л мэддэг данс нээж байгаад, мөнгө хадгалдаг юм билүү. Хэ хэ.
За энэ зурган дээрх улаан өнгийн лаазтай нь Канбож шар айраг. Оройд нь шууд хөнтөрчихсөн, хань ижилтэйгээ тулгаж байгаад. Ккк.

Ногоон таглаатай хуванцар савтай нь наргил модны жимсний ундаа. Би уг нь тос болон хатаасан жимсэнд нь дуртай л даа. Гэхдээ энэ ундаа таалагдаагүй. Гэрийнхэнд маань бас таалагдаагүй. Тэгж байгаад л би л элдэв юмтай хольж барьж байж нэг юм дуусгах байх. Шар цаатсай нь наргил модны жимсний хольцтой жигнэмэг. Таалагдсан, суурин дээрээ л дууссан.

Тэр холоос ийм хүнд хүнд бэлэг авчирсанд нь хайр хүрээд байгаа. Тэгэхэд би яадаг билээ? Хөнгөхөн л зүйл авч явна гээд, архи дарсыг бол хялайлгахаа байсан шд. Ккк

Бас энэ зурган дээрх бичиг байна шдээ, ООКҮН гэж байгаа юм. Канбож хэлээр баярлалаа гэсэн үг. Ерөнхийдөө англи хэлээр ярьдаг гэсэн л дээ. Гэхдээ л Khmer хэлээрээ бас ярьдаг гэсэн.

Шавь тэндээ англи хэлний багштай, Khmer хэлний багштай гэсэн. Мундаг уу? Бас гитар худалдаж авсан гэж байгаа. Монголд байхдаа бас авч байсан шд. Морин хууртай ирсэн шд, айхтар уу?

Канбожид одоогоор чавхдаст үндэсний хөгжим олоогүй л байна гэсэн. Олбол авах санаатай гэсэн шүү, сүрхий байна уу?

Хоёрхон жилийн дотор юу юу ч атгаж ирээд байна даа тэ. Тэгэхэд би энд хэдэн жил боллоо? Юу атгаж вэ? гээд хоёр гар луугаа харж энэ тэр. Ккк

За үг олдож үхэр холдлоо. Түр баяртай, бүгдэд нь амжилт шүү.

Thursday, November 09, 2017

Сонирхолгүй гэнэ ээ

Миний үеийнхэн, надаас дээш үеийнхэн Жюль Вернийг уншиж өссөн тэ. Уншаагүй хүн байж магад л даа.

Тэгсэн одооны хүүхдүүд уншиж эхлээд л шал сонирхолгүй юм байна гээд дундаас нь хаячихаж байна шд.

Зөвхөн өөрөөрөө л жишээ авахад зохиолынхоо гол баатарт дурлаад л, догдлон байж хайртай хүндээ үнсүүлж байгаа хэсгийг нь дахин дахин уншаад л. Сонирхолтой л байсан санах юм.

Элдэв сатаарах зүйл ихтэй болохоороо тэгдэг юм болов уу?

Намайг жаахан байхад юун пс, ухаалаг утас мутастай байлаа. Тийм болохоор номонд л дурладаг байж дээ.

Цаг үе нь ийм болохоор одооны зарим нэг хүүхдүүдийг буруутгах бас аргагүй л юм даа. Ямартай ч сонирхолгүй санагдсаных нь ачаар би нэг шинэ номтой болов шд. Өвлийн амралтаараа уншиж өгнө өө. Зөндөө ном байгаа, нээрээ.

Нэг нэгээр нь зургийг нь орууламз...

Saturday, November 04, 2017

Онгоц хүлээнгээ

Харих гээд онгоц хүлээнгээ.
Үүнийг уншиж дуусгав. Олоон жилийн өмнө уншиж байсан. Их л сүр хүлээж авч байснаа санаад байдаг юм. Харин юм үзэж нүд тайлсны дараагаар уншсан, байдаг л амьдрал, байх л дүр зураг.
Энэ бас л онгоц хүлээх зуур. Хүн романыг уншиж дуусгаад, дараагийнх нь. Монсудараас гаргасан цуврал номнуудыг Үлэмж номын дэлгүүрийн салбараас худалдаад авчихсаан. Арлын оронд номын цагаан буяныг эх орон нэгтнүүддээ дэлгэрүүлж яваа залуусыг дэмжих үүднээс овоо хэдэн цаас төлөөд худалдаад авчихсан. Түүнээс тоочиглож байгаад монгол руу захьдаг байхгүй юу. Хэ хэ.

Урамшуулалд нь Хүн роман, нэг жижигхээн хөөрхөн тэмдэглэлийн дэвтэр авсан. Баярлалаа. Дараа чадвал дахин худалдаа хийхийг бодно оо. Одоохондоо лимит хэтэрсэн. Ккк
 
Хөөрхөн жижигхэн номнууд учраас энд тэнд цүнхлээд явахад болох юм билээ. Том зузаан номнуудаа гэртээ амрахдаа уншиж байна аа. 

Дээрх Мадоннаг уншиж дуусахаараа хальт бичнэ ээ. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

Хариад ирсээн

Санахын жаргал эдлээд, хурдан харьж ирээчээ ээж минь гэсэн зулзагуудын минь нар нь гарсан.

Маргаашнаас нь шууд л хувийн ажил. Өглөө эрт том зулзагын урлагийн үзлэгийг очиж үзэх ажилтай. Ашгүй амжиж ирлээ гэсэн улс л байв.

Би ч гэртээ ирээд сайхан л байна. Идэж ууж яваад жин мин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Одоо хөвсгөрөөсөө салах гэж нэлээд юм болох шинжтэй. Идээд сурчихаар цаанаасаа нэхээд байдаг юм байна шд, энэ бие хаа чинь.

Ганцаараа хооллох үедээ бол ингэсгээд хөнгөхөн идчихэж болоод байна. Бултаараа идэх болохоор болохгүй л юм.
За энэ өнөөх илжгэн чих жимсний хатаасан нь. Би энэ хатаасанд нь илүү дуртай шд. Илүү чихэрлэг, амттай. Даанч жаахан үнэтэй. Арчилгаа их шаарддаг, хатааж барих гэж их цаг ордог болохоор тэр байх. 

Нэг ажил дууссан ч сэтгэл санаа маш тогтворгүй байгаад л байна. Өөрийнхөө чадварт сэтгэл их дундуур... Алдааг ч их гаргаж байна, ханз манзыг буруу биччихсэн байх юм, анзааргагүйгээсээ болоод. Цаг хугацааг хойшлуулж болдог бол засаад тавьчихмаар...

Monday, October 30, 2017

Амттан

Томилолтоор явахад ингэж амттан идчих гээд байдаг юм. Найз нөхөдтэйгөө уулзах үеэрээ, шинэхэн танилуудтайгаа жаахан доргих үеэрээ гээд л боломж ихтэй шүү. Хэ хэ.

Энгийн үед бол хөвсийчихнө гээд тоож харахгүй шүү дээ, эдгээрийг.
Үүнийг гэхдээ бага зулзага идсэн. 
-Ээж ээ, та хөвсийчихнө шүү  дээ, тэ?
-Одоо тэгэх л байх даа. 
-Тийм болохоор ийм нэгэн гаргалгаа байна. Би таны оронд наадахыг чинь идээд, би хөвсийнө, та хөвсийхгүй шүү дээ. 
-Тэгье даа, үр минь.
За энэ том хүний амттан. Яахав, дажгүй байсан.
Яа энэ нэлээд чанга эд байсан. Нэгийн ард бол гарсаан гарсан. Нэмж барьж давраагүй ээ, томоотой харьсан. Хэ хэ. 

Ажил яахав, сүртэй ажил хийж гавиагүй л байна. Яг хийх гэхээр л сандраад, нэг л сонин болоод байгаа, нуулгүй хэлэхэд. Мэддэг үг ч гарч ирэхгүй, хэл ам эвлэхгүй, тэгснээ энд бол гар минь яасан их эвлэж байна аа, хэ хэ. 

Шөнийн 1:30 болж байна, би ганц нэг цаас шагайгаад л сууж байна. Хийх зүйл их байдаг, ингээд сууж байх ч гэж...

Friday, October 27, 2017

Хөршхөн минь дээ

Галт тэрэг саатаад, цагийн дараагаар гэрээсээ гарах гээд, тэрнээсээ өмнө нэг орой ч болов хоолоо хийж өгчихөөд гарах минь гээд л мунгинаж байх хооронд хонх дуугарав.

Хөршхөн минь зогсож байна.
-Хүүе, чи минь яваагүй юм уу?
-Өө харин тийм, ингэсгээд гарах гээд л байна.
-Эээээээ, болгоомжтой яваарай. Энэ шарсан бөөрөнхий мах, энэ гахайн махтай ногоотой шөл, энэ амтат төмсний боов, энэ сармисаар амталсан мисотой будаа.
-Хөөх, маш их баярлалаа. Талархаж байна аа. Хайртай шүү. Сүүлийн энэ үгийг арай л хэлж зүрхлээгүй, хэт нялуун болчих гээд. Хэ хэ.
Хоол хийж байсан хүн шууд хийж байсан хоолоо болоогүй байхад нь зогсоов. Охидын хоолыг явахаасаа эрт идүүлж амжсандаа баярлаад байгаа юм аа өнөөх чинь.

Хань ижил арай цадахгүй тул болгоогүй хоолоо том зулзагыгаа дуусгачихаарай гэж зарлигдаад, такси дуудаад, зулзагуудаа үнсэж аваад л гарсан.

Хөршхөн минь хөөрхөн байна уу? Тэгж байгаад би өөрөө хөөрхөн хөршхөн болно оо. Тун удахгүй, тэвч итгэ хүлээ, тэгвэл хөршхөн минь та ялна. Хэ хэ...

Thursday, October 26, 2017

Томилолтоор

За би томилолтоор өөр хотод яваа шүү. Дөнгөж эхний хэдэн өдөр л дөө. Ккк

Дуртай зүйлээ бол дэлхийн хаанаас ч ингэж хийнэ шүү дээ. Тийм ээ.

Зочид буудалд байрлаад, гадуур хооллоод, нүд чих хамар гээд нүхтэй болгон минь онгойгоод сайхан л байдаг юм томилолт гээч зүйл.

Харин ар гэр лүүгээ л жаахан санаа зовниостой. Оройдоо нэг ярьж өдрийнх нь болсон зүйлүүдийг асууж, танадаж, загнахдаа загнаад, аргадахдаа аргадаад л явж байна.

Гэрээсээ гарахдаа ч уг нь сайн л хэлж захиж гардаг ч... Хүн шиг байж байна шүү гэж ирээд л...

Эмэгтэй хүн, ээж хүн ээ гэж. Өөрийнхөө зүйлсийг бэлдмээр байдаг, гэрийнхээ зүйлсийг базааж өгмөөр байдаг, ажлынхаа бичиг цаасаа шагаймаар байдаг гээд л амжуулах зүйл ихтэй юм аа.

Тэгэхэд нөхрүүд яаж байна. Явах гээд байгаа шүү, явлаа шүү, ирлээ шүү. Ингээд л болоо. Юу ч бэлдэхгүй, юу ч базааж тавихгүй, учир нь ээж гэж том ар тал үлдэж байгаа учраас. Тийм ээ.

Юм гээч сонин шүү, давхцаахаараа бүгд нэг дор бөөгнөрчих юм. Томилолтоор гарахын өмнөх 7 хоног яав аа гэлтэй завгүй гүйлээ. Гол нь хувьсгалын ажил л ихтэй байлаа. Энд тэндээс утасдаастай, мэйл ирээстэй. Ийшээ тийшээ давхиастай.

Хөршүүддээ бага зулзагыгаа захиж захиж ирлээ. Гэрийнхэн нь жаахан оройтохоор айдаг бололтой, хажуугийн хөрш эмээгийнд орчихсон мууртай нь тоглодог юм. Эрт харанхуй болдогийг ч хэлэх үү.

Айгаад байвал зурагтаа үзээд л сууж байдаг юм шүү гэсэн чинь дуртай байна лээ. Бусад цагаар зурагт үзлээ гэж үглэдэг болохоор. Хэ хэ.

Нээрээ зурагтаа засуулсан. Шинээр зурагт авалгүйгээр асуудлыг шийдсэндээ додьгор байгаа. Ер нь зурагтгүй байх чинь их сайхан юм билээ шд үнэнийг хэлэхэд. Өнөөгийн хэллэгээр амьд харилцаа үүсээд. Хэ хэ.

За над шиг ингээд гэрээ мартсан Гэсэр шиг томилолтоор байнга явдаг ээжүүддээ амжилт хүсье. Бүгдээрээ шүү, чадна шүү, болно оо, бүтнэ ээ.

Гол нь би мундаг сэнпай нарыгаа дуурайж мундаг болмоор байна. Яавал та нар шиг болох вэ? Туршлагаасаа хуваалц л даа. Онэгайшимас...

Жич: Онэгайшимас-плийз гэсэн үг шүү.

Tuesday, October 24, 2017

Ажил мину зэ

За энд тэнд уригдаж ууж идэх нь миний нэг ажил шүү дээ.

Монгол цуг явж байсан нэг эмээ, олоон сарын өмнөөс урьж залаад, өдөр судраа онгойлгож байгаарай. Ийм арга хэмжээ болно, оролцчихоод дэлхийн өвд бүртгэлтэй япон хоол идээд, халуун рашаанд ороод буцаарай гэж захиад байсан юм.

Хаа байсан юм, болоогүй байна даа гэж бодсоор яваад нэг мэдсэн томилолтоор явах өдөр судартай минь давхцах нь холгүй л юм болов.

Хань ижил, зулзагуудыг минь сайн таних юм болохоор гэрээрээ ирээрэй гэхээр нь оройн хоол хийхээс залхуураад уухайн тас
-Очно очно, завтай завтай.
За нэг иймэрхүү. Ойрд ингэж оригоор нь, бүтнээр нь? идээгүй дуртай хоолоо идээд сайхан байлаа. Мөн ойрд уулзаагүй хоёр залуутай тааралдав. Цугтаа ажлаар монгол явж байсан тухайгаа ярьж хөхрөлдөв. Урилга явуулсан эмээ, энэ хоёр залуу бид 4 маш сайхан гар нийлж ажилладаг байлаа. Үе үе ингэж эмээгийн санаачлагаар уулзалдаж монгол япон монгол хоол хийж иддэг юм. 
Жижигхэн жижигхэн өвөрмөц тавагны шийдэл нь хөөрхөн шүү. Өөрийн эрхгүй л зураг авах юм даа. Сүүлд дурсаж байх гэж. 
Энэ бас их хөөрхөн. Даанч гэртээ бол авахгүй л дээ. Учир нь угааж арчаад далд хийх гэхээр зай эзлээд төвөг болох юм билээ. Бас гэрийнхээ элдэв хэрэгслийг нэмэхгүй байх санаатай үзэж л байна. Онцлог нь огтоос цөөрөхгүй нэмэгдээд байх юм. Учир юуных?

Ямартай ч хар усан бороо, хар шуурганаар уналттай байсан сэтгэл санаа жаахан сэргэсээн сэргэсэн. Хэ хэ.

Мартсанаас Канбож явсан шавь түр харьж ирсэн байгаа. Уулзая аа хонгоор минь гээд утасдаад л байгаа. Хариад шавиагаа ханатал яринаа, түр хүлээгтий...