Thursday, November 27, 2014

Зүгээр суугаагүй шүү би нь

Хувь хувьсгалын ажил ихтэй байгаа ч амжуулаад л байна. Хэ хэ
Угладаг ороолт
За энэ угладаг ороолтыг орой дээрээ бөмбөлөгтэй малгайны хамтаар нэхсэн. Улбар шар өнгөтэй том утасны зураг оруулж байсан даа. Тэр утас чинь жижгэрчихсэн. Үлдсэнээр нь юу нэхэхээ мэдэхгүй л байна.
Малгайны бөмбөлөг
За энэ их инээдтэй түүхтэй. Яасан гэхээр? Том зулзагаараа хийлгэсэн юм малгайныхаа бөмбөлөгийг. Тэр хооронд ээж 60 чавганцын ажлаа хийж байгаад л нэг амсхийгээд суух зуураа
-За гялс бөмбөлөгөө малгайтай нь холбоодхоё, ээжийн зулзагаа. Хийсэн бөмбөлөгөө өгдөө.
-За ээж ээ, май.
-Юу вэ? Холбодог хоёр урт утас нь хайччихав аа. Хайчилчихсан байна шүү дээ.
-Өө, тэгсэн байна уу? Уучлаарай даа.
гээд л том зулзага, хань ижил инээгээд болдоггүй. Дагаж бага зулзага бас инээгээстэй. Би нь уурлаж ч чаддаггүй, инээж ч болдоггүй. Янз нь мань хоёр хайчилсан хойноо гэнэт санасан юм шиг байгаа юм. Тэгээд аавтайгаа хуувилдаж намайгаа уурлахаас өмнө инээлдэж байхгүй юу. Золигнууд чинь.
-За за, баларсан юм. Маргааш дахиж хийж өгөөрэй.
-За
Одоо ингээд нэг бөмбөлөг гэрт яваад байдаг. Хаях гэхээр бас хайран санагдаад. Бага зулзагын тоглоомон дунд яваа. Санахаараа гаргаж ирж тоглоод байх шиг байна лээ. Хэ хэ

600 калори

Бага сургуулийн өдрийн хоол буудаад. Үдээс өмнө нь улс эх орноо танилцуулчихаад, цугтаа шагай няслачихаад, өдрийн хоолны цагаар хоол буудчихаад ирсэн. Хэ хэ.
Угтаа бол өдрийн хоол буудчих цагаар л ихэвчилэн явдаг ч энд чинь бүх зүйл учир жанцантай. Манайх шиг болсон идээнээс бүү зайл гээд болж байгаа идээ ундаанаасаа амсуулна гэсэн заншил байхгүй.
Хэрэв ингэж гадны хүн хооллох бол их л олон хүнээс зөвшөөрөл авна. Тусгай цаасан дээр бичиж байгаад л хүн болгоны ширээгээр дамжуулж тамга даруулна шүү дээ.
За ийм л нарийн ширийн дүрэм журамтай газар өдрийн хоол буудсандаа баяртай байгаа. Хэ хэ. Яахав та нар ууж идсэнээ бичлээ гэж бодож магад л даа. Гэхдээ байна шүү дээ, ингэж хоол буудсанаар эдний бага сургуулийн сурагчид ямар хоол иддэгийг, миний том зулзага нь ч бас ямар хоол иддэгийг мэдэж авна.
Коридорт хүнсний технологичтой нь таараад, калорийг нь асуугаад амжив. 600 орчим байгаа. Будааны хэмжээгээр тогтоодог. 100 хувь өөсрдийн муждаа тариалсан хүнсний ногоо хэрэглэсэн гэж надад их л дэлгэрэнгүй тайлбарлав.

За 2-р ангийнхантай цуг хооллов. Бүх хүүхэд нэг хэмжээгээр иднэ гэж байхгүй тул эхлээд бага иддэг хүүхдүүд хасмаар байгаа зүйлээ хасдаг юм байна лээ. Дараагаар нь их иддэг хүүхдүүд очиж нэмнэ. Ангийн хойно тогоонууд нь тавиастай байдаг. Цайны цаг болохоор жижүүр хүүхдүүд гал тогооны өрөөнөөс зөөж авчирна. Жижүүрүүд цагаан халаад, малгай, маск зүүнэ. Нэг инээдтэй нь загас 3-хан ширхэг байна. Нэммээр байгаа хүүхэд байвал газар тэнгэрээ үзээд хожсон 3 нь л иднэ гэсэн.
-Та бас газар тэнгэрээ үзэж оролцох уу ?
-Өө, үгүй үгүй, та нар л хоорондоо үз. 
Том хүнд бол жаахан л санагдсан. Үнэнийг хэлэхэд, загас нэммээр л байсан. Хэ хэ. Ангийн багш нь гээд өндөр залуу лав цаддаггүй байх аа.

Гэх мэтчилэн 11 сард хөгжилтэй өдөр олон байлаа. 12 сард яаж ийгээд бага сургууль явах ажил олдохгүй юм байх даа гэж...

Хөх хөвчийн домог

гэдэг ном. Зохиогч нь Төмөрбаатарын Нямдэндэв.
Нэлээд дээхэн уншиж дууссан ч зургийг нь блогтоо оруулах зав гардаггүй.

Үсэг жижиг тул уншихад жаахан хэцүү байлаа. Ойрын хараа муу биш ч цаанаа нэг тийм нүд ядраад байх шиг санагдаад. Магадгүй сүүлийн үеийн ном зохиолууд харьцангуй томоор бичигдээд, түүнд нь дассан байж магад.
Ном бэлэглэсэн хүнд нь маш их баярлалаа.
Зохиогчийн товч танилцуулга: МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч хүн гэнэ. Их л олон жил ажлын хажуугаар ийнхүү уран бүтээл туурвисан байна. Гол нь тэр бүр олонд танигдаагүй, бодвол ажлын хажуугаар оролддог байсан болохоор тэр байх. Би лав анх удаагаа л танилцаж байна.
Бүтээлийн агуулгын хувьд дахин дахин барьж аваад байхааргүй л юм. Зохиолчоос хүлцэл өчье.

Бага ангийнх нь сүүлчийн

Урлагийн үзлэг нь болов. Том зулзагын. 6-р анги болохоор үүрэг хариуцлага өндөртэй байлаа. Хүрэлцэн ирсэн үзэгч эцэг эхийг суудалд нь газарчилна. Мөн хорооны зарим нэг том дарга гэх мэт зочдод газарчилна.  Бие засах өрөө зааж өгнө. 1-6 ангийнхаа номерт нь шаардлагатай хөгжмийн зэмсэг, тайзны чимэглэл зэргийг дор бүр нь бэлдэж өгнө, дуусахаар нь хураана.

Нээлт, хаайлтын дуугаа бүх сурагчид найрал дуулна. Дунд нь захирал багш үг хэлнэ. Сурагчид өөрсдөө тоглолтоо хөтлөнө.

Хувцаслалт их энгийн байна. Зүгээр л жирийн хувцастайгаа оролцоно. Жүжигчилсэн тоглолт байвал ах эгч, эмээ өвөө, ээж аавынхаа хувцаснаас дүрдээ тохирсныг нь өмсчихнө. Томдсон байна уу, багадсан байна уу огт хамаагүй. Гол нь дүрдээ ороод, үгээ тод хэлж байхад л болно. Ийнхүү заавал ижилсээд, шинэ хувцас авахуулаад байдаггүйд нь би хувьдаа дуртай. Тэртээ тэргүй хүүхдийнхээ боловсролд хангалттай мөнгө зарж байхад нь сургууль нь бас мөнгө татаад, шаардаад байвал хэцүү шүү дээ. Сургуулиас гадна дор хаяж нэгээс хоёр дугуйланд зэрэг  явдаг хүүхдүүд их. Том зулзагын найзууд бүгд л завгүй байдаг. Мэдээж  төлбөр нь ч өндөр. Газар газраасаа хамаараад төлбөр нь харилцан адилгүй.
Энэ хувцаслалтын талаар япончууд ямар ч гоо сайхны мэдрэмж байхгүй энэ тэр гээд ярих байх л даа. Гэхдээ эд нар байна шүү дээ, юунд илүү мөнгө зарахаа мэдээд байдаг юм. Тийм болохоороо хөгжлийн өдий зэрэгт хүрсэн биз?

Бага сургуулийнхаа сүүлчийн урлагийн үзлэгт оролцож байна гэдэг утгаараа ганц нэг хүүхэд уйлж харагдсан. Манай том зулзага цоглог байсан. Яг ч төгсөлтийн баяр нь биш болохоор тэр байх даа. Төгсөлтийн арга хэмжээгээр ээж аав, хүүхэдгүй л уйлдаг гэсэн. Би нь яахын байгаа юм, хань ижил бол уйлна гарцаагүй. Цэцэрлэгээ төгссөн чинь уйлаад, анх хэл мэдэхгүй жаахан юм японд ирээд цэцэрлэгт ороход анги даасан багштай нь гарын алчуур дундаа барьчихсан л уйлж харагдсан хүн шүү дээ. Хэ хэ.

Wednesday, November 19, 2014

Найрал дуулсан мөн найрал хөгжимдсөн

"Хотын бага сургуулиудын дунд зохиогддог 86 дахь удаагийн найрал дууны наадам" гэсэн нэртэй арга хэмжээ болсон.
Хотын захаар байдаг, нийт сурагчдын тоо нь цөөхөн сургууль бол 1-6 ангийнх нь нийт сурагчид оролцдог юм билээ. Сурагчдын тоо нь олон бол зөвхөн нэг л үеийнхэн ордог юм байна. Том зулзагынх болохоор 6-р ангийн нийт сурагчид оролцлоо.
Зохион байгуулалт бол асар өндөр болно. Хүүхдүүдээ үзэх гэж ирсэн эцэг эхчүүд 2, 3 давхарт л гарч үзнэ. 1 давхрын хойд хэсгийн суудалд хотын иргэд сууж үзнэ. Урдуур хэсгээр наадамд оролцож байгаа сурагчид сууж бусад сургуулийнхныхаа тоглолтыг үзнэ.
За тоглолтын хувьд муухан мэргэжлийн хүмүүсээс мундаг тоглож байна. Ганцхан найрал дуу дуулдаггүй юм байна. Бас хөгжим дарж байна. Бүх хүүхдүүд ямар нэгэн хөгжим тоглоно. Төгөлдөр хуур, лимбэ, царгил хөгжим гэх мэт. Өөр хэд хэдэн төрлийн хөгжим байсан. Хэлж мэдэхгүй байна.
Би нь ч мундагийг нь гайхаад л авч явсан бүх л техникээрээ зураг дарах гэж, бичлэг хийх гэж хамаг хөлс цувсан. Хэ хэ. Ухаалаг утас, видео камер, аппарат гээд. Хань ижлийнхээ зовлонг жаахан ч болов мэдэрлээ. Учир нь ийшээ тийшээ явахаараа бүгдийг нь даалгачихдаг байхгүй юу.
Энэ бол Хаясэ Таро гэдэг хийлчний тоглодог ая. Том зулзага ангиараа тоглосон.

Tuesday, November 11, 2014

Хороогоороо зугаалсан нь

Энэ жилийн зугаалга бүтэн сайнд болов. Гэм нь өглөөнөөс орой хүртэл бороотой. Орж гарахад шүхэр нэг дэлгээд л, нэг эвхээд л явах гэж ядаргаатай байлаа.
Нэг том автобусанд хүүхэд хөгшид нийлсэн 40-д хүн байсан байх. Таньдаг ч хүн байлаа, таньдаггүй нь ч байлаа. 2 цаг явж байж нэг газар хүрэв. Уг нь бол бяцхан амьтны хүрээлэнтэй юм билээ. Бороотойд гялс тойрч бага зулзагатаа ганц хоёр амьтан үзүүлэв. Дараагаар завтай зайтай үедээ гэрээрээ ирэхээр болов. Хэдийд явах юм бүү мэд.
Yodel-ын ой гэдэр газар. Хёого мужид байдаг гэсэн.
 Мөн 1200 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж яригддаг Икүно мөнгөний уурхайгаар аялав. 1973 онд үйл ажиллагаагаа зогсоосон.  Гол нь түүнийгээ аялал жуулчлалын цөм болгоод ажиллуулаад байна. Дотор нь орж үзэв. Нэг хаалгаар ороод өөр нэг хаалгаар гарч ирэв. Тусгай тайлбарлагчтай, нэг хөөрхөн өвөө бидэнд ёстой ойлгомжтой гэгч нь тайлбарлаж өгсөн. Гар аргаар, тэгж тэгж ухдаг байв гээд л. Дээр үеийнх нь хүмүүс бас л аргагүй л хөдөлмөрч байжээ гэж бахадмаар. Бас нэгэн бахархмаар зүйл байсан нь ухсан газраа буцааж шороогоор нь булдаг байсан гэнэ. Ухаад л орхичих биш, алт мөнгө гээд авах гэсэн зүйлээ авсныхаа дараагаар шороог нь эргээд ухсан газраа буцаадаг байсан гэнэ. Монголд яг яадгийг би нь сайн мэдэхгүй, нөхөн сэргээгдэхээ болилоо гээд шуугиад байдгийг бодоход буцаадаггүй юм болов уу гэж...
Гарч ирсэн хаалга.
Өдрийн хоол идсэн газрын цонхоор. Өөрийн эрхгүй зураг дарав.
Yodel-ын ой доторх ресторанын цонхоор.
Ийнхүү Хёого мужийн нэгээхэн хэсгээр аялаад ядарсан хэдэн улс гэртээ ирлээ.
Дараа жилийн зугаалга даанч хол байна даа...

Wednesday, November 05, 2014

Алаг намар

Шаргал намар гэдэг дээ, энд бол алаг? улаан? намар болдог юм.

Уул нь ногооноороо намар, дотор нь ингэж улаардаг моднууд байна.
Алхахад сэтгэл тэнэгэр гэж юүхэв.

Найрал дуулна

Том зулзагын сургуулийн нийт 6-р ангийн сурагчид хотынхоо урлагийн наадамд энэ дуугаар найрал дуулж оролцоно. Гэм нь ажлын өдөр. Миний бага сургууль явах өдөртэй давхцаад. Цаг нь зөрөөсэй гэж залбираад л байж байна. Видео болон зургийн аппаратаа бариад л хөгжөөн дэмжинэ дээ...
Том зулзагын минь бага сургуулийн 6 жил дэх дурсгалт өдөр нэгээр нэмэгдэнэ. Өдөр бүр бэлддэг гэсэн.


Жич: Багадаа 5-р сургууль дахь найрал дууны дугуйланд бүртгүүлээд 2 өдөр явсан юм даг. Л.Галмандах багшийн. Тэгсэн солгой хоолойтой байж найрал дуунд явлаа гэж гэрийнхэн шоолоод, би нь ичээд гарчихсан. Явж л байдаг байж гэж харамсдаг. Учир нь солгой хоолой гэж байдаггүй гэсэн шүү, ээжүүдээ. Багаас нь зааж өгдөг гэсэн. Дуучнаа байг гэхэд эвлэгхэн дуулдаг болчихсон байхгүй юу?

Friday, October 31, 2014

Санаж явнаа

  • Сайхан амьдралын 2 алтан дүрэм
1. Үргэлж эхнэрийн зөв.
2. Хэрэв эхнэрийн буруу юм шиг санагдвал өөрийгөө нэг сайн алгадаад дүрэм 1-г дахин унш. Заримдаа хань ижилдээ ингэж хэлмээр л байдаг шүү.

  •  Бусдыг өөрчлөх гэж битгий хичээ. Харин тэдэнд өөрчлөлт ямар гайхамшигтай болохыг өөрийнхөө амьдралаар харуул.

  • Монголчууд наадамд цагтаа ирдэггүй, ирэхээрээ тардаггүй, тарахаараа харьдаггүй, харихаараа унтдаггүй, унтахаараа босдоггүй. гэнээ хэхэ.

  • Л.Түдэв: Монголчууд ойлгохгүй байгаа юмандаа хоёр янзаар ханддаг. Нэг бол үл тоомсорлодог, нэг бол шүтэн биширдэг.

  • Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгүй явбал хорвоод хүн болж төрсний чинь утга учир шүү дээ. Б. Лхагвасүрэн
Бүгдийг нь нүүр номноос хуулав.

Гоё

ХАРВАРДЫН ОЮУТНУУДЫН МӨРДДӨГ 15 ЗАРЧИМ

1. Хэрэв чи унтвал мөрөөдлөө зүүдэлнэ. Харин унтахын оронд хичээлээ хийвэл мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлнэ.
2. Чи хэтэрхий... оройтсон гэж бодсон зүйл үнэн хэрэгтэй цаг нь ч болоогүй байж мэднэ.
3. Сурахын зовлон зүдгүүр тур зуурынх. Харин мэдлэггүйн зовлон үүрдийнх
4. Сурах гэдэг бол цаг хугацааны биш харин хичээл зүтгэлийн асуудал.
5. Амьдрал гэдэг бол зөвхөн сургууль биш, гэхдээ чи энүүхнийг дайраад гарч чадахгүй юм бол юу чадах хүн бэ?
6. Ачаалал, хүчин чармайлтаас сэтгэл ханамжийг авч болох юм.
7. Хэн бүгдээс өрсч хийж байна, хэн хүчин чармайлт гаргаж байна, тэр хүн л амжилтын амтыг жинхэнэ утгаар нь мэдэрч, таашаал авч чадна.
8. Хүн бүр бүх зүйлд амжилт гаргах албагүй. Гэхдээ амжилт бол зөвхөн өөрийгөө улам боловсруулж, шийдэмгий байсан цагт л ирдэг.
9. Цаг хугацаа чамайг хүлээхгүй.
10. Өнөөдрийн хаясан шүлс маргаашийн нулимс болж мэдэх юм.
11. Ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хүмүүс бол жинхэнэ реалистууд
12. Авч байгаа цалин чинь чиний боловсролын түвшинг тодорхойлдог.
13. Өнөөдөр хэзээ ч дахин давтагдахгүй
14. Яг одоо ч гэсэн чиний дайснууд номын хуудас эргүүлээд сууж байгаа
15. Хөлс гаргахгүй бол мөнгө олдохгүй


Ийм зарчим нүүр номд явж байхаар тэсгэлгүй блогтоо оруулчихлаа. Хэзээ нэгэн цагт охид минь бас уншиг...

Олон баярын мэнд

болох шив дээ. Төрөлх хотын минь төрсөн өдөр. Өнөөдөр сүнсний баяр.

1. Хотын төрсөн өдрөөр нэг л их сүртэй цуглаан болсон байна лээ тэ талбай дээр. Нүүр ном дээрээс жаал зураг харж баясав. Арай л хэтрүүлж тэмдэглээд байдаг юм шиг санагддаг шүү олон олон баяраа, миний монголчууд.

2. Сүнсний баярт нэг их дуртай биш. Гэхдээ энд дэлгүүр хоршоо юм л бол нэг тийм шар өнгөтэй зүйл зараад байна. Есөн жорын л юм байна, чихэр, жигнэмэг гээд л. Зулзагууд минь хүртэл сургууль цэцэрлэгт нь сүнсний баярын уур амьсгал дүүрэн байх шиг. Гэртээ ирээд л ярих юм. Ёс болгоод нэг амттан авлаа. Хоолныхоо дараа иднэ.

За энд бас 11 сарын 3нд соёлын өдөр гээд амрана. Энд тэнд олон арга хэмжээ болох байх. Харж байгаад нэгийг нь сонгоод очно доо. Зулзага нартаа л тааруулж сонгох байх даа. Танин мэдэхүйн чанартай зүйл байвал явна аа.

Мөн өнгөрдөг хагас бүтэн сайнд хорооны баяр болсон. Хорооныхо оршин суугчдын тарьсан ногооны худалдаа, гар хийцийн янз бүрийн зүйлийн худалдаа, хоолны худалдаа, хуучин эд зүйлсийн худалдаа гэх мэт болдог. Ер нь энд баярыг янзан бүрийн зүйл худалдаж, худалдаж авч л баярлах юм даа гэж.
Бага сургуулийн сурагчдын бүтээлийг дэлгэн тавьсан байсан. Мөн хороон дээр явагддаг элдэв сургалтын сурагчдын бүтээл байсан. Жишээ нь уран бичлэг, нэхмэл, оёдол гэх мэт. Энэ сурагчдын насны ангилал янз янз. 8 настай балчираас 80 настай буурал ч бий...

Эрүүл мэндийн хичээл

Бага  сургуулийн 6-р ангийн ээлжит нээлттэй хичээл. Сэдэв нь "Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд".
Сурах бичиг, үзүүлэн ашиглан япон хүмүүст ихээхэн тохиолддог өвчлөл, 1 жил дэх нас баралтын тоо, амьдралын зөв хэв маяг гээд л амьдралд ойр зүйлийг хоорондоо ярилцаж байсан.
Багш сурагчдаас:
-Чихэрлэг амттан идэх дуртай хүмүүс гараа өргө дөө.
-Өдөр бүр ундаа, гаазтай ундаа уудаг хүүхэд гараа өргө дөө.
-Өдөр бүр чийпс иддэг хүүхэд гараа өргө дөө.
-Өглөөний цайгаа уудаггүй хүүхэд гараа өргө дөө.
-Гадаа тоглодоггүй хүүхэд гараа өргө дөө.
-Биеийн тамирын хичээлээс гадна биеийн тамираар хичээллэдэггүй хүүхэд гараа өргө дөө.
Өөр нэлээд хэдэн асуулт байсан санадаггүй ээ.
Дээрх асуултыг асуугаад л хүүхдүүд гараа өргөөд л байсан. Дараагаар нь хэрвээ чихэрлэг зүйл хэтрүүлж хэрэглэвэл, давс хэтрүүлж хэрэглэвэл, өөрт тохирсон хөдөлгөөн хийдэггүй бол ийм ийм өвчин тусах магадлалтай, богино наслана гэх мэтээр тайлбарлаж ярилцав.

Би нь их олзуурхсан. Өнөөдрийн хичээлийг. Учир нь том зулзага давстай зүйлд дуртай, шоколатанд дуртай. Хоолныхоо давсыг албаар сул хийхээр хань ижил том зулзага 2 сул байна гээд бусад зүйлээр амтлах гээд байдаг талтай. Тэгээд л ээжийн үглэх ажил эхлэнэ шүү дээ. Одоохондоо юм мэдэгдэхгүй, нас ахиад ирэхээр тэгнэ ингэнэ, зулзагыгаа болохоор эмэгтэй хүн жирэмсэн болохоор чинь илт мэдэгдэнэ бла бла гээд л. Ганцаараа үглээд ад болж байхаар сургуульд ингэж заагаад давхар багш нар нь үглэвэл хичнээн аштайв.

Мөн дунд нь гаднаас мундаг хүн урьж яриа хийлгэдэг гэсэн дээ. Энэ удаад эм зүйч залуугийн яриа байлаа.
Эмийн зөв хэрэглээ, мансууруулах бодис зэргийн талаар ярьсан. Эм зүйчийн тухай ойлголт 1240-д оноос эхлэн гарсан гэнэ.
Тухайн эмнээсээ шалтгаалаад хадгалах хугацаа нь өөр өөр байна. Урд нь ханиад хүрээд эмчид үзүүлж эм бичүүлж аваад, тэр эм нь үлдсэн тохиолдолд дараагийн ханиадандаа аль болох хэрэглэхгүй байх. Ах нь эгч нь энэ эмийг уугаад зүгээр болсон юм чинь дүүд нь гэсэн энийг л уулгачихая гэж болохгүй. Гэх зэрэг зөндөө л зүйл ярилаа.

Мансууруулах бодис. Хар тамхи. Өсвөр насны хүүхдүүд найз нөхдийн шахалтаар, охидууд найз бандийнхаа шахалтаар татаж эхлэх нь элбэг. Түүний дараах хор уршгийн талаар ямар ч ойлголтгүй хэрэглэх нь их. Буруу зам руу орохоос хамгийн их сэргийлж чадах орчин бол гэр бүлийнх нь гишүүд байна. Хар тамхины хор уршгийг сайн ярилцаж эртнээс ойлголт өгч байх. Санаа зовж буй асуудлаа гэрийнхэндээ нуулгүй ярьдаг болгох. Гэр бүлийн гишүүд хоорондын мэдээлэл солилцоо ихээхэн чухал...

Шилжилтийн насан дээрээ яваа учраас эсрэг хүйстнээсээ ичих, сонирхох гэх мэт зан аашийн хувьд бага зэргийн өөрчлөлт ажиглагдаж байгаа гэж анги даасан багш нь хэлж байсан.

Tuesday, October 28, 2014

Хоол буудав

Хүүхдийнхээ цэцэрлэгтээ иддэг хоолыг буудав. Ямаршуухан хоолыг яажшуухан иддэгийг нь эцэг эхэд нь танилцуулах зорилготой л доо. 2 өдөр дарааллан болно. Аль завтай гэсэн, чөлөө авч чадахаар өдөртөө очдог. Би эхний өдөр нь түмэн завгүй байсан учир дараагийн өдөр нь очив.
Сулавтар амттай ч дажгүй хоол байлаа. Аан тийм, загасны яс нь жаахан төвөгтэй байлаа. Хар амар загас. Ээж аавыгаа хараад хөөрсөн хэдэн хүүхдүүд л байна лээ. Манай хүн жаахан эрхлэнгүй, онгироод л чанга чанга яриад сүйд байв. Багш нь инээд алдаад л хэхэ. Гэртээ эрхлээд хүнээ байчихдаг хүн чинь өөрөө хоолоо идсэн. Бас жижүүрийн ээлж нь таараад, жижүүрийн ээлжтэй хэсэг хүүхдүүд "тавтай сайхан хооллоорой" гэж хэлснээр бүгд хоол ругаа ухасхийгээд л дайрав. ккк.
Ер нь бол намайгаа гэртээ байхад хүн биш гэсэн шүү дээ. Ажлаар ийш тийшээ яваад байхгүйд бол хүн гэсэн. Өөрөө хоолоо иднэ, ийш тийш босч суухгүй, нэмж барина гээд л.

Ингэж хүүхэтэйгээ өдрийн хоол идэхдээ огт үнэгүй хоол буудна гэж байхгүй л дээ. 200 иен урьдчилаж төлсөн. Агшаасан цагаан будаагаа өөрсдөө авч очно. Хүүхдүүд бас тэгдэг юм. Ингэхдээ 3 наснаас дээш хүүхдүүд л авч очно. Яслийнхан авч очихгүй.
Энэ арга хэмжээ нь жил бүр зохиогдоно. Би өнгөрдөг жилүүдэд ажлын хэнхэгтэй хүн, ажлаасаа чөлөө авч чадахгүй гээд очиж байгаагүй юм. Тэртээ тэргүй ханиад хүрч бариад л заавал чөлөө авдаг болохоор, зүгээр нэг хоол иддэгийг нь харах гэж чөлөө авч байхаар өвдөхөөр нь л тэр чөлөөгөө авъя гэж бодоод. Мөн дээрээс нь аягүй бол намайг хараад уйлж унжаад хоолоо ч идэхгүй төвөг болно гэж бодсон л доо. Энэ жил харьцангуй биеэ даагаад, бас ч нийгэмшээд ирж байгаа юм чинь гайгүй, хүн шиг байх болов уу гэж бодов. Тамирын өдөрлөгтөө ч хүн шиг оролцсон болохоор нь. Яг л төлсөөлж байснаарь хүн шиг хоолоо идэв. Жаахан хөөрөөстэй байсныг эс тооцвол хэхэ.

Нэг нээлт хийв. Гэртээ идэхгүй гээд маяглаад байдаг ногоог хээв нэг идсэн. Брокколи, далайн замаг гээд л. Өнөө оройноос эхлээд идүүлэх гэж хичээнээ. Онгироож байгаад л идүүлдэг л юм, хааяадаа тахил нь буруу өргөгдчихөөрөө идэхгүй зөрөөд байдаг болохоос.

Мөн багш нь хүүхэд бүрийн ээжид нь хүүхдийнх нь онцлогийг хэлж байсан. Хоолондоо сайн, нэмдэг, үлдээдэг, түргэн иддэг, удаан иддэг гээд л. Манай хүнийг бол яг л хэлж байна лээ. Их удаан иддэг, дургүй зүйл их байдаг гэв. Үнэн үнэн.

Бас нэг сүрхий зүйл нь тогооч нь гээд нэг залуу орж ирээд хоолны материал, онцлог зэргийг тайлбарлаж өгсөн.

Жич 1: Гэртээ өнөө орой хар амар загас шар иднэ. Хажуугаар нь хятад байцаа болон цагаан луувангийн шөл, цагаан будаа, вандуйтай чанасан бууцай иднэ.
Жич 2: Зураг авч амжсангүй, дараа нь дуурайж хийсэн гэрийнхээ хоолны зургийг оруулна аа.

Monday, October 27, 2014

Үндэсний бахархалт цэцэг

Бэр цэцэг хамгийн их санал авч шалгарсан гэнэ. Саяхан шалгарсан байна. http://entertainment.mongolnews.mn/%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D0%B7%D2%AF%D0%B9/1ccd#
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хаягаар орж уншаарай.

Хэдэн жилийн өмнө монгол японы найрамдалт харилцааны 35 жилийн ойгоор 2 улсыг төлөөлсөн уулсын зурагтай марк хэвлэгдэж байсан юм. Тэрхүү маркан дээр мөн 2 улсыг төлөөлөн сакура цэцэг, цагаан уул цэцгийг оруулж өгсөн байхаар нь улсын цэцгээр цагаан уул цэцэг тодорсон юм болов уу гэж бодоод л явдаг байлаа. Тэгсэн үгүй юм байна аа. Тэгээд нэг танилцуулга дээр ашиглах гээд нет ухсан чинь улсын бахархалт цэцэггүй орны тоонд монгол явж байсан юм. Тэгэхээр нь нүүр номдоо асуусан байсан чинь нэг найз минь их түргэн шуурхай мэдээлэл өгч туслаад. Их баярлалаа.

11 сарын сүүлээр нэг газар очиж монголын тухай танилцуулга хийх юм л даа. Эмээ өвөө нар голцуу ирэх тул наана нь бас жаахан бэлдэх хэрэгтэй байдаг. Тэгээд эндхийн эмээ нар цэцэгт дуртай байдаг тул улсынхаа бахархал болсон цэцгийг танилцуулах санаатай. Далимд нь өвөө нарт улсынхаа бахархалт шувууг танилцуулна аа. Би ч өөрөө мэдэж авна.

Жич: Зургийг дээрх хаягнаас авсан болно.

Thursday, October 23, 2014

Өнөөдрийн урлан

За үүнийг шинэхэн цагандаа нэхчихлээ. Цагаа хийж байх гэж тэр хэхэ. Ингэж уутанд хийж тавихгүй бол хаа нэгтэй юманд зурагдчих гээд санаа зовоогоод. Учир нь нэг их үнэтэй биш ч наддаа л хөөрхөн үнэд хүрсэн цагаа хайрлаж байгаан шинж. Шинэков дээр нь ингэж юм хумаа сүр болж эдэлдэг дээ. Хуучраад ирэхээр нь тоохоо больчихдог доо яг л тэр нь болоод байна. Том зулзага болохоор өөр нарийхан утсаар нэхвэл гоёмсог биш үү гэж санал тавьсан. Чадах юм чинь дахиад л нэгийг нэхчихэе, чадхым чинь чадхым чинь. Хэ хэ.

За энэ утсыг хашраах гээд гаргаад ирчихлээ. Хорвоо дээрх ганц эмэгтэй дүүдээ төрсөн өдрөөр нь малгай ороолт нэхэж өгнө гээд хэлчихсэн байгаа. Малгайгаа эхлээд орхичихлоо. Нэг эхэлчихсэн байхад дуусгамаар санагдаад юм л бол барьж аваад байдаг юм. Амжуулна даа...
Утас үлдэнэ мэдээж, өөртөө нэг зүйл нэхдэг юм билүү? Юу нэхэхээ мэддэггүй гэнээ. Хэ хэ. Аятайхаан зүйл нэхэхээр том зулзага нь дээрэмдэх байх даа гэж...

Wednesday, October 22, 2014

Аяга угаагч

Миний брэнд аяга угаагч. Мэддэг хүн нь бүр албатай юм шиг нэхэж байгаад л авна шүү дээ. Хамгийн гол нь би өөрөө хүмүүст шахах дуртай. Хэ хэ.
Нэг нэхэхдээ худалдаж авсан утсаа дуусгаж байж санаа амардаг гэж байгаа. Тэгээд дахин утас худалдаж автлаа хэсэг амардаг юм. Нэг найз минь намайг их л завгүй гэсэн байж аяга угаагчаа нэхсээр байна шүү дээ гэсэн. Хэ хэ. Их амархан. Би нь зурагт үзэнгээ нэхчихдэг юм. Энд бол ийм утсаар нэхсэн аяга угаагчаа эко аяга угаагч гэж нэрлэдэг. Янз бүрийн амьтны дүрстэй, жимсний дүрстэй гээд их гоё нэхдэг хүмүүс ч бий. Би нь тийм нэг жаахан ажиллагаа шаарддаг юманд хойрго талдаа. Утсаа дунд нь таслахгүй, үргэлжлүүлээд л нэхэх дуртай. Тэр зан минь нэг л өнгийн, нэг л хэвийн зүйл нэхэхэд хүргээд байгаа юм. Зав зай ихтэй болохоороо оролдож үзнээ.
Энэ аяга угаагчны онцлог бөгөөд давуу тал гэвэл их удаан эдэлгээтэй. Янз бүрийн сав суулганы нунтаг хэрэглээд байх шаардлага бага. Мэдээж тостой зүйл угаахад бага зэргийн нунтаг хэрэглэнэ л дээ. Жаахан муудаад өнгөө алдаад ирэхээр нь крантаа угаагч болгочихдог юм. Хаятлаа их удна аа.
Зарим найзууд минь аяга угаахаасаа хайрлаад, аяган доороо тавьдаг гэсэн. Тэр бас байж болох санаа. Хэрэв аяган доороо тавих бол оосоргүй нэхвэл зүгээр. Бас хээ хуар оруулаад хийвэл бүр л гоёмсог болох байх. Дараа тэгж нэхвэл зураг оруулнаа.

Friday, October 17, 2014

Нар хүнээс манддаг

Бэлгэнд авсан ном. Бэлэглэсэн хүнд маш их баярлалаа. Унших зав гарахгүй явсаар өдий хүрэв. Ганц нэг таалагдсан сургааль үгсийг түүв.

Бусдад өгсөн үнэ цэнэ буцаад таных болдог.

Хүн юунд хүрснээрээр биш юуг ардаа үлдээж байгаагаараа хэмжигддэг болохоор өөртөө наасан зүйлээр биш бусдад өгсөн зүйлээрээ өөрийгөө хэмжих нь зүйтэй.

Уудам говь шигээ өргөн амьдарч
Уртын дуу шигээ урт наслаарай.

Өөрөөс минь өөр хэн ч үүрэхгүй тийм нэг ачаа бидний амьдралд байдаг.

Өөртэйгөө буруу харилцаж байгаагийн хамгийн том илрэл бол бусдад атаархах явдал юм. Атаархал бол "түүнд байгаа зүйл надад ч бас байх ёстой" гэсэн бодлоос эхэлдэг. Атаархах нь би үүнд эзэн болж чадаагүй гэсэн сул дорой хүний шинж бөгөөд өөрт байгаа сайн сайхныг үзэн ядаж байдаг.

... Андрю Карнеги хэлэхдээ "Бусдын тусламжтайгаар хүрэх амжилт нь ганцаараа гаргах амжилтаас хавьгүй илүү амжилтанд хүргэдэг гэдгийг ухаарах тэр агшин хөгжил дэвшилд хүргэх том алхам болдог" гэж хэлсэн байдаг. Бардам хүмүүс "хүмүүс өөрт нь хэрэгтэй бус" харин "өөрийгөө бусдад хэрэгтэй хүн" бодож явдаг. Өөрөөр хэлбэл "Би хүмүүст хэрэгтэй гэдэг нь бардам зангийн үндэс болдог бол харин хүмүүс надад хэрэгтэй гэдэг нь хамтран ажиллахын эхлэл болдог" гэдгийг ойлго...

Ходоодон хүн: Ходоод шиг зарчим баримталдаг. Ходоод хамаг шимийг нь аваад ялгадсыг нь хаядаг шиг тэр хүн бусдыг ашиглаад, хэрэглээд л хаях сонирхолтой. Бусад хүн өөрт нь үйлчлэх ёстой, зөвхөн надад зориулах ёстой гэсэн хандлагатай бөгөөд ходоодон хүнтэй хамтарсан хэн боловч эцэст нь ашиг тусаа өгөөд ялгадас болон хохирч үлддэг.

Зүрхэн хүн: Зүрх шиг зарчим баримталдаг. Зүрхэнд хоёр гол судас байдаг ба зүрх рүү цус орж мөн гарч байдаг. Зүрх бол авснаа шууд өгдөг шиг өөрийгөө ч өрөөлийг ч гээдэггүй. Тэд хүмүүсийг чадах чинээгээрээ дэмжиж байдаг бөгөөд зүрхэн хүнтэй хамтарсан хэн боловч илүү эрч хүч аван урагшилдаг.

"Би гэдэг үгийг буруугаар хэт их хэрэглэвэл ганцаардал үүсдэг" П.Буяндэлгэр

Гэх мэтчилэн энгийн, сүүлийн үед их л хэлэгдэж яригддаг болсон харилцааны соёлын тухай бичсэн байна.

Thursday, October 16, 2014

Бэрхшээлтэй хүмүүс

Тэдний төлөө их л зүйл хийдэг бололтой юм, энд.
Сонсголын бэрхшээлтэй, хэлгүй  дүлий хүүхдүүдийн сургуулийн баярыг очиж сонирхов. Сурагчдын хийсэн бүтээлийн танилцуулга байсан. Мөн тэд хоол хийж зарж байсан.
Баяр нь тэдний эцэг эх, ах эгч, дүү, эмээ өвөө нараас эхлээд л жирийн иргэд ч өргөнөөр очиж үзэж танилцах боломжтой. Тэднийг ойлгох, тэднийг дэмжих, тэдэнтэй зэрэгцэн амьдрах гэсэн зорилготой баярыг жил бүр зохиодог.
Мужийн захирагч хүртэл очно. Гэснээс манай эндхийн мужийн захирагч дохионы хэлээр маш сайн ярьдаг гэсэн. Сүүлийн үед дохионы хэлний орчуулга, орчуулагч нар их эрэлт хэрэгцээтэй болсон. Захирагч нь дохионы хэлэнд мундаг болохоор албан хаагчид нь бас дохионы хэл сурахгүй бол болохгүй гээд таньж мэддэг ганц нэг төрийн албан хаагч нар гүрийж байх шиг байсан. Хэ хэ. Би ч бас дутахгүй ганц нэг дохио сурсан.
Бүр бага ангид нь сонсголын бэрхшээлтэй, хараагүй гэх мэт хүмүүсийг урин, тэдний тухай ойлголтыг өгдөг хичээл байдаг юм билээ. Түрүү жил том зулзагын сургууль дээр сонсголгүй, тэрийгээ дагаад хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн ирж яриа хийж байсан. Бид 2 номын дэлгүүрээс дохионы хэлний ном худалдаж авч байлаа. Хааяадаа нэг сөхөж харж байх гэж тэр.
Өөрсдийнх нь хийсэн хавч.
Мөн цугласан хүмүүс ийм хавч хийж болно. Хань ижил бага зулзагат хийж өгсөн. Бага зулзага хааяа ганцаараа шулганаад л тоглож харагддаг юм.
Бас охидууд нь өөрсдөө хийсэн үсний боолт, аяган доор тавьдаг суурь гээд л зөндөө зүйл зарж байсан.

Улаанбаатарт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас ч гэж зах зээлтэй юм шиг байгаам. Харин хөдөө орон нутагт амьдардаг бэрхшээлтэй хүмүүст жаахан хэцүү байдаг шиг санагдсан. Их ойрын жишээ бий. Сая хэд хоног цуг байх үедээ л энэ талаар мэдэж авлаа. Олонтой мэдээ солилцох, нийгмийн дунд орох зэрэг асуудалд өөрөөсөө ичээд, санаа зовоод их хойрго байдаг юм билээ. Өөртэй нь адил хүмүүс зөндөө байдаг, тэд ингэж амьдардаг, тэгдэг гэж хэлж ойлгуулж байхгүй бол зөвхөн би л ийм хөгжлийн бэрхшээлтэй гээд сэтгэлээр унах, тэрийгээ дагаад ойр орчмынхоо хүмүүсийг дэглээд байх хандлага байдаг юм байна. Аль болох багаас нь анхаараад, биеийг даалгах тал дээр улсын зүгээс ч тэр, эргэн тойрных нь зүгээс ч тэр анхаарах л ёстой юм шиг...

Харри Поттэр

Осака хотод байдаг USJ (Universal studio japan) оров, 3 хоногийн амралтаараа. Уг нь нэлээд дээхэн орж байсан л даа. Даанч том зулзага мартааский. Хэ хэ. Дээрээс нь Харри Поттэр гээч гайхлын тухай бүхэл бүтэн хотхон бий болсон юм. Тэрийг үзмээр байна гээд л байсан юм. Номыг нь ч салахгүй уншина. Киног нь ч алгасахгүй үзнэ. Тэгээд л очиж үзэх шалтаг гаргаад гэрээрээ яваад ирэв. Бага зулзага ч угаасаа хэдэн жилийн дараа мартааский болно л доо, мэдээд байгаа юм хэхэ.

Тун гайхалтай нь бүхэл бүтэн хотхон байна даа тэнд. Галт тэрэг, байшингууд, сургууль гээд л. Бэлэг дурсгалын тасаг бол бүр хүмүүсийн халаасыг сэгсрэнэ л гэнэ шүү л болсон байгаа юм чинь. Том зулзага шидэт саваа авах гэж нэг үзсэнээ больчихсон. Зөгнөлт ертэнцөөсөө гэнэт бууж ирсэн байх хэхэ. Нээрээ энэ чинь шидэт биш шүү дээ гэж...

Мөн Харригийн зүүдэг ороолтыг авах гээд, азаар өнөөх нь дуусчихсан байсан. Хэ хэ. Бүр нөмрөг, цамц, зангиа гээд л ер нь Харригийн хэрэглэж байсан бүх л зүйлийг зарж байна билээ. Тэр үнэтэй зүйлсийг худалдаж аваад нөмрөөд, өмсөөд яваад байх хүн зөндөө байсан. Аргагаүй л дуртай улс юм даа л гэж бодов. Хэ хэ. Ажлынхандаа мэлхий шоколат худалдаж авдаг юм билүү гэсэн чинь 2 цаг дугаарлана гэхээр нь больчихсон. Аймар байна уу? Тээр жилийн каартны талханд дугаарладаг байсан шиг л юм болох нь байна шд.
Сургууль нь
Орж үзэх гэж 1 цаг дугаарлаж зогссон шүү дээ. Хүн ч гэж их байна лээ.

Дэвших бэлтгэл

Том зулзага нь ахлах ангид орох бэлтгэл бага багаар, аажим аажмаар эхэлж байна. Гэрт өрнөдөг яриа, сургууль дээр өрнөдөг яриа, эргэн тойронд өрнөдөг ярианы гол сэдэв нь дунд ангид орох боллоо доо, цаг хугацаа ч хурдан юм даа гэсэн өгүүлбэр заалттай гардаг болсон.
Саяхан бага сургуулийн 6-р ангийн бүх сурагчид дэвшин суралцах дунд сургууль дээрээ очиж бүтэн нэг өдрийг дунд сургуулийн ах эгч нартайгаа цуг хичээлд нь сууж, тоглож өнгөрөөсөн. Нэг ёсондоо эртнээс сэтгэл санаагаар нь бэлдэж байнаа гэсэн үг.

Дунд сургууль 3 жил байна. Ахлах сургуульд ороход нь улс даяар гэсэн байх аа, дүнгээр нь жагсаадаг гэсэн. Оноо өндөр хүүхдүүд нэртэй сайн гэсэн сургуульдаа, оноо бага нь хотоос зайдуу, мэргэжлийн ахлах сургуулиудад ордог юм уу даа. Судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ сонирхлоороо мэргэжлийн ахлах сургуульд ордог хүүхдүүд бий.

Ямартаа ч дунд сургуульд ороод хичээл асар ихээр нэмэгддэг гэсэн. Мөн хүүхэд бүр ямар нэгэн дугуйлан секцэнд хамрагдах ёстой. Тэрнийх нь танилцуулга мөд удахгүй эцэг эхэд ирэх байх аа. Дунд сургууль дээр нь очиж бүтэн өдрийн яриа сонсдог шиг санаад байна. Дээр үед би нь нэг тийм орчуулганд явж байсан юм. Энэ талаар ярианд сууж ирчихээд дэлгэрэнгүй бичнээ. Дугуйланд хамрагдахаар хагас бүтэн сайнгүй бэлтгэл гэж хийгээд, уралдаан тэмцээн гээд түмэн завгүй болдог гэсэн. Хагас бүтэн сайн болохоор л уул явна гэдэг улсууд одоо яадаг юм байгаам хэхэ...

Гэх мэтчилэн эндхийн ерөнхий боловсролын тухай өөрийн туршлагаасаа бичээд байхыг хичээнэ ээ.

Төгсөх бэлтгэл

Ирэх жилийн 3 сард бага ангиа төгсөнө. Том зулзага нь. Одооноос бэлтгэл ажил эхэлж байх шиг байна. Төгсөлтийн зураг авахуулах мөнгө, төгсөлтийн ном хэвлүүлэх мөнгө, төгсөлтийн дараах уузлалтанд хэрэглэх мөнгө, бусад гэсэн ангиллаар мөнгө хурааж авна гэсэн. Тэрийгээ нэг дор биш энэ сараас эхлэн бага багаар нь хурааж авна гэж мэдэгдсэн бичиг ирсэн.
Төгсөлтөнд хэрэглэх мөнгө ингээд л болоо юм шиг байна. Манайхан шиг багшдаа бэлэг авах мөнгө, сургуульдаа бэлэг авах мөнгө, нийллэгний мөнгө гэж авдаггүй бололтой. Амар юм.
Гэхдээ сайн мэдэхгүй байна л даа. Хэрэв ямар нэгэн зүйл гарвал цаг тухай бүрт нь бичээд явна аа.

Бага анги төгсөхөд цаг үе арай гайгүй байсан болохоор бага ангийн багшдаа бэлэг өгснөө бол санадаггүй юм. Харин багш нарын баяр зэргээр өгч байсан.
Ахлах ангиа төгсөхөд бол багшдаа бэлэг, нийллэгний мөнгө гээд л тухайн үед ижий аав 2т минь их л хэцүү байсныг санаад байдаг юм. Энэ сонин уламжлалаа болих хэрэгтэй юм байгаам угтаа. Улам л гаараад байгаа гэж сонссон, худлаа сонсоогүй бол... Өгч чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Багш нар ч бүр авах ёстой юм шиг л...

Боловсролын энэ мэт гажиг асуудлыг зөв гольдролд нь оруулдаг бол тэ. Сүүлийн үед эмч нарыг, багш нарыг их л шүүмжилдэг болж дээ. Би ч энд шүүмжилчихвэл илүүц байх дөө гэж...

Идэвхитэй гэж юүхэв

Бага зулзага ойрд их уран бүтээлч болоод байгаа. Оройд нэг зураг зурна. Эсвэл хайч, скоч бариад л хайчлаад л наагаад л байдаг болсон. Цаасаа дийлэхгүй би нь нууцаар хаядаг гэж байгаа. Зургийг нь бол авна.

Нар
Юм л бол ингэж нүүр амтай зурдаг болоод байгаа. Бодвол цэцэрлэгтээ бас багш нь тэгж зуруулдаг байх.
Зайрмаг
Зайрмагт нугасгүй ээ. Энд тэнд явж байвал авахуулна гэж үзнэ шүү дээ. Паналдаад л болохгүй бол уйлаад л 13 мэхээ хэрэглэнэ дээ. Тийм олон мэх хэн зааж өгдөг байна аа?

Wednesday, October 15, 2014

Хулгайч улс

Зэвүүн хулгайч улс юм аа энэ хятад. Уур, зэвүү хоёрыг минь зэрэг хүргэчихлээ байна... Яасан гээч, саяхан манай ажил дээр бага сургуулийн сурагчид ирнэ гээд. Монгол, хятад орны хүмүүс улсаа сурталчилж яриа хийх болов оо. Тэгсэн чинь ажлын газрын нэг япон хүн
-Оньсон тоглоомоо зээлээч, тэгэх үү?
-За яасан?
-Нэг хятад оюутан, яг чамд байдаг шиг оньсон тоглоомны зураг өгснөө хятадууд тоглож өссөн гэнэ ээ.
-Юуууу?
Тэр оюутан мэдээж залуухан, 20 хэдэн настай л байх. Тэгээд би нь хар төрөөд цуг ажилладаг 50 хэдтэй хятадаас асуув.
-Танайхан энэ тоглоомоор тоглож өссөн үү?
-Үгүй чиш, харж ч байгаагүй, тоглож ч байгаагүй.
гэж авдаг юм даа.
Тэгэхээр зэвүүн хулгайч улс чинь манайхны үндэсний гэсэн юм болгоныг өөрсдийн болгох гээд үзчих юм. Би ч одоо дахиад хятад хүмүүстэй хэрэлдэх хэлцэхийн наагуур ярьдаг зүйлтэй болох нь шив энд тэндхийн арга хэмжээнд. Шууд л хэлнэ дээ, танайхан угаасаа хулгайч, юм хулгайлахдаа сайн биз дээ гээд. Яадаг юм үнэн л юм чинь...

Ер нь ганц манайхны ч биш, дэлхийн өнцөг булан бүрээс аятайхан гэсэн зүйлийг нь хамж шимж ирээд биднийх, манайх гээд байдаг тэнэг зэвүүн, ичих нүүргүй улс даа гэж. Энэ нь бүр дэлхий нийтэд томоохон асуудал үүсгээд байгааг ч хэлэх үү.

Хүнийхээ олноор түрий барьсан юмнууд, чанаргүй олон хүнээр яах ч юм. Хэлэх муу үг ч олдохгүй юм...

Утас

гэдэг дуу. Саяхан зурагтаар олж сонсоод...

Sunday, October 05, 2014

Алимны зураг

Түрүү жил оруулсан болохоор дахин оруулаад яахав гэж бодсоноо оруулахаар шийдэв. Нэгэн уншигч маань ч хүссэн байв. Тэр болгон уншигчдынхаа хүсэлтийг биелүүлэх боломж олддогүй ч энэ удаагийнх их амархан, биелүүлж болохоор хүсэлт байлаа. Хэ хэ


Ийм намхан ургасан байсан тул хүүхдүүдэд түүхэд их дөхөм

Эхний алимаа идэж буй нь

Saturday, October 04, 2014

Алим хураалтаар

10 сараа угтав. Өнөөдөр бага зулзагын цэцэрлэгээс жил бүр зохиодог алим хураалт. Энэ тухай бас л жил бүр бичдэг дээ.
Энэ жил том автобусаар явсангүй. Уг нь бол хүүхдүүд ээж аавынхаа хэн нэгтэй бүгд анги ангиараа хуваагдаад автобусанд сууж явдаг юм. Жаахан хүүхдүүд л болсон хойно, бөөн баяр шүү дээ. Хоорондоо шаагиад л. Ээжүүд тэгсгээд чимээгүй л явна. Хоорондоо нэг их чалчаад байхгүй. Ганц нэг таньдагууд нь л хоорондоо тав гурван үг сольж харагддаг юм.
Алим хураах газраа тус тусдаа өөрсдийн унаагаар очицгоосон. Тухайн цэцэрлэгт явдаг хүүхдийг эцэг эхийн нэгнийх нь алим хураах газрын таксыг цэцэрлэгээс төлнө. Энэ мөнгө мэдээж сар бүр эцэг эхээс хурааж авдаг эцэг эхийн зөвлөлийн мөнгөнөөс гардаг. Нэмж ах эгч нь, эмээ өвөө нь явахаар бол өөрсдөө таксаа төлнө. Энэ жил янз бүрийн паагтгүй аятайхан яваад ирлээ. Мэдээж мөнгөө төлж орж байгаа юм чинь олигтойхныг идээд өгнө өө гээд л очно. Байхгүй ээ. Нэгийг идээд л хэхэрч энэ тэр сонин болно доо. 2 төрлийн алим байсан.
Ханхүү мэлхий
Нэг инээдтэй нь нэг мэлхий үсэрч ирээд л бага зулзагын минь гутлан дээр суучихсан. Том зулзага бид хоёр
-Хүүе, ханхүү мэлхий байна аа, үнсчих. Тэгвэл Ханхүү болж хувираад миний охин гүнж болно шдээ
гэж жаал явуулав. Хэ хэ. Мэлхий л бол мэлхий шдээ гээд өнөөх минь үлгэрт итгэдэггүй ээ.

Tuesday, September 30, 2014

Нэг хэсэг

Энэ киног үзэж жаал баясах шив дээ.
Эхнэрүүд ээ гэж, аймаар. Гэснээс би ч бас эхнэр л дээ. Хэ хэ
Эхнэрүүдээ тоохгүй, тогооны хүн, хүүхэд төрүүлэгч, хүүхэд асрагч гэж ойлгодог эрчүүд бол нэг үзчихсэн байхад илүүдэхгүй.

Monday, September 29, 2014

Элс мэлс

Урд нь бичиж байсан байж магад шүү. Багадаа элсээр их л тоглодог байлаа. Ордон хийнэ, бөөрөнхийлнө. Хатуу болгох гэж их үзнэ. Майга засардаг гээд л хөлөө элсээр булж тоглоно. Майга биш байсан л даа, хүүхдүүдийг дуурайж тэр. Хэ хэ
Тэгсэн энд элсийг аялал жуулчлалынхаа нэг хэсэг болгоод үнэн мундаг ашиглаад байгаа. Миний амьдардаг мужид элсэн манхан гэж байдаг. Тэрнийхээ хажууд элсээр бүтээл туурвиад гадаад дотоодын жуулчдыг татаад байна л даа. Жил бүр сэдэвжүүлж өгнө. Энэ жил Орос. Оросыг төлөөлөх хэд хэдэн зүйлийг туурвисан байна лээ.
Татар-Монголын талхидалын үеийн харуулсан
Гагарин. Хэлүүлтгүй биз дээ.
Дээрх Татар-Монголын талхидлын тухай япон хүмүүс сонсоод, хөөх хаах, монголчууд их хүчирхэг байжээ, мэдээгүй шүү дээ гээд л уулга алдаад байсан.
Би үнэндээ орос хэл сонсож бариагүй 10 жил болчихсон чинь орос хэл паг байхгүй болсон байна лээ. Угаасаа ч мундаг байгаагүй л дээ. Монголд бол орос хэл дээр суваг үзээд, савангийн дуурь үзээд гээд л орчин байсан юм. Энд хааяа нэг орос хүнтэй таараад мэнд л мэддэг юм. Чалчих гэхээр үнэндээ ямар ч үг орж ирэхгүй байна лээ.
Энд олон жил болж байж орос хэлээр орчуулга хийгээд байгаа Сүрэн мундаг шүү. Биширдэг шүү. Япон хэлэндээ ч тэр, үнэн мундаг...

Шийдэл 2

Түрүү жил бас ийм сандал ширээний зураг оруулж байсан юм байна. Энэ удаад мөн адил хэдэн сандалны зураг дарсныгаа оруулав. Цэцгийн хүрээлэнд алхаж явахад жаахан суучихмаар санагдаад өөрийн эрхгүй сандал хайгаад. Хайгаад ч гэж дээ, зүгээр л баруун ч билүү зүүн тийшээ толгойгоо эргүүлэхэд л сандалтай таарна л даа. Учир нь дан залуучууд үзээд байхгүй шүү дээ, хүүхдүүдээ дагуулсан гэр бүл, настай хүмүүс, таягтай хүмүүс гэх мэт бүхий л ангиллын хүн үйлчлүүлнэ. Тийм учраас тав алхаад л сандал байсан.
Инээдтэй нь бага зулзага бүх сандал дээр сууж зургаа авхуулсан.
-Хүүе л дээ, ээж нь блогтоо оруулах гэж байгаа юм л даа, холдож байгаач дээ.
-Намайг аваарай, би инээгээд өгөх үү?
-За за, инээгээрэй, авлаа шүү...
Ингээд урдаас нь харахаар үнэг шиг харагдаж байна уу?
Буруу харуулаад тавьчихсан юм шиг харагдаж байна уу?
Бага зулзага
-Ээж ээ, энэ буруу харчихсан юм биш үү? гээд гурвалжин хэсэг рүү нь гараа хийгээд байсан.
2 талд нь суугаад буу халахад зүгээр юм билээ. Дунд нь байгаа хэсэг дээр ууж идэх зүйлээ тавьчихаад л суухад их тохиромжтой санагдсан.

Өөр сандалны зураг байгаа ч нэг их өвөрмөц зүйл алга байна аа. Нэг байгаа дээр нь бага зулзага суугаад малийгаад инээчихэж ккк

Цэцэгс

За амласнаараа цэцэгсийн зураг орууллаа.
Баруун бүсдээ томдоо ордог Дайсэн уул. Өндөр нь 1729 м. Баруун талаас нь харахад Фүжи уул шиг харагддаг.
Нэрийг нь хэлж мэдэхгүй ээ. Өөр зөндөө гоё цэцэг байсан.
Ширээн дээрх ваартай цэцэг. Зайрмаг зардаг мухлагийн хажуу дахь ширээн дээр байсан. Заавал вааранд хийлгүйгээр, ийм том шилэн саванд ус хийгээд дотор нь цэцгийн дэлбээ, навч хийгээд л болоо.
Дараа бага багаар ганц нэг цэцгийн зураг оруулна аа. Энэ удаад ингээд л боллоо. Хэ хэ

Sunday, September 28, 2014

Том ялгаа

За амралтын өдрийг бид цэцэг хуар үзэж ёстой сайхан өнгөрөөлөө. Дөрвөн зүг найман зовхист, хаашаа л харна цэцэг. Нэрийг нь хэлж мэдэх нь ч байна, мэдэхгүй нь ч байна. Бүх цэцэгний хажууд очиж зургаа татуулав. Цэцэг намайг гоёв уу, цэцэгс надаар гоёв уу? Сүүлдээ мэдэхээ ч байв. Хэ хэ. Яг одоо зураг хийх гэсэн гар доор алга, дараа хиймз...

Хамгийн гол хэлэх гэсэн сэдэв рүүгээ оръё.
Энд ямарваа нэгэн үзмэр үйлчилгээний газар нь гадаад иргэнд хямдралтай үйлчилнэ. Гадаадын иргэн болохоо баталсан паспорт гэх мэт зүйлээ биедээ авч явах шаардлагатай. Билетээ авахдаа үзүүлээд л болно. Ингэсэн тохиолдолд дээд тал нь 50 хувь хямдарч байх жишээний. Мэдээж хараахан ийм үйлчилгээ үзүүлж эхлээгүй газар ч бий л дээ. Гэхдээ л япон хүнтэй адил л хэмжээний мөнгө төлнө. Түүнээс гадаад хүн тул нэг дахин илүү төлөх ёстой гэсэн манай монголд түгээмэл байдаг үзэгдэл огт байхгүй.

Хол орноос өөрийнх нь улсыг зориод онгоцны тийзний үнэ, зочид буудлын үнэ, идэж уух зүйлсийн үнэ, буцахдаа бэлэг дурсгалын зүйлс гээд л асар ихээр нь мөнгөө үрж байхад нь хээв нэг илүү үнэ аваад сууж байдаг манайхны үзмэр үйлчилгээнээс санаа зовно гэж юүхэв. Үнэндээ таарсан үзэх юмтай бол бас ч гэж яая гэхэв гэхсэн.
-Өө, ингээд л болоо юу?
гэж шулуухан хэлэх нэгэн ч байна, тэгсгээд дуугай ч цаанаа л нэг сэтгэл гонсгор нэгэн ч байна.

Японд шижээ нь би нь ээж аав, ах дүү, найз нөхдийгөө дагуулаад өөрөө нэлээд хэд үзчихсэн газраараа явна. Тэр бүр үзсэн зүйлдээ дахин дахин өндөр үнэ төлөөд үзэхээр минийх нь түрийвч бас л нимгэрнэ биз дээ? хэхэ. Харин энэ гадаадын иргэнд хямдралтай үйлчлэхээр чинь би өөрөө бөөн баяр, дахин дахин зөндөө л олон хүн дагуулаад ирэх сонирхол төрж байгаа байхгүй юу.
Миний мэдэхийн нэлээд хэдэн газар ингэж гадны бидэнд хямдралтай үйлчлээд эхэлчихсэн. Манайхаар ирсэн зочидоо дагуулаад л гүйгээд байна даа гэж.

За тэгээд бүгдээрээ гадны л хүн бол мөнгөтөй гэсэн бодлоосоо салмаар байгаа юм.
Аан тийм, бас гадаадад байж байгаад ирсэн монгол хүн бол зоослог гэж ойлгодгоо болих хэрэгтэй. Хэ хэ. За энэ тухай дараа бичнэ ээ.

Monday, September 22, 2014

Тамирын өдөрлөг

Жил бүр бичдэг уламжлалтай даа энэ сэдвийг. Энэ жил нэг шинэлэг зүйл олж харсан.  Тэр нь юу вэ гэхээр талбайн чимэглэл болгож улс улсын далбаа өлгөдөг байсныгаа болиод энэ жилээс хүүхдүүдийн уран бүтээлээр чимдэг болж. Бүх насны бүх ангийн хүүхдүүд өөрсдийгөө зурсан байна лээ. Тэрэн дээр нь нэр усыг нь томоор бичээд хадсан байсан. Өдөрлөг дуусахад ээж аавууд хүүхдийнхээ зурсан зургийг хайгаад л гүйлдээд байсан. Олчихоод зарим нь татаж унаж байна лээ. Хэ хэ. Бид бас бага зулзагынхаа зурсан зургийг хайв. Олов. Зураг авав. Яаж ч харсан аавыгаа л зурсан байгаа юм, тэгсэн үгүй би өөрийгөө зурсан гэж гүрийгээд байсан.
Ингэж олон улсын далбаа хадаагүй нь болж гэж бодоод байгаа. Учир нь тэр далбаа дотор нь монгол байдаггүй юм. Бид анхандаа их идэвхитэй далбаагаа хайдаг байлаа. Байдаггүйг нь мэдээд нэг их тоохоо больчихсон. Бараг л багш нарыг нь буруутгах гээд байдаг юм. Монгол хүүхэд байхад чинь монголын далбааг оруулчихад яадаг байна аа гээд л. Гэм нь тэрийг нь тусгай газар хийж зардаг юм билээ. Манай ажил дээр ч бий. Байсгээд л шинэчилдэг л гэсэн. Гэхдээ л нутгийн минь далбаа нэмэгдэхгүй л байгаа юм даа гэж.

Бага зулзага энэ жил хүн шиг оролцов. Түрүү жил надаас зүүгдээд, газар хөлөө ч хүргээгүй хүн. 1 жилийн дотор хүүхдийн өсөлт, хүмүүжил, бие даалт гээд л бидний нүдэнд үзэгдэж харагддаггүй хэрнээ асар ихээр өөрчлөгдөөд л явах юм. Өглөө нь олон хүн цугласныг хараад би оролцмооргүй байна гэж уйлагнаж байснаа багшид нь тэврүүлж орхичихоод  би алсаас харж зогслоо. Жаахан уйллаа. Нээлтийн ажиллагаа эхэлж, бултаараа өглөөний дасгал хийх болж, бүх хүүхдүүд анги ангиараа гарч ирж зогсоход манай хүн жаахан урвагар, гараараа нүдээ нухаад л нэг юм алхаж харагдсаан. Ая ч эхлэв. Бүгд хөдлөөд дасгал хийгээд ирэхээр манай хүн юунаас нь дутахав гэсэн янзтай эгдүүтэй гэгч нь хөдөлж харагдсан. Биднийг олж харчихаад гараа даллаж байна аа. Тэгээд л ер нь ойлгосон байх, хүүхдүүд ингэж дасгал уралдаанд оролцоод, ээж аав, эмээ өвөө нар нь хараад, хөгжөөн дэмжээд байдаг юм байна гэж. Тэгсгээд гайгүй болчихсон, 3 настангуудын гүйлтийн тэмцээнд дөрөв дөрвөөрөө уралдахад бага зулзага биднийг харж маяглаж байгаад гараа нь жаахан оройтоод 4-т гүйж ирсэн. Хэ хэ. Түрүүлж хоцрох нь хамаа алга өө, хөлөө газарт хүргээд оролцож байгаа нь их юм.

Хамгийн инээдтэй нь, эцэг эх, багш нарын хооронд болсон буухиа гүйлт байлаа. Учир нь цэцэрлэгийн талбай жижигхэн, ээж аавууд хурдтай гүйгээд эргэлтэн дээр өнхөрч унаад байх юм. Хань ижил бас гүйсэн. Хамгийн сүүлд гүйв ээ. Чухам түрүү жил их хурдан байсан, энэ жил хамгийн сүүлд хамгийн хурдан гүйгээд түрүүлээд ороод ир гэж бусад эцэг эхчүүд нь хошгоруулаад хамгийн сүүлд гүйхээр болж л дээ. Сүүлийн тамирчин 2 тойрно. Буухиа ч эхлэв. Урд хойноо орж явсаар манай хүний ээлж ирэв. Эхний тойргоо дажгүй гүйчихлээ. Хоёр дахь тойрог дээрээ хурдаа нэмж харагдав. Тэгсэн яг эргэдэг эргэлтэн дээр өнхрөөд уначихдаг юм даа. Ха ха. Барьж явсан модоо холоо шидээд уначихдаг гэнэ. Тэрийгээ олж аваад буцаад гүйх гэсээр байтал бусад тамирчид түрүүлээд талийж орхихгүй яахав. Бичлэг хийж байсан би, зураг авч байсан том зулзага бидэн хоёр нь савж унатлаа хөхөрлөө шд.
Тухайн үед тохой нь л жаахан шалбарсан байсан чинь маргааш нь бугуйгаараа хөдлөхгүй хөндүүр оргиж хэд хоног болов. Хэ хэ.

Гэх мэтчилэн жил бүр оролцдог хэрнээ жил бүр шинэ зүйл олж хараад, жил бүр ямар нэгэн байдлаар дурсамж үлдээдэг энэхүү тамирын өдөрлөгт би өөрөө гүйж харайгаад тамирчинаар оролцохгүй ч хүмүүсийг харж баясдаг тул их дуртай гэж. Зохион байгуулалт ч их сайтай болох юм. Эцэг эхийн зөвлөлийг тун ашигтайгаар, амжилттайгаар ашиглаж чадах юм даа гэж. Бүр багаасаа иймэрхүү олон нийтийн ажилд оролцоод сурчихсан томчууд ч үүргээ сайн ухамсарлаад, дараагийн дугаарын тэмцээнд нь бэлдээд , өмнөх тэмцээнийх нь элдэв хэрэгслийг хурдан шаламгай гэгч нь хураагаад л гүйлдэж байгаа зэргийг нь хараад өөрийн эрхгүй мундагийг нь гайхна аа.

Saturday, September 13, 2014

Хариад ирсэн

шүү, том зулзага аялалаасаа.
Их хөгжилтэй байсан юм байх. Сурагч байхад тэгдэг дээ тээ, ийш тийшээ зугаалгаар яваад ирэхээр анги хамт олон цаанаа л нэг коллектив сайтай болчихдог доо.

-Юунаас нь эхлэж ярих уу ээж ээ?
-За бүр эхнээс л сонсмоор байна ээж нь.
-За тэгвэл байна шүү дээ...

Одоо хүртэл бүгдийг нь ярьж дуусаагүй байгаа. Ер нь бол хамгийн хөгжилтэй, сэтгэлд тод үлдсэнийгээ л түрүүлээд ярьчихсан. Оройд л нэг зүйл санаж байгаад ярьж өгч байна даа.

Гэрийнхээ бүх гишүүдэд бэлэг авчирсан байна лээ. Охин хүүхэд л болсон хойно, жижиг сажиг хөөрхөн юм худалдж авчээ. Дүү нь эхэндээ миний бэлэг гээд сүйд болж байснаа 5 минут болов уу үгүй юу, өнөөх нь ширээн доор орчихсон л явж байсан. Дээш нь хураалаа, сүүлд гэнэт санаад нэхнэ тэр чинь. Хэдэн найзууд хосоор нь утас зэрэгт зүүдэг зүүлт авчээ. Бүр монголд байгаа үеэлүүддээ хүртэл бэлэгтэй.
Нэг инээдтэй нь эмээ өвөөдөө бэлэг авчээ. Тэгсэн чинь хань ижлийн ээж аавд бэлэг байдаггүй дээ.
-Миний охин өндөр өвөөгийндөө бэлэг байхгүй юм уу?
-Өө, тийм өвөө гэж байдаг билүү?
Хоёулаа хөхрөлдөв. Аав нь эзгүй байсан тулдаа л нэг юм аргаллаа. Яаж гээч? Эмээдээ нэг зүйл, өвөөдөө нэг зүйл гээд хоёр бэлэг авсан байна л даа. Тэрийг нь тэр өвөөдөө, энэ өвөөдөө гээд хуваарьлачихлаа. Хэ хэ. Орой аавыгаа ирэхэд нь энийг өндөр өвөөд, үүнийг ... өвөөд гэж хэлсэн, хань ижил баяртай байсан. Хэ хэ.
Хүүхэд өссөн эмээ өвөөдөө илүү сайн, амь байдаг юм шүү. Хүмүүсээ, зөвөөр ойлгоорой доо. Ганц бие, арай хүүхэдтэй болж амжаагүй залуу хосууд гээд хүмүүс гайхаж магад л юм. Ач зээгээ өсгөсөн эмээ өвөө нар нь ч өсгөсөндөө илүү шүү дээ. Миний аав том зулзага хоёр чинь амь. Ээждээ загнуулахаараа өвөөдөө ховлоно. Өвөө нь битгий хүүхэд загнаад бай гэж намайгаа загнана гээд л.
Мэдээж хоёр өвөө хоёр эмээ аль алинд нь сайн ач зээ байдгийг үгүйсгэхгүй. Хэ хэ. Та бүхний хүүхдүүд ямар нь вэ?

Бэлэг аваад аа

Монголоос хүн ирсэн юм аа. Юу захих уу? Хэрэгтэй зүйл байвал хэлээрэй л гэдэг юм. Сэтгэл нь сайхан шүү.
За ний нуугүй хэлэхэд чихэр хэрэггүй шүү. Шоколат хэрэггүй шүү  гэж ирээд л захина шүү дээ. Ихэнх нь ойлгож хүлээж авна л даа. Дунд нь ганц нэг ойлгохгүй хүн байна аа байна.

Би бол нет-с хайж байгаад л ном захьдаг юм. Шинээр гарсан, сонирхолтой эсэхийг нь хүмүүсийн блог зэргээс уншиж байгаад л. Энэ удаад хоёр өөр хүнд гурван янзын ном захьсан. Бүгд толь бичиг. Олоод ирсэн байсан. Хааяа олддоггүй юм. Тэр үед нь сэтгэлээр жаахан унана гэж байгаа. Хэхэ. Бэлгээ аваад яагаад ч юм сэтгэл хөдлөөд, бушуухан шиг ажилдаа явмаар санагдаад болдоггүй, толио өвөртлөөд. Бага байхад чинь шинэ гутал энэ тэртэй болохоороо маргааш хурдан болоосой гэж боддогтой л адил юм болоод байна.

Бас арьсан түрийвч авсан. Гадна тал нь улам л гоёмсог болоод байгаа ч... Бас л монголоо, монголынхоо юмыг мууллаа гэх байх. Өөөдрөгөөр, нөгөө талаас нь бодож үзээсэй гэж бодоод хэллээ шүү. Юмыг яаж мэдэхэв, ийм түрийвч хийдэг хүн энэ блогийг уншдаг ч юм билүү?
Тэгэхээр байна шүү дээ, Монгол төгрөг, доллар ах ороод байдаг байж магад. Япон иен орохдоо жаахан муу. Иен нь томдоод байдаг юм. Бас янз бүрийн карт бас л орохгүй, орсон ч чихэж оруулна, дараа нь гаргаж ирэх гэж бөөн л юм болно. Ард хүмүүс бичүүлэх гээд зогсоод байдаг, би нь түрийвчтэйгээ ноцолдоод байдаг. Бичүүлэхээсээ өмнө бэлдээд зогсдог болсон одоо. Хэрэглэхэд төвөгтэй гэж бодоод өөр түрийвч авдаг юм билүү гэж бодноо хааяа нуух юун. Жаахан ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжчих санаатай бас хүн чанар зулгаагаад байх юм. Хэ хэ.
Гадаадын жуулчдын ихэнх хувийг япон хүмүүс эзэлдэг болохоор доторх кармаануудыг нь яльгүй томсгоод өгвөл жуулчид тодорхой хэмжээгээр авна гэж бодож байна. Бас энд ажиллаж амьдардаг хүмүүс хааяа нэг нутагтаа харьж ирчихээд япон багшдаа, найз нөхөддөө гээд л бэлэг хайгаад, юу өгөхөө мэдэхээ байчихдаг шүү дээ. Хэрэв иен чөлөөтэй ороод гарчихдаг бол ч түрийвч бас дажгүй л бэлэгний нэгт зүй ёсоор орно шүү.
Гар урлалаар занималддаг найз нөхөдтэй бол дамжуулж хэлээрэй.

Thursday, September 11, 2014

Атаархаад байх юм

Эдний бага сургууль явахдаа атаархан харах зүйл их гарна аа. Дуу хөгжмийн анги, тамирын заал гээд л ороод л шууд атаархаж байгаа юм чинь. Сиймхий хайж байгаад ганц нэг зураг авна.
Өнөөдөр очсон сургуулийнхаа дуу хөгжмийн ангийг эзэгнэж байгаад л улсаа танилцууллаа. Сурагчдыг хүлээж байх хоорондоо дарсан зургаа сонирхуулъя.
Сургалтанд ашиглах зориулалт бүхий төгөлдөр хуур?
Ноот. Гэм нь би уншиж мэдэхгүй. 
Гэрээрээ төгөлдөр хуур заадаг багш нар гэртээ ихэвчлэн ийм том тоөгөлдөр хууртай байдаг, түүн дээрээ шавь нараа тоглуулдаг. 
За нэг ийм хөгжим. Хилофон гэнэ ээ. Яг монгол нэр нь? 
За энэ бол хөдөөний нэг жижигхээн бага сургуульд шүү дээ. Сурагчдын тоо ч цөөхөн байсан.
Дараа тамирын заалны зураг оруулна аа. Монголд заалгүй хувийн сургууль байдаг л юм билээ.


Танилцах аялал

Аялалд яваад эзгүй байна, том зулзага. Бага сургуулийн 6-р ангийн хүүхдүүд бөөнөөрөө явна. Түүхийн дурсгалт газраар явна. Тухайн орон нутгаасаа шалтгаалаад ойрхон газраараа аялах нь элбэг гэсэн. Гэхдээ ихэвчлэн Киото, Нара гэх мэт газруудаар явдаг юм билээ. Хирошимагийн атмын бөмбөгдөлтийн тухай музей үзэх тохиолдол ч байдаг гэсэн.
Сургалтын агуулгад тусгайлан заасан байдаг шиг билээ.

За 6 -р ангид оруутаа л энэ тухай ярьж эхлэнэ. Хүүхдүүд ч хоорондоо тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гээд л ярина. Ээж аавдаа эртхэн хэлж сэтгэл санааг нь бэлдүүлнэ. Хэ хэ. Учир нь бас л хөөрхөн мөнгө болдог юм билээ. Тэрийг нь сургууль нь албан ёсоор хурааж авна. Дээрээс нь яг явах өдөр хүүхэддээ гарын мөнгө гэж 5000 иен өгнө. Түүгээр хүүхдүүд гэрийнхэндээ бэлэг авдаг гэсэн.
-Юу захих уу, ээж ээ?
-Миний охин өөрөө л мэд. Гэрийнхээ гишүүдийг нэг бүрчлэн санаж байгаад л, тэр минь тийм юманд дуртай, энэ минь ийм юманд дуртай гээд л өөрөө төсөөлөөд авна шүү дээ, зулзага аа.
-За ойлголоо.
Нэг ийм харилцан яриа нэлээд хэд болсон.
Яван явтлаа, тэр нь ч гоё гэсэн, энэ нь ч содон гэсэн гээд л ээждээ их ярьсаан. Ээж нь үнэндээ зарим газар усных нь нэрийг тогтоохгүй юм билээ. Осолдохгүй хоёр том газрынх нь нэрийг л цээжилсэн. Хэ хэ

Хөтөлбөрийг нь урьдчилан эцэг эхэд хүргүүлнэ. Хэрэгтэй зүйс нь дэс дарааллан бичээстэй. Унаанд суухдаа дотор нь муухайрдаг бол эм өгч явуулаарай гэх мэт их дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм билээ.

Анги даасан багш нар, захирал багш, сургуулийн эмч багш, зурагчны үүрэгтэйгээр нэг багш, тусгай ангийн нэг багш нийт 7 багш явсан. Энэ тусгай анги гэдэг нь ямар нэгэн бие бялдрын болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хариуцсан багшийг хэлж байгаа юм. Мэдээж тийм хүүхдүүд ч энэ арга хэмжээнд оролцоно.

Өглөө их эрт сургуулийн гадаах талбайдаа цуглана. Ээж аавууд нь хүргэж өгнө. Захирал багш үг хэлнэ. Сурагчдын төлөөлөл үг хэлнэ.

За тэгээд автобусандаа суугаад гараа далласаар хөдлөв.

Ээж 3 хоног туслах хүнгүй жаахан хэцүүдэх байх даа гэж. Санана даа санана муу зулзага аа.
Сайн яваад, их зүйл үзэж хараад,  хөгжилтэй яваад ирэхийг ерөөе.

Зураг

зураад л сууна, бага зулзага бид хоёр. Өнөөх л том цаасан дээрээ. Жижигхээн зурдаг байснаа одоо их томоор зурдаг болоод байгаа. Оройд нэг хэсэг цаасыг ингэж хүүхдийн гэнэн цайлган өнгөөр буддаг болсон. Өөрөө зурсан зурагтаа нэр өгнө. За энэ бол өөрийгөө зурчихаад байгаа нь. Харахаар л бөөн хайр, өөрийн эрхгүй урсаад байгаа хэхэ. Том зулзагаа ч бас харахаар л хайр урсана л даа. Том зулзага бас арай өөр жанраар зураад байна л даа, зургийг нь авах гэхээр дургүйлхдэг болсон. Зурсан зурагаа нуудаг болсон. Томрох ч лүд юм даа гэдэг шиг. Урд нь ингээд л том зулзагынхаа зурсан зургийг блогтоо оруулдаг байсан бол одоо бага зулзагынхаа бүтээлийг л оруулдаг болох нээ. Удахгүй бас томроод зурагаа үзүүлэхээ болих байх даа, тэр үед яадаг юм билээ байз. Өөрөө зураг зурж оруулж байдаг юм бил үү?

Морин хуур мину

За манайх гэдэг айл нэг морин хууртай. Тэрийгээ бага сургууль явахдаа авч явна. Хуурдаж бол чадахгүй л дээ. Ерөнхийдөө тайлбарлаж ярина. Хальт дууг нь сонсгоно. Хэ хэ Болоогүй ээ, мундаг байна уу? , алгаа ташаарай гэж байгаад хүүхдүүдээр алга ташуулчихна. Ккк

Хуур маань их удаж байгаа, удах ч гэж дээ. Хань ижлийг их сургуулиа төгсөхөд аав ээж минь бэлэглэж байсан юм. Тэр үед чинь айл бүр морин хууртай байдаггүй байлаа. Нэлээд ховор, өвөрмөц сонин бэлгийн тоонд ордог байж. Хань ижил хальт хуурддаг л даа. Ганц нэг ая тоглоно оо. Жилдээ нэг гэрийнхээ жаврыг үргээчихнэ. Би нь огтхон ч тийм төрлийн авъяас байхгүй.

Энд харин үе үе морин хуурчид ирээд тоглолт хийгээд байдаг юм. Морин хуурын аялгуу сонсохоор бас л сонин болно шүү. Нүдэнд эх орон минь харагдаад л...

Гэм нь энд чинь хажуу хавирганы айлууд их төвөгтэй. Чимээ шуугиан ихтэй байна гээд гомдол мэдүүлээд байдаг тул, хань ижил морин хуураа тэр бүр барьж авахгүй ээ. Би нь нэлээд дээхэн донгодуулж байсан юм. Хэв журам сахиулах хэлтсээс хэхэ. Урд шөнө дуу шуу хангинуулаад их чимээтэй байлаа, дахин ингэж болохгүй шүү бла бла...

Японд баргийн хүн мэдэж байдаг Сүхийн цагаан морь гэдэг номыг авч явна. Сүүлд гарсан Хөхөө намжилын тухай номыг авч яван, хууртайгаа цуг танилцуулна. Хөхөө намжил нь хайр сэтгэлийн тухай гарна гэхээр хүүхдүүд тэрүүхэндээ жаахан ичнэ ээ. Хэ хэ.

Морин хуур мину баярлалаа.

Жич: За ингээд жил бүрийн намар бага сургуулиудад очиж эх орноо танилцуулах хичээлд эх орны минь нүүр болсон, намайг авардаг зүйлүүдээ биччихлээ. Өөр юу билээ байз?

Дээл мину

Өнөөдөр бас нэг бага сургуульд очиж улсаа танилцуулж шагайгаа тоглож байгаад ирлээ. Зүгээр нэг энгийн хувцастай хүүхдүүдийн өмнө гараад яриа хийх, дээлээ өмсөөд зогсох шаал ондоо. Хүлээж авах хүүхдүүдийн байр байдал, дээлээ өмчихөөд бардам зогсох би гээд л цаанаа л нэг ондоо шүү.
Цэнхэр, улаан өнгийн гэсэн хоёр дээлтэй. Улаан нь хонхны баяраараа өмсөж байсан. Цэнхэрийг нь энд ирэхдээ хийлгэж байсан. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн загварын дээл хийлгэж өмсдөг болжээ. Хувьдаа бол энгийн, жирийн дээлэндээ дуртай. Нэг ч загварын дээл байхгүй, энд одоохондоо өмсөх шаардлага гарахгүй л байна. Монголд харин гарч магад л юм. Тухайн үедээ шийднэ дээ, хийлгэх үгүйгээ. Учир нь энд дээлийг хятад үндэсний хувцастай адил юм, төстэй юм гээд жиг жуг гээд байдаг учраас улсаа танилцуулахаар энд тэнд уригдахдаа энгийн дээлээ л өмсдөг, өмсөх сонирхолтой.
Монгол эх орон минь үндэсний хувцас дээлтэй байдаг нь надад мөн их ач тусаа өгдөг дөө. Үндэсний хувцас гэхээр зүйлгүй орны улсууд улсаа танилцуулахдаа бас нэлээдгүй хүч хөдөлмөр, авхаалж самбаа шаардаж байж ард нь гарна шүү дээ.
Энд ажлаар ирсэн хүмүүс загварын дээлтэй нэг бол банзал цамцны хослолтой ирдэг ч япон хүн тэр бүр хүлээж аваад байдаггүй л юм.
Японд суралцахаар ирж байгаа бол нэг дээлтэй ирэхэд илүүдэхгүй шүү. Янз бүрийн арга хэмжээнд дээлээ өмсчихнө. Улсаа танилцуулахдаа өмсчихнө.
Дээл чинь бас тайлбарлахад хөөрхөн баялаг шүү дээ. Бараг дан дээлээ ярьсаар байгаад цагаа дуусгасан ч болохоор. Бага ястангуудын өмсдөг дээл, малгайн хээ хуарны тайлбарыг хийсэн ч болох юм. Одоогоор яг тэгж дан дээлийг тайлбарлаж яриагүй л байна. Учир нь хүүхдүүд тэр бүр сонирхохгүй.  Гэх мэтчилэн үндэсний баялаг ихтэй улс оронд төрсөндөө баярлаад, бахархаад ханашгүй.
Дээл мину баярлалаа. 

Friday, September 05, 2014

Шагай мину

Бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт сүүлийн хэдэн жил хүч түрэн орж байгаа нэг зүйл бол, гадаад улс оронтой танилцах, гадаад хүнтэй уулзаж ярилцах гэсэн хичээл. Тухайн орон нутагт нь ажиллаж амьдардаг, суралцдаг гадаад хүмүүсийг сургуульдаа урьж яриа хийлгэх. Ихэвчлэн улсынх нь онцлог, бахархууштай зүйлийг яриулна. Дунд нь тухайн улсынх нь хүүхдүүд тоглодог тоглоом наадгай байвал  тоглуулна. Яагаад заавал тоглоом тоглуулдаг вэ гэхээр, хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа богино байдагтай холбоотой. Чилээрхэх тул биеийг нь хөдөлгөн, амраах гэсэн зорилготой.
Би бол шагайгаа аваад л явна. Жинхэнэ яс гэхээр эд нар их гайхна. Пүү паа болно. Зарим нэг охид сэжгийн, дотор муухайрчлаа гэж авна. Дор бүр нь тохирох хариуг нь хэлээд  л эвтэйхэн аваад гарчихдаг болсон. Банди нар бол хөөрхөн, сэргэлэн нэг нь нэгийг өгчих гэж гуйна. Дахиад тоглоё л доо гэнэ. 
Багш нар нь их олзуурхаж хүлээж авна. Сурагчдаасаа илүү сонирхож, няслаж үзнэ. Зүлгээд ийм гоё гөлгөр болгочихсон юм уу ч гэж асууна. 
Бага байхдаа хөрш айлынхаа ах эгч нартай их шагай нясладаг байж дээ. Тэгж их шагай нясладаг байсан минь хожим хойно ингээд алс арлын оронд аминд минь орно гэж тухайн үедээ зүүдлээ ч үгүй явж дээ. Энд ажиллах гээд ирэхдээ багадаа тоглож байсан шагайгаа бүгдийг нь чемадандаа хийж аваад, гэрийнхэндээ үнсүүлээд, охиноо үнсээд нулимс бөмбөрүүлсээр онгоцонд сууж билээ. Одоо шагайгаа харах тоолонд бага насны минь дурсамж тодроод сайхан мэдрэмж төрүүлдэг юм. 
Шагайныхаа ачаар их олон сургуульд очиж, улсаа танилцуулангаа өөртөө таван цаас олдог  доо, баярлаад баршгүй.  Хүний нутагт нутгийн бяцхан охиндоо ихээхэн хувь нэмэр болдог шүү, шагай мину. 

Мөрөөдөл

Бага зулзагын яг одооны мөрөөдөл нь. Ийм л сайхан урт, намирсан үстэй болох. Хэ хэ.

Thursday, September 04, 2014

Сайхан

сэрүүсээд, эрч хүч дүүрэн байна. Хувь хувьсгалын ажил ихтэй л байна. Алинаас нь эхэлж бичихээ мэддэггүй гэнэ ээ.
Намрын улирлыг монголд найр наадмын улирал болгодог бол энд урлаг уран сайхны улирал болгоно. Биеийн тамирын өдөрлөг, энд тэнд урлагийн бүтээлийн үзэсгэлэн тайлан болох нь их. Бид одоогоор япон ээж аавын минь амьдардаг орон нутгийн тамирын өдөрлөг, бага зулзагын тамирын өдөрлөг, амьдардаг хорооны минь тамирын өдөрлөг гэсэн гурван өдөрлөгтэй.  9 сарын бүх амралтын өдөр нь хуанли дээр улаан эрээнээр тэмдэглээстэй.

Сүүлийн үед японд эмнэлгийн орчуулагч гэдэг үг их өргөн дэлгэрч байгаа. Гадаад хүмүүст зориулсан үйлчилгээ. Японд оршин суугч гадаад иргэдэд туслах гэсэн сайн санаат хүмүүсийн үүсгэн байгуулсан сайн дурын үйл ажиллагаа. Гэхдээ энэ нь олон жилийн өмнө Америкт үүсгэн байгуулагдаад, хэдийнээ олонд танигдсан нэр хүндтэй байгууллага болсон гэнэ. Анх мэдээж хүмүүс гайхдаг, орчуулагч нарыг үл тоодог, тэдний хэрэгцээг мэддэггүй байж. Аажим аажмаар эмнэлгийн, анагаах ухааны орчуулагч нь нийгэмд маш чухал байр суурьтай гэдгийг мэдэрч эхэлсэн байна. Үүнд мэдээж тухайн үеийн сайн дурын орчуулагч нарын нөр их хөдөлмөр, хүчин зүтгэл байсан нь хэлүүлтгүй.
Уг байгууллагын япон дахь төлөөлөгч, үүсгэн байгуулагчдынх нь нэг  ирж илтгэл тавив. Ажлаас минь зохион байгуулсан юм. Ингэж илтгэл тавихдаа зөвхөн нэг талаас бэлдсан материалаа уншаад байх биш, оролцогчидтой хамтарч, орчуулагч тал болон, өвчтөн, эмч нарын дунд тулгардаг бэрхшээл зэргийг бодит шижээн дээр тайлбарлаж өгч байв.
Би хааяадаа орчуулганд явдаг тул хоёр чихээ дэлдийлгэж байгаад л бүх яриаг нь анхааралтай сонслоо. Англи хэлтэй хүмүүст голлож зориулсан лекц байсан ч,  үр бүтээлтэй сургалтанд суусандаа олзуурхаад байгаа. Сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл гэвэл, англи хэлийг 40 гарч байж сураад, 50 гарч байж их сургуульд суралцсан гэсэн. Хүнтэй суугаад, хүүхэд гаргаад гэртээ гэрийн эзэгтэй болж 10 хэдэн жилийг үдсэн, хүүхдүүд нь ч томроод, ямар нэгэн шинэ зүйл эхэлмээр санагдаад, англи хэл рүү ханцуй шамлан орсон гэнэ дээ. Ямарав?
Англи хэл сурчих юмсан гээд худлаа л шаналаад явдаг, бодит зүйл огт хийж амждаггүй би жаахан тайвшрав. Хэ хэ. 40 хүртэл зай ч байна гэсэн шүү юм бодоод. Хаха

Wednesday, August 27, 2014

Япон хүний сэтгэл зүрхийг мэдрэхүй

Ажлынхан маань үйлчлүүлэгчдийнхээ  тоог нэмэх гэж үзээд, шинээр ном их худалдаж авч байна. Хамгийн идэвхитэй үйлчлүүлэгч нь би өөрөө, хэхэ. Шинээр худалдаж авсан бүх номыг нь унших юмсан гэж боддог ч үнэндээ амжихгүй юм.
Энэ удаад "Япон хүний зүрх сэтгэлийг ойлгох япон хэл" гэдэг ном.
Янз бүрийн хэлц үгнүүдийг, япон хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоод тайлбарласан. Мэдэхгүй их олон хэлц байсан. Япон хэлний багш, япон хэлийг сонирхон суралцагчдад зориулсан.
За би нь анх ирээд ойлгодоггүй байсан япон хүмүүсийн зан чанар, онцлог, одоо ч эдний энэ зан уу гэж бодох зүйлсийг тайлбарлажээ. Уншаад улс үндэстний онцлог гэж байх, би тэрийг нь эсэргүүцээд, шүүмжлээд, муулаад яахав дээ гэж бас дотогшоогоо өмөөрлөө. Монголчууд бидний зарим нэг зан чанарыг эд таалдаггүйтэй адил.

Ганц нэг жишээ дурдах уу?
Япончуудад "ичих" гэдэг ухагдахуун ихээхэн хүчтэй оршдог ард түмэн гэж үздэг. Ичих, шараа болох гэсэн ухагдахууны ард "өөрийнх нь үйлдэл, байр байдлыг эргэн тойрных нь хүмүүс юу гэж боддог бол" гэсэн санаа бодол нуугдаж байдаг. Япон хүмүүс өөрийг нь юу гэж бодож байгаа бол гэж бодон амьдардаг гэхэд нэг их хилсдэхгүй.
Энэ тохиолдолд бусад хүн гэдэгт "хэн" гэдэг хувь хүн биш, эргэн тойрных нь хүмүүс болон нийгэм дэх энгийн хүмүүс болно.
Жишээ1. Тэр бүсгүйтэй яриа өдмөөр байсан боловч эргэн тойрны хүмүүсээс санаа зовоод чадсангүй.
Жишээ2. Гэмт хэргүүд олны нүднээс далд газар үйлдэгдэх нь их.

Гадаад хүн японы галт тэргэнд суугаад зорчигчид маш чимээгүй байдагт ихээхэн гайхдаг. Энэ нь япон хүмүүс олон хүн цугласан газар үргэлж "хүний нүд"-нээс санаа зовон, анхаарал татахуйц зүйл хийхгүй байхыг хичээдэг гэж хэлж болно.
Япон хүн нь хэдий хэр хэмжээнд "хүний нүд"-нд санаа зовдог болохыг уг үг орсон хэлцүүдээс харж болно.
人目をはばからず-эргэн тойрны хүмүүсээс санаа зоволгүй
人目につく-олонд сайн харагдахаар газар
人目をひく-хүний анхаарал татах
人目がうるさい-хүмүүс шивэр авир гэх
人目に余る-хөндлөнгөөс харахад тааламжгүй
人目を避ける-олны нүднээс дальдчин
人目を忍ぶ-олны нүднээс далдуур
人目を盗んで-бусдаас нуугдаж
гэх мэтчилэн. Зөндөө л зүйл байсан.

Орчуулж бичсэн чинь нэг л эвлэж өгөхгүй байна шүү. Алдаа байвал засаж залруулаарай, найзуудаа. Онэгай нэ.

Monday, August 25, 2014

Хичээл эхлэв

Ашгүй, зуны амралт дуусч, хичээл эхэллээ. 10 жилийн.
Өнөөх л олон зуны даалгавраа хүүе хаая даалгавраа хийгээч ээ гэж байж ам мөчид л дуусах шив дээ. Хичээл эхлэх урд өдөр. Хэ хэ. 

Өдөр нь ямар хоол хийж өгөх вэ? Хаа нэгтээ дагуулаад явчих юмсан гэх асуудалгүй болов. Ямар хаашаа ээж вэ гэж бодох л байх даа, уншигч олон түмэн минь. Гэхдээ байна шүү дээ, хүн чинь муу занг дорхноо сурна. Өдөрт сургуульдаа өдрийн хоол идчихдэг болохоор бүр дасчихаж. Би байтугай япон ээж нар хүртэл залхчихсан, хичээл бушуухан шиг эхлээсэй гэчихсэн явна лээ. Миний танихын ихэнх ээжүүд.  За тэгээд нэг гэрээс 3 хүүхэд, 2 хүүхэд, бүр 4, 5 хүүхэд нь сургуульд явдаг танил ээжүүд байна. Бүгд л толгой сэгсрээд, 
-Ёооё, хоол цайнаас нь гадна даалгаврыг нь хийлгэх гэж үгээ идэж байна шүү. Бушуухан шиг л хичээл эхлэтүгэй. 
гэж бидний хэдэн ээжүүдийн хааяа уулзаад, мэндчилгээний оронд хэрэглэдэг мэндчилгээ. Хэ хэ. 
9 зүйл даалгавар өгсөн. Манайхаар бол хөдөлмөрийн хичээлийн даалгавараа бид 2 зуны амралтанд зориулж энд тэндхийн байгууллагуудаас зохион байгуулдаг арга хэмжээгээр тусгай багшийн заавраар нэг бүтээл хийсэн.  Мөн гэр ахуйн хичээл дээр өглөөний хоолонд тохиромжтой загас ч билүү, хоол ч билүү гэсэн зүйл байсан. Далимдуулж ээж нь нэг өглөө том зулзагаараа өглөөний хоолоо бэлдүүлэв. Хэ хэ. За тэгээд бусад нь ханз, тоо, бие даалт энэ тэр гэсэн тувт бичих зүйл байсан. Гараа өвдтөлөө л юм бичих юм. Заримдаа өрөвдөөский. Заримдаа загнааский. Загнааскийгийнхаа дараа нь аргадах гэж бас юм болно оо. Ккк

Зуны амралтын хаалтын өдөр ээж том зулзага 2 булагнаж тансаг хоолонд орсон. Ирэх хичээлийн жилийг амжилттай дүүргэхийг, ээж нь ч ажлаа сайн хийхийг бие биедээ хүсэн ерөөгөөд. Ккк

Одоо ч үзүүлээд өгнө дөө. 

Friday, August 22, 2014

Эрхцасаа асуулт байна

Архийг хашраадаг бичлэгийг чинь уншаад, яг ийм архи байгаад байсныгаа ашиглахаар шийдээд. Архиа гаргаад ирсэн чинь арай өөр байлаа. Мөн дэлгүүрээс зуун наст худалдаж авлаа.
Тэгээд асуулт гараад, сэтгэгдэлээр асуух гэсэн чинь орж өгдөггүй. Эндээ асуучихлаа.

1. Зуун настыгаа хэдэн годгорыг хийсэн бэ?
Би 2 годгорыг хийсэн. Архи нь 1 литр байсан. Бас архинаасаа жааханг тусад нь шилэнд авч тавьсан. Учир нь архи хальж асгараад. Хэ хэ.

2. Бэлэн болохоор нь нүүрээ цэвэрлэнэ гэсэн байна. Өглөө, оройд нүүрээ угаасны дараагаар уг шингэнээрээ арчихад болох уу? Дараа нь мэдээж чийгшүүлэгч тосоо түрхэнэ.

3. Мөн монгол архиар хийж боолох уу?
За өөр юу билээ, цагаа тулсан, тулгамдав хэхэ. Санаж байгаа зүйл байвал бичээрэй. Хичээнгүйлэн хүсэв.

14 хоногийн дараагаар учиргүй сайхан арьстай болно гэсэн мөрөөдлөөр дүүрэн байгаа, том зулзага бид 2. Хэ хэ.

Нэмж хэлэхэд, дэлгүүрийн худалдагачаас асууж мэдсэн зүйл. Зуун наст нь 2 янз байдаг гэнэ. Нэг нь хүнсэнд хэрэглэдэг, нөгөөх нь яр шарх, түлэгдэлтэнд хэрэглэдэг гэж. Би нь хүнсэнд хэрэглэдгийг нь худалдаж авлаа. Том зулзага тарагтай идсэнээ, ёстой гоё амттай байна гэсэн. Ингэж идэхдээ, энэ харагдаж байгаа ногоон хальсыг нь авч хаяад, доторх өнгөгүй цэлцэгнэснийг нь иддэг юм байна. Нэг тийм гарт наалдсан, зунгаарсан зүйл байдаг юм билээ.

Ямартай ч тасалгаандаа цэцэг тарьдаггүй би нь зуун наст арчлах гэсэн шинэ ажилтай боллоо. Бас болоогүй ээ худалдагчийг байцааж өгсөн. Сардаа нэг удаа бордож өгнө гэхээр нь нэмж тэр бордоог нь худалдаж авав. Мөн өдөрт нэг услана, балкон дээрээ байлгахад болно, өвлийн цагаар гэртээ байлгаад, сард нэг услана гэсэн. Бүр болохгүй бол дахин ирж асуухаар болов. Найзлаад авна аа. хэхэ

Thursday, August 21, 2014

Гэснээс

бага зулзага даахиа үргээлгээд хөдөлгөөнтэй болсон. Бүр ангийнх нь багш харилцах дэвтэртээ "их хөдөлгөөнтэй, бас их цоглог болоод байгаа" гэж бичсэн байхав. Өнөөх хоёр биенийхээ фен гээд байсан банди нь ээждээ
-Соро чян шиг толгойтой болмоор байна
гээд үсийг нь зассан чинь толгойгоо илж үзсэн ээ
-Үс байна шдээ, хусаачээ
гэсэн гээд ээж нь, багш нь хүртэл надад хэлээд хөхрөөд байсан. Хэ хэ. Хусаагүй зассан байсан л даа. Тэр банди дээхэн нэг хусаад, хавтгай толгой гарч ирсэн чинь өвөө нь уурлаад дахин хусч болохгүй гэж айлдсан юм байх аа. ккк. Бага зулзагыг хөөрхөн толгойтой байна, ёстой хөөрхөн зохиж байна л гэсэн улс байгаа.
Ямар ч байсан одоо алчуур зүүхээ больсон, тоохгүй л ангидаа яваад орчихож байгаа. Эргэн тойрны ээж аав нар жаахан гайхасхийж харж байгааг эс тооцвол. Цэцэрлэгийнх нь хүүхдүүд бол тоохгүй л байна. Томчууд бид л илүү ихийг ургуулж бодоод байдаг шиг байна шүү, зарим тохиололд. Хааяадаа зүгээр л хүүхдүүдэд даатгаад орхих хэрэгтэй ч юм шиг. Таньдаг ганц нэг хүн
-Мундаг байна аа, зан заншлаа хадгалаад, харь нутагт гэлтгүй хэрэгжүүлээд
гэж намайгаа хошгоруулаад л. Үнэндээ бид чинь тухайн өдөр skype -аар ээж ааваасаа заавар, зөвлөгөө авч байж л үйлдэж байгаа байхгүй юу хаха. Одоо яах билээ? За тэгээд яах билээ? гээд л.
Яг л аав байна, бага зулзага. Хүмүүс ч хэлээд байна, манай хүн их додьгор байна аа. Өөртэй нь адилхан гэхээр л. Охидууд минь угаасаа аав л даа. Би өөртэйгөө адил нэг хүнтэй болно байгаа гэхгүй юу хэхэ...

Тогооч болсон нь

Нэг өдөр нэгэн хороон дээр очиж хэсэг эмээ өвөөтэй хоол хийж иднэ гэж байсан даа. Ямартай ч даваад гарчихсан шүү.
Гурил зуурч элддэггүй хүмүүс гэж нээрээ хэлэх үг олдоогүй. Хэ хэ
Лавшааны гурил элдсэн чинь юу вэ. Нэг хэс эг газраа зузаан, нэг хэсэг газраа цоорчихсон энэ тэр. Хэлбэр нь гурвалжин, дөрвөлжин гээд л. Хараагүй юм шиг л өнгөрсөн. Учир нь миний удирдлаган дор 3 ширээнд хуваагдаж хийсэн тул, яг өөрөө оролцож байгаа ширээнийхэн арай гайгүй, бусад 2 ширээ бол гурилдаж өгнө гэдэг нь л болж байлаа.
Хэрчсэн гурилтай лавшаа биш, Дөрвөлжин тасдсан гурилтай шөл болсон. Бууз нь цэцгэн бууз. Бас л янз янзын чимхэлттэй.
Буузны амт гайгүй болсон. Лавшаа нь жаахан лавшайсан болох шив дээ.
Хоолоо идсэний дараагаар монголоо танилцуулж яриа хийгээд, энэ удаагийн ажил өндөрлөв.
Гандан буурахгүй ээ, дахин ийм захиалга ирвэл би би гээд л гараа өргөнө шүү дээ. Таван цаас нь ч хаа юм тэ, манайхаан. Хэ хэ.

Бороо битгий ороосой

гэмээр л байна шүү энэ японд.
Энэ жилийн зун хур бороо ихтэй, энд тэнд үер усны гамшиг их болж байна.
Киото, Хёого, Миэ, Хирошима зэрэг мужуудад бороо хур их орсноос хот усанд автлаа л гэнэ, хүн урслаа л гэнэ гэсэн мэдээ.  Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл 19-нд орсон дуу шуу ихтэй, хүчтэй цахилгаантай борооноос болоод Хирошима мужийн хойд хэсэгт уул нурж, шавар шалбааг бүхий ус урсаж орж ирээд  39 хүн нас барж, 7 хүн олдоогүй байна. Сонин болгон дээр энэ тухай мэдээллээд, тэрэн дунд нэг гэрийн 2 настай, 11 настай ах дүү хоёр,  3 настай жаал хүүг аврахаар гал командын ажилтан аврах гэж байсан жаал хүүгээ тэврээд цугтаа шавартай усанд урсаад амиа лдаад гээд л зүрх шимширмээр их зүйл бичигдээд, охидоос минь ялгаагүй гэж бодохоор л нулимс цийлэгнээд ...
Амралтаар уулын мухарт унтаж байсан дуу шуутай цахилгаан цахиад, бид сэрээд. Том охин хүзүүндээ гоёлын гинжээ зүүгээд, би нь маань уншиж сүйд болсон юм. Аймар юм билээ. Маргааш нь бие биенийгээ жаахан шоолсон. Одоо бодоход бас л азтай байсан байна. Юмыг яаж мэдэхэв, яг уулын дор унтаж байгаа хүмүүс чинь, хэрэв ингэж уул нурвал хамгийн түрүүнд л ...  Муу ёр, түй түй.

Танил ахтай чатлаад, эндхийн сонин сайхангаас бичсэн чинь, монголд бас аймар хэрэг гараад байна гэнэ ээ. Хэрэг бол хүмүүс нь ухамсартай, иргэд нь баян бол сэргийлж болно. Байгалийн гамшиг ч бас л хэцүү юм, хэлж ирэхгүй, гэнэт болдог.
Японд ч бас сүүлийн үед их гэмт хэрэг их гарч байна. Ихэвчлэн охид хүүхнүүдийг алсан хядсан. Охидтой хүн ер нь хаа газар хэцүү юм аа. Нүдний цөцгий мэт л хайрлаж байсан үрс нь хүний гарт амь үрэгдчихээр чинь тэ.
За за ингээд дуусгая. Баахан хэцүү гэдэг үгтэй бичлэг боллоо.